| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 146/2017/0003/Э |
| Дугаар | 146/ШТ2017/00003 |
| Огноо | 2017-01-04 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 146/ШТ2017/00003
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: Э.Батцог
Улсын яллагч: Д.Алимаа
Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.Мядагмаа
Шүүгдэгч: Ч.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт Ч-н Мд холбогдох 146/2016/0003/Э/ индекстэй, эрүүгийн 201615010118 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19... оны 03 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, .... настай,......й, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүүгийн хамт Өвөрхангай аймгийн ..... сумын 3 дугаар баг, “......” гэх газар оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, Сум дундын 18 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 хоногийн хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Д овогт Ч-н Мд. /РД: ........../
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Яллагдагч Ч.М нь 2016 оны 07 дугаар сард Өвөрхангай аймгийн ..... сум 5 дугаар баг ..... 1-2 тоотод оршин суух Л.Дийн гэрээс компьютер, дуран, гар утас, зургийн аппарат, монетон гинж, кулон, хувцас зэрэг эд зүйл хулгайлан авч хохирогч Л.Дд 2.345.000 төгрөгний хохирол учруулсан,
Мөн давтан үйлдлээр 2016 оны 07 дугаар сарын 31-нээс 2016 оны 08 дугаар сарын 01-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн ..... сумын 5 дугаар баг ....... 2-3 тоотод оршин суух Д.Зийн гэрээс алтан бөгж, гар утас, бугуйн цаг, бэлэн мөнгө зэрэг эд зүйл хулгайлан авч хохирогч Д.Зт 4.400.000 төгрөгний шууд хохирол учруулсан,
Давтан үйлдлээр 2016 оны 08 дугаар сард Өвөрхангай аймгийн ..... сумын 5 дугаар баг..... 2-04 тоотод оршин суух Ч.Цгийн гэрээс 2 ширхэг гар утас хулгайлан авч хохирогч Ч.Цд 300.000 төгрөгний хохирол учруулсан,
Давтан үйлдлээр 2016 оны 10 дугаар сард Өвөрхангай аймгийн ..... сум, баг, 3-07 тоотод оршин суух И.Өын гэрээс монетон гинж, алтан бөгж, набор, бэлэн мөнгө зэрэг эд зүйл хулгайлан авч хохирогч М.Тид 969.000 төгрөгний хохирол учруулсан,
Давтан үйлдлээр 2016 оны 10 дугаар сарын 16-наас 10 дугаар сарын 17-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн ...... сум ......баг Өлийн 7-9 тоотод оршин суух Г.Нын гэрээс монетон бөгж, гар утас зэрэг эд зүйл хулгайлан авч хохирогч Г.Нод 250.000 төгрөгний хохирол учруулсан,
Давтан үйлдлээр 2016 оны 10 дугаар сарын 22-ноос 10 дугаар сарын 23-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн ....... сум, ............ийн нутаг Дэнжийн 1-08 тоотод оршин суух Г.Мгийн гэрээс виски, бугуйн цаг, архи, үнэртэй ус, эрэгтэй хүний пальто, эмэгтэй хүний куртик, тооны машин, сахлын машин, компьютер, бэлэн мөнгө, монетон бөгж зэрэг эд зүйл хулгайлан авч хохирогч Г.Мд 1.666.500 төгрөгний хохирол учруулсан,
Мөн дээрх гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.М мэдүүлэг өгөхгүй гэсэн тул сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: ...Би 2016 оны 07 дугаар сарын сүүл 08 дугаар сарын эхээр Өвөрхангай аймгийн ..... сумын төвд..... хажууд байх Д.Зийн байшинд орж дотроос бэлэн мөнгө, бугуйн цаг, гар утас зэргийг аваад орж ирсэн цонхоороо гарсан. Тухайн айлаас гараад баруун талын хашааг давж Батбаяр гэх айлын байшингийн цонхоор орж гал тогооны өрөөнд байсан 2 ширхэг LG маркийн хар, цагаан өнгийн утас аваад гарсан. Тэрний дараа хулгай хийж авсан зүйлсээ аваад өөрийн гэрт ирсэн. Намайг гэрт ирэхэд хэн нэгэн байгаагүй би ганцаараа байсан. Хулгай хийхдээ мөн ганцаараа байсан. Өдөр нь явган явж айлуудыг эзгүй байгаа талаар мэдсэн байсан учир шөнийн цагаар байшингийнх нь цонхыг гэрээс авч явсан цэнхэр иштэй урт аптеркаар хөшиж онгойлгон цонхоор орсон. Би хэн нэгэнтэй цуг хулгай хийдэггүй. Ганцаараа явдаг. Тухайн өдөр хар өнгийн түрүүтэй хроомон гутал, хөх өнгийн бэлтгэлийн өмд, хар алаг бэлтгэлийн цамц өмсөж явсан. Миний хулгай хийж авсан зүйлсийг хэн нэгэн авдаггүй. Би харин зарим хэрэгцээтэй зүйлсээ өөртөө авч мөнгө төгрөгийг үрдэг юм. Хулгай хийсэн өдрөөс хойш хоёр хоногийн дараа Улаанбаатар хот, ..... сумын хооронд явдаг Ишээ гэх залуугийн автомашинаар Улаанбаатар хот орж 7 хоноод буцаж ирсэн унаа буюу Ишээгийн автомашинаар ..... суманд ирсэн. ..... сумаас Улаанбаатар хот орох гэж 15000 төгрөгөөр харин Улаанбаатар хотоос ..... сум орохдоо 20000 төгрөг өгсөн. Би Улаанбаатар хот орж ажил хийх бодолтой байсан юм. Тэгээд харин ажил олдоогүй иймд л буцаж ирсэн. Миний Хаан банкны .......... тоот дансанд 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр бэлнээр байсан 180000 төгрөг нь ..... сумын иргэн Зинамэдэрийн гэрээс авсан бэлэн мөнгөний тал нь байгаа юм. Тухайн мөнгийг би Улаанбаатар хот орсныхоо маргааш нь Чингэлтэй дүүргийн 7-н буудлын автобусны хажууд байсан бэлэн мөнгөний машин /АТМ/-нд хийгээд тэр өдрөөс 80000 төгрөгийг нь авч ойр зуурийн хувцас өөртөө авсан юм. Тухайн авсан хувцас нь ..... сумын төвд манай гэрт байгаа. Би хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Урьд өмнө би хэд хэдэн айлд орж хулгай хийж байсан. Зарим нэг нь өршөөлд орж хэрэгсэхгүй болсон юм. Би Д.Зийн гэрээс алтан бөгж аваагүй авсан эд зүйлсээ бүгдийг нь хэлсэн. Би Батбаярын гэрээс авсан 2 гар утасны нэг гар утсыг Улаанбаатар хотын Бөмбөгөрийн урд байх гар утасны ломбарданд 20000 төгрөгөөр тавьсан юм. Харин нөгөө гар утсыг ..... сумын Хадан хошууны нууранд хаячихсан. Учир нь уг гар утас нь кодтой байсан юм. Бөмбөгөр худалдааны төвийн урд талын ломбард нь тавьсан гар утасны баримтыг ..... сумын төвд байх гэрт ирээд шатаасан. Улаанбаатар хот орох замын зардал болох 15000 төгрөгийг би өгсөн. Харин хулгай хийсэн мөнгөө Улаанбаатар хотод үрж дуусчихсан юм. Тэгээд ..... суманд ирээд ээжээс 20000 төгрөг авч Ишээд өгсөн. Би өөртөө Наран туул худалдааны төвөөс 60000 төгрөгөөр пүүз, 25000 төгрөгөөр өмд, 13000 төгрөгөөр подволик, ойр зуурийн нүүр гарын саван, оо, сойз, алчуур зэргийг авсан. Тэр нь ойролцоогоор 30000 төгрөг болсон байх. Бусад мөнгийг нь хоол унаанд үрээд дуусчихсан юм. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зүйл байхгүй. Би Д.Зийн гэрээс гар утас, бугуйн цаг, сейф байсныг хөшиж байгаад 200000 төгрөг байсныг, бурханы тэнд байсан 60000 төгрөгийг, мөн хятад мөнгө, бурхан дээрх 50-тийн боодол шинэ мөнгө байсан түүнийг бас авсан. Өөр зүйл аваагүй. Нийт бэлэн мөнгө 260000 төгрөг хулгай хийж авсан. Би бөгж аваагүй. Би Д.Зийн сейфийг Зинамэдэрийн гэрт байсан хутга, заазуур, алах зэргээр хөшиж зай гаргаад дотроос бэлэн мөнгө авсан. Хөөрөг даалин нь гарахгүй байхаар нь үлдээчихсэн юм. Би гар утас тавьсан ломбарьдаа одоо зааж өгч чадах байх. Гар утас тавихдаа ганцаараа явж байсан... Би Л.Дийн гэрээс 2016 оны 07 дугаар сарын эхээр орж нөүтбүүк, зургийн аппарат, 2 нүдний дуран, SKY маркийн гар утас, хувцас хунар зэргийг хулгай хийж авсан. Орж ирсэн цонхоор буцаад гарсан. Хулгай хийж авсан эд зүйлсээ гэрт оруулж үзэж байгаад хэрэггүй зарим хувцсыг нь шатааж, нүтүбүүкийг Улаанбаатар орж ломбарданд тавьсан. SKY маркийн гар утсыг нь Батбаяр буюу Ч.Цгийн гэрт байсан нэг гар утасны хамт нууранд хаясан. Харин хоёр нүдний дуран гэрт байсан. Уг дуранг ээж Г.Мөнхсайхан, Л.Д нарт өгсөн гэж надад хэлсэн. Намайг Л.Дийн гэрт ороход нохой нь хашааны гадаа байсан. Би нохойг нь алаагүй. Намайг хулгай хийгээд ирэхэд гэрт хүн байхгүй би гэртээ ганцаараа байдаг байсан. Аав, ээж хоёр тухайн үед хөдөө байсан. Дүү мөн хөдөө айлд мал маллаж байсан. Би хулгай хийсэн зүйлсээ хэн хэгэнд өгдөггүй, өөртөө л байлгаж байгаад Улаанбаатар орж ломбарданд тавьдаг юм. Би бусдын гэр оронд хууль бусаар орж эд зүйл хулгай хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна... 2016 оны 07 дугаар сарын сүүлээр сумынхаа Д.З гэх айлд орж эд зүйл хулгай хийж авсан өдрөө Батбаярын байшингийн баруун талын цонхыг аптеркаар хөшиж онгойлгож байшинд орсон. Тэгээд байшинд ороод гал тогооны өрөөнөөс 2 ширхэг хар, цагаан өнгийн LG гэсэн бичиглэлтэй гар утас аваад орж ирсэн цонхоороо буцаж гарсан. Батбаярын эхнэрийг Ч.Ц гэдэг. Би ганцаараа явж байсан. Д.Зийн гэрт ороод л тэрнийхээ дараа шууд Батбаярын гэрт орсон шөнийн 03 цагийн үед орж хулгай хийсэн. Би Батбаярын гэрээс хулгай хийж авсан 2 ширхэг LG маркийн гар утасны нэг гар утсыг нь Улаанбаатар орж 20000 төгрөгөөр ломбарьданд өгсөн нөгөө гар утсыг Г.Мөнхсайханы гэрээс хулгай хийж авсан гар утастай цуг сумынхаа ард байдаг “Хадан хошууны” нууранд хаячихсан юм. Би Батбаярын гэрийг эзгүй байгаа талаар урд өдөр нь мэдсэн. Тэгээд л хулгай хийхээр болж Д.З, Батбаяр нарын гэрт орж хулгай хийсэн юм. Надад мөнгөний хэрэгцээ их байсан. Би мөнгөөр бүхнийг хийнэ. Зарим хэрэгцээний хувцсыг өөрөө л өмсөж хэрэглэдэг. Надад таарахгүй эмэгтэй хүний хувцас гарч ирвэл шатааж хаядаг юм... Надад мөнгөний хэрэг гараад л би хулгай хийсэн юм. Хулгай хийхдээ шөнийн цагаар хүмүүсийг унтчихсан байхад гэрт орж эд зүйлс авдаг. Би хулгайн эд зүйл авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Ганцаараа явж хулгай хийдэг. Хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна... Би 2016 оны 10 дугаар сарын 17-ны орой 18 цагаас 19 цагийн хооронд Хархорин сумын Ерөнхий боловсролын сургуулийн арын гудамжинд байх шар дээвэртэй тоосгон байшингийн баруун тийш харсан модон цонхыг цонхны хажууд байсан төмрөөр хагалж байшингийн цонхоор нь орж зурагтны тавиур дээр байсан мөнгөний гахай дотор байсан бэлэн мөнгө, унтлагын өрөөнд байсан шүүгээн дотроос бөгж, зүүлт гинж зэргийг аваад орсон цонхоор буцаад гарсан. Хулгай хийж авсан бэлэн мөнгөө үрж хоол унд авч идсэн. Харин тухайн айлаас авсан бөгж, зүүлт нь надад байгаа. Би уг айлаас набор, мөнгөний гахай зэргийг аваад гудамжинд гарч наборыг идэж хайрцгийг хаясан. Айлаас хулгай хийж авсан мөнгөний гахайг гэрээс гаргаж гудамжинд эвдэж дотор нь байсан бэлэн мөнгийг авсан харин мөнгөний гахайг нь хаясан...Би ...... сумын цагдаагийн хэлтэс дээр шалгагдаж байхдаа 2016 оны 10 дугаар сарын 21-ний орой зугтааж гараад Цагдаагийн гүүрний ард эзэнгүй байдаг айлд хоносон юм. Тэгээд тухайн айлд хоносоны маргааш буюу 2016 оны 10 дугаар сарын 22-оос 23-нд шилжих шөнө хоносон айлынхаа баруун талд байх хашааг араас давж ороод байшингийн цонхыг төмрөөр онгойлгон орж байшинд байх эд зүйлсийг нэг бүрчлэн үзэж нөүтбүүк, гар утасны цэнэглэгч USB оролт залгуур, бэлэн мөнгө, бугуйн цаг, үнэртэй ус 2 ширхэг, 2 шил архи, 1 виски, үсний лак, эрэгтэй хар өнгийн пальто, куртик, сахлын машин, цоож, аман хуур, үсний сам, плаш, повер банк зэрэг эд зүйлсийг хулгай хийж аваад хоносон айлд ирж ялган авах зүйлсээ нөүтбүүкний цүнхэнд, нөүтбүүктэй цуг хулгай хийж авч айлаас авчирсан эд зүйлсээ цүнхэнд хийж бэлдсэн. Маргааш өдөр нь буюу 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдөр миний байсан айлын хашааны хаалга дуугарсан тэгэхээр нь би авч явахаар бэлдсэн байсан нөүтбүүк, түүний цүнхэнд хийсэн байсан эд зүйлсээ авч тухайн айлын цонхоор гараад хашааны ардуур давж доош явж байгаад эрүүгийн төлөөлөгч Д.Бат-Эрдэнэд баригдаж цагдаа дээр ирсэн. Надтай Д.Бат-Эрдэнэ төлөөлөгч таараагүй байсан бол унаа олж хөдөө явах гэж байсан юм. Би дахин хулгайн гэмт хэрэгт холболдсон гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Би нөүтбүүк хулгай хийж явахдаа өөрийнхөө хар өнгийн куртик, хар өнгийн өмд, ногоон алаг пүүз зэргийг өмсөж явсан. Би 2 хоносон айлаасаа ямар нэгэн зүйл хулгай хийж аваагүй. Харин айлын гэрээс хулгай хийж авчирсан байсан эд зүйлсээ галын өрөөнд үлдээж орхиж явсан. Өөрт хэрэгцээтэй амархан зарагдах эд зүйлсийг аваад зугтаасан. Би хулгайн гэмт хэрэг хийхдээ ганцаараа явж байсан. Шөнийн цагаар байшинд орж эд зүйлс хулгай хийж авсан...2016 оны 10 дугаар сарын 16-ны өдөр байсан юм. Тэгээд орой 20 цагаас 22 цагийн хооронд Хархорин сумын дээд гудамжинд байх нэг айлын баруун талын цонхыг онгойлгож ороод эхэлж хар өнгийн Самсунг С-2 маркийн гар утас 1, эмэгтэй хүний монетон бөгж, өөр нэг гар утас зэргийг авч гэрт нь хоол хийж идэж байхад байшингийн хаалга дугарсан тэгэхээр нь би орж ирсэн цонхоор буцаж гараад зугтаасан. Тэгээд Хархорин суманд байрлаж намайг батлан дааж авсан айлд очиж унтаж амарсан. Би оройн цагаар ганцаараа явж байгаад эзэнгүй байна гэдгийг мэдсэн. Хулгай хийхдээ ганцаараа явж байсан тэр айлаас хулгай хийж авсан Самсунг С-2 маркийн гар утас болон монетон бөгж зэргийг зарж үрж чадаагүй байгаа харин нөгөө гар утсыг би асахгүй байхаар нь сувгын усанд шидсэн. Тэр айлаас өөр ямар нэгэн зүйл хулгай хийж аваагүй... Би бусдын гэр оронд хууль бусаар орж эд зүйлс хулгайлан авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна...” гэжээ. /1 дүгээр хх-ийн 92-94, 114, 132-134, 172, 221, 237, 247 дугаар хуудас/
Хохирогч Д.Зийн 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “...Манай хувийн байшингаас 2016 оны 07 дугаар сарын 31-нээс 2016 оны 08 дугаар сарын 01-нд шилжих шөнө эд зүйлс алдагдсан. Манай гэр ..... сум, 5 дугаар баг,..... 3-3 тоотод оршин суудаг юм. Тухайн үед би хөдөө, гэр эзгүй байсан. Манайхаас бэлэн 350000 төгрөг, нокиа маркийн гар утас, эмэгтэй хүний бугуйн цаг, алтан бөгж зэрэг эд зүйлс алдагдсан. Тухайн алдагдсан алтан бөгж, бэлэн мөнгө зэрэг нь байшингийн унтлагын өрөөнд байдаг төмөр сейф дотор байсан. Сейфыг хөшиж хаалгыг нь эвдэж мөнгө, бөгж зэргийг авсан байсан. Харин миний хөөрөг даалинг аваагүй орхисон байсан. Уг сейфин дотор мөнгөн эдлэл болох мөнгөн бөгж, хүзүүний зүүлт зэрэг эд зүйлс байсан. Түүнийг бол аваагүй байсан. Би өөрийн гэрээс алдагдсан алтан бөгжийг 4000000, Нокио маркийн гар утсыг 40000, эмэгтэй бугуйн цагийг 25000 төгрөгөөр, бэлэн мөнгө 350000 төгрөгөөр тус тус үнэлж байна. Алдагдаагүй гэхдээ ахин ашиглах боломжгүй болсон өөрийн төмөр сейфийг 700000 төгрөгөөр үнэлж байна. Манайхаас алдагдсан гар утас нь хар өнгийн товчлууртай нокиа маркийн гар утас байсан. Цаг нь цагаан өнгийн дотроо гурвалжинтай цаг байсан. Миний эдлэж хэрэглэж байсан алтан бөгж нь цулгай бөөрөнхий хэвгүй гар хийцний ойролцоогоор 7 цэн орчим бөгж байсан. Уг алтан бөгж надад байдаг талаар манай гэр бүлийн хүн болон хамаатан садангийн хүмүүс мэднэ. Уг алтан бөгжийг би хаа нэг баяр ёслол, найр хуримд оролцохдоо зүүж хэрэглэдэг. Тэр болгон хэрэглээд байдаггүй юм. Манай байшингийн ертөнцийн зүгээр ургаш харсан зүүн талын цагаан өнгийн вакум цонхыг хөшиж онгойлгоод орсон шинжтэй байсан бөгөөд манай цонх онгорхой байсан. Манай байшин нь цонхны гадна талаараа хамгаалалт төмөр ямар нэгэн зүйл байхгүй. Уг цонхоор хүн орох бүрэн боломжтой. Хөдөө явахдаа цонх хаалгыг бүтэн түгжиж хаасан. Өөр алдагдсан зүйл байхгүй. Бүх эд зүйлээ сайн үзэж шалгасан. Алтан бөгж сейф дотор байсан. Одоо болтол олдохгүй байгаа. Би гомдолтой байна. Алдагдсан алтан бөгжөө мөн сейф, бэлэн мөнгө зэргээ нэхэмжилж байна. Нийт надад 5100000 төгрөгний хохирол учирсан. Үүнийг нэхэмжилж байна. Уг 5100000 төгрөг нь манайхаас алдагдсан алтан бөгж, гар утас, бэлэн мөнгө цаг зэргийн үнэ нь байгаа юм. Бас дахин ашиглаж хэрэглэгдэхгүй болсон сейфний үнэ зэргийг комиссын үнэлгээний гаргасан үнэлгээтэй уялдуулан нэхэмжилж байна. Би шүүх хуралд сууна. Гэхдээ тухайн үеийн нөхцөл байдал ямар байхаас шалтгаалах байх. Зав байвал очно...” гэжээ. /1 дүгээр хх-ийн 29-33 дугаар хуудас/
Хохирогч Л.Дийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “...Манай гэр ..... сумын 5 дугаар багийн нутаг..... 01-02 тоотод байдаг юм. Зуны улиралд хөдөө гэр лүү нөхөр, хүүхдийн хамт гарсан. Тэгээд гэр эзгүй байхад манайд хулгай орж сони маркийн нөүтбүүк, 2 нүдний орос дуран, sку маркийн гар утас, хоппинг маркийн хар өнгийн гар утас, сони маркийн зургийн аппарат монетон гинж, кулоны хамт улаан өнгийн эмэгтэй пальто, ногоон өнгийн эмэгтэй ноолууран цамц эмэгтэй хүний бэлтгэлийн цамц эмэгтэй хүний хүрэн өнгийн ноосон цамц, хүүхдийн цэнхэр өнгийн куртик, хүүхдийн жинсэн өмд, хүүхдийн цэнхэр өнгийн ноосон цамц, хар өнгийн рузвалк мөн түүнээс жижиг рузвалк зэрэг эд зүйлс алдагдсан байсан. Би алдагдсан зүйлсээ дараах байдлаар үнэлж байна. Сони маркийн нөөтбүүк нь цүнх залгуурын хамт байсан бүгдийг нь 1000000 төгрөгөөр, 2 нүдний орос дуранг 150000 төгрөгөөр, sку маркийн хар өнгийн гар утсыг 100000 төгрөгөөр, хоппинг маркийн хар өнгийн гар утсыг 80000 төгрөгөөр, сони маркийн зургийн аппаратыг 100000 төгрөгөөр монетон гинж, кулоны хамт 300000 төгрөгөөр улаан өнгийн эмэгтэй пальтог 320000 төгрөгөөр, ногоон өнгийн эмэгтэй ноолууран цамцыг 40000 төгрөгөөр, эмэгтэй хүний бэлтгэлийн цамцыг 40000 төгрөгөөр, эмэгтэй хүний хүрэн өнгийн ноосон цамцыг 80000 төгрөгөөр, хүүхдийн цэнхэр өнгийн куртикийг 50000 төгрөгөөр, хүүхдийн жинсэн өмдийг 20000 төгрөгөөр, хүүхдийн цэнхэр өнгийн ноосон цамцыг 30000 төгрөгөөр хар өнгийн том рузвалкийг 30000 төгрөгөөр, жижиг рузвалк 5000 төгрөгөөр тус тус үнэлсэн. Манайхаас алдсан 2 нүдний орос дуранг Ч.Мын ээж Одгэрэлийн гэрт очиж авсан. Манай алдагдсан хар өнгийн хоппинг маркийн хар өнгийн гар утсыг М хэрэглээд явж байсан. Нөүтбүүк нь хар өнгийн сони нэртэй байсан. Монетон гинжийг Улаанбаатар хотоос 300000 төгрөгөөр худалдаж авч байсан. Би гомдолтой байна. Алдагдсан нөүтбүүк, ская маркийн гар утас, сони маркийн зургийн аппарат, монетон гинж, кулоны хамт улаан өнгийн эмэгтэй пальто, ногоон өнгийн эмэгтэй ноолууран цамц, эмэгтэй хүний бэлтгэлийн цамц, эмэгтэй хүний хүрэн өнгийн ноосон цамц, хүүхдийн цэнхэр өнгийн куртик, хүүхдийн жинсэн өмд, хүүхдийн цэнхэр өнгийн ноосон цамц, хар өнгийн том рузвалк, жижиг рузвалк зэргийг нэхэмжилж байна. Манай гэрт 2016 оны 07 дугаар сарын 10-наас 2016 оны 07 дугаар сарын 17-ны хооронд хулгай орж эд зүйлс алдагдсан 2016 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хөдөөнөөс гэрт ирэхэд байшингийн хойд талын цонх онгорхой байсан. Тэр үед хулгайч орж эд зүйлс авсан талаар мэдээгүй. Сүүлд эд зүйлсээ алдсан гэдгээ мэдэж Цагдаагийн байгууллагад хандсан юм...” гэжээ. /1 дүгээр хх-ийн 108-109 дүгээр хуудас/
Хохирогч Ч.Цгийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: “...Өвөрхангай аймгийн ..... сумын..... 2-4 тоотод оршин суух байшингаас 2016 оны 08 дугаар сард 2 ширхэг хар цагаан өнгийн LG маркийн гар утсаа алдсан. Манай байшингийн цонхоор хулгай орсон байсан. Нөхөр бид хоёрыг гэрт хөдөөнөөс ирэхэд манай байшингийн хаалга дотроосоо цоожтой онгойхгүй байсан. Иймд манай нөхөр онгорхой байсан цонхоор орж хаалгыг дотроос нь онгойлгосон. Тухайн үед хулгайд гар утсаа алдсанаа мэдээгүй. Сүүлд мэдсэн тэгээд цагдаад мэдэгдсэн. Тус бүрийг нь 150000 төгрөгөөр үнэлнэ. Одоогоос 1 жилийн өмнө манай нөхөр Улаанбаатар хотоос тус бүрд нь 200000 төгрөгөөр авч байсан. Би хэргийн материалтай танилцана. Шүүх хуралд суухгүй...” гэжээ. /1 дүгээр хх-ийн 124-126 дугаар хуудас/
Хохирогч М.Тийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэгт: “...Манай гэр нь Өвөрхангай аймгийн ......сумын ......баг, ...... 03-07 тоотод байдаг юм. Би 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гэр бүлийнхээ хамт Улаанбаатар хот руу явсан. Манай хүүхэд Улаанбаатар хотод хүнд зодуулж эмнэлэгт хэвтэх болсон гэхээр нь сандраад гэр бүлийнхээ хүний хамт явсан. Улаанбаатар хот ороод 7 хоноод буюу 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 16 цагт өөрийн гэрт ирэхэд манай байшингийн дотор талын бүргэд хаалга онгойхгүй байсан. Тэгэхээр нь би хүүхдээ цонхоор оруулах санаатай байшингийн гадна талаар тойроход хойд өрөөний баруун тийш харсан модон цонх хагарсан байсан. Тэгээд л хулгай орсон байна гэж бодож Цагдаагийн байгууллагат хандсан. Цагдаагийн албан хаагч нарыг ирэхээс өмнө өөрийнхөө хүүг байшингийн цонхоор оруулж бүргэд хаалгыг онгойлгож би хүүхдийнхээ хамт гэрт орсон байсан. Манайхаас эмэгтэй хүний монетон гинж, эмэгтэй алтан бөгж, мөнгөний сав буюу сарын цалингаас тодорхой хэмжээгээр хийж мөнгөн хуримтлал үүсгэж байсан мөнгөний гахай, шкаб дотор байсан набор зэрэг эд зүйлс алдагдсан байсан. Гэрийнхээ эд зүйлсийг сайн бүртгэж үзсэн. Өөр алдагдсан зүйл байхгүй. Би гэрээсээ алдсан эмэгтэй хүний алтан бөгж, монетон гинж зэргийг нүдээрээ үзлээ. Надад гомдол гэх зүйл байхгүй. Алдагдсан алтан бөгж, монетон гинж зэргийг авна. Харин гэрээс алдсан набор, мөнгөний сав, бэлэн мөнгө зэргийг огт нэхэмжлэхгүй...” гэжээ. /1 дүгээр хх-ийн 155-156 дугаар хуудас/
Хохирогч Г.Мгийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэгт: “........ сумын ......-.....ийн нутаг ...... 18 тоотод байдаг. Манай байшингийн урагш харсан том өрөөний вакум цонхийг хөшиж онгойлгон байшинд орсон шинжтэй байсан. Байшингийн цоож хаалга зүгээр байсан. Тэгээд байшинд ортол эд зүйл хэвийн харин хойд өрөөний орон дээр хувцас тарааж тавьсан байсан. Орон дээр манай гэрт байдаггүй том төмөр байсан. Үзүүр хэсэг нь ирмэгтэй байсан. Цагдаагийн хүмүүс ирсний дараа эд зүйлээ бүртгэж үзэхэд манайхаас виски, эрэгтэй хүний бугуйн цаг, хар чингис архи, вива нэртэй архи, сөүл нэртэй үнэртэй ус, адидас нэртэй үнэртэй ус, эмэгтэй хүний үсний лак, эрэгтэй пальто, эмэгтэй куртик, гар утасны цэнэглэгч, чихэвч, сахлын машин, гар чийдэн, цоож, аман хуур, үсний сам, тооны машинтай тэмдэглэлийн дэвтэр, халуунаа барьдаг сав, цахилгааны лент, скоч, бэлэн мөнгө, кабелийн утас, гар утасны баттерей цэнэглэгч, повер банк /цэнэглэгч/ 2 ширхэг плаш, нөүтбүүк, нөүтбүүкний цүнх зэрэг эд зүйл алдагдсан. Сүүлд эхнэр ирээд эд зүйлээ бүртгэж үзэхэд миний хуримын монетон бөгж олдохгүй байна. Манай гэрт 2016 оны 10 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө хулгай орж эд зүйл алдагдсан ... хулгайд алдсан эд зүйлээ буцааж авсан тул надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би өөрийнхөө монетон бөгжийг манай гэрээс алдагдсан байсан цүнхний хажуу талын халааснаас олж авсан...” гэжээ. /1 дүгээр хх-ийн 208-212 дугаар хуудас/
Хохирогч Г.Нын 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэгт: “...Манай гэр Өвөрхангай аймгийн .......сумын ......багийн ..... 07-09 тоотод байдаг. 2016 оны 10 дугаар сарын 16-ны 22 цаг өнгөрч байхад гэрт ирсэн. Тэгээд байшинд орж гал тогооны өрөөнд ороход халуун тогоон дээр хоол буцалж будаа агшаагчин дотор будаа агшиж байсан. Байшингийн баруун тийш харсан унтлагын өрөөний цонх онгорхой орон дотор гутлын мөр гарсан байсан. Эд зүйлээ бүртгэж үзтэл хэвийн байсан. Иймд цагдаагийн байгуулагад хандаагүй юм. Тухайн өдрөөс хойш 4 хоногийн дараа буюу 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр мэдэж Цагдаагийн байгууллагат хандсан юм. Би эд зүйлээ сайн бүртгэж үзтэл манай байшингийн дотор унтлагын өрөөнд байсан хар өнгийн самсунг С-2 гар утас, мөн хажууд нь байсан миний өөрийн монетон бөгж, тэр хэрэглээд байдаггүй байсан нокиа маркийн гар утас зэрэг олдохгүй байсан...Надад гомдол санал байхгүй. Гэрээсээ алдсан нокиа маркийн гар утсыг тэр болгон хэрэглээд байдаггүй байсан. Иймд надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /1 дүгээр хх-ийн 231 дүгээр хуудас/
Гэрч Д.О.н 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг: ...Би тухайн үед Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сум орж ургийн баярт оролцож явсан. Харин манай хүү Ч.М нь Өвөрхангай аймгийн ..... суманд өөрийнхөө гэрт ганцаараа үлдсэн. Түүний аав Чимэд-Очир нь надтай цуг ургийн баярт оролцохоор мөн хамт явсан байсан. Би ..... суманд 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 02-нд шилжих шөнө нөхөр, 2 хүүхдийн хамт ирсэн. Бид нарыг ирсний маргааш нь буюу 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр манай хүү Ч.М нь Улаанбаатар хот руу микро автомашинд суугаад ажил хийж мөнгө олно гээд хэлээд явсан ... Би Мыг хууль бусаар бусдын гэрт оронд орж эд зүйл хулгай хийж авсан гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Хохирол мөнгийг төлөх болно...Улаанбаатар хот явахдаа хар өнгийн цүнхтэй хувцас авч явсан. Уг цүнхэнд юу байсыг би мэдэхгүй. Ч.Мын Улаанбаатар хот авч явсан цүнх нь хэний цүнх байсан талаар мэдэхгүй... гэжээ. /1 дүгээр хх-ийн 34-36 дугаар хуудас/
Гэрч М.А.н 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэгт: “...Манай гэрт 2016 оны 07 дугаар сарын 31-нээс 2016 оны 08 дугаар сарын 01-нд шилжих шөнө хулгай орж жижиг өрөөнд байсан төмөр сейфээс бэлэн мөнгө нөхрийн алтан бөгж бурхан дээр байсан бэлэн мөнгө, эмэгтэй бугуйн цаг, нокиа гар утас зэрэг алдагдсан. Манай байшингийн цонхоор хулгайч орсон байсан. Бусад байшинд байсан эд зүйлийг зүгээр хэвийн байсан. Олон жилийн өмнө Улаанбаатар хотод гараар цохиж хийлгэж байсан манай нөхрийн алтан бөгж байгаа. Содон шинж тэмдэг гэвэл ямар нэгэн хээ угалз байхгүй. Зүгээр гольцой бөгж байсан юм. Уг бөгжийг манай нөхөр хаа нэг баяр наадам, гэх зэргээр гаргаж зүүдэг байсан юм. Бусад үедээ мөнгө алдсан төмөр сейфинд хийж хадгалдаг байсан юм. Надад нэмж ярих зүйл байхгүй. Алдагдсан бөгжийг л олмоор байна. Алтан бөгж нь орц ихтэй байсан юм...” гэжээ. /1 дүгээр хх-ийн 41-42 дугаар хуудас/
Гэрч Б.Ц.н 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэгт: “...Барьцаа зээлийн гэрээн дотор шүүж үзэхэд 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 14 хоногийн хугацаатай, LGF-100 маркийн гар утас 20000 төгрөгний барьцаанд тавьсан байна. Гэрээний журмын 5-д заасны дагуу зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 7 дахь хоногийн 18 цагаас хойш барьцааны эд зүйлийг зарна гэсний дагуу уг гар утсыг зарсан. 2016 оны 08 дугаар сарын 24-нд 30000 төгрөгөөр зарсан. Утас зардаг ченж нар ирээд авчихдаг юм. Хэн гэдэг ченж авсныг санахгүй байна. М уг гар утсыг тавихдаа хүнтэй хамт ирснийг мэдэхгүй байна. Миний өөрийн утас гэж хэлээд тавьсан байх. Өөрийн бичиг баримттай ирээд тавьсан байх. Манайх бичиг баримтгүй хүнд үйлчилдэггүй юм...” гэжээ. /1 дүгээр хх-ийн 44-45 дугаар хуудас/
Гэрч Г.Ж.н 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэгт: “...Сони маркийн компьютерийн хугацаа дуусаад хүлээлгийн хоног дууссан учир барьцаанд тавьсан хүн рүү утсаар нь хэлээд хэд хоног хүлээж байгаад гэрээнд заасны дагуу худалдаж борлуулсан. Тухайн үед ямар хүнд зарсаныг сайн санахгүй байна. Ямар ч гэсэн 100000 төгрөгөөр зарсан юм байна. Тухайн компьютерийг барьцаанд тавихдаа Ч.М нь хүнтэй хамт ирсэн эсэхийг санахгүй байна. Компьютерийг барьцаанд тавих гэсэн юм гээд өгсөн байх...” гэжээ. /1 дүгээр хх-ийн 47 дугаар хуудас/
Гэрч Г.Г.н 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэгт: “...Би Д.З гэх хүнийг танина. Д.З ах манай ээжийн төрсөн эгчийн хүүхэд. Бид 2 хамаатан. Би Д.З ахын гэрээр байнга орж гардаг. Би Д.З ахыг алтан бөгжтэй байхыг мэднэ. Зинамэдэр ах баяр ёслолын үеэр нилээн том алтан бөгж, зүүцэн байгаа харагддаг байсан. Би аль гарын ямар хуруунд зүүсэн байсныг сайн санахгүй байна. Сүүлд хулгайд алдагдсан гэж сонссон...” гэжээ. /1 дүгээр хх-ийн 48 дугаар хуудас/
Гэрч М.Б.н 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг: “...Д.З ах цулгай алтан бөгж баруун гарынхаа ядам хуруунд байнга зүүдэг байсан. Их л том бөгж харагддаг байсан...” гэжээ. /1 дүгээр хх-ийн 49 дүгээр хуудас/
Гэрч М.Д.н 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэгт: “...М.ыг ирсний орой би ахтайгаа хамт халуун усанд орсон юм. Тэгээд халуун уснаас гараад Мтай 3-уулаа явж байгаад манай ах АТМ-ээс мөнгө авсан чинь М мөнгө ингэж хийж болдог юм уу гээд түрийвчнээсээ 200000 төгрөг гаргаж ирээд АТМ-д хийсэн чинь 20000 төгрөг буцаж гарч ирээд 180000 төгрөг нь орсон юм. Тэгэхэд би Маас чи хэдэн төгрөгтэй ирсэн юм гэж асуухад 300000 төгрөгтэй ирсэн гэж байсан. Тэр мөнгөө юунд зарцуулсан талаар мэдэхгүй байна. Ямар ч гэсэн өөртөө хувцас авсан байсан...” гэжээ. /1 дүгээр хх-ийн 51-52 дугаар хуудас/
Гэрч Т.Махбалын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэгт: “...Манай хашаанд хамт амьдардаг Д.Зийн байшинд 2016 оны 07 дугаар сард байх хулгай орсон байна гэсэн. Би нас өндөр болсон болохоор дуу чимээ гарсныг мэдсэнгүй. Хулгайч Зинамэдэрийн байшингийн цонхоор нь орж дотроос эд зүйлс авсан байна гэж Зинамэдэр надад хэлсэн. Зинамэдэрийн зүүгээд байдаг байсан алтан бөгж нь тухайн үед алдагдсан байна гэсэн тэр бөгжийг би мэднэ. Хуучны орц хийцтэй бөгж байсан. Өөр алдагдсан эд зүйлсийг нь сайн мэдэхгүй. Зинамэдэрийн алтан бөгж нь дугуй гогцоо хэлбэрийн хээ угалзгүй бөгж байсан...” гэжээ. /1 дүгээр хх-ийн 53-54 дугаар хуудас/
Гэрч Х.М-ы 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэгт: “...Зуны цагт манай гэр эзэнгүй байдаг. Мөн ..... сумын 5 дугаар багт байх гэрт 2016 оны 07 дугаар сард хулгай орж байшингаас нөүтбүүк хүүхдийн хувцас, эхнэрийн монетон гинж, кулоны хамт 2 нүдний орос дуран зэрэг алдагдсан гэсэн. Би бол эд зүйлсээ бүртгэж үзээгүй. Эхнэр бүртгэж хохирогчоор мэдүүлэг өгсөн гэж надад хэлсэн. Хулгайн гарсан талаар би мэдсэн. Манайхаас алдагдсан 2 нүдний орос дуранг манайд орж эд зүйл авсан хулгайчийн эх эхнэр Дорждэрэмд өгсөн. Бусад эд зүйл хаана байгаа талаар мэдээгүй. Манай байшингийн хойш харсан цагаан өнгийн вакум цонхоор хулгайч орсон шинжтэй байсан. Манай байшингийн хаалга цоож зүгээр байсан. Солонгос улсаас би өөрөө худалдан авч байсан сони нэртэй нөүтбүүк нь саарал өнгийн үйлдвэрээс нь худалдан авч байсан бөгөөд тэр нь хар өнгийн цүнхтэй байсан. Манайхаас алдагдсан 2 нүдний орос дуранг Мын ээжээс авсан...” гэжээ. /1 дүгээр хх-ийн 110 дугаар хуудас/
Гэрч С.Б-н 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэгт: “...Өвөрхангай аймгийн ..... сумын 5 дугаар багийн нутаг..... 2-4 тоотод байдаг. 2016 оны 08 дугаар сард манай гэр эзэнгүй байсан. Тухайн үед манай гэрт хулгай орж 2 ширхэг LG маркийн хар, цагаан өнгийн гар утас алдагдсан байсан. Би хөдөө байж байгаад төвд байдаг гэртээ иртэл манай байшингийн гадна талын хаалга онгойхгүй байсан. Тэгэхээр нь байшингийнхаа хойд талаар тойроход баруун тийш харсан вакум цонх онгорхой байсан. Тэгээд л цонхоор орж байшингынхаа хаалгыг дотроос нь онгойлгосон. Манай байшинд байсан эд зүйл зүгээр байх шиг байсан. Тухайн үед гар утас алдагдсан талаар мэдээгүй. Сүүлд эхнэр 2 гар утас алдагдсан талаар хандсан гэсэн. Уг гар утсыг би одоогоос 1 жилийн өмнө 200000 төгрөгөөр худалдан авч байсан...” гэжээ. /1 дүгээр хх-ийн 127-128 дугаар хуудас/
Гэрч Д.Б-н 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэгт: “... сумын нутаг дэвсгэрт мөрдөн байцаалтаас оргон зайлсан Ч.Мын талаарх мэдээллийг гүйцэтгэх ажлын шугамаар ард иргэдтэй уулзан эрэн сурвалжлах ажлыг шуурхай зохион байгуулж ........ сумын .....ийн нутаг дэвсгэрт өмсөж явсан хувцсаа өөрчлөн явж байхад нь дайчлан баривчилсан...” гэжээ. /1 дүгээр хх-ийн 232-233 дугаар хуудас/
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 6, 96, 116, 141, 175, 223 дугаар хуудас/
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 7-10, 142-144, 176-180 дугаар хуудас/
Эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 28, 152-153, 197-206, 240-241 дүгээр хуудас/
Хохирогч Д.З, Х.М., Ч.Ц, И.Ө, Г.М, Г.Н нарын эд зүйлийн үнэлгээ /1 дүгээр хх-ийн 56, 60, 103, 120, 185-186, 190, 227 дугаар хуудас/
Шүүгдэгч Ч.Мын шар өнгийн хуучин “Пикон” маркийн мотоциклийг битүүмжлэх тогтоол, битүүмжилсэн тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 63, 64 дүгээр хуудас/
“Пикон” маркийн мотоцикльд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлийн үнэлгээ /1 дүгээр хх-ийн 65-67, 69 дүгээр хуудас/
Отверкийг хураан авах тогтоол, хураан авсан тэмдэглэл, үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 72-74, 76 дугаар хуудас/
Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /1 дүгээр хх-ийн 75, 181, 183 дугаар хуудас/
Шүүгдэгч Ч.Мын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 1 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Ч.М нь 2016 оны 07 дугаар сард Өвөрхангай аймгийн ..... сум 5 дугаар баг..... 1-2 тоотод оршин суух Л.Дийн гэрээс компьпютер, дуран, гар утас, зургийн аппарат, монетон гинж, кулон, хувцас зэрэг эд зүйл хулгайлан авч хохирогч Л.Дд 2345000 төгрөгний хохирол учруулсан, давтан үйлдлээр 2016 оны 07 дугаар сарын 31-нээс 2016 оны 08 дугаар сарын 01-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн ..... сумын 5 дугаар баг..... 2-3 тоотод оршин суух Д.Зийн гэрээс алтан бөгж, гар утас, бугуйн цаг, бэлэн мөнгө зэрэг эд зүйл хулгайлан авч хохирогч Д.Зт 4400000 төгрөгний шууд хохирол учруулсан, 2016 оны 08 дугаар сард Өвөрхангай аймгийн ..... сумын 5 дугаар баг..... 2-04 тоотод оршин суух Ч.Цгийн гэрээс 2 ширхэг гар утас хулгайлан авч хохирогч Ч.Цд 300000 төгрөгний хохирол учруулсан, 2016 оны 10 дугаар сард Өвөрхангай аймгийн Хархорин сум, ....., ..... 3-07 тоотод оршин суух И.Өын гэрээс монетон гинж, алтан бөгж, набор, бэлэн мөнгө зэрэг эд зүйл хулгайлан авч хохирогч М.Тид 969000 төгрөгний хохирол учруулсан, 2016 оны 10 дугаар сарын 16-наас 10 дугаар сарын 17-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сум ......баг Өлийн 7-9 тоотод оршин суух Г.Нын гэрээс монетон бөгж, гар утас зэрэг эд зүйл хулгайлан авч хохирогч Г.Нод 250000 төгрөгний хохирол учруулсан, 2016 оны 10 дугаар сарын 22-ноос 10 дугаар сарын 23-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сум, Ганган-.....ийн нутаг Дэнжийн 1-08 тоотод оршин суух Г.Мгийн гэрээс виски, бугуйн цаг, архи, үнэртэй ус, эрэгтэй хүний пальто, эмэгтэй хүний куртик, тооны машин, сахлын машин, комьпютер, бэлэн мөнгө, монетон бөгж зэрэг эд зүйл хулгайлан авч хохирогч Г.Мд 1666500 төгрөгний хохирол учруулан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн нь хохирогч Д.З, Л.Д, М.Т, Г.М, Г.Н, гэрч С.Б, Х.М, Г.М, М.Д, М.Б, Г.Г, Г.Жа, Б.Ц, М.А, Д.Од нарын мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 7-10, 142-144, 176-180 дугаар хуудас/, эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 28, 152-153, 197-206, 240-241 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.М нь хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Ч.Мыг давтан үйлдлээр, орон байранд нэвтэрч, бусдад үлэмж хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар шүүгдэгч нь мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэргийг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь мөрдөн байцаалтын шатанд батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа мөрдөн байцаалтын ажиллагаанаас хэдэн сарын хэднээс хэдний хооронд хэдий хугацаанд зориуд зайлсхийсэн нь тогтоогдохгүй, зориуд зайлсхийсний улмаас хэргийг түдгэлзүүлсэн эсэх нь болон батлан даагч нарт захиргааны арга хэмжээ авсан эсэх нь тогтоогдохгүй байна.
Иймд шүүгдэгч Ч.Мд Хархорин сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Шүүгдэгч нь бусдад нийт 9930500 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан байна.
Хохирогч М.Т, Г.Н, Г.М нар хулгайд алдагдсан эд зүйлээ буцаан авсан нэхэмжлэхгүй гэсэн хэрэгт авагдсан мэдүүлгээр эдгээр хохирогч нарт төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хохирогч Д.Зт бэлэн мөнгө 350000 төгрөг, гар утасны үнэ 35000 төгрөг, бугуйн цагны үнэ 15000 төгрөг, алтан бөгж 4000000 төгрөг, дахин ашиглах боломжгүй болсон сейфний үнэ 700000 төгрөг нийт 5100000 төгрөг, хохирогч Ч.Цд 2 гар утасны үнэ 300000 төгрөг, хохирогч Л.Дд 2345000 төгрөгийн эд зүйл хулгайд алдагдсанаас hopping маркийн 80000 төгрөгийн үнэлгээтэй гар утас, 150000 төгрөгийн үнэлгээтэй хоёр нүдний дуранг буцаан өгсөн тул нийт 2115000 төгрөгийг шүүгдэгчээс тус тус гаргуулж хохирогч нарт олгохоор шийдвэрлэв.
Сум дундын 18 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ч.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 5 жил 01 сарын хорих ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар уг тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан байх тул шүүгдэгчийг анх удаа хүндэвтэр ангилалын гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55, 56 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн атверк 1 ширхэг, төмөр 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, шүүгдэгч хохирол бүрэн төлөөгүй тул шүүгдэгчийн эзэмшлийн “пикон” маркийн мотоциклийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч энэ хэрэгт 71 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд оруулан тооцлоо.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 124 дүгээр зүйлийн 124.3-т зааснаар мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Ч.Мд холбогдох хэргүүдийг нэгтгэж тогтоол үйлдсэн нь хуульд нийцсэн байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хохирогч Д.Зийн алтан бөгжний үнэлгээг дахин гаргуулахаар мөрдөн байцаалтанд буцаалгах хүсэлтийн хувьд хохирогч Д.З болон бусад гэрч нарын мэдүүлгээр хохирогч Д.Зт алтан бөгж байдаг байсан нь тогтоогдож байх ба ямар үндэслэлээр орон нутгийн үнэлгээний комиссийн үнэлгээг зөвшөөрөхгүй байгаа нь ойлгомжгүй тул алтан бөгжийг дахин үнэлүүлэхээр уг хэргийг мөрдөн байцаалтанд буцаах шаардлагагүй гэж үзлээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 248 дугаар зүйлийн 248.1.1, 294 дүгээр зүйлийн 294.1, 294.2, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.3, 297.1.4, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д овогт Ч-н Мд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч Д овогт Ч-н Мыг давтан үйлдлээр, орон байранд нэвтэрч, бусдад үлэмж хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Шүүгдэгч Д овогт Ч-н Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 06 / зургаан/ сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгчийн энэ хэрэгт 71 хоног цагдан хоригдсоныг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ч.Маас 7.515.000 төгрөгийг гаргуулж, Өвөрхангай аймгийн ..... сумын..... 2-3 тоотод оршин суух хохирогч Д.Зт 5.100.000 төгрөг, Өвөрхангай аймгийн ..... сумын 5 дугаар баг,..... 2-4 тоотод оршин суух Ч.Цд 300.000 төгрөг, Өвөрхангай аймгийн ..... сумын 5 дугаар баг,..... 1-2 тоотод оршин суух хохирогч Л.Дд 2.115.000 төгрөгийг тус тус олгосугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн атверк 1 ширхэг, төмөр 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасуай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-т зааснаар шүүгдэгчийн эзэмшлийн “Пикон” маркийн мотоциклийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1.1-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
10. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА