| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2019/01175/И |
| Дугаар | 102/ШШ2019/01792 |
| Огноо | 2019-06-13 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 102/ШШ2019/01792
| 2019 оны 06 сарын 13 өдөр | Дугаар 102/ШШ2019/01792 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, өөрийн байранд байрлах, С.Н.Д.Х /РД: …............/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 04 дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж, 63 дугаар байрны 35 тоот хаягт байрлах, Э.М.К ХХК /РД:.................. /-д холбогдох,
Нийгмийн даатгалын шимтгэл, алдангид 16,382,360 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, хариуцагчийн төлөөлөгч З.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Х.Д.Н.Д.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Наранцацралын гаргасан тайлбарт: Хариуцагч Э.М.К ХХК нь С.Х.Д.Н.Д.Х 2015 оны 01 дүгээр сараас эхлэн бүртгэлтэй бөгөөд 2018 оны 10 дугаар сарыг дуустал нийгмийн даатгалын шимтгэлийг хугацаанд нь төлөлгүй 13,388,240 төгрөгийн өр үүсгээд байна. Дээрх байгууллагын удирдлагатай удаа дараа уулзаж, нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрөө төлөх талаар сануулсан боловч одоог хүртэл төлөлгүй Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д Нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 17.1.4-т заасан Ажил олгогч даатгуулагчийн шимтгэл төлөх үүрэг зэрэг заалтуудыг зөрчиж байна.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т дутуу төлсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги ногдуулна. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна. гэж заасны дагуу 6,694,120 төгрөгийн алданги ногдуулаад байна. Иймд төлбөл зохих шимтгэлийн дүн 13,388,240 төгрөг, түүнд ногдох 6,694,120 төгрөгийн алданги, нийт 20,082,360 төгрөгийг хуулийн дагуу гаргуулж өгнө үү гэх нэхэмжлэлийг манай байгууллага гаргасан юм. Гэвч хариуцагч нь шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш буюу 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 500,000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 3,000,000 төгрөг, бүгд 3,500,000 төгрөгийг төлсөн тул үүнийг алдангийн үнийн дүнгээс хасч, нэхэмжлэлийн шаардлагаа 16,382,360 төгрөг болгон багасгаж байна. Бид нэхэмжлэл шүүхэд анх гаргахдаа хариуцагчийн нэрийг Э.М.К ХХК гэж ташаа бичсэн байна, хариуцагчаар Э.М.К ХХК-г татсан болно гэв.
Хариуцагч Э.М.К ХХК-ийн төлөөлөгч З.А-ийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Манай компани нь бетон зуурмаг, үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд С.Х.Д.Н.Д.Х тухай бүр тайланг илгээж, 2015 оноос хойш хамтран ажиллаж ирсэн юм. Бид өнгөрсөн 2018 онд өөрсдийн боломжийн дагуу нийгмийн даатгалын шимтгэлд 6,980,000 төгрөгийг төлсөн байна. Манай компани нь улирлын чанартай үйл ажиллагаа явуулдаг бөгөөд бүтээгдэхүүн авсан байгууллагууд маань манайд өр төлбөрөө барагдуулаагүй байгаагаас бид санхүүгийн хүндрэлд ороод байна. Манай компани нь үлдэгдэл төлбөр 13,388,240 төгрөгийг графикийн дагуу төлж барагдуулна. Мөн өр төлбөрийг барагдуулаагүй энэ байдлаас шалтгаалж 2018 оны 11 дүгээр сараас тайланг хүлээж аваагүй байгаа нь ажилчдын эрх ашгийг хохироогоод байна. Иймд алданги тооцохгүйгээр төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү. Манай компани нь Э.М.К ХХК гэх нэртэй байж байгаад нэрээ өөрчилж Э.М.К ХХК болгон өөрчилсөн болно гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Х.Д.Н.Д.Хнь хариуцагч Э.М.К ХХК-д холбогдуулан нийгмийн даалтгалын шимтгэлд 13,388,240 төгрөг, түүнд ногдох 6,694,120 төгрөгийн алданги, нийт 20,082,360 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Наранцацрал нь нэхэмжлэлийн шаардлагаа 3,500,000 төгрөгөөр багасгаж, 16,382,360 төгрөг болгожээ.
Нэхэмжлэгч С.Х.Д.Н.Д.Хнь 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 236 дугаар албан бичгээр итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Н.Наранцацралыг томилж, түүнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрхийг эдлүүлэхээр итгэмжлэл олгосон ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг багасгах эрхтэй байна.
Тус хэлтэс нь шүүхэд 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хариуцагчаар Э.М.К ХХК-г хариуцагчаар татаж нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэлдээ хариуцагчаар татагдсан этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг хавсаргасан боловч нотлох баримтын шаардлага хангаагүй тул шүүхээс хариуцагчийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулахад хариуцагч нь Э.М.К ХХК биш, харин Э.М.К ХХК болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон болно. Гэхдээ нэхэмжлэгч С.Х.Д.Н.Д.Хнь нэхэмжлэлдээ хариуцагчийн регистрын дугаарыг 5397812 гэж бичсэн байгаа нь Э.М.К ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд бичигдсэн 5397812 регистрын дугаартай таарч байна. Мөн хариуцагчийн төлөөлөгч З.А нь энэ иргэний хэргийн хариуцагч нь Э.М.К ХХК биш гэж маргаагүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн хариуцагч нь Э.М.К ХХК байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ...хариуцагч 2015 оны 01 дүгээр сараас эхлэн 2018 оны 10 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл 13,388,240 төгрөгийг төлөөгүй тул алданги 6,694,120 төгрөгийн хамт 20,082,360 төгрөгийг бид нэхэмжлэх үндэслэлтэй, шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш төлсөн 3,500,000 төгрөгийг хасч, 16,382,360 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэж, хариуцагчийн төлөөлөгч нь ... үндсэн төлбөр 13,388,240 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Харин бид борлуулсан бүтээгдэхүүнийхээ төлбөрийг бусдаас авч чадахгүй санхүүгийн хүндрэлд орсон тул алдангийн 6,694,120 төгрөгийг төлүүлэхгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэж тус тус мэтгэлцжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Даатгуулагч болон ажил олгогч нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй бөгөөд энэ үүргийнхээ дагуу хариуцагч Э.М.К ХХК-д 2015 оны 01 дүгээр сараас 2018 оны 10 дугаар сарын байдлаар 13,388,240 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн төлөгдөөгүй өр хуримтлагдсан болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан дээрх хугацааны хариуцагч Э.М.К ХХК-ийн шимтгэлийн болон алдангийн тооцоо, заавал даатгах даатгуулагчдийн нийгмийн даатгалын шимтгэлийн авлагын дэлгэрэнгүй бүртгэл зэрэг баримтуудаар тогтоогдсон, хариуцагч үндсэн өр буюу 13,388,240 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн, харин алдангийг төлөхгүй гэж маргажээ.
Шимтгэлийг Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д заасны дагуу ажил олгогч ажилтны цалин орлогоос суутгаж, тухайн сард багтаан нийгмийн даатгалын санд шилжүүлэх үүрэгтэй бөгөөд хариуцагч Э.М.К ХХК нь 13,388,240 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй байгаа нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан даатгуулагчийн эрхийг зөрчсөн байна.
Хариуцагч Э.М.К ХХК нь хуулиар хүлээсэн үүргийг тогтоосон хугацаанд биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн байх тул нэхэмжлэгч нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасны дагуу хариуцагчаар 2015 оны 01 дүгээр сараас 2018 оны 10 дугаар сарыг хүртэл хугацааны нийгмийн даатгалын шимтгэл 13,388,240 төгрөгийг төлүүлэх, дутуу төлсөн шимтгэлийн дүнгээс 0.3 хувиар хоног тутам алданги тооцон гаргуулахаар шаардах эрхтэй.
Иймд хариуцагч Э.М.К ХХК-иас нийгмийн даатгалын шимтгэлийн өр 13,388,240 төгрөг, түүнд ногдох алданги 6,694,120 төгрөг, нийт 20,082,360 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлтэй ба хариуцагч Э.М.К ХХК нь 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 500,000 төгрөг, мөн сарын 13-ны өдөр 3,000,000 төгрөг нийт 3,500,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн ба нэхэмлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дээрх төлөгдсөн төлбөрийг алдангийн дүнгээс хасч тооцон, нэхэмжлэлийн шаардлагаа 16,382,360 төгрөг болгон багасгасан нь үндэслэлтэй байна.
Хариуцагчийн төлөөлөгч нь ... үндсэн төлбөр 13,388,240 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Харин бид борлуулсан бүтээгдэхүүнийхээ төлбөрийг бусдаас авч чадахгүй санхүүгийн хүндрэлд орсон тул алдангийн 6,694,120 төгрөгийг төлүүлэхгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэж тайлбарлаж байгаа боловч өөрийн татгалзлыг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байхаас гадна энэ үндэслэлээр Нийгмийн даатгалын тухай хуулиар тогтоосон хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл Нийгмийн даатгалын тухай хуульд зааснаар ажил олгогч нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хугацаанд төлөх үүргээ биелүүлээгүй учраас хуулийн дагуу алданги тооцох хариуцлага бий болно.
Ажил олгогч нь цалин олгож байгаа бол нийгмийн даатгалын шимтгэлийг заавал төлөх үүрэгтэй бөгөөд эдийн засгийн боломжгүй байх нь төлбөр төлөхөөс чөлөөлөгдөх үндэслэлд хамаарахгүй.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул, хариуцагчаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулан улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Э.М.К ХХК-иас 16,382,360 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.Х.Д.Н.Д.Х олгох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1.1, 20 дугаар зүйлийн 1.2-т заасныг баримтлан хариуцагч хариуцагч Э.М.К ХХК-иас 16,382,360 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.Х.Д.Н.Д.Х олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч Э.М.К ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 239,862 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР