Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 2019/ДШМ/15

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч Д.Эрдэнэбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

                                             Прокурор                        Д.Ганцэцэг

                                             Шүүгдэгч                         Д.П

                                             Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн

                                                        Нарийн бичгийн дарга  Г.Мөнх-Ундрал нарыг оролцуулан

          Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаагийн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2019 оны 03  дугаар сарын 05-ны өдрийн 2019/ШЦТ/20 дугаар шийтгэх тогтоолд шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэнгийн гаргасан давж заалдах гомдлоор Д.П-д холбогдох эрүүгийн хэргийн 1802003890264 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Боржигон овогт Д.П

 

Д.П нь 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутаг “Баруун сөдтий” гэх газарт хууль бусаар зохих зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал хайх, хайгуул, олборлолт, ашиглалтын үйл ажиллагаа явуулан хууль бусаар газрын хэвлийд халдсаны улмаас байгаль орчинд 7.291.415 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд түүний үйлдлийг Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх, Д.П-г хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.4-т зааснаар тэнссэн хугацаанд Д.П-г тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулахыг хориглох хязгаарлалтын арга хэмжээ авч, шүүхээс тэнссэн хугацаанд Д.П-г шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, хорих ял оногдуулахыг мэдэгдэн,  Д.П нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хилийн хориг тавигдаагүй, цагдан хоригдоогүйг тус тус дурьдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Д.П-н өмчлөлийн Мitsubishi Саnter маркийн автомашин, Тоуоta ТоуоАсе маркийн арлын дугаартай автомашин, Kia Воngo Рronter маркийн автомашин, Hino Ranger маркийн автомашин, автомашинуудын шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан, улсын бүртгэлийн дугаартай Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо 14 дүгээр хороолол /13334/ 95/1 байрны 54 тоот байр, улсын бүртгэлийн дугаартай хөрөнгүүдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласныг тус тус хүчингүйд тооцож,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.3,  7.5 дугаар зүйлийн  1, 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Д.П-н эзэмшлийн гар хийцийн 40 маркийн 10.000.000 төгрөгийн үнэлгээтэй алт угаах төхөөрөмж, 100 марк 30 кв, 380 волтийн 6.000.000 төгрөгийн үнэлгээтэй дизель цахилгаан үүсгүүрийг хурааж улсын орлогод оруулах, бусдын эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн Хiamen XG951 маркийн авто ачигчийн үнэ 30.000.000 төгрөг, БНХАУ-д үйлдвэрлэсэн SOLAR s300 маркийн эксковаторын үнэ 80.000.000 төгрөг, БНХАУ-д үйлдвэрлэсэн Beibentruck mtd benz маркийн өөрөө буулгагч автомашины үнэ 30.000.000 төгрөг нийт 140.000.000 төгрөгийг шүүгдэгч Д.П-с гаргуулж улсын орлогод оруулан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.П-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдан, шийтгэх тогтоолд гомдол гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд Д.П-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжилж байхаар тус тус зааж шийдвэрлэжээ.

 

 

Д.П-н өмгөөлөгч П.Адьяасүрэн гаргасан давж заалдсан гомдолдоо: Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 03-р сарын 05-ны өдрийн 2019/ШЦТ/20 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.П-д Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 7.1-р зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2-р зүйлийн 1.3, 7.5 дугаар зүйлийн 1. 2 дахь хэсэгт зааснаар 140.000.000 төгрөгийн хөрөнгийг хурааж улсын орлогод оруулахаар шийдвэрлэснийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлт Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж, Д.П-д холбогдох гэмт хэргийг хянан шийдвэрлэхдээ, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.3, 7.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт заасан заалтуудыг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ, шүүгдэгч Д.П гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа боловч түүний үйлдсэн гэмт хэргийн шалтгаан нөхцөл, нийгмийн хор аюулын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт дүгнэлт хийсэнгүй.

Шүүгдэгч Д.П-н зохих зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал хайх, хайгуул, олборлолт, ашиглалтын үйл ажиллагаа явуулан хууль бусаар газрын хэвлийд халдсаны улмаас байгаль орчинд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнээ өөрөө хүлээн зөвшөөрч байгаа боловч, шүүхээс түүнд ял шийтгэл оногдуулахдаа хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай эсэх талаар хуулийн хэм хэмжээний хүрээнд ул суурьтай дүгнэлт хийх ёстой. Тухайлвал хэрэг учирал болсон Бат-Өлзий сумын нутаг “Баруун сөдтий” гэх газар хөрс нь огт хөндөгдөөгүй байгалийнхаа унаган төрөхөөрөө байсан уу, шүүгдэгч Д.П-д байсан бүх техник хэрэгсэл буюу алт угаах төхөөрөмж, дизель цахилгаан үүсгүүр, авто ачигч, эксковатор, өөрөө буулгагч зэрэг техник хэрэгслүүдийг  яаж яаж ашиглагдсан, эдгээр нь ганц түүний өмч байсан эсэх, хайгуул олборлолт, ашиглалтын үйл ажиллагаа явуулж, ямар хэмжээний ашиг орлого олсон зэрэгт, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 03-р сарын 05-ны өдрийн 2019/ШЦТ/20 дугаар шийтгэх тогтоолоор үнэлэлт дүгнэлт хийсэнгүй.

Хавтаст хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэгдсэн нотлох баримтуудаас үзвэл шүүгдэгч Д.П нь өмнөх уурхайн ашиглалтын талбай байгаад орхигдсон газар дээр хоёр хоног зөвхөн хөрс хуулах үйл ажиллагаа явуулсан. Ухаж гаргасан хөрсөө тээвэрлэх угаах ямарч ажилбар хийгээгүй, ашиг орлого олоогүй болох нь нотлогдож байна. Шүүгдэгч Д.П нь хөрсний эвдрэл гэмтлийн улмаас учирсан хохирол, түүнийг нөхөн сэргээх зардлыг бүрэн төлж барагдуулсан байхад түүнд байсан бүхий л хөрөнгийг хураах шийдвэр гаргаж байгаа нь буруу гэж үзэж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2-р зүйлийн 1.3, 7.5 -р зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан заалтууд нь гэмт үйл ажиллагаа тогтвортой явуулж, ашиг орлого олсон амьдралын эх үүсвэрээ болгосон гэмт хэрэгтэнд оногдуулах хариуцлагыг тодорхойлж байгаа. Шүүгдэгч Д.Пт ийм зүйл байхгүй. Шүүгдэгч Д.П нь холбогдох байгууллагуудаас тусгай зөвшөөрөл авах баримт материалаа өгчихөөд хүлээж байсан, хүлээж байх хугацаанд тухайн газраас сорьц авах зорилгоор хөрс хөндсөн, хөрс хөндсөн гэм буруугаа бүрэн хүлээж хохирол нөхөн төлсөн байхад түүнд байсан бүх техник хэрэгслийг хурааж  байгаа нь холбогдох хуулийн заалтыг буруу хэрэглэж байна.

Шүүгдэгч Д.П-д нөхөн төлөх төлбөр байгаагүй, гэмт үйлдлийнхээ улмаас олсон орлого байхгүй байхад түүний хөрөнгийг хурааж байгаа нь Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Монгол Улсын Үндсэн хуулийн тулгуур зарчимд Сум дундын шүүхийн шийтгэх тогтоол нийцэхгүй байна.

Иймд  Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 2019/ШЦТ/20 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Д.П-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулж, дээрх шийтгэх тогтоолын 7-р заалт болох ... 140.000.000 төгрөгийг шүүгдэгч Д.П-с гаргуулж улсын орлогод оруулах заалтыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Ганцэцэг гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэл бүхий гарсан. Иймд  шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээн, Д.П-н өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгуулах саналтай байна... гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Д.П нь 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутаг “Баруун сөдтий” гэх газарт хууль бусаар зохих зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал хайх, хайгуул, олборлолт, ашиглалтын үйл ажиллагаа явуулан хууль бусаар газрын хэвлийд халдсаны /0,073 га буюу 731.8м2, 58 м урт, 9.6 м өргөн, дунджаар 1.1 м гүнтэй нэг ухаш, хоёр овоолго үүсгэн газрыг эвдсэн / улмаас байгаль орчинд 7.291.415 төгрөгийн хохирол учруулжээ.

Энэ үйл баримтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг хангалттай шалган тодруулсан, өөрөөр хэлбэл нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн холбогдогч болон оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулсан, бэхжүүлсэн гэх зүйлгүй, Д.П-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай нотлох баримтууд цугларсан байна.

 

Тус үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан,  шүүгдэгч Д.П-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар  өгсөн мэдүүлэг/1-р хх-ийн 235-236х/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Я-н мэдүүлэг /1-р хх-ийн 24-25х/,

гэрч Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Байгаль хамгаалагч Ж.Б-н “...Д.П-н хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан газар нутаг орон нутгийн тусгай хамгаалалтанд байдаг... Би хариуцсан нутаг дэвсгэртээ байнга хяналт шалгалтыг хийдэг. Бат-Өлзий сумын 2 дугаар багийн нутаг "Баруун Сөдтий" гэх газарт иргэд хууль бусаар ашиг малтмалын эрэл хайгуул, олборлолт, ашиглалтын үйл ажиллагааг эрх бүхий байгууллага, албан тушаалтнуудаас зөвшөөрөл аваагүй, зөвшөөрөл огт олгоогүй. Д.П уурхайн үйл ажиллагааг яг хэзээ эхлүүлснийг мэдэхгүй байна. Ямар ч байсан 2018 оны 07, 08 дугаар сарын үед байх. Тэгэхэд хууль бус үйл ажиллагааг эхлүүлсэн байсан. Би Пүрэвт хууль ёсны шаардлага 2 удаа тавьсан...” /1-р хх- ийн 215-216х/ гэсэн,

гэрч Өвархангай аймгийн Бат-Өлзий сумын Засаг даргын Тамгын газрын дарга Н.Б-н “... Д.П нь уул уурхайн чиглэлээр бичил уурхай ажиллуулна гэж сумын захиргаанд тэр дундаа надад хандсан зүйл байхгүй. Д.П "Үйзэн нутаг" нөхөрлөл нь гэрийн мод, ойн цэвэрлэгээ арчилгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Сумын засаг даргатай бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай ямар нэгэн гэрээ байгуулагдаагүй, миний хувьд хүсэлт гаргасан газрыг мэдэхгүй байна...” /1-р хх-ийн 224-225х/ гэсэн мэдүүлгүүд,  гэрч С.Н/1-р хх-ийн 30-31х,  227х, М.Ө /1-р хх-ийн 32-33х/, Б.Б /1-р хх-ийн 34-35х/,  С.Б /1-р хх-ийн 36-37х/,  Д.Э /1-р хх-ийн 38-39х/ нарийн мэдүүлгүүд,

“...Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Баруун сөдөтийн амны эхэнд байрлах тус талбайд уул уурхайн ашиглалт явуулсны улмаас 0,073 га буюу 731.8м2, 58 м урт, 9.6 м өргөн, дунджаар 1.1 м гүнтэй нэг ухаш, хоёр овоолго үүсгэн газрыг эвдсэн байна. Тус талбай нь голын усан сан бүхий газрын хилээс 40 м зайд ой, мод ургаагүй газарт ашиглалт явуулсан байна. Иймд голын гольдролыг өөрчилсөн  ой, усан сан бүхий газарт хохирол учруулсан гэж үзэх үндэслэлгүй. Иргэн Д.П-н алт олборлож үйл ажиллагаа явуулсаны улмаас байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээг эвдрэлд өртсөн 0,073 га талбайд тооцоолоход нийт газрын хэвлийн хохирол 616.900 төгрөг, эдэлбэр газарт 960 төгрөг, усан сан орчинд 2.791.625 төгрөг, хөрсөн бүрхэвчид 3.218.160 төгрөг, ургамлын нөмрөгт 663.377 төгрөг, нийт 7.291.415 төгрөгөөр хэмжигдэж байна. Техникийн нөхөн сэргээлтийн ажилд 829.850 төгрөг, биологийн нөхөн сэргээлт хийхэд 383.420 төгрөг, хяналт мониторингийн зардалд 133.500 төгрөг, нийт 1.346.770 төгрөг зарцуулагдах тооцоо гарсан...” гэсэн Ойт бүс ХХК-ийн Байгаль орчинд учруулсан хохирлыг шинжилгээ хийж  тогтоосон 18/14 шинжээчийн дүгнэлт /1 -р хх-ийн 41-68х/, Шинжээч Б.Очмаагийн  мэдүүлэг /1-р хх-ийн 232х/,  Ашигт малтмалын, газрын тосны газрын албан бичиг /1-р хх-ийн 117 х/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 11-12х/, гэрэл зургийн үзүүлэлтүүд/1-р хх-ийн 13-18х/ зэрэг бичгийн бусад нотлох баримтууд болон, Д.П-н  гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон байна.

Анхан шатны шүүхээс Д.П-г хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  түүнийг хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4-т зааснаар тэнссэн хугацаанд Д.П-г тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулахыг хориглох хязгаарлалтын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.3,  7.5 дугаар зүйлийн  1, 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Д.П-н өмчлөлийн  гар хийцийн алт угаах төхөөрөмж, дизель цахилгаан үүсгүүрийг улсын орлогод хураан, түрээсээр ашиглаж байсан БНХАУ-д тус тус үйлдвэрлэсэн Хiamen XG951 маркийн авто ачигч, SOLAR s300 маркийн эксковатор, Beibentruck mtd benz маркийн өөрөө буулгагч автомашины үнийг шүүгдэгч Д.Пээс гаргуулж улсын орлогод оруулан шийдвэрлэсэн нь  Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, үндэслэл бүхий  шийдвэрлэжээ.

Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн этгээдэд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар 5.400 нэгжээс   27.000 нэгжтэй тэнцэх хэмжээний нэгжээр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчилсан бөгөөд  Д.П-д анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  түүнд хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн нь Д.П-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, түүний  үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээн Д.П-н  өмгөөлөгч П.Адьяасүрэнгийн  давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн  дүгнэсэн болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 2019/ШЦТ/20 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Д.П-н   өмгөөлөгч П.Адьяасүрэнгийн  давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс  хойш 30 хоногийн дотор Монгол улсын Дээд шүүхэд хяналтын шатны журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдьсугай.