Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/227

 

 

 

 

 

 

 2023         03          03                                      2023/ШЦТ/227

 

             

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Орхонтамир даргалж,

Улсын яллагч: Н.Энхбуян,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Төгс-Оюун,

Шүүгдэгч: Д.О нарыг оролцуулан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.О-д холбогдох эрүүгийн 2209 03384 0038 дугаартай хэргийг тус шүүхийн хуралдааны “А танхимд 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, Барилга үйлдвэрлэл худалдааны “Б” ХХК-д мужаан, дээвэрчин ажилтай, ам бүл 5, эхнэр гурван хүүхдийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Д.О

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.О нь 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 53 дугаар гудамжны 442 тоотод хохирогч М.Б-тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар харилцан зодолдож нүүрэн тус газар нь гараараа 3-4 удаа цохисны улмаас эрүүл мэндэд нь зүүн дээд 2 дугаар шүдний булгарал, буйлны шарх, духны зүүн хэсэг, зүүн хацар, дээд уруулын дотор зүүн хэсэг, баруун бугуйн гадна тал, сарвууны ар, 4, 5 дугаар хурууны 3-р үе, зүүн сарвууны ар эрхий хуруу талд цус хуралт, хамрын зүүн угалз, дээд уруулын зүүн хэсэгт зулгаралт, баруун гуяны гадна доод хэсэг, цээжинд зүүн хавирганы нум, хамрын зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.О-г хохирогч М.Б-ын биед зүүн дээд 2 дугаар шүдний булгарал, буйлны шарх, духны зүүн хэсэг, зүүн хацар, дээд уруулын дотор зүүн хэсэг, баруун бугуйн гадна тал, сарвууны ар, 4, 5 дугаар хурууны 3-р үе, зүүн сарвууны ар эрхий хуруу талд цус хуралт, хамрын зүүн угалз, дээд уруулын зүүн хэсэгт зулгаралт, баруун гуяны гадна доод хэсэг, цээжинд зүүн хавирганы нум, хамрын зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.О шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Хавтаст хэргээс:

-Хохирогч М.Б-ын “...2022 оны 11 дүгээр сарын 22-ны өглөө 10:00 цагийн орчимд найз Д.О-тэй Дарь Эхийн тэнд уулзаад бид хоёр Д.О-ийн машинаар хороолол орж, захирал н.Ц-г аваад бид гурав Яармаг орж барилгын ажил үзэхээр яваад буцаад гэр рүүгээ захирал н.Ц, Д.О-ийн хамт ирэх явцдаа дэлгүүрээс хоёр шил архи авч бид хоёр хувааж уугаад манай гэрийн гадаа ирээд манай гэрт орсон. Тэгэхдээ манай гэрт архи уугаагүй. Буцаж гэрээс гараад Д.О-тэй үл ойлголцоод маргалдаж эхлээд бид хоёр зодолдсон. Д.О нь миний үүдэн шүд рүү цохиж хугалсан бас миний хөл, гар руу цохисон. Тэгээд манай эхнэр н.Д цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дугаар тал/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...М.Б-ын биед зүүн дээд 2 дугаар шүдний булгарал, буйлны шарх, духны зүүн хэсэг, зүүн хацар, дээд уруулын дотор зүүн хэсэг, баруун бугуйн гадна тал, сарвууны ар, 4, 5 дугаар хурууны 3-р үе, зүүн сарвууны ар эрхий хуруу талд цус хуралт, хамрын зүүн угалз, дээд уруулын зүүн хэсэгт зулгаралт, баруун гуяны гадна доод хэсэг, цээжинд зүүн хавирганы нум, хамрын зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүснэ. Дээрх гэмтлүүдээс зүүн дээд 2 дугаар шүдний булгарал, буйлны шарх нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Нэг шүдний булгарал нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5 хувь алдагдуулна. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэх 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 16021 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 24-25 дугаар тал/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

Үйл баримтын талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулж шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн .. дугаар хороо, .... дугаар гудамжны ..... тоотод хохирогч М.Б нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгч Д.О нь хохирогч М.Б-ын эрүүл мэндэд нь “уруулын салстад шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн зовхинд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Хохирогч М.Б-ын “...Д.О нь миний үүдэн шүд рүү цохиж хугалсан бас миний хөл, гар руу цохисон...” гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Дээрх гэмтлүүдээс зүүн дээд 2 дугаар шүдний булгарал, буйлны шарх нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 16021 дугаартай дүгнэлт,

Яллагдагч Д.О-ийн “...Би Б-ын нүүр хэсэг рүү 2-3 удаа гараараа цохисон...” гэх мэдүүлэг,

Хохирогч М.Б-ын Сүхбаатар дүүргийн прокурорын газарт гаргасан хүсэлт,

Яллагдагч Д.О-ийн Сүхбаатар дүүргийн прокурорын газарт гаргасан хүсэлт болон өөрийн гэм бурууг хүлээж мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог ба хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан байна.

 

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...”, 2.4.2-т “ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10 хувь/ тогтонги алдагдсан” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан. Иймд хохирогч М.Б-ын биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээч эмчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Хохирогч М.Б-ын эрүүл мэндэд учирсан хөнгөн зэрэгт хамаарах дээрх гэмтэл нь шүүгдэгч Д.О-ийн хохирогчийн нүүрэн тус газар нь гараараа 3-4 удаа цохисон гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байх тул  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан гэж үзнэ.

 

Шүүгдэгч Д.О нь хохирогч М.Б-ын нүүрэн тус газар нь гараараа цохих үед түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Иймд прокуророос ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн, нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Д.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Улсын яллагч Н.Энхбуян шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “.........Шүүгдэгч Д.О нь 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 53 дугаар гудамжны 442 тоотод хохирогч М.Б-тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, булмаар харилцан зодолдож нүүрэн тус газар нь гараараа 3-4 удаа цохисны улмаас эрүүл мэндэд нь зүүн дээд 2 дугаар шүдний булгарал, буйлны шарх, духны зүүн хэсэг, зүүн хацар, дээд уруулын дотор зүүн хэсэг, баруун бугуйн гадна тал, сарвууны ар, 4,5 дугаар хурууны 3-р үе, зүүн сарвууны ар эрхий хуруу талд цус хуралт, хамрын зүүн угалз, дээд уруулын зүүн хэсэгт зулгаралт, баруун гуяны гадна доод хэсэг, цээжинд зүүн хавирганы нум, хамрын зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Д.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна.” гэв.

Шүүгдэгч Д.О нь гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж,

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх зэрэг хуулиар олгогдсон эрхтэй” гэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж тодорхойлж тус тус хуульчилсан байдаг.

 

Хохирогч М.Б “...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Шүүх хуралдаанд оролцохгүй ” гэх хүсэлтийг Сүхбаатар дүүргийн прокурорын газарт /хавтаст хэргийн 41 пүгээр тал/ гаргасан,

Шүүгдэгч Д.О шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “хохиролд 80.000 төгрөг өгсөн мөн шүд хийлгэж өгсөн” гэж мэдүүлж байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан байна гэж дүгнэв.

 

           Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

 

Шүүгдэгч Д.О нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргээ ойлгож гэмшиж байгаа байдал, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Д.О-д 450 нэгжээр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж,  уг ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус заасан хугацаанд буюу 90 хоногт төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.   

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Д.О дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, ялтны эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

 

            Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж, шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Д.О -ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160

дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.О-д оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт төлөхөөр тогтоож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            5. Шүүгдэгч Д.О нь энэ хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

 

  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ОРХОНТАМИР