Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/24

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

          Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг

          Улсын яллагч О.Эрхэмбаяр

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Дашцэрэн

          Шүүгдэгч М.Батбаяр нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Батбаярт холбогдох эрүүгийн 2222002070193 дугаартай хэргийг 2023 оны  01 дүгээр сарын 30-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

  

      Шүүгдэгчийн биеийн байцаалт:  Монгол Улсын иргэн 1994 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 29 настай эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, Инноватик инженеринг ХХК-д инженер ажилтай, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 10 дугаар хороо Морингийн 2-7 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Сүлд овогт Мөнхжаргалын Батбаяр /РД:ЗЮ94082017/.

 

      Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

      Шүүгдэгч М.Батбаяр нь 2022 оны 10 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Toyota camry” загварын 11-84 УАУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а/, 12.2, 12.3 дахь заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах аймгийн Засаг даргын Тамгын газрын урд байрлах Чагдаржавын талбайн хашлагыг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч У.Цэрэндаваагийн эрүүл мэндэд сээрний 11 дүгээр нугалмын арын сэртэн, 12 дугаар нугалмын нумны хугарал, булчингийн няцрал, мөчдөд цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

 

    ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

         Шүүгдэгч М.Батбаяр шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр удаан уулзаагүй байсан эмээгийнд очоод дараа нь ахынхаа найрт очсон. Олон хүн байсан учир хоол идэж байгаад орой нь машинаа барих чадваргүй 2 хүн хүргэж өгөхөөр болсон. Гэр нь зүүн хойно байдаг гээд паркийн хажууд очсон. Сэрээж гэрийнх нь хаягийг асуух гээд дуудахад сэрээгүй. Буцаж ахынх руу явж байгаад буруу замаар орж зам тээврийн осол гаргасан. Өөр зүйлгүй” гэв.

            Хохирогч У.Цэрэндаваагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 19 цагийн үед байх Сайнцагаан сумын 7 дугаар баг “Залуус” хороололд шинэ байранд орсон найз Дүүрэнсайханыд очсон. Тэнд найр хийж байгаа болохоор гаднаас хүмүүс их байсан. Тэнд байгаа хүмүүс хоол унд идэцгээж айраг, архи ууцгааж байсан. Тэр өдөр гэрийн найрны хувь гээд мөнгөн аягаар айраг, мөнгөн аягаар монгол архи, орос архи өгсөн. Түүнийг уугаад ажил ихтэй ядарсан болохоор согтсон. Тэгтэл 22 цагийн үед байх гаднаас нэг залуу орж ирээд /осол болох үед машин барьж явсан залуу/ хойд талд сууж байгаа харагдсан. Тухайн үед би машинтай явж байсан болохоор айраг архи уусан учир өөрийнхөө машиныг орхихоор болоод тэнд байсан залуугаар Учрал бид 2 хүргүүлэхээр болсон. Учрал тухайн үед явах унаанд шууд суугаад явсан. Би нөгөө залуугаар хүргүүлэхээр гараад машинд нь суугаад тэр залууд гэрээ зүүн хойно байдаг гэж хэлээд унтсан. Нэг сэрсэн чинь миний сууж явсан машины жолооч тамгын газрын урд талын засмал замаар баруун тийш явж байсан. Тэгтэл шууд л түс тас гэх дуу чимээ гарсан. Тэгээд ухаан алдсан. Сэргэхэд машин дотор жолоочийн хажуу талын суудал дээр сууж байсан. Нуруу өвдөөд цээжээр хатгуулаад байхад нэг хүн ирсэн. Тэр нь манай нөхөр Чимэддорж ирчихсэн байсан. Тэгээд тэр машинаас яаж бууж гэрт очсоноо мэдэхгүй байгаа. 2022 оны 10 дугаар сарын 13-ны өглөө гэртээ сэрсэн. Нуруу л их өвдөж байсан. Би Дүүрэнсайханы гэрээс яг хэдэн цагт гарснаа мэдэхгүй байгаа. Дараа нь сонсож байхад тэдний гэрээс 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 02 цагийн үед  гарч явсан юм шиг байгаа юм. Би тэр осол болох үед машинд унтаж явсан. Батбаяр гэх залуу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг мэдэхгүй, найран дээр орж ирчихсэн сууж л байсан. Осол болох үед би жолоочийн хажуу талын суудал дээр Батбаяр машиныг унаж явсан. Бид хоёроос өөр хүн байгаагүй. Хэр зэргийн хурдтай явсныг би мэдэхгүй байна. Миний нуруу 12 дугаар үе, 11 дүгээр үений сэртэн хугарсан, бас булчингийн няцрал болсон гэсэн. Миний сууж явсан машин хэний эзэмшлийн машин болох, ямар маркийн машин байсан гэдгийг мэдэхгүй байна. Батбаяр гэдэг залуу миний эмчилгээнд зориулж 1.976.000 төгрөг өгсөн. Цаашид 3 сарын дараа давтан үзүүлнэ. Бас гэмтлийн эмчийн хяналтад байнга байх ёстой гэсэн. Мөн 2 жилийн дараа нурууны хадаасыг авах мэс засал хийнэ гэсэн. Тэгэхээр цаашид гарах эмчилгээний зардлыг тухайн үед нэхэмжилж авах хүсэлтэй байна. Өөр санал хүсэлт байхгүй.”гэх мэдүүлэг /хх-ийн 06-08/

