Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 2019/ДШМ/14

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Эрдэнэбилэг даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд     

                                                        Прокурор Д.Ганцэцэг

                                                        Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа

                                                        Нарийн бичгийн дарга Г.Мөнх-Ундрал нарыг оролцуулан

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэцэгээгийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2019/ШЗ/131 дугаар захирамжинд шүүгдэгчийн өмгөөлөгийн гаргасан давж заалдах гомдлоор Р.Б-д холбогдох эрүүгийн 201515000275 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн гавьяа шагналгүй,урьд 2003 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 1/150 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар,

2005 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 1/43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж 2007 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр суллагдсан,

2009 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Өмнөговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1/35 дугаартай шийтгэх тогтоолоор 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж 2010 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

2013 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 1/19 дугаартай тогтоолоор 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, Мидэргив овогтой Р.Б

Р.Б нь 2016 оны 11 дүгээр сарын 28-ны шөнө үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр буюу Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р багийн нутаг дэвсгэрт байрлах Хүүхдийн төлөө төвийн байранд байдаг Ахмадын хорооны өрөөний цонхоор нэвтрэн орж Notebook нууцаар хууль бусаар авч 700000 төгрөгийн,

Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р багийн нутаг дэвсгэрт байх Бөмбөлөг нэртэй хүнсний дэлгүүрт 2016 оны 09 дүгээр сарын 02-ны шөнө хууль бусаар нэвтрэн орж бэлэн 499000 төгрөг, бэлэн мөнгө хадгалдаг сав, нокиа маркын гар утас зэрэг эд зүйлийг нууцаар хууль бусаар авч 609000 төгрөгийн,

Г.Т, Б.М нартай бүлэглэж, машин механизм ашиглаж, хүн байнга амьдрах зориулалттай, орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, нэвтэрч 2015 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 23 цагийн орчимд иргэн Н.Б-н
гэрээс мөнгөн аяга, мөнгөн бүс зэрэг эд зүйлсийг нууцаар хууль бусаар авч 600000
төгрөгийн,

 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн хооронд иргэн Ө.Б-н гэрээс 4 ширхэг мөнгөн хазаар, мөнгөн бүс, булган малгай, Баян Намсрай бурхан зэрэг эд зүйлийг нууцаар хууль бусаар авч 5.530.000 төгрөгийн,

 2015 оны 07 дугаар сарын 18-ны шөнө иргэн Б-н гэрээс эмээлийн мөнгөн баавар нэг ширхэг, ногоон дарь эхийн дүрсэлсэн 10 см өндөртэй хүрэн модон агуйтай хуучны бурхан зэрэг 880000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг хууль бусаар, нууцаар авч бусдад нийт 9.106.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. 

Анхан шатны шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллагдагч Р.Б-д холбогдох 201515000275 дугаартай эрүүгийн хэргийг яллагдагч Ц.Б, М.Г, З.Н, Ц.С, Ц.О, Т.Б, Б.М, Д.Ш, Г.Х, Г.Т нарт холбогдох 201515000278 дугаартай эрүүгийн хэрэгт нэгтгэхээр, шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхтэй болохыг дурьдан шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа гаргасан давж заалдах гомдолдоо: Р.Б-д холбогдох хэргийг Ц.Б нарын хэрэгтэй нэгтгэх тухай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Р.Б-д холбогдох 201515000275 дугаартай хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу ажиллагаа хийгдсэн. Өөрөө хэлбэл хуульд заасны дагуу мөрдөн байцаалтын ажиллагаа явагдсан. Ц.Б нарт холбогдох хэргийг Хархорин сум дахь Сум дундын шүүхээр шийдвэрлэхээр шүүх хуралдааныг 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хянан хэлэлцэх тов зарлагдсан. Харин шалгах явцад Р.Б нь чөлөө зөвшөөрөлгүй явсан нь тодорхой ч орон зайлсан гэж ял сонсгох, хэргийг нэгтгэх үндэслэлгүй юм. Хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын хохирол, гэм буруугийн асуудлыг аль ч шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан баримтаар шийдвэрлэх боломжтой тул тусгаарласан хэргийг заавал нэгтгэж, эрх зүйн байдлыг дордуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг үгүйсгэж байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.18 дугаар зүйлийн 1-т зааснаар тусгаарлах үндэслэлтэй тул Р.Б-д холбогдох 201515000275 дугаартай хэргийг 201515000278 дугаартай хэрэгтэй прокурорын “хохирогч нарын хохирол, гэм буруугийн асуудал” гэсэн шүүхийн шийдвэрлэх асуудлыг урьдчилан дүгнэж яллагдагчийн эрх зүйн байдлыг дордуулж, ашигтайгаар шийдвэрлэж болно гэсэн зарчмыг үгүйсгэж нэгтгэсэн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2019/ШЗ/131 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

Прокурор Д.Ганцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Р.Б-д холбогдох 201515000275 дугаартай эрүүгийн хэргийг Ц.Б нарт холбогдох 201515000278 дугаартай эрүүгийн хэрэгтэй нэгтгэхээр Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж гарсан.  Ц.Б нарт холбогдох 201515000278 дугаартай эрүүгийн хэргийг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхээр Р.Бтай холбоотой хэргүүдийн хохирлыг бусад шүүгдэгч нараас гаргуулан түүнд холбогдох хохирлыг үлдээж хянан шийдвэрлэсэн. Хэргийг нэгтгэсэн шүүгчийн захирамжид гаргасан өмгөөлөгчийн гомдлыг дэмжиж байна. Ц.Б нарт холбогдох 201515000278 дугаартай эрүүгийн хэрэг шийдвэрлэгдсэн учраас Р.Б-д холбогдох 201515000275 дугаартай эрүүгийн хэргийг тусгаарлаж шийдвэрлэх боломжтой. Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 131 дугаартай захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоо дэмжиж байна. Ц.Б нарт холбогдох 201515000278 дугаартай эрүүгийн хэрэг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхээр шийдвэрлэгдсэн учраас Р.Б-д холбогдох 201515000275 дугаартай эрүүгийн хэргийг тусгаарлаад шийдвэрлэх боломжтой. Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 131 дугаартай захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч Р.Б нь эрүүгийн 201515000278 дугаартай хэрэгт холбогдсон Г.Т, Б.М нартай бүлэглэн, машин механизм ашиглаж, хүн байнга амьдрах зориулалттай, орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, нэвтэрч 2015 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 23 цагийн орчимд Өвөрхангай
аймгийн Төгрөг сумын 1 дүгээр баг Хоолт-3-21 тоотот байрлах иргэн Н.Б-н
гэрээс мөнгөн аяга, мөнгөн бүс зэрэг эд зүйлсийг нууцаар хууль бусаар авч 600000
төгрөгийн,

 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн хооронд иргэн Ө.Б-н гэрээс 4 ширхэг мөнгөн хазаар, мөнгөн бүс, булган малгай, Баян Намсрай бурхан зэрэг эд зүйлийг нууцаар хууль бусаар авч 5.530.000 төгрөгийн,

 2015 оны 07 дугаар сарын 18-ны шөнө иргэн Б-н гэрээс эмээлийн мөнгөн баавар нэг ширхэг, ногоон дарь эхийн дүрсэлсэн 10 см өндөртэй хүрэн модон агуйтай хуучны бурхан зэрэг 880000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг хууль бусаар, нууцаар авч бусдад нийт 9.106.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Гэтэл прокуророос 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 01 дугаартай эрүүгийн хэргийг тусгаарлах тухай тогтоол гаргаж Ц.Б, М.Г, З.Н, Ц.С, Ц.О, Т.Б, Б.Мөнхбаяр, Д.Ш, Г.Х, Г.Т нарт холбогдох эрүүгийн 201515000278 дугаартай хэргээс Р.Б-д холбогдох эрүүгийн 201515000275 дугаартай хэргийг тусгаарласан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянан шийдвэрлэхэд саад болохгүй байхыг зөрчсөн.

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.1-т зааснаар хэргийг буруу тусгаарласан тохиолдолд прокурорт буцаах заалтыг зөрчиж уг 201515000275 дугаартай хэргийг Ц.Б нарт холбогдох 201515000278 дугаартай эрүүгийн хэрэгтэй нэгтгэх тухай шүүгчийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 131 дугаартай захирамж үндэслэл муутай болжээ. Энэ талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хүлээн авч, Р.Б-д холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Р.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т заасныг  удирдлага болгон

                                    ТОГТООХ нь:

  1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2019/ШЗ/131 дугаартай шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, Р.Б-д холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Р.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

            3. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон  гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс  хойш 30 хоногийн дотор Монгол улсын Дээд шүүхэд хяналтын шатны журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.