Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 06

 

 

 

 

 

 

 

 

 2017        01          04                                     06

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж, шүүгч С.Олзод, шүүгч П.Туяат нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга В.Орхон хөтөлж,

иргэдийн төлөөлөгч С.Цэнд-Аюуш,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Мижиддорж,

хохирогч Т.Наранзул,

шүүгдэгч З.Шинэбаяр, түүний өмгөөлөгч Х.Сэргэлэнбат, С.Оюунцэцэг, Д.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.13, 91.2.16-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Золбаярын Шинэбаярт холбогдох 201526031062 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1992 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдарч байгаа гэх, Баянгол дүүргийн 20 дугаар хороо 39-95 тоотод суух, улсаас авсан гавьяа шагналгүй,

- Сэлэнгэ аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 151 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 25 дугаар зүйлийн 25.1-т зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, Боржигон овогт Золбаярын Шинэбаяр /РД: МЗ 92122011/

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч З.Шинэбаяр нь 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өглөө 06 цаг 50 минутын үед хамтран амьдрагч Т.Наранзулын гэр болох Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 28 дугаар байрны 28 тоотод хохирогч Ц.Төгсхүү, Л.Эрдэнэтуяа, Т.Наранзул, өөрийн охин Ш.Анунгоо нарыг гэртээ байхад нь орж танхайн сэдэлтээр, хоёр буюу түүнээс олон хүнийг, нийтэд аюултай аргаар бензин цацаж галдан шатааж алахаар завдсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба цагаатгах талуудын саналаар болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрчийн гаргасан мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, эд мөрийн баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч З.Шинэбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өглөө Сэлэнгэ аймгийн Зүүнхараагаас Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороолол, 28 дугаар байрны 28 тоотод байрлах хадам аавынхаа гэрт эхнэр хүүхэдтэйгээ уулзахаар очсон. Би хүүхдээ унтаж байхад нь үнсэх гэтэл манай эхнэр дөнгөж сая унтуулсан хүүхэд сэрээх гээд байна гэж уурлаад байхаар нь би явлаа гэж хэлээд хадам аавынхаа гэрээс гарах гэж байхад хадам ээж сэрээд манайхаас шөнө гарч явдаг хүн байдаггүй, чам шиг хүнийг гудамжнаас ч олно гээд хэл амаар доромжлоод байсан. Тэгээд хадмынхаа гэрээс гараад 10 дугаар хорооллын Лайп зочид буудалд ороод, дараа нь 3 дугаар хорооллын бааранд орсон. Тэгээд үүрийн 05 цагийн үед Энхтайваны гүүрний доор байрлах бензин колонкоос өөрт байсан 5.000 төгрөгөөрөө бензин аваад хадам аавын гэрт очтол хадам аав хаалга онгойлгохоор нь та нар намайг арай дэндүү доромжилж байна шүү гэхэд хадам аав миний гарт байсан савтай бензинийг булааж авсан. Тухайн үед савтай бензиний таг нь цоорхой байсан болохоор үүдний хөлний алчуур дээр асгарсан. Гэтэл хадам аав цагдаа дуудна гэхээр нь би гартаа байсан шүдэнзээ шидээд зугтаасан гэв.

 

Шүүгдэгч Т.Наранзул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Шинэбаяр бид хоёр 2014 оноос эхлэн хамтран амьдарч байгаа. Бид хоёр хамт амьдарч байхдаа ямар нэгэн маргалдах зүйл болдоггүй байсан. Манай ээж Шинэбаярыг Зүүнхараа явсан гэхээр яах гэж явсан юм гээд байнга Шинэбаяр руу уурладаг байсан. Түүнээс болж манай гэрт хэрүүл маргаан болдог болсон. 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өглөө 04 цагийн үед Шинэбаяр Зүүнхараагаас ирээд хүүхдээ унтаж байхад нь үнсээд сэрээх гээд байхаар нь би дөнгөж сая унтаж байгаа хүүхдийг сэрээх гээд байх юм гэж уурласан. Би Шинэбаярыг манай гэрээс яв гэж хэлээд хөөсөн. Гэтэл цаад өрөөнөөс ээж гарч ирээд Шинэбаярыг манай охиныг сайн сайхан авч явахгүй байна, чам шиг юмыг гудамжнаас ч олно гэж муухай үгээр хэлээд байхаар нь Шинэбаяр гараад явсан. Би 11 дүгээр сарын 19-ний өглөө унтаж байгаад сэртэл олон хүний дуу гараад байхаар нь босоод хартал Шинэбаярын хоёр гарыг аав барьчихсан байсан. Гэтэл Шинэбаяр дандаа та нар намайг доромжилж байдаг гээд уйлчихсан байсан. Манай аав бид нарыг бага байхад өндөр дээрээс унаад хүнд гэмтэл авч байсан. Тухайн гэмтлээс болоод эмчийн хяналтанд байдаг. Түүнээсээ болоод хавтаст хэрэгт олон янзаар мэдүүлэг өгсөн байх, Шинэбаяр бид хоёр бага насны хоёр хүүхэдтэй бид нарыг Шинэбаяр тэжээж байгаа, энэ талаараа прокурорт хүсэлт гаргасан боловч хариу өгөөгүй гэв.

 

Мөн хавтаст хэргээс:

Хохирогч Ц.Төгсхүү мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би эхнэр Эрдэнэтуяатай хамт амьдраад 30 гаран жил болж байна. Бид хоёр нэг охинтой, түүнийг Наранзул гэдэг юм. Миний охин Шинэбаяр гэх залуутай Рояал академи-д сурч байхдаа танилцсан гэсэн. Тэгээд хоёр гэрээрээ орж гарч байгаад хүүхэдтэй болохоор нь эхнэр бид хоёр болж бүтэж байгаа бол хамт амьдраг гэж боддог байсан. Манай гэрээр Шинэбаяр нэг, хоёр удаа ирэхэд нь манай охиныг гуйж сүй тавих уу гэж ярилцдаг байсан. Тэгж байгаад манай охин төрсөн бөгөөд Баянгол дүүргийн 10 дугаар хороололд Шинэбаярын гэрт нь хамт амьдарч эхэлсэн. Бензин цацдагийн урд шөнө буюу үүрээр Шинэбаяр манай гэрт ирээд охинтой  минь маргалдаж байгаад цүнхэнд нь байсан 500.000 төгрөгийг гар утастай нь аваад гарах гэж байхад нь манай эхнэр босоод манай гэрт үүрээр орж гараад байдаг хүн байдаггүй унт гэж хэлэхэд Шинэбаяр хаалга саваад гараад явсан. Маргааш өдөр нэг танихгүй хүүхэд Наранзулын гар утсыг нь оруулж өгсөн бөгөөд хэн өгч байна гэж асуухад нэг ах өгсөн гэж хэлсэн. 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өглөө манай гэрийн хаалгыг 05 цагийн үед учиргүй балбаад байхаар нь эхнэрийг босоод хаалгаа онгойлго, Шинээ байх гэж хэлэхэд эхнэр чи босоод хаалгаа онгойлго гэсэн. Тэгэхээр нь би босоод хаалгаа онгойлгоод өгөхөд 5 литрийн савтай бензинийг шууд миний нүүр рүү цацахаар нь би нүүрээ дараад доошоо тонгойход толгой руу бензин асгаад байсан. Би нүүрээ гараараа арчаад харахад Шинэбаяр шүдэнз зурах гээд хавираад зогсож байсан. Тэгэхээр нь би гарыг нь бариад авахад та нарыг бүгдийг нь алчихсан байхад хэдэн жил шоронд суугаад гараад ирнэ, ална гээд байсан бөгөөд Шинэбаяр нэг гартаа савтай бензин, нөгөө гартаа шүдэнз бариад хавираад байсан боловч бензиндээ шүдэнз нь нороод асахгүй байсан. Энэ үед манай эхнэр, охин хоёр гэрийнхээ үүдэн дээр гараад ирчихсэн байсан ба жижүүр эгч шатаар өгсөөд гараад ирэхэд нь би Шинэбаярын гарнаас шүдэнзийг нь аваад доош шидсэн. Жижүүр эмэгтэй шүдэнзийг нь авсан. Харин эхнэр цагдаа дуудсан чинь савтай бензинээ хаячихаад доош гүйсэн. Миний хувьд Шинэбаяртай ямар нэг эвгүй харьцаж байсан зүйл огт байхгүй. Энэ талаар ч Шинэбаяр өөрөө мэдэж байгаа гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 18-19, 131-132-р хуудас/,

Хохирогч Л.Эрдэнэтуяа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2015 оны 11 дүгээр сарын 18-ны шөнө 05 цагийн үед үүрээр хүүхдүүдтэйгээ унтаж байхад Шинэбаяр гаднаас орж ирсэн. Тэгэхээр нь миний хүү унт гээд би нөгөө өрөөндөө орсон. Тэгээд би унтах гэж байхад хаалганы чимээ гарахад нь босоод очтол Шинэбаяр хувцсаа өмсчихсөн зогсож байсан наана нь охин хүүхдээ тэврээд зогсож байсан. Тэгэхээр нь Шинэбаярт чи бид нарыг маш их зовоож байна шүү миний хүүхдийн өмссөн хувцасыг хар, ингэж амьдардаггүй юм даа гэж хэлсэн. Тэгэхэд Шинэбаяр өөрөө гараад явсан. 2015 оны 11 дүгээр сарын 19-ний орой унтаж байхад хаалгыг аймар хүчтэй тогшсон. Тэр үед манай хүн хаалгаа нээ гэхээр нь чи босоод нээчих гэж хэлсэн. Тэгээд Төгсхүү хаалга нээсэн. Тэгэхэд та нарыг шатаана даа гэсэн чимээ гарахад нь би босч очиход Шинэбаяр шүдэнз хавирах гээд зогсож байсан. Би гарнаас нь бариад авсан. Гэрийн үүд, хувцас гээд бүгд бензин болсон. Тэгээд цагдаа дуудахад Шинэбаяр зугтсан гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 20-22-р хуудас/,

...2015 оны 11 дүгээр сарын 19-ний шөнө хүргэн Шинэбаяр хаалга тогшихоор нь манай нөхөр Төгсхүү хаалга тайлахаар босоод явсан. Тэгтэл хүүе яаж байгаа юм бэ, болдоггүй юм гэхээр нь би босоод үүд рүү очтол хаалга нээлттэй Төгсхүү Шинэбаярыг барьчихсан савтай зүйлтэй зууралдаад зогсож байхаар нь чи яаж байгаа юм бэ Шинэбаяраа гээд нэг гараас нь барьж аваад чи чинь ямар аймар юм бэ гэж хэлсэн. Тэрүүгээр маш их бензин үнэртээд бас шүдэнз харагдсан. Шүдэнз хэний гарт байсан талаар нь тэр үед балмагдсан байсан учраас анзаараагүй. Тэндээс Шинэбаяр доошоогоо гүйгээд явчихсан. Манай гэрийн үүдний коридор дэвсгэр, шал, үүдний өлгүүрийн хэсэгт байсан хувцас хунар норчихсон, санагдаж байна. Үүдний хэсэгт л тийм зүйл болсноос дотогшоо ороогүй гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 133-134-р хуудас/,

Хохирогч Т.Наранзул мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2013 онд танилцсан үеэс эхлэн Шинэбаярын хувьд үерхэж байхад ер нь догшин зан авир харагдаж мэдрэгддэг байсан. 2014 оны 12 дугаар сард хамгийн анх 7 сартай жирэмсэн байсан. Тэгсэн миний эзэмшлийн Toёота Рав-4 маркийн автомашиныг сольж жижиг спорт загварын машин авч унамаар байна гэсэн бөгөөд үүнээс болж маргалдаад согтуу байхдаа миний гэдэс, нүүр, толгой хэсэг рүү цохиж байсан. Тэрнээс болж би зулбах гээд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв дээр үүрийн 04 цагийн үед очиж үзүүлсэн. Тэгсэн харин эмч нь төрөх гэж байж юу болсон яасан бэ гээд надаас асуухад нөхөртэйгээ маргалдаад гэж хэлээд үзүүлээд явсан юм. Энэ талаар шүүх эмнэлэгт үзүүлж, цагдаагийн байгууллагад гомдол гаргасан зүйл байхгүй. Үүнээс хойш Шинэбаяр бага зэрэг архи уусан үедээ агсан согтуу тавьж, гар хүрдэг байсан. Гэхдээ би тэр болгонд эмнэлгийн байгууллагад үзүүлж, гомдол гаргаж байгаагүй. Шинэбаярын хувьд архи хэрэглэсэн үедээ хэн ч намайг яаж ч чадахгүй, дийлэхгүй гэдэг байдлаар агсам согтуу тавьдаг байсан. Намайг жирэмсэн байхад, төрсний дараа 7-8 хоногоор тэнээд явчихдаг байсан. Архийг 2-3 өдөр уухгүй бол эрүүл байдаг ба бусад тохиолдолд архи уучихаад байдаг. Би  Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв дээр үзүүлж байхдаа миний гэдэс рүү Шинэбаяр цохисны улмаас тонус өгөөд очиж үзүүлсэн юм. Шинэбаяраас өөрийнхөө зүйлүүдийг авч хүүхдээ тэжээмээр байна. 2015 оны 11 дүгээр сарын 18-ны үүрээр 04 цагийн үед согтуу орж ирээд гарахдаа миний түрүүвчнээс 400.000 төгрөгийг бэлнээр аваад явсан. Шинэбаярын төрсөн дүү Лхамдулам нь миний  үнэгэн шуба, бугуйн цагийг зөвшөөрөлгүйгээр авч яваад алга болсон. Үнэгэн шубыг 320.000 төгрөгөөр, бугуйн цагийг 250.000 төгрөгөөр тус тус 2014 онд манай ээж авч өгч байсан. Сүүлд нь харин манай аавын найзаас палк мод авч өгнө гээд 1.850.000 төгрөг авсан. Тэрнээс би 500.000 төгрөгийг нь хэрэглэсэн байх, үлдсэн мөнгийг Шинэбаяр өөрөө хэрэглэсэн гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 23-25, 75, 129-130, 139-р хуудас/,

Гэрч Б.Доржсүрэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2015 оны 11 дүгээр сарын 18-19-нд шилжих шөнө 03-04 цагийн үед байх хөгшин хүн чинь нойр хүрэхгүй гэртээ байж л байсан. Тэгээд унтаж байхад хаалга цохихоор босож очоод хаалгаа тайлсан, тэгсэн нэг залуу сав байна уу гэхээр нь хүнд хоолны саваа өгөлтэй биш гэрт байсан 3-5 литрийн тагтай хуванцар савыг өгсөн. Гэтэл надаас ус авах гэсэн юм гэхээр нь өөрөө ав гэсэн. Гэтэл ус гоожуулаад байхаар нь би өөрөө очоод тэр саванд ус хийж өгсөн. Удалгүй тэр залуу гараад явсан. Би зарим зүйлүүдийг  санахгүй байна гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 143-144-р хуудас/,

Гэрч Ш.Баттөр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өглөө үүрээр 93-75 УБҮ улсын дугаартай приус-20 маркийн авто машинтай таксинд явж байхад 06 цаг 15 минутаас 20 минутын хооронд Хан-Уул дүүргийн 19-н үйлчилгээний төвийн зүүн хойд талд байрлах Нарны хороолол руу эргэх гүүрний гэрлэн дохионы урд зам дээр нэг залуу гар өргөн зогсооход нь би явах уу гэж асуухад ахаа утсаараа ганц яриулаач ээ, ярих яаралтай хэрэг байна гээд миний машины ард суугаад миний гар утсаар ярьсан. Тэр залуу ээжээ, ээжээ аавтай ярьмаар байна гээд уйлаад байсан. Тэгээд аавтайгаа Золоо билүү Зулаа гэх хүний нэрийг хэлээд дарамтлаад байна гэх шиг юм ярьчихаад эргүүлээд миний гар утсыг өгөөд 1000 төгрөг өгч машинаас буугаад урагш явсан. Тэрний дараа миний гар утас руу нэг минутын дараа ээж нь залгаад сая утсаар ярьсан залуутай яръя гэхэд нь сая буугаад явсан гэж хэлсэн. Тэр залуугаас архи үнэртэж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 26-р хуудас/,

Гэрч З.Шинэчагтаг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Шинэбаяр нь миний ээж Золцэцэгийн төрсөн ах Золбаярын хүү нь юм. Бид нар бараг уулзаад байдаггүй. Харин 2015 оны 11 дүгээр сарын 18-ны шөнө 21 цагийн үед мэдэхгүй дугаараас залгаад хаана байгаа юм бэ, хүрээд ирээч тэгэх үү, Баянгол дүүргийн 10 дугаар хорооллын Лайп нэртэй зочид буудалд байна гээд өрөөнийхөө тоотыг хэлсэн. Би харьж явах замаараа Шинэбаярын байгаа зочид буудалд очсон. Өрөөнд ороход ганцаараа Сархад нэртэй 0,75 гр архи уугаад сууж байсан. Тэгэхэд нь би манайх руу явъя гээд авч явах гэсэн боловч надтай хамт яваагүй. Тэгэхээр нь би орхиод гэр рүүгээ харьсан. Гэртээ хариад байж байтал нөгөө залгасан дугаараасаа дахин залгаад хүрээд ирээч гээд байхаар нь би 00.00 цагийн үед очиход гарч пиво ууя гээд зочид буудлаасаа гарсан бөгөөд бид хоёр такси бариад хорооллын эцэс орсон. Тэндээ нэг бааранд орж би нэг пиво уусан. Харин Шинээ ах Нийслэл пиво 3-ыг уусан. Бааранд хэдэн залуустай маргалдаад байхаар нь би салгаж аваад гарсан. Баарны гадна би Хулан, Соко гэх хоёр найзтайгаа тааралдаад байж байхад Шинээ ах би явлаа гээд такси бариад ганцаараа яваад өгсөн. Тэрнээс хойш холбоо бариагүй, би гэртээ харьсан гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 28-р хуудас/,

Гэрч Л.Наранцэцэг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Би 28 дугаар байрны жижүүр хийдэг юм. 19-ний өглөө 06 цагийн үед орцоо эргээд явж байсан бөгөөд 2-р орц руу ороод 3-н давхраас дээш гарч явахад бензин үнэртээд байхаар нь дээш 5 давхарт гарахад 5 литрийн усны савтай бензинийг аав нь нэг талаас нь, нөгөө талаас нь тэр залуу барьчихсан булаацалдаад чанга дуугаар юм яриад байж байсан. Аав нь намайг харчихаад цаана чинь шүдэнз байна уу, шүдэнзийг нь хурдан аваарай гэсэн. Тэгээд шүдэнзийг нь хаана байгааг нь асуухад цаана чинь шидсэн байгаа гэсэн. Шүдэнз нь 5 давхарын цонхны доор байхаар нь аваад дээшээ шатаар өгсөх гэж байхад тэр залуу бензинээ хаяж, намайг түлхчихээд гараад гүйсэн. Шатаар дээшээ гарч байхад яг юуны талаар ярьж байсныг сайн мэдэхгүй байна. Орц руу орж байхад хүмүүс чанга дуугаар яриад байсан гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 31-32-р хуудас/,

Гэрч А.Өмиргүл мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би дуудлагын дагуу очиход 28 дугаар байрны 28 тоотын хаалга хаалттай байсан бөгөөд би хаалгыг тогшиход айлын эзэн болох Төгсхүү хаалга онгойлгож өгсөн. Тэгэхэд бензин үнэртэж байсан ба үүдний дотор хэсэгт хивсэнцэр байсан бөгөөд тэр нь норсон байсан. Савтай бензин үнэртээд байхаар нь блокон дээр гаргасан гээд оруулж ирж өгсөн. Савтай бензиний таг нь бүтэн байсан. Шүдэнзний гаднах хайрцаг норчихсон байсан. Хүн хаалга тогшиход очиж хаалга онгойлгоход хүргэн нь байсан гэсэн. Тэгээд шууд л шатаана гээд савтай бензинээ цацахад миний нүүрэн хэсэгт хүрсэн ба нүүр хорсоод байхаар нь угаачихлаа гэж хэлсэн. Харин үс нь хэвийн хуурай байсан гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 76, 152-р хуудас/,

Гэрч Д.Алтанчимэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2014 оны сүүлээр манай охинд Наранзул нь хүүхдийн ЭХО-д харуулсан зураг үзүүлсэн байсан. Тэгэхээр нь би энэ талаар хүү Шинэбаярт хэлэхэд би наад охинтой чинь суухгүй гээд байхаар нь загнаж байгаад Зүүнхараагаас Улаанбаатар хотод авчрсан. Тэр цагаас хойш Т.Наранзул манай гэрт байсан. Тэрний дараа манай ач охин 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдөр төрсөн. Тэгэхэд Наранзулын аав, ээж хоёрыг нь харсан. Наранзулыг жирэмсэн байхад бүх зүйлийг нь би бэлдэж өгдөг байсан. Зүүн хараагаас хүүхэдтэйгээ уулзахаар манай хүү явсан бөгөөд Улаанбаатар хотод үүрээр ирсэн гэсэн. Тэр өглөө 07 цагийн үед эхнэрийнхээ утсаар залгасан байхаар нь эргээд залгасан. Тэгсэн чинь үүрээр ирээд хүүхдээ үнссэн чинь хүүхэд сэрээчихлээ пизда минь зайл гэхээр нь гарах гэж байхад нь миний хүүгийн нүүр рүү Наранзулын ээж нь нулимаад хөөхөөр нь гараад явсан гэсэн. Тэгээд Вокзал дээрээс Зүүн хараа руу явах гэж байна гэхэд нь дахиж наад айл руугаа битгий яваарай, хүрээд ир гэсэн. Тэгэхэд би яваад очно гэж хэлж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 77, 148-149-р хуудас/,

Гэрч Б.Уламбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би эргүүлийн офицер цагдаагийн ахмад Машбаярын хамтаар Арцат-112 чиглэлийн Хан-Уул дүүргийн 1, 2, 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэдээс ирсэн дуудлага мэдээллийг хүлээн авч түргэн шуурхай очиж шалгадаг. 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өглөө 05 цагийн үед байх Арцат-10-аас Хан-Уул дүүргийн 2-р хороо 28-р байрны 28 тоотод агсам согтуу тавиад бензин цацаад шатаах гээд байна гэсэн дуудлага хүлээн авч 4-5 минутын дотор тухайн дуудлаган дээр очсон. Тэгээд 28-р байрны гадна талд автомашинтайгаа ирэхэд бензин үнэртэж байсан бөгөөд 2-р орцоор гаднаас хаалгыг нь татаад ороход бас л бензин үнэртэж байсан. Дээшээгээ 5 давхарт гараад шатны эсрэг талын 28 тоотын хаалгыг тогштол гэрийн эзэн гэх хүн хаалга тайлсан. Тэгээд дуудлага өгсөн үү, юу болсон талаар асуухад 50 гаран насны эрэгтэй хүн манай хүргэн Шинэбаяр нь бензин цацаж бүгдийг чинь шатааж ална гээд бензин цацаад шүдэнз зурах гэхээр нь тэрэнтэй нилээд ноцолдсон. Тэгсэн харин удалгүй хаяад зугтчихсан гэж хэлсэн. Тэр айлын үүдний довжоо болон гишгүүр дээр шүдэнз асгарчихсан байсан. Тухайн айлын эрэгтэй хүн дээгүүрээ цээж нүцгэн намайг хаалга тайлахад бензин цацсан гээд цээж хэсгээ харуулсан. Тэгэхэд цээж нь улайчихсан байдалтай харагдаж байсан. Тэрний дагуу Арцат-10 утсаар мэдэгдэж жижүүрийн ахлахад танилцуулж, жижүүрийн бүрэлдэхүүн дуудаж үзлэг хийлгэх шаардлагатай талаар хэлж хэргийн газрыг хамгаалж жижүүрийн бүрэлдэхүүн ирэхээр нь хүлээлгэж өгчихөөд явсан гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 156-р хуудас/,

Гэрч Ч.Машбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би цагдаагийн ахмад Уламбаярын хамтаар Арцат-112 чиглэлийн Хан-Уул дүүргийн 1, 2, 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэдээс ирсэн дуудлага мэдээллийг хүлээн авч ажиллаж байсан. 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өглөө 05-06 цагийн үед байх Арцат-10-аас Хан-Уул дүүргийн 2-р хороо 28-р байрны 28 тоотод агсам согтуу тавиад бензин цацаад шатаах гээд байна гэсэн дуудлага хүлээн авч 4-5 минутын дотор тухайн дуудлагын дагуу тухайн 28-р байрны 2-р орц руу ортол орцноос бензин үнэртэж байсан ба дээшээгээ 5 давхар гарч 28 тоот бүхий ертөнцийн зүгээр баруун тийшээгээ харсан хаалгатай, хаалгыг тогшиж дуудлага өгсөн талаар тодруулж асуухад 50 орчим насны эрэгтэй хүн хаалгаа тайлаад дуудлага өгсөн гэж хэлсэн. Тэгээд болсон асуудлын талаар тодруулж асуухад манай хүргэн Шинэбаяр нь сая согтуугаар гэрт ирээд хаалга тайлаад өгтөл миний өөдөөс савтай бензин цацаад шүдэнз зурж шидэх гээд байхаар нь нилээн ноцолдож байгаад Шинэбаяр гараад явчихсан гэж хэлсэн. Тэгэхээр нь Арцат 10 руу залгаж мэдэгдээд жижүүрийн бүрэлдэхүүнийг дуудсан. Төгсхүү над руу бензин цацсан гээд цээжин хэсэг нь улайчихсан, усаар сая угаагаад гэж хэлсэн. Харин түүний эхнэр Эрдэнэтуяа, охин гээд бас нэг эмэгтэй нар бензин цацуулсан талаараа хэлээгүй. Гэрийн үүд хэсэгт их хэмжээгээр бензин үнэртэж байсан. Эхнэр нь байж байгаад цаанаас гарч ирээд та нар бид нарыг хамгаалах ёстой гэх зэргээр чанга яриад яваад байсан. Ил харагдахаар их хэмжээгээр гэрийн дотор талд бензин цацагдсан байсныг хараагүй. Цаад талын өрөөнөөс 5 литрийн хуванцар цэвэр усны савтай бензин гаргаж ирээд энүүгээр дүүрэн бензин цацсан, харин үлдэгдэл бензин нь энэ байна гээд үзүүлж байсан. Ямар бичигтэй сав байсан, таглаа нь цоорхой байсан талаар нь бол анзаарч хараагүй гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 157-р хуудас/,

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Наранзул мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Миний охин тухайн үед 8 сартай байсан. Тэр үед хүүхдийн биед ямар нэгэн өөрчлөлт гараагүй хэвийн байсан, одоо ямар нэгэн гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 185-р хуудас/,

Шүүх сэтгэц гэм судлалын магадлагаанд:

1. З.Шинэбаяр нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байсан байна. Хэрэг үйлдэх үедээ өөрийн хийж байгаа үйлдлийг зөв ойлгож, мэдэж, удирдах, чадаж байсан байна.

2. З.Шинэбаяр нь гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийнхөө хийж байгаа үйлдлийг зөв ойлгож, мэдэж, удирдаж, чадаж байсан байна.

3. З.Шинэбаяр нь одоо сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна. Өөрийнхөө үйлдсэн хэргийг хариуцах чадвартай байна.

4. З.Шинэбаярт албадан эмчилгээ хийлгэх шаардлагагүй байна.

5. З.Шинэбаяр нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй. Болсон байдлыг зөв тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна гэх дүгнэлт. /хх-ийн 1-р хавтас 82-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шинжээчийн №2095 дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд шингэн хэт ягаан туяаны аппаратаар болон нимгэн үеийн хроматографийн аргаар шинжилгээ хийхэд шатах тослох материалын агууламж илэрсэн. Шингэн нь ямар төрлийн шатах, тослох материал болохыг тогтоох техникийн боломжгүй байна.

2. Шүдэнзний хайрцаг болон шүдэнзний модонд мөн аргаар шатах тослох материалын агууламж илрээгүй. /хх-ийн 1-р хавтас 171-р хуудас/,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын №239 дүгнэлтэнд:

1. Ц.Төгсхүү нь Тархины өвчин гэмтэл үйлийн хямралын шалтгаант бие хүний ба төрх үйлийн органик эмгэг, шинж тэмдгийн уналт сэтгэцийн эмгэгтэй байна. Уг сэтгэцийн эмгэг нь 1994 оноос эхэлсэн байх боломжтой байна. Ц.Төгсхүү нь СЭМҮТ-ийн хяналт болон групп хөдөлмөрийн чадвар алдалт 80 хувь байдаг болно. Уг эмгэг нь үе шат байхгүй эмгэг болно.

2. Ц.Төгсхүүгийн удамд сэтгэцийн эмгэгтэй хүн байдаг гэх баримт үгүй байна.

3. Ц.Төгсхүү нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна гэх дүгнэлт. /хх-ийн 1-р хавтас 174-175-р хуудас/,

Шинжээч Я.Ганхүү мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Болсон үйл явдлын талаар мэдүүлэг өгөх чадвартай байдаг. Уг эмгэг сэтгэцийн өвчтэй хүн болгон үйл явдлыг мартах эргэн санах зэрэгт харьцангуй багаар нөлөөлнө. Өвчтөн уналт, таталт өгсөн тухайн үедээ зарим зүйлийг санахгүй байх боломжтой. Харин өвчтөн уналт өгөөгүй үедээ бусад үйл явдлыг санах боломжтой. Уналт таталт өгсөн өвчтөн уналт өгөөд сэргэх хүртэл үедээ санахгүй байх боломжтой. Тэрнээс бусад үйл явдлыг санах боломжтой гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 187-р хуудас/,

 

          Шинжээч С.Дашпэлжээ мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах тасгийн дарга а/д Баттулгын шинжилгээ хийх шинжээч томилох тогтоолын дагуу иргэн Ц.Төгсхүүгийн сэтгэцийн байдлыг тодорхойлох зорилгоор 3 эмчийн бүрэлдэхүүнтэй үзлэгт оролцсон. Ц.Төгсхүү үзлэгийн явцад амьдралын болон өвчний түүх болсон хэргийн талаар тодорхой хариулт өгч байсан. Тухайн үзүүлэгч Төгсхүүгийн амбулаторын карт хоёрыг сэтгэц судлалын шинжилгээний дүгнэлт зэргийг харгалзан үзэж тархины өвчин гэмтэл үйлийн хямралын шалтгаант бие хүний ба төрх үйлийн органик эмгэг, шинж тэмдгийн уналт гэсэн сэтгэцийн эмгэгтэй байгааг тодорхойлсон болно. Уг эмгэг нь тархины гэмтлээс үүссэн байна. Уналт таталт өгдөг. Уг эмгэг нь гэмтлээс шалтгаалсан өвчин юм. Ц.Төгсхүүгийн хувьд ямарваа зүйлийг мартах нь бага, ой санамжид нөлөөлөх нөлөөлөл харьцангуй гайгүй байх боломжтой. Уналт таталтын дараагаар асуултанд буруу зөрүү хариулах боломжтой байдаг гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 188-189-р хуудас/,

 

           Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. ...хаалгаар ороход 2 өрөө байр байх ба бензин мэт хурц үнэртэж байв. Хохирогч Ц.Төгсхүү нь 5 литрийн Талст цэвэр ус гэсэн бичигтэй савтай бензин бүхий спичко гэсэн бичигтэй шүдэнзийг Шинэбаяраас булааж аваад тагтан дээр нуусан гэж гаргаж ирснийг гэрэл зургаар бэхжүүлэн хураан авав. Уг савыг үзэхэд 3 литр гаруй талдаа орсон шаргал өнгийн шингэн зүйлтэй, хурц үнэртэй байв /хх-ийн 1-р хавтас 10-14-р хуудас/,

 

Хэрэг учралын газарт үзлэг хийхэд оролцсон криминалистикийн шинжээч Б.Баясгалан мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би 2015 оны 11 дүгээр сарын 18-19-ний шилжих шөнө үүрээр 05-06 цагийн үед  Хан-Уул дүүргийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүний хамт Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны 28 дугаар байрны 2 дугаар орцоор дотогшоо орсон чинь шатах тослох материал болон бензин үнэртэж байсан ба тухайн байр нь хуучны угсармал саарал 5 давхар байсан. Уг байранд лифт байхгүй дээшээгээ 5 давхарт дуудлага өгсөн айлын хүмүүстэй уулзсан чинь манай охины найз залуу болох Шинэбаяр гэгч нь хаалга тогшихоор нь онгойлгосон, тэгсэн харин шууд өөдөөс бензин цацаад дараагаар нь шүдэнз зурах гэж байсан. Тэгтэл тэр шүдэнз нь норчихсон байсан учраас асаагүй гэж хэлж байсан ба гэрт нь орж жижүүрийн мөрдөн байцаагчийн хамтаар үзлэг хийсэн.

Үзлэгээр 5 литрийн хэмжээтэй усны савны талаас дээгүүр бензинийг цонхны тавцан гаднах блоконоос гаргаж ирээд бид нарт үзүүлсэн. Мөн норчихсон байдалтай шүдэнзийг гаргаж ирсэн ба тэр шүдэнз нь норчихсон байсан. Тэр үед гэрт нь тэр чигтээ шатах тослох материал болох бензин үнэртэж байсан. Хохирогч нарын хэлснээр бензин цацсан гэх үүдний хэсгийг номер 1 гэж дугаарлаж гэрэл зургаар бэхжүүлэн авсан гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 169-р хуудас/,

 

Шүүгдэгч З.Шинэбаяр нь хохирогч Т.Наранзул руу бичсэн мессэж ...Энэ зүгээр эхлэл шүү. Би хаана ч, хэзээ ч, яаж ч чадна. Харин хэлчихье. Намайг харь гэж басаарай гэх  /хх-ийн 1-р хавтас 61-р хуудас/

 

2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Шүдэнзний хайрцагт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 1-р хавтас 62-р хуудас/ зэрэг болно.

 

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар

 

Шүүгдэгч З.Шинэбаяр нь 2015 оны 11 дүгээр сарын 19-ний үүрээр буюу 06 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 28 дугаар байрны 28 тоотод хохирогч Ц.Төгсхүү, Л.Эрдэнэтуяа, Т.Наранзул, насанд хүрээгүй хохирогч 08 сартай Ш.Анунгоо нарыг танхайн сэдэлтээр, нийтэд аюултай аргаар буюу галдан шатааж санаатай алахаар завдсан болох нь: 

Хохирогч Ц.Төгсхүүгийн ...Бензин цацдагийн урд шөнө буюу үүрээр Шинэбаяр манай гэрт ирээд охинтой  минь маргалдаж байгаад цүнхэнд нь байсан 500.000 төгрөгийг гар утастай нь аваад гарах гэж байхад нь манай эхнэр босоод манай гэрт үүрээр орж гараад байдаг хүн байдаггүй унт гэж хэлэхэд Шинэбаяр хаалга саваад гараад явсан. Маргааш өдөр нэг танихгүй хүүхэд Наранзулын гар утсыг нь оруулж өгсөн бөгөөд хэн өгч байна гэж асуухад нэг ах өгсөн гэж хэлсэн. 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өглөө манай гэрийн хаалгыг 05 цагийн үед учиргүй балбаад байхаар нь эхнэрийг босоод хаалгаа онгойлго, Шинээ байх гэж хэлэхэд эхнэр чи босоод хаалгаа онгойлго гэсэн. Тэгэхээр нь би босоод хаалгаа онгойлгоод өгөхөд 5 литрийн савтай бензинийг шууд миний нүүр рүү цацахаар нь би нүүрээ дараад доошоо тонгойход толгой руу бензин асгаад байсан. Би нүүрээ гараараа арчаад харахад Шинэбаяр шүдэнз зурах гээд хавираад зогсож байсан. Тэгэхээр нь би гарыг нь бариад авахад та нарыг бүгдийг нь алчихсан байхад хэдэн жил шоронд суугаад гараад ирнэ, ална гээд байсан бөгөөд Шинэбаяр нэг гартаа савтай бензин, нөгөө гартаа шүдэнз бариад хавираад байсан боловч бензиндээ шүдэнз нь нороод асахгүй байсан. Энэ үед манай эхнэр, охин хоёр гэрийнхээ үүдэн дээр гараад ирчихсэн байсан ба жижүүр эгч шатаар өгсөөд гараад ирэхэд нь би Шинэбаярыг гарнаас шүдэнзийг нь аваад доош шидсэн. Жижүүр эмэгтэй шүдэнзийг нь авсан. Харин эхнэр цагдаа дуудсан чинь савтай бензинээ хаячихаад доош гүйсэн. Миний хувьд Шинэбаяртай ямар нэг эвгүй харьцаж байсан зүйл огт байхгүй. Энэ талаар ч Шинэбаяр өөрөө мэдэж байгаа гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 18-19, 131-132-р хуудас/,

Хохирогч Л.Эрдэнэтуяагийн ...2015 оны 11 дүгээр сарын 18-ны шөнө 05 цагийн үед үүрээр хүүхдүүдтэйгээ унтаж байхад Шинэбаяр гаднаас орж ирсэн. Тэгэхээр нь миний хүү унт гээд би нөгөө өрөөндөө орсон. Тэгээд би унтах гэж байхад хаалганы чимээ гарахад нь босоод очиход Шинэбаяр хувцсаа өмсчихсөн зогсож байсан наана нь охин хүүхдээ тэврээд зогсож байсан. Тэгэхээр нь Шинэбаярт чи бид нарыг маш их зовоож байгаа шүү миний хүүхдийн өмссөн хувцсыг хар, ингэж амьдардаггүй юм даа гэж хэлсэн. Тэгэхэд Шинэбаяр өөрөө гараад явсан. 2015 оны 11 дүгээр сарын 19-ний орой унтаж байхад хаалгыг аймар хүчтэй тогшсон. Тэр үед манай хүн хаалгаа нээ гэхээр нь чи босоод нээчих гэж хэлсэн. Тэгээд Төгсхүү хаалга нээсэн. Тэгэхэд та нарыг шатаана даа гэсэн чимээ гарахад нь би босч очиход Шинэбаяр шүдэнз хавирах гээд зогсож байсан. Би гарнаас нь бариад авсан. Гэрийн үүд, хувцас гээд бүгд бензин болсон. Тэгээд цагдаа дуудахад Шинэбаяр зугтсан гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 20-22-р хуудас/,

...2015 оны 11 дүгээр сарын 19-ний шөнө хүргэн Шинэбаяр хаалга тогшихоор нь манай нөхөр Төгсхүү хаалга тайлахаар босоод явсан. Тэгтэл хүүе яаж байгаа юм бэ, болдоггүй юм гэхээр нь би босоод үүд рүү очтол хаалга нээлттэй Төгсхүү Шинэбаярыг барьчихсан савтай зүйлтэй зууралдаад зогсож байхаар нь чи яаж байгаа юм бэ Шинэбаяраа гээд нэг гараас нь барьж аваад чи чинь ямар аймар юм бэ гэж хэлсэн. Тэрүүгээр маш их бензин үнэртээд бас шүдэнз харагдсан. Шүдэнз хэний гарт байсан талаар нь тэр үед балмагдсан байсан учраас анзаараагүй. Тэндээс Шинэбаяр доошоогоо гүйгээд явчихсан. Манай гэрийн үүдний коридор дэвсгэр, шал, үүдний өлгүүрийн хэсэгт байсан хувцас хунар норчихсон, санагдаж байна гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 133-134-р хуудас/,

Хохирогч Т.Наранзулын ... 2015 оны 11 дүгээр сарын 18-ны үүрээр манай гэрт Зүүнхараагаас вагоноор ирлээ гээд 04 цаг өнгөрч байхад ирсэн. Намайг хардаад бид 2 маргалдсан. Тэгж байгаад гарахдаа миний гар утас, 400.000 төгрөг, иргэний үнэмлэх зэргийг аваад гарах гэж байхад нь миний ээж Шинэбаярт хандаж бид нарыг хүндлээч гэж хэлээд явах гээд байгаа бол яв гээд хаалгаа хаасан. 2015 оны 11 дүгээр сарын 19-ний үүрээр Хан-Уул дүүргийн 2-р хороо, 28-28 тоотод гэртээ ээж, аав, охины хамт унтаж байхад хаалга тогшсон бөгөөд аав хаалга нээсэн. Тэгэхэд нь өөдөөс нь бензин цацсан байсан. Намайг өрөөнөөсөө гарч ирэхэд аав ээж хоёр Шинэбаярын гарт байгаа шүдэнзийг хавируулахгүй гээд ноцолдож байсан. Шинэбаяр би ээж аавдаа та нарыг шатаана гэж хэлсэн байгаа гээд орилоод байсан. Тэгээд би өрөөндөө ороод цагдаа дуудсан гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 25-р хуудас/

          Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Наранзул мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Миний охин тухайн үед 8 сартай байсан. Тэр үед хүүхдийн биед ямар нэгэн өөрчлөлт гараагүй хэвийн байсан, одоо ямар нэгэн гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 185-р хуудас/,

Гэрч Б.Доржсүрэнгийн ... 2015 оны 11 дүгээр сарын 18-19-нд шилжих шөнө 03-04 цагийн үед байх хөгшин хүн нойр хүрэхгүй гэртээ байж байсан. Тэгээд унтаж байхад хаалга цохихоор босож очоод хаалгаа тайлсан, тэгсэн нэг залуу сав байна уу гэхээр нь хүнд хоолны саваа өгөлтэй биш гэрт байсан 3-5 литрийн тагтай хуванцар савыг өгсөн. Гэтэл надаас ус авах гэсэн юм гэхээр нь өөрөө ав гэсэн. Гэтэл ус гоожуулаад байхаар нь би өөрөө очоод тэр саванд ус хийж өгсөн. Удалгүй тэр залуу гараад явсан гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 143-144-р хуудас/,

Гэрч Ш.Баттөр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өглөө үүрээр 93-75 УБҮ улсын дугаартай Приус-20 маркийн авто машинтай таксинд явж байхад 06 цаг 15 минутаас 20 минутын хооронд Хан-Уул дүүргийн 19-н үйлчилгээний төвийн зүүн хойд талд байрлах Нарны хороолол руу эргэх гүүрний гэрлэн дохионы урд зам дээр нэг залуу гар өргөн зогсооход нь би явах уу гэж асуухад ахаа утсаараа ганц яриулаач ээ, ярих яаралтай хэрэг байна гээд миний машины ард суугаад миний гар утсаар ярьсан. Тэр залуу ээжээ, ээжээ аавтай ярьмаар байна гээд уйлаад байсан. Тэгээд аавтайгаа Золоо билүү Зулаа гэх хүний нэрийг хэлээд дарамтлаад байна гэх шиг юм ярьчихаад эргүүлээд миний гар утсыг өгөөд 1000 төгрөг өгч машинаас буугаад урагш явсан. Тэрний дараа миний гар утас руу нэг минутын дараа ээж нь залгаад сая утсаар ярьсан залуутай яръя гэхэд нь сая буугаад явсан гэж хэлсэн. Тэр залуугаас архи үнэртэж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 26-р хуудас/,

Гэрч Л.Наранцэцэгийн ... Би  19-ний өглөө 06 цагийн үед орцоо эргээд явж байсан бөгөөд 2-р орц руу ороод 3-н давхраас дээш гарч явахад бензин үнэртээд байхаар нь дээш 5 давхарт гарахад 5 литрийн усны савтай бензинийг аав нь нэг талаас нь, нөгөө талаас нь тэр залуу барьчихсан булаацалдаад чанга дуугаар юм яриад байж байсан. Аав нь намайг харчихаад цаана чинь шүдэнз байна уу, шүдэнзийг нь хурдан аваарай гэсэн. Тэгээд шүдэнзийг нь хаана байгааг нь асуухад цаана чинь шидсэн байгаа гэсэн. Шүдэнз нь 5 давхарын цонхны доор байхаар нь аваад дээшээ шатаар өгсөх гэж байхад тэр залуу бензинээ хаяж, намайг түлхчихээд гараад гүйсэн. Шатаар дээшээ гарч байхад яг юуны талаар ярьж байсныг сайн мэдэхгүй байна. Орц руу орж байхад хүмүүс чанга дуугаар яриад байсан гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 31-32-р хуудас/,

Гэрч А.Өмиргүлийн ...Би дуудлагын дагуу очиход 28 дугаар байрны 28  тоотын хаалга хаалттай байсан бөгөөд би хаалгыг тогшиход айлын эзэн болох Төгсхүү хаалга онгойлгож өгсөн. Тэгэхэд бензин үнэртэж байсан ба үүдний дотор хэсэгт хивсэнцэр байсан бөгөөд тэр нь норсон байсан. Савтай бензин үнэртээд байхаар нь болкон дээр гаргасан гээд оруулж ирж өгсөн. Савтай бензиний таг нь бүтэн байсан. Шүдэнзний гаднах хайрцаг норчихсон байсан. Хүн хаалга тогшиход очиж хаалга онгойлгоход хүргэн нь байсан гэсэн. Тэгээд шууд л шатаана гээд савтай бензинээ цацахад миний нүүрэн хэсэгт хүрсэн ба нүүр хорсоод байхаар нь угаачихлаа гэж хэлсэн. Харин үс нь хэвийн хуурай байсан гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 76, 152-р хуудас/,

Гэрч Б.Уламбаярын ...2015 оны 11 дүгээр сарын 19-ний өглөө 05 цагийн үед байх Арцат-10-аас Хан-Уул дүүргийн 2-р хороо 28-р байрны 28 тоотод агсам согтуу тавиад бензин цацаад шатаах гээд байна гэсэн дуудлага хүлээн авч 4-5 минутын дотор тухайн дуудлаган дээр очсон. Тэгээд 28-р байрны гадна талд автомашинтайгаа ирэхэд бензин үнэртэж байсан бөгөөд 2-р орцоор хаалгыг нь татаад ороход бас л бензин үнэртэж байсан. Дээшээгээ 5 давхарт гараад шатны эсрэг талын 28 тоотын хаалгыг тогштол гэрийн эзэн гэх хүн хаалга тайлсан. Тэгээд дуудлага өгсөн үү, юу болсон талаар асуухад 50 гаран насны эрэгтэй хүн манай хүргэн Шинэбаяр нь бензин цацаж бүгдийг чинь шатааж ална гээд бензин цацаад шүдэнз зурах гэхээр нь тэрэнтэй нилээд ноцолдсон. Тэгсэн харин удалгүй хаяад зугтчихсан гэж хэлсэн. Тэр айлын үүдний довжоо болон гишгүүр дээр шүдэнз асгарчихсан байсан. Тухайн айлын эрэгтэй хүн дээгүүрээ цээж нүцгэн намайг хаалга тайлахад бензин цацсан гээд цээж хэсгээ харуулсан. Тэгэхэд цээж нь улайчихсан байдалтай харагдаж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 156-р хуудас/,

Гэрч Ч.Машбаярын ... 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өглөө 05-06 цагийн үед байх Арцат-10-аас Хан-Уул дүүргийн 2-р хороо 28-р байрны 28 тоотод агсам согтуу тавиад бензин цацаад шатаах гээд байна гэсэн дуудлага хүлээн авч 4-5 минутын дотор тухайн дуудлагын дагуу тухайн 28-р байрны 2-р орц руу ортол орцноос бензин үнэртэж байсан ба дээшээгээ 5 давхарт гарч 28 тоот бүхий ертөнцийн зүгээр баруун тийшээгээ харсан хаалгатай, хаалгыг тогшиж дуудлага өгсөн талаар тодруулж асуухад 50 орчим насны эрэгтэй хүн хаалгаа тайлаад дуудлага өгсөн гэж хэлсэн. Тэгээд болсон асуудлын талаар тодруулж асуухад манай хүргэн Шинэбаяр нь сая согтуугаар гэрт ирээд  хаалга тайлаад өгтөл миний өөдөөс савтай бензин цацаад шүдэнз зурж шидэх гээд байхаар нь нилээн ноцолдож байгаад Шинэбаяр гараад явчихсан гэж хэлсэн. Тэгэхээр нь Арцат 10 руу залгаж мэдэгдээд жижүүрийн бүрэлдэхүүнийг дуудсан. Төгсхүү над руу бензин цацсан гээд цээжин хэсэг нь улайчихсан, усаар сая угаагаад гэж хэлсэн. Харин түүний эхнэр Эрдэнэтуяа, охин гээд бас нэг эмэгтэй нар бензин цацуулсан талаараа хэлээгүй. Гэрийн үүд хэсэгт их хэмжээгээр бензин үнэртэж байсан. Ил харагдахаар их хэмжээгээр гэрийн дотор талд бензин цацагдсан байсныг хараагүй. Цаад талын өрөөнөөс 5 литрийн хуванцар цэвэр усны савтай бензин гаргаж ирээд энүүгээр дүүрэн бензин цацсан, харин үлдэгдэл бензин нь энэ байна гээд үзүүлж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 157-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шинжээчийн №2095 дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд шингэн хэт ягаан туяаны аппаратаар болон нимгэн үеийн хроматографийн аргаар шинжилгээ хийхэд шатах тослох материалын агууламж илэрсэн. Шингэн нь ямар төрлийн шатах, тослох материал болохыг тогтоох техникийн боломжгүй байна.

2. Шүдэнзний хайрцаг болон шүдэнзний модонд мөн аргаар шатах тослох материалын агууламж илрээгүй. /хх-ийн 1-р хавтас 171-р хуудас/,

                 

            Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. ...хаалгаар ороход 2 өрөө байр байх ба бензин хурц үнэртэж байв. Хохирогч Ц.Төгсхүү нь 5 литрийн Талст цэвэр ус гэсэн бичигтэй савтай бензин бүхий спичко гэсэн бичигтэй шүдэнзийг Шинэбаяраас булааж аваад тагтан дээр нуусан гэж гаргаж ирснийг гэрэл зургаар бэхжүүлэн хураан авав. Уг савыг үзэхэд 3 литр гаруй талдаа орсон шаргал өнгийн шингэн зүйлтэй, хурц үнэртэй байв /хх-ийн 1-р хавтас 10-14-р хуудас/,

 

           Хэрэг учралын газарт үзлэг хийхэд оролцсон криминалистикийн шинжээч Б.Баясгалангийн ... Би 2015 оны 11 дүгээр сарын 18-19-ний шилжих шөнө үүрээр 05-06 цагийн үед  Хан-Уул дүүргийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүний хамт Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны 28 дугаар байрны 2 дугаар орцоор дотогшоо орсон чинь шатах тослох материал болон бензин үнэртэж байсан ба тухайн байр нь хуучны угсармал саарал 5 давхар байсан. Уг байранд лифт байхгүй дээшээгээ 5 давхарт дуудлага өгсөн айлын хүмүүстэй уулзсан чинь манай охины найз залуу болох Шинэбаяр гэгч нь хаалга тогшихоор нь онгойлгосон, тэгсэн харин шууд өөдөөс бензин цацаад дараагаар нь шүдэнз зурах гэж байсан. Тэгтэл тэр шүдэнз нь норчихсон байсан учраас асаагүй гэж хэлж байсан ба гэрт нь орж жижүүрийн мөрдөн байцаагчийн хамтаар үзлэг хийсэн. Үзлэгээр 5 литрийн хэмжээтэй усны савны талын дээгүүр бензинийг блоконоос гаргаж ирээд бид нарт үзүүлсэн. Мөн норчихсон байдалтай шүдэнзийг гаргаж ирсэн ба тэр шүдэнз нь норчихсон байсан. Тэр үед гэрт нь тэр чигтээ шатах тослох материал болох бензин үнэртэж байсан. Хохирогч нарын хэлснээр бензин цацсан гэх үүдний хэсгийг номер 1 гэж дугаарлаж гэрэл зургаар бэхжүүлэн авсан гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 169-р хуудас/,

            2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Шүдэнзний хайрцагт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 1-р хавтас 62-р хуудас/,

 

Шүүгдэгч З.Шинэбаяр нь хохирогч Т.Наранзул руу бичсэн мессэж ...Энэ зүгээр эхлэл шүү. Би хаана ч, хэзээ ч, яаж ч чадна. Харин хэлчихье. Намайг харь гэж басаарай гэх  /хх-ийн 1-р хавтас 61-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт цугларсан баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүгдэгч З.Шинэбаяр мөрдөн байцаалтанд яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ ...2015 оны 11 дүгээр сарын 19-ний үүрээр айлгах санаатай бензин авч очсон. Гэхдээ надад алах санаа зорилго байгаагүй гэж мэдүүлж байна.

 

            Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзвэл: шүүгдэгч З.Шинэбаяр болон хохирогч Л.Эрдэнэтуяа нарын хооронд охин Т.Наранзулын унаж явсан Raw-4 маркийн автомашиныг дур мэдэн захиран зарцуулсантай холбоотойгоор болон хөдөлмөр эрхэлж орлогоороо эхнэр хүүхдээ тэжээсэнгүй гэх шалтгаанаар үл ойлголцол үүсч байсан ба З.Шинэбаяр нь 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өглөө 04 цагийн орчимд ирээд хохирогч Т.Наранзултай маргалдан гарч явахад нь хохирогч Л.Эрдэнэтуяагийн манай гэрт үүрээр орж гараад байдаг хүн байдаггүй гэхчилэн хэлсэн үг нь З.Шинэбаярыг дарамталсан хохирогчийн зүй бус үйлдэл үзэх үндэслэлгүй ба харин шүүгдэгч З.Шинэбаяр нь ахмад хүний үгийг хүлээцтэй сонсож хүндэтгэлтэй хандах, хадам эцэг эхийн гэрт зүй бус зан авир гаргахгүй байх, айлын гал голомтыг хүндэтгэх зэрэг уламжлагдаж ирсэн заншлыг үл тоомсорлож, хохирогч нарыг басамжилан өөрийн догшин зан авир, бүдүүлэг үйлдлээр айлган сүрдүүлж, айдас түгшүүрт автуулах зорилготойгоор 5 литрийн хуванцар саванд бензин авч очсон үйлдэл нь танхайн сэдэлтийг бүрэн агуулж байна.

         Уг гэмт хэрэг гарсан газар буюу Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 28 дугаар байрны 28 тоот хохирогч Ц.Төгсхүүгийн гэр нь нийтийн зориулалт бүхий 5 давхар орон сууцны 5 дугаар давхарт байрладаг ба хохирогч нараас гадна тухайн орон сууцанд амьдарч байгаа иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг нь ноцтой зөрчиж, галдан шатаах нөхцөлыг бүрдүүлсэн тул нийтэд аюултай аргын нэг хэлбэр гэж үзнэ.

 

          Гэмт хэрэг гарах үед хохирогч Ц.Төгсхүү, Л.Эрдэнэтуяа, Т.Наранзул болон 8 сартай Ш.Анунгоо нар байсан ба тэдний Үндсэн хуулиар хамгаалагдсан амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчсөн тул хоёр буюу түүнээс олон хүнийг алахаар завдсан гэж үзнэ.

 

          Шүүгдэгч З.Шинэбаярын өмгөөлөгч нар шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргаж, өмгөөлөгч Х.Сэргэлэнбат  ...шүүгдэгч З.Шинэбаяр нь танхайрсан. Харин бусдыг санаатай алах санаа зорилго байгаагүй. Иймд З.Шинэбаярт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1-т зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, оногдуулах хорих ялыг тэнсэж хянан харгалзаж өгнө үү гэсэн,

           Өмгөөлөгч С.Оюунцэцэг, Д.Батбаяр нар ...шүүгдэгч З.Шинэбаярт хадам аав Ц.Төгсхүү, хадам ээж Л.Эрдэнэтуяа, эхнэр Т.Наранзул, өөрийн охин Ш.Анунгоо нарыг алах санаа зорилго байгаагүй. Хохирогч Ц.Төгсхүү нь Тархины өвчин гэмтэл үйлийн хямралын шалтгаант бие хүний ба төрх үйлийн органик эмгэг, шинж тэмдгийн уналт сэтгэцийн эмгэгтэй болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Хохирогч Ц.Төгсхүү нь савтай бензиныг нүүр рүү цацсан, толгой руу асгасан гэх мэтчилэн өөр өөр мэдүүлдэг ба хохирогч нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадахгүй байна.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10 дугаар зүйлийн 10.1-т Энэ хуульд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулсан хэрэг үйлдэгдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болно гэж мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд Хэргийн талаар нотолбол зохих асуудалд гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ нотлогдсон байхыг заасан. Гэмт этгээдийн үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байж гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангана. Гэтэл шүүгдэгч З.Шинэбаярын бензин авч Ц.Төгсхүүгийн гэрт очсон үйлдлээс хэнд ч хохирол учраагүй. Иймд З.Шинэбаярын үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангахгүй байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох талаар онолын тайлбар гаргалаа.   

    

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдэхээр завдах гэдэг нь: Гэмт этгээдээс гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн этгээдийн хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлаас буюу обьектив талын элемент бүрэн бүрдээгүйн улмаас хэргийн хор уршиг буюу хохирол учраагүй байдгаараа төгссөн хэргээс яллагддаг.

 

Төгсөөгүй завдалтын үед гэм буруутай этгээд өөрийн үйлдлийг төгс хийж чадаагүй, түүнээс учрах хор уршгийг бий болгоогүй гэдгээ мэдэж байдгаар онцлогтой.

 Хохирогч Ц.Төгсхүү нь шүүгдэгч З.Шинэбаяраас савтай бензин болон шүдэнзийг булааж авсан эсэргүүцлийн улмаас гэмт хэрэг туйлдаа хүрээгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна.  

 

Хохирогч Ц.Төгсхүү нь Тархины өвчин гэмтэл үйлийн хямралын шалтгаант бие хүний ба төрх үйлийн органик эмгэг, шинж тэмдгийн уналт сэтгэцийн эмгэг өвчтэй боловч тэрээр болсон үйл явдлыг ойлгож, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай болох нь Шүүх сэтгэц эмгэг судлалын 239 дугаартай дүгнэлт болон шинжээч Я.Ганхүү, С.Дашпэлжээ нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Түүнчлэн хохирогч Ц.Төгсхүү нь шүүгдэгч З.Шинэбаяраас савтай бензин болон шүдэнзийг хэрхэн салгаж авсан талаараа тодорхой мэдүүлж эх сурвалжаа заасан ба хохирогчийн мэдүүлэг нь хэрэгт цугларсан бусад баримтаар нотлогдож байх тул хохирогч Ц.Төгсхүүгийн мэдүүлгийг хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаж байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч З.Шинэбаяр нь хүнийг танхайн сэдэлтээр, нийтэд аюултай аргаар, хоёр буюу түүнээс олон хүнийг санаатай алахаар завдсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдож байх тул  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ тогтоогдоогүй, З.Шинэбаярын үйлдлийн улмаас хохирол учраагүй гэх үндэслэлээр хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх, хэргийг хэрэгсэхгүй талаар шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан саналыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

 

          Шүүгдэгч З.Шинэбаяр нь хохирогч Ц.Төгсхүүгийн эсэргүүцлийн улмаас тэрээр галдан шатааж чадаагүй гэдгээ лавтай сайн мэдэж байсан болох нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдож байх тул прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2-т заасныг журамлаж ирүүлснийг мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-т зааснаар буюу төгсөөгүй завдалт гэж зөвтгөх нь зүйтэй байна.       

   Шүүгдэгч З.Шинэбаярт ял оногдуулахдаа  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3, 60 дугаар зүйлийн 60.3, 60,4-т заасныг журамлаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.13, 91.2.16-т заасан  аль хүнд төрлийн ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

          Монгол Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг шүүхийн практикт хэрэглэх тухай 2008 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 10 дугаар тогтоол хүчин төгөлдөр байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 60 дугаар зүйлийг хэрэглэхдээ харгалзан үзсэн болно.

 

          Шүүгдэгч З.Шинэбаяр нь анх удаа хорих ялаар шийтгүүлж байгаа хувийн байдлыг харгалзан хорих ял эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлж жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

          Хохирогч Ц.Төгсхүү, Л.Эрдэнэтуяа, Т.Наранзул, насанд хүрээгүй хохирогч Ш.Анунгоогийн хууль ёсны төлөөлөгч Т.Наранзул нар нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч З.Шинэбаярыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

          Шүүгдэгч З.Шинэбаярын 2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүртэл, нийт 154 хоног цагдан хоригдсон хугацааг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

 

  Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 5 литрийн хуванцар савтай бензин, шүдэнзний хайрцаг, зуруул модыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэлээ.

 

  Энэ хэрэгт шүүгдэгч, болон хохирогч нарын иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, 32-80 УНЯ улсын дугаартай Raw-4 маркийн автомашиныг  битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн №127 тоот Прокурорын тогтоолоор хүчингүй болгосон тул энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй гэж үзэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290, 294, 295, 296, 297, 301 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

                                                                                  ТОГТООХ НЬ:

 

1. Боржигон овогт Золбаярын Шинэбаярыг танхай сэдэлтээр, нийтэд аюултай аргаар буюу бензин цацаж галдан шатаахаар, хоёр буюу түүнээс олон хүнийг санаатай алахыг завдсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3, 60 дугаар зүйлийн 60.3, 60.4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.13, 91.2.16-т зааснаар З.Шинэбаярыг 10 жил 1 сарын /арван жил нэг сар/ хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч З.Шинэбаярт оногдуулсан 10 жил 1 сарын /арван жил нэг сар/ хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар З.Шинэбаярын цагдан хоригдсон 154 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Шүүгдэгч З.Шинэбаярт авсан батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс цагдан хорьсугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 5 литрийн савтай бензин, шүдэнзний хайрцаг болон зуруул модыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

7. Энэ хэрэгт иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг дурдсугай.

                       

           8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар давж  заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд уг тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Шинэбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Х.ОДБАЯР

 

                    ШҮҮГЧИД                                           С.ОЛЗОД

 

                                                                                 П.ТУЯАТ