| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамсранжавын Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 183/2019/01088/И |
| Дугаар | 1691 |
| Огноо | 2018-08-05 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 1691
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ........ тоотод оршин суух, А.А-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ....... тоотод оршин суух, Г.Г-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд ............ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Г-той 2013 онд танилцаж, 2014 оноос хамтран амьдарч, 2018 онд гэрлэлтээ батлуулсан, бидний дундаас 2014 онд хүү Н, 2016 онд охин С төрсөн. Г.Г нь хамтран амьдарч эхэлсэн үеэс үл ялих шалтгаанаар 2013 оны 9 сард намайг 1 сартай жирэмсэн байхад үсдэж газар чирээд, нүүр рүү өшиглөж, гарт юу тааралдсан сандал ширээ, төмрөөр хаана ч хамаагүй зодож хэвтэрт оруулж байсан, би дахин амьдрах хүсэлгүй, сална гэхэд танай гэрийхнийг голомтоор нь шатаана, сойздоно гэж дарамталж айлган сүрдүүлдэг тул би айгаад мөн жирэмсэн байсан тул салж чадаагүй дахин иймэрхүү байдлаар зодож дарамтлах нь удаа дараа давтагдах болсон. Зарим нэгийг дурдвал бага охиноо гэдсэнд 6 сартай байхад зодож, чих рүү зад өшиглөж чихэндээ 3 оёдол тавиулсан , хэвтэрт ортлоо зодуулсан хүүхэд зулбах гээд байсан тул хүүхдээ тогтоох эмчилгээ хийлгүүлж, 7 хоног эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. Ер нь л ямарч шалтгаангүй өөрөө зохиож ярьж хардаж, зодож би өөрөө айлын том, манайх аав ээж өндөр настай, эрэгтэй хүүхэдгүй, эгч нар бүгд хөдөө байдаг, намайг хамгаалж эсэргүүцэх хүн манай гэр бүлд байхгүй тул зоргоороо гэр бүлтэй нь дээрэлхдэг. Манай аав ээжээс огт айдаггүй, харин ч ална гэж заналхийлдэг, өөрөө ажил хийгээд цайны газар ажиллуулж байхад мэргэжлийн хяналт дуудаад хаалгасан. Би цагдаад хандаж эрүүгийн хэрэг үүсгэж байсан ч энэ хүн хэзээ ч засрах боломжгүй. Энэ мэтээр байнгын айдас дарамт дунд амьдарч дахин намайг 2019 оны 4 сарын 02-ны шөнө зодож эрүү хагарч, нүүр бүхэлдээ хавдаж, хамаг бие хөх няц болсон. Миний болон хүүхдүүдийн амь нас, эрүүл мэнд аюултай байдалд байгаа тул гэрлэлтийг цуцалж, хүү Н, охин С нарыг миний асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү, эд хөрөнгийн маргаангүй гэв.
Хариуцагчаас шүүхэд гаргасан тайлбартаа: А.А нь намайг байнга зодож нүддэг, харгис хэрцгий, заналхийлдэг айдас дарамт доор байлгадаг гэжээ. Гэтэл амьдрал дээр би тийм аймаар харгис хэрцгий хүнийг айлгадаг хүн биш юм. Би зүгээр байгаа хүнийг айлгаад байсан юм байхгүй. А.А архи дарс уудаг, хүүхдүүдээ хардаггүй анхаарал тавьдаггүй, намайг ажилд явсан хойгуур гэр оронд янз бүрийн хүмүүс цуглуулж архиддаг бөгөөд заримдаа тасраад уначихсан хүртэл байдаг юм. Тийм болохоор би өөрт нь хэлдэг, ярьдаг, зөвлөдөг боловч үг авахгүй бүр зарим үед 2-3 хоног гэр орондоо хүртэл хонохгүй буудал хэсээд явчихдаг болохоор би тэсэхээ байгаад гар хурсэн удаа байгаа бөгөөд үүнээс болж таарамжгүй харьцаатай болж бие биенийгээ ойлгохгүй байдал бий болсон нь үнэн. Тийм учраас А.А гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг нь хүлээн зөвшөөрч байна. Харин бага охин Г. өөрийн асрамждаа авна гэснийг бол хүлээн зөвшөөрөхгүй, харин би өөрөө 2 хүүхдээ өөрийн асрамждаа авахаар сөрөг нэхэмжлэл гаргах болно. Гол нь би хүүхдийн тэтгэмж төлөх гэдгээс зайлсхийж байгаа асуудал биш хүүхдүүдийнхээ ирээдүй сайн сайхны төлөө л өөрийнхөө асрамждаа авч өсгөж хүмүүжүүлэх хүсэлтэй гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Г нь миний гар дээр өсөж байгаад гэр бүлтэй болоод тусдаа гарсан. Гэр бүлийн маргаанаас болоод тусдаа амьдрахаар болсон. Гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд том хүү Н-г өөрийн асрамжинд авах хүсэлтэй байгаа гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
А.А нь Г.Г-т холбогдуулан гэрлэлт цуцлуулах, охин Г.С-г асрамждаа авах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүү Г.Н-ыг асрамждаа үлдээх, 2 хүүдэд тэтгэлэг тогтоолгохоор шаардлагаа нэмэгдүүлжээ.
Гэрлэгчид нь 2013 онд танилцаж, 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгэгдэж, хууль ёсны гэр бүл болж, тэдгээрийн дундаас 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүү Г.Н, 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдөр охин Г.С төрсөн болох нь зохигчийн тайлбар, бусад баримтуудаар тогтоогдож байна.
Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132.4-т зааснаас бусад гэр бүлийн харилцаанаас үүссэн маргааны эвлэрүүлэн зуучлах ажиллагааг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх ажиллагааны нэг гэжээ.
Гэрлэгчдэд эвлэрүүлэн зуучлалын ажиллагааг шүүхээс дахин явуулсан боловч амжилтгүй болсон, хэн аль нь гэрлэлтийг хэвээр үргэлжлүүлэх хүсэл сонирхолгүй гэж тайлбарласан тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Г.Г, А.А нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.
Гэр бүлийн тухай хуулийн 26.1-д эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, 26 дугаар зүйлийн 26.2, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-д зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом бусад шаардлагатай зүйлсээр хангах, хүүхдэд боловсрол эзэмшүүлэх боломж нөхцлийг бүрдүүлэх зэрэг үүрэгтэй бөгөөд эцэг, эх тусдаа амьдрах болсон нь тэдгээрийг үр хүүхдээ өгсөн хүмүүжүүлэх хуулиар хүлээсэн дээрх үүргүүдээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй гэж заажээ.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг тэжээн тэтгэх тухайгаа тохиролцож болно гэж заасан байна.
Хариуцагч нь хүүхдүүдийн асрамжийн талаар маргаж байгаа боловч эрүүгийн хэрэгт шалгагдаж байхдаа Монгол улсаас гарсан, 4-5 жилийн хугацаанд ирэхгүй талаар хариуцагчийн төлөөлөгч тайлбарласан, 2 хүүхэд бага насны, тусдаа амьдарснаас хойш эхтэйгээ амьдарсан, одоо хүүхдүүдийн асрамжийг өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байгаа зэргийг харгалзан эхийнх нь асрамжид үлдээлээ.
Гэрлэгчид шүүхээр шийдвэрлүүлэх эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдлаа.
Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү Г.Н, 2016 онд охин Г.С нарт тэтгэлэг тогтоож, эцгээр нь тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Г.Г-ыг эцэг хүний хувьд хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад болохгүй байхыг Гэр бүлийн тухай хуулийн 26.6-д зааснаар эх А.А-д даалгав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хүүхдийн тэтгэлэг тогтоосонтой холбоотой хариуцагчаас 50,350 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нь нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагад энэ өдрийн хуралдаан дээр тайлбар гарган хэргийг шийдвэрлүүлээхэр хүсэлт гаргасны дагуу шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Г.Г, А.А нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү Г.Н, 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдөр төрсөн охин Г.С нарыг эхийнх нь асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар гэж, 40.1.2-т 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг тогтооно гэж зааснаар хүү Г.Н, охин Г.С нарт тэтгэлэг тогтоож эцгээр нь тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар Г.Г-ыг эцэг хүний хувьд хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад болохгүй байхыг эх А.А-д даалгасугай.
5. Гэрлэгчид эд хөрөнгийн маргаангүйг дурдсугай.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас хураамжид 50,350 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