Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 02 өдөр

Дугаар   2023/ШЦТ/44

 

 

 

 

 

2023.03.02                                                    2023/ШЦТ/44

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:180/2023/0018/Э

 

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,

Улсын яллагч Д.Чулуунпүрэв,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болортунгалаг

Шүүгдэгч Ц.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цэдэн-Ишийн Наранхүүд холбогдох эрүүгийн 1739001090100 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Н нь 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг дугуй засварын гаднаас хохирогч Б.А-ийн өмчлөлийн 70-56 ХЭҮ улсын дугаартай Тоёото пробокс маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ц.Н нь 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг дугуй засварын гаднаас хохирогч Б.А-ийн өмчлөлийн 70-56 ХЭҮ улсын дугаартай Тоёото пробокс маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 1739001090100 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.Н-гийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Тогтоолтой танилцлаа. Би зүйл ангиа хүлээн зөвшөөрч байна... 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Төгсбаатар 10 цагийн үед хүнээс буцах зардлын мөнгө зээлж авсан. Тэгээд Төгсбаатар хүнээс зээлсэн мөнгөөрөө дэлгүүрээс архи аваад гадаа гудамжинд 0.5 литр болон 0.75 литрийн 2 шил архи хувааж уусан. Би уусан архиндаа нэлээн согтсон байсан...ямар ч гэсэн Улаанбаатар хот руу явдаг таксинууд зогсдог зогсоол руу очиж явах унаа хайж байсан. Тэгээд нэг мэдэхэд цагдаа дээр эрүүлжүүлэгдсэн...2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр эрүүлжүүлэхээс гараад хохирогчтойгоо уулзахад дугуй засварын гадаа байсан машиныг унаж яваад стадионы хажууд зогсож байсан гэж надад хэлсэн...би машиныг нь унаад явсан юм чинь би л тэр гар утсыг нь төлж барагдуулна байх гэж бодож байна. миний санаж байгаагаар утсаар би нэг хүнтэй яриад байсан би өөрөө гар утасгүй яваа. Тэгэхээр би хохирогчийн гар утсыг нь машинаас аваад утсаар ярьж байсан байх. Тэгээд энд тэнд гээчихсэн байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч Б.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би өнөөдөр өдөр 14 цагийн үед аав Батчулууны хамт өөрийнхөө 70-56 ХЭҮ улсын дугаартай пробокс маркийн суудлын авто машинтай Хэрлэн сумын 4 дүгээр сургуулийн баруун урд талд ажиллуулдаг дугуй засварын байрны зүүн талд нь урагшаа харуулаад хаалгыг нь түгжилгүй орхисон юм. Учир нь машин дугуй засварын байрны ердөө үүдэнд хаалгаар ил харагдаж байсан...Тэгээд аавтай юм хийгээд сууж байтал гэнэт миний машин урагшаа хөдлөөд явчихсан. Гайхаад аавын хамт гараад хартал урд талын засмал замаар баруун тийшээ явж байсан...Аав бид хоёр зам дээрээс нэг танихгүй жолооч гуйгаад араас нь явсан боловч олоогүй. Аав цагдаа руу ярьж дуудлага өгөөд бид хоёр баахан явж байгаад Хэрлэн голын гүүрний пост руу очоод эргээд хойшоо явж байтал төв стадионы зүүн талд миний машин хойшоо харсан байдалтай зогсож байсан. Яваад очтол миний машин түгжээтэй байхаар нь ойр хавиар нь хавиар нь хартал стадионы зүүн талд нэг согтуу залуу миний машины түлхүүрийг гартаа атгачихсан хэвтэж байсан....Тэгээд цагдаа руу машинаа болон нөгөө залууг дагуулаад ирсэн. Миний автомашиныг авч зугтаасан тэр залууг би огт танихгүй, ямар учраас миний машиныг ямар нэгэн зөвшөөрөлгүй авч зугтаасан гэдгийг мэдэхгүй байна...ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй байна...гар утас засварын газраас 200.000 төгрөгөөр худалдаж авч байсан...үнэлгээний компаниас гаргасан үнэлгээгээр гэм буруутай этгээдээс хохирлоо нэхэмжилнэ...үнэлгээгээр миний гар утас 192.000 төгрөгөөр үнэлэгдсэн учир би тухайн этгээдээс 220.000 нэхэмжлэнэ...” гэх мэдүүлэг (хх-ийн 8-9, 12-р хуудас),

Гэрч Д.Батчулууны мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Өнөөдөр буюу 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 14 цагийн үед би хүүгийнхээ 70-56 ХЭҮ улсын дугаартай саарал өнгийн пробокс маркийн авто машинтай нь хүү Алтангэрэлтэйгээ хамт дугуй засвар дээр ирсэн. Ирээд манай хүү авто машинаа дугуй засварын зүүн талд нь тавьж байрлуулсан. Тэгээд хүү бид хоёр дугуй засварынхаа байр руу ороод байж байтал гэнэт хүүгийн машин хөдлөөд урагшаа эргээд төв зам руу ороод баруун гар тийшээ буюу 4 дүгээр сургуулийн урд талын засмал замаар ертөнцийн зүгээр баруун тийшээ явчихсан. Хүү бид хоёр араас нь зогсоол дээрээс нэг жолооч гуйгаад араас нь хүүтэйгээ хамт явсан боловч олоогүй. Тэгээд тэр даруйдаа цагдаагийн газрын жижүүрийн утсанд мэдээлэл өгөөд эргээд явж байтал манай хүүгий автомашин хойшоо харсан байдалтай зогсож байсан. Яваад очтол 30 орчим насны, туранхай, баруун нүд нь үүлтэй, шар царайтай залуу манай хүүгийн автомашины түлхүүрийг нь гартаа атгачисан, стадионы зүүн талд согтуу хэвтэж байсан...манай хүүгийн хар өнгийн савхин хүрэмний халаасанд байсан iphone-5 маркийн гар утас нь алга болсон байсан. Өөр эд зүйл бол алга болоогүй...гэх мэдүүлэг (хх-ийн 15-р хуудас),

Гэрч Б.Эрдэнэбулганы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Өдөр 14 цаг 30 минутын үед  цагдаагийн газрын 7056102 дугаарын утсан дээр Ганбаатар гэх иргэнээс Хэрлэн сумын 2 дугаар баг 4 дүгээр сургуулийн урд талд үйл ажиллагаа явуулдаг дугуй засварын гаднаас 7056 ХЭҮ улсын дугаартай пробокс маркийн суудлын автомашин алдсан талаар мэдээлэл ирүүлсэн. Мэдээллийн дагуу тухайн дуудлага өгсөн иргэнтэй холбогдож алдагдсан автомашиныг эрэн сурвалжилж ажилласан ба өдөр 15 цаг 30 минутын орчимд Цэдэн-Иш овогтой Наранхүү гэх Сэлэнгэ аймгийн харъяат этгээд нь авч явсан болохыг тогтоосон. Ц. Наранхүү нь тухай үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан тул эрүүлжүүлсэн байгаа...” гэх мэдүүлэг (хх-ийн 17-р хуудас),

Iphone-5 маркийн гар утасны үнэлгээний тайлан (хх-ийн 19-26-р хуудас),

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 38-54-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 1739001090100 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ц.Н нь 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг дугуй засварын гаднаас хохирогч Б.А-ийн өмчлөлийн 70-56 ХЭҮ улсын дугаартай Тоёото пробокс маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Ц.Н-гийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хохирогч Б.А-ийн (хх-ийн 7-9-р хуудас), гэрч Д.Батчулууны (хх-ийн 14-15-р хуудас), гэрч Б.Эрдэнэбулганы (хх-ийн 16-17-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Iphone-5 маркийн гар утасны үнэлгээний тайлан (хх-ийн 19-26-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг нөхцөл байдал, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явах гэмт хэргийг шүүгдэгч Б.Наранхүү нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгогүйгээр, бусдын эд хөрөнгөнд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Хохирогч Б.Алтангэрэлд  “Тоёото Пробокс” загварын 70-56 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг буцаан өгсөн,   Б.А-ийн алдсан Iphone-5 маркийн гар утасны  192.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байна. Иймд шүүгдэгч Ц.Н-с 192.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Алтангэрэлд олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ц.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

   Шүүгдэгч Ц.Н-гийн үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдэгдсэн байх ба 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байх боловч шүүгдэгч Ц.Н нь 2006 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж 3 жил өршөөн хасагдаж байсан тул Өршөөл үзүүлэх тухай (2021 оны 7 дугаар сарын 02-ны) хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т заасны дагуу өршөөлд хамруулах үндэслэлгүй гэж үзлээ.

  Шүүгдэгч Ц.Н нь 2014 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.2, 261 дүгээр зүйлийн 261.2-т зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 39, 49-54-р дугаар хуудас)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.Н нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзлээ. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан үзэж түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Ц.Н-ийн цагдан хоригдсон 17 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нийт 255 нэгжээр тооцож торгох ялын хэмжээнээс 255,000 төгрөгийг хасах нь зүйтэй байна.

Эрүүгийн 1739001090100 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н-г 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ц.Н нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н-гийн цагдан хоригдсон 17 (арван долоо) хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нийт 255 (хоёр зуун тавин тав) нэгжээр тооцож 255,000 (хоёр зуун тавин таван мянга) төгрөгийг торгох ялаас хассугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ц.Н-с 192.000 (нэг зуун ерэн хоёр мянга)  төгрөгийг гаргуулж хохирогч Б.Алтангэрэлд олгосугай.

7. Эрүүгийн 1739001090100 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Н-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.УУГАНБАЯР