Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2025/0025

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“О*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

   Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Т.Энхмаа

Илтгэгч: шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч Б.С*******, итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А***

Нэхэмжлэгч: “О*******” ХХК

Хариуцагч: Сангийн сайд, Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Б.С*******

Нэхэмжлэлийн шаардлага: Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн “Хяналт шалгалтын тухай” 86 дугаар дүгнэлт, Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 213 дугаар тушаалын “О*******” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 128/ШШ2024/0730 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.А*******

Хариуцагч Б.С*******

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А***

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Баянжаргал,

Хэргийн индекс: 128/2024/0057/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “О*******” ХХК-иас Сангийн сайд, Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Б.С*******д тус тус холбогдуулан “Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн “Хяналт шалгалтын тухай” 86 дугаар дүгнэлтийг, Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 213 дугаар тушаалын “О*******” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах”-аар маргасан.

2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 128/ШШ2024/0730 дугаар шийдвэрээр:

Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4-т заасныг тус тус баримтлан Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Б.С*******гийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн “Хяналт шалгалтын тухай” 86 дугаар дүгнэлтийг болон Монгол Улсын Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн “Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэх тухай” 213 дугаар тушаалын “О*******” ХХК-д холбогдох хэсгийг хариуцагчаас дахин шинэ акт гарах хүртэл хоёр хүртэл сарын хугацаагаар түдгэлүүлж” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Б.С*******, итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ану нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1.“...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасан байдаг.

Төрийн худалдан авах ажиллагааны газраас “О*******” ХХК-ийн тендерт хавсарган ирүүлсэн Биохимийн лабораторийн шинжилгээний дүгнэлтүүдийг үнэн зөв эсэхийг тогтоохоор тус шинжилгээний дүгнэлтүүдэд гарын үсэг зурж баталгаажуулсан этгээд болох ахлах химич У*******докторын байгууллагын албан ёсны /[email protected]/ хаяг руу цахим шуудан илгээн тодруулахад тус шинжилгээний дүгнэлтүүдийг хуурамч гэсэн хариуг ирүүлсэн байхад шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Герман Улсын Кёльн хотын Спортын их сургуулийн биохимийн хүрээлэнгийн чанарын менежер У*******гэх хувь хүний и-мэйл хаяг нь тухайн байгууллагыг төлөөлөх албан ёсны и-мэйл хаяг мөн эсэх нь тодорхойгүй зэрэг нөхцөл байдлууд тогтоогдож байна” гэж буруу дүгнэлт хийсэн.

3.2.Түүнчлэн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "Герман улсын Кёльн хотын Спортын их сургуулийн биохимийн хүрээлэнгийн чанарын менежер У*******гэх хүн "Монголын Улсын Худалдан авах ажиллагааны газраас албан бичиг ирүүлнэ үү" гэсэн и-мэйл ирүүлсэн байхад Төрийн худалдан авах ажиллагааны газрын зүгээс албан ёсоор албан бичиг Кёльн хотын Спортын их сургуулийн биохимийн хүрээлэнд явуулаагүй, албан бичиг явуулсан болох нь тогтоогдохгүй байна. Герман улсын Кёльн хотын Спортын их сургуулийн биохимийн хүрээлэн рүү буюу албан ёсны байгууллага руу нь шинжилгээний дүнгүүд хуурамч эсэх талаар и-мэйл явуулсан эсэх нь тодорхойгүй. Төрийн худалдан авах ажиллагааны газраас Герман улсын Кёльн хотын Спортын их сургуулийн биохимийн хүрээлэнгийн чанарын менежер У*******гэх хүний и-мэйл хаяг руу явуулахдаа тодорхой ямар шинжилгээний дүнгүүд, баримтууд хавсаргасан /attach/ нь тодорхойгүй..." гэж дурдсан боловч Төрийн худалдан авах ажиллагааны газраас шинжилгээний дүгнэлтүүдэд гарын үсэг зурж баталгаажуулсан этгээд болох ахлах химич У*******докторын байгууллагын албан ёсны цахим шуудангаар харилцсан явдал нь бодит нөхцөл байдлыг тодруулахад хангалттай баримт болох бөгөөд заавал албан бичиг харилцан солилцох шаардлагагүй, шинжилгээний дүгнэлтүүд хуурамч гэдэг нь тодорхой ойлгогдож байх тул шүүх нотлох баримтыг үнэн зөв үнэлээгүй.

Өөрөөр хэлбэл хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд улсын байцаагч "О*******" ХХК тендер шалгаруулалтад оролцохдоо илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг нотлох баримтад үндэслэн бодит нөхцөл байдлыг тогтоосны үндсэн дээр дүгнэлт гаргасан байх тул холбогдох баримтуудыг анхан шатны шүүх үнэн зөв үнэлээгүй байна.

3.3.Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 246 дугаар тогтоолын хавсралтын батлагдсан "Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам"-ын 2.1.5-д "Байгууллага, албан тушаалтан, ажилтан албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд албаны цахим шуудан ашиглана" гэж заасны дагуу Төрийн худалдан авах ажиллагааны газрын дарга Ц.Б******* өөрийн албаны цахим шууданг ашиглан нотлох баримтыг үйлдэж, баталгаажуулсан байхад үүнийг анхан шатны шүүхээс цахим шуудан ашиглаж, баримт үйлдсэн нь хуульд нийцэхгүй гэж хууль бус дүгнэлт хийж шийдвэрлэсэн байна.

3.4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт "Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна" гэж, 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт "Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ" гэж тус тус заасны дагуу шүүх хэргийн нөхцөл байдлыг нэмж тодруулах шаардлагатай гэж үзвэл анхан шатны шүүх шаардлагатай ажиллагааг явуулах бүрэн боломжтой байсан боловч нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн тул захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг 2 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-т заасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 128/ШШ2024/0730 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангасангүй.

1.Улсын байцаагчийн маргаан бүхий дүгнэлтээр “О*******” ХХК-ийг Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан САУЭШТ/202302001 дугаар “Эм, уураг, амин дэм нийлүүлэгчийг сонгох” тендер шалгаруулалтад оролцохдоо ХБНГУ-ын Кёльн хотын Спортын их сургуулийн биохимийн хүрээлэнгийн шинжилгээний дүгнэлтүүдийг хуурамчаар үйлдсэн гэж буруутган, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6-д зааснаар илт худал мэдээлэл ирүүлсэн гэсэн үндэслэлээр тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах саналыг Сангийн яаманд хүргүүлж, улмаар Сангийн сайдын 2023 оны 213 дугаар тушаалаар дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэгчийг уг жагсаалтад хамруулжээ.

Дүгнэлтийн тодорхойлох хэсэгт “…О*******” ХХК-ийн тендерт хавсарган ирүүлсэн биохимийн лабораторийн шинжилгээний дүгнэлтүүдэд ахлах химич У******* гарын үзэг зурсан, тухайн гарын үсэг зурж баталгаажуулсан этгээд нь өөрийн байгууллагын албан ёсны цахим шуудангаас дээрх хариуг ирүүлсэн байна” гэсэн, гэтэл шийдвэрт Төрийн худалдан авах ажиллагааны газрын дарга Ц.Б******* болон ХБНГУ-ын Кёльн хотын Спортын их сургуулийн биохимийн хүрээлэнгийн чанарын менежер Утэ Марек нарын 2023 оны 5 дугаар сарын 4-нөөс 8-ны өдрүүдэд харилцсан и-мэйлийн агуулгыг дэлгэрэнгүй дурдсанаас үзэхэд улсын байцаагчаас нэхэмжлэгчийн тендерийн баримтад авагдсан шинжилгээний дүгнэлтүүд хуурамч болохыг тогтоох ажиллагааг хангалттай явуулаагүй энэ тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргаан бүхий актуудыг дахин шинээр гаргатал түдгэлзүүлж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

Учир нь Утэ Марекаас 2023 оны 5 дугаар сарын 8-ны өдөр шинжилгээний дүгнэлтүүд хуурамч эсэхийг тодорхойлуулах талаар албан хүсэлт ирүүлэхийг Төрийн худалдан авах ажиллагааны газраас и-мэйлээр хүссэн боловч тус газраас бичгээр ямар ч хүсэлт гаргалгүйгээр харин Сангийн яаманд хандаж “О*******” ХХК-ийг эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах хүсэлтийг гаргасан, улсын байцаагчаас энэ ажиллагааг гүйцээж хийлгүйгээр зөвхөн харилцсан и-мэйлийг нотлох баримтын хэмжээнд үнэлж дүгнэлт гаргасаныг хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т заасанд нийцжээ.

2.Хэрэгт авагдсан доктор, ахлах химич Уте Марекийн гарын үсэгтэй AR202207160-AR202207166 дугаар бүхий нийт 7 шинжилгээний хариу тус бүрт үр дүнг “Бүртгэгдсэн анаболик андрогенийн стеролуудын аль ч илрээгүй, бүртгэгдсэн өдөөгч бодисуудын аль ч илрээгүй Кёльн 2023.03.20” гэж тодорхойлсон, иймд эдгээр 7 шинжилгээний хариу бүхэлдээ, эсхүл үр дүнгийн талаарх энэхүү хэсгийг хуурамчаар үйлдсэн эсэхийн аль нь болохыг улсын байцаагчаас тодруулах шалгах бүрэн боломжтой.

Тухайлбал Сангийн яамны Худалдан авах ажиллагааны хяналт шалгалтын 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 3 дугаар удирдамжийн 3-т “Хяналт шалгалтыг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу баримт материалыг тухайн аж ахуйн нэгж байгууллага, холбогдох газруудаас татан үзэх, шаардлагатай бол газар дээр нь очиж баримтжуулах хэлбэрээр явуулна”, мөн 7-д “шаардлагатай тохиолдолд ажлын байранд очих замаар хийх”-ээр тус тус журамлажээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.1-т зааснаар улсын байцаагч “худалдан авах ажиллагаанд оролцоход оролцогчийн ерөнхий болон чадавхын шаардлага, туршлагыг хангах талаар хуурамч баримт бичиг, эсхүл бусад этгээдийн баримт бичгийг өөрчилж тендер ирүүлсэн” талаар дүгнэлт гаргах бөгөөд түүнчлэн 56.6.1-т зааснаар “энэ хуулийн 56.5-д заасан тохиолдолд оролцогчийг тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэх санал гаргах”, 56.6.2-т зааснаар “энэ хууль зөрчсөн зөрчлийг арилгах, хариуцлага хүлээлгэх талаар дүгнэлт гаргаж, эрх бүхий байгууллагад хүргүүлэх” зэрэг бүрэн эрхтэй байна.

Шүүхээс цахим шууданг ашиглан нотлох дүгнэлт гаргасныг үндэслэлгүй буюу нэхэмжлэгчийг тендерийн баримт бичгийг хуурамчаар үйлдээгүй гэж огт үзээгүй, гагцхүү шийдвэрт дурдсан бусад тодорхойгүй нөхцөл байдлуудыг тодруулсаны үндсэн дээр актыг дахин гаргах нь зүйтэй гэж дүгнэсэн болно.

Учир нь улсын байцаагчаас нэхэмжлэгчийн тендерт оролцох эрхийг 3 жилийн хугацаанд хязгаарлах санал гаргахдаа бодит нөхцөл байдлыг хангалттай тогтоосон байх нь дээрх хуулийн болон Захиргааны ерөнхий хуулийн шаардлага, энэ талаар шийдвэрт тодорхой дүгнэжээ.

 3.Харин Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” шийдвэр гаргахаар заасны дагуу шийдвэрт маргаан бүхий актуудыг 2 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн агуулгаар дүгнэсэн атлаа бичиглэлийн хувьд “…хоёр хүртэл сарын…” гэж түдгэлзүүлсэн хугацааг ойлгомжгүй, тодорхойгүй байдлаар бичихгүй байхыг цаашид анхаарвал зохино.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 128/ШШ2024/0730 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Б.С*******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ану нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасан хугацааны дотор, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БААТАРХҮҮ

 

                ШҮҮГЧ                                                  Т.ЭНХМАА

 

                           ШҮҮГЧ                                                   Э.ЛХАГВАСҮРЭН