         Гэрч Б.Насанжаргалын  мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Манайх 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр шинэ байранд ороод найр хийсэн юм. Манай найз М.Батбаяр 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 21 цаг өнгөрч байхад Дундговь аймагт ирээд шууд манайд ирсэн. Манайх гаднаас олон хүнтэй байсан. 12-ноос 13-нд шилжих шөнө 02 цаг өнгөрөөгөөд манайд ирсэн хүмүүс бүгд тараад эхнэр хүүхэд бид 3 гэртээ амарсан. Тэгээд өглөө 9 цаг өнгөрч байхад над руу цагдаагаас залгаад танайд Тоёота камери маркийн 1184 УАУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй хүн ирсэн үү. Тэр хүн танайд байна уу? Зам тээврийн осолд холбогдсон байна гэж ярихаар нь би нөгөө өрөөнд ороход Батбаяр ирчихсэн хэвтэж байсан. Батбаярыг осол болсон газар хүргэж өгсөн. Гаднаас хүмүүстэй байсан болохоор хэн ууж байна, уухгүй байна гэж харж анзаараагүй. Хамгийн сүүлд манайхаас хүргэн ах Төмөрбагана эгч Монгол-Эрдэнэ нар хүүхдүүдээ аваад 02 цагийн үед гарсан. Тухайн үед манай хаалга түгжээтэй байсан. Өглөө осол болсон талаар цагдаагаас мэдээд Батбаяраас юу болсон юм бэ? осол аваар гаргасан юм уу. Надаас цагдаа нар чамайг сураад байна гэж хэлсэн чинь  Батбаяр “тийм ээ би машинаараа юм мөргөчихсөн” тухайн үедээ сандраад чамд хэлэлгүй болконы хаалга нь нээлттэй байхаар нь орж ирээд унтчихсан юм” гэж надад хэлсэн. Би осол болсон талаар цагдаагаас над руу ярихад нь мэдээд осол болсон газар нь шууд Батбаярыг хүргэж өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 хуудас/

Гэрч О.Бямбасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2022 оны 10 дугаар сарын 12-ны орой 20 цагийн үед захиргаа удирдлагын тасгийн хамт олонтойгоо Насанжаргалын шинэ байрны найранд очсон. Найранд очиход Насанжаргалын найз гэх залуу байгаагүй. Сүүлд 22 цагийн үед ирж найранд суусан. Тухайн найранд сууж байхад гэрийн хувь хүн болгонд өгч байсан, гэрийн хувь нь дунд гарын мөнгөн аягаар айраг,  тэрнээс арай бага аягаар монгол архи, бага гарын мөнгөн аягаар орос архи өгч байсан. Миний мэдэхээр Насанжаргал гэрийн эзний найз тэр залууд гэрийн хувь сөнч өгсөн. Миний мэдэхийн айргаа бол барьж зогсож байгаад дуулчихаад уугаад өгсөн. Монгол архиа бариад суусан, уусан үгүйг мэдэхгүй. Тэрнээс хойш 2 цаг шахуу найрласан. Найрлаж байх зуур уусан уугаагүйг мэдэхгүй. Бид хэд тасгаараа 4-лээ хамгийн сүүлд гарсан, цаг хараагүй. 01-02 цагийн хооронд бид явсан байх. Найр хийсэн айлд гэрийн эзэн, эхнэр хүүхэдтэйгээ, сөнч хийж байсан хүн, сөнчийн эхнэр хүүхэд, танихгүй 2 эмэгтэй, гэрийн эзний найз гэх тэр залуу энэ хэд хоцорсон.” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/

Гэрч Х.Төмөрбаганы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Манай эхнэр Монгол-Эрдэнэтэй Насанжаргал нь эгч дүүсийн хүүхдүүд.  Насанжаргал нь 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр байрны найраа эхэлж 13-ны өдөр дууссан. Би 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр найр эхлээд дуусах хүртэл энэ айлд найрын сөнч хийж хүмүүст үйлчилж дүүгийн найранд тусалсан. Батбаяр гэдэг хүнийг танина. Манай хадам талын хамаатан, энэ залуу найранд 2022 оны 10 дугаар сарын 12-ны шөнө 22 цагийн үед ирсэн. Тухайн үед би сөнч хийгээд хүмүүст үйлчлээд байж байсан. Би тухайн үед сөнч хийж байсан болохоор найранд ирсэн хүн бүрт гэрийн хувь хийж өгч байсан. Тэрний адил Батбаяр гэх залууд дунд гарын мөнгөн аягаар айраг, тэрнээс арай бага аягаар монгол архи, бага гарын мөнгөн аягаар орос архи хийж өгсөн. Тухайн үед Батбаяр би архи уухгүй айргаа уучихъя гээд айраг л уугаад байсан. Хэд уусан талаар тоолж барагцаалсан юм байхгүй. Ямар ч байсан айраг сайн уудаг хүүхэд байна гэж бодож байсан.  Хийж өгсөн айргийг ямартай ч уучихаад л байсан. Тухайн үед надад монгол болон орос архи ууж нүдэнд харагдаагүй. Би тэгээд тэр шөнө 01 цагийн үед гэртээ харьж амрах гээд явсан. Тэрнээс хойш юу болсон талаар би мэдэхгүй. Намайг Насанжаргалынхаас явах үед ажлын газраас гээд арваад хүмүүс байсан. Гэрийн эзэгтэйн найз гээд 2 хүүхэн байсан. Би өөрийн эхнэр хүүхдийн хамт харьж амрах гээд явсан.” гэх мэдүүлэг / хх-36-37/

       Гэрч Д.Чимэддоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2022 оны 10 дугаар сарын 12-ны өглөө 09 цагаас 13-ны өдрийн 09 цагийн хооронд би цагдаагийн газар жижүүрийн цагдаа жолоочоор 24 цагийн жижүүрийн үүрэг гүйцэтгэн ажилласан. 12-ноос 13-нд шилжих шөнө 02-03 цагийн үед “Залуус” хороололд дуудлага ирээд дуудлагад Эрүүлжүүлэх саатуулах байранд жижүүрт гарч байсан Төмөржаргалын хамт очих гээд ажлын зүүн талын уулзвараар хойшоо эргэж байхад хойноос урагшаа явж байсан машины жолооч гар өргөж зогсоогоод Аймгийн Засаг даргын тамгын газрын урд талын талбай дээр осол гарсан байна гэж хэлсэн. Төмөржаргал цагдаагийн хамт осол болсон газар очиход осол гаргасан жолооч байхгүй, харин машин дотор нь жолоочийн хажуугийн суудал дээр манай эхнэр Цэрэндаваа унтаж байсан. Би дуудлагатай явсан болохоор эхнэрийг ээж дээр нь аваачиж орхиод 102-т залгаж ерөнхий жижүүрт энд осол гарсан байна гэж хэлсэн. Тухайн үед осол болоход манай эхнэр явсан байна. Эхнэрийг ээж дээр нь хүргээд өгчихлөө гэж хэлсэн. Эхнэрээ айлын найранд очсон талаар мэдэж байсан. Жолооч нь ханаа байна гэсэн чинь эхнэр мэдэхгүй гэсэн. Надад нуруу л өвдөж байна гэж байсан болохоор гайгүй байх гэж бодоод ээж дээр нь хүргэж өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39/

        Гэрч Ш.Отгонбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Тоёота камери маркийн 11-84 УАУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний нэр дээр байдаг. Гэхдээ нэрээ шилжүүлээгүй 8 дугаар сард зарсан. Би 2 тохиролцож бартер хийсэн ба Батбаяр гэх хүнээр барилга бариулаад барилгын материалын зөрүүнд өгсөн. Дундговь аймагт осолд орсон талаар аймгийн замын цагдаагаас мэдэгдсэн. Төлбөр тооцооны асуудал байхгүй, надад гомдол санал байхгүй. Одоо нэр шилжүүлэх л үлдсэн байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41/

        Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 сарын 25-ны өдрийн 14426 дугаартай: “1. У.Цэрэндаваагийн биед сээрний 11 дүгээр нугалмын арын сэртэн, 12 дугаар нугламын нумны хугарал, булчингийн няцрал, мөчдөд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

       2. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна.

       3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

       4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 55-56/

        2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 19 дугаартай: “Камери 11-84 УАУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М.Батбаяр нь  Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох,

        12.2. Харанхуй болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.

         12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэх заалтуудыг зөрчсөн байна” гэх мөрдөгчийн магадалгаа /хх-ийн 13/

        Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 16/

        Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 19/

        Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 20-24 хуудас/

        Согтуурлыг багажаар шалгахад “М.Батбаяр нь /0.81/ хувийн согтолттой, 2022 оны 10 сарын 13-ны өдрийн 11 цаг 03 минут” гэсэн тэмдэглэл /хх-ийн 25 хуудас/

        Зам тээврийн осол дээр тогтоосон акт, хэрэг осол гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 48-52 хуудас/  болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

          Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж  шийдвэрлэлээ.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

         Үйл баримтын талаар:

 

       Дээрх баримтуудаар 2022 оны 10 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө   Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт 11-84 УАУ улсын дугаартай Тоёота камери маркийн тээврийн хэрэгслийн жолооч  М.Батбаяр нь аймгийн Засаг даргын тамгын газрын урд талд байх Чагдаржавын талбайн хашлагыг мөргөж зам тээврийн осол гаргасан байх бөгөөд уг ослын улмаас  тээврийн хэрэгсэлд зорчин явсан У.Цэрэндаваагийн эрүүл мэндэд хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

          Шүүгдэгч М.Батбаяр нь 2022 оны 10 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө  Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт 11-84 УАУ улсын дугаартай Тоёота камери маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа тус аймгийн Засаг даргын тамгын газрын урд талд байх Чагдаржавын талбайн хашлагыг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас  тээврийн хэрэгсэлд зорчин явсан У.Цэрэндаваагийн эрүүл мэндэд хүндэвтэр зэргийн гэмтэл /хохирол/ учруулсан гэм буруутай болох нь:

        хохирогч У.Цэрэндаваагийн: “Би 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 19 цагийн үед байх Сайнцагаан сумын 7 дугаар баг “Залуус” хороололд шинэ байранд орсон найз Дүүрэнсайханыд очсон. ...Тэр өдөр гэрийн найрны хувь гээд мөнгөн аягаар айраг, мөнгөн аягаар монгол архи, орос архи өгсөн. Түүнийг уугаад ажил ихтэй ядарсан болохоор согтсон. Тэгтэл 22 цагийн үед байх гаднаас нэг залуу орж ирээд /осол болох үед машин барьж явсан залуу/ хойд талд сууж байгаа харагдсан. ... Би нөгөө залуугаар хүргүүлэхээр гараад машинд нь суугаад тэр залууд гэрээ зүүн хойно байдаг гэж хэлээд унтсан. ...Тэгтэл шууд л түс тас гэх дуу чимээ гарсан. Тэгээд ухаан алдсан. Сэргэхэд машин дотор жолоочийн хажуу талын суудал дээр сууж байсан. ....тэдний гэрээс 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 02 цагийн үед  гарч явсан юм шиг байгаа юм. ....Миний нуруу 12 дугаар үе, 11 дүгээр үений сэртэн хугарсан, бас булчингийн няцрал болсон гэсэн.” гэх,

         гэрч Б.Насанжаргалын: “... Манай найз М.Батбаяр 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 21 цаг өнгөрч байхад Дундговь аймагт ирээд шууд манайд ирсэн. Манайх гаднаас олон хүнтэй байсан. ... Тэгээд өглөө 9 цаг өнгөрч байхад над руу цагдаагаас залгаад танайд Тоёота камери маркийн 1184 УАУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй хүн ирсэн үү. Тэр хүн танайд байна уу? Зам тээврийн осолд холбогдсон байна гэж ярихаар нь би нөгөө өрөөнд ороход Батбаяр ирчихсэн хэвтэж байсан. Батбаярыг осол болсон газар хүргэж өгсөн. ... Надаас цагдаа нар чамайг сураад байна гэж хэлсэн чинь  Батбаяр “тийм ээ би машинаараа юм мөргөчихсөн” ...” гэж надад хэлсэн.” гэх,

гэрч Х.Төмөрбаганы: “..Насанжаргал нь 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр байрны найраа эхэлж 13-ны өдөр дууссан. Би 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр найр эхлээд дуусах хүртэл энэ айлд найрын сөнч хийж хүмүүст үйлчилж дүүгийн найранд тусалсан. Батбаяр гэдэг хүнийг танина. Манай хадам талын хамаатан, энэ залуу найранд 2022 оны 10 дугаар сарын 12-ны шөнө 22 цагийн үед ирсэн. ... Батбаяр гэх залууд дунд гарын мөнгөн аягаар айраг, тэрнээс арай бага аягаар монгол архи, бага гарын мөнгөн аягаар орос архи хийж өгсөн. Тухайн үед Батбаяр би архи уухгүй айргаа уучихъя гээд айраг л уугаад байсан. ...Ямар ч байсан айраг сайн уудаг хүүхэд байна гэж бодож байсан.  Хийж өгсөн айргийг ямартай ч уучихаад л байсан.” гэх,

       гэрч Д.Чимэддоржийн: “2022 оны 10 дугаар сарын 12-ны өглөө 09 цагаас 13-ны өдрийн 09 цагийн хооронд би цагдаагийн газар жижүүрийн цагдаа жолоочоор 24 цагийн жижүүрийн үүрэг гүйцэтгэн ажилласан. ....Аймгийн Засаг даргын тамгын газрын урд талын талбай дээр осол гарсан байна гэж хэлсэн. Төмөржаргал цагдаагийн хамт осол болсон газар очиход осол гаргасан жолооч байхгүй, харин машин дотор нь жолоочийн хажуугийн суудал дээр манай эхнэр Цэрэндаваа унтаж байсан. ... Надад нуруу л өвдөж байна гэж байсан болохоор гайгүй байх гэж бодоод ээж дээр нь хүргэж өгсөн.” гэх  мэдүүлгүүд болон  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 14426 дугаартай: “... У.Цэрэндаваагийн биед сээрний 11 дүгээр нугалмын арын сэртэн, 12 дугаар нугламын нумны хугарал, булчингийн няцрал, мөчдөд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна”гэх шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч М.Батбаяр нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. а/, 12.2, 12.3 дахь заалтуудыг зөрчсөн байна” гэх мөрдөгчийн магадалгаа, Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, “М.Батбаяр нь 0.81 хувийн согтолттой байсан тухай согтуурлыг багажаар шалгасан тэмдэглэл зэргээр нотлогдож байна.

        Шүүгдэгч М.Батбаярын Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд шүүгдэгч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож осол гаргасан гэдэг шинжээр нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

        Иймд шүүгдэгч М.Батбаярыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас осол гаргаж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж дүгнэлээ.

 

        Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Дашцэрэн шүүхийн хэлэлцүүлэгт “шүүгдэгч М.Батбаяр нь  Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. а/ дахь заалтыг зөрчсөн гэж үзэхгүй байна. Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журмын 1.6-д “гэмт хэргийн шинжтэй зам тээврийн осол гарсан үед согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг зөвхөн цусан дахь агууламжаар тогтооно” гэж заасныг зөрчсөн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг журмын дагуу шалгаагүй, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан согтууруулах ундааны зүйлд айраг багтахгүй байна. Хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж өгнө үү” гэх дүгнэлтийг гаргаж мэтгэлцэж байгааг шүүх хүлээн авах боломжгүй гэж дүгнэлээ. Учир нь: Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журмын 2.1-д Цагдаагийн алба хаагч тээврийн хэрэгсэл жолоодож явсан болон жолоодсон байж болзошгүй этгээдийг өөрийнх нь зөвшөөрснөөр тандагч багажаар шалгаж болно, 2.3-д Цагдаагийн алба хаагч согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг согтуурал шалгах багажаар тогтоохдоо хөндлөнгийн гэрчийг байлцуулна. Хэрэв боломжгүй бол дуу дүрс бичлэг, гэрэл зургаар баталгаажуулна гэжээ. Өөрөөр хэлбэл драгер багажаар М.Батбаярын согтуурлыг шалгаж, гэрэл зургийн аргаар бэхжүүлсэн нь /хх-ийн 25, 26 тал/  Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Түүнчлэн шүүгдэгч болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд айраг уусан, архи уугаагүй гэх мэдүүлэг, тайлбар гаргаж байх бөгөөд “Айраг” нь хуульд согтууруулах ундаа гэх нэр томьёоны тодорхойлолтод тусгагдаагүй ч 2 хувиас дээш этилийн спирт агуулдаг болох нь эрдэмтдийн судалгааны үр дүнд тогтоогдсон, жолоочийн чадварт нөлөөлөх ундаа тул хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөх хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзлээ.

 

           Хохирол төлбөрийн талаар:

 

       Шүүгдэгч хохирогч У.Цэрэндаваад эмчилгээний зардал 2.344.900 төгрөг төлсөн болох нь түүний шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн /Худалдаа хөгжлийн банк, Хаан банк/ дансны хуулгаар нотлогдож байх тул шүүгдэгч М.Батбаярыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

        

       Хохирогч У.Цэрэндаваа мөрдөн байцаалтын шатанд “ 3 сарын дараа давтан үзүүлнэ, 2 жилийн дараа нурууны хадаасыг авах мэс засал хийнэ гэсэн” гэж мэдүүлжээ. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч У.Цэрэндаваа нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг заахаар шийдвэрлэлээ.

 

   Эрүүгийн хариуцлагын талаар:

 

       Шүүх шүүгдэгч М.Батбаярыг “согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас шүүх хуралдаанд “шүүгдэгч М.Батбаярын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах” ,

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэх” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирогчид эмчилгээний зардал 2.344.900 төгрөг төлсөн, түүний хувийн байдал зэрэгт дүгнэлт хийж,

        Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч М.Батбаярын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэхээр шийдвэрлэлээ.

  Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа /болгоомжгүй/ гэмт хэрэг үйлдсэн”, “...учруулсан хохирлоос 2.344.900 төгрөгийг нөхөн төлсөн”-ийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдлаа.

 

             Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

 

          Шүүгдэгч М.Батбаяр нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Батбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2  дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

          1. Шүүгдэгч Сүлд овогт Мөнхжаргалын Батбаярыг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

          2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Сүлд овогт Мөнхжаргалын Батбаярт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулж, Эрүүгийн хуулийн  Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

          3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч М.Батбаярт шүүхээс тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

          4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Батбаяр нь шүүхээс тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулдаг болохыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

         5. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Батбаярт шүүхээс оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

         6. Шүүгдэгч М.Батбаяр нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

        7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч У.Цэрэндаваа нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг заасугай.

          8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  М.Батбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан  буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            З.УУГАНБАЯР