| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 119/2025/0001/З |
| Дугаар | 221/МА2025/0184 |
| Огноо | 2025-03-12 |
| Маргааны төрөл | Тендер, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 221/МА2025/0184
| 2025 оны 03 сарын 12 өдөр | Дугаар 221/МА2025/0184 | Улаанбаатар хот |
“С***” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү,
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа,
Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х***, Д.Э***,
Нэхэмжлэгч: “С***” ХХК,
Хариуцагч: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/202401011300 дугаартай тендерийн Үнэлгээний хороо,
Нэхэмжлэлийн шаардлага: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн ТБ-12-4-12/7532 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр ирүүлсэн тендерээс татгалзсан шийдвэрийг хүчингүй болгуулах, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ТБ-134-12/8481 дугаартай “Мэдэгдэл хүрүүлэх тухай” албан бичгээр ирүүлсэн тендерээс татгалзсан шийдвэрийг хүчингүй болгуулах, “С***” ХХК болон “Д***” ХХК-ийн түншлэлтэй тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгохыг захиалагчид даалгах, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ТБ-134-12/8481 дугаартай “Мэдэгдэл хүрүүлэх тухай” шийдвэрээр ирүүлсэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хорооны шийдвэр, зөвлөмжийг хүчингүй болгуулах,
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 119/ШШ2025/0007 дугаар шийдвэр,
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Т***,
нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Э***,
хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х***,
хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/202401011300 дугаартай тендерийн Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э*** нар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Д***,
Хэргийн индекс: 119/2025/0001/3.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “С***” ХХК-иас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/202401011300 дугаартай тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн ТБ-12-4-12/7532 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр ирүүлсэн тендерээс татгалзсан шийдвэрийг хүчингүй болгуулах, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ТБ-134-12/8481 дугаартай “Мэдэгдэл хүрүүлэх тухай” албан бичгээр ирүүлсэн тендерээс татгалзсан шийдвэрийг хүчингүй болгуулах, “С***” ХХК болон “Д***” ХХК-ийн түншлэлтэй тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгохыг захиалагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ТБ-134-12/8481 дугаартай “Мэдэгдэл хүрүүлэх тухай” шийдвэрээр ирүүлсэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хорооны шийдвэр, зөвлөмжийг хүчингүй болгуулах”-аар маргасан.
2. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 119/ШШ2025/0007 дугаар шийдвэрээр “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.2, 26 дугаар зүйлийн 26.4.2, 26.4.4, 26.9, 28 дугаар зүйлийн 28.1.1, Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.12, 12 дугаар зүйлийн 12.10.1, 12.10.4, Нийтийн мэдээллийн ил тод байдлыг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.10.1, 12.10.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “С***” ХХК-ийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/202401011300 дугаартай Үйлдвэрлэл технологийн паркийн гадна цахилгаан хангамжийн дэд станц, шугам сүлжээг барьж байгуулах ажил-ын нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/202401011300 дугаартай Үйлдвэрлэл технологийн паркийн гадна цахилгаан хангамжийн дэд станц, шугам сүлжээг барьж байгуулах ажил-ын нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хорооны 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 01, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” ТБ-134-12/8481 дугаартай шийдвэрийг тус тус хүчингүй болгож, “С***” ХХК болон “Д***” ХХК-ийн түншлэлтэй тендерийг хамгийн сайнд үнэлэгдсэн тендерт шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгохыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т даалгаж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” ТБ-134-12/7532 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1 Нэхэмжлэгчийн тендерт нууцалж ирүүлсэн баримт бичгүүд нь ажилчдын диплом, сертификат, орчуулгын мэдээлэл байсан бөгөөд энэ нь хүний эмзэг мэдээлэлд хамаарахгүй, ил болгон илгээх мэдээлэл байхад анхан шатны шүүх энэ талаар зөв дүгнэлт хийгээгүй
3.2 Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-
д “Нийтийн мэдээллийн дэд бүтэц, төрийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулахтай холбогдсон харилцааг тухайлсан хуулиар зохицуулснаас бусад харилцааг энэ хуулиар зохицуулна” гэж заасан. Тус тендер шалгаруулалтад оролцож буй оролцогч нарын ирүүлсэн тендер, түүнд агуулагдах мэдээлэл нь захиалагч, Үнэлгээний хорооо болон тендерт шалгарсан оролцогчийн тендерийг бусад оролцогч нар танилцах эрхтэй буюу хязгаарлагдмал хүрээнд ил тод байхаас бусад хэлбэрээр нийтэд ил тод болох мэдээлэл биш болно
3.3 Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4, 6 дугаар зүйлийн 6.1.1, 7 дугаар зүйлийн 7.1.1, 9 дүгээр зүйлийн 9.2.1-д заасны дагуу хүний эмзэг мэдээлэлд хамаарах нүүр царай агуулсан биометрик мэдээллийг ил болгон тендерт илгээх боломжтой байсан бөгөөд хэрэв тус компани тендерт шалгарсан тохиолдолд бусад оролцогч нар гомдол гаргагчийн тендерээс хүний нөөцтэй холбоотой мэдээлэлтэй танилцах болон тендерийн баримт бичгээр шаардсан шаардлагыг хангаж буй эсэхийг харьцуулах боломжгүй, улмаар энэ асуудлаар Сангийн яаманд гомдол гаргах эрхийг хязгаарлах асуудал үүснэ
3.4 Анхан шатны шүүх Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28, 30, 48, 50 дугаар зүйлүүдэд заасан Үнэлгээний хороо болон захиалагчийн эрх үүрэгт халдаж, нэхэмжлэгчийг сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулах, гэрээ байгуулах эрх олгохыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т “даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй
Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
4. Нэхэмжлэгч талаас талаас хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
3. Маргаан бүхий үйл баримтын тухайд,
3.1. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр “Үйлдвэрлэл технологийн паркийн гадна цахилгаан хангамжийн дэд станц, шугам сүлжээг барьж байгуулах ажил. Багц №1 220/110/35 кВ-ын 2х200 MBA чадалтай “Оюут” дэд станцыг барих ажил”-ын ЭҮТӨҮГ/202401011300/01/01 дугаартай тендерийг нийтэд зарласан.
3.2. Нэхэмжлэгч “С***” ХХК нь “Д***” ХХК-тай түншлэл болон тус тендер шалгаруулалтад оролцсон боловч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн ТБ-12-4-12/7532 дугаар албан бичгүүдээр тус компанийн ирүүлсэн тендерээс татгалзсан мэдэгдлийг хүргүүлсэн.
3.3 Тендерт оролцсон “С***” ХХК дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасан дагуу Сангийн яаманд хандан гомдол гаргасныг Сангийн яам хянан, 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Гомдол хянасан тухай” 03/10301 дүгээр албан бичгээр “... Түншлэлээс нууцалж ирүүлсэн файлд хүний нөөцийн санал болгосон 20 хүний мэдээлэлд холбогдох иргэний үнэмлэх, гэрчилгээг нууцалж ирүүлсэн үндэслэлд “Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 4 дүгээр бүлгийн 18.2.15-д заасны дагуу ... нууцлан хүргүүлж байна” гэж дурдсанаас уг мэдээлэл нь мөн хуулийн 4.1.1, 4.1.12-д заасанд хамаарах талаар үндэслэл дурдаагүйтул уг асуудлыг тендер хянан үзэхэд харгалзан үзээгүй гэж захиалагчийг буруутгах үндэслэлгүй. Харин тендер шалгаруулалты баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.2.1-ийн 2-д заасны дагуу түншлэлээс 20 ажилтныг санал болгосны дагуу тэдгээрийн дипломын мэдээлэлд үндэслэн хянан үзэх бөгөөд ... системээс татаж буй бусад баримт бичгээр нотлогдох эсэхийг харгалзан журмын 5.9-д заасныг хэрэгжүүлэх нь зүйтэй” хэмээн захиалагчид мэдэгдсэн.
3.4. Улмаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ТБ-134-12/8481 тоот албан бичгээр тус компанийн ирүүлсэн тендерээс татгалзсан мэдэгдлийг хүргүүлснийг нэхэмжлэгч “С***” ХХК-иас эс зөвшөөрч “...Инженер, техникийн мэргэжилтэй ажилтнуудын гэрчилгээ нь хүнийг шууд тодорхойлох боломжтой хүний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, цээж зураг, боловсрол зэрэг хүний хувийн мэдээллийг өөртөө агуулсан байдаг. Иймд инженер техникийн ажилчдын мэдээлэл авах зөвшөөрлийн дагуу олон нийтэд ил болгохоос татгалзсан. Гэтэл тендерийн үнэлгээний хороо болон захиалагч нь тендерт оролцогчоос хууль зөрчсөн шаардлага тавьж байна. ... Тендерт оролцогч хуульд заасан хариуцлагатай байх зарчмыг хэрэгжүүлсэн байхад хуульд заагаагүй үндэслэлээр тендерээс татгалзаж, нэхэмжлэгчийн тендерт шалгарах эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдаж байгаад гомдолтой байна” зэрэг үндэслэлээр захиалагчийн 2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн ТБ-12-4-12/7532, 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ТБ-134-12/8481 дугаартай тендерээс татгалзсан шийдвэрийг хүчингүй болгуулах, “С***” ХХК болон “Д***” ХХК-ийн түншлэлтэй тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгохыг захиалагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлага гарган маргасан.
4. Анхан шатны шүүх “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/202401011300 дугаартай тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан нэхэмжлэгч “С***” ХХК-ийн нэхэмжлэлийн “захиалагчийн 2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн ТБ-12-4-12/7532 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож, үлдэх шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
5. Тодруулбал, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/202401011300/01/01 дугаар тендер шалгаруулалтын баримт бичгийн ТШЗ 19.2.1-д “Ажил гүйцэтгэхэд шаардлагатай хүний нөөцийн мэдээлэл: Шаардана” гээд 19.2.1-ийн 1-д тухайн тендерт оролцогчийн үндсэн ажилтнуудийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн мэдээллийг, 2-д инженер техникийн ажилтнуудын диплом, боловсролын талаарх баримтын хуулбарыг тус тус цахим системээр дамжуулан шалгахаар заажээ.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т “худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална”, 26 дугаар зүйлийн 26.2-д “Захиалагч оролцогчийн ерөнхий шаардлагыг энэ хуулийн 7.2-т заасан мэдэгдэл, 7.3-т заасан баримт бичиг, 15.2-т заасан мэдээлэлд үндэслэн хянан үзнэ”, 26.4.4-т “тендер шалгаруулалтын баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага хангасан байх” гэж тус тус зааснаар хариуцагч нь тендерт оролцогчийн ирүүлсэн тендерийг, тендер шалгаруулалтын хүснэгтэд заасан шалгуур болон ирүүлсэн баримт бичгүүдтэй харьцуулан тулгаж шалган үзэх боломжтой байна.
6. Тухайн тохиолдолд, нэхэмжлэгч “С***” ХХК-ийн тендерийн баримт бичигтээ хүний нөөцийн шалгуур, шаардлагыг хангахтай холбоотой мэдээлэл болох иргэний үнэмлэх, гэрчилгээ зэрэг мэдээллийг холбогдох тайлбарын хамт нууцлан ирүүлсэн байхад хариуцагч нь тухайн баримтын үндэслэлтэй эсэх талаар дүгнэлт хийгээгүй.
Сангийн яамны 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 03/10301 дүгээр “Гомдол хянасан тухай” албан бичигт “...хүний нөөцийн боловсрол, мэргэжлийн ур чадварыг нотлох баримт бичигт цахим системээс татаж буй дээд боловсролын дипломын мэдээллээс бусад баримт бичгээр нотлогдох эсэхийг харгалзан журмын 5.9-д заасныг хэрэгжүүлэх нь зүйтэй” хэмээн захиалагчид мэдэгдсэн бөгөөд Сангийн сайдын 2023 оны А/253 дугаар тушаалаар батлагдсан “Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам”-ын 5.9-т “Сангийн яам гомдол хянан шийдвэрлэхэд хуулийн 59.10-т зааснаар хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй асуудлаар захиалагчийг хуулийн 48.2.3-т заасан эрх, үүргийн хүрээнд хяналт тавихыг даалгасан бол захиалагч хуулийн 28.1-д зааснаар шийдвэр дахин гаргах эсэхийг шийдвэрлэж, оролцогчид мэдэгдэнэ” хэмээн заасан байхад хариуцагч нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5-д заасан мэдээлэлд хамаарахгүй байхад нууцалж ирүүлсэн үндэслэлээр татгалзаж шийдвэрлэсэн нь мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т “худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална” гэж заасан зарчимд нийцэхгүй.
Энэ талаарх анхан шатны шүүхийн “...Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-т /Мэдээлэл хариуцагч генетик болон биометрик мэдээллийг цуглуулах, ашиглах үйл ажиллагааны аюулгүй байдлыг хангаж ажиллана/ зааснаар ажил олгогчийнхоо хувьд мэдээлэл хариуцагч болох бөгөөд маргаан бүхий тендерт шаардлагатай инженер, техникийн ажилчдын биометрик /иргэний үнэмлэх, зөвлөх, мэргэшсэн инженер, мэргэжилтэй ажилтнуудын гэрчилгээ/ мэдээллийг ашиглахдаа тэдгээрийн аюулгүй байдлыг хангаж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж уг мэдээллийг нууцалж хүргүүлснийг буруутгах үндэслэлгүй” гэх дүгнэлт үндэслэлтэй.
7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 119/ШШ2025/0007 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА