Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2023/ШЦТ/245

 

2023        02          15                                   2023/ШЦТ/245

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин-Эрдэнэ,

улсын яллагч Б.Одонтуяа,

шүүгдэгч Э.П нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

                                

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн С овогт Э.Пд холбогдох эрүүгийн 2203 00701 0055 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 00 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 00 хороо 00 байрны 00 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

С овогт Э.П, /регистрийн дугаар ХХ00000000/

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Э.П нь 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 16 цаг 55 минутын орчимд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхорын замд тоёота приус 20 маркийн ХХХХ УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; 10.4-т "Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө..." гэсэн заалтыг зөрчсөний улмаас тоёота приус 11 маркийн 95-34 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, уг автомашинд сууж явсан зорчигч Д.Эгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Э.П мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

 

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хавтаст хэргийн 09-11 дэх тал/,

 

Хохирогч Д.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 14 цаг өнгөрч байхад Налайхын автобусны буудлаас замын таксинд жолоочийн ард талын суудалд суусан. Налайхаас хөдлөөд Хонхорын замд цагдаагийн постын хажууд явж байтал миний сууж явсан машин нэг машинтай мөргөлдсөн. Би хойд талын суудал дээр сууж явсан яг ямар машинтай мөргөлдсөнийг хараагүй. Машинаас буухад миний шүд, амнаас цус гарсан. Тухайн үед хоёр жолооч хоорондоо хэрэлдээд байсан. Би нурууны хагалгаанд орсон байсан мөн гадна хүйтэн байсан болохоор пост нь дээр байсан нэг эмэгтэй цагдаагийн зогсоож өгсөн машинд суугаад Улаанбаатар хот руу явсан...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 15 дахь тал/,

 

Иргэний нэхэмжлэгч М.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би энэ машиныг Багануур дүүргээс 2021 оны 07 сард 4.700.000 мянган төгрөгөөр хүнээс худалдаж авч байсан. Жолооч М.Нурлан манай төрсөн ах байгаа юм. ...Би өөрөө унадаг, намайг ажилтай үед ах М.Нурлан унадаг. Би ослын улмаас учирсан хохирлоо буруутай жолоочоор төлүүлэх хүсэлтэй байна. Өөр нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 126-128 дахь тал/,

 

Гэрч М.Нурланы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2 дугаар эгнээгээр явж байтал 1 дүгээр эгнээгээр явж байсан саарал өнгийн Приус 20 маркийн машин миний урдуур гэнэт дарсан тэгэхээр нь би тоормосоо гишгэтэл машин зогсолгүй гулгаад тэр машины арын гуперын зүүн буланг мөргөсөн ..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дахь тал/,

 

 Гэрч О.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...хяналт шалгалт хийж байхдаа саарал өнгийн Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийг зогс гэсэн дохио өгтөл тэр машин зогсолгүй намайг өнгөрч яваад замын хөвөөн дээр байсан тээврийн хэрэгслийн хажуугаар зэрэгцэж ороход хөвөөн дээр байсан тээврийн хэрэгсэл төв зам руу дөнгөж хөдлөөд зогссон Приус машин цаад эгнээ рүү огцом дарж орсон тэгтэл араас нь явж байсан Приус 11 маркийн машин зогсож амжилгүй жолоочийн эсрэг талын ар талаас мөргөөд зогссон...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 20-21 дэх тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 15064 дугаартай:

 1. Д.Эгийн биед түүшин ясны хугарал, баруун доод 1,2-р шүд болон зүүн доод 1-р шүдний булгарал, буйлны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн осол болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Гурван шүдний булгарал нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10 хувь алдагдуулна гэх шинжээчийн дүгнэлт, /хавтаст хэргийн 31-32 дахь тал/,

 

Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2022 оны 11 дүгээр 15-ны өдрийн №38990887 дугаартай:

 1. Автомашиныг техникийн хяналтын үзлэгийн төвийн тоног төхөөрөмжөөр үзлэгийн инженерийн мэдлэг ур чадварт тулгуурлан хэмжилт хийж шалгаж үзэхэд: Урд хойд тэнхлэгийн хоёр дугуйн тоормосны хүчний хэмжээ, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ, зогсоолын тоормос, автомашины хурдны хайрцгийн ажиллагаа, баруун зүүн гар талын хойд гэрлийн тусгалын чадал зэрэг нь стандартын шаардлага хангаж байна. Харин зүүн хойд оврын гэрэл асахгүй, зогсоолын тоормос ажиллахгүй байгаа нь авто тээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлагыг хангахгүй байна.

2. Авто тээврийн хэрэгслийн зүүн хойд оврын гэрэл асахгүй, зогсоолын тоормос ажиллахгүй байгаа нь авто тээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлагыг хангахгүй байна.

3. Уг авто тээврийн хэрэгслийн дээрх эвдрэл гэмтлүүд нь хэзээ яаж үүссэн эсэх, тухайн зам тээврийн осолд хэрхэн яаж нөлөөлөхийг техникийн хяналтын үзлэгээр тогтоох боломжгүй юм.

4. Уг авто тээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгат ABS тоормосны системтэй ба урд хойд тэнхлэгийн дугуйнуудын тоормос стандартын шаардлага хангаж байсан. Зогсоолын тоормос зогсохгүй байсан.

5. Уг авто тээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгат ABS тоормосны системтэй ба авто тээврийн хэрэгслийн хурд, цаг агаар, зам орчны нөхцөл байдал зэргээс хамаараад тоормосны мөр зам дээр үүснэ...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 55-56 дахь тал/

 

Техникийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 12/03 дугаартай:

1. Тоёота Приус 20 маркийн ХХХХ УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э.Пагмадулам нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.4. "Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөн байна.

2. Тоёота Приус маркийн ХХХХ УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М.Нурлан нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4. б/ "хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх" гэсэн заалтыг зөрчсөн байна.

3. Зорчигч Д.Э нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 6.1.a/... хамгаалах бүсээр тоноглосон суудалд зорчихдоо хамгаалах бүс хэрэглэнэ;" гэсэн заалтыг зөрчсөн байна.

4. Уг зам тээврийн осол гарахад замын орчин нөхцөл, байгалийн нөхцөл байдал нөлөөлөөгүй байна.

5. Жолооч Э.Пагмадулам нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.4. заалтыг зөрчсөн үйлдэл нь уг зам тээврийн осол гарах шалтгаан болсон гэж үзэж байна...” гэх дүгнэлт, /хавтаст хэргийн 68-69 дэх тал/

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт:

 

- Иргэний үнэмлэхийн лавлагаа, /хавтаст хэргийн 78 дахь тал/

- Жолоодох эрхийн лавлагаа, /хавтаст хэргийн 79 дэх тал/

- Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, /хавтаст хэргийн 80 дахь тал/

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хавтаст хэргийн 135 дахь тал/

- Гэрлэсний бүртгэлийн лавлагаа, /хавтаст хэргийн 81 дэх тал/

- Үл хөдлөх хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, /хавтаст хэргийн 85 дахь тал/

- Авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, /хавтаст хэрийн 83 дахь тал/

- Тээврийн хэрэгслийн лавлагаа, /хавтаст хэргийн 87 дахь тал/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж үзлээ.

 

Тээврийн Прокурорын газраас Э.П нь 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 16 цаг 55 минутын орчимд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхорын замд тоёота приус 20 маркийн ХХХХ УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; 10.4-т "Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө..." гэсэн заалтыг зөрчсөний улмаас тоёота приус 11 маркийн 95-34 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, уг автомашинд сууж явсан зорчигч Д.Эгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй гэж заасан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт: Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс зургаан мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас зургаан зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж хуульчилжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт:...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг зургаан жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэж тус тус хуульчилсан байна.

           Шүүгдэгч Э.Пын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.П  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар болон түүнээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нь хуульд заасан шаардлагыг хангасан байх тул Э.Пд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Э.Пын хувьд мөрдөн байцаалтын шатнаас гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврын талаар танилцаж ойлгосон, өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг прокурорт гаргасан, түүнд гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан, албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй зэргээс үзэхэд түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байна гэж дүгнэлээ.

 

            Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан: ... шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

 

Энэ төрлийн гэмт хэрэг нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халдан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээр үйлдэгдэн хүний  эрүүл мэндэд хохирол учирснаар төгсдөг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

 

Харин жолоочийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл нь санаатайгаар, тус үйлдлийн улмаас үүдэн гарч байгаа хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан үйлдэл нь болгоомжгүй үйлдэгддэг онцлогтой.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Э.П нь 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 16 цаг 55 минутын орчимд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхорын замд тоёота приус 20 маркийн ХХХХ УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; 10.4-т "Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө..." гэсэн заалтыг зөрчсөний улмаас тоёота приус 11 маркийн ХХХХ УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, уг автомашинд сууж явсан зорчигч Д.Эгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч Д.Эгийн мэдүүлэг, гэрч М.Нурланы мэдүүлэг, гэрч О.Бын мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч М.Эы мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 15064 дугаартай дүгнэлт, Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2022 оны 11 дүгээр 15-ны өдрийн №38990887 дугаартай шинжээчийн дүгнэлт, Техникийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 12/03 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Э.Пын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар  гэм буруутай болох  нь нотлогдон тогтоогдсон байна.

 

        Тээврийн Прокурорын газраас Э.Пын гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон  байна.

  

          Иймд Э.Пд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт  хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

          Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн  2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт:... өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг  ухамсарлаж, түүний улмаас  хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж  түүнийг гаргахгүй байхыг чадна  гэж тооцсон боловч  хохирол хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг  учрах боломжтойг  урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой  байсан боловч  мэдэлгүй үйлдсэний улмаас  хохирол, хор уршиг учирсан бол  болгоомжгүй  гэмт хэрэгт  тооцно”  гэж  хуульчилсан бөгөөд шүүгдэгч Э.Пын үйлдсэн гэмт хэрэг нь болгоомжгүй гэмт хэрэг байна.

 

             Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн  2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: ...  энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно гэж,

 

          Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ...бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж,

 

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д ...бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж,

        Иргэний  хуулийн 505 дугаар зүйлийн 505.2-д ... гэм хор учруулах үед хохирогч  цалин хөлс орлогогүй байсан  бол  тэрээр хөдөлмөрийн хөлсний  доод хэмжээнээс  багагүй  хэмжээний нөхөн төлбөр  шаардах эрхтэй гэж,

        Иргэний  хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д... бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан  этгээд  уг гэм хорыг арилгахдаа  гэм хор учруулахаас өмнө байсан  байдалд нь сэргээх, /адил нэр төрөл, чанарын  эд хөрөнгө өгөх,  гэмтсэн  эд хөрөгийг засах зэргээр /буюу учруулсан хохирлыг мөнгөөөр нөхөн төлнө тус тус хуульчилжээ.

          Шүүгдэгч Э.П нь хохирогч Д.Эгийн эрүүл мэндэд учирсан хохиролд нэхэмжилсэн 6.000.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан болох нь түүний дансны хуулга, хохирогчийн Тээврийн Прокурорын газарт гаргасан хүсэлтүүдээр тогтоогдож байна. Мөн Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулсан 48.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан талаарх баримт хэргийн 125 дугаар хуудаст авагдсан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн тодорхойлолтоор тогтоогдож байна.

          Мөн хохирогч Д.Ц нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан эрүүл мэндийн хохирлоос шалтгаалж, эмчилгээ, сувилгаа хийлгэх зайлшгүй шаардлагатай тохиолдолд холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Э.Паас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй

          Харин иргэний нэхэмжлэгч М.Э Тоёота приус маркийн ХХХХ УБҮ улсын дугаартай авто машинд “Итгэлт хөрөнгө” ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангаар 3.180.000  төгрөгийн хохирол учирсныг шүүгдэгч Э.П гаргаж иргэний нэхэмжлэгч М.Э-д олгох нь зүйтэй байна.  

 

                            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан : ...гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Э.П нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт: ...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино  гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

 

Мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: ... Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болгов.  

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “Хохирогчид учруулсан хохирол төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдсон бөгөөд харин мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал   тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлага оногдуулах нөхцөлийг ойлгож хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл бүрдсэн, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл, оногдуулах ялын төрөл, хэмжээ нь хуульд нийцсэн, тохирсон байна гэж дүгнээд улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан санал, дүгнэлтийн хүрээнд шүүгдэгч Э.П-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.П нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Пагмадулам энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Э.Пд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. С овогт Э.Пыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Э.Пыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

 

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Пагмадулам нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгосугай.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.П нь цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг  дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар Э.Паас 3.180.000 /гурван сая нэг зуун наян мөнгө/ төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч М.Э-д олгосугай.

 

6. Хохирогч Д.Ц нь цаашид энэ гэмт хэргийн учирсан гэм хорын зардлаа баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Э.Паас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Э.Пд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Э.ОЮУНТУНГАЛАГ