Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1587

 

 

 

 

 

 

 

 

   2022         10         31                                       2022/ШЦТ/1587

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Дэлгэр,  

улсын яллагч Б.Оюунцэцэг,

шүүгдэгч А.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б овогт А.Мт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2206 00000 2820 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч,  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ам бүл-3, ээж, дүүгийн хамт, Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, 00 дугаар гудамжны 00 тоотод оршин суух, ХХ00000000 регистрын дугаартай, Б овогт А.М.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.М нь 0000 оны 00 дугаар сарын 00-ний өдрөөс 00-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэр, 0000 тоот нийтийн байранд согтууруулан ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн найз охин Э.Бийг бусадтай хардсаны улмаас зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч А.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:   

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.М мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

            Насанд хүрээгүй хохирогч Э.Бийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022 оны 08 дугаар сарын 20-ны өдөр манай найз залуу А.М эхлээд найз Ций хамт архи уусан. Тэгээд найзтайгаа сонин сонин юм яриад А.М миний толгой руу алгадсан. Тэгээд найз нь болиулаад дараад унтуулсан. Би ч гэсэн найз залуугийнхаа араар орж унтсан. Тэгээд өглөө болгож 06:00 цагийн үед найз нь яваад өгсөн. Тэгээд явсных нь дараа гэрийнхээ хаалгаа түгжээд А.М “чи манай найзтай унтаа биз дээ” гэхээр нь би  “унтаагүй” гэж хэлсэн чинь “чи үнэнээ хэл” гэж хэлээд зодоод байсан. А.М байсхийж байгаад “чи унтаа биз дээ, манай сайн найзтай унтсан биз дээ, намайг яаж  доромжилж байгаа юм бэ” гээд зодоод байсан. Тэгснээ жаахан байж байгаад А.М “уучлаарай, аймар цохисон байна” гэж хэлээд салфетка гаргаж ирээд нүүр арчсан. Тэгээд бид хоёр дахиж хэрэлдэхгүй, дахиж хэзээ ч гар хүрэхгүй гэж амласан. А.М “яагаад намайг блок хийсэн юм бэ гэж асууя” гэсэн. Би “чи ямар ядаргаатай юм бэ, би чамаас тэр үед салах гэж байсан. Тэгээд өөр юм яриагүй цохиод байсан. Жаахан орилоод, уйлаад ирэхээр “хоёр гараараа амаа дар” гэж хэлээд толгой руу цохих гэж байхад нь толгойгоо хамгаалж, хоёр гараараа хаасан чинь А.М “хоёр гараа толгойноосоо аваад салтаандаа хий” гэж хэлсэн. “Болдог бол чиний хамрыг чихчих юм сан” гэж байсан. Би цаашаа хараад байж байхад нь хаалга онгойлгож зугтсан. Гараа атгаж байгаад миний баруун хацар хэсэгт цохисон. Хамар луу бас цохисон. Уруул хэсэгт бас цохисон. Нүүрээс базахдаа нүдний ухархай хэсэгт маажсан, үсдсэн, гараа атгаж байгаад толгой руу бас цохисон, гар утсаараа бас толгой руу цохисон, хөлөөрөө зүүн хөлийн шагай, шилбэ хэсэгт өшиглөсөн, дараа нь гараараа миний зүүн шуу хэсэгт цохисон. Толгой эргэж байна, заримдаа юм сайн сонсохгүй байна, хүзүү хөндүүрлэж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 11/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 11544 тоот: “Э.Бийн биед тархи доргилт, зулайн хуйх, хамар, хацар, уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний доод зовхинд зулгаралт, баруун бугалга, сарвуу, хүзүү, цээж, зүүн бугалга, хоёр шуу, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хүзүү, цээж, зүүн бугалга, хоёр шуу, зүүн гуяны цус хуралт  нь 2022.08.20-ны өдрөөс 72 цагаас дээш хугацааны өмнө үүсгэгдсэн байх боломжтой, бусад гэмтэл хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 15, 16/,

А.Мын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 25/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

             Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч А.М нь 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 20-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн … дугаар хорооны нутаг дэвсгэр, … тоот нийтийн байранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ найз эмэгтэй Э.Бийг бусадтай хардсаны улмаас зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Насанд хүрээгүй хохирогч Э.Бийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:  “...А.М байсхийж байгаад “чи унтаа биз дээ, манай сайн найзтай унтсан биз дээ, намайг яаж  доромжилж байгаа юм бэ” гээд зодоод байсан. ... Жаахан орилоод, уйлаад ирэхээр “хоёр гараараа амаа дар” гэж хэлээд толгой руу цохих гэж байхад нь толгойгоо хамгаалж, хоёр гараараа хаасан чинь А.М “хоёр гараа толгойноосоо аваад салтаандаа хий” гэж хэлсэн. “Болдог бол чиний хамрыг чихчих юм сан” гэж байсан. Би цаашаа хараад байж байхад нь хаалга онгойлгож зугтсан. Гараа атгаж байгаад миний баруун хацар хэсэгт цохисон. Хамар луу бас цохисон. Уруул хэсэгт бас цохисон. Нүүрээс базахдаа нүдний ухархай хэсэгт маажсан, үсдсэн, гараа атгаж байгаад толгой руу бас цохисон, гар утсаараа бас толгой руу цохисон, хөлөөрөө зүүн хөлийн шагай, шилбэ хэсэгт өшиглөсөн, дараа нь гараараа миний зүүн шуу хэсэгт цохисон. Толгой эргэж байна, заримдаа юм сайн сонсохгүй байна, хүзүү хөндүүрлэж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 11/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 11544 дугаартай “...Э.Бийн биед тархи доргилт, зулайн хуйх, хамар, хацар, уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний доод зовхинд зулгаралт, баруун бугалга, сарвуу, хүзүү, цээж, зүүн бугалга, хоёр шуу, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хүзүү, цээж, зүүн бугалга, хоёр шуу, зүүн гуяны цус хуралт  нь 2022.08.20-ны өдрөөс 72 цагаас дээш хугацааны өмнө үүсгэгдсэн байх боломжтой, бусад гэмтэл хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 15, 16/,

А.Мын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 25/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан А.Мт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

             Насанд хүрээгүй хохирогч Э.Б нь баримтаар хохирол нэхэмжлээгүй байх боловч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгаас үүдэн гарах зардлааа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч А.Мт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээгэхэд хөнгөрүүлэх болон, хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж А.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус  удирдлага болгон ТОГТООХ нь

1. Шүүгдэгч Б овогт А.Мыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мт 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.М нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

            4. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            5. Насанд хүрээгүй хохирогч Э.Б, түүний хууль ёсны төлөөлөгч Ч.Э нар нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгаас үүдэн гарах зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

            6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Э.ОЮУНТУНГАЛАГ