Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2021/0682

 

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “У” ХХК  /РД:**********/

Хариуцагч: Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга.

Хаяг: ***************************

Нэхэмжлэлийн шаардлага: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т зааснаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн “У” ХХК -ийн захирлаар Б.Ц болгон өөрчилсөн Кадастрын цахим бүртгэлийг хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ц нар оролцов.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “Манай компанийн эзэмшиж байсан Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дахь ***** нэртэй **-******** тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг 2008 оны 03 дугаар сарын 03-ны өдөр олгосон.

Компанийн гүйцэтгэх захирал О.Эын гарын үсгийг Б.Ц нь хуурамчаар зуран итгэмжлэл хийж Ашигт малтмал, газрын тосны газар, Кадастрын хэлтсийн нэр бүхий ажилтнууд хууль зөрчин “У” компанийн тусгай зөвшөөрлийн эзэмшигчийн нэрийг өөрчлөн бүртгэсэн.

Энэ байдлыг мэдсэн даруйдаа цагдаагийн байгууллагад хандсан ба 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 4136 тоот Шинжээчийн дүгнэлтээр итгэмжлэл дээр Б.Ц хуурамч гарын үсэг зурсан болох нь тогтоогдсон.

2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Ашигт малтмал, газрын тосны газар Кадастрын хэлтсийн хууль бус бүртгэлээс болж “У” ХХК  нь хайгуулын ажил хийх боломжгүй болж нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол нь хөндөгдсөн.

... Ингээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх хугацаанд буюу 2017 оноос хойш хуурамч гарын үсэг зурсан Б.Ц гэгч этгээд компанийн бүх бичиг баримтыг авч явсан тул компани ямар ч үйл ажиллагаа явуулж чадахгүй байсаар тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацааг дуусгасан.

Бидний зүгээс 2017 оноос 2020 он хүртэлх 3 жилийн хугацааг нөхөж сэргээж өгөхийг хүссэн хүсэлтийг Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Хэрлэнд гаргасан боловч тэрээр эс зөвшөөрсөн...” гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг ***** нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын XV- ************ дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын газрын дарга /хуучин нэрээр/-ын 2008 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 240 дүгээр шийдвэрээр “У” ХХК -д олгожээ

Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д "Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргах эрхтэй” гэж заасны дагуу хайгуулын ************ дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаанд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргаагүй байх тул ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт заасны дагуу тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа дуусгавар болсныг кадастрын системд 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр бүртгэжээ.

Иргэн О.Э, Б.Цнар нь 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр компанийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээ тус тус байгуулж ашигт малтмалын хайгуулын ************ дугаартай тусгай зөвшөөрлийг Б.Ц-т шилжүүлсэн байна.

Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг ***** нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын XV- ************ дугаартай тусгай зөвшөөрлийн эзэмшигчийг 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Кадастрын бүртгэлийн санд Б.Ц болгон бүртгэсэн бүртгэлийг 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр О.Э болгон өөрчилсөн байна.

... Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т зааснаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн “У” ХХК -ийн захирлаар Б.Ц болгон өөрчилсөн Кадастрын цахим бүртгэлийг хууль бус болохыг тогтоож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анх нэхэмжлэгч “У” ХХК -аас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр “Хайгуулын XB-************ тоот тусгай зөвшөөрлийн хугацааг нөхөн сэргээж өгөхгүй байгаа нь хариуцагчийн эс үйлдэхүй болохыг тогтоолгох, тасалдсан 2017 оноос 2020 он хүртэлх 3 жилийн хугацааг нөхөн сэргээж өгөхийг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хожим 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн “У” ХХК -ийн захирлаар Б.Ц болгон өөрчилсөн Кадастрын цахим бүртгэлийг хууль бус болохыг тогтоолгох” болгон өөрчлөн тодруулсан.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс уг нэхэмжлэлийн шаардлагаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д зааснаар хангуулахаар маргаж байна.

Энэ үндэслэлээр нэхэмжлэл гаргасан тохиолдолд шүүхээс үнэхээр энэ байдлыг тогтоолгох шаардлага нэхэмжлэгчид байсан эсэх, үүний цаана нэхэмжлэгчийн ямар эрх ашиг, сонирхол зөрчигдөж байна гэдгийг  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар тодруулахад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...Ашигт малтмалын газар “итгэмжлэл дээрх гарын үсэг болон бүртгэлтэй холбоотой маргаанаа цагдаагийн байгууллагаар эцэслэн шийдвэрлэсний дараа  ханд”, “...бүртгэлтэй холбоотой маргаан хуулийн байгууллагуудаар шалгагдаж байх хугацаанд тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаа дууссан. 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оныг хүртэлх хугацаанд гэрчилгээ дээр О.Э захирлаар байсан ч цахим бүртгэлд Б.Ц байсан болохоор үйл ажиллагаа явуулж болохгүй байсан. Тиймээс 1 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулах боломжгүй цалгардсан тул уг бүртгэлийг хууль бус байсан болохыг тогтоолгохоор хандсан...”  Уг бүртгэл нь хууль бус байсан эсэхийг тогтоолгосноор дараа нь иргэний журмаар хохирол шаардах эрх үүснэ...” Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасан хүрээнд шийдвэрлэх боломжтой...” болохоо илэрхийлсэн тул анхан шатны шүүхээс дээрх хуульд заасан боломжийг хэрэгжүүлсний үндсэн дээр хэргийг шийдвэрлэсэн болно.

Маргааны үйл баримтын талаар:

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Ашигт малтмал,газрын тосны хэрэг эрхлэх газрын 2008 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 240 дугаар шийдвэрээр “У” ХХК -д Дорноговь аймгийн Сайншанд сумын ***** нэртэй газарт 65 га талбай бүхий ашигт малтмалын хайгуулын ************ тоот тусгай зөвшөөрлийг 2008 оны 03 дугаар сарын 03-ны өдөр олгожээ[1].

Харин 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэгч “У” ХХК -ийн захирал О.Э болон иргэн Б.Ц нарын хооронд “Компанийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ”[2], “компанийн эрх шилжүүлэх гэрээ”-г тус тус байгуулсан.

Эдгээр гэрээнүүдийг үндэслэн мөн өдрийн 17/03 дугаар шийдвэрээр “У” ХХК -ийг Б овогтойЦт шилжүүлсэн байна[3].

Дээрх Компанийн эрх шилжүүлэх гэрээний 2.1.3-д “Дорноговь аймгийн Сайншанд сумын ***** нэгтэй газарт орших 65 гектар талбай бүхий ************  гэрчилгээтэй ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хамт шилжүүлэхээр тохиролцсон байсан тул Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Кадастрын бүртгэлийн мэдээллийн санд ************ тусгай зөвшөөрлийн эзэмшигч О.Э-г нэрийг Б.Ц болгон өөрчлөн бүртгэжээ.

Улмаар “У” ХХК -аас тусгай зөвшөөрлийн сунгалтаа хийлгүүлэн[4], төлбөрөө төлж[5] 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 251 дүгээр шийдвэрээр тусгай зөвшөөрлийг 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл сунгасан байна[6].

Гэтэл нэхэмжлэгч “У” ХХК -ийн захирал О.Э болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Кадастрын бүртгэлийн мэдээллийн санд оруулсан бүртгэлийг эс зөвшөөрч  “...миний гарын үсгийг Б.Ц гэгч хуурамчаар зуран итгэмжлэл хийж Ашигт малтмалын Кадастрын хэлтсийн нэр бүхий ажилтнууд хууль зөрчин манай компанийн тусгай зөвшөөрлийн эзэмшигчийн нэрийг өөрчлөн бүртгэсэн...Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 4136 дугаар шинжээчийн дүгнэлтээр итгэмжлэлд Б.Ц хуурамч гарын үсэг зурсан болох нь тогтоогддог...хууль бус бүртгэлээс болж “У” ХХК  хайгуулын ажил хийх боломжгүй болж, эрх, ашиг нь хөндөгдсөн...” гэж маргасан бол хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг “...Компанийн хувьцаа худалдах, худалдан авах тухай, Компанийн эрх шилжүүлэх гэрээ нотариатаар баталгаажсаны дагуу Кадастрын бүртгэлийн систем “У” ХХК -ийн захирлыг Б.Ц болгож бүртгэсэн...” тайлбарласан.

Харин дээрх маргааныг эрх бүхий байгууллагаар шалгуулан, шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байх хооронд хайгуулын тусгай зөвшөөрлийн 12 жилийн хугацаа дууссан болно.

Хоёр: Хөөн хэлэлцэх хугацааны тухайд:

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эоос “У” ХХК -ийн захирлаар Б.Ц болгон бүртгэснийг О.Э нь 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 1/3591 дугаартай албан бичгийг хүлээн авч мэдсэн учир 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 20/22 тоотоор Ашигт малтмал, газрын тосны газарт урьдчилан шийдвэрлэх журмаар хүсэлт гаргасан. “У” ХХК -ийн захирлаар Б.Ц болгон өөрчилснийг мэдсэнээс хойш 34 хоногийн дараа төрийн захиргааны байгууллагад хүсэлт гаргасан. Хавтаст цугларсан нотлох баримтуудаас үзвэл О.Э нь 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст залруулга хийлгэх тухай хүсэлт гаргасан бөгөөд Б.Ц нь хуурамч бичиг баримт гарын үсэг бүхий нэхэмжлэлээр бүртгүүлсэн алдаатай үйлдлийг залруулга хийнэ үү гэсэн хүсэлтийг Авлигатай тэмцэх газарт 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр гаргасан хүсэлтээс харахад Б.Ц-г захирал болсныг 2018 онд мэдэж байсан. 2 жилийн дараа төрийн захиргааны байгууллагад хандаж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болж байгаа юм. О.Э нь 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 20/22 тоотоор Ашигт малтмал, газрын тосны газарт урьдчилсан шийдвэрлэх журмаар хүсэлт гаргахад 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 3/4670 тоотоор хариу хүргүүлсэн байсан. “У” ХХК  нь 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр буюу 57 хоногийн дараа нэхэмжлэл гаргасан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болсон. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасны дагуу “У” ХХК -ийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү” гэх хүсэлтийг гаргаж, шүүхийн хэлэлцүүлэг эхлэхэд энэ хүсэлтээ дэмжиж байгаагаа илэрхийлсэн[7].

Харин Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээдээс түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэх талаар хянуулахаар гомдол гаргах эрхтэй”, 93 дугаар зүйлийн 93.1.Иргэн, хуулийн этгээд гомдлыг тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана” гэж тус тус зааснаас үзвэл Захиргааны байгууллагын үйл ажиллагааны улмаас эрхээ зөрчигдсөн гэж үзсэн этгээд уг захиргааны актыг мэдмэгцээ хуульд заасан дээд шатны байгууллага, албан тушаалтан эсхүл тухайн актыг гаргасан байгууллагаас гадна хууль сахиулах байгууллагад хуульд заасан зөрчлийн болон гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгаа эсэх болон бусад хяналт шалгалтын эрх бүхий байгууллагад хандаж, дүгнэлт гаргуулах эрхийг дээрх хуулиар олгосон байна.

Энэ тохиолдолд нэхэмжлэгчийг Ашигт малтмал газрын тосны газар[8], Монгол Улсын хүнд үйлдвэрийн яам,[9] тусгай чиг үүрэг бүхий байгууллага[10], албан тушаалтанд[11] хандаж гомдлоо шийдвэрлүүлэх эрхээ хэрэгжүүлснийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 30 хоногийн дотор гомдол, нэхэмжлэл гаргах  хугацаа алдсан гэж үзэх боломжгүй байна.

Гурав: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн “У” ХХК -ийн захирлаар Б.Ц болгон өөрчилсөн Кадастрын цахим бүртгэлийг хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 Энэхүү хэрэг маргааны гол үйл баримт болох “2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Кадастрын бүртгэлийн мэдээллийн санд ************ тусгай зөвшөөрлийн эзэмшигч О.Э-г нэрийг Б.Ц болгон өөрчлөн бүртгэсэн” бүртгэлийн талаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн хариуцсан мэргэжилтэн Д.М шүүхэд гэрчээр дуудагдан “... Тухайн үед бүртгэл хариуцсан мэргэжилтэн ээлжийн амралттай байсан тул би хүний ажлыг орлож байсан. Б.Ц гэдэг хүн над дээр итгэмжлэл, худалдах худалдан авах гэрээ, компанийн тамга, тусгай зөвшөөрлийн 1,2 дугаар хавсралт авчраад тусгай зөвшөөрлийг би авах гэж байгаа, хаягийн өөрчлөлт оруулъя гээд ирсэн. Би тэгэхээр нь “дүрэм, компанийн гэрчилгээгээ хамтад нь аваад ирээ” гэтэл “дүрэм, гэрчилгээ хоёрыг Улсын бүртгэлд бүртгүүлэх гээд өгсөн байгаа удахгүй гараад ирнэ. Тэгэхээр авчирч өгье” гэхээр нь чирэгдэл болоод яах вэ гээд бүртгэсэн[12]...” гэж мэдүүлсэн.

Үүнээс үзвэл Тусгай зөвшөөрлийн бүртгэлд мэдээлэл, өөрчлөлтийг бүртгэхдээ батлагдсан “Хуулийн этгээдийн тодорхойлолт” Маягт К-04-т[13] заасан бүрдүүлбэр болох “Улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрмээ ирүүлээгүй,  Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн асуудлаар эцсийн шийдвэр гаргах эрх бүхий байгууллага, албан тушаалтны эрх зүйн байдлыг тодруулах шаардлагатай баримт бичгийг хангуулан авалгүйгээр  Кадастрын бүртгэлийн мэдээллийн санд ************ тусгай зөвшөөрлийн эзэмшигч О.Э-г нэрийг Б.Ц болгон өөрчлөн бүртгэсэн[14]

Ингэхдээ утга агуулгын илэрхий алдаатай “У” ХХК -ийг захирал О.Э-ын 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 3-23 дугаар Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийг төлөөлөн захиргааны хэргийн бус зөвхөн төлөөлүүлж байгаа этгээдийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илэрхийлэн хамгаалж буй этгээдэд олгодог итгэмжлэлийг[15] голлох үндэслэлээ болгосон байна.

Гэтэл уг итгэмжлэл дээрх гарын үсгийг хуурамчаар үйлдсэн болох нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон байхаас гадна 2007 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш “У” ХХК -ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдээр О.Э бүртгэлтэй[16] байх ба 2020 оны 12 дугаар сарын 14-ний байдлаар ямар нэг өөрчлөлт ороогүй[17].

Түүнчлэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 5/6474 албан бичигт “...У ХХК-ийн улсын бүртгэлд...Мөрдөн байцаах газрын 2015 оны 11/4-3576 тоот албан бичгээр[18] хориг тавьсан байх тул уг хориг цуцлагдаагүй тохиолдолд улсын бүртгэлд өөрчлөлт оруулах хүсэлт хүлээн авах боломжгүй...” гэснээр тус компанийн хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээнд “хувьцаа эзэмшигч, гишүүний мэдээлэлд өөрчлөлт огт ороогүй байна.

Маргаан бүхий бүртгэлийг хууль зөрчиж хийсэн талаарх нэхэмжлэгч “У” ХХК -ийн захирал О.Э 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн хүсэлтэд[19] Ашигт малтмал Газрын тосны газар 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 7/2459 дүгээр албан бичгээр” ...компанийн эзэмшлийн маргаанаа хуулийн байгууллагаар эцэслэн шийдвэрлүүлж улсын бүртгэлийн газраар баталгаажуулснаар манай газарт өгнө үү...”[20] гэж, 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн хүсэлтэд[21] Ашигт малтмал Газрын тосны газар 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 7/2459 дүгээр албан бичгээр” ...компанийн эзэмшлийн маргаанаа хуулийн байгууллагаар эцэслэн шийдвэрлүүлж улсын бүртгэлийн газраар баталгаажуулснаар манай газарт өгнө үү...”[22] гэж, 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн “...13337Х лицензтэй холбоотой үүргүүдээ биелүүлэх боломжгүй байдалд ороод байгаа болохоо мэдэгдэж байна...” тайлбарт[23] Ашигт малтмал, Газрын тосны газрын дарга Х.Хэрлэн 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 1/3535 албан бичгээр “...хууль хяналтын байгууллагын эцсийн шийдвэр гарсны дараа манай байгууллагад дахин хандана уу...” [24], гэх хариуг тус тус өгч байжээ.

Тус шүүхээс 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Ашигт малтмал газрын тосны газрын 309 тоот өрөөнд “У “ ХХК-ийн хувийн хэрэг болон тус газрын уул уурхайн кадастрын цахим системд үзлэг хийхэд “...2017 оны 06 дугаар сарын 15-ний өдрийн 14:24 цагт “У” ХХК -ийн захирлаар Б.Ц-г бүртгэсэн[25] бүртгэлээ 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн “Залруулга хийлгэх тухай” О.Э-н хүсэлт[26], хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаа зэргийг хариуцагч байгууллага хүлээн авч, хянан үзээд 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 08:52 цагт О.Э-г “У” ХХК -ийн захирлаар буцаан бүртгэсэн.[27]

Харин энэ талаар нэхэмжлэгчид 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 1/3591 дүгээр албан бичгээр мэдэгдсэн байна[28].

Зүй нь хариуцагчаас итгэмжлэл дээрх гарын үсэг хуурамчаар зурагдсан эсэхээс үл хамааран эрх хэмжээнийхээ хүрээнд хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаа, холбогдох этгээдээс тайлбар, шаардлагатай баримтыг шаардан авч,  нэхэмжлэгчийн гомдлыг цаг алдалгүйгээр шийдвэрлэх бүрэн боломжтой байсан.

Өөрөөр хэлбэл, хариуцагч Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.”Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2 “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит үнэнийг тогтоох үүргийг хэрэгжүүлээгүй.

Захиргааны шийдвэр үндэслэл бүхий байх гол нөхцөлийг хангаагүй байна.

Иймд дээрх нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэвэл хариуцагч Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас Ашигт малтмалын тухай хуулийн 11.1.14 “хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих” чиг үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас маргаан бүхий бүртгэлийн хугацаанд Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн буюу түүнд чирэгдэл учруулсан гэж үзэхээр байх тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эцэст нь энэхүү маргааны бий болгоход дан ганц хариуцагчийг буруутгахаас гадна нэхэмжлэгч “У” ХХК-ийн захирал О.Э-ын “хэлэлцэх хийх хүсэл зоригоо бичгээр илэрхийлсэн атлаа бодит үйлдэл дээрээ бусдад үл ойлголдохуйц үйлдлийг бий болгосон”  буруутай үйл ажиллагаа байсан болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3, 106.3.3, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14-т заасныг баримтлан нэхэмжлэгч “У” ХХК -аас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, гаргасан  “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн “У” ХХК-ийн захирлаар Б.Ц болгон өөрчилсөн Кадастрын цахим бүртгэлийг хууль бус болохыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Л.БАТБААТАР

 

 

 

 

 

 

 

 

 

[1] 1Хавтас хэргийн 34-36 хуудас

[2] 1 Хавтас хэргийн 8-10 хуудас

[3] 1 Хавтас хэргийн 8 хуудас

[4] 1 Хавтас хэргийн 122 хуудас

[5] 1 Хавтас хэргийн 48, 70, 128-130 хуудас

[6] 1 хавтас хэргийн 123, 186 хуудас

[7] 2Хавтас хэргийн 53-54 хуудас

[8] 1 Хавтас хэргийн 9,91-93 хуудас

[9] 1Хавтас хэргийн 5,87 хуудас

[10]1Хавтас хэргийн 77, 97-98,

[11]1 хавтас хэргийн 85, 94-96 хуудас

[12] 2Хавтас хэргийн 59 хуудас

[13] 1Хавтас хэргийн 7 хуудас ар тал

[14] 1Хавтас хэргийн 7 хуудас

[15] 1Хавтас хэргийн 111 хуудас

[16] 1 Хавтас хэргийн 12 хуудас

[17] 1 Хавтас хэргийн 16-17 хуудас

[18] 2 Хавтас хэргийн 68 хуудас

[19] 1 Хавтас хэргийн 141 хуудас

[20] 1 Хавтас хэргийн 86,147 хуудас

[21] 1 Хавтас хэргийн 141 хуудас

[22] 1 Хавтас хэргийн 86, 147 хуудас

[23] 1 Хавтас хэргийн 138 хуудас

[24] 1 Хавтас хэргийн 146 хуудас

[25] 1 Хавтас хэргийн 194-196 хуудас

[26] 1 Хавтас хэргийн 109-110 хуудас

[27] 1 Хавтас хэргийн 197-199 хуудас

[28] 1 Хавтас хэргийн 74 хуудас