Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэнэбаатарын Оюунтунгалаг |
Хэргийн индекс | 105/2022/1610/Э |
Дугаар | 2022/ШЦТ/1723 |
Огноо | 2022-11-21 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Г.Билгүүн |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1723
2022 11 21 2022/ШЦТ/1723
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Дэлгэр,
улсын яллагч Г.Билгүүн,
хохирогчийн өмгөөлөгч: Ц.Батмэнд /ҮД: 3316/,
шүүгдэгч А.Ц, түүний өмгөөлөгч Г.Нямсүрэн /ҮД:2700/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан О овогт А.Цд яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2206 00000 2456 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дүгээр сарын 00-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн. 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ХХ ХХК-д ачигч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дуургийн 00 дугаар хороо булаг 00 гудамж 00 тоотод оршин суух хаягтай, урьд
1. Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 235 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 8 сарын хугацаагаар хойшлуулсан.
2. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 232 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зуйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147 2 дахь хэсэгт зааснаар 05 жил 05 сарын хорих ял шийтгүүлж Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 95 дугаар шүүгчийн захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
3. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 791 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн еренхий ангийн 3.7 дугаар зуйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 04 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хорих ялын хугацаа дуусаж суллагдсан.
О овогт А.Ц /Регистрийн дугаар: 00000000/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.Ц нь 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бөхийн өргөөний автобусны буудал дээр хохирогч Т.Атай ялимгүй зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар хохирогчийн биеийн нүүр, хэвлийн тус газарт нь хагархай пивоны шилээр хатгаж биед нь зүүн хацар, хэвлий, зүүн бугалганд шарх, зүүн сарвууны ар хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч А.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Ц мэдүүлэхдээ: “... Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хавтаст хэргийн 4-7 дахь тал/,
Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг CU дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 08 дахь тал/
Самсунг А32 загварын гар утсаар хийсэн 1 минут 25 секунтын бичлэг бүхий Сидиг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 09 дэх тал/
Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Бөхийн өргөөний автобусны буудлын хогийн саван дотроос илрүүлсэн 1 ширхэг хагархай пивоны шилийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 10 дахь тал/
Хохирогч Т.Агийн "2022 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 02 цагийн үед би Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бөхийн ергеений автобусны буудал дээр би ажлаасаа буучхаад, бага зэрэг согтууруулах ундаа хэрэглээд хотод байдаг гэртээ харих замдаа буугаад түргэн үйлчилгээний цэг орж тамхи авах гэж байсан юм. Би түргэн үйлчилгээний цэг дотор ороход нэг согтуу намхан хар савхи мэт зүйл дээгүүрээ өмссөн эрэгтэй худалдагч эмэгтэйг дээрэлхээд байсан тул түүнд ингэж болохгүй, битгий ийм бай гэх утгатай зүйл хэлээд тамхи аваад гарсан. Би түргэн үйлчилгээний цэгээс гараад цааш Арслантай гүүр зүг чиглээд алхаж байтал миний ард тас хийх чимээ дуугарсан. Тэгээд намайг араас нэг эрэгтэй хөөе гэж орилж дуудахаар нь эргээд хартал нөгөө түргэн үйлчилгээний цэг дотор байсан согтуу эрэгтэй над руу гартаа хагархай пивоны шил барьчихсан дайрч ирээд намайг барьж аваад миний зүүн хацар, зүүн доод хэвлий хэсэг болон зуун гарын дээд хэсгийн дотор талд тухайн үед барьчихсан байсан хагархай пивоны шилээрээ хэд хэдэн удаа хатгасан" гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дахь тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 19-ний 9819 дугаартай "Т.Агийн биед зүүн хацар, хэвлий, зүүн бугалганд шарх, зүүн сарвууны ар хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Зүүн хацар, хэвлий, зүүн бугалганы шарх нь ир ирмэгтэй, зүүн сарвууны ар хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тус тус хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна" гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 23-24 дэх тал/,
Гэрч Э.Э "...А.Ц нь миний төрсөн ах байгаа юм. А.Ц нь 1995 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн ба бага насаа бид хоёр эмээгийндээ өнгөрөөсөн. А.Ц ах Нийслэлийн ерөнхий боловсролын … дүгээр сургууль болон Нийслэлийн ерөнхий боловсролын … дугаар сургуульд суралцаж байсан ба … дүгээр сургуулийг төгсөж бүрэн дунд боловсрол эзэмшсэн. Одоогоор манай ах А.Ц Сонгинохайрхан дүүргийн … дугаар хороо булаг … гудамж … тоотод эхнэр С болон 2 хүүхдийн хамт оршин сууж байгаа. ХХ ХХК-д манай ах А.Ц ажиллаж байгаа болно" гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дэх тал/,
Яллагдагч А.Ц-гийн хувийн байдлыг тогтоосон нотлох баримтууд /хавтаст хэргийн 27-69 дэх тал/ болон бичгийн бусад нотлох баримтууд авагдсан байна.
Хохирогч Т.Агийн авсан гэмтлийн гэрэл зураг /хавтаст хэргийн 86 дахь тал/
“ХХК”-ийн 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн ХХК”-ийн мэдээлэл технологийн менежер албан тушаалтай А нь 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүртэл эрүүл мэндийн шалтгаанаар ажилдаа ирээгүй нь үнэн болно. Тус ажиллаагүй хугацаанд цалин бодогдоогүй” гэх тодорхойлолт /хавтаст хэргийг 87 дахь тал/
“ХХК”-ийн 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн “Т.А нь тус кампанид 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс Уурхайн захиргааны хэлтэст мэдээлэл технологийн менежер албан тушаалд ажиллаж байгаа нь үнэн болно. Ажилтны нэг сарын цалин 1,950,000 төгрөг” гэх тодорхойлолт /хавтаст хэргийг 88 дахь тал/,
Хохирогч Т.Агийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийг 117 дахь тал/,
Хохирогч Т.А-ын өгсөн хохирлын баримтууд /хавтаст хэргийг 118 дахь тал/,
Хохирогч Т.Ад 860.000 төгрөгийн хохирол, төлбөр төлсөн талаарх баримт /хавтаст хэргийг 115 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримт болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч А.Ц нь 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бөхийн өргөөний автобусны буудал дээр хохирогч Т.Атай ялимгүй зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар хохирогчийн биеийн нүүр, хэвлийн тус газарт нь хагархай пивоны шилээр хатгаж биед нь зүүн хацар, хэвлий, зүүн бугалганд шарх, зүүн сарвууны ар хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч Т.Агийн "...2022 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 02 цагийн үед би Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бөхийн өргөөний ... түргэн үйлчилгээний цэг дотор ороход нэг согтуу намхан хар савхи мэт зүйл дээгүүрээ өмссөн эрэгтэй худалдагч эмэгтэйг дээрэлхээд байсан тул түүнд ингэж болохгуй, битгий ийм бай гэх утгатай зүйл хэлээд тамхи аваад гарсан. Би түргэн үйлчилгээний цэгээс гараад цааш Арслантай гүүр зуг чиглээд алхаж байтал миний ард тас хийх чимээ дуугарсан. Тэгээд намайг араас нэг эрэгтэй хөөе гэж орилж дуудахаар нь эргээд хартал нөгөө түргэн үйлчилгээний цэг дотор байсан согтуу эрэгтэй над руу гартаа хагархай пивоны шил барьчихсан дайрч ирээд намайг барьж аваад миний зүүн хацар, зүүн доод хэвлий хэсэг болон зуун гарын дээд хэсгийн дотор талд тухайн үед барьчихсан байсан хагархай пивоны шилээрээ хэд хэдэн удаа хатгасан" гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дахь тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 19-ний 9819 дугаартай "...Т.Агийн биед зүүн хацар, хэвлий, зүүн бугалганд шарх, зүүн сарвууны ар хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Зүүн хацар, хэвлий, зүүн бугалганы шарх нь ир ирмэгтэй, зүүн сарвууны ар хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тус тус хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 23-24 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул А.Ц-г гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Шүүгдэгч А.Ц-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эрхэд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч Т.А нь баримтаар 856.460 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч төлж барагдуулсан болно. Мөн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч талаас нэхэмжилсэн 50.000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн. Хохирогч Т.А нь цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай, ажилгүй байсан хугацааны нөхөн төлбөр гаргуулах шаардлагатай гэж шүүх хуралдаанд тайлбарлаж мэтгэлцсэн бөгөөд энэ талаарх нотлох баримтаа хуульд заасан журмаар бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуульд зааснаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч А.Ц нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг хагархай пивоны шил хураагдсан бөгөөд битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.Ц нь 47 хоног цагдан хоригдсон, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч А.Цд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О овогт А.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Цд 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар А.Ц-гийн урьд цагдан хоригдсон нийт 47 /дөчин долоо/ хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын ажлын 8 цагтай дүйцүүлж 376 цагийг нийтэд тустай ажил хийлгэх ял эдэлсэнд тооцсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Ц нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди-г хэрэгт хавсаргаж, эд мөрийн баримтаар тооцож, хурааж ирүүлсэн 1 ширхэг хагархай пивоны шилийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай
6. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар А.Ц-гаас 50,000 /тавин мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч Т.А-д олгосугай.
7. Хохирогч Т.А нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУНТУНГАЛАГ