Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/45

 

   

 

 

 

 

 

 

2023.03.03                                            2023/ШЦТ/45

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:180/2023/0038/Э

 

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,

Улсын яллагч Д.Чулуунпүрэв,

Шүүгдэгч А.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар тус аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Амарбарсын Батболдод холбогдох эрүүгийн 2139002540287 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Б нь 2021 оны 07 дугаар сарын 16-19-ний хооронд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Биндэр сумын 5 дугаар баг Сансарын 8-818 тоотод оршин суух Л.Ч-тай түүний хамт гэрт нь согтууруулах ундааны зүйл хэрэглэн согтож, унтсан байдлыг нь далимдуулан гэр дотроос нь 1 ширхэг мөнгө аяга, adidas брендийн пүүз зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр нууц далд аргаар хулгайлж Л.Ч-д 408,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Шүүгдэгч А.Б нь 2021 оны 07 дугаар сарын 16-19-ний хооронд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Биндэр сумын 5 дугаар баг Сансарын 8-818 тоотод оршин суух Л.Ч-тай түүний хамт гэрт нь согтууруулах ундааны зүйл хэрэглэн согтож, унтсан байдлыг нь далимдуулан гэр дотроос нь 1 ширхэг мөнгө аяга, adidas брендийн пүүз зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр нууц далд аргаар хулгайлж Л.Ч-д 408,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн  2139002540287 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч А.Б мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...гал тогооны ширээн дээр байсан мөнгөн аягыг аваад өмсөж явсан цамцныхаа халаасанд хийгээд тэнд байсан пүүзийг аваад өмссөн...суманд хоноод маргааш нь аймгийн төв рүү очоод Шинэ өглөө дэлгүүрийн гадна явж байгаад танихгүй настай эрэгтэй хүнд 30.000 төгрөгөөр зараад мөнгөөрөө архи аваад уусан, пүүзийг нь ажилд өмсөж байгаад хаячихсан...дунд гарын багшдаа дурсгав гэсэн бичигтэй мөнгөн аяга байсан содон шинж тэмдэгийг нь анзаараагүй, би мөнгөн аяга авсан талаараа хүнд хэлээгүй...Би улаан эрээн өнгөтэй пүүзийг нь өмсөөд, мөнгөн аягыг нь авч байсан гар утас бол аваагүй...согтуудаа мөнгө болгож архи уух гээд авчихсан...би буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо барагдуулна...” гэх мэдүүлэг,

Хохирогч Л.Ч-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 7 дугаар сарын 16-19-ний өдрүүдэд наадмын амралтаар би гэртээ нутгийн дүү нар болох Л.Ганболд, Л.Хүдрээ, А.Б нартай хамт 3 хоног амрах маягтай бага зэрэг ууж идсэн юм. Энэ гурав өөрсдөө манайд ирсэн. Ингээд 07 сарын 19-нд залуучууд манай гэрээс явсан. Би тухайн залуучуудтай нутгийн хуурай ах дүү нар гэж явдаг юм. Дараа нь гэртээ цэвэрлэгээ хийтэл миний Adidas брэндийн оригинал пүүз, Iphone 7 рlus маркийн гар утас, дунд гарын хээтэй мөнгөн аяга /1990 оны анхны шавь нараас нь/ гэх бичигтэй эд зүйлсүүд байхгүй болсон байсан. Ингээд би нөгөө гуравтай өөр хүнтэй уулзах гэтэл Батболд Хэнтий аймгийн төв явчихсан байсан. Ганболд Хүдрээ хоёртой уулзахад таны пүүзийг Батболд өмсчихсөн явж байсан. Мөнгөн аягыг чинь Батболд зарна гээд явж байсныг хүнээс сонссон гэж хэлсэн. Ингээд Батболдыг олж уулзах гэсэн боловч надтай уулзаагүй утсаар холбогдоогүй алга болсон. Одоо болтол надтай холбоо бариагүй. Миний эд зүйлсийг Батболд авсан гэж би бодож байна. Тухайн үед манай гэрт Л.Ганболд, Л.Хүдрээ, А.Б гурваас өөр хүн ороогүй. Би миний эд зүйлсийг авах зөвшөөрөл хэнд ч өгөөгүй ээ. Иймд би гомдолтой байна. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү... Миний пүүз аваад 1 жил болж байгаа оригинал пүүз юм. Бараг шинээрээ байгаа. Анх 400.000 мянган төгрөгөөр худалдан авсан. Одоо 200.000 төгрөгөөр үнэлнэ. Iphone 7 рlus маркийн гар утсаа 2021 оны 04 сард 700.000 мянган төгрөгөөр худапдан авсан. Одоо 500.000 мянган төгрөгөөр үнэлнэ. Дунд гарын хээтэй мөнгөн аягаа 2020 оны 09 дүгээр сард шавь нараасаа бэлгэнд авч байсан. Одоо би 350.000 төгрөгөөр үнэлнэ...Саяхан Батболдтой цагдаагийн гадаа уулзахад миний утсыг аваагүй, мөнгөн аяга, пүүзийг авсан гэдгээ надад хэлсэн тэгээд хохирлыг төлнө гэдгээ илэрхийлсэн. Тэгээд би яг утас алга болсон мэдээгүй тэгэхээр Батболдыг авсан гэж бодохгүй байна. Тухайн үед нэлээд хэдэн өдөр архи уусан учраас утсаа өөр газар хаясан байхыг үгүйсгэхүй... Миний алга болсон утас Iphone 7 рlus маркийн гар утас байсан. Тухайн үед хүнээр дамжуулуулаад Тайван улсаас аваад хүнд захиж байсан сериал дугаарыг нь мэдэхгүй...Би Гар утсаа мөнгөн аяга, пүүз алга болсон өдөр нэг цаг хугацаанд алга болсон эсхүл өөр цаг хугацаанд алга болсон гэдгийг мэдэхгүй байгаа, олохгүй болохоор нь л Батболдыг пүүз хулгай хийхдээ хамт авчихлаа гэж бодсон...” гэх мэдүүлэг (хх-ийн 14, 16-р хуудас),

Гэрч Л.Ганболдын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 07 дугаар сард байх би өдрийг нь санахгүй байна. Чинбат ах Батаа Хүдэрээ бид 4 нийлээд Ч ахын гэрт очоод архи  ууцгаасан юм. Тэгээд тэндээ архи ууж байгаад унтаад өгсөн. Тэгээд маргааш нь сэрээд тэднийхээс явсан түүнээс ойролцоогоор 3 хоногийн дараа Чинбат ах тааралдаад гэрт байсан мөнгөн аяга, өмд пүүз, утас алга болсон байна гэж хэлсэн. Тэгэхээр нь Батаа авсан нь тодорхой байлгүй дээ гэж хэлсэн. Хүдэрээ бид хоёр бол Ч ахын юмыг авах хүмүүс биш учраас би Батаа авсан байх гэж бодсон. Тэгээд тэр үедээ өнгөрсөн бөгөөд сүүлд Ч ах Батаатай утсаар ярихад юмыг нь авсанаа хүлээсэн гэсэн тэгээд ирэхгүй уулзахгүй болохоор нь Ч ах цагдаад хандсан гэсэн...Би тийм юм сонсоогүй...Би унтаад өгсөн болохоор хэзээ явсныг нь мэдэхгүй байна. өглөө сэрэхэд л Батаа ч байгаагүй Хүдэрээ ч байгаагүй Ч ах бид 2 сэрсэн...” (хх-ийн 19-20-р хуудас)

Хөрөнгийн үнэлгээний “Фэйр Валуэшн" ХХК-ний 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн... Adidas брэндийн пүүз, шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга зэргийг 408,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ (хх-ийн 38-40-р хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, төрсний бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хх-ийн 64, 66-74, 85-87-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2139002540287 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч А.Б нь 2021 оны 07 дугаар сарын 16-19-ний хооронд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Биндэр сумын 5 дугаар баг Сансарын 8-818 тоотод оршин суух Л.Ч-тай түүний хамт гэрт нь согтууруулах ундааны зүйл хэрэглэн согтож, унтсан байдлыг нь далимдуулан гэр дотроос нь 1 ширхэг мөнгө аяга, adidas брендийн пүүз зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр нууц далд аргаар хулгайлж Л.Ч-д 408,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч А.Батболдын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хохирогч Л.Ч-ын (хх-ийн 14, 16-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, гэрч Л.Ганболдын (хх-ийн 19-20-р хуудас),

Хөрөнгийн үнэлгээний “Фэйр Валуэшн" ХХК-ний 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн... Adidas брэндийн пүүз, шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга зэргийг 408,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ (хх-ийн 38-40-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч А.Батболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хохирогчийн зүгээс эд хөрөнгөө ил задгай орхисон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хулгайлах гэмт хэргийг шүүгдэгч А.Б нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөнд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч А.Б нь Л.Ч-ын мөнгөн аяга, аdidad брэндийн пүүз зэргийг хулгайлж 408,000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд хохирлыг төлж барагдуулаагүй байхгүй байх тул шүүгдэгчээс 408,000 төгрөгийг гаргуулж хохирогч Л.Ч-д олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч А.Батболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч А.Б нь урьд  Дархан-Уул аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 222 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, ял шийтгүүлж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 64, 66-74-р хуудас)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгчид  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч нь  гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн 2139002540287 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А.Ч-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Ч-г 400 (дөрвөн зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч А.Б-с 408,000 (дөрвөн зуун найман мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Л.Ч-д олгосугай.

5. Эрүүгийн 2139002540287 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.УУГАНБАЯР