Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2021/0727

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар:        

Нэхэмжлэгч: “А” ХХК

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд

Хаяг:Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Нэгдсэн Үндэстний гудамж 5/2, Засгийн газрын II байр,

Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн ******* дугаар “Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай” тушаалын хавсралтын “А” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ц*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нар оролцов.

  ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “А” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “А” ХХК-д Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах эрхийг 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдөр олгосон. /Газар ашиглах гэрчилгээний дугаар 2011/86 Энэхүү эрхийн дагуу Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн нутагт орших Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн *******ын ам нэртэй газрын 2.0 га талбайг Хүүхдийн зуслангийн зориулалтаар 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл ашиглах эрхтэй юм.

Гэтэл дээрх газар ашиглах эрхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн ******* дугаар тушаалаар цуцалсан. Улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын Сайд нь уг тушаалыг гаргахдаа Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7 дахь хэсэг, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.3 дахь заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтуудыг тус тус үндэслэсэн байна. Өөрөөр хэлбэл, “А” ХХК-ийг Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах эрх авсан боловч зориулалтын дагуу ашиглаагүй, гэрээнд заасан газар ашиглах эрхээ сунгуулаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэсэн 3 үндэслэлийг заасан.

Гэвч манай “А” ХХК-ийн зүгээс дээрх захиргааны актыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, нэхэмжлэгч байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчсөн гэж үзэж, хүчингүй болгуулахаар дараах үндэслэлээр нэхэмжлэл гаргаж байна. Үүнд:

Нэг. “А” ХХК нь Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд ашиглаж буй 2.0 га газраа зориулалтын дагуу ашиглаж байгаа тухайд: Манай компани дээрх газрыг хүүхдийн зуслангийн зорилгоор ашиглах үүднээс 2011 оноос эхлэн хөрөнгө оруулалт болон барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэсээр ирсэн. Тухайлбал: 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 140417-1 дугаартай “Барилга барих зөвшөөрөл хүсэх тухай” албан бичгийг Нийслэлийн хот байгуулалт, ерөнхий төлөвлөгөөний газарт явуулсан. Энэхүү албан бичгийн дагуу маргаан бүхий газарт үйл ажиллагаа явуулах зорилгоор “Э” ХХК-аар хийлгэсэн 2 давхар хүүхдийн эко зуслангийн зураг төслийг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын хурлаар хянуулж, барилга барих зөвшөөрөл хүссэн боловч бидэнд тодорхой хариу ирүүлээгүй тул бид зөвшөөрөл шаардахааргүй жижиг хэмжээтэй байшин барьж гүйцэтгэсэн.

Түүнчлэн тус газарт барих хүүхдийн эко зуслангийн цахилгааны техникийн нөхцөлийг “У” ХК-аас 2012 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр авч батлагдсан техникийн нөхцөлийн дагуу 1 цахилгааны холболтыг хийж гүйцэтгэсэн байна. Энэхүү үйл баримтууд нь “А” ХХК-ийг газар ашиглаж, үйл ажиллагаа явуулж байгаа гэдгийг нотлох юм. Маргаан бүхий газар дээр баригдаж буй барилгын ажлын хөрөнгө оруулалтаас эхлэн барилгын зураг төсөл, тусгай зөвшөөрөл, инженер техникийн нөхцөл, норм, нормативыг хангуулахтай холбоотойгоор хугацаа их зарцуулсан. Түүнчлэн Дэлхий нийтэд Ковид-19 халдварт цар тахал гарч, хөрөнгө оруулалтууд тасалдах, хугацаа хойшлох зэрэг олон асуудлууд манай компанийн тогтвортой үйл ажиллагаанд нөлөөлж байна. Барилгын ажлыг хийж дуусгахаас өмнө газар дор хүүхдийн зуслангийн үйл ажиллагааг явуулах боломжгүй тул бид бүхний зүгээс барилгын ажлыг хурдан хугацаанд гүйцэтгэхээр ажилласаар байна.

Мөн түүнчлэн манай компани нь тухайн газрыг гэрчилгээнд заагдсан хүүхдийн зуслангийн зорилгоор ашиглахаар төлөвлөж, зорилтот ажлуудыг хийж байна. Тухайлбал: Хүүхдийн зуслангийн ажлыг хоосон газар дээр явуулах боломжгүй тул хүүхдийн амрах байрны зориулалт бүхий эко зуслангийн барилгын ажлыг эхлүүлэн, гүйцэтгэсээр ирсэн. Энэ нь манай компанийг өөрийн газрыг зориулалтын дагуу ашиглахаар идэвх, чармайлт гарган үүргээ гүйцэтгэж байгааг илтгэнэ.

Зориулалтын дагуу ашиглаагүй гэдэг нь хүүхдийн зуслан барьж, газрыг ашиглах байтал орон сууц, сувилал барих зэргээр гэрчилгээнд заасан зориулалтын бус чиглэлээр ашиглахыг ойлгоно. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь маргаан бүхий актаа тухайн газрыг 2 жил дараалан ашиглаагүй гэж үндэслэжээ.

Гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдэг нь тухайн газрыг ашиглаж буй этгээд газрын үр шимийг 2 жилийн хугацаанд гаргаагүй, дараалан 2 жил газар дээр огт үйл ажиллагаа явуулаагүй байгааг ойлгоно.

Өөрөөр хэлбэл, Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “Газар ашиглах гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг хэлнэ” гэж зохицуулсан ба манай компани газрын ашигтай чанарыг гаргах зорилгоор 2011 оноос эхлэн хүүхдийн зуслангийн барилгын ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлсээр ирсэн бөгөөд өөрийн ашиглаж буй газар дээр нийт 200,000,000 /хоёр зуун сая/ төгрөгийн шууд зардлыг гаргаж, хөрөнгө оруулалт хийсэн болно. Иймээс Байгаль орчин, аялал жуулчлалын Сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн ******* дугаар “Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай” тушаалд гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, үйл ажиллагаа явуулаагүй гэдэг нь хууль бус, үндэслэлгүй шийдвэр юм.

Хоёр. “А” ХХК нь Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд ашиглаж буй 2.0 га газрыг гэрээнд заасан газар ашиглах эрхээ сунгуулаагүй тухайд:

Манай компани маргаан бүхий газрыг ашиглах эрхээ хугацаандаа хүсэлтээ гаргасан бөгөөд бидний хүсэлтийг харгалзан тус газрыг Хүүхдийн зуслангийн зориулалтаар 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл сунгасан байгаа. Гэтэл хугацаа сунгуулаагүй гэдэг нь огт үндэслэлгүй юм.

Гурав. “А” ХХК нь Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд ашиглаж буй 200 га газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлж байсан тухайд: Манай компанид Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 09/8198 дугаар “Сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг хүргүүлсэн. Тус албан бичгийн хариу тайлбар мэдэгдлийг 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр өгсөн. Тус албан бичигтээ “Манай компани жилийн 7,920,000 (долоон сая есөн зуун хорин мянга) төгрөгийн газрын татварыг 2019 оны I улирал хүртэл хугацаа хэтрүүлэлгүй цаг тухай бүрт төлж байсан. Гэтэл Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 25 дугаар тогтоолын дагуу газрын татвар жилийн 57,556, 800 (тавин долоон сая таван зуун тавин зургаан найман зуун) төгрөг болгон нэмэгдүүлсэн тул газрын татварыг үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор аж ахуй нэгжүүд шүүхэд хандсан. Тухайн асуудал эцэслэн шийдвэрлэгдсэн тохиолдолд үлдэгдэл газрын татвараа төлж барагдуулахад бэлэн” гэдгийг дурдсан.

Улмаар дээрх шүүхийн маргаан нь эцэслэн шийдвэрлэгдэж газрын төлбөрийн хэмжээг багасгаж шийдвэрлэсэн, манай компани төлөгдөөгүй байгаа газрын төлбөрийг төлөхөд татгалзах зүйлгүй байгаа болно. Шүүхийн маргааны агуулга нь газрын татвар нэмэгдсэнтэй холбоотой тул маргаан бүхий газрын төлбөрийг хугацаандаа төлөх үүргээ түр хугацаанд зогсоож, маргаан шийдвэрлэгдэх хүртэл хойшлуулсан байсан. Энэ талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд мэдэгдсэн. Иймээс газрын татвараа төлөх үүргээ санаатай зөрчсөн үйлдэл байхгүй бөгөөд маргаан бүхий актад зааснаар төлбөрөө 2 жил хугацаандаа бүрэн төлөөгүй гэдэг нь үндэслэлгүй байна.

Түүнчлэн маргаан бүхий актыг хүчингүй болгуулахаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 болон Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2 дахь заалтын дагуу шүүхэд хандаж байгаа болно. Мөн маргаан бүхий акт 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр гарсан боловч манай байгууллагад 2021 он 3 дугаар сарын 17-ны өдөр шуудангаар мэдэгдсэн болно.

Иймээс Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн ******* дугаар “Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай” тушаалын хавсралтын “А" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгч, газар ашиглах эрхийг сэргээж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 7 дугаар сарын 06-ний өдрийн А-232 дугаар тушаалаар “А” ХХК-д Богдхан уулын дархан цаазат газрын *******ын аманд хүүхдийн зуслан зориулалтаар 2 га газар ашиглах эрхийг 5 жилийн хугацаатайгаар олгож, сайдын 2017 оны ******* тоот тушаалыг үндэслэн газар ашиглах эрхийг 5 жилийн хугацаатайгаар сунгасан байдаг.

“Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай” Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн ******* тушаалын гол үндэслэл нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 “...аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах...”, мөн Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1-д “..газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх...”, 35.3.3-д “.. газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх...”, 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “...эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй...”, 40.1.6-д “...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй...” гэж заасныг удирдлага болгосон.

Нэхэмжлэгч нь газрын төлбөрийг Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-д заасны дагуу хугацаанд нь төлбөрөө төлөөгүй бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 9 жил дараалан ашиглаагүй. Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-д “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно”, Мөн зүйл, хэсэгт заасан “... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй гэх мэт/ байхыг ойлгоно” гэж тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч энэ талаарх холбогдох нотлох баримтыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ирүүлээгүй байдаг.

Нэхэмжлэлд дурдсанчлан газрын төлбөрийн итгэлцүүрийг тогтоосон акттай маргаж байгаа нь газрын төлбөрөөс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй бөгөөд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд зааснаар дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар үйл ажиллагаа явуулах боломжгүй юм.

Иймээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг болон Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтуудыг тус тус үндэслэн Нийслэлийн Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 13/5794 тоот албан бичгээр ирүүлсэн төлбөрийн мэдээлэл, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 11u-3/5988 тоот албан бичгээр ирүүлсэн Газар ашиглах зөвшөөрөл авсан боловч барилга байгууламж бариагүй иргэд, аж ахуйн нэгжийн судалгаа, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2731 тоот албан бичгээр ирүүлсэн газар ашиглах эрхийг дуусгавар болгох санал зэргээр нотлогдож байх тул Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны ******* дугаар тушаалыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлж гаргасан байна.

Мөн Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6-д “Хамгаалалтын бүсийн ойд зам, гүүр барих, ус, эрчим хүч, холбооны шугам татах болон түймрээс хамгаалах шороон зурвас гаргах, ойн хэвийн өсөлт, нөхөн сэргэлтийг дэмжихэд чиглэгдсэн арчилгаа, цэвэрлэгээний арга хэмжээг хэрэгжүүлэх, ойн дагалт баялгийг ашиглахаас бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно...” гэж мөн хуулийн 29.1.10-д “...ойн сангийн газарт улсын тусгай хэрэгцээний болон ойн аж ахуйн арга хэмжээг хэрэгжүүлэхээс бусад зориулалтаар барилга байгууламж барих, аливаа объект байрлуулах...”-ыг хориглоно гэж заасан гэтэл нэхэмжлэгчийн газар нь ойн хамгаалалтын бүс болон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчийн 2016 оны 50 дугаар тогтоол, хориглолтын бүстэй давхцалтай байна.

Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18- ны өдрийн ******* дугаар “Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай" тушаал нь хууль зүйн үндэслэлтэй тушаал байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

      ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчээс Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн ******* дугаар тушаалын “А” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Нэг: Маргааны үйл баримтын тухайд:

Нэхэмжлэгч “А” ХХК нь анх 2016 онд Баянзүрх дүүрэгт байрлах Богдхан уулын дархан цаазат газрын *******ын ам нэртэй 2.0 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхтэй болж[1], 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2011/86 дугаар улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах эрхийн гэрчилгээг авчээ[2].

2016 онд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас “А” ХХК-ийн газар дээр нь шалгаж үзээд “...Газар дээрээ 380 вольтын цахилгаан татсан, гүний худагтай, 6 дүнзэн амралтын байшинтай, хамгаалалтын хашаа барьсан.

Цахилгаан холбоо сүлжээ, техникийн нөхцөл бүрэн хийгдсэн, Архитектур төлөвлөгөөний даалгавар, зураг төслөө Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөний газар болон яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраар батлуулсан.

Байгаль хамгаалах 2016 оны төлөвлөгөө, орчны хяналт шинжилгээний хөтөлбөр төлөвлөгөө батлуулж тайланг өгсөн.

Газар ашиглалтын зөрчилгүй, Баянзүрх дүүргийн Газрын албанаас төлбөрийн тооцоогүй, өр авлагагүйг тодорхойлсон тул ашиглах 2011/86 тоот гэрчилгээний хугацааг сунгахад татгалзах зүйлгүй...” гэх дүгнэлт хийж, 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 226 дугаар “Санал хүргүүлэх тухай” албан бичгээр “А” ХХК-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээг сунгахад татгалзах зүйлгүй болох саналаа Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт хүргүүлжээ[3].

Улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн ******* дугаар тушаалаар “А” ХХК-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээг 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл 5 жилийн хугацаагаар сунгасан[4] байх боловч 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн ******* дугаар тушаалаараа[5] нэхэмжлэгч “А” ХХК-ийн газар ашиглах эрхийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй гэж Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3, 40.1.5, 40.1.6-д заасныг тус тус үндэслэн газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгожээ.

Энэхүү актын үндэслэлийн талаар шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 5988 тоот албан бичгээр[6] газар ашиглах эрхийн зөвшөөрөл авсан боловч тухайн газартаа үйл ажиллагаа явуулаагүй 660 аж ахуйн нэгжийн судалгааг манайд ирүүлсэн. Үүгээр нэхэмжлэгч нь тухайн газартаа хүндэтгэн үзэх шалтгаангүй гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 9 жилийн хугацаанд ашиглаагүй. Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлсэн 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 13/5794 тоот албан бичгээр аж ахуйн нэгжийн төлбөр төлөхтэй холбоотой баримтуудыг ирүүлсэн. “А” ХХК-ийг газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй...” гэж тайлбарласан[7].

Хоёр: Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт заасан Эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэх үндэслэлийн тухайд:

            Хавтас хэрэгт авагдсан маргаан бүхий актын үндэслэл болсон Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлсэн 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 13/5794 тоот албан бичигт[8] “...2020 оны 3 дугаар улирлын эцсийн байдлаар гэрээнд ногдуулсан жилийн төлбөр 7.920.000 төгрөг, урьд оны дутуу төлөлт 5.940.000, нийт 11.880.000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй гэжээ[9].

Уг баримт нь өөрөө нэхэмжлэгчийг Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага зохих хууль тогтоомж, гэрээний дагуу газрын төлбөр төлнө, Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т газрын төлбөрийн орлогыг аймаг, нийслэлийн, сум дүүргийн төсөвт оруулна” гэж заасан хуулиар хүлээсэн үүргээ Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн ******* дугаар тушаалаар ашиглах эрхийн гэрчилгээг сунгасан хугацаанд хэрэгжүүлсээр байгаа болохыг харуулж байна.

Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс үлдэгдэл төлбөрийн хувьд “...“Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай” гэрээг Баянзүрх дүүргийн Засаг даргатай байгуулсан тохиолдолд гэрээнд заасан төлбөр тогтоосон хэмжээгээр төлөхөөр ...” хүсэлт тавьсан талаар мэдүүлсэн.

 Нэхэмжлэгчийн дээрх мэдүүлэг хавтас хэрэгт авагдсан Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлсэн албан тоот[10], 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 2019/261 дугаар “Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай” гэрээ[11], газар ашиглаж, эзэмших гэрээ дүгнэж, газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт, протокол[12] зэрэг баримтаар нотлогдож байна.

Энэ талаар судлан үзвэл Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хуулийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна гэж, 2 дахь хэсгийн 2, 3-д  “ газар ашиглах тухай”  гэрээнд газрын төлбөрийн хэмжээ, төлөх хугацаа, газар ашиглах, хамгаалах талаар талуудын эрх, үүрэг, хариуцлагыг тусгахаар тус тус зохицуулжээ.

Тиймээс дээрх хуульд заасан гурвалсан гэрээ байгуулагдаагүй тохиолдолд “А” ХХК гэрээний дагуу үүсэх эрх, үүргийг хэрэгжүүлэх боломжгүй буюу Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3 “газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх; үүргийг хүлээхээргүй байна.

Дээрх нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтыг нэгтгэвэл нэхэмжлэгч нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны 242 тоот тушаалын хавсралтаар баталсан Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ олгосон үеэс эхлэн газар ашигласан төлбөрөө хугацаанд нь төлсөөр байгаа, түүнийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэж буруутгах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлийн тухайд:

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хуулийн 33 дугаар зүйлийн 1-д  “Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно” гэж зааснаас  үзвэл тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглуулах гол үндэслэл нь эрх бүхий этгээдийн байгуулсан гэрээ байхаар байна.

Харин Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “газар ашиглах” гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг” ойлгоно гэжээ.

Хавтас хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр буюу “хүүхдийн зуслан” байгуулах төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн боловч бодит байдалд аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэн явуулж байгаа болно.

Энэ нь шүүхээс маргаан бүхий газар дээр хийсэн үзлэгээр илэрсэн нөхцөл байдлыг тодорхойлсон тэмдэглэл[13], фото зураг[14] болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Сүүлийн 2 жилийн хугацаанд Ковид-19 цар тахал гарсантай холбоотойгоор аялал жуулчлалын салбар тэг зогсолт хийсэн. Аялагчид, амрагчдыг авах боломжгүй болсон...” мэдүүлэг[15] зэргээр тогтоогдож байна.

Шүүхээс хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас маргаан бүхий захиргааны актыг гаргахаас өмнө нэхэмжлэгч А ХХК-ийн газар ашиглалтын байдалд хяналт шалгалт явуулсан эсэх талаар тайлбар, холбогдох баримтыг шаардахад[16] 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 01/4614 дүгээр албан бичгийн[17]  хавсралтаар маргаан бүхий актаа хойно үлдэгдсэн 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн “Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчийн мэдэгдлийн хүрээнд хийгдсэн ажлын тайлан”-г ирүүлсэн[18] атлаа тухайлан нэхэмжлэгч “А” ХХК-ийг 2 жил дараалан газар ашиглах үүргээ биелүүлээгүй болохыг тогтоосон баримтыг ирүүлээгүй.

Түүнд нэхэмжлэгч “А” ХХК-ийг 2 жил дараалан газар ашиглах үүргээ биелүүлээгүй болохыг аль хугацаанаас тооцсон эсэх нь тодорхойгүй.

Өөрөөр хэлбэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д зааснаар хариуцагч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй.

Түүнчлэн хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд маргаан бүхий захиргааны актыг гаргахаас өмнө нэхэмжлэгч “А” ХХК-г 2 жил дараалан газар ашиглах үүргээ биелүүлэхэд ямар нэгэн шалтгаан эсэх талаар газар ашиглагчаас,  гурвалсан гэрээ байгуулах байгуулах үүрэг бүхий дүүргийн Засаг даргаас тодруулалгүй Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно” гэснийг зөрчсөн гэж үзэхээр байна.

Бодит байдалд дэлхий нийтэд дэгдээд буй Ковид-19 буюу коронавирусийн цар тахал, түүний халдварын дэгдэлтийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор эртнээс хязгаарлах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаад Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай” 102 дугаар тогтоолын дагуу хилийн бүх боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг зогсоосон.

Улмаар шат дараалан хатуу хөл хорио, хязгаарлалтын дэглэм тогтоосноор цар тахлаас шалтгаалсан эдийн засгийн хүндрэл үргэлжилж, нийгэм, эдийн засгийн байдалд  хүндээр нөлөөлсөн.

Иймд дээрх нотлох баримтаар тогтоогдож буй үйл баримтаас үзвэл нэхэмжлэгчийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж буруутгах үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ.

Дөрөв: Бусад асуудлын тухайд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...нэхэмжлэгчид олгосон 2 га газар нь ойн хамгаалалтын бүс, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 50 дугаар тогтоолоор тогтоосон бүс болон хориглолтын бүстэй давхцалтай болох талаар тайлбарлах хэдий ч шүүх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын эрх хэмжээнд халдаж түүний дүгнээгүй асуудлын талаар дүгнэлт өгөх боломжгүй.

Учир нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн ******* дугаар тушаалын “А” ХХК-д холбогдох хэсгийн үндэслэлд энэ талаар дурдаагүй тул шүүх хөндлөнгийн байр сууринаас хандан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй гэж заасны дагуу зөвхөн маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийг хянасан болно.

Харин хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд дээр дурдсан үйл баримт үндэслэлтэй гэж үзвэл өөрт хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд дахин акт гарган шийдвэрлэх боломжтой болохыг дурдах нь зүйтэй.

Иймд дээрх үндэслэлүүдийг нэгтгэн Богдхан уулын дархан цаазат газрын *******ын аманд байрлах 2.0 га газрын ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн ******* дугаар тушаалын “А” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг баримтлан  “А” ХХК-аас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн ******* дугаар “Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай” тушаалын “А” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “А” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

          ШҮҮГЧ                                   Л.БАТБААТАР

 

 

 

[1] 1 Хавтас хэргийн 70,72 хуудас

[2] 1 Хавтас хэргийн 14 хуудас

[3] 1 Хавтас хэргийн 16 хуудас

[4] 1 Хавтас хэргийн 15, 81-83 хуудас

[5] 1 Хавтас хэргийн 92, 94 хуудас

[6] 1 Хавтас хэргийн 101-104 хуудас

[7] 2 Хавтаст хэргийн 181-182 хуудас

[8] 1 Хавтас хэргийн 98 хуудас

[9] 1 Хавтас хэргийн 100 хуудас

[10] 1 Хавтас хэргийн 13 хуудас

[11] 1 Хавтас хэргийн 17-20 хуудас

[12] 2 Хавтас хэргийн 97 хуудас

[13] 2 Хавтас хэргийн 102-103 хуудас

[14] 2 Хавтас хэргийн 104-109 хуудас

[15] 2 Хавтаст хэргийн 180 хуудас

[16] 2 Хавтас хэргийн 91 хуудас

[17] 2 Хавтас хэргийн 160 хуудас

[18] 2 Хавтас хэргийн 170 хуудас