| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Алтандөшийн Энхбаатар |
| Хэргийн индекс | 180/2023/0031/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/42 |
| Огноо | 2023-02-17 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | З.Н |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 2023/ШЦТ/42
2023.02.17 2023/ШЦТ/42
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:180/2023/0031/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар би даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Заяа,
Улсын яллагч З.Наранчимэг,
Шүүгдэгч Б.Б , түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Б-д холбогдох 2239004340005 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Хэнтий аймгийн Батноров сумын 3 дугаар баг, Цагаан өндөр гэх газар жоншны уурхай дээр байрлах гал тогооны гэрээс хохирогч Д.Т-ийн эзэмшлийн 30 метр гэрлийн утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, түүнд 480,000 төгрөгийн хохирол учруулсныг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэгт хамааруулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Б.Б нь 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Хэнтий аймгийн Батноров сумын 3 дугаар баг, Цагаан өндөр гэх газар жоншны уурхай дээр байрлах гал тогооны гэрээс хохирогч Д.Т-ийн эзэмшлийн 30 метр гэрлийн утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, түүнд 480,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдлоо.
Тус үйл баримт нь бусдын эд хөрөнгөд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, өмчлөх эрхэд нь халдаж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Б.Б гэм буруутай болох нь:
Шүүгдэгч Б.Б гийн шүүх хуралдаанд өгсөн: “...гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
1.Хохирогч Д.Т-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Хэнтий аймаг Бор-Өндөр сумын 1 дүгээр багийн 37-33 тоотод эх******* хүүхдийн хамт амьдардаг. Би Батноров сумын 3 дугаар багийн Цагаан-Өндөр гэх газар “Ариун нутгийн хишиг” нөхөрлөлийн жоншны уурхай ажиллуулдаг. Би 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 20-ны өдрийн хооронд намайг Улаанбаатар хотод ажиллаар яваад ирэх хооронд уурхай дээр байсан 30 метр гэрлийн утас хулгайд алдсан байсан... Тухайн үед Б , Насанжаргал гэх хоёр хүн 10 дугаар сарын 11-ний өдөр манай уурхайд ажилд орсон. Намайг 10 дугаар сарын 20-ны өдөр уурхай дээр очиход Б , Насанжаргал хоёр 10 дугаар сарын 19-ний өдөр уурхайгаас явсан байна лээ. Би Б , Насанжаргал авсан байж магадгүй гэж бодож байна... Би тухайн 30 метр гэрлийн утсыг Улаанбаатар хот Зуун айл төвөөс 2022 оны 08 дугаар сард 1 метрийг нь 16000 төгрөгөөр худалдан авсан. Нийт 480000 төгрөгөөр худалдан авсан...Манай алдсан 30 метр гэрлийн утас гал тогоонд байсан...Манай ажилчид бүгд гал тогоонд орох боломжтой. Зарим ажилчид тухайн гал тогоонд байрлаж ажилладаг... Би өөрийн хулгайд алдсан 30 метр гэрлийн утсыг олж авмаар байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/,
2.Гэрч О.Насанжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн хооронд Батноров сумын хойд талын Цагаан Өндөр уурхайд нөхөр Б гийн хамт ажилласан юм. Би тогооч хийсэн, манай нөхөр малтагч хийсэн юм. Тэгээд 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ажлаасаа буухдаа манай нөхөр Б уурхайн ажлын байранд байсан 30 метр тогны утсыг аваад надад харуулахаар нь би яах гэж авч байгаа юм бэ сүүлд нь асуудалд орно буцаагаад тавь гэж хэлэхэд цалин өгөхгүй байгаа юм чинь авчихъя гэж хэлсэн. Тэгээд нөхөр бид хоёр Хэнтий аймаг Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн сууринд гэртээ ирсэн. Манай нөхөр тухайн тогны утсыг Эвт худалдааны төвийн зүүн талын авто сэлбэгийн дэлгүүрт аваачиж 150.000 төгрөгөөр зарсан. Тухайн мөнгөөр бид хоёр гэртээ хоол хүнсний зүйлс, мод түлээ аваад дууссан... би уг нь тухайн үед нөхөртөө хандан наад тогны утсаа авч яах гээд байгаа юм бэ, буцаагаад тавь, дараа нь асуудалд орно гэж хэлсэн юм. Тэгэхэд манай нөхөр авчихья гэж хэлээд авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,
3.Гэрч Ц.Алтанзулын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Хэнтий аймаг Хэрлэн сумын 3 дугаар баг тээвэрчид 1-1 тоотод нөхөр 4 хүүхдийн хамт амьдардаг. Би хувиараа Эвт худалдааны хойд талд авто сэлбэгийн дэлгүүр ажиллуулдаг. 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр намайг сэлбэг худалдааны дэлгүүрт сууж байхад нэг майга хөлтэй жижиг залуу ирээд 30 метр гэрлийн утас 150.000 төгрөгөөр хямд зарна гээд явж байсан. Тухайн залуугаас ямар учиртай гэрлийн утас юм хулгайн гэрлийн утас биш юм байгаа биздээ гэж асуухад тухайн залуу миний өөрийн гэрлийн утас мөнгөний хэрэг гараад зарах гэж байгаа гэхээр нь тухайн үед надад гэрлийн утасны хэрэгцээ байсан тул худалдаж авсан. Тэгээд хэд хоногийн дараа нөгөө гэрлийн утас зарсан гэх залуутай гэрлийн утасны эзэн гээд нэг хүнтэй ирээд 150.000 төгрөгийг маань буцааж өгөөд гэрлийн утсаа аваад явсан. Тухайн гэрлийн утасны эзэн гэх залуу энэ хүн манай гэрлийн утсыг хулгайлаад танайд зарсан байна гэж хэлж байсан. Би өөр зүйл мэдэхгүй байна...Би тухайн гэрлийн утас зарсан залууг урьд өмнө нь харж байгаагүй. Одоо тухайн залууг харвал танина...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/,
4.Фэйр Валуэшн ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2022/ШД-364 дугаартай “...30 метр цахилгааны утас нийт 480,000 төгрөг...” гэх үнэлгээний тайлан, дүгнэлт, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэлүүд /хх-ийн 40-44 дугаар хуудас/,
5.Шүүгдэгч Б.Б гийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...тогтоолтой танилцсан, надад тогтоолтой холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй, би сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшоөрч байна... би 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Хэнтий аймгийн Батноров сумын 3 дугаар баг Цагаан Өндөр гзх газарт байх жоншны уурхай дээрээс буухдаа уг уурхай дээр байсан 30 метрийн урттай гэрлийн утсыг хулгайлсан. Би ийм асуудал гаргасандаа маш их харамсаж байна. Ахиж ийм асуудал огт гаргахгүй, би үйлдсэн хэргээ бүрэн хүлээн зөвшөөрч байна. Өөр хэлж ярих зүйл алга байна...тухайн үед надад мөнгө, төгрөгний хэрэг гараад л хулгай хийчихсэн юм, өөр ямар нэгэн зүйл бол байхгүй... үгүй ээ, би гэмт хэрэг уйлдэхдээ ямар нэгэн зүйл ашиглаагүй... тийм ээ, би хохирол төлбөрөө төлж барагдуулсан... би үйлдсэн хэрэгтэй гэмшиж байна, ахиж ийм асуудал гаргахгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51 дүгээр хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллагчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийн эзэмшилд байгааг мэдсээр байж өмчлөгч, эзэмшигчид мэдэгдэлгүйгээр далд аргаар авч, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулж, эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг бүрэлдэхүүний шинжтэй гэмт хэрэг юм.
Шүүгдэгч Б.Б гийн үйлдэл нь “Бусдын 480.000 /дөрвөн зуун наян мянга/ төгрөгөөр үнэлэгдэх эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид материаллаг хохирол учруулсан” нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Шүүгдэгч Б.Б нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул уг гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн ... бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж заасан гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэй үйлджээ.
Иймд Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэслэлтэй байх тул шүүгдэгч Б.Б г “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй бөгөөд шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар талуудаас хүсэлт гаргаагүй болно.
2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.
Шүүхээс шүүгдэгч Б.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Улсын яллагч З.Наранчимэг: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Б.Б г 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах эрүүгийн хариуцлагын санал, дүгнэлт гаргаж оролцлоо.
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ: Улсын яллагчийн ялын саналыг дэмжиж байна гэх дүгнэлт гаргаж оролцлоо.
Шүүгдэгч Б.Б г тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Б.Б гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг нь тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Б.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 (хоёр зуун дөч) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Б д оногдуулсан 240 (хоёр зуун дөч) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагаар тогтоож, хэрэв шүүгдэгч нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг сануулав.
Шүүгдэгч Б.Б д оногдуулсан 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхийг Хэнтий аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.
Хохирлын тухайд: Хохирогч Д.Т-т шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “...ямар нэгэн санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй алдсан гэрлийн утсаа олож авсан шүүх хуралдаанд оролцохгүй...” гэсэн байх тул шүүгдэгч Б.Б г бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэ хэрэгт хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримтыг шүүхэд шилжүүлж ирүүлээгүй, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Б.Б д урьд авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б д 240 (Хоёр зуун дөч) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б д оногдуулсан 240 (Хоёр зуун дөч) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Б д сануулсугай.
5.Шүүгдэгч Б.Б д оногдуулсан 240 (Хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхийг Хэнтий аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6.Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Б.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХБААТАР