Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2023/ШЦТ/247

 

2023        03          09                                       2023/ШЦТ/247

            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Орхонтамир даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуул,  

улсын яллагч М.Гансувд,

шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Б-д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2309 00000 0071 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

         Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ...-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, мужаан ажилтай гэх, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй,

 урьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2005 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 12а дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 93 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр, 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 200,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 93 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр, 3 жилийн хугацаагаар хорих ялын зарим болох 1 жилийг нэмж, биечлэн эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар тогтоосон,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 241 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлсэн, Д.Б

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 06 цагийн үед эхнэртэйгээ маргалдсаны улмаас уурандаа Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 39 дүгээр сургуулийн урд талын автобусны буудал дээр зогсож байсан Нийслэлийн Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ Хоёрдугаар баазын эзэмшлийн ..-... УЕВ улсын дугаартай XIAmen XML6105j15c маркийн нийтийн тээврийн хэрэгслийн цонхыг гараараа цохиж хагалж, гэмтээн 1.473.940 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.Б-г Нийслэлийн Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ Хоёрдугаар баазын эзэмшлийн 21-30 УЕВ улсын дугаартай XIAmen XML6105j15c маркийн нийтийн тээврийн хэрэгслийн цонхыг гараараа цохиж хагалж, гэмтээн 1.473.940 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Хавтаст хэргээс:

-Хэргийн газарт үзлэг хийсэн: “...Үзлэгийг Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн урд талын зам дээр явуулав. Цонх нь хагарсан гэх тээврийн хэрэгсэл нь ..-.... УЕВ улсын дугаартай цагаан өнгийн автобус маркийн тээврийн хэрэгсэл байх ба арын хаалганы хойд хэсэгт байх 1 метр орчим өргөнтэй, 1 метр 50 см орчим урттай шил цөмөрч хагарсан байв...” гэх тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 2-4 дүгээр тал/,

-Хохирогч Нийслэлийн Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын хоёрдугаар баазын хууль ёсны төлөөлөгч Л.Б-ийн: “...Би 2022 оны 12 дугаар сарын 30-ны өглөө үүрээр 06:00 цаг өнгөрч байхад Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо 39-р сургуулийн урд талын зам дээр өөрийн унаж үйлчилгээнд явдаг автобус болох XIAmen XML6105j15c загварын автобусаа жолоодоод явж байгаад автобусны буудал дээр зогсож байхад зам дээр зогсож байсан машинаас нэг үл таних эрэгтэй хүн бууж ирээд миний автобусны зорчигч буух хаалганы ард хэсгийн том шилийг гараараа цохиод хагалсан. Тэгээд би буугаад ирэхэд нөгөө эрэгтэй хүн нь хажууд байсан ба нэг машины шилийг цохиж байгаа харагдсан. Гэхдээ тэр машиных нь шил хагараагүй байсан. Тухайн залууг сүүлд нь харахад хуруундаа маш том 2 бөгжтэй байсан. Бөгжтэй гараараа шил цохисон учраас шил хагарсан юм шиг байна лээ. Тэгээд бас гараа зүссэн байсан. Би машинаасаа даавуу гаргаж өгч боож өгсөн. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан...Миний жолоодож явсан автобус нь XIAmen XML6105j15c гэдэг загварын БНХАУ-д үйлдвэрлэсэн автобус байсан. Ард шилийг нь нилэнхүйд нь сольдог учраас жаахан үнэтэй байдаг юм байна лээ. 1.500.000 орчим төгрөг болох байх...”, “.....-.. УЕВ улсын дугаартай автобусаа баазын хашаанаас авчихаад шугамдаа гарах гээд Чингэлтэй-Зүрх уул руу чиглэлтэй Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 39 дүгээр сургуулийн замын урд талд хөдөлгөөнд оролцоод явж байхад зам дагуу нэгдүгээр эгнээнд жижиг тэрэг зогссон байсан ба тухайн машиныг тойрч гарч ирж байхад дотроос нь 30 гаран насны согтуу эрэгтэй хүн бууж ирээд жолоочийн эсрэг талын арын шилийг шууд гараараа цохиод хагалсан. Тэгээд би тэр дор нь зогсоод тухайн согтуу хүнийг бариад цагдаад дуудлага өгсөн удалгүй цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дугаар тал/,

-Шинжээч “Хас Үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр гаргасан 49 дугаартай: “...хагарсан шил...үнэлгээгээр тогтоогдсон дүн 1.473.940 төгрөг...” гэх дүгнэлт, үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 9-10 дугаар тал/,

-Техникийн комиссын 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн акт /хавтаст хэргийн 6 дугаар тал/,

-Яллагдагч Д.Б -ийн сэжигтнээр өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 18:00 цагт эхнэр У-ийн хамт шинэ жилийн арга хэмжээнд оролцсон. Тухайн үед би оны шилдэг ажилтан болж шагнуулаад архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байсан. Тэгээд эхнэрийн хамт шинэ жилийн арга хэмжээ дуусгаад эхнэрийн дүү Б эхнэр бид хоёрыг болон цуг ажилладаг З болон З-ийн эхнэрийн хамт машинд суусан тэгээд тэр хоёрыг хүргэж өгөх гээд цагаан байрны автобусны буудал дээр Заяа эхнэрийн хамт хүргэж өгөх гээд очсон тэр хоорондоо эхнэртэйгээ маргалдаж машинаас буугаад уурандаа 39-ийн автобусны буудал дээр байсан автобусны цонхыг хагалж цагдаад баригдаж эрүулжүүлэх байранд хоносон. Тэр үедээ би өөрийн хийсэн үйлдлээ сайн санахгүй байгаа. Эрүүлжүүлэх байрнаас гараад эхнэрээсээ болсон явдлыг асуусан. Тэгсэн би согтуудаа их муухай ааш гаргаж бусдын эд хөрөнгийг хагалж хохирол учруулсан байна...Тухайн үед архи зөндөө уусан яг тэд эд гэж хэлэх боломжгүй байна...Тухайн үедээ би маш их архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байсан. Эхнэртэй муудалцаад машинаас буугаад зогсож байсан автобусны шилийг баруун гараараа цохиж хагалсан. Миний баруун гар зүсэгдэж шалбарсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21- 22 дугаар тал/,

-Яллагдагч Д.Б-ийн яллагдагчаар өгсөн: “...Би 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр байгууллагын шинэ жилийн арга хэмжээ болсон. Тэгээд би ажлынхаа хүмүүсийн хамтаар Өргөөгийн хойд талын уулзварт байх нэрийг нь мэдэхгүй газарт орж архи согтууруулах ундаа хэрэглэсэн. Би байгууллагын шилдэг ажилтан болсон учраас нилээд архи согтууруулах ундаа хэрэглэсэн. Тэгээд би нэг мэдсэн чинь эрүүлжүүлэх байранд сэрсэн. Эхнэрээсээ асуусан чинь согтуу явж байгаад автобусны цонх хагалсан гэж надад хэлсэн. Би архи уухаараа агсам согтуу тавьдаггүй юм. Гэтэл тухайн өдөр ямар учир шалтгааны улмаас ийм зан гаргасан талаараа мэдэхгүй байна. Тухайн хүн хуулийн этгээдэд учруулсан хохирлоо нөхөн барагдуулна Би цалинтай ажил хийж байгаа. Бүгдийг нь нэг дор барагдуулж чадахгүй ч гэсэн хуваагаад барагдуулна. Би үнэлгээг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дугаар тал/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

Үйл баримтын талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулж шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 39 дүгээр сургуулийн урд талын автобусны буудал дээр зогсож байсан Нийслэлийн Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ Хоёрдугаар баазын эзэмшлийн ..-.. УЕВ улсын дугаартай XIAmen XML6105j15c маркийн нийтийн тээврийн хэрэгслийн цонхыг хагалж, 1.473.940 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Шүүгдэгч Д.Б нь Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 39 дүгээр сургуулийн урд талын автобусны буудал дээр зогсож байсан Нийслэлийн Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ Хоёрдугаар баазын эзэмшлийн ..-... УЕВ улсын дугаартай XIAmen XML6105j15c маркийн нийтийн тээврийн хэрэгслийн цонхыг гараараа цохин хагалж, Нийслэлийн Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ Хоёрдугаар баазын жолооч Л.Б-д 1.473.940 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хэргийн газарт үзлэг хийсэн: “...Үзлэгийг Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн урд талын зам дээр явуулав. Цонх нь хагарсан гэх тээврийн хэрэгсэл нь ...-.... УЕВ улсын дугаартай цагаан өнгийн автобус маркийн тээврийн хэрэгсэл байх ба арын хаалганы хойд хэсэгт байх 1 м орчим өргөнтэй, 1 метр 50 см орчим урттай шил цөмөр хагарсан байв...” гэх тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд,

Хохирогч Нийслэлийн Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын хоёрдугаар баазын хууль ёсны төлөөлөгч Л.Б-ийн: “...Би 2022 оны 12 дугаар сарын 30-ны өглөө үүрээр 06:00 цаг өнгөрч байхад Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо 39-р сургуулийн урд талын зам дээр өөрийн унаж үйлчилгээнд явдаг автобус болох XIAmen XML6105j15c загварын автобусаа жолоодоод явж байгаад автобусны буудал дээр зогсож байхад зам дээр зогсож байсан машинаас нэг үл таних эрэгтэй хүн бууж ирээд миний автобусны зорчигч буух хаалганы ард хэсгийн том шилийг гараараа цохиод хагалсан...” гэх мэдүүлэг,

Шинжээч “Хас Үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр гаргасан 49 дугаартай: “...хагарсан шил...үнэлгээгээр тогтоогдсон дүн 1.473.940 төгрөг...” гэх дүгнэлт, үнэлгээний тайлан,

Техникийн комиссын 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн акт,

Яллагдагч Д.Б-ийн сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон өөрийн гэм бурууг хүлээж мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

Шүүгдэгч Д.Б нь Нийслэлийн Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ Хоёрдугаар баазын эзэмшлийн ...-.. УЕВ улсын дугаартай XIAmen XML6105j15c маркийн нийтийн тээврийн хэрэгслийн цонхыг гараараа цохиж хагалж, хохирогч Л.Б-д 1.473.940 төгрөгийн хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээжээ.

 

Уг үйлдлийн улмаас бусдад буюу хохирогч Л.Б-д бага хэмжээнээс дээш хэмжээний буюу 1.473.940 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч Д.Б-ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасантай нийцсэн, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах, гэмтээх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул Д.Б-г “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн” буюу Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ. 

 

Шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн, нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж,

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх зэрэг хуулиар олгогдсон эрхтэй” гэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тодорхойлж тус тус хуульчилсан байдаг.

Хохирогч Л.Б шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “...Хохирол төлбөр шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн байхаас гадна шүүгдэгч Д.Б нь хохирлын мөнгийг төлөх тухай баталгаа” гэх баримтыг нотариатаар гэрчлүүлж хэрэгт хавсаргасан /хавтаст хэргийн 66 дугаар тал/ байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан байна гэж дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргээ ойлгож гэмшиж байгаа байдал, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Д.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Д.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлаж, ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулан, ялтны эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

 

Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв. 

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Шүүгдэгч Д.Бат-Амгаланг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрийн оршин суух газраас явахыг хориглох буюу Улаанбаатар хотоос явахыг хориглож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан Д.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            4. Зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

            5. Шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ОРХОНТАМИР