| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гармаадоржийн Мөнхбат |
| Хэргийн индекс | 169/2023/0003/Э |
| Дугаар | 202/ШЦТ/06 |
| Огноо | 2023-12-01 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | Ч.Отгонбаатар |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 202/ШЦТ/06
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг
Улсын яллагч Ч.Отгонбаатар
Хохирогч Ч.Төвшинзаяа /цахим/,
Гэрч Б.Баярсайхан,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхам,
Шүүгдэгч М.Болд нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Болдод холбогдох эрүүгийн 2222000810076 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хэлэлцэв.
Шүүгдэгч: 1967 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн, бүрэн бус дунд боловсролтой, машинист мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дундговь аймгийн Өлзийт сумын 6 дугаар баг Рашаантын 3-2 тоотод оршин суух, Хөдөө аж ахуйн яамны хүндэт жуух, Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдаж байсан гэх, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй, Чимэд овогт Маамын Болд РД: /ЗИ67041718/
Шүүгдэгч М.Болд нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Говь” буудлын гадна зогсоол дээр байсан “Toyota prius-30” маркийн тээврийн хэрэгсэл дотроос иргэн Б.Солонгын эзэмшлийн булган шубыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан,
2022 оны 08 дугаар сарын 15-ны шөнө Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хүүхдийн 2 дугаар эмнэлгийн орчимд иргэн Ч.Төвшинзаяагийн гараас “Iphone” маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэн 2.950.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч М.Болд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Би 2022 оны 03 сарын 26-ны өдөр Улаанбаатар хот явах гэж байгаад болиод Батсайхан гэх залуутай уулзаад 1 шил архи хувааж уусан. Дэлгүүрээс 2 шил архи авсан. 2 шил архиа Дэмбээ гэх найзтайгаа хувааж уух гээд утсаар ярьтал гэртээ байхгүй байсан. Хаана байгаа юм гэтэл Говь буудалд байна гэсэн. Говь буудалд очиход хүмүүс архи ууж байсан. Тэнд 2 шил архи уучхаад гарсан. Нэлээн согтсон байсан. Нэг мэдэхэд Холбооны урд талд тортой юм бариад алхаж байсан. Техниккумын гадаа очоод 8811 дугаартай Эрдэнэчулуун гэх жолоочийн машинд суучхаад торон доторхоо үзтэл булган шуба гарч ирсэн. Энэ юу юм бэ гэхээр нь би мэдэхгүй, согтсондоо болоод хүний юм авчихсан юм шиг байна гэсэн. Наадахаа яах гэж байгаа юм бэ гэхээр нь зарсан ч яах вэ гэсэн. Хэдэн төгрөгөөр зарах юм гэхээр нь 250.000 төгрөгөөр зарна гэсэн. Эрдэнэчулуунтай хамт яваад эхнэрт нь үзүүлтэл хямдхан юм даанч мөнгө алга гэсэн. Буцаад техниккумын гадаа ирээд зогсож байтал Сайнцагаан сумын хэсгийн төлөөлөгч Батсүх намайг дуудаж машинд суулгаад хамт цагдаагийн газар очсон. Хүний шуба яасан бэ гэхээр нь дөнгөж сая техниккумын үүдэнд байсан машинд үлдээсэн гэсэн. Буцаж хэсгийн төлөөлөгч Батсүхтэй хамт явж Эрдэнэчулууны машинаас шубыг авч Цагдаагийн газар очиж хохирогчид хүлээлгэж өгсөн. Улаанбаатар хотод гарсан хэргийн талаар 08 сарын 15-ны шөнө 100 айлын автобусны буудал дээр зогсож байтал нутгийн танил Баярсайхантай тааралдсан. Надад 1 шил архи авч өгсөн. Хамт уучхаад чи ажилтай байгаа бол явдаа, би явлаа эртхэн 1 газар очиж амаръя гэсэн. Автобусны урд буудал дээр зогсож байтал хойноос 3 залуу ирсэн. Гэрэлийн Ганбаа, Болдоо, Баярсайхан гэх хүмүүс ирсэн. Болдоо ахаа бид нар ийм утастай болчихлоо заръя гэсэн. Энэ их үнэтэй утас байна. 300.000-500.000 төгрөгийн хооронд өгнө гэж ярьсан. 2 хүүхэнтэй уулзаад нөгөө утсаа 300.000 төгрөгөөр өгсөн гэсэн. Буцаж яваад 100 айлд буудалд орсон. Буудал олуулаа байна хонуулахгүй гэсэн. Буудлаас гараад хойд талынх нь дэлгүүр ороод 1 шил архи, кола, тамхи авсан. Би тэднээс салаад дэнжийн мянга явсан. Замдаа 2 цаасан хайрцаг суллаж аваад эмнэлгийн баруун хойд контейнер дээр нэг цаасан хайрцгаа дэвсээд, нөгөө хайрцгаа нөмрөөд унтсан. Баярсайхан, Болдоо, Гэрлийн Ганбаа 3 намайг нотолно. Улаанбаатар хотын хэргийг би хийгээгүй. Намайг хэлмэгдүүлж байна. Би бүх газарт гомдол гаргана” гэв.
1.Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн талаар:
-Хохирогч Ч.Төвшинзаяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “2022 оны 08 сарын 15-ны өдөр найз Цолмонтуяатай уулзах гэж явж байсан. BSB дэлгүүрийн хажууд утсаар яриад явж байтал автобусны буудал дээр 2 хүн зогсож байсан. Цаана нь 3 хүн сууж байсан. Намайг бүдрээд унахад зогсож байсан хоёр хүний нэг нь зүгээр үү гээд өргөөд босгосон. 1 хар хувцастай хүн нь миний утсыг аваад зугтсан. Утас булаасан хүний араас хөөх гэтэл Б.Баярсайхан намайг тавихгүй байсан. Баярсайханы хажууд байсан хүн нь Маамын Болд зогсож байсан гэж бодож байгаа. Манай найз камерын бичлэг үзээд Маамын Болд мөн байна гэж гэрчилсэн. Би царайг нь харах боломж бололцоо болоогүй. Iphone 13 pro гэдэг утас байсан. Гар утасныхаа үнэлгээг гаргуулсан. Хохирлоо барагдуулж авсан зүйл байхгүй. 2.950.000 төгрөгөөр үнэлсэн байсан. Тэр мөнгөө нэхэмжилнэ” гэв.
- Гэрч Б.Баярсайхан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Маамын Болдтой хамт 100 айлын буудал дээр байж байгаад Маамын Болд урд буудал руу явсан. Би хойд буудал дээр үлдсэн. Тэр буудал дээр нэлээн хүн байсан. Бороотой байсан. Баруун талаас нэг согтуу хүн ирээд шаварт ойчихоор нь татаж босгосон. Хажуугаас нь 1 хүн ирээд нөгөө талаас нь босгочхоод гүйгээд явсан. Тэрийг ямар хүн байсныг мэдэхгүй. Тэгсэн чинь Төвшинзаяа “танай найз чинь миний утсыг аваад явчихлаа” гэж хашхираад байсан. Утас булааж зугтаасан хүнийг харанхуй шөнө байсан учир харж чадаагүй. Би өөр хүмүүстэй нийлээд утас зарна гэж яваагүй. Тэр талаар мэдэхгүй. Хохирогч Ч.Төвшинзаяа танай найз чинь миний утсыг аваад явчихлаа гээд намайг цохиод байхаар нь эмэгтэй хүнтэй хэрүүл маргаан хийлтэй нь биш гээд зугтаасан” гэв.
- Мөрдөгчийн 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр гэрч Э.Цолмонтуяагаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлд гэрч нь “Би тэр хүнийг 100 айлын явган хүний гүүрэн дээр явж байхдаа болон замын нөгөө талаас харсан, тэгээд царайны төрхөөр нь таньж байна. Манай найз Төвшинзаяагийн утсыг нь аваад гүйж байхад нь би гүүрэн дээр Төвшинзаяа руу гүйж байхдаа тэр хүнийг гүүрний доогуур орох гэж байхад нь хажуу талаас нь харж байсан юм” гэж урьдчилан мэдүүлсэн ба 1-4 дугаартай хүмүүсийн зургийг байрлуулан харуулахад 2 дугаарт байсан М.Болдын зургийг энэ хүн байна гэж заасан, дахин зургийн байрлалыг өөрчлөн 4 дугаарт тавьж гэрчээр таниулахад энэ хүн гэж М.Болдын зургийг зааж, энэ хүнийг би нүүрний хэлбэр, царай, төрхөөр нь таньж байна” гэжээ /хх-ийн 98/
- Гэрч Э.Цолмонтуяагийн “2022 оны 08 дугаар сарын 15-ны орой 22:00 цагийн орчимд би өөрийн найз Ч.Төвшинзаяатай уулзах хэрэг гараад утас руу нь /80202010/ залгаад ярихад “100 айлын энд буудалд хэдэн найзуудтайгаа сууж байна” гэсэн. Тэгэхээр нь “би яваад очъё” гэж хэлсэн чинь “хүрээд ир” гэхээр нь би гэрээсээ гараад 100 айлын автобусны буудал дээр өөрийн 57-86 УБҮ улсын дугаартай машинтайгаа очиход 22:50 цаг болж байсан. Найз руугаа залгахад “гараад алхаад явж байна” гэхээр нь “би замын урд хүлээж байна шүү” гэж хэлээд машинаасаа буугаад замын эсрэг талд байгаа найзтайгаа утсаар яриад, найзыгаа согтчихсон, уначих вий гээд хараад байж байсан. Манай найз 100 айлын замын явган гүүрэн дээр гарах гээд явж байхдаа яг буудлын орчим бүдрээд уначихсан юм. Тэгээд би гүүр рүү гүйгээд замын эсрэг талд гараад очсон чинь шар түрийтэй гуталтай, саарал өнгийн туяа ойлгогчтой өмдтэй, цэнхэр биеийн тамирын цамцтай, саарал саравчтай малгайтай, 35-40 орчим насны эрэгтэй хүн манай найзын гарыг барьчихсан, манай найз “тавиач ээ” гээд зууралдаад зогсож байсан. Тэгэхээр нь “яав, юу болоод байгаа юм, тавиач” гээд орилсон чинь нөгөө эрэгтэй сансар тал руу гүйгээд явчихсан. Тэгэхээр нь би найзаасаа “яав аа” гэсэн чинь “энэ 2 эрэгтэйн нэг нь гараас утас шүүрээд гүйчихлээ” гэсэн. Намайг гүүрэн дээрээс найз руугаа харахад цагаан саравчтай малгайтай, хар урт хүрэмтэй, эрэгтэй хүн манай найзын хажуунаас гүйж байсныг харсан. Бид 2 тэр эрэгтэйн араас гүйсэн чинь урд гүйж байгаад харанхуй гудамж руу гүйгээд алга болчихсон. Тээгээд цагдаагийн байгууллагад хандсан” гэх мэдүүлэг /хх-ийн 156-157/
- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 75/
- Камерын бичлэг бүхий сидиг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 92/
- Сидинд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 93-97/
- Таньж олуулах ажиллагааны үеийн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 99-102/
- Сидинд дахин үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 116-124/
- Дамно ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайланд “Iphone 13 pro маркийн гар утасны үнэлгээний дүн 2.950.000 төгрөг” гэжээ /хх-ийн 164/
- Хэрэгт авагдсан бусад баримтууд зэргийг судлав.
2.Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн талаар:
- Хохирогч Б.Солонгын “Би өглөө 10 цагт өөрийн приус-30 маркийн машинтай ажил дээрээ буюу Говь буудлын гадаа ирж зогсоод буудал руу орсон. Ороод өчигдөр хоносон хүмүүсийн талаар үйлчлэгч Бямба-Аюуштай ярилцахад өчигдөр буудалд хоносон эхнэр, нөхөр 2 тооцоогоо хийгээгүй байгаа, энэ 2 дээр согтуу хүмүүс ирээд байсан гэсэн. Би буудалд цаг гаран болоод гадна цэвэрлэгээ хийх гээд гараад хог шүүрдэж байхад миний машинд хүүхэд идэж байсан печень гадаа хэвтэж байхаар нь юу билээ гэж бодоод машинд булган шуба байгааг санаад машиндаа үзэхэд алга болсон байсан. Тэгээд цагдаад мэдэгдсэн. Булган шуба 2021 оны 11 дүгээр сарын 20-ны үед Улаанбаатар хотоос 1.850.000 төгрөгөөр худалдаж авсан, шинэ шуба байгаа. Шубаа олсон болохоор ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн-ийн 12/
- Гэрч В.Эрдэнэчулууны “Би такси үйлчилгээнд явдаг. Мандал худалдааны төвийн үүдэнд машиндаа сууж байтал Маамын Болд ууттай юм барьчихсан, уутнаасаа эмэгтэй хүний шуба гаргаж ирээд “худалдаж авах уу, 250.000 төгрөг хавьцаа зарна” гэсэн. Тэгэхээр нь би “эхнэртээ үзүүлье” гээд хамт явж эхнэртээ үзүүлтэл манай эхнэр “мөнгө байхгүй, авахгүй” гэхээр нь Болдод буцаагаад өгсөн. Анх надад хэлэхдээ манай охины шуба байгаа юм, хотод өвчтэй байгаа, би үүнийг нь зараад хот явах гэж байгаа юм, яаралтай зармаар байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 18/
- Дундговь аймгийн Сайнцагаан сумын үнэлгээний комиссын 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 40 тоот “булган шуба 1.800.000 төгрөг” гэх дүгнэлт /хх-ийн 21-22/
- Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35/
- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/
- Эд зүйл буюу шуба хураан авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 4/
- эд зүйл хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 8/
- эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 73-74/ болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад баримтуудыг шинжлэн судлав.
3. Үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан баримтуудаар хохирогч Б.Солонго нь 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Говь” буудлын гадна зогсоол дээр байсан “Toyota prius-30” маркийн тээврийн хэрэгсэл дотроосоо булган шуба хулгайд алдсан,
2022 оны 08 дугаар сарын 15-ны шөнө Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хүүхдийн 2 дугаар эмнэлгийн орчимд иргэн Ч.Төвшинзаяагийн гараас “Iphone 13 pro” маркийн гар утсыг нь илээр, хүч хэрэглэхгүйгээр авч явсан үйл баримт тус тус тогтоогдож байна.
Хохирогч Б.Солонгын 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Говь” буудлын гадна зогсоол дээр байрлуулсан байсан “Toyota prius-30” маркийн тээврийн хэрэгсэл дотроосоо алдсан булган дээл /шуба/-г шүүгдэгч М.Болд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авсан болох нь гэрч В.Эрдэнэчулууны мэдүүлэг, эд зүйл хураан авсан мөрдөгчийн тэмдэглэл, хохирогчид эд зүйл хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч М.Болд нь түүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хохирогч Ч.Төвшинзаяагийн гараас “Iphone 13 pro” маркийн гар утсыг илээр хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэн авсан гэх хэргийг үйлдээгүй, Гэрэлийн Ганбаа, Болдоо, Баярсайхан нар нь гар утас зарна гээд явж байсан” гэж мэдүүлж байгаа боловч түүний мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад баримтуудаар нотлогдохгүй байна. Өөрөөр хэлбэл гэрч Б.Баярсайхан шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ “Би Гэрэлийн Ганбаа гэх хүнийг танихгүй, шүүгдэгчийн мэдүүлсэн үйл явдлын талаар мэдэхгүй. Би Гэрэлийн Ганбаа, Болдоо гэх хүмүүстэй уулзаагүй” гэж мэдүүлж байх тул шүүгдэгчийн дээрх тайлбар мэдүүлгийг хүлээн авах боломжгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч Э.Цолмонтуяа “Намайг гүүрэн дээрээс найз руугаа харахад цагаан саравчтай малгайтай, хар урт хүрэмтэй, эрэгтэй хүн манай найзын хажуунаас гүйж байсныг харсан” гэж мэдүүлсэн, гэрч Э.Цолмонтуяа нь таньж олуулах ажиллагааны явцад шүүгдэгч М.Болдын зургийг энэ хүн мөн, нүүрний хэлбэр царайны төрхөөр нь таньж байна гэж заажээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэмт хэрэг гарсан гэх газрын ойр орчмын хяналтын камерт үзлэг хийж, бичлэгийг СD-нд хуулбарлан хэрэгт эд мөрийн баримтаар хавсарган ирүүлснийг шүүх хуралдааны явцад судалж үзэхэд уг бичлэг дээр гарсан цагаан малгайтай, хар өнгийн урт хүрэмтэй хүн шүүгдэгч М.Болд мөн байна гэж гэрч Б.Баярсайхан болон шүүгдэгч мэдүүлж байна.
Иймд шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан баримтуудаар шүүгдэгч М.Болд нь 2022 оны 08 дугаар сарын 15-ны шөнө Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хүүхдийн 2 дугаар эмнэлгийн орчимд хохирогч Ч.Төвшинзаяагийн гараас “Iphone 13 pro” маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэж авсан болох нь нотлогдож байна гэж үзлээ.
Хохирогч Б.Солонгын зогсоолд байрлуулсан тээврийн хэрэгсэл дотроос булган дээл /шуба/-г нь эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүй, нууц далд аргаар авч байгаа шүүгдэгч М.Болдын үйлдэл нь Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч М.Болд нь эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүйгээр, нууц далд аргаар авсан булган дээл /шуба/-г бусдад зарж борлуулах зорилгоор идэвхтэй үйлдэл хийж байгаа нь энэ гэмт хэргийг шунахайн сэдэлтээр үйлдсэн байна гэж үзэх үндэслэл болно.
Шүүгдэгч М.Болдын хохирогч Ч.Төвшинзаяагийн гараас түүний эзэмшлийн “Iphone 13 pro” маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр авч байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдлүүдэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч М.Болдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэх гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
4. Оногдуулах ял шийтгэлийн талаар:
Хэрэгт авагдсан баримтуудаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас хорих ялыг сонгон 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас хорих ялыг сонгон 10 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, шүүгдэгчид энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч М.Болдын биечлэн эдлэх ялыг 1 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар тогтоохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч М.Болд нь Чингэлтэй дүүргийн шүүхийн 1997 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 752 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор бусдын эд хөрөнгийг бага хэмжээтэй хулгайлсан гэм буруутайд тооцогдож, Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн II дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, Сум дундын 11 дүгээр шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор бусдын эд хөрөнгийг давтан үйлдлээр хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн, Дундговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолоор бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 340 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан болох нь хэргийн 35-49 дугаар хуудсанд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, таслан шийдвэрлэх тогтоол, шийтгэх тогтоолын хуулбаруудаар тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч М.Болд нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, 3 удаа ял шийтгүүлсэн бөгөөд дахин хулгайлах болон дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус хорих ял оногдуулахаар шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч нь анх удаа хорих ял эдэлж байгаа нөхцөл байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүртэл 61 хоног, 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл 30 хоног, 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс өнөөдрийг хүртэл 14 хоног буюу нийт 105 хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож хасах нь зүйтэй.
5.Хохирол төлбөр, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч Б.Солонгын хулгайд алдсан булган дээл /шуба/-г шүүгдэгч М.Болдоос хураан авч хохирогчид буцаан олгосон баримт хэргийн 4, 8-р хуудсанд авагдсан байна.
Шүүгдэгч нь хохирогч Ч.Төвшинзаяад гэмт хэргийн улмаас учирсан 2.950.000 төгрөгийн хохирлыг төлөөгүй бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “бусдын...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан байна.
Иймд шүүгдэгч М.Болдоос 2.950.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ч.Төвшинзаяа /Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 8-р хороо, Баганат өргөө хороолол, 407-132 тоотод оршин суух/-д олгохоор шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар бичлэг бүхий CD 1 ширхгийг хавсарган ирүүлсэн байх тул уг CD-г шүүгдэгч М.Болдод холбогдох эрүүгийн 2222000810076 дугаартай хэрэгт хэргийн хадгалах хугацаа дуустал хавсаргах нь зүйтэй гэж үзэв.
Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогч Б.Солонгод төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Чимэд овогт Маамын Болдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэх гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч Чимид овогт Маамын Болдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Болдод энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч М.Болдын биечлэн эдлэх ялыг 1 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Болдод оногдуулсан 1 жил 4 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Болдын энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 105 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож хассугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хавсарган ирүүлсэн CD-г шүүгдэгч М.Болдод холбогдох эрүүгийн 2222000810076 дугаартай хэрэгт хэргийн хадгалах хугацаа дуустал хавсаргасугай.
7.Хэрэгт битүүмжилж ирүүлсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогч Б.Солонгод төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
8.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч М.Болдоос 2.950.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ч.Төвшинзаяад олгосугай.
9.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Болдод урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10.Энэхүү шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХБАТ