| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбаатарын Оюунтунгалаг |
| Хэргийн индекс | 105/2023/0228/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/244 |
| Огноо | 2023-02-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Чанцалдулам |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 15 өдөр
Дугаар 2023/ШЦТ/244
2023 02 15 2023/ШЦТ/244
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Чингис,
улсын яллагч Г.Чанцалдулам,
шүүгдэгч Х.П нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ө овогт Х.П-д холбогдох эрүүгийн 2206 04993 0300 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1990 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш дасгалжуулагч мэргэжилтэй, “ХХ” харуул хамгаалалтын албаны дарга ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгино хайрхан дүүргийн 00 дугаар хороо 00 дугаар байр 00 тоотод суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 462 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 173 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 737 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял эдэлж байсан, хэрэг хариуцах чадвартай,
Ө овгийн Х.П /РД:ХХ00000000/.
Шүүгдэгч Х.П нь 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "ХХХХ" бааранд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Д.Атэй ялимгүй зүйлээр шалтаглан маргалдаж улмаар нүүрэн тус газарт гараараа цохин эрүүл мэндэд нь “дээд уруулын дотор салстад шарх, зүүн доод дөрөвдүгээр шүдний булгарал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанд шүүгдэгч Х.П мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хавтаст хэргийн 04 дэх тал/
Хохирогч Д.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...Би 2022 оны 09 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө арван жилийн найз Ц.Сумхүүгийн хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "ХХХХ" гэх бааранд 00 цаг өнгөрч байхад орсон. Ороод ширээ аваад найзынхаа хамт ширээн дээр суугаад нэг, нэг шил 0.5 литрийн задгай шар айраг аваад уугаад сууж байгаад босож бүжиглэсэн. Гэтэл нэг танихгүй залуу ирээд намайг гэнэт түлхсэн юм тэгэхээр нь чи яаж байгаа юм бэ гэсэн чинь хэрүүл өдөөд намайг 3 удаа цохисон. Би чи яаж байгаа юм би араас нь дагаад 1 давхрын үүдэнд уулзахад би чамайг цохиогүй гээд маргалдаж байгаад чамд 500.000 төгрөг өгье зүгээр хоёулаа зохицъё гэхээр нь би миний шүд уначихсан байна, тохиръё гэсэн зүйл байхгүй гэсэн чинь тэр залуу гараад явчихсан тэгээд би шууд цагдаагийн байгууллагад хандаж байна...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 11-12 дахь тал/
Гэрч Г.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...Тухайн үед Э.П нэлээн халамцуу байсан бөгөөд манай бааранд үйлчлүүлээд байж байсан. Би ажлаа хийгээд байж байсан. Тэгтэл 00:30 цагийн орчимд Э.П үйлчлүүлж байсан нэг ахтай маргалдаад түлхэх шиг болохоор нь би Э.Пг салгаад тамхи татдаг өрөөнд оруулаад байж байтал нөгөө ах бид хоёрын араас орж ирсэн. Тэгээд тэр хүн цохиулчихлаа гээд тэр хавиар яваад байсан бөгөөд би Э.Пг хүн ажилтай байхад асуудал гаргалаа гээд уурласан. Тэгээд байж байтал Э.П тэр хоёр тохирно гэх мэт зүйл яриад хамт доошоо бууж байсан. Тэр үед бааранд өөр хүмүүс маргалдаад байхаар нь би тийшээ явсан бөгөөд уг асуудлын талаар надад өөр мэдэх зүйл байхгүй байна..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дахь тал/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 13379 дугаартай:"...
2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, /хавтаст хэргийн 17-20 дахь тал/
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт:
- Иргэний үнэмлэхийн лавлагаа, /хавтаст хэргийн 36 дахь тал/
- Иргэний оршин суугаа хаягийн лавлагаа, /хавтаст хэргийн 37 дахь тал/
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хавтаст хэргийн 39 дэх тал/
- Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, /хавтаст хэргийн 38 дахь тал/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Х.П нь 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "ХХХХ" бааранд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Д.Атэй үл ялих зүйлээс болж маргалдаж улмаар нүүрэн тус газарт гараараа цохин эрүүл мэндэд нь “дээд уруулын дотор салстад шарх, зүүн доод дөрөвдүгээр шүдний булгарал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй гэж заасан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар 5 нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр хуульчилжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт:...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэж тус тус хуульчилсан байна.
Шүүгдэгч Х.Пгийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.П нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар болон түүнээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нь хуульд заасан шаардлагыг хангасан байх тул Х.Пд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Х.Пгийн хувьд мөрдөн байцаалтын шатнаас гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврын талаар танилцаж ойлгосон, өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг прокурорт гаргасан, түүнд гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан, албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй зэргээс үзэхэд түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Х.П нь 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "ХХХХ" бааранд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Д.Атэй үл ялих зүйлээс болж маргалдаж улмаар нүүрэн тус газарт гараараа цохин эрүүл мэндэд нь “дээд уруулын дотор салстад шарх, зүүн доод дөрөвдүгээр шүдний булгарал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Хохирогч Д.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Гэтэл нэг танихгүй залуу ирээд намайг гэнэт түлхсэн юм тэгэхээр нь чи яаж байгаа юм бэ гэсэн чинь хэрүүл өдөөд намайг 3 удаа цохисон. Би чи яаж байгаа юм би араас нь дагаад 1 давхрын үүдэнд уулзахад би чамайг цохиогүй гээд маргалдаж байгаад чамд 500.000 төгрөг өгье зүгээр хоёулаа зохицъё гэхээр нь би миний шүд уначихсан байна, тохиръё гэсэн зүйл байхгүй гэсэн чинь тэр залуу гараад явчихсан...” гэх мэдүүлэг, Гэрч Г.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэгтэл 00:30 цагийн орчимд Э.П үйлчлүүлж байсан нэг ахтай маргалдаад түлхэх шиг болохоор нь би Э.Пг салгаад тамхи татдаг өрөөнд оруулаад байж байтал нөгөө ах бид хоёрын араас орж ирсэн. Тэгээд тэр хүн цохиулчихлаа гээд тэр хавиар яваад байсан бөгөөд би Э.Пг хүн ажилтай байхад асуудал гаргалаа гээд уурласан. Тэгээд байж байтал Э.П тэр хоёр тохирно гэх мэт зүйл яриад хамт доошоо бууж байсан... гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 13379 дугаартай дүгнэлт, 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон байна.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Х.Пгийн гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Зодох гэдэг нь хүний бие махбодод халдсан байхыг ойлгох бөгөөд хүний бие махбодод халдах үйлдэл нь алгадах, цохих, түлхэх, өшиглөх зэрэг хэлбэртэй байж болно.
Мөн Х.П нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих шалтгаанаар бааранд хохирогчийг цохиж, зодож гэмтэл учруулж дээрэнгүй хандсан үйлдэл нь шүүгдэгчийн төлөвшил, хандлага, зан харилцааны зохисгүй авир, үйлдэл гаргаж, хохирогчийг гараараа цохисноор гэмтэх аюул, эрсдэл учирна гэдгийг мэдсээр байж хэд хэдэн удаа нүүр хэсэгт нь цохисон үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэрээр бусдын эрүүл мэнд хөнгөн хохирол учруулсан байна.
Иймд Х.Пд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Д.А эрүүл мэндэд учирсан хохирол нь Х.Пгийн гэм буруугийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: ... энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно гэж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ...бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж,
Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д ...бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж,
Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2-д ... гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч Х.П нь хохирогч Д.А эрүүл мэндэд учирсан хохиролд нэхэмжилсэн 700.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан болох нь түүний дансны хуулга, хохирогчийн Баянзүрх дүүргийн прокурорын газарт гаргасан хүсэлтүүдээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Б.Мөнхзоригийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан : ...гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Х.П нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт: ...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
Мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: “... Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болгов.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлага оногдуулах нөхцөлийг ойлгож хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл бүрдсэн, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл, оногдуулах ялын төрөл, хэмжээ нь хуульд нийцсэн, тохирсон байна гэж дүгнээд улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан санал, дүгнэлтийн хүрээнд шүүгдэгч Х.Пд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж ял оногдуулж шийдвэрлэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Х.Пд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Ө овогт Х.Пг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Х.Пг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар 1.000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.П нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгосугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Х.П нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Х.Пд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУНТУНГАЛАГ