Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/41

 

 

 

 

 

 

 

 

2023.02.17                                  2023/ШЦТ/41

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:180/2023/0032/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Заяа,

Улсын яллагч З.Наранчимэг,

Шүүгдэгч Г.У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.У-т холбогдох 2239003670004 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 02 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Г.У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 09 дүгээр сарын 28-ны шөнө 23 цагийн орчимд Хэнтий аймгийн Хэрлэн сум 5 дугаар баг Т163-08 тоотод байрлах иргэн З.Наранхүүхэний гэрт хохирогч Н.С-тай “нөхөр н.Идэрбаатартай хардаж уурласан...” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар варианы шилээр толгой хэсэг рүү нь цохиж, түүний эрүүл мэндэд духны баруун дээд хэсгийн зүсэгдсэн шарх, бүсэлхийн баруун хажуу хэсгийн цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсныг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт хамааруулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Г.У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 09 дүгээр сарын 28-ны шөнө 23 цагийн орчимд Хэнтий аймгийн Хэрлэн сум 5 дугаар баг Т163-08 тоотод байрлах иргэн З.Наранхүүхэний гэрт хохирогч Н.С-тай “нөхөр н.Идэрбаатартай хардаж уурласан...” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар варианы шилээр толгой хэсэг рүү нь цохиж, түүний эрүүл мэндэд духны баруун дээд хэсгийн зүсэгдсэн шарх, бүсэлхийн баруун хажуу хэсгийн цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.

 

Тус үйл баримт нь хүний эрүүл мэндийн халдашгүй байх эрхэд халдаж хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

 

Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Г.У гэм буруутай болох нь:

 

1.Хохирогч Н.С-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Тухайн өдөр би Өөрийн танил Наранхүүхэн гэдэг танил эмэгтэйн гэрт буюу Хэнтий аймаг хэрлэн сум 5 дугаар баг Т163-8 тоотод очтол тэдний гэрт Наранхүүхэн болон хэдэн хүмүүс байсан. Бид нар нийлж тэдний гэрт 0.5-н Хараа гэдэг *******тэй архийг хувааж уугаад байж байтал У гаднаас ганцаараа орж ирж орон дээр суугаад гэнэт л шоронгийн талаар яриад байхаар нь чи яагаад тийм зүйл яриад байгаа юм гэхэд чи шоронд явж байсан биз дээ ярьж болдоггүй юм уу гээд байсан. Тэгээд ерөнхийдөө У бид хоёр маргалдаад миний уур хүрээд би У-гийн  нүүр хэсэг рүү зүүн гарынхаа ар талаар 1 удаа алгадсан тэгтэл У гартаа барьж байсан варианы шилээр миний духны баруун дээд хэсэг рүү нэг удаа цохиход нь би хажуу тийшээгээ ор түшиж унахдаа тэр модон орны ирмэг хэсэгт бөөр хэсгээ цохисон. Тэгээд тухайн үед миний толгой өвдөөд байхаар нь би шууд Наранхүүхэний гэрээс гараад ээжийнхээ гэр рүү очсон. Тэгээд ээж толгойноос цус гараад байна гээд эмнэлэг дуудаж очиж толгойдоо нэг ширхэг оёдол тавиулсан... Тухайн үед У олон юм ярьж уур хүргээд байхаар нь би эхлээд гарынхаа ар хэсгээс У-гийн  нүүр рүү цохисон. Тэгтэл У миний духны баруун дээд хэсэгт барьж байсан шилээрээ цохитол би хажуу тийшээ унахдаа сууж байсан содон орны ирмэгт бөөр хэсгээрээ цохисон байсан. У тэр Жадай гэдэг ахтай явалддаг тэгээд тухайн үедээ намайг хардаад тийм үйлдэл гаргасан байх... Би Наранхүүхэний гэрт очихоосоо өмнө нийллэгт яваад уучихсан байсан Тэгээд Наранхүүхэний гэрт болохоор 0.5-н Харааг 4-лээ нийлж уусан. Ер нь нэлээн согтчихсон байсан. У бас уучихсан байсан... Наранхүүхэн, Жадай /хоч нь/ мөн У, бас нэг танихгүй залуу байсан. 5-лаа л байсан... Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

 

2.Гэрч С.Золзаяагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Т164-02 тоотод 3 дүүгийн хамт амьдардаг юм. Би 2022 оны 09 дугаар 28-ны орой 23 цагийн орчимд хажуу айл болох Наранхүүхэн гэх айлынд орсон. Тэгсэн тэнд Наранхүүхэн, С  бид хэд тэднийд 0.75 литрийн савлагаатай 1 шил архи хувааж уугаад сууж байтал гаднаас У орж ирсэн юм. Тэгээд Уранцэцэг, С  хоёр хоорондоо урьд өмнө нь шоронд орсон талаараа ярьж байгаад маргалдаж эхэлсэн. Тэгээд С  эхлээд Уранцэцэгийг гараараа нүүр хэсэг рүү нь 1 удаа цохисон. Тэгсэн чинь У нэг юм аваад С аа руу шидэх шиг болсон тэгсэн чинь С аа чимээгүй байж байгаад гараад явчихсан би яг тухайн үед Уранцэцэгийг юу авч шидсэнийг хараагүй. Харин дараа нь сонссон чинь варианы шилтэй ус байсан гэж байсан. Тэгээд С аа хаашаа явсан нь мэдэгдэхгүй алга болсон юм. Тэнд өөр ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй С аа ч эргэж орж ирээгүй тэгээд би шууд унтаад өгсөн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,

 

3.Гэрч М.Золжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Хэнтий аймгийн Биндэр сумаас аймгийн төвд ирээд 3, 4 хонож байгаа юм. Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг муурын байшинд байдаг. ахындаа ирээд байгаа юм. Тэнд одоогоор Сумъяа ах байхгүй эх******* нь болох Наранхүүхэн эгч бид хэд байгаа юм. 2022 оны 09 дүгээр 28-ны орой 23 цагийн орчимд миний байгаа айлын Наранхүүхэн эгчтэй зүс таних С , Уранцэцэг, Золзаяа гэх хүмүүс хамт тэдний гэрт архи уусан. Тэгээд Уранцэцэг, С  гэх хоёр эмэгтэй нь хоорондоо маргалдаад байсан тэгсэн чинь С  гэх эмэгтэй нь У гэх хүнийг нүүр хэсэг рүү нь гараараа 1 удаа цохисон тэгсэн чинь хариуд нь У гэх эмэгтэй нь барианы шил барьж аваад С  гэх эмэгтэй рүү шидээд толгойнд оносон. Тэгээд тэр эмэгтэйн толгойноос цус гараад эмнэлэг рүү явсан юм. Тэнд өөр ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй. Би Уранцэцэг, С  гэх хоёр эмэгтэйг яг юунаас болж маргалдаж зодолдсонг нь мэдээгүй нэг харахад л маргалдаад зодолдож байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/,

 

4.Гэрч З.Наранхүүхэний мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг т163-08 тоотод нөхөр, хүүхдийнхээ хамт амьдарч байгаа юм. Манай нөхөр болох Сумъяа нь 2021 оын 03 дугаар сард шоронд орж харин манай бага охин болох Н.Хонгорзул нь Улаанбаатар хотод ажиллаж, амьдарч одоогоор би гэртээ ганцаараа амьдарч байгаа юм. Би 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 22 цагийн үед гэртээ Золзаяа, Золжаргал нарын хамт байж байтал манай байрны Марина гэх эмэгтэй надад нэг шил архи авчирч өгчихөөд гарахаар нь би авчирсан архийг нь ганцаараа уугаад байж байтал мөн манай байранд амьдарч байгаа С аа гэх эмэгтэй согтуу орж ирэхээр нь би архиа С аатай хувааж уусан юм. Тэгтэл удалгүй У гэх эмэгтэй бас согтуу гэрт маань орж ирээд С аа тэр хоёр хоорондоо маргалдаад байх шиг байсан. Тухайн үед би нэлээн согтуу байсан мөн манай гэр тоггүй лааны гэрэлд байсан учир юу болсныг сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/,

 

5.Гэрч Х.Пүрэвбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: “...У бол манай байранд 4 хүүхдийнхээ хамт амьдараг эмэтэй юм.. ямар нэг хамаатан садны холбоо байхгүй. танилын холбоотой улсууд, өрх олгойлсон ээж гэж явдаг... Ер нь бусадтай яриа хөөрөө сайтай олонтой л хүн гэж хардаг... Хааяа ууж харагддаг... Тэр талаар нь би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар хуудас/,

 

6.Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, Цагдаагийн ахмад Ж.Ариунзаяагийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн №640 дугаартай “...Н.С-ын биед духны баруун дээд хэсгийн зүсэгдсэн шарх, бүсэлхийн баруун хажуу хэсгийн цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх духны хэсгийн зүсэгдсэн шарх бүхий гэмтэл нь хурц ирмэгтэй, бусад нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэгтогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт /хх-ийн 40-41 дүгээр хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллагчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Г.У нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн ... бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж зааснаар гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй байна.

 

Иймд шүүгдэгч Г.У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн гэх үйл баримтууд тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нараас ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.

 

2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

 

Шүүхээс шүүгдэгч Г.У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Улсын яллагч З.Наранчимэг: “...шүүгдэгч Г.У-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 (Зургаан зуун тавь) нэгж буюу 650,000 (Зургаан зуун тавь мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах...” дүгнэлтийг гаргаж шүүх хуралдаанд оролцлоо.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг нь тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Г.У-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 (Зургаан зуу) нэгж буюу 600,000 (Зургаан зуун  мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн хөрөнгийн хэмжээ, орлого олох боломжоос нь хамааран шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд уг торгуулийн ялыг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд шүүгдэгч Г.У-т ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хохирлын тухайд: Шүүхээс хохиррогч Н.С т шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “...санал, гомдол нэхэмжлэх зүйлгүй шуух хуралдаанд оролцохгүй...” гэсэн байх тул шүүгдэгч Г.У нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Г.У-гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Шүүгдэгч Г.У-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 (Зургаан зуу) нэгж буюу 600.000 (Зургаан зуун  мянга) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.У-т оногдуулсан 600.000 (Зургаан зуун  мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Г.У-т сануулсугай.

 

5.Шүүгдэгч Г.У-т шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.  

 

6.Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч Н.С  нь энэ гэмт хэргийн улмаас цаашид учирч болох хохирлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй. 

 

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.У-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.У-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     А.ЭНХБААТАР