Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 03

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Алтан даргалж, шүүгч С.Болортуяа, Б.Гансүх нарын бүрэлдэхүүнтэй,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Сувд-Эрдэнэ,

            Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор П.Удвал,               

            Иргэдийн төлөөлөгч О.Лиза,

            Хохирогч О.Амарболд,

            Хохирогчийн өмгөөлөгч: Д.Бунжаа,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ө.Нарантуяа,

            Шүүгдэгч: Э.Ганзориг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар Увс аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  эрүүгийн 201620000300 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     

            Шүүгдэгч: Монгол улсын иргэн, дөрвөд ястан, 1991 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, мэргэжил боловсролгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нагац ах, дүү нарын хамт Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг 10-10 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Сум дундын 24 дүгээр шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 68 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт 5 сар баривчлах ял шийтгүүлж байсан, Тайж овогт Энхтөрийн Ганзориг /РД:ОЮ91110534 /. 

          

           Шүүгдэгч Э.Ганзориг нь 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багийн нутагт О.Амарболдыг зодож, зүүн нүдийг нь сохолж хүнд гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.     

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүх хуралдаанаар дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            1. Хохирогч О.Амарболдын мөрдөн байцаалтад өгсөн: “ …2016 оны 10 дугаар сарын 15-ны орой 23:00 цагийн үед Буянт хороололд байх Хэнзээгийн гэрт очсон. Тэгээд манай найз Даваадорж, Рагчаа, Даваадоржийн найз болох Хэнзээ, Баяраа, Ганзориг бид нар юм ярингаа Даваадоржийн авч ирсэн пивийг тойруулцгаасан бөгөөд 2 дахь пивийг тойруулж байгаад бид нар хоорондоо “Банди ” гэх үгээр ярьж байтал Ганзориг надад “Чи банди гэх үгийнхээ утгыг ойлгох юм уу?” гэж надаас асуусан. Би Ганзоригт “би мэдэхгүй байна, юу гэсэн үг юм” гэж асуухад Ганзориг надад “Банди гэдэг чинь бөгс рүүгээ хийлгэсэн эрэгтэй хүнийг хэлдэг юм” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “Чи битгий хачин юм яриад байгаарай, зүүлээд байна” гэж Ганзоригт хэлсэн. Тэгтэл Ганзориг надад “ Чи юугаа мэддэг юм, би чинь халхын шоронд явж үзсэн хүн шүү” гэж хэлээд над руу дайрах гээд өндийсөн. Тэгэхээр нь би өндийгөөд бид хоёр маргалдсан. Тэгтэл Даваадорж, Хэнзээ хоёр Ганзоригийг түлхээд гэрээс гарцгаасан. Тэгээд би Рагчаатай хамт Ганзоригийн араас нь харсан. Тэгтэл Ганзориг гартаа 1 метр орчим урттай банз барьчихсан “чамайг ална пизда минь” гэж хэлээд над руу дайрсан бөгөөд Даваадорж Ганзоригийг хаагаад барьж авахад Ганзориг гартаа барьсан банзаа над руу шидсэн. Тэгтэл тэр банз миний зүүн хөлний хажууд унаж хагарсан. Тэгэхээр нь би тэр банзны хагарсан хэсгийг газраас аваад Ганзоригийн баруун мөрөн дээр нь нэг удаа цохисон. Тэгэж байтал Рагчаа намайг бариад боль гэсэн. Тэгтэл Даваадорж Ганзорийг аваад цааш холтгосон. Бөгөөд Рагчаа намайг дагуулаад гэр лүү орсон. Тэгээд удалгүй Даваадорж орж ирсэн ба тэр гэрт Рагчаа Даваадорж Хэнзээ, Баяраа бид нар орж ирээд гэрийн баруун талд сууж байтал удалгүй Ганзориг хөрөө барьчихсан орж ирээд над руу дайраад чамайг ална гэтэл Даваадорж Ганзоригийг бариад “Яаж байгаа юм наад хөрөөгөө хая ” гэж хэлсэн. Тэгээд Даваадорж Ганзоригийг хаалгаар түлхээд гарч байтал Ганзориг гэнэт над руу чулуу шидсэн бөгөөд тэр чулуу нь миний зүүн талын нүүрийг оносон тэгээд миний нүднээс цус гарсан. Тэгэхээр нь би доошоо хараад нүдээ дарж байтал Рагчаа, Даваадорж, Хэнзээ, Баяраа нар над дээр хүрч ирээд “Андаа хаана чинь цохичихвоо” гэсэн. Тэгээд байж байтал Даваадорж “Ямар том чулуу вэ?”  гэсэн. Тэгээд тэд нар эмнэлэг явъя гэхээр нь би “Орой болчихсон байна хэрэггүй ” гэж хэлчихээд Даваадорж, Рагчаа нарын хамт Буянт хороололд байх Даваадоржийн гэрт нь очиж хоносон бөгөөд тэдний хашаан дотор засвар хийчихсэн эзгүй байр байсан ба би Даваадоржийн гэрт нь оролгүй шууд тэр байшин руу орсон. Тэгтэл Даваадорж гэрлүүгээ орж ус болон марль авч ирж миний нүднээс гарсан цусыг угааж марлиар боосон. Тэгчихээд Рагчаа, Даваадорж бид гурав унтацгаасан бөгөөд тухайн үед 00 цаг 30 минут болж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 19-22-р тал /,

- Хохирогч О.Амарболдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ Эмч нүдний хараа алдагдсан тул хот руу явах шаардлагатай гэсэн зөвлөгөө өгсөн учраас хүнээс мөнгө зээлж аваад Улаанбаатар хот руу эмчилгээнд явж ирсэн. 3.500.000 төгрөгөөр болор суулгах болон торлог гэх хагалгаанд зэрэг орсон. Ганзориг хохиролд юу ч өгөөгүй байгаа тул хохирлоо гаргуулах талаар хүсэлтээ гаргасан. 6 сая орчим төгрөгийн зардал гасныг нэхэмжлэж байна. Энэ хүнд заавал ял оногдуулж өг гэж хэлэхгүй. Би хохирлоо гаргуулах авчихвал өөр яриад байх зүйл байхгүй” гэх мэдүүлэг,

 

           2. Гэрч С.Рагчаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би улирлын чанартай ажил хийдэг бөгөөд 2016 оны зун Увс аймгийн Өлгий суманд барилгын ажил дээр ажилласан. Ажлын хөлс тухайн үедээ оролгүй байж байгаад 2016 оны 10 сарын 15-ны өдөр орж надтай цуг ажиллаж байсан Даваадорж бид хоёр цуг явж цалингаа аваад хоёулаа цалингаа авсан юм чинь нэг газар орж сууя гэхээр нь би зөвшөөрч бид хоёр "Соёмбо" караоке руу орохоор болсон караокед орохын өмнө Даваадорж өөрийн найз Ганзориг, Оогий нарыг дагуулж караокед орсон би Оогий, Ганзориг нарыг бол танихгүй тэндээ бид нар 5 ширхэг 0.5 литрийн пиво, 1 шил 0.75 литрийн Улаанбаатар нэртэй архи аваад хувааж ууцгааж дуулж сууж байгаад цаг дуусаж гараад бид нар салцгаасан. Би Даваадоржтой цуг нэг зүгт байдаг болохоор харих гэж яваад 'Ачит нуур" зочид буудал, ресторанд ажилладаг О.Амарзаяатай уулзчихаад явах гээд очиход О.Амарзаяа ажил ихтэй байгаад тухтай уулзаж чадаагүй. Тэгээд тэндээсээ гараад гэрлүүгээ явах гэж байтал Даваадорж хоёулаа Энхбаатарын гэрт очиж хоноё тэднийд Энхбаатар ганцаараа байгаа гэхээр нь  бид хоёр Энхбаатарын гэрт очиход Энхбаатар ганцаараа байсан. Би Энхбаатарын гэрт очоод унтчихсан Энхбаатар, Даваадорж нар гал түлж гэрээ дулаацуулна гээд сууж байсан. Намайг унтаж байтал дуудаж сэрээгээд босоод ир гээд байхаар нь босоод ирэхэд Энхбаатарын гэрт Э.Ганзориг, Даваадорж, О.Амарболд нар байсан бөгөөд тухайн үедээ 3 ширхэг пиво авчихсан ууцгааж байсан тэгээд бид нар пивоо уугаад сууж байтал баруун талын орон дээр сууж байсан О.Амарболд банди гэж хэлэхэд зүүн талын орон дээр суусан Э.Ганзориг та нар энэ банди гэдэг үгний утгыг мэдэх үу, халхын шоронгийн үг гээд маргалдаад эхэлсэн. Тэгээд О.Амарболд босож Э Ганзоригтой барьцалдаж авахад Даваадорж Э.Ганзоригийг тэврээд би О.Амарболдыг тэврээд суулгахад Э.Ганзориг гэрээс гарч прүсс мод авч орж ирээд О.Амарболдыг цохих гэж далайхад нь Даваадорж очоод тэврээд авсан тэр үед Э.Ганзоригийн барьж байсан мод газар унахад О.Амарболд тухайн модыг нь авч Э.Ганзоригийг цохих гээд гэрээс гараад явсан. Тухайн үед би гэрт байсан бөгөөд намайг гэрээс гарахад Э.Ганзориг О.Амарболдыг чи миний толгойг хагалчихлаа гээд орилж байсан. Тэгээд бид нар Э.Ганзориг О.Амарболд нарыг салгаад гэрт оруулж ирээд сууж байсан. Тэгтэл Ганзориг гаднаас хөрөө аваад ороод ирсэн тэр үед чи наадах хөрөөгөө яах гэж байгаа юм бэ буцаагаад хая гэж хэлээд гэрээс гаргасан. Тэгээд Энхбаатар гэрийнхээ хаалгыг хаагаад зогсож байтал Э.Ганзориг гэрийн хаалгыг онгойлгож баруун талын орон дээр сууж байсан О.Амарболд руу чулуу шидэхэд О.Амарболдын нүүрэн дээр онож О.Амарболд  нүүрээ дараад доош нь тонгойсон тэгээд очоод харахад зүүн нүднээс нь цус гарч байсан. Тэгэхээр нь Даваадорж бид хоёр Энхбаатарын гэрээс авч гараад эмнэлэг явъя гэхэд явахгүй зүгээр байна гээд байхаар нь Даваадоржийн хашаанд байх амбаарт очиж хоносон бид нар Даваадоржийн амбаарт байж байтал Даваадоржийн ээж Маамуу орж ирж О.Амарболдын цусыг цэвэрлэсэн. Бид 3 тэндээ хоноод О.Амарболд би гэрлүүгээ явлаа гээд яваад өгсөн. Өглөө босоход нүүр нь битүү хавдар болсон байсан. О.Амарболдын нүд нь сохорсон байна гэдгийг О.Амарболд Улаанбаатар хот руу явахын өмнө нь хэлсэн. О.Амарболд хэлэхдээ миний нүд сохорсон байна гэж эмч хэлж байна. Улаанбаатар хот руу явж эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон цагдаа дээр өргөдөл гаргасан байгаа гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24, 25-р тал/,

            3. Гэрч Э.Даваадоржийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би улирлын чанартай ажил хийдэг бөгөөд 2016 оны зун тус аймгийн Өлгий суманд барилгын ажил дээр ажилласан. Ажлын хөлс тухайн үедээ оролгүй байж байгаад 2016 оны 10 сарын 15-ны өдөр орж надтай цуг ажиллаж байсан Рагчаа бид хоёр цуг явж цалингаа аваад би өөрийн найз Э.Ганзориг луу залгаад чи хаана байна караокед оръё гэж дуудахад Э.Ганзориг нь Оогий гэх залуутай цуг ирээд Соёмбо караокед Э.Ганзориг, Оогий, Рагчаа, Мөнхзориг бид 5 орж 2 цаг аваад 1 шил 0.75 литрийн Улаанбаатар нэртэй архи, хүн тус бүрдээ 1 ширхэг 0.5 литрийн пиво аваад сууцгаасан. Тэгээд бид нар архи, пивоо ууж караокены цаг дуусаж гараад Рагчаа бид хоёр нөгөө хэдээс салаад Ачит нуур зочид буудал дээр очиж Амарболдын ихэр болох Амарзаяа дээр очсон. Тэр үед Ачит нуур зочид буудал, ресторанд хүлээн авалттай байсан тул бид хоёр буцаж гараад Энхбаатар руу ярихад гэртээ ганцаараа байна гэсэн тэгэхээр нь Рагчаа бид хоёр замдаа дэлгүүрээс 1 ширхэг пиво аваад Энхбаатарын гэрт очсон. Тэднийд очоод 1 ширхэг 2.5 литрийн пивоо ууж дуусчихаад О.Амарболд руу залгаад чи Энхбаатарын гэрт хүрээд ир гэхэд О.Амарболд Энхбаатарын гэрт ирсэн. Тэгээд О.Амарболд ирсний дараа Э.Ганзориг руу залгаж чи Энхбаатарын гэрт хүрээд ир гэж дуудаад Энхбаатарын гэрт Рагчаа, Амарболд, Ганзориг бид 5 цугласан. Тэгээд тэднийд цуглаад мөнгө байна уу гэхэд О.Амарболд 15.000 төгрөг байна гэж гаргаж ирэхээр нь Э.Ганзориг бид хоёр мотоциклиор явж 2 ширхэг 2.5 литрийн пиво авч ирээд бид нар хувааж уугаад сууж байтал О.Амарболд, Э.Ганзоригт хандаж чи муу банди гэж хэлсэн тэгтэл Э.Ганзориг нь уурлаж чи муу наадах "банди" гэдэг үгнийхээ утгыг мэдэх үү гэж маргалдаж бие биенээ бариад авсан тэр үед зодоон болгохгүй гэж тэнд байсан Рагчаа, Энхбаатар бид гурав О.Амарболд, Э.Ганзориг нарыг салгаад Э.Ганзоригийг гэрээс аваад гарахад Э.Ганзориг гаднаас 1 ширхэг прүсс мод аваад гэрлүү орж ирээд О.Амарболд руу далайхад би Э.Ганзоригийг очоод тэврээд авахад барьж байсан мод нь газар унасан тэр үед О.Амарболд босож Э.Ганзоригийн барьж орж ирсэн модыг аваад Э.Ганзоригийн толгойн гар луу нь цохисон. Тэгээд би Э.Ганзоригийг гэрээс гаргаад хашааны хаалгаар гаргаж явуулчихаад буцаж гэрт орж ирээд О.Амарболд, Рагчаа, Энхбаатар бид 4 сууж байтал хаалга онгойж Э.Ганзориг том хөрөө барьчихсан орж ирэхээр нь хөрөөгөө орхи гэхэд хөрөөгөө гаргаж хаячихаад чулуу аваад О.Амарболд руу шидэхэд тухайн чулуу нь О Амарболдын зүүн талын нүдэн тус газар онож О.Амарболдын нүднээс цус гарсан. Тэгэхээр нь бид нар сандарч О.Амарболдын цусыг Рагчаа бид хоёр арчаад үзэхэд нүд нь битүү хавдчихсан. 2 шүд нь сэтэрсэн байсан. Тэр үед Энхбаатар Э.Ганзоригийг аваад гарсан гэрт нь хүргэчихээд ирье гээд явсан тэр үед Рагчаа бид хоёр О.Амарболдыг аваад манай гэрт очиж хоносон. Тухайн үед манай гэрийнхэн унтсан байсан тул манай гадна байх амбаарт хоносон.  О.Амарболд Улаангом суманд Онош эмнэлэгт хэвтэж байхад аав нь нүд нь сохорсон байна одоо Улаанбаатар явах шаардлагатай боллоо та нар хохирол төлж өг гэж хэлсэн тэр үед мөнгө байгаагүй тул О.Амарболд цагдаагийн байгууллагад тэр даруйдаа өргөдөл гаргасан. О.Амарболд хэрэг гарах өдөр нүдээ сохорсон гэдгийг өөрөө ч мэдээгүй байсан бөгөөд эмнэлэгт хэвтээд эмчлүүлж байхдаа нүд нь сохорсон гэдгийг мэдээд цагдаад өргөдөл гаргасан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27, 28-р тал/,

            4. Гэрч Ж.Энхбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: “ 2016 оны 10 сарын 15-ны өдөр би гэртээ ганцаараа байсан бөгөөд орой 19:00 цагийн үед ажил хийж байгаад гэртээ ирээд байж байтал миний найз Даваадорж, Рагчаа нар ирсэн. Тэр хоёр манай гэрт ирэхдээ 1 ширхэг 2.5 литрийн пиво авч ирээд уугаад дуусаж байтал Рагчаа унтчихсан. Даваадорж манай гэрт байхдаа өөрийнхөө найз болох О.Амарболдыг чи Энхбаатарын гэрт хүрээд ир гэж дуудсан. Тэгээд дахин залгуулаад Э.Ганзоригийг дуудаад тэр хоёр нь манай гэрт цувж орж ирээд бид нар манай гэрт сууж байтал О.Амарболд халааснаасаа 15.000 төгрөг гаргаж ирээд үүгээр пиво авъя гэж хэлэхэд нь Э Ганзориг, Даваадорж нар пивонд явж 2.5 литрийн 2 ширхэг пиво авч ирээд манай гэрт байсан Э.Ганзориг, Даваадорж, О.Амарболд С.Рагчаа бид нар хувааж уугаад сууж байтал баруун талын орон дээр сууж байсаг О.Амарболд банди гэж хэлсэн үгнээс болж Э.Ганзориг уурлаж юу яриад байгаа юм бэ наадах үгнийхээ утгыг мэдэх үү гээд маргалдаж Э.Ганзориг, О.Амарболд нар зодолдох гэсэн. Тэгтэл тэнд байсан Даваадорж, Рагчаа бид нар боль гээд салгасан. Тэгтэл Э.Ганзориг гэрээс гараад явж байгаад буцаад прүсс мод бариад орж ирээд О.Амарболд руу далайхад Даваадорж босож модыг нь бариад гараас нь салгасан. Газар унасан модыг О.Амарболд аваад Э.Ганзоригийн гар, толгой руу нь цохисон. Тэгтэл Э.Ганзоригийг дахин гэрээс гаргаад би Ганзоригг хандаж чи одоо боль гэрлүүгээ явчих гээд явуулчихаад буцаж орж ирээд гэртээ сууж байтал хаалга онгойж Ганзориг хөрөө барьчихсан орж ирээд ална гээд орилохоор нь чи наадах хөрөөгөө орхи гаргаж хая гэж хэлээд гэрээс гаргаад хаалгаа хаачихсан байж байтал дахин хаалга онгойлгож баруун талын орон дээр ганцаараа сууж байсан О.Амарболд руу чулуу шидсэн тэр чулуу нь О.Амарболдын нүүрэн тус газар онож О.Амарболд нүүрээ дараад суухад би Ганзоригийг аваад гэрт нь хүргэх гээд гарсан. Тэгээд гэртээ орж ирэхэд Даваадорж, Рагчаа нар О.Амарболдыг аваад бид 3 явлаа гээд яваад өгсөн.  Би гэртээ ганцаараа үлдэж хоносон. Түүнээс хойш юу болсныг мэдэхгүй. Тухайн үедээ бол О.Амарболдын нүд нь сохорсныг мэдээгүй. О.Амарболд нь нүдээ дараад суусан тэгээд Ганзоригийг гаргаад гэрлүү нь явуулчихаад бид нарын байсан гэрлүү буцаад ороод ирэхэд Даваадорж О.Амарболдыг аваад гэрлүүгээ явна гээд Рагчаа, Даваадорж, Амарболд нар явсан тухайн үед хөмсөгнөөс нь цус гарч байсан. Тийм болохоор нүдийг нь сохорсон гэдгийг бол мэдээгүй, хөмсөгнөөс нь цус гарч байна гэж л ойлгосон. Нүд нь сохорсныг сүүлд эмчид үзүүлснийхэн дараа Улаанбаатар хот руу явах гэж байх үед нь мэдсэн.  Тэр үед О.Амарболд нь өөрөө цагдаагийн байгуулдагад өргөдөл гаргачихсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30, 31-р тал/, 

            5. Гэрч З.Маамуугийн мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 10 сарын 15-ны орой 21 цагийн үед би хөдөө байдаг гэрээсээ Улаангом сумын 9-р багт байрлах гэртээ ирэхэд миний хүү Даваадорж гэртээ байхгүй байсан. Тэгээд гэртээ байж байтал шөнө Рагчаа, Даваадорж, О.Амарболд нар ирсэн бөгөөд тэд нар гэрт орж ирэлгүй гадна байх байшинд орчихсон байхаар нь би араас нь яваад ороход О.Амарболдын нүүр нь цус болоод хавдчихсан байхаар нь би эмнэлэг явъя юу болсон юм наадах чинь гэхэд юу ч дуугарахгүй эмнэлэг явахгүй зүгээр байна гээд байсан. Тэгээд би тухайн хүүхдийн нүүрэн дэх цусыг нь цэвэрлэж угаасан. Тухайн үед зүүн нүд нь битүү хавдсан байсан. Тэгээд манай хашаанд байх байшинд хоноод өглөө 08 цаг болж байхад гараад явсан. Тухайн үед юу болсон талаар асуухад надад хэн ч юу ч хэлээгүй. О.Амарболд би зүгээр л гээд байсан. Би түүнээс хойш юу болсон талаар асуугаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 33-р тал/,

            6. Гэрч О.Амарзаяагийн мөрдөн байцаалтад өгсөн: “ О.Амарболд нь 2016 оны 10 сарын 16-ны өглөө гэртээ ирсэн бөгөөд намайг гэрийн гадна гараад ирэхэд О.Амарболд нь гэрийн үүдэнд нүүр нь цус болчихсон зогсож байхаар нь юу болсон талаар асуухад 2016 оны 10 сарын 15-16-нд шилжих шөнө тус аймгийн Улаангом сумын 10-р багт айлын гэрт сууж байтал түүнтэй цуг явсан Э.Ганзориг гэдэг залуу О.Амарболд руу чулуу шидэж түүний нүдэн дээр онож нүдийг нь сохолсон гэж Амарболд өөрөө хэлсэн. Тухайн үед намайг үзэхэд О.Амарболдын нүүр нь битүү хавдартай, 2 шүд нь сэтэрсэн, хөмсөг нь задарсан байсан. Тэгээд 103 дээр дагуулж явж үзүүлэхэд 1 дэх өдөр ирж нүдний эмчид үзүүл гэхээр нь 1 дэх өдөр дагуулж явж үзүүлэхэд Онош төвд үзүүл гэсэн тул Онош төвийн С.Пүрэвсүрэн эмчид үзүүлээд тухайн эмнэлэгт 6 хоног хэвтээд Улаанбаатар хот руу явсан. Тухайн үедээ нүд нь сохорсон гэдгийг мэдээгүй байсан. Тэгээд аав хөдөөнөөс ирээд С.Пүрэвсүрэн эмчтэй очиж уулзахад сохорсон байна гэж хэлэхээр нь цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан. Хэрэв тухайн үедээ сохорсон гэдгийг нь мэдсэн бол тэр даруйд нь цагдаад мэдэгдэх байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 34, 35-р тал/,

            7. Гэрч С.Пүрэвсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “Анх надад ирж үзүүлэхэд нүд нь хавдартай цустай байсан тул би тэр даруйд яг онош бол хэлээгүй. Тэгээд эмчилгээ хийж байгаад болор хамар тал руугаа мултарсан байсан тул энд эмчлэгдэх боломжгүй Улаанбаатар хот руу явж эмчлүүлэх шаардлагатай гэж зөвлөсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 36, 37–р тал/,

            8. Гэрч Н.Ойдовын мөрдөн байцаалтад өгсөн: “ Би яг зодооны талаар бол сайн мэдэхгүй, гэхдээ миний хүү О.Амарболд надад хэлэхдээ 2016 оны 10 сарын 15-16-нд шилжих шөнө Увс аймгийн Улаангом сумын 10-р багт найзынхаа гэрт байж байтал Э.Ганзориг гэдэг залуу чулуу шидэж зүүн нүдийг нь сохолсон талаар хэлсэн. Тэгээд би хөдөөнөөс Улаангом суманд орж ирж Онош эмнэлэгт хэвтүүлж эмчлүүлэхэд энд хагалгаа хийх боломжгүй Улаанбаатар хот руу зайлшгүй явах шаардлагатай байна гэсний дагуу 6 хоног Улаангом суманд Онош эмнэлэгт хэвтүүлээд би хүүгээ аваад Улаанбаатар хотод очиж Инфинити нэртэй эмнэлэгт хагалгаанд оруулсан. Инфинити эмнэлгийн эмч нар хэлэхдээ энэ хүний нүд дахин харах боломжгүй бүрэн сохорсон байна гэж хэлсэн. Энэхүү ажлаар явахад миний хүү болон надад маш их хохирол учирсан. Бид бүхэнд одоогоор нийт 4.579.000 / дөрвөн сая таван зуун далан есөн мянга/ төгрөгний хохирол учраад байна. Учирсан хохирлын баримтуудыг дэлгэрэнгүйгээр бичиж хэрэгт хавсаргаж өгөхөөр хүсэлт гаргасан байгаа. Хүсэлтэнд гарсан хохирлын талаарх баримтуудыг маш дэлгэрэнгүй хавсаргасан байгаа” гэх мэдүүлэг / хх-ийн 40-р тал /,

            9. Гэрч С.Алтантуяагийн мөрдөн байцаалтад өгсөн: “ Би О.Амарболдыг танихгүй. 2016 оны 10 сарын 17-ны өдөр надад О.Амарболд гэдэг хүүхэд ирж үзүүлсэн. Тухайн үед нүд нь хавдсан байсан бөгөөд хүнд цохиулсан гэсэн өгүүлэмжтэй байсан бөгөөд нүдийг нь үзэхэд О.Амарболд нь нүд харахгүй байна гэж хэлсэн. Харахгүй байгаа шалтгааныг нь заавал тогтоох ёстой. Гэтэл тухайн үед хаван хавдартай өвдөлттэй| байсан мөн болор нь гэмтэлтэй байсан тул би манай аймагт нүдний болорын талдаа илүү сайн мэдлэгтэй мэргэшсэн эмч болох Пүрэвсүрэн эмчид үзүүлчих гэж хэлээд явуулсан. Би тухайн үед О.Амарболдын нүд нь бүрэн сохорсон гэж хэлж чадахгүй байсан. Тийм ч учраас би болорын талаар мэргэшсэн эмч болох Пүрэвсүрэнд үзүүл гэж зөвлөсөн. Мөн 10 сарын 15-нд хүнд зодуулсан гэж хэлсэн тул тухайн үед цагдаагийн байгууллагад хандсан байх гэж бодсон” гэх мэдүүлэг /хх-ийн 41–р тал/,

            10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 14992 дугаартай шинжээчийн “О.Амарболдын биед зүүн нүдний хараагүйдэл, зүүн нүдний алимны хүнд зэргийн няцрал, гэмтлийн гаралтай хүүхэн харааны өргөсөл, болорын хагас мултрал, хориод бүрхүүлийн язрал, шиллэг биеийн бүдэгшил, торлогийн доорх цус харвалт, шар толбоны хатингаршил, зүүн нүдний алимны суулт гэмтэл тогтоодлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7, 31.1-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 65 % алдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 51-р тал/,    

            11. Увс финанс-Аудит ХХК-ний 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 608 дугаартай шинжээчийн “Мустанг-5 загварын мотоцикль”-ийг үнэлсэн дүгнэлт /хх-ийн 57-58-р тал /,

            12. “Инфинити ай центр” ХК-ний 2016 оны 11 дүгээр сарын 17-ний өдрийн 55 дугаартай  “О.Амарболд 2016.11.09-ний өдөр мэс засалд орсон үнэн талаарх тодорхойлолт” болон холбогдох бичиг баримтуудын хуулбар /хх-ийн 72-80-р тал /,

            13. О.Амарболдын2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 10 сарын 26-ны хооронд Онош эмэнэлэгт хэвтэн эмчлүүлсэн Өвчний түүхийн хуулбар, хохирлын баримтууд / хх-ийн 96-101, 108-122-р тал /,

            14. Хохирогч О.Амарболдын гэрэл зураг хураан авсан тэмдэглэл, фото зургын үзүүлэлт, /хх-ийн 13-14-р тал/,

            15. Эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоол, тэмдэглэл /хх-ийн 15-16-р тал/,

            16. Шүүгдэгчийн хувийн байдал тогтоосон баримтууд / хх-ийн 85-88, 91, 94, 102-103-р тал/,

            17. Шүүгдэгч Э.Ганзоригийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа /хх-ийн 131-р тал /,

            18. Шүүгдэгч Э.Ганзориг мөрдөн байцаалтанд өгсөн: “ 2016 оны 10 сарын 15-ны өдөр миний найз Даваадорж надруу яриад хоёулаа гадуур гарч ганц хоёр пиво ууя гэж яриад бид хоёр орой тус аймгийн Улаангом сумын 11-р багт байрлах Соёмбо нэртэй караокед орж дуулж суугаад 0.75 литрийн Улаанбаатар нэртэй архи 1 ширхэг, 5 ширхэг 0.5 литрийн пиво аваад Даваадорж, Рагчаа бид 3 сууж байгаад 1 цаг дуулж суугаад архи, пивоо уучихаад би гараад гэрлүүгээ явсан. Гэртээ байж байтал Даваадорж дахин надруу залгаж би Энхбаатарын гэрт байна хүрээд ир гэхээр нь яваад очиход Энхбаатар, Даваадорж, Рагчаа нар байсан. Намайг очиход 3 ширхэг 2.5 литрийн Три медведь нэртэй пиво авч ирээд тавьчихсан эхнээс нь ууж байсан. Тэгээд Энхбаатарын гэрт бид нар тухайн пивонуудыг ууж дуусаад Даваадорж бид хоёр гарч яваад 2.5 литрийн 1 ширхэг три медведь нэртэй пиво авч ирээд уугаад сууж байтал баруун талын орон дээр сууж байсан О.Амарболд босож ирээд намайг банди гэж хэлсэн тэгтэл урдаас нь чи наадах банди үгнийхээ утгыг мэдэх үү гэж асуухад мэднэ гэж хэлээд миний шанаан тус газар цохисон тэгээд бид хоёр барьцалдаж аваад О.Амарболд дахин миний баруун хөлний гуян дээр өшиглөсөн. Тэгтэл О.Амарболдыг Даваадорж, Рагчаа хоёр аваад гарсан Энхбаатар намайг гэрт аваад үлдсэн. Би гэрээс гарахад гэрийн гадна мод байхаар нь түүнийг аваад О.Амарболд руу далайхад Даваадорж ирээд намайг тэврээд авсан. Тэр үед би модоо газар хаяахад О.Амарболд гүйж ирээд миний газар унагаасан модыг аваад миний толгойн дээр цохиж миний толгойг хага цохисон. Тэр үед Энхбаатар гэрээс гарч ирээд намайг хашааны үүдэн дээр гаргаад чи маргааш ирж энэ хүмүүстэй учир эвээ ол гэж хэлээд намайг явуулсан. Тэгээд би хашааны хаалгаар гараад гэрлүүгээ явсан. Түүнээс хоёр хоногийн дараа би гэртээ хэвтэж байтал нэг танихгүй дугаараас миний дугаар луу залгахад би утсаа аваад ярьсан тэр үед О.Амарболдын ээж нь гэх хүн надруу залгаад чи миний хүүг зодсон байна гэсэн. Тэгтэл би урдаас нь “Би танай залууг цохиогүй. Таны залуу намайг цохиж бэртээлээ. Би гэртээ хэвтэж байна” гэж хэлээд утсаа тасалсан” гэх мэдүүлэг,

- Шүүгдэгч Э.Ганзоригийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2016 оны 10 дугаар сард Даваадорж гэдэг манай найз цалингаа авсан тул караокад орьё гэсэн тул би найзтайгаа хамт Соёмбо гэдэг караокад ороод гараад гэртээ очсон. Орой дахин Даваадорж над руу залгаж гэрт хүрээд ир гэж хэлээд Энхбаатарын гэрт очиход тэнд Энхбаатар, Даваадорж, Рагчаа нар байсан ба Даваадорж найзаа дуудчихлаа гэж хэлээд удаагүй Амарболд гаднаас орж ирсэн. Бид дэлгүүрээс пиво аваад уугаад байж байтал Амарболд над руу зандарч банди гэж над руу босохоор би чи юу яриад байгаа юм бэ? гэхэд Даваадорж намайг салгаад би гадагш гараад мод аваад эргээд гэртээ ороод ирэхэд Даваадорж намайг тэврээд аваад хаясан модыг Амарболд аваад миний толгойг хэсэгт цохиж толгой хагалж, миний гарын мах тасалсан. Энхбаатар намайг явуулсан боловч би эргээд орж ирсэн юм шиг байна лээ. Амарболдын нүдийг би сохолсон байх. Амарболдыг цохисон гэдгээ сайн  санахгүй байна. Надаас өөр хүн цохиогүй. Өөрийн буруугаа ойлгож байна. Мөнгөний боломж гарахгүй байгаа учраас хохирол төлж чадаагүй байгаа. Ийм хэрэг үйлдсэндээ гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү”” гэх мэдүүлэг зэрэг болно.  

         

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалж ДҮГНЭВЭЛ:

    

            Шүүгдэгч Э.Ганзориг нь 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багийн нутагт О.Амарболдыг зодож зүүн нүдийг нь хараагүй болгож хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч О.Амарболд, гэрч С.Рагчаа, Э.Даваадорж, Ж.Энхбаатар, О.Амарзаяа, З.Маамуу нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 14992 дугаартай дүгнэлт, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна. 

          

            Хэрэгт авагдсан эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэгт хамаарал бүхий байх тул нотолгооны ач холбогдолтойд тооцож үнэлсэн болно.

    

Шүүгдэгч Э.Ганзоригийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч О.Амарболдын  зүүн нүд хараагүй болсон нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 14992 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон байна.

Гэмтлийн зэрэг тогтоох журмын 7 дугаар зүйлд зааснаар нэг нүд бүрэн хараагүй болсон бол хөдөлмөрийн чадвараа 65 хувиар алдсан гэж үзэх бөгөөд мөн журмын 2.2.4-д зааснаар  хөдөлмөрийн чадварыг 65 хувиар алдагдуулсан бол гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

 

Хохирогч О.Амарболдын зүүн нүд буюу нэг нүд хараагүй болсон байх тул түүний бие махбодид хүнд гэмтэл учирсан гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Э.Ганзоригийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хохирогч О.Амарболд нь гэмт хэргийн улмаас гэмтэл авч Улаангомд “Онош” эмнэлэгт, Улаанбаатар явж “Инфинити ай центр” эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэсэн байх бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж 6.216.579  төгрөг нэхэмжилж байгааг хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн дараах байдлаар шийдвэрлэв.

Үүнд:

  1. Хагалгаа, эмчилгээний зардал 3.868.000 төгрөг,
  2. Увс - Улаанбаатар, Улаанбаатар - Увс хооронд явсан замын зардал 249.700 төгрөг,

нийтдээ 4.117.700 төгрөгийн зардал хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа тул шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгож, бусад зардал болох Улаанбаатар хот дотор явсан унааны зардал нь баримтаар тогтоогдоогүй, мөн хоолны зардал нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж үзлээ.

      Учир нь хохирогч гэмт хэрэгт өртөгдсөн эсэхээс үл хамааран хоол, унд зайлшгүй хэрэглэх учраас уг зардлыг гэмт хэрэгт өртөгдсөний улмаас гарсан зардал гэж үзэхгүй болно.

Иймээс нэхэмжлэлээс 2.098.879 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.Ганзориг нь хохирол төлж барагдуулаагүй болох нь хохирогч, шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр нотлогдож байх тул түүний өмчлөлийн эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хохирол төлөгдөж дуусах хүртэл хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

 Шүүгдэгч Э.Ганзориг нь согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.   

 

Шүүх ял оногдуулахдаа шүүгдэгч Э.Ганзоригийг үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан үзэж хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Шүүгдэгч цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж байна.

Шүүгдэгчид хорих ял оногдуулж байгаа тул урьд нь авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлтэй байна.  

             

Монгол  улсын эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 284 дүгээр зүйлийн 284.1, 286 дугаар зүйлийн 286.1, 294-296, 297 дугаар зүйлийн 297.1-279.5 дахь хэсэг 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

         

1. Шүүгдэгч Тайж овгийн Энхтөрийн Ганзоригийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

             2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар шүүгдэгч Э.Ганзоригт 5 / жил / жил 1 / нэг / сар хорих ял шийтгэсүгэй.

 

             3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг баримтлан шүүгдэгч Э.Ганзоригт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр тогтоосугай.

 

             4. Шүүгдэгч Э.Ганзориг энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурьдсугай. 

 

            5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Э.Ганзоригоос 4.117.700 төгрөг гаргуулж хохирогч О.Амарболдод олгож, нэхэмжлэлээс 2.098.879 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

            5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д зааснаар шүүгдэгчийн эзэмшлийн Мустанг-5 маркийн улаан өнгийн мотоцикль битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хохирол төлөгдөж дуустал хэвээр үлдээсүгэй.

       

             6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 68 дугаар зүйлийн 68.6-д зааснаар шүүгдэгч Э.Ганзоригт өмнө авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

           

              Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

                      

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Л.АЛТАН

 

                                        ШҮҮГЧИД                                    С.БОЛОРТУЯА

 

                                                                                                 Б.ГАНСҮХ