| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашбумбын Орхонтамир |
| Хэргийн индекс | 185/2023/0200/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/231 |
| Огноо | 2023-03-06 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Билгүүн |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 2023/ШЦТ/231
2023 03 06 2023/ШЦТ/231
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Орхонтамир даргалж,
Улсын яллагч: Э.Билгүүн,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Төгс-Оюун,
Хохирогч: Б.О,
Шүүгдэгч: Д.М нарыг оролцуулан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.М-д холбогдох эрүүгийн 2309 00000 0178 дугаартай хэргийг тус шүүхийн хуралдааны “Г” танхимд 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ...-ний өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ойжуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр гурван хүүхдийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Д.М
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.М нь 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 71 дүгээр сургуулийн орчимд согтуурсан үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай өөрийн эхнэр Б.О-тай муудалцаж, улмаар түүний нүүрэн тус газарт нь гараараа цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь зүүн зовхины цус хуралт, дух, зулай, зовхины зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.М-г гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай өөрийн эхнэр Б.О-ийн биед зүүн зовхины цус хуралт, дух, зулай, зовхины зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Хохирогч Б.О шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Манай нөхөр бөөр нь муу, зүрх нь муу, гадаа удаан хугацаагаар даарч болохгүй юм. Нийтэд тустай ажил хийлгэхгүйгээр торгох ял оногдуулж өгөөч” гэв.
Хавтаст хэргээс:
-Хохирогч Б.О-ийн “...Би нөхөртэйгөө хамт амьдраад 8 жил, гэрлэлтээ батлуулаад 2 жил нийт 10 гаруй жил хамт СБД-н ............. тоотод хүүхдийн хамт амьдарч байгаад манай нөхөр Д.М ажлын газрын Ц.Н-тэй гэр бүлээс гадуур харилцаатай болсны дараа нөхрөөсөө тусдаа амьдрах болсон. Тусдаа амьдарч байх хугацаанд 2022 оны 07 сарын 05-ны өдөр манай гэрт ирж төрсөн дүүгийн нөхөр О-той хардаж, миний зүүн гарын ядам хурууг хугалж, гэрээ шатаах гэж оролдож байсан. Тухайн үед би цагдаагийн байгууллагад хандаагүй, Мөн дараа нь 9 сард намайг хадмын гэрт байхад ирээд намайг алгадаж цохиж байсан. Мөн би цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй. 2023 оны 01 сарын 14-ний өдөр 14 цагийн орчим би нөхөр Д.М рүү залгаад “...Н-тэй хамт амар тайван амьдраад өгөөч, надад хэцүү байна. Эсвэл би 3 хүүхдээ аваад ирсэн газар руугаа явчихъя” гэж хэлсэн. Тэгээд би нөхрийгөө манай гэрт ирж магадгүй гэж бодоод 15 цагийн орчим цагдаагийн байгууллагад дуудлага өгтөл нөхөр ирэхгүй болохоор нь дуудлагаа буцаасан. Намайг 17 цаг 30 минутын орчим Сүхбаатар дүүргийн ...............гудамжинд байх гэрээсээ гараад дэлгүүр рүү явж байтал гэрэл тусгасан машин өөдөөс ирээд хашаа руу намайг шахаж зогстол манай нөхөр М байсан бөгөөд “машинд суу хамт дэлгүүр оръё” гэж хэлээд намайг машиндаа суулгаад Ц.Н гэх хүний гэр рүү авч явсан. Тухайн хаягийг нь би сайн мэдэхгүй байна. Тэгээд би машинаас буутал манай нөхөр М намайг Н-эс уучлал гуйхыг шаардахад нь би “Үгүй” гэж хэлсэн. Тэгтэл манай нөхөр толгойн зүүн дээд тал руу баруун гараараа 2 удаа цохихоор нь би тонгойгоод нүүрээ гараараа дартал толгой руу дахин 2-3 удаа цохисон. Тэр үед би нөхрийгөө архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэснийг мэдээд өөрийн утсаараа цагдаа руу залгаад Н-д “цагдаа дуудаад өгөөч, чамаас болоод би зодуулж байна” гэж хэлээд утсаа өгтөл тэр миний гарт байсан утсыг булааж авахад гэхэд нь би буцааж автал манай нөхөр намайг хүзүүгээр боож, миний баруун гарыг хорьж байгаад утсыг булааж шидсэн. Тэгээд тэднээс салаад машинд сууж байтал манай нөхөр намайг дахин 2-3 удаа цохиход Н машины хаалга онгойлгоод миний зүүн гуя руу өшиглөж, баруун гараараа зүүн хацар руу 1 удаа алгадсан. Дараа нь манай нөхөр миний куртканы малгайгаар миний толгойг доош дарж байхад Н миний нүүрний зүүн тал болон толгой руу олон удаа цохиод байхаар нь Н-г өшиглөтөл уруулыг нь оносон байсан. Тэгээд Н машинаас гарахад хаалгаа хааж, машинаа түгжээд нөхөртэйгөө хэрэлдээд байж байтал Н-ийн эгч нь гарч ирэхэд нь би “дүү чинь намайг зодчихлоо” гэтэл эгч нь манай нөхөр рүү дайраад байсан. Тэгээд намайг машинд сууж байхад нөхөр Машинаа бариад 100 орчим метр яваад зогсож бас дахин надтай хэрэлдэж, намайг “янхан”, “гичий” зэргээр хэл амаар доромжилж, миний хоолойг боосон. Тухайн үед манай хадам ээж, ах ирж биднийг салгаж байтал манай нөхөр дахин миний толгой руу 2-3 удаа цохисон. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан...Миний зүүн нүд хөхөрсөн, хүзүү зулгарсан, толгой хавдсан байдалтай байна. Манай нөхөр М олон удаа миний хоолойг боож, толгой руу цохисон...М согтуу байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7-8 дугаар тал/,
-Хохирогч Б.Оийн дахин өгсөн “...Манай нөхөр Д.М эхлээд Н-ийн гэрийнх нь гадаа оччихоод машинаас бууж “Ц.Н-ээс уучлал гуй” гэсэн. Тэр үед би “Чадахгүй, энэ хүүхэн надаас уучлал гуйх ёстой” гэхэд Д.М уурлаад миний өмсөж байсан цэнхэр өнгийн куртикний энгэр зах хэсгээс нь зуурч өөр рүүгээ ойртуулж байгаад гараа атгаж байгаад толгойны зүүн талын хэсэг рүү 2 удаа цохисон. Н гэрээсээ гараад ирэхээр нь манай нөхөр буугаад дахиад “Уучлал гуй” гээд байсан, Тэгсэн чинь Ц.Н “Больсон гээд байна шүү дээ” гэсэн, би уурлаад түүнийг хаpaacaн, тэгэхэд нөхөр уурлаад дахиад гараа зангидаж байгаад цохих гэхээр нь би “удахгүй хичээл орно, ажил эхэлнэ” гэж бодоод нүүрэндээ цохиулахгүй гээд гараараа нүүрээ хаасан. Тэр үед нөхөр гараа зангидаж байгаад толгойн зүүн тал руу 2-3 удаа цохисон. Тэр үед нөхрөө уучихсан байгааг мэдээд “цагдаа дуудаад өгөөч” гээд гар утсаар 102 руу залгаад Ц.Н-д өгөхөд утас аваад салгачихсан. Тэр үед нөхөртэйгөө би зүүн гараараа зууралдаад баруун гараараа дахиад цагдаа руу залгаж дуудлага өгсөн. Би Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн шүүхэд 2023 оны 01 дүгээр сард гэр бүл цуцлуулахаар өргөдөл өгчихсөн байгаа бөгөөд хараахан шийдэгдээгүй байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12 дугаар тал/,
-Гэрч Ц.Н-ийн “Би Улаанбаатар гарден нэртэй мод үржүүлгийн компанид 2022 оны 5 дугаар сард ажилд ороод 2022 оны 08 дугаар сард ажлаасаа гарсан юм. Би тухайн үед мод үржүүлэг болон цэцэг тарьдаг ажил хийдэг байсан. Тэр үед Д.М-тэй анх танилцсан юм...2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 17 цагийн үед Сүхбаатар дүүргийн ............. тоотын гадаа хамт ажилладаг байсан Ц.М эхнэрийн хамтаар Тоёота Акуа маркийн машинтай ирсэн. Гэртээ байж байгаад гэрийнхээ хаалгаар шагайгаад ирчихсэн байгааг мэдсэн юм. Тэгээд харахад машин дотроо Д.М эхнэртэйгээ зодолдоод байсан, тэгээд хувцсаа өмсөж гараад юу болоод байгаа юм гэхэд эхнэр нь чамаас болж байгаа юм янхан минь гэсэн. Тэгэхээр нь би тэр хоёрт эндээс хурдан яв гэж хэлтэл Д.О манай гэр рүү харж байгаад гэр ч дээ гээд нулимсан, би эгчийг дуудахад эгч хүрээд ирсэн, эгч ирчихээд намайг гэр рүү оруулаад тэр хоёр машинтайгаа яваад өгсөн юм...Би 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Д.О-ийн биед халдаж, түүнийг зодож цохисон зүйл байхгүй. Тэр хоёр хоорондоо л зодолдоод нэгийгээ цохиод байсан. Тэр үед нь тэр хоёрыг салгах гээд хаалгыг нь онгойлгоход Д.О хөлөөрөө миний хэвлий хэсэг рүү жийсэн. Тэгээд гараараа цохих гээд дайраад байхаар нь гарыг нь барьсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дугаар тал/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1284 дугаартай “...Б.О-ийн биед зүүн зовхийны цус хуралт, дух, зулай, зовхины зөөлөн эдийн няцрал, хүзүү, баруун суганы хажуу хэсэг, баруун сарвуунд цус хуралт, зүүн чамархайн урд хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүснэ...шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...Дээрх гэмтлүүдээс зүүн зовхины цус хуралт, дух, зулай, зовхины зөөлөн эдийн няцрал нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 23-24 дүгээр тал/,
-Яллагдагч Д.М-ийн “...Эхнэр Д.О намайг Ц.Н гэх хамт ажилладаг байсан эмэгтэйтэй хардаад, түүнээс болоод маргалдаад тусдаа амьдарч байгаа. 2022 оны 07 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа юм. 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр эхнэр Б.О-ийг Ц.Н-ийн гэрийн гадаа байхдаа гараа атгаж байгаад мөр далны хэсэг рүү хоёр удаа цохисон. Түүний дараа эхнэрийн гэрийн гудамжны үзүүрт оччихсон байхдаа машин дотор хэрэлдэж байгаад эхнэр миний гэдэс рүү жийхээр нь боль гээд цамцны энгэр хэсгээр нь хоолойг боогоод хойшоо нь болгосон. Тэр үед намайг жийхээ больсон. Намайг үсдээд доошоо дарчихсан байхаар нь гараа зангидаж байгаад нүүр хэсэг рүү нь 2-3 удаа цохисон юм. Би эхнэр Б Оюунтунгалагийн биед цохиж гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байгаа” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34 дүгээр тал/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
Үйл баримтын талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулж шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хууль, зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.
2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 71 дүгэр сургуулийн орчимд хохирогч Б.О нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Д.М нь хохирогч Б.О-ийн эрүүл мэндэд нь “зүүн зовхийны цус хуралт, дух, зулай, зовхины зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Хохирогч Б.О-ийн “......Миний зүүн нүд хөхөрсөн, хүзүү зулгарсан, толгой хавдсан байдалтай байна. Манай нөхөр М олон удаа миний хоолойг боож, толгой руу цохисон...Мягмарсүрэн согтуу байсан...” гэх мэдүүлэг,
-Хохирогч Б.О-ийн дахин өгсөн “...Тэр үед нөхөр гараа зангидаж байгаад толгойн зүүн тал руу 2-3 удаа цохисон...” гэх мэдүүлэг,
-Гэрч Ц.Н-ийн “...Тэр хоёр хоорондоо л зодолдоод нэгийгээ цохиод байсан..” гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1284 дугаартай “...Б.О-ийн биед зүүн зовхины цус хуралт, дух, зулай, зовхины зөөлөн эдийн няцрал, хүзүү, баруун суганы хажуу хэсэг, баруун сарвуунд цус хуралт, зүүн чамархайн урд хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүснэ...шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...Дээрх гэмтлүүдээс зүүн зовхины цус хуралт, дух, зулай, зовхины зөөлөн эдийн няцрал нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт,
Яллагдагч Д.М-ийн “...Намайг үсдээд доошоо дарчихсан байхаар нь гараа зангидаж байгаад нүүр хэсэг рүү нь 2-3 удаа цохисон юм. Би эхнэр Б.О-ийн биед цохиж гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байгаа” гэх мэдүүлэг болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог ба хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан байна.
Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...”, 2.4.2-т “ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10 хувь/ тогтонги алдагдсан” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан. Иймд хохирогч Б.О-ийн биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээч эмчийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Хохирогч Б.О, шүүгдэгч Д.М нар хоорондоо эхнэр, нөхрийн харилцаатай буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай болох нь тэдгээрийн мэдүүлэг, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 45 дугаар тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.М нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хохирогчийн биед хүч хэрэглэн цохиж буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэж байгаа үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж биеэр үйлдсэний улмаас хохирогч Б.О-ийн биед хөнгөн гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Ийнхүү шүүгдэгчээс гэм буруугийн санаатай хэлбэрээр, түүний гэмт үйлдлийн улмаас үүссэн үр дагавар болох хохирогчид учирсан гэмтэл хоёрын хооронд шалтгаант холбоотой гэж дүгнэж Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж шүүх дүгнэв.
Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “нотолбол зохих байдал” нотлогдсон байна.
Иймд прокуророос ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн, нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Д.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагч Э.Билгүүн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “.........Шүүгдэгч Д.М нь 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 71 дүгэр сургуулийн орчимд согтуурсан үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай өөрийн эхнэр Б.О-тай муудалцаж, улмаар түүний нүүрэн тус газарт нь гараараа цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь зүүн зовхийны цус хуралт, дух, зулай, зовхины зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Д.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна.” гэв.
Шүүгдэгч Д.М нь гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.
Хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж,
Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх зэрэг хуулиар олгогдсон эрхтэй” гэж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж тодорхойлж тус тус хуульчилсан байдаг.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.О “...гомдол санал байхгүй...” гэсэн хүсэлтээ илэрхийлсