Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 31 өдөр

Дугаар  2022/ШЦТ/1586

 

 

 

 

 

 

 

 

 

   2022        10          31                                      2022/ШЦТ/1586

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Дэлгэр,  

улсын яллагч М.Очбадрах,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч П.Учралгэрэл /ШТЭҮД:2601/,

шүүгдэгч Ц.Ж, түүний өмгөөлөгч Э.Түвдэн /ШТЭҮД:3327/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б.Б, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Ц.Ж нарт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2202 00309 0346 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 00 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, 00 дүгээр хэсэг, “ХХХХХХХХХ”-гийн 00 дугаар байрны 00 тоотод оршин суух, 0000000 регистрын дугаартай, Б.Б.

Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ний өдөр Дорноговь аймагт төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин, механизмын опетатор мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, Холбоо толгойн 00 дүгээр гудамжны 00 тоотод оршин суух, урьд:

- Баянзүрх дүүргийн шүүхийн 2003 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 152 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ял,

- Баянзүрх дүүргийн шүүхийн 2004 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 158 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял,

- Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 917 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэг тус тус зааснаар нийт 6 жил 1 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэгдэж байсан,

00000000 регистрын дугаартай, Д овогт Ц.Ж.

Холбогдсон хэргийн талаар:

1. Шүүгдэгч Б.Б нь нийтийн албан тушаалтан буюу ХХХХХХХХХХажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6 дахь хэсэгт “Албаны эрх мэдэл буюу тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7 дахь хэсэгт “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх”, Монгол Улсын ... жанжин штабын дарга, Цагдаагийн ерөнхий газрын дарга нарын хамтран баталсан 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн “Хамтран ажиллах гэрээ”-ний 3.2 дугаар зүйлийн 3.2.7 а-д “...гийн албанаас хариуцуулан өгсөн гудамж, зам, ... анги байгууллагуудын байрлах бүсэд замын хөдөлгөөний хяналт шалгалт явуулах, замын хөдөлгөөний хууль, дүрэм зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэн, арга хэмжээ тооцох” гэж заасныг тус тус зөрчин,

2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт албаны чиг үүргээ хэрэгжүүлэхдээ 0000 улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгслийг иргэн Ц.Ж нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож замын хөдөлгөөнд оролцсон зөрчлийг илрүүлж шалгах явцдаа хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан зөрчлийг зохих журмын дагуу шалгахгүй байх буюу албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр ... Тээврийн хяналтын албаны байранд бэлнээр 400.000 төгрөгийн хахууль авсан,

2. Шүүгдэгч Ц.Ж нь 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 0000 ... улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон зөрчил үйлдэж, ... Тээврийн хяналтын албаны эрх бүхий албан тушаалтанд саатуулагдан шалгагдах явцдаа тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулахгүй байх буюу өөртөө давуу байдал бий болгох зорилгоор тухайн зөрчлийг шалган шийдвэрлэх ... Тээврийн хяналтын албаны хөдөлгөөн, аюулгүй байдал хариуцсан зохицуулагч Б.Бт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр ... Тээврийн хяналтын албаны байранд бэлнээр 400.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Ж мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

     Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Цагдаагийн ерөнхий газрын ...гийн албаны 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 14/1228 дугаартай албан бичиг, хавсралт /1-р хх-ийн 3-34/,

- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тэмдэглэл /1-р хх-ийн 37-38/,

- Гэрч М.М өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 19-ний орой 17-18 цагийн орчимд Цайз 16 дугаар хороолол дээр Ц.Ж ах намайг уулзъя гээд дуудсан. Ингээд намайг яваад очиход замын урд талын нэг пабад ганцаараа сууж байсан. Бид хоёр тэнд 2, 2 шилтэй Нийслэл, Сэнгүр гэсэн нэртэй 0.5 литрийн пиво уусан. Манай ажлын үүдэнд Ц.Ж ах 2.5 литрийн хэмжээтэй том савтай нэг пиво авсан машиндаа сууж байсан.

Тухайн үед машинд Ө бид гурав явж байсан, ингээд цагдаа зогсоогоод цонхыг нь онгойлгуулж нэг багажаар Ц.Жг үлээлгэсэн чинь нэг дохио дуугарсан чинь нөгөө цагдаа нь “та юм уучихсан байна, машинаасаа буу” гэхээр нь бид гурав машинаас буусан. Машинаас буугаад Ө бид хоёр машинаас жаахан зайтай зогссон, харин Жамънсүрэн ах цагдаатай нь юм яриад байсан.

Тэгээд Ц.Ж удалгүй эргэж ирснээ “ахын дүү мөнгө байна уу, эрхээ хасуулахгүй, машин тэргээ журмын хашаанд хийлгүүлэлгүй торгуулиад салчих гэж байна” гэхээр нь би “хэдэн төгрөг хэрэг болоод байгаа юм бэ” гэхэд Ц.Ж ах “500.000 төгрөг” гэж хэлэхээр нь би “өө надад тийм мөнгө байхгүй” гэж хэлсэн. Тэгсэн Ц.Ж ах эгч рүүгээ утсаар залгасан.

Эгчтэйгээ утсаар ярихдаа замынх нь урд талын гэр хорооллын гудамжинд очоод хэсэг байж байгаад буцаад ирэхэд машин нь байхгүй, нөгөө цагдаа нар нь зогсож байсан. Тэгэхээр нь би “ах машиныг чинь ачна гэж байсан, ачаад явчихсан юм биш үү” гэхэд Ц.Ж ах “харин мэдэхгүй байна аа” гэж хэлсэн. Тэр цагдаа уулзчихаад ирэхдээ надад “машин тэргээ журмын хашаанд хийлгүйгээр 500.000 төгрөгөөр торгуулиад салчих гэж байна” гэсэн зүйлийг л хэлсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 45-47/,

- Гэрч Б.Өын өгсөн: “М ахын засварын газрын гадаа зогсож машин дотроо тэр хоёр том савтай пивоноос 2-3 аягаар уусан. Ингээд хоол идэхээр болоод машинаа Ц.Ж ах “гайгүй байлгүй дээ” гэж хэлээд бариад хөдөлсөн. Ингээд Ц.Ж ах машинаа барьж хөдлөөд Баянзүрх дүүргийн хойд талын эмнэлгийн хойд зам дээр явж байхад цагдаа зогсоогоод Ц.Ж ахыг үлээлгэсэн багаж нь дохио өгсөн. Ц.Ж ахыг машинаас буугаад ир гэж хэлээд гадаа уулзсан.

Ц.Ж ах эргэж ирээд “цагдаа нь мөнгө нэхэж байна өө, мөнгө байна уу” гэхээр нь М ах бид хоёр байхгүй гэж хэлсэн. Тэгсэн чинь надад “ахдаа утсаа өгч бай, эгчтэйгээ ярья” гэж хэлээд миний 90838301 дугаартай утсыг авч нэлээн удаан эгч, дүү нартайгаа утсаар ярьсан.

Тухайн үед М ах бид хоёр зам жаахан уруудаад байдаг хүнсний дэлгүүрийн тэнд зогсож байхад Ц.Ж ах урдаас алхаж ирсэн. Ингээд бид гурав буцаад дээшээ машин, цагдаа нар луугаа очиход цагдаа нар болон машин нь ч байхгүй байсан.

Тэгээд маргааш нь бил үү, нөгөөдөр өглөө нь Ц.Ж ах над руу залгасан. Ингээд Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс дээр ирж түүнийг авахад “хойшоо журмын хашаа очиж үзье” гээд Монелд байдаг журмын хашаа очсон чинь ахын машин байхгүй байсан. Журмын хашааны хүн нь Чулуун-Овооны тэнд байдаг журмын хашаанд очиж үз гэхээр нь мөн тийшээ очиход байхгүй байсан. Тэгээд явж байгаад буцаж Монелын журмын хашаа дээр очоод “танайд л байгаа даа” гэхэд тэнд байсан эгч хүмүүс рүү утсаар залгаж, өчигдөр орой ажилласан цагдаа нарын нэр, утсыг аваад ярьж байгаад цагдаагийнх нь утсыг олж өгсөн.

Ц.Ж ах бид хоёр хэзээ нь билээ М ахын авто засварын газарт очиж 450.000 төгрөгийг бэлнээр авсан. Тухайн мөнгө нь дандаа 10000 төгрөгийн мөнгөн дэвсгэртээр байсан. Миний ойлгосноор өмнө орой шалгасан цагдаагийн байцаагч нь Ц.Ж ахаас 400-450 мянган төгрөг нэхсэн гэсэн. Тэгээд түүнийг нь олоод аваачиж өгөөд машинаа авч байна гэж би ойлгосон.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 49-51/,

- Гэрч Б.Е өгсөн: “Тэр өдөр ажил ихтэй, замын ачаалалтай байсан. Орой 20:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн эмнэлгийн хойд талын зам дээр дэслэгч Б, дэслэгч Б.Б нарын хамт хяналт тавьж байгаад Тоёота Приус 30 маркийн, саарал өнгөтэй, улсын дугаарыг одоо санахгүй байна, нэг машиныг зогсоож жолоочийг тандагч багажаар үлээлгэхэд улаан гэрэл ассан. Би жолоочийг машинаас буулгаж, машины гэрчилгээг түлхүүрийн хамт авч, бүс хариуцсан Б.Бт өгсөн.

Харин дараа нь Б.Баас энэ талаар асуухад “...тэр жолоочийн машиныг Б.Баас нь нутгийн дүү байна, машиныг нь офицер дээр аваачаад тавьчих гэж хэлэхээр нь унаж офицерын авто угаалгын хашаанд оруулж тавьсан.” гэж надад хэлсэн.

2022.04.21-ний өдөр 17-19 цагийн орчимд би офицерын тойрог дээр бүсийн офицер, ахмад О-ын хамт түүний Прадо 120 маркийн хар өнгийн машинтай зогсож байхад нөгөө өмнө саатуулагдсан Приус 30 маркийн машины жолооч гэх залуу ирээд “миний машин хаана байна” гэж асуусан.

22:00 цагийн үед ажлаас бууж 032 дугаар ангид байх ажлын өрөөндөө очиход Б.Б дэслэгч жижүүрээр ажиллаж байсан. Тэгээд намайг хувцсаа солиод шкафанд хувцсаа хийж байхад Б.Б дэслэгч Бд “та хоёр хэрэгтэй юмаа орхичихсон биш биз дээ” гэж хэлээд инээгээд байх шиг байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 59-61/,

- Гэрч Д.Б өгсөн: “Тэр өдрийн ажлын цаг дууссан учир явах гэхэд Б.Б нь “чи хаашаа явах гэж байгаа юм бэ” гэхээр нь би “офицер явлаа” гэхэд тэрээр надад нэг машины түлхүүр өгөөд “энэ манай дүүгийн машин байгаа юм, офицерын тэнд байдаг авто угаалгын хашаа руу оруулчих” гэхээр нь түлхүүрийг нь авч, саарал өнгөтэй бил үү нэг Приус 30 машиныг унаж, офицерын тэнд байдаг авто угаалгын хашаанд оруулсан. Б.Б нь өөрийнхөө машиныг унаж, миний араас дагаж офицерын тэнд ирээд нөгөө Приус 30 машины түлхүүрийг надаас аваад явсан.

Тэр Приус 30 маркийн машиныг хэн нь хэзээ зогсоож шалгасан, жолооч яасан талаар би мэдээгүй. Тухайн үед би согтуу жолоочтой маргалдаж байсан учир тэрийг анзаарч хараагүй. Согтуу жолоочтой Приус 20 маркийн хар өнгийн машиныг ачуулчихаад явах гэхэд Б.Б нэг машины түлхүүр өгөөд “дүүгийн машин юм, угаалгын хашаанд оруулаад өгчих” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 64/,

- Гэрч Б.Бий өгсөн: “2022 оны 04 дүгэээр сарын 19-ний өдрийн 10:00 цагаас маргааш өглөөний 10:00 цаг хүртэл би ... тээврийн хяналтын албаны жижүүрээр үүрэг гүйцэтгэсэн. Тухайн өдөр Б.Б нь бүсийн эргүүлээр буюу хариуцсан нутаг дэвсгэрт үйлдэгдсэн зам тээврийн ослын дуудлага мэдээлэлд очиж ажиллах үүрэгтэй ажиллаж байсан.

Б.Б нь худал ярьж байна. Тэр орой надад ажлын мэдээ өгөхдөө согтуу жолооч барьсан, түүнийгээ алдсан талаар хэлээгүй, би ч гэсэн согтуурлыг нь тогтоож чадаагүй юм чинь рапортод оруулаад яадаг юм гэх зэрэг зүйл огт хэлээгүй.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 68/,

- Гэрч Б.А өгсөн: “2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр ажил дээрээ ирсэн. Тэгэхэд манай хяналт шалгалтын дарга Б нь ...зохицуулагч Б.Бийг ажил дээр дуудсан байсан юм билээ. Миний ойлгосноор 2022.04.21-ний өдөр Б.Б нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргасан иргэнээс хахууль авсан талаар мэдээлэл ирээд, үүний дагуу ахлах байцаагч, цагдаагийн ахмад Өыг ... тээврийн хяналтын алба руу явуулсан юм билээ.

Тэгсэн тасгийн дарга Б нь “...энэ зохицуулагч Б.Б нь согтууруулах ундаа хэрэглэж хөдөлгөөнд оролцсон жолоочоос мөнгө авсан тухай мэдээлэл ирсэн. Тиймээс энэ талаар нь тайлбар авчих.” гэхээр нь би өрөөндөө Б.Баас тайлбар авахад бусдаас мөнгө төгрөг аваагүй, тийм зүйл байхгүй гэсэн тайлбарыг өгсөн. Тэгсэн чинь Б гаднаас орж ирсэн. Надад өгсөн тайлбарыг нь харчихаад Б.Бийг өрөөнөөс дагуулж гараад коридорт уулзсан. Хэсэг хугацааны дараа Б.Б нь орж ирээд надад дахин тайлбар өгсөн. Тэгэхдээ “...согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон Ц.Ж гэж жолоочоос 400.000 төгрөгийг хахуульд авсан, тухайн мөнгө нь дан 10.000 төгрөгийн мөнгөн дэвсгэртээр байсан. Гадаа машинд мөнгө нь бэлнээр байгаа.” гэсэн тайлбарыг өгсөн. Ингээд ахмад Өыг Б.Бтай гаргаж, машинаас нь хахуульд авсан 400.000 төгрөгийг авахуулж, хүлээн авсан тэмдэглэл зэргийг үйлдсэн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 72-73/,

- Гэрч Б.Бийн өгсөн “...2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр … О.Г “...алба хаагчтай холбоотой, бусдаас мөнгө авсан зүйл байх шиг байна, үүнийг тодруул...” гэсэн үүрэг чиглэлийн надад өгсөн.

2022.04.22-ны өглөө би ахмад Өын хамтаар … албанд цуг очсон. Ингээд холбогдох баримт бичгийг хуулбарлан авчихаад буцаж ажил дээрээ ирсэн. Зохицуулагч Б.Бийг ахлах байцаагч Атай уулзуулж тайлбар авахуулсан.

Хэсэг хугацааны дараа хэд хурандаа Агаас юу ярьж байна гэж асуухад “янз бүрийн асуудал гаргаагүй гээд байна” гэхээр нь би зохицуулагч Б.Бийг өрөөнөөс авч гараад ганцаарчлан түүнтэй уулзаад “чи үнэнээ хэлчих ээ, асуудал тодорхой” гэж хэлэхэд Б.Б нь надад “би нэг үнэртүүлсэн жолооч зогсоогоод шалгасан, тэгээд жолоочийн согтуурлыг драггер багажаар шалгаж чадаагүй байхад жолооч нь алга болчихсон. Тиймээс машиныг нь угаалгын газрын хашаанд аваачиж тавьсан, үүнээс 2 хоногийн дараа жолооч нь намайг ажил дээр байхад утсаар холбогдож ирж уулзсан. Тухайн жолооч нь надтай нэг нутгийнх байсан. Тиймээс түүнд тус болчих санаатай байсан. Надад тэр мөнгө өгөхөөр нь аваад бичиг баримтыг нь өгөөд явуулчихсан.” гэсэн утгатай зүйлийг надад өөрөө амаараа ярьсан. Би түүний тухайн үед надад хэлсэн зүйлийг үг өгүүлбэр бүрээр нарийн санахгүй байна. Ямар ч байсан иймэрхүү утгатай зүйлийг надад хэлсэн. Тэгэхээр нь би жолоочийн өгсөн мөнгө хаана байгаа юм гэхэд тэрээр гадаа машинд байгаа гэхээр нь Б.Бийн хамтаар гадагш гарахад авто машины зогсоол дээр Тоёота Харриер маркийн автомашин байсан. Б.Б нь машины голын бил үү урд хайрцгаас 400.000 төгрөгийг бэлнээр гаргаж ирсэн. Мөнгөн дэвсгэрт нь дандаа 10.000 төгрөгийн дэвсгэртээр байсан. Тухайн үед Б.Б надад мөнгөө өгөх гэхээр нь би “чи өөрөө бариад ор” гэж хэлээд дотогш орж тэмдэглэл үйлдүүлж, мөнгийг нь хураан авсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 76-77/,

- Гэрч Ц.Уийн өгсөн: “Би эцэг эхээс дөрвүүлээ. Би айлын хамгийн том хүүхэд, Ц.Ж нь миний дараагийн хүүхэд байгаа юм.

Би өдрийг нь нарийн санахгүй байна. Тэр өдрийн орой /цагийг нь нарийн санахгүй байна гэх/ манай дүү Ц.Ж над руу өөрийнхөө 00000000 дугаараас залгаад “аниа 50-60 мянган төгрөг өгөөч, жаахан уугаад явж байна найзуудтайгаа” гэхээр нь би “дэмий юм яриад бай” гээд өгөөгүй. Тэгсэн тэр өдрийнхөө нэлээн орой нэг танихгүй дугаараас залгаад “аниа согтуу машин бариад явж байгаад цагдаад баригдчихлаа, мөнгө хэрэгтэй байна”  гэхээр нь би яриаг дуусгалгүй “битгий дэмий юм яриад бай, яахаараа согтуу машин барьдаг юм” гэж хэлээд ямар нэг тайлбар хэлүүлэлгүй утсаа таслаад, утасныхаа дууг хаагаад унтчихсан. Тухайн үед би унтаж байсан учир зарим яриаг нь сайн ойлгоогүй. Дүүгээ загнаад л утсаа тасалчихсан юм.

Харин түүнээс хойш хэд хоногийн дараа ч билээ Ц.Ж нь “машинаа авах гээд явж байна” гэж утсаар ярьж байсан. Мөн өнөөдрөөс хэд хоногийн өмнө бас утсаар залгаад “тэр цагдаад мөнгө олоод өгчихсөн, бас төв замын цагдаа дээр дуудагдаад байцаалт өгсөн” ч гэх шиг төвөгтэй, орооцолдсон зүйл ярьж байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 79-80/,

- Мөрдөгчийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Ц.Наранцацралаас гэрчийн мэдүүлэг авахаар түүний 88089115 дугаар луу залгасан талаарх тэмдэглэл /1-р хх-ийн 81/,

- Үүрэн холбооны операторуудаас ирүүлсэн мэдээлэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 83-84/,

- ... авто техникийн хяналтын албаны зохицуулагчийн ажлын байрны тодорхойлолт /1-р хх-ийн 117-119/,

- Монгол Улсын ... жанжин штабын дарга, Цагдаагийн ерөнхий газрын дарга нарын 2020 оны 05 дугаар сарын 13-ны байгуулсан “Хамтран ажиллах гэрээ”-ний хуулбар /1-р хх-ийн 124-126/,

- Б.Еркебуланаас гаргаж өгсөн баримтууд /1-р хх-ийн 135-137/,

- Гэрч О.Гын өгсөн “Би он, сарыг нь санахгүй байна. Манай албаны Мөрдөн шалгах газрын Эрүүгийн цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Чинбаатар нь над руу утсаар вайбераар яриад “...... жанжин штабын Тээврийн хяналтын албаны зохицуулагч залуу бусдаас хахууль, шан харамж авсан мэдээлэл байна” гэхээр нь би “одоо хаана байгаа юм бэ” гэхэд “журамласан машин нь тэндээ байна” гэж хэлсэн. Би тэр үед согтуу жолоочийг явуулаад, оронд нь мөнгө авсан байна гэж ойлгосон. Мөн дараа нь Чинбаатар  хурандаа надад энэ асуудлын талаар илтгэх хуудас бичээд орж ирэхээр нь цохолт хийгээд өгсөн. Ингээд би Хяналт шалгалтын тасгийн дарга Бөд “...тухайн газарт нь очиж энэ асуудлыг шалгаад эргэж танилцуулах” үүргийг өгсөн.

Үүний дараа хяналт шалгалтыг явуулж дуусгаад Б тасгийн дарга надад албаны шалгалтаар тогтоогдсон зүйл болох “тухайн алба хаагч нь бусдаас мөнгө төгрөг бэлнээр авсан нь тогтоогдсон, мөнгө төгрөгийг нь хурааж авсан, цаад хүнтэй нь уулзлаа, бүх юмаа хүлээж байна.” гэж танилцуулсан. Тэгэхээр нь би түүнд “Жанжин штабын тээврийн хяналтын албанд янз бүрийн асуудал байна гэж сонсогддог. Тиймээс хяналтаа сайн тавь, юмыг нь сайн үзэж шалга” гэсэн үүргийг бас өгсөн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 174-175/,

- Гэрч Д.Ч өгсөн: “Манай хэлтэс нь хөдөлгөөний аюулгүй байдлын журмын эсрэг эзэн холбогдогч нь тогтоогдоогүй болон тээврийн хэрэгсэл хулгайлах гэмт хэргийг илрүүлэх, эрэн сурвалжлах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж ажилладаг. Хэлтсийн даргын хувьд миний бие албаны даргын баталсан тушаалын дагуу ...гийн албаны дотоод аюулгүй байдлыг хангах  орон тооны бус ажлын хэсгийн гишүүнээр ажилладаг.

Тухайн үед надад нэг иргэнээс Б.Б гэж зохицуулагчтай холбоотой нэг мэдээлэл ирсэн. Надад мэдээлэл өгсөн иргэний талаарх мэдээллийг гүйцэтгэх ажилтны хувиар эх сурвалжаа нууцалж байгаа учир хэлэх боломжгүй байна. Энэ нь өөрийн болон тухайн иргэний аюулгүй байдлыг хангах зорилгоор юм шүү. Уг мэдээлэл нь алба хаагчтай холбоотой байсан учраас албаны даргад бичгээр танилцуулсан, албаны даргаас “хяналт шалгалтыг Хяналт шалгалтын тасгаар шалгуулах” чиглэл өгсөн учраас хяналт шалгалтын тасгийн даргад амаар мэдэгдсэн.

Ямар ч мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулаагүй. Харин иргэнээс ирүүлсэн цагдаагийн алба хаагчтай холбоотой авлигын гэмт хэргийн шинжтэй энэ мэдээллийг албаны даргад танилцуулаад Хяналт шалгалтын тасгаас албаны шалгалтыг явуулсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 178-179/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Нийслэлийн прокурорын газраас Б.Б нь нийтийн албан тушаалтан буюу ХХХХХХХХХХажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6 дахь хэсэгт “албаны эрх мэдэл буюу тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7 дахь хэсэгт “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэж, Монгол Улсын ...дарга, Цагдаагийн ерөнхий газрын дарга нарын хамтран баталсан 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн “Хамтран ажиллах гэрээ”-ний 3.2 дугаар зүйлийн 3.2.7 а-д “...гийн албанаас хариуцуулан өгсөн гудамж, зам, ... анги байгууллагуудын байрлах бүсэд замын хөдөлгөөний хяналт шалгалт явуулах, замын хөдөлгөөний хууль, дүрэм зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэн, арга хэмжээ тооцох” гэж заасныг тус тус зөрчин:

- 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт албаны чиг үүргээ хэрэгжүүлэхдээ 0000 ... улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгслийг иргэн Ц.Ж нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож замын хөдөлгөөнд оролцсон зөрчлийг илрүүлж шалгах явцдаа хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан зөрчлийг зохих журмын дагуу шалгахгүй байх буюу албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр ...байранд бэлнээр 400.000 төгрөгийн хахууль авсан,

            - Ц.Ж нь 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 0000 ... улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон зөрчил үйлдэж, ...эрх бүхий албан тушаалтанд саатуулагдан шалгагдах явцдаа тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулахгүй байх буюу өөртөө давуу байдал бий болгох зорилгоор тухайн зөрчлийг шалган шийдвэрлэх ...хөдөлгөөн, аюулгүй байдал хариуцсан зохицуулагч Б.Бт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр ...байранд бэлнээр 400.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул Б.Б, Ц.Ж нарт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

             Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь нийтийн албан тушаалтан буюу ХХХХХХХХХХ ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6 дахь хэсэгт “албаны эрх мэдэл буюу тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7 дахь хэсэгт “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх”, Монгол Улсын ... жанжин штабын дарга, Цагдаагийн ерөнхий газрын дарга нарын хамтран баталсан 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн “Хамтран ажиллах гэрээ”-ний 3.2 дугаар зүйлийн 3.2.7 а-д “...гийн албанаас хариуцуулан өгсөн гудамж, зам, ... анги байгууллагуудын байрлах бүсэд замын хөдөлгөөний хяналт шалгалт явуулах, замын хөдөлгөөний хууль, дүрэм зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэн, арга хэмжээ тооцох” гэж заасныг тус тус зөрчиж,

- 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт албаны чиг үүргээ хэрэгжүүлэхдээ 0000 ... улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгслийг иргэн Ц.Ж нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож замын хөдөлгөөнд оролцсон зөрчлийг илрүүлж шалгах явцдаа хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан зөрчлийг зохих журмын дагуу шалгахгүй байх буюу албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр ...байранд бэлнээр 400.000 төгрөгийн хахууль авсан,

            Шүүгдэгч Ц.Ж нь 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 0000 ... улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон зөрчил үйлдэж, ...эрх бүхий албан тушаалтанд саатуулагдан шалгагдах явцдаа тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулахгүй байх буюу өөртөө давуу байдал бий болгох зорилгоор тухайн зөрчлийг шалган шийдвэрлэх ...хөдөлгөөн, аюулгүй байдал хариуцсан зохицуулагч Б.Бт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр ...байранд бэлнээр 400.000 төгрөгийн хахууль өгсөн болох нь:

- Цагдаагийн ерөнхий газрын ...гийн албаны 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 14/1228 дугаартай албан бичиг, хавсралт /1-р хх-ийн 3-34/,

- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тэмдэглэл /1-р хх-ийн 37-38/,

- Гэрч М.М өгсөн: “ ...тухайн үед машинд Ө бид гурав явж байсан, ингээд цагдаа зогсоогоод цонхыг нь онгойлгуулж нэг багажаар Ц.Жг үлээлгэсэн чинь нэг дохио дуугарсан чинь нөгөө цагдаа нь “та юм уучихсан байна, машинаасаа буу” гэхээр нь бид гурав машинаас буусан. ...Тэгээд Ц.Ж удалгүй эргэж ирснээ “ахын дүү мөнгө байна уу, эрхээ хасуулахгүй, машин тэргээ журмын хашаанд хийлгүүлэлгүй торгуулиад салчих гэж байна” гэхээр нь би “хэдэн төгрөг хэрэг болоод байгаа юм бэ” гэхэд Ц.Ж ах “500.000 төгрөг” гэж хэлэхээр нь би “өө надад тийм мөнгө байхгүй” гэж хэлсэн. Тэгсэн Ц.Ж ах эгч рүүгээ утсаар залгасан. ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 45-47/,

- Гэрч Б.Өын өгсөн: “  ...Ц.Ж ах машинаа барьж хөдлөөд Баянзүрх дүүргийн хойд талын эмнэлгийн хойд зам дээр явж байхад цагдаа зогсоогоод Ц.Ж ахыг үлээлгэсэн багаж нь дохио өгсөн. Ц.Ж ахыг машинаас буугаад ир гэж хэлээд гадаа уулзсан.

Ц.Ж ах эргэж ирээд “цагдаа нь мөнгө нэхэж байна өө, мөнгө байна уу” гэхээр нь М ах бид хоёр байхгүй гэж хэлсэн.  ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 49-51/,

- Гэрч Б.Е өгсөн: “ Тэр өдөр ажил ихтэй, замын ачаалалтай байсан. Орой 20:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн эмнэлгийн хойд талын зам дээр дэслэгч Б, дэслэгч Б.Б нарын хамт хяналт тавьж байгаад Тоёота Приус 30 маркийн, саарал өнгөтэй, улсын дугаарыг одоо санахгүй байна, нэг машиныг зогсоож жолоочийг тандагч багажаар үлээлгэхэд улаан гэрэл ассан. Би жолоочийг машинаас буулгаж, машины гэрчилгээг түлхүүрийн хамт авч, бүс хариуцсан Б.Бт өгсөн.

Харин дараа нь Бас энэ талаар асуухад “...тэр жолоочийн машиныг Б нь нутгийн дүү байна, машиныг нь офицер дээр аваачаад тавьчих гэж хэлэхээр нь унаж офицерын авто угаалгын хашаанд оруулж тавьсан...” гэж надад хэлсэн. ...22:00 цагийн үед ажлаас бууж 032 дугаар ангид байх ажлын өрөөндөө очиход Б.Б дэслэгч жижүүрээр ажиллаж байсан. Тэгээд намайг хувцсаа солиод шкафанд хувцсаа хийж байхад Б.Б дэслэгч Бд “та хоёр хэрэгтэй юмаа орхичихсон биш биз дээ” гэж хэлээд инээгээд байх шиг байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 59-61/,

- Гэрч Д.Б өгсөн: “...Тэр өдрийн ажлын цаг дууссан учир явах гэхэд Б.Б нь “чи хаашаа явах гэж байгаа юм бэ” гэхээр нь би “офицер явлаа” гэхэд тэрээр надад нэг машины түлхүүр өгөөд “энэ манай дүүгийн машин байгаа юм, офицерын тэнд байдаг авто угаалгын хашаа руу оруулчих” гэхээр нь түлхүүрийг нь авч, саарал өнгөтэй бил үү нэг Приус 30 машиныг унаж, офицерын тэнд байдаг авто угаалгын хашаанд оруулсан. Б.Б нь өөрийнхөө машиныг унаж, миний араас дагаж офицерын тэнд ирээд нөгөө Приус 30 машины түлхүүрийг надаас аваад явсан. ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 64/,

- Гэрч Б.А өгсөн: “...  Миний ойлгосноор 2022.04.21-ний өдөр Б.Б нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргасан иргэнээс хахууль авсан талаар мэдээлэл ирээд, үүний дагуу ахлах байцаагч, цагдаагийн ахмад Өыг ... тээврийн хяналтын алба руу явуулсан юм билээ. ... Хэсэг хугацааны дараа Б.Б нь орж ирээд надад дахин тайлбар өгсөн. Тэгэхдээ “...согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон Ц.Ж гэж жолоочоос 400.000 төгрөгийг хахуульд авсан, тухайн мөнгө нь дан 10.000 төгрөгийн мөнгөн дэвсгэртээр байсан. Гадаа машинд мөнгө нь бэлнээр байгаа.” гэсэн тайлбарыг өгсөн. Ингээд ахмад Өыг Б.Бтай гаргаж, машинаас нь хахуульд авсан 400.000 төгрөгийг авахуулж, хүлээн авсан тэмдэглэл зэргийг үйлдсэн....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 72-73/,

- Гэрч Б.Бийн өгсөн “...Б.Б нь надад “би нэг үнэртүүлсэн жолооч зогсоогоод шалгасан, тэгээд жолоочийн согтуурлыг драггер багажаар шалгаж чадаагүй байхад жолооч нь алга болчихсон. Тиймээс машиныг нь угаалгын газрын хашаанд аваачиж тавьсан, үүнээс 2 хоногийн дараа жолооч нь намайг ажил дээр байхад утсаар холбогдож ирж уулзсан. Тухайн жолооч нь надтай нэг нутгийнх байсан. Тиймээс түүнд тус болчих санаатай байсан. Надад тэр мөнгө өгөхөөр нь аваад бичиг баримтыг нь өгөөд явуулчихсан.” гэсэн утгатай зүйлийг надад өөрөө амаараа ярьсан. Би түүний тухайн үед надад хэлсэн зүйлийг үг өгүүлбэр бүрээр нарийн санахгүй байна. Ямар ч байсан иймэрхүү утгатай зүйлийг надад хэлсэн. Тэгэхээр нь би жолоочийн өгсөн мөнгө хаана байгаа юм гэхэд тэрээр гадаа машинд байгаа гэхээр нь Б.Бийн хамтаар гадагш гарахад авто машины зогсоол дээр Тоёота Харриер маркийн автомашин байсан. Б.Б нь машины голын бил үү урд хайрцгаас 400.000 төгрөгийг бэлнээр гаргаж ирсэн. Мөнгөн дэвсгэрт нь дандаа 10.000 төгрөгийн дэвсгэртээр байсан. Тухайн үед Б.Б надад мөнгөө өгөх гэхээр нь би “чи өөрөө бариад ор” гэж хэлээд дотогш орж тэмдэглэл үйлдүүлж, мөнгийг нь хураан авсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 76-77/,

- Гэрч Ц.Уийн өгсөн: “...Тэгсэн тэр өдрийнхөө нэлээн орой нэг танихгүй дугаараас залгаад “аниа согтуу машин бариад явж байгаад цагдаад баригдчихлаа, мөнгө хэрэгтэй байна”  гэхээр нь би яриаг дуусгалгүй “битгий дэмий юм яриад бай, яахаараа согтуу машин барьдаг юм” гэж хэлээд ямар нэг тайлбар хэлүүлэлгүй утсаа таслаад, утасныхаа дууг хаагаад унтчихсан. Тухайн үед би унтаж байсан учир зарим яриаг нь сайн ойлгоогүй. Дүүгээ загнаад л утсаа тасалчихсан юм.

Харин түүнээс хойш хэд хоногийн дараа ч билээ Ц.Ж нь “машинаа авах гээд явж байна” гэж утсаар ярьж байсан. Мөн өнөөдрөөс хэд хоногийн өмнө бас утсаар залгаад “тэр цагдаад мөнгө олоод өгчихсөн, бас төв замын цагдаа дээр дуудагдаад байцаалт өгсөн” ч гэх шиг төвөгтэй, орооцолдсон зүйл ярьж байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 79-80/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Б.Б, Ц.Ж нарыг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Б.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, шүүгдэгч Ц.Жд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Төрийн банкин дахь Авлигатай тэмцэх газрын “Үнэт зүйл хадгалах хайрцаг”-т хадгалаатай байгаа …. серийн дугаартай 40 ширхэг 10.000 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг улсын орлого болгох нь хуульд нийцнэ.

             Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Б.Б, Ц.Ж нарт ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй тул шүүгдэгч нарт прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд бусдаас хахууль авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

      Шүүгдэгч Ц.Жг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Бт нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял,

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Жд нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж,  2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт оногдуулсан 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр, Ц.Жд оногдуулсан 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Б, Ц.Ж нар нь тус бүр оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Бт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар, Ц.Жд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг тус тус ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Төрийн банкин дахь Авлигатай тэмцэх газрын “Үнэт зүйл хадгалах хайрцаг”-т хадгалаатай байгаа … серийн дугаартай 40 ширхэг 10.000 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг улсын орлого болгосугай.

7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б, Ц.Ж нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

            8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Э.ОЮУНТУНГАЛАГ