Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 146/ШТ2017/00002

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сарантуяа даргалж,

Нарийн бичгийн дарга: А.Батцог,

Улсын яллагч: Д.Алимаа,

Шүүгдэгч: Х.Л нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогтой Х-н Лт холбогдох эрүүгийн 201615010153 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

             Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 19.... оны 12 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, аав, ээж, эгч, дүү нарын хамт Улаанбаатар хот, ..... дүүрэг, 7 дугаар хороо, ......... 6 дугаар байр 57 тоотод оршин суудаг, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Б овогтой Х-н Л /РД:.........../

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Яллагдагч Х.Л нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 10 дугаар сарын 13-наас 10 дугаар сарын 14-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн ....... сум “.......” зочид буудлын 2 тоот өрөөнд нэвтрэн орж 412 000 төгрөг, Голомт банкны карт зэргийг хулгайлан авч хохирогч А.Зт 417 000 төгрөгний хохирол учруулсан  гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Л мэдүүлэхдээ:

            2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Би Өвөрхангай аймгийн ...... сумаас 15 цагийн үед ирсэн. Тэгээд гэртээ байж байтал манай хоёр найз хөдөөнөөс ирсэн гээд орой 22 цагийн үед уулзъя гэж дуудсан. Тэр өдөр манай найзын төрсөн өдөр болоод бид нар “.....” зочид буудалд тэмдэглэсэн. Бид нар эхлээд наймуулаа байж байгаад бусад нь яваад Э.Батзориг бид хоёр үлдсэн. Би доошоо буух гээд явж байтал их согтсон учир явж чадахгүй нэг хаалганы бариулаас барьтал тэр өрөөний хаалга онгорхой байсан. Тэгээд би ороод өлгүүрт өлгөөтэй байсан куртикнээс мөнгө болон картыг авсан. Тийм л зүйл болсон гэв.

Хохирогч А.Зын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотоос гадаадын жуулчин аваад 21-05 УБА улсын дугаартай “Делика” маркийн автомашинтай гарсан. 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 14 цагийн үед Өвөрхангай аймгийн Хархорин сумын “.....” гэх буудалд буусан. 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр өглөө 08 цагийн үед босоод хаалганы хажуу талын өлгүүрт өлгөсөн байсан. Гадна талын куртикний халаасанд байсан 20 000 төгрөг 20 ширхэг, 5000 төгрөг 1 ширхэг, 1000 төгрөг 7 ширхэг нийт 412 000 төгрөг, голомт банкны карт алга болсон гэдгийг мэдсэн. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Би буудалд ганцаараа хонож байсан. ...надад гомдол нэхэмжлэх зүйл байхгүй. Учир нь би өөрийнхөө 412 000 төгрөг, голомт банкны карт зэргийг хүлээн авсан. Би шүүх хуралд суухгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 8 дугаар хуудас/

Гэрч Э.Батзоригийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Би 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төрсөн. Тэгээд 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр миний төрсөн өдрийг тэмдэглэх гэж манай найзууд Өвөрхангай аймгийн Хархорин сумын “.....” гэх буудлын 2 давхарт 1 өрөө аваад орсон. Манай найзууд 22 цагийн үед явсан. Л ганцаараа 23 цагт ирсэн. Уг өрөөндөө Л бид 2 архи уусан. Бид 2 их согтсон. Тэгээд би унтаад өгсөн. Өглөө өрөөндөө унтаж байхад цагдаа орж ирээд Лтай уулзаад байсан. Л шөнө өөр өрөөнд ороод мөнгө хулгайлсан гэдгийг мэдээгүй. Л өөрөө хэлэх байх. Лтай 2006 онд анх танилцаж найзууд болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр хуудас/

Гэрч Н.Бийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 19 цагийн үед Батзориг гэдэг залуу 2 давхарын 7 тоот өрөөнд орсон. Тэгээд хэдэн залуучууд ирсэн. Шөнө 22 цагийн үед зарим хүмүүс нь яваад 2 залуу үлдсэн. 2016 оны 10 дугаар сарын 14-ний 00 цаг 20 минутанд А.З гэдэг хүн 7 тоот өрөөнд орсон. Тэгээд 09 цагийн үед өрөөнөөс гарсан. А.Зыг өрөөнөөс гарсан хойно 7 тоот өрөөг би цэвэрлэсэн. Гэтэл А.З 10 цагийн үед буцаж ирээд миний 412 000 төгрөг, голомт банкны карт алга болсон гэж хэлсэн. Би өрөөг цэвэрлэсэн өрөөнд мөнгө карт үлдсэн зүйл байхгүй байсан гэж хэлсэн. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Манай буудлын 2 давхарын 2, 7 тоот өрөөнд хүмүүс байсан бусад өрөөнд хүнгүй байсан. Буудлын 2 тоот өрөөнөөс 7 тоот өрөө хүртэл 10 метр орчим зайтай...” гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар

Шүүгдэгч Х.Л нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 10 дугаар сарын 13-наас 10 дугаар сарын 14-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн ........ сум “.....” зочид буудлын 2 тоот өрөөнд нэвтрэн орж 412 000 төгрөг, Голомт банкны карт зэргийг хулгайлан авч хохирогч А.Зт 417 000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

Хохирогч А.Зын мөрдөн байцаалтын шатанд хэрхэн хохирсон талаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 8 дугаар хуудас/, гэрч Э.Б-н  мэдүүлэг /хх-ийн 9, 12 дугаар хуудас/ болон шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан тухайн хэрэгт хамааралтай Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Х.Л нь гэм буруутай, Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч Х.Лыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Гэм хорын хохирол болон хэргийн бусад байдлын талаар:

Хохирогч А.З нь “...Надад гомдол санал байхгүй. Хохирол барагдуулсан нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн тул шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй байна. 

Шүүхээс шүүгдэгч Х.Лт ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг нь харгалзан түүнд хорих ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Шүүгдэгч Х.Л нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон                                                                                                              

ТОГТООХ нь:

1. Б овогтой Х-н Лыг орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар Х.Лыг 50 000 /тавин мянган/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 2 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Х.Лт оногдуулсан 2 жил 10 хоногийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Х.Л нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар Х.Лт оногдуулсан 2 жил 10 хоногийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын харъяа Хархорин сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэст даалгасугай.

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

7. Давж заалдах гомдол гарсан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Х.Лт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                          Б.САРАНТУЯА