Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2021/0723

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, шүүгч Ц.Мөнхзул, шүүгч Т.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “В” ХХК

Хариуцагч: Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Д.Б, Д.О нар

Нэхэмжлэлийн шаардлага: “Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын Гаалийн улсын байцаагч Д.Б*******ийн оногдуулсан 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 012305* тоот шийтгэлийн хуудас, Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын Гаалийн улсын байцаагч Д.О-ын оногдуулсан 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 0******* тоот шийтгэлийн хуудсыг тус тус бүхэлд нь хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М, О.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.М, хариуцагч Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Д.Б, Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ц******* нар оролцов.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М*******шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...”В” ХХК нь гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, 100 хувь гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд юм. Тус компани нь Холбооны бүгд найрамдах улсын Wurth брэндийн хөдөлмөр хамгааллын хувцас, багаж, хэрэгслийг Монгол улсад худалдан борлуулдаг Wuerth группын салбар гишүүн компани юм. Манай компанид Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын Гаалийн улсын байцаагч Д.О, Д.Б  нар нь 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн ******* дугаар нэг хяналт шалгалтын удирдамжийн дагуу хяналт шалгалт хийж, гаалийн улсын байцаагч Д.О нь 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 0******* тоот шийтгэлийн хуудас, Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын Гаалийн улсын байцаагч Д.Б  2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 012305* тоот шийтгэлийн хуудсуудыг тус тус бичиж, шийтгэл оногдуулсан.

Энэхүү хяналт шалгалтыг манай компанид өмнө нь Санхүү эрхэлсэн захирлаар ажиллаж байгаад ноцтой зөрчил гаргаж ажлаас халагдсан А.Ө-ын гомдлын дагуу хийсэн байдаг. Нэхэмжлэгчийн хувьд ажлаас халагдсандаа өс хонзон тээсэн хүний худал гомдол мэдээллийн дагуу дээрх хяналт шалгалтыг хийж, үндэслэлгүйгээр дээрх актуудыг тавьсан гэж үзэж байна. А.Ө******* нь 2017 оны 8 дугаар сард ажлаас халагдсаныхаа дараа санхүүгийн зохицуулах хороо, нийгмийн даатгалын байгууллага, харьяалах дүүргийн татварын хэлтсүүдэд хандаж удаа дараа огт үндэслэлгүй гомдлуудыг гаргаж, манай компанийн нууц мэдээллийг задруулж хууль зөрчиж байгаа этгээд бөгөөд манай компанитай холбоотой гааль, татварын асуудлаар Хан-Уул дүүргийн Татварын хэлтэс манай компанид шалгалт явуулж, гомдолд дурдсан асуудлаар зөрчилгүй гэж үзэж, гомдлыг хүлээж авахаас татгалзаж шийдвэрлэсэн байдаг. Санхүүгийн зохицуулах хороо мөн Ө*******ын гомдлыг хүлээн авахаас татгалзсан байдаг.

Нэг. Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын Гаалийн улсын байцаагч Д.Б-ийн оногдуулсан 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 012305* тоот акт нь Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсгийг үндэслэн 839,649,463 төгрөгний барааны үнийг дутуу, худал мэдүүлсэн гэж үзэж, 139,938,179 төгрөгний нөхөн татвар, 41,981,454 төгрөгний торгууль нийт 181,919,632 төгрөгний шийтгэл ногдуулсныг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Манай компани нь дээр дурдсанчлан Wuerth брэндийн бараа бүтээгдэхүүнүүдийг Монгол улсад оруулж ирэх албан ёсны эрхтэй цорын ганц байгууллагага юм. Бидний энэхүү давуу тал нь Wuerth брэндийн бараа бүтээгдэхүүнийг зах зээл дээрх ижил төрлийн бараа бүтээгдэхүүнээс илүү хямд үнэ өртгөөр Монгол улсад оруулж ирж, худалдан борлуулах боломжийг олгодог ба бидний үйл ажиллагаа нь Монгол улсын хууль тогтоомжийн хүрээнд явагддаг, гаалиар оруулж ирсэн бараа бүтээгдэхүүний үнийг шударгаар мэдүүлж ирсэн бөгөөд Гаалийн улсын байцаагчийн дээрх актанд дурдсан 839,649,463 төгрөгний барааны үнийг дутуу, худал мэдүүлсэн явдал огт байхгүй болно.

2. Гаалийн улсын байцаагчийн дээрх актын хавсралтанд заасан гаальд мэдүүлээгүй барааны үнийн дүн /хүснэгтийн 10 дахь багана/-г хаанаас, хэрхэн яаж тооцож гаргаж ирсэн дүн болох нь ойлгомжгүй, тодорхойгүй байна. 2013 онд бидний Монгол улсын гаалиар оруулж ирж мэдүүлсэн бараануудын нийт барааны үнийг 23,7 хувиар нэмж, 2014 оны барааны үнийг 8,5 хувиар, 2015 онд 37,5 хувиар, 2016 онд 19 хувиар, 2017 онд 24,4 хувиар тус тус шууд нэмэгдүүлж дээрх зөрчлийн дүнг гаргаж ирсэн байгаа нь баримтад үндэслээгүй, хууль бус гэж үзэж байна. Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан гаалийн үнийг тодорхойлох аргуудын алийг нь ашигласан нь мөн тодорхойгүй байна. Бидний толгой компаниасаа авч байгаа бараа бүтээгдэхүүн нь Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан хэлцлийн үнийн арга-аар тодорхойлох бүрэн боломжтой бараа бүтээгдэхүүнүүд бөгөөд бид хэлцлийн үнийн арга-ын дагуу барааны үнээ хууль, журмын дагуу үнэн зөвөөр, шударгаар мэдүүлж ирсэн.

3. Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлд заасан зөрчил шалгах хөөн хэлэлцэх хугацаа дууссан болно. Мөн Гаалийн тухай хууль, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль нь тус тус Татварын ерөнхий хуулиас бүрдэж байгаа бөгөөд Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт татвар нөхөн ногдуулах, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байхаар заасан. Гэтэл Гаалийн улсын байцаагч нь дээрх актаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан /2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх/ байхад шалгалт явуулж акт тавьсан нь үндэслэлгүй байна.

Хоёр: Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын Гаалийн улсын байцаагч Д.О-ын оногдуулсан 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 012305*  тоот акт нь Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгийг үндэслэн 191,429,618 төгрөгний бараа бичихгүй орхисон гэж үзэж 29,671,591 төгрөгний нөхөн татвар, 8,901,477 төгрөгний торгууль нийт 38,573,068 төгрөгний шийтгэл ногдуулсныг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Уг актын үндэслэл болсон SАР санхүүгийн програм хангамжийг манай компани нь 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр манай компанийн хамаарал бүхий зэрэгцээ компани болох Wuerth IT компанитай ашиглалтын гэрээ хийж ашиглаж эхэлсэн нь үнэн боловч уг санхүүгийн програм хангамжийг худалдаж аваагүй, импортоор оруулж ирээгүй, толгой компанийн хэрэглэдэг програм хангамжийг ашиглаж байгаа явдал юм. Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д бараа гэж юу байх талаар тодорхойлсон ба бараа гэж гаалийн хилээр нэвтрүүлэх ачаа, гээш, эд юмс, валют, валютын үнэт зүйл, улс хоорондын шуудангийн илгээмж, бүх төрлийн эрчим хүч, мал, амьтан, ургамал зэрэг хөдлөх эд хөрөнгө болон энэ хуулийн 3.1.5-д зааснаас бусад тээврийн хэрэгслийг ойлгоно гэж тодорхой заасан бөгөөд програм хангамж нь дээрх тодорхойлолтоор бараа гэж тооцогдохгүй юм. Мөн бид дээрх програм хангамжийг худалдаж аваагүй, програм хангамжийн лиценз эзэмшдэггүй тул Гаалийн улсын байцаагчийн уг акт үндэслэлгүй юм.

2. Гаалийн улсын байцаагчийн актын хавсралтанд манай компанийг гаалийн байгууллагад мэдүүлээгүй гэх SAP санхүүгийн програм хангамжийг 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс хэрэглэж эхэлсэн мэтээр нөхцөл байдлыг бүрэн тодруулалгүй акт тавьсан нь үндэслэлгүй байна.

Иймд Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын Гаалийн улсын байцаагч Д.Б-ийн оногдуулсан 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 012305* тоот шийтгэлийн хуудас, Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын Гаалийн улсын байцаагч Д.О-ын оногдуулсан 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 012305* тоот шийтгэлийн хуудсыг тус тус бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү. гэв.

Хариуцагч Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Д.Б шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: ...Гаалийн ерөнхий газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн ******* тоот удирдамжийн дагуу Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Д.Б, Д.О нар “В” ХХК-ийн 2013-2017 оны гадаад худалдааны болон санхүүгийн бичиг баримтанд үндэслэн гаалийн байгууллагад барааг гаалийн байгууллагад үнэн зөв мэдүүлсэн эсэхэд бүрдүүлэлтийн дараах шалгалтыг хийсэн болно. Шалгалтаар тус компани нь 2013-2017 онд 839.649,463 төгрөгийн барааны гаалийн үнийг дутуу мэдүүлж 50.884,757 төгрөгийн гаалийн татвар, 89.053,442 төгрөгийн Нэмэгдсэн өртгийн албан татвар, нийт 139.938,179 төгрөгийн нөхөн татварыг гаалийн байгууллагад төлөхөөс зайлсхийсэн тул Зөрчлийн тухай хуулийн 11.21 дугаар зүйлийн 1.2 дахь хэсгийг үндэслэн дээрх нөхөн татварыг төлүүлэх, 41,981,454 төгрөгийн шийтгэл ногдуулахаар шийдвэрлэсэн болно.

Мөн “В” ХХК нь 2015-2017 онд 191.429,618 төгрөгийн програм хангамж, лицензийг гаалийн байгууллагад мэдүүлээгүй зөрчил гаргаж 9.571,481 төгрөгийн гаалийн татвар, 20.100,110 төгрөгийн Нэмэгдсэн өртгийн албан татвар, нийт 29.671,591 төгрөгийн нөхөн татварыг гаалийн байгууллагад төлөхөөс зайлсхийсэн тул Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгийг үндэслэн дээрх нөхөн татварыг, 8.901,477 төгрөгийн шийтгэлийг тус тус төлүүлэхээр шийдвэрлэсэн.

Гэвч тус компани нь дээрх гаалийн улсын байцаагчийн шийдвэрийг үл хүлээн зөвшөөрч тус шүүхэд гомдол гаргасан байгаа бөгөөд гомдлыг хүлээн авч үзэхэд хариуцагч нь Монгол улсын хууль, журамд нийцээгүй үндэслэлүүдээр гомдол гаргасан байгаа тул дараах тайлбаруудыг өгч байна. Үүнд:

1. Үндэсний татварын ерөнхий газрын харьяа Хан-Уул дүүргийн татварын хэлтэс “В” ХХК-ийн санхүүгийн бичиг баримтанд шалгалт хийж гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь гаалийн байгууллага иргэн А.Ө-ын гомдлыг хүлээн авч шийдвэрлэхгүй байх үндэслэл болохгүй. Учир нь тус компани барааг гаалийн байгууллагад үнэн зөв мэдүүлсэн эсэхэд гадаад худалдааны болон санхүүгийн бичиг баримтанд үндэслэж гаалийн байгууллага бүрдүүлэлтийн дараах шалгалтыг хийх талаар Гаалийн тухай хуулийн 249 дүгээр зүйлд тусгайлан зааж өгсөн байгаа.

2. “В” ХХК нь гаргасан нэхэмжлэлдээ Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан гаалийн үнийг тодорхойлох аргуудын алийг ашигласан тодорхойгүй талаар дурьдсан байна. Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт Хилийн чанадаас худалдан авсан барааны худалдагчид шууд болон шууд бус байдлаар төлсөн, эсхүл төлбөл зохих бодит үнийг импортын барааны хэлцлийн үнэ гэнэ гэж тусгайлан заасан байна. Өөрөөр хэлбэл уг хуулийн заалтын дагуу “В” ХХК нь 2013-2017 онд худалдан авсан барааны худалдагчид шууд болон шууд бусаар төлсөн буюу төлбөл зохих 348706.19 ам.доллар буюу 839,649,463 төгрөгийн үнийг гаалийн үнийг дутуу мэдүүлсэн байсныг гаалийн байгууллага олж тогтоосон болно.

3. Мөн тус компани нь Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт татвар нөхөн ногдуулах, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байхаар заасан тул 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 31-ний өдрүүдэд хамаарах тавьсан нөхөн төлбөр, торгууль нь хүчингүй гэсэн тайлбарыг гаргасан байна. Гэвч Татварын еренхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.2-д тайланг сар, улирал бүр гаргаж татвар төлөхөөр хуульд заасан татварын төрлийн хувьд тухайн жилийн 12 дугаар сарын буюу жилийн эцсийн татварын тайлан гаргаж, татвараа төлж дууссан байх ёстой өдрийн дараагийн ажпын өдрөөс эхэлж хөөн хэлэлцэх хугацааг тоолж эхэлнэ гэсэн заалтыг тус компани нэхэмжлэлдээ орхигдуулсан байна. Иймд “В” ХХК-ийн 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 31-ний өдрүүдэд хамаарах тавьсан нөхөн төлбөр, торгууль нь энэ хуулийн заалтын дагуу хөөн хэлэлцэх хугацаанд хамаарна.

4. “В” ХХК нь 2015-2017 онд 191,429,618 төгрөгийн програм хангамжийг толгой компани болох Wuerth IT компанитай ашиглалтын гэрээ хийж ашиглаж байгаа, мөн Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д бараа гэж гаалийн хилээр нэвтрүүлэх ачаа, тээш, эд юмс, валют, валютын үнэт зүйл, улс хоорондын шуудангийн илгээмж, бүх төрлийн эрчим хүч, мал амьтан, ургамал зэрэг хөдлөх эд хөрөнгө болон энэ хуулийн 3.1.5.-д зааснаас бусад тээврийн хэрэгслийг ойлгоно гэсэн тодорхойлолтоор бараа гэж тооцогдохгүй гэж үзсэн байна. Тус компани нь тухайн програм хангамжид зориулж 191,429,618 төгрөг төлсөн нь өөрөө импорт болж байгаа юм. Өөрөөр хэлбэл ашиглахын тулд төлбөр төлсөн, нөгөөтэйгүүр худалдан авалт буюу импорт хийсний дүнд тухайн програм хангамжийг өөрийн байгууллагын компьютерт суулгаж өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглаж байгаа юм.

Мөн Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д бараа гэдэг ойлголтыг төлөөлүүлэн эд юмс, үнэт зүйлс гэх мэтчилэн заасан байна. Өөрөөр хэлбэл програм хангамж уг хуулийн заалтад хамаарахгүй гэж заагаагүй төлөөлүүлэн эд юмс, үнэт зүйлс гэж тусгасан байгаа юм. Үүний дагуу бусад аж ахуйн нэгж, байгууллагууд интернетээр худалдан авсан програм хангамж, лицензийг гаалийн байгууллагад мэдүүлэн холбогдох хууль тогтоомжийг мөрдөн ажиллаж байгаа болно. Энэ нь хууль бүгдэд ижил тэгш үйлчилж, хуулийг бүгд ижил тэгш мөрдөх зарчмыг “В” ХХК нь мөрдөхгүй байгааг харуулж байна гэж гаалийн байгууллага үзэж байна.

Дээрх нэхэмжлэгчийн гаргасан үндэслэлүүдэд өгсөн тайлбараас харахад “В” ХХК-аас тус шүүхэд гаргасан гомдол нь бүхэлдээ хуулийн заалтыг буруу ойлгосон, хамааралгүй хуулийн заалтыг хамааруулж ойлгож бичсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэг: “Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын Гаалийн улсын байцаагч Д.Б*******ийн оногдуулсан 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 012305* тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн ******* дугаар шалгалтын удирдамжаар[1] гаалийн улсын байцаагч Д.Б, Д.О нар нь гомдол гаргагч “В” ХХК-ийн 2013-2017 оны импортолсон барааг гаалийн байгууллагад  үнэн зөв мэдүүлсэн эсэхийг гадаад худалдааны болон санхүүгийн баримтад тулгуурлан бүрдүүлэлтийн дараах хяналт шалгалт хийжээ.

Гаалийн улсын байцаагч Д.Б*******э 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 012305* дугаар шийтгэлийн хуудсаар[2] “В” ХХК нь 2013-2017 онд 839.649,463 төгрөгийн барааны гаалийн үнийг дутуу мэдүүлсэн гэх зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар 41,981,454 төгрөгийн торгууль, гаалийн татварт 50,884,757 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварт 89.053,442 төгрөг нийт 139.938,179 төгрөгийн нөхөн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэсэн.

Ингэхдээ гомдол гаргагч “В” ХХК-ийн тайлагнасан болон гаргаж өгсөн санхүүгийн баримтын хүрээнд актыг гаргажээ.

Гаалийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т “...Мэдүүлэгч гаалийн хилээр нэвтрүүлэх барааг энэ хуульд заасны дагуу гаалийн байгууллагад мэдүүлнэ”, энэ хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т “...Мэдүүлэгч энэ хуулийн 55.1-д заасан барааг гаалийн мэдүүлгийн маягтын дагуу мэдүүлнэ” гэж заасны дагуу Монгол Улсын гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, бүтээгдэхүүн нэвтрүүлж байгаа иргэн аж ахуйн нэгж байгууллага нь бараа бүтээгдэхүүнийг үнэн зөвөөр мэдүүлж, зохих татварыг төлөх үүрэгтэй атал нэхэмжлэгч “Вюрт Монголиа ХХК нь 2013 онд 38,469,51 ам.доллар буюу 77,145,704 төгрөг, 2014 онд 23,458,81 ам.доллар буюу 55,922,420 төгрөг, 2015 онд 95,331,50 ам.доллар буюу 208671,877 төгрөг, 2016 онд 81,132,68 ам.доллар буюу 192,594,944 төгрөг, 2017 онд 110,313,69 ам.доллар буюу 305,314,518 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг гаалийн байгууллагад мэдүүлээгүй болох нь “В” ХХК-ийн 2013-2017 оны санхүүгийн тайлан[3] болон төлбөрийн нэхэмжлэх[4], гадаад мөнгөн шилжүүлгийн даалгавар[5] зэрэг баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хариуцагчийн өгсөн “Ернест энд Янг Монголиа аудит” ХХК-аас аудитын дүгнэлтэд“...бараа материалын өглөгийг өсгөх гэж зөвлөгөө өгсөн...” гэх тайлбар зэргээр тогтоогдож байна.

Гэвч  хариуцагч гаалийн улсын байцаагчаас  “В” ХХК-д Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.11-д заасан Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлд заасан зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд зөрчил шалган шийдвэрлэх явцад дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” гэсний 1.5-д “зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах” гэснийг хангаж ажиллаагүй байна. 

Өөрөөр хэлбэл, маргаан бүхий актыг гаргахдаа эрх зүйн хэм хэмжээнд заасан шийдвэр гаргах ажиллагааны журам, түүгээр тогтоосон хугацааг баримтлаагүй байна.

Тодруулбал, Хэрэгт хавсаргасан нотлох баримтаас үзэхэд анх 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 1802000432 тоот зөрчлийн хэрэг нээн[6] Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 02 дугаар тогтоолоор Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах” хугацааг 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгажээ.[7]

Үүнээс үзвэл Зөрчил шалгах нэмэлт ажиллагаа явуулж нотлох баримт цуглуулах шаардлагатай бол зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.11-д зааснаар 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөр дуусахаар байна.

Гэтэл хариуцагчаас зөрчил шалган шийдвэрлэх үйл ажиллагаа явуулах хуулиар тогтоосон дээрх  хугацааг хэтрүүлэн гомдол гаргагчийн эрхэнд халдаж Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацааг хэтрүүлэн маргаан бүхий 012352 дугаар актыг үйлджээ.

Энэ талаар нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын “...шалгалт хийхдээ санхүүгийн анхан шатны баримтыг нэг бүрчлэн үзээгүй,...шалгалтын хугацаа 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр дуусах байтал 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр биднийг дуудан шууд акт тавьсан...” гэх тайлбар үндэслэл бүхий байна.

Түүнчлэн хариуцагч гаалийн улсын байцаагч маргаан бүхий актыг гаргахдаа материаллаг эрх зүйн хэм хэмжээг буруу хэрэглэсэн байна.

Тодруулбал, нэхэмжлэгч “В” ХХК-ийн 2013-2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх гаалийн мэдүүлгийг хянаад 839.649,463 төгрөгийн барааны гаалийн үнийг дутуу мэдүүлсэн гэх зөрчилд хариуцагчийн зүгээс Зөрчлийн тухай хуулийг хэрэглэсэн нь үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Учир нь, аливаа материаллаг хуулийг хэрэглэхдээ тухайн үйл явдал болсон цаг мөчид хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийг хэрэглэх эрх зүйн ерөнхий зарчимтай бөгөөд захиргааны эрх зүйд хуулийг буцаан хэрэглэх үндэслэл, нөхцөлийг хууль тогтоогч тухайлан заагаагүй тохиолдолд хууль буцаан хэрэглэх зарчим хэрэгждэггүй.

“В” ХХК-ийн 2013-2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх гаалийн мэдүүлэгт хамаарах 648,455,297 төгрөгийн[8] барааны гаалийн үнийг дутуу мэдүүлсэн гэх зөрчил нь 2008 оны Гаалийн тухай хуулийн 293 дугаар зүйлийн 293.1-д “Гаалийн үнэ, барааны тоо хэмжээ, гаалийн бүрдүүлэлтийн горим, барааны нэр төрөл, марк, зориулалт, ангилал, гарал үүслийг худал мэдүүлэх, гаалийн бичиг баримтыг солих, засварлах зэрэг аргаар гаалийн болон бусад татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол буруутай этгээдэд Татварын ерөнхий хуулийн 74, 75 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэнэ”, мөн зүйлийн 293.2-т “Энэ хуулийн 293.1-д заасан зөрчлийг болгоомжгүйгээр үйлдсэн бол буруутай этгээдэд Татварын ерөнхий хуулийн 74, 75 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Гаалийн тухай хуулийн үйлчлэлийн цаг хугацаанд хамаарч байна.

Харин Зөрчлийн тухай хуулийн 18.1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж зааснаас үзвэл энэ өдрөөс өмнө гарсан зөрчилд хариуцагч Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил үйлдсэн гэж  шийтгэл ногдуулсан нь буруу юм.

Учир нь өмнө дүгнэсэнчлэн аливаа үйлдэл, эс үйлдлийг зөрчилд тооцох, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг тухайн зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийн дагуу шийдвэрлэнэ.

Үүнээс үзвэл “В” ХХК-ийн 2013-2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх цаг хугацааны ” гаалийн үнэ, барааны тоо хэмжээ, гаалийн бүрдүүлэлтийн горим, барааны нэр төрөл, марк, зориулалт, ангилал, гарал үүслийг худал мэдүүлсэн” зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1.2-т заасныг хэрэглэн захиргааны акт үйлдэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.

Иймд дээрх баримтаас тогтоогдсон үйл баримтыг нэгтгэн дүгнэвэл гомдол гаргагч “В” ХХК-ийн 2013-2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх эрх зүйн маргаантай харилцааг шийдвэрлэхдээ хариуцагч хууль хэрэглээний алдаа гаргаж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзлээ.

Харин түүнээс хойших хугацааны буюу 2017 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны 191,191,166[9] төгрөгийн зөрчлийг Зөрчлийн тухай хуулийн 6.11 дүгээр зүйлийн 1.4-т “зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа дууссан” үндэслэлээр зөрчлийг хэрэгсэхгүй болгохоор байна.

Иймд хариуцагч төрийн албан тушаалтан болохын хувьд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан “...хууль дээдлэх...” үндсэн зарчим баримтлаагүй тул мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс үл хамааран захиргааны байгууллага тухайн захиргааны актыг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хүчингүй болгоно” заасны дагуу Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын Гаалийн улсын байцаагч Д.Б-ийн оногдуулсан 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 012305* тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Хоёр:  Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын Гаалийн улсын байцаагч Д.О-ийн оногдуулсан 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 0******* тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл “В” ХХК нь 2015-2017 онд 191,429,618 төгрөгийн програм хангамжийг толгой компани болох W компанитай ашиглалтын гэрээ хийж ашиглажээ.

Хариуцагч Д.О шүүхийн хэлэлцүүлгийн шатанд “... Бүх компаниуд программ хангамж, лицензийг гаальд мэдүүлсээр ирсэн. Бүртгэл дээр бүртгэх ёстой. Бүртгээгүй байсан ч программ хангамжийг үйл ажиллагаандаа ашиглаж байгаа учраас Гаалийн байгууллагад бүртгүүлж, төлбөр төлөх ёстой..." гэж актын үндэслэлээ тайлбарласан.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн нэгд хариуцагчийг зөрчил шалган шийдвэрлэх үйл ажиллагаа явуулах хуулиар тогтоосон дээрх  хугацааг хэтрүүлэн гомдол гаргагчийн эрхэнд халдаж Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацааг хэтрүүлэн маргаан бүхий акт гаргасан талаар хууль зүйн дүгнэлт өгсөн.

Энэ нь дээрх акттай ижил цаг хугацаанд гарсан 0******* тоот шийтгэлийн хуудас хүчингүй болох нэг үндэслэл юм.

Нөгөөтээгүүр хэрэгт нотлох баримтаар авагдсан “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системд үндэслэн гадаад худалдааны барааны ангиллын жагсаалт 2017”-аас үзвэл Монгол Улсын хилээр нэвтэрч байгаа бүх бараа бүтээгдэхүүнийг кодлон  энэ ангиллын дагуу гаалийн тарифыг тогтоох, гадаад худалдааны статистик мэдээ гаргадаг байна[10].

Энэхүү жагсаалтад Дэлхийн гаалийн байгууллагаас  4-6 жил тутамд нэмэлт, өөрчлөлт оруулдаг байх бөгөөд хамгийн сүүлд 2017 онд нэмэлт, өөрчлөлт оржээ[11].

“Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системд үндэслэн гадаад худалдааны барааны ангиллын жагсаалт” -ын 85.23.00-д “...Диск, тууз, мэдээлэл, хадгалах хатуу хэрэгсэл, “ухаалаг карт” болон дуу дүрс, бусад үзэгдлийг бичих зориулалттай, бичлэгтэй, бичлэггүй бусад хэрэгсэл...“ гэж кодолсон бол 2017 оны 8523.80-10-д “онлайнаар худалдаж авсан буюу татаж авсан программ хангаж, 85.23.90 бусад  /....лиценз..../  гэж нэмэлт өөрчлөлт оруулжээ[12].

Дээрх нэмэлт өөрчлөлтийг зорилгынх нь үүднээс тайлбарлавал, 2017 оноос өмнө нь зөвхөн ямар нэгэн биет зүйл болох тээгч хэрэгсэл дээр бичигдэж, биет байдлаар худалдаалагдах зүйлийг бараанд хамруулж байсан бол 2017 оноос хойш шинжлэх ухааны хөгжил дэвшлийг харгалзаж, түүнийг даган онлайнаар татан авсан /заавал биет тээгч шаардагдахгүй/ аливаа программд гаалийн тарифыг тогтоож өгсөн гэж дүгнэгдэж байна.

Үүнээс үзвэл нэгэнт 2017 оноос өмнө бараа гэдэгт зөвхөн биет байдалтай зүйлийг ойлгохоор байх тул “В” ХХК-ийн 2015-2017 онд толгой компани болох Wuerth IT компаниас онлайнаар татан авч ашигласан санхүүгийн програм хангамжийг Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасан бараа гэж үзэхгүй, түүнчлэн 3.1.3-т "гадаадын бараа" гэж энэ хуулийн 3.1.2-т зааснаас бусад барааг; буюу Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.2 ”гаалийн албан татвар” ногдох бараа биш гэж дүгнэлээ.

Мөн энэхүү зөрчил нь Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1.1-д заасан шинжийг агуулаагүй гэж үзэхээр байна.

Иймд Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын Гаалийн улсын байцаагч Д.О-ийн оногдуулсан 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 0******* тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгохоор шүүх шийдвэрлэлээ.

Гурав: Бусад асуудлын тухайд:

2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 012305* тоот шийтгэлийн хуудаст дурдсан зөрчилтэй холбогдуулан хариуцагч гаалийн улсын байцаагч Д.Б-ийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн “...нэхэмжлэгч компани зарцуулсан баримтаа гаргаж өгөхгүй байсан учраас бид хэлцлийн үнийн аргыг баримтлахаас өөр арга байгаагүй, анхан шатны санхүүгийн бүх баримтуудаа шалгалтын үед гаргаж өгөх ёстой...” зэрэг зарим тайлбар үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн.

Тухайлбал, Гомдол гаргагчаас анх шүүхэд нэхэмжлэл гаргах үеэс эхлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 32 дугаар зүйлийн 32.3 дахь  хэсэгт заасны дагуу маргаан бүхий актыг эс зөвшөөрч байгаа үндэслэлээ нотлох нотолгооны ач холбогдол бүхий баримтуудыг нэг бүрчлэн гаргаж өгөөгүй.

Маргааны үйл баримтыг бүрэн тогтооход шаардлагатай өөр бусад баримтын эх сурвалжийг заагаагүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д зааснаар хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй юм.

Мөн нэхэмжлэгчээс Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн “Хараат бус шинжээчийн дүгнэлт”-ийн төлбөрийн урьдчилгааг төлсөн, шүүхээс маргаан бүхий актыг процессын дагуу хүчингүй болгосон зэргийг харгалзан  үлдэх зардлыг нэхэмжлэгчээр төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Эцэст нь энэхүү маргааны эх үндэс болсон иргэн А.Ө-ын өргөдөл[13] гомдол дурдсан “...инкотермсийн нөхцөлтэй...” холбоотой асуудлаар хариуцагчаас огт маргаагүй, энэ талаар Хан-Уул дүүргийн Татварын хэлтсээс шалгалт явуулан зөрчилгүй болохыг тогтоосон болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1.2, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.11 дүгээр зүйлийн 1.4, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан “В” ХХК-аас Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Д.Б, Д.О нар холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,  “Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын Гаалийн улсын байцаагч Д.Б-ийн оногдуулсан 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 012305* тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2.Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, Татварын ерөнхий хуулийн 7.2.2-т заасныг баримтлан Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын Гаалийн улсын байцаагч Д.О-ийн оногдуулсан 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 0******* тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дугаар зүйлийн 46.1-т заасныг баримтлан шинжээчийн зардал болох нийт 7.400.000 /долоон сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг “В” ХХК-аас гаргуулж “Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг”-т олгосугай.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 35100 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Л.БАТБААТАР

 ШҮҮГЧ                                   Ц.МӨНХЗУЛ

 ШҮҮГЧ                                   Т.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

[1] №1Нотлох баримт 1-р хавтас 1-3 хуудас

[2] №1Нотлох баримт 1-р хавтас 14-15 хуудас

[3] 1-р хавтас хэргийн 182-250, 2 хавтас хэргийн 1-38, 41-80 хуудас

[4] №1 Нотлох баримт Төлбөрийн нэхэмжлэлүүд,

[5] №1Нотлох баримт 207-243 хуудас

[6] №1Нотлох баримтын 11 хуудас

[7] №1 Нотлох баримтын 3, 12 хуудас

[8] №1 Нотлох баримтын 16-173 хуудас

[9] №1 Нотлох баримтын 173-199 хуудас

[11] БТКУСҮндэслэн Гадаад Худалдааны Барааны Ангилалын Жагсаалтын өмнө үгийг үзнэ үү.

[12] БТКУСҮндэслэн Гадаад Худалдааны Барааны Ангилалын Жагсаалтын 539 хуудас

[13] №1Нотлох баримтын 5-6 хуудас