Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2025/0135

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“ХБ” ХХК-ийн нэхэмжлэлийн

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Н.Долгорсүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч С.Мөнхжаргал

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү,

Давж заалдах гомдол гаргасан: нэхэмжлэгчийн төлөөлөгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар

Нэхэмжлэгч: “ХБ” ХХК

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн дарга

Гуравдагч этгээд: “ХЭЭТ” ХХК

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2024/1042 дугаар шийдвэртэй

Шүүх хуралдаанд оролцогчид:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.З, Х.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Дэлгэрмөрөн

Хэргийн индекс: 128/2024/0881/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “ХБ” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 52 дугаар “Тусгай зөвшөөрөл  шилжүүлснийг бүртгэх тухай” шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох-оор маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 12 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2024/1042 дугаар шийдвэрээр:

“Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.6, 49.6.1, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “ХБ” ХХК-аас Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 52 дугаар “Тусгай зөвшөөрөл  шилжүүлснийг бүртгэх тухай” шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга:

            3.1. Нэхэмжлэгч “ХБ” ХХК-ийн гүйцэтгэх захирал давж заалдах гомдолдоо: “... Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр нөлөөллийн мэдүүлгийн талаар танилцуулсан баримт дээр шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүхийн иргэдийн төлөөлөгчид хөндлөнгөөс нөлөөлөх оролдлого ирсэн эсэх А.М баримт баримт хэрэгт авагджээ. 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр гомдол гаргахдаа хэргийн материалтай танилцахад шүүгч тус баримт дээр гарын үсгээ зураагүй байна.

            Нэхэмжлэлийн үндэслэлийг нотлох баримт болох албан тушаалын тодорхойлолтыг баталсан тогтоол, хавсралтыг Татварын ерөнхий газраас гаргуулж хэрэгт хавсаргуулах хүсэлтэй байна. Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/38 дугаар тушаалын 57 дугаар хавсралт, 67 дугаар хавсралт, 102 дугаар хавсралтуудыг гаргуулах хүсэлтийг хангаагүйд гомдолтой байна.

            Хайгуулын ажлын оновчтой төлөвлөлт баримтыг нэхэмжлэгч компани хийгээгүй бөгөөд тусгай зөвшөөрлийг шилжүүлэх баримтад байгаагүй гэж маргаж нэхэмжлэгч компанийн Ашигт малтмал газрын тосны газарт хүргүүлсэн хайгуулын ажлын тайлан, төлөвлөгөөг Ашигт малтмал газрын тосны газраас гаргуулах хүсэлт гаргаж шүүх тус  хүсэлтийг хангасан бөгөөд тус баримтыг шүүх хуралдаанд нэхэмжлэгч компанийн нэр байхгүй, нэхэмжлэгч компани нь тус баримтыг тусгай зөвшөөрөл шилжүүлэх баримтад хавсаргаж өгч байгаагүй гэдэг үндэслэлээр шинжлэн судлаагүй.

            Гэвч шүүх хурлаар шинжлэн судлаагүй хуулийн шаардлага хангаагүй болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон байна. Мөн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 52 дугаар шийдвэрийг гаргасан нь хуульд нийцсэн байна гэж дүгнэхдээ ямар хуульд нийцсэн талаар дүгнэлт хийгээгүй.

            Нэхэмжлэгч компани нь тусгай зөвшөөрлөө шилжүүлэн авагч “ХЭЭТ” ХХК-ийн 5 хувийн хувьцааг эзэмшдэг тус Компанийн тухай хуулийн 6.1, 6.3-д тус тус заасны дагуу “ХЭЭТ” ХХК нь хараат, охин компани аль аль нь биш юм. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 49.1-д зааснаар үндэслэх хэсгийн 13 дахь дүгнэлт нь Компанийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хуульд нийцэхгүй дүгнэлт гаргасан. Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/38 дугаар тушаалын 57 дугаар хавсралт, 67 дугаар хавсралт, 102 дугаар хавсралтуудад тусгагдсан тодорхойлолтууд нь эрх зүйн үндэслэлгүй байна гэж маргадаг бөгөөд тус тодорхойлолт нь  нотлох баримтын шаардлага хангасан эсэхэд дүгнэлт хийгээгүй бөгөөд хуулийн шаардлага хангаагүй баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчсөн байна.

            Ашигт малтмалын тухай хуулийн 49.2-д заасны дагуу татвар төлөгдсөн нь тусгай зөвшөөрлийг шилжүүлэх өргөдөлд авагдсан баримтаар нотлогдсон эсэх үүнийг төрийн байгууллага захиргааны акт гаргахдаа хянасан эсэхэд дүгнэлт хийгээгүй. Захиргааны ерөнхий хуулийн 47.1, 47.1.1, 47.1.3-д тус тус зааснаар хариуцаг төрийн захиргааны байгууллагад олгогдсон эрх зүйн үндэслэлтэй байх тул түүнийг илэрхий эрх зүйн гэж дүгнэжээ.

            Нэхэмжлэгч нь Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 52 дугаар тусгай зөвшөөрөл шилжүүлснийг бүртгэх тухай шийдвэрийг Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6-д заасны дагуу илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасан бөгөөд дээрх шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6-д заасны дагуу дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна.

            Иймд 128/ШШ2024/1042 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү” гэжээ.

3.2 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “... 2024.12.11-ний өдрийн 128/ШҮ2024/10133 дугаартай хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай захирамжид хэрэг хянан шийдвэрлэх шүүх  хуралдааныг 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 09 цаг 00 минутад хуралдуулахаар товлосон. Товлосон цагаас 15 минутын өмнө нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.З нар ирэхэд Баянзүрх дүүргийн татварын хэлтсээс 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн өглөө материал ирсэн гэсэн боловч хэрэгт хавсаргаагүй байсан, харин нарийн бичгийн мэйлээр ирсэн гэх ... хуудас хэвлэмэл материал үзүүлсэн. Харин Ашигт малтмал газрын тосны газраас шүүгчийн захирамжид заасан нотлох баримт ирээгүй байсан бөгөөд хариуцагчийн төлөөлөгч 08 цаг 56 минутад ирж материал өгч 09 цаг 10 минутад хурал эхэлсэн.

Шүүх хуралдаанд Гуравдагч этгээдийн өмгөөлөгч 2 хуудас нотлох баримт гаргаж өгсөн. Хариуцагч байгууллагаас гаргуулах баримтыг хариуцагчийн төлөөлөгч гаргаж өгсөн бичиг хэргээр дамжин орж ирээгүй.

Мөн шүүх  хуралдаан 11 цаг 35 минутад дууссаны дараа Баянзүрх дүүргийн татварын хэлтсээс татвар төлөгдсөн талаарх тодорхойлолт нь 11 цаг 55 минутад ирсэн. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нотлох баримттай танилцах боломжит хугацаа байгаагүй тул шүүхэд нотлох баримттай танилцах боломжит хугацаагаар хянуулах хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангаагүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.4, 34.6, 20.1.2, 6.4-д тус тус заасны дагуу 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ирсэн баримтууд болон гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гаргасан баримттай танилцаж, тэдгээрт тайлбар өгөх эрхээр хангаагүйд гомдолтой байна.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан “ХБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “ХЭЭТ” ХХК-д холбогдох иргэний хэргээс 2хх 92, 93, 94, 95 дахь талд авагдсан “ХЭЭТ” ХХК-ийн төлөөлөгчийн гаргасан тайлбарыг гаргуулах хүсэлтийг гаргасныг хэрэгсэхгүй болгосон нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотлон мэтгэлцэх эрхээр хангаагүйд гомдолтой байна.

Анхан шатны шүүхийн 128/ШЗ2024/10133 дугаар захирамж гарч захирамжийн 3-т хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс өмнө хэргийн оролцогчдыг хавтаст хэрэгтэй танилцуулж,хэргийн болон шүүх хуралдааны оролцогчдод шүү хуралдааны товыг мэдэгдэхийг шүүгчийн туслах Б.Ц-т даалгасугай гэсэн байдаг. Гэвч шүүх хурал эхлэхийг хүлээж хуралдааныг танхимд байхад хариуцагчийн төлөөлөгч баримтыг авч ирж байгаа, татвараас ирсэн баримт дээрээ танилцаад хэрэг танилцсан баримт дээрээ гарын үсгээ зурж бай гэж хэлсэн. Хариуцагч байгууллагаас баримт ирээгүй, хэргийн материал дээр сүүлийн хурлаас хойш нэмэгдсэн материал байхгүй учраас гарын үсэг зурах боломжгүйг хэлсэн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42.2, 42.4, 42.6, 42.7, 78 дугаар зүйлд тус тус заасны дагуу шүүх хуралдааны нарийн бичгийн  дарга нь шүүх хуралдааны тэмдэглэлийг нотлох баримт болгож үйлдэж хэрэгт хавсаргахаар заасан байна.

Гэтэл шүүх хуралдааны нарийн бичгийн дарга 12 дугаар сарын 17-ны өдөр хэргийн материал танилцуулсан тухай гэсэн тэмдэглэл хуульд байхгүй хууль бус баримт үйлдэж хэрэгт хавсаргуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болсон байна. Иймд 128/ШШ2024/1042 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

3.3 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: “... Гуравдагч этгээд компанийн 24/50 дугаартай итгэмжлэлийг Монгол хэлээр үйлдэж Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн Z S гүйцэтгэх захирлаар гарын үсэг зурсан байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.2, 27.4, 27.4.1, 27.5, 8.2, 8.4-д тус тус заасныг зөрчсөн нь анхан шатны шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийг шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг нь хангалгүй хэргийг шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэл болж байна.

 Нэхэмжлэгч компани урьдчилсан хэлэлцүүлэгт хариуцагчийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 52 дугаар тусгай зөвшөөрөл шилжүүлснийг бүртгэх тухай шийдвэр нь Ашигт малтмалын тухай хуулийн 49.2-д заасныг үндэслэн гарсан тул дээрх хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч  нь эрэл, хайгуулын талаарх анхдагч материал, тайланг холбогдох хууль тогтоомжийн дагуу худалдсан эсэх талаар тодруулах шаардлагатай тул нэхэмжлэгч компанийн эзэмшилд айх хугацааны ашигт малтмалын хайгуулын ХV-0218*** тоот зөвшөөрлийн 7938,90 га талбайд хийж гүйцэтгэсэн хайгуулын ажлын тайланг гаргуулах хүсэлтийг гаргасан. 2024.12.04-ний өдрийн 128/ШЗ2024/9967 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийн 2, 3 дахь хэсгийг хангаж, 1 дэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. 12 дугаар сарын 11-ний өдрийн хурал болоход хариуцагчийн төлөөлөгчийн тусгай зөвшөөрлийн хайгуулын ажлын жилийн тайлан хянуулсан болон зардал баталгаажуулсан мэдээлэл гарчигтай баримтыг өгсөн. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “шүүгчийн захирамжийн биелэлтийг хангуулж өгнө үү” гэх хүсэлт гаргасан.

2024.12.11-ний өдрийн 18/ШЗ2024/10133 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн. Гэвч дээрх 2 захирамжийн биелэлт хангагдаагүй байна.

Шүүх хуралдаан эхэлсэн хойно дээрх захирамжийн дагуу баримтууд ирсэн бөгөөд хариуцагчаас ирүүлсэн баримтыг шүүх хуралдаан эхлэхэд гаргасан ба уг баримт нь хуулбар үнэн тэмдэг дарагдсан шүүгчийн захирамжид заасан баримт биш байсан нь шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, эсхүл хуулийн шаардлага хангаагүй баримтыг шүүхийн шийдвэр гаргах үндэслэл болгосон гэж үзэх үндэслэл болж байна. 128/ЕШ2024/1396 дугаартай даргалагч албажуулах захирамжаар шүүгч А.М-ийг томилсон байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72.1, 81.1-д тус тус заасныг зөрчсөн гэж үзэж байна. 2024.12.17-ны өдрийн хуралд “ХЭЭТ” ХХК-д холбогдох хувийн хэрэгт үзлэг хийлгүүлэх хүсэлт” гаргасныг тус өдрийн шүүх хурлаар шийдвэрлэсэн.

Гэвч тус захирамж нь нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргах хүртэл бичгээр албажиж хавтас хэрэгт авагдаагүй байгаа нь шүүх нотлох зарчмыг хэрэгжүүлэх нь хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн хэрэгт ач холбогдол бүхий  нотлох баримт гаргаж өгөх, энэ талаар хүсэлт гаргах эрхийг хязгаарлахгүй гэснийг зөрчиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан нь оролцогчийн эрхийг зөрчсөн.

Шүүх үндэслэх хэсгийн 14, 15 дахь хэсгийг дүгнэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6,-д заасан хуулийн заалтыг тайлбарласан Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 37 дугаар тогтоолын 6-д тайлбарласан тайлбартай хуулийг буруу тайлбарлаж дүгнэлт гаргасан байна.

Нэхэмжлэгч компани нь тусгай зөвшөөрлийг шилжүүлж байгаа гол үндэслэл болсон анхдагч материал, тайлан буюу хайгуулын ажлын эхний жилийн тайланг батлаагүй байхад тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн нь худалдах зүйлгүй байхад шилжүүлсэн нь Ашигт малтмалын тухай хуулийн 49.2-т заасантай нийцэхгүй гэж гэж маргадаг бөгөөд анхдагч материал тайлан байгүй байхад тусгай зөвшөөрлийг шилжүүлэн шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх ашгийг ноцтой зөрчсөн.

Нэхэмжлэгч хайгуулын ажлын тайланг гаргуулах хүсэлт гаргаж, шүүх хүсэлтийг хангаж шийдвэр  гаргасан ч захирамжийн биелэлт хангагдаагүй, нэхэмжлэгчийн өмгөөлөгч маргааны гол зүйл болж байгаа хайгуулын ажлын тайлан байгаа эсэхийг тодруулж хувийн хэрэгт үзлэг хийлгэх хүсэлт гаргасан боловч хангаагүй.

Иймд маргааны гол зүйл болсон нөхцөл байдлыг тодруулах нотлох баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлох баримтыг гаргуулах хүсэлтийг шийдвэрлэсэн хэр нь захирамжийн биелэлтийг хангаагүй, үзлэг хийлгэх хүсэлтийг хангаагүй хэргийг шийдвэрлэсэн нь шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний зарим хэсэгт нь дүгнэлт өгөөгүй, эсхүл шийдвэрлэлгүй орхигдуулсан, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь шийдвэрийг өөрчлөх боломжгүй гэж үзэх үндэслэл болж байна.

Иймд 128/ШШ2024/1042 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ

1. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэстэй зөв дүгнэлт хийж, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч “ХБ” ХХК-аас “... манай тусгай зөвшөөрлийг шилжүүлэх өргөдөлд шилжүүлж буй талбайг тодорхойлох К-10 маягт хавсаргагдаагүй, байгаль орчныг хамгаалах арга хэмжээний зардал 1 сая төгрөг дутуу төлөгдсөн, “ХЭЭТ” ХХК-ний татвар төлөгчийн гэрчилгээ  хавсаргагдаагүй, эхний жилийн хайгуулын ажлын тайлан батлагдаагүй, татварын тооцооллыг хянасан баримт зөрчилтэй байхад тусгай зөвшөөрлийг шилжүүлж шийдвэрлэсний улмаас манай байгууллага татварын 110 сая төгрөгийн өрөнд орж, улмаар тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн гэрээний төлбөрөө авах боломжгүй болж хохирч байна …” гэсэн үндэслэлээр, Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 52 дугаар тусгай зөвшөөрөл шилжүүлснийг бүртгэх тухай шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

 Хариуцагч “... тухай татварын алба тодорхойлолт гаргасан бол тусгай зөвшөөрөл маргаан бүхий акт хуульд харшлах шалтгаангүй бөгөөд холбогдох татварыг төлсөн шилжүүлснийг бүртгэж уг тусгай зөвшөөрөлд зохих тэмдэглэгээг хийсэн нь хууль зүйн үндэслэл бүхий захиргааны акт байна... гуравдагчаас ...бодит байдлыг илт гуйвуулан, худал нэхэмжлэлийн үндэслэл дурдсан, тусгай зөвшөөрөл шилжүүлснийг бүртгэх тухай шийдвэр нь хуульд нийцэн гарсан” гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн тайлбар гаргасан байна. 

2.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1.3-т “нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг ойлгоно” гэж тус тус заасан бөгөөд хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус үйл ажиллагаанаас хамгаалж, зөрчигдсөн тохиолдолд уг эрхийг сэргээн эдлүүлэх нь захиргааны хэргийн шүүхийн зорилго юм.        

            2.2. Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шилжүүлэхтэй холбоотой харилцааг журамлан зохицуулсан байх бөгөөд мөн зүйлийн 49.2-т “Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь эрэл, хайгуулын талаархи анхдагч материал, тайлан зэрэг мэдээллийг холбогдох хууль тогтоомжийн дагуу худалдаж зохих албан татвар төлсөн нь баримтаар нотлогдсон тохиолдолд түүний эзэмшилд байсан тусгай зөвшөөрлийг худалдан авагчид нь шилжүүлж болно”, 49.4-т “Энэ хуулийн 49.1-49.3-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг шилжүүлэн өгч байгаа тал нь ийнхүү шилжүүлэх тухай өргөдлийг батлагдсан маягтын дагуу үйлдэж түүнд дараахь баримт бичгийг хавсаргана:” 49.4.1-т “шилжүүлж байгаа тусгай зөвшөөрөл”, 49.4.2-т “тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авч байгаа этгээд нь энэ хуулийн 7.1-д заасан шаардлагыг хангаж буйг нотлох баримт бичиг”, 49.4.3-д “тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг хүлээн зөвшөөрч буйг нотлох баримт бичиг”, 49.4.4-т “ашиглалтын тусгай зөвшөөрөл шилжүүлж байгаа бол тухайн талбайн олборлолт явуулсан хэсэгт нөхөн сэргээлт хийсэн тухай байгаль орчны хяналтын албаны тодорхойлолт”, 49.4.5-д “байгаль орчныг нөхөн сэргээхэд шаардагдах зардлыг энэ хуулийн 38.1.8, 39.1.9-д заасан дансанд төвлөрүүлсэн тухай санхүүгийн баримт”, 49.4.6-д “хайгуулын ажлын төлөвлөгөө, тайланг төрийн захиргааны байгууллагад ирүүлсэн тухай баримт”, 49.4.7-д “үйлчилгээний хөлс төлсөн баримт”, 49.4.8-д “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 18.8, 30.6 дахь хэсэгт заасан аргачлалын дагуу тооцсон үнэ, тайлбар, танилцуулга”, 49.6-д “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 49.5-д заасан ажиллагааг өргөдлийг бүртгэснээс хойш ажлын 5 өдөрт багтаан гүйцэтгэж дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана”, 49.6.1-д “хуульд харшлах шалтгаангүй бөгөөд холбогдох татварыг төлсөн тухай татварын алба тодорхойлолт гаргасан бол тусгай зөвшөөрөл шилжүүлснийг бүртгэж уг тусгай зөвшөөрөлд зохих тэмдэглэгээ хийх” гэж  тус тус заасан байна.

2.3. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд “ХБ” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл шилжүүлэхийг хүссэн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн өргөдөл[1], түүнд хавсаргасан шилжүүлж буй хуулийн этгээдийн тодорхойлолт[2], улсын бүртгэлийн гэрчилгээ[3], дүрэм[4], тусгай зөвшөөрөл шилжүүлэх тухай өргөдөл, хувьцаа эзэмшигчийн шийдвэр[5], 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл худалдах, худалдан авах гэрээ[6], 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн ХХК-аас XV-0218*** тусгай зөвшөөрөл шилжүүлэх төлбөрт 1.500.000 төгрөг төлсөн тухай баримт[7], Татварын албаны тодорхойлолт[8], Том татвар төлөгчийн газрын 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 02/59 дугаар “... Тусгай зөвшөөрөл эзэмшигч “ХБ” ХХК нь ... 3220100706788 тоот нэхэмжлэлээр 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 121.000.000 /нэг зуун хорин нэг сая/ төгрөгийн эрх борлуулсны орлогын албан татвар төлсөн ...” гэх тодорхойлолт[9], тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авч буй “ХЭЭТ” ХХК-ийн /хуулийн этгээдийн/ тодорхойлолт[10], хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, гаргасан зөвшөөрлийн нотолгоо гаргасан тодорхойлолт[11], хайгуулын ажлын оновчтой төлөвлөлт[12] зэрэг бичиг баримтуудыг үндэслэн  хариуцагч өргөдлийн TR-009179 дугаарт[13] бүртгэж, улмаар Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 52 дугаар[14] Тусгай зөвшөөрөл шилжүүлснийг бүртгэх тухай шийдвэрээр XV-0218*** тоот тусгай зөвшөөрлийг “ХЭЭТ” ХХК-д шилжүүлэн бүртгэж шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан үндэслэлээр хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт, шийдэл үндэслэлтэй байна.

            2.4. Өөрөөр хэлбэл, хариуцагч Ашигт малтмалын газраас шүүхэд гаргаж ирүүлсэн тус компанийн тусгай зөвшөөрлийг шилжүүлэхдээ гаргасан баримтуудаас үзэхэд тусгай зөвшөөрлийг шилжүүлэн өгөх тухай өргөдлийг батлагдсан маягтын дагуу “ХБ” ХХК өөрөө гаргасан, уг өргөдөлдөө шилжүүлж буй талбайг тодорхойлолт, хувьцаа эзэмшигчдийн шийдвэр, компанийн дүрэм, шилжүүлэн авч байгаа хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, дүрэм, гэрээ,

тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг хүлээн зөвшөөрч буйг нотлох баримт бичиг, хайгуулын ажлын төлөвлөгөө, тайланг ирүүлж байсан талаарх баримт, байгаль орчныг нөхөн сэргээхэд шаардагдах зардлыг Ашигт малтмалын тухай хуулийн 38.1.8, 39.1.9-д заасан дансанд төвлөрүүлсэн тухай санхүүгийн баримт,  тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авч байгаа этгээд нь Монгол Улсад татвар төлөгч байх шаардлагыг хангаж буйг нотлох баримт бичиг, ашиглалтын тусгай зөвшөөрөл шилжүүлж байгаа бол тухайн талбайн олборлолт явуулсан хэсэгт нөхөн сэргээлт хийсэн тухай байгаль орчны хяналтын албаны тодорхойлолт; хайгуулын ажлын төлөвлөгөө, тайланг төрийн захиргааны байгууллагад ирүүлсэн тухай баримт,  үйлчилгээний хөлс төлсөн баримт, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 18.8, 30.6 дахь хэсэгт заасан аргачлалын дагуу тооцсон үнэ, тайлбар, танилцуулга”, зэрэг баримтуудыг Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасан хуулийн зохицуулалтын дагуу хавсаргасан байх тул хариуцагчийг хууль зөрчиж тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн гэж үзэхгүй.

            2.5. Түүнчлэн нэхэмжлэгчээс “уг тусгай зөвшөөрөл шилжүүлсэн бүртгэлийн улмаас ... татварын 110 сая төгрөгийн өрөнд орсон, тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн гэрээний төлбөрөө авах боломжгүй болж хохирсон тул уг бүртгэлийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж заасны дагуу илт хууль бус болохыг шүүх тогтоох үндэслэлтэй ...” хэмээн маргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.

            2.6. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно” , 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д “Энэ хуулийн 52.2.4-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дараахь зүйл хамаарна”, 52.5.1-т “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн”, 106 дугаар зүйлийн 106.3-д “Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараахь шийдвэрийг гаргана”, 106.3.2-т “захиргааны акт, захиргааны гэрээ нь илт хууль бус болохыг тогтоох” гэж тус тус зааснаас үзвэл нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлсон захиргааны акт  хэн ч харсан илэрхий алдаатай буюу энэ тохиолдолд нэхэмжлэгчээс Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж заасныг үндэслэн маргаж буй тохиолдолд уг акт нэхэмжлэгчийн эрхийг хязгаарласан, хориглосон шинжтэй байхаас гадна хэн ч харсан илэрхий алдаатай, тэрхүү алдаа нь ноцтой, уг актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн тохиолдолд шүүх илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэх боломжтой байна.

            2.7. Гэтэл нэхэмжлэгчээс өөрөө бүрдүүлж хариуцагчид гаргасан, түүнийг нь үндэслэн хариуцагчаас уг шийдвэрийг гаргасан, уг баримтад нь үндэслэн хариуцагчаас тусгай зөвшөөрлийг шилжүүлэх шийдвэр гаргасан нь хуульд нийцсэн, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийн хүрээнд шийдвэрийг нэхэмжлэгчийн эрх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн, илэрхий алдаатай шийдвэр гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүх Ашигт малтмал газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “Тусгай зөвшөөрөл шилжүүлснийг бүртгэх тухай” 52 дугаар шийдвэрийг илт хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.

            2.8. Нэхэмжлэгч нь “уг тусгай зөвшөөрөл шилжүүлсэн бүртгэлийн улмаас ... татварын 110 сая төгрөгийн өрөнд орсон, тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн гэрээний төлбөрөө авах боломжгүй болж хохирсон” гэж захиргааны актын улмаас эрх зөрчигдсөн талаарх үндэслэлээ тайлбарласан байх боловч энэ асуудал нь тусгай зөвшөөрөл шилжүүлэн авагч этгээдийн гэрээний төлбөр төлөхтэй холбоотой асуудал байх тул иргэний журмаар энэ талаар гомдол нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх боломжтой гэж үзэхээр байна.

            2.9. Нэхэмжлэгчээс тусгай зөвшөөрлийг шилжүүлэх хүсэлт гаргахдаа “хайгуулын ажлын оновчтой төлөвлөлт” баримтыг хийгээгүй, хүсэлтэд хавсарган өгөөгүй гэж тайлбарласан боловч тус баримтыг хуурамч байсныг нь тогтоосон эрх бүхий этгээдийн шийдвэр холбогдох бусад баримтыг шүүхэд гаргаагүй, энэ талаарх эх сурвалжийг нэрлэж заагаагүй байх тул шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Ашигт малтмал газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “Тусгай зөвшөөрөл шилжүүлснийг бүртгэх тухай” 52 дугаар шийдвэрийг илт хууль бус гэж үзэх үндэслэлгүй.

            2.10. Энэ талаарх анхан шатны шүүхийн “... нэхэмжлэгч нь өөрийн тусгай зөвшөөрлөө шилжүүлэх өргөдөл гаргаж, холбогдох баримтыг бүрдүүлэн өгсөн, түүнийг нь үндэслэж маргаан бүхий акт гарсан байхад зарим баримтын бүрдэл дутуу, татварын тооцоолол буруу байхад хүлээн авсан зэрэг үндэслэлүүдийг хариуцагч байгууллага хянах ёстой байсан гэх үндэслэл нь хэрэгт авагдсан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хувийн хэргийн баримт, Том татвар төлөгчийн газрын 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 02/59 дугаар тодорхойлолтоор тус тус үгүйсгэгдэж байна. Татварын тооцоолол гаргах эрх нь нэхэмжлэгчид байсан, нэхэмжлэгчээс өгсөн татварын тооцооллыг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас хянаж ирүүлсэн тодорхойлолтыг дахин хариуцагч байгууллагаас хянах үүрэггүй, татварын өрөнд орох, гэрээгээр тохирсон төлбөрөө авах боломжгүй болж эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэх тайлбар үндэслэлгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.            2.11. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ”, 20.1.2-д “хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн шаардлага, тайлбар, нотлох баримт, хэргийн материалтай танилцах, тэмдэглэл, хуулбар хийх, тэдгээрт тайлбар өгөх, шүүх хуралдаанд оролцох”, 27 дугаар зүйлийн 27.2-т “Хууль, эрх зүйн бусад акт болон үүсгэн байгуулах баримт бичгийн дагуу олгогдсон эрх хэмжээний хүрээнд байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийн этгээдийг төлөөлнө.” гэж тус тус заасан.

            2.12. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Хэргийн материал танилцуулсан тухай баримтад[15] хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар гарын үсэг зурсан. Харин 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн “Хэргийн материал танилцуулсан тухай” шүүх хуралдаан нарийн бичгийн даргын үйлдсэн баримтад[16] “... нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нь баримтад гарын үсэг зурахаас татгалзсан. Өмгөөлөгч нь “Татварын албанаас ирсэн баримттай гоё танилцлаа, хариуцагчаас ирүүлсэн баримтыг хэлж мэдэхгүй байна гарын үсэг зурахгүй ...” гэж,  2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд ”... Би итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа тул шинээр ирсэн баримтыг гүйцэтгэх захиралдаа танилцуулах шаардлагатай” гэж тайлбарласан болох нь тогтоогдож байна.

            2.13. Нэхэмжлэгч “ХБ” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Итгэмжлэл олгох тухай” 1/551 дүгээр албан бичгээр[17] гүйцэтгэх захирал Д.О-ээс итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Б.А-г томилсон байх бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-д заасны дагуу “ХБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Б.А нь нэхэмжлэгч компанийг төлөөлөн оролцож байхдаа хэргийн материалтай танилцсан боловч гарын үсэг зурахаас татгалзсан байх тул анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй, энэ талаарх нэхэмжлэгчийн “хэргийн материалтай танилцуулаагүй, мэтгэлцэх эрхээр хангаагүй” гэх агуулга бүхий гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2024/1042 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                                   Н.ДОЛГОРСҮРЭН

ШҮҮГЧ                                                                   С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                                   Н.ХОНИНХҮҮ

 

 

 

[1] Хэргийн 1 дэх хавтас, 101 дэх хуудас

[2] Хэргийн 1 дэх хавтас, 102 дахь хуудас

[3] Хэргийн 1 дэх хавтас, 103 дахь хуудас

[4] Хэргийн 1 дэх хавтас, 105-107 дахь хуудас

[5] Хэргийн 1 дэх хавтас, 114 дэх хуудас

[6] Хэргийн 1 дэх хавтас, 122-125 дахь хуудас

[7] Хэргийн 1 дэх хавтас, 89 дэх хуудас

[8] Хэргийн 1 дэх хавтас, 90 дэх хуудас

[9] Хэргийн 1 дэх хавтас, 91 дэх хуудас

[10] Хэргийн 1 дэх хавтас, 73 дахь хуудас

[11] Хэргийн 1 дэх хавтас, 81 дэх хуудас

[12] Хэргийн 1 дэх хавтас, 82-88 дахь хуудас

[13] Хэргийн 1 дэх хавтас, 100 дахь хуудас

[14] Хэргийн 1 дэх хавтас, 135 дахь хуудас

[15] Хэргийн 1 дэх хавтас, 236 дахь хуудас

[16] Хэргийн 1 дэх хавтас, 239 дэх хуудас

[17] Хэргийн 1 дэх хавтас, 52 дахь хуудас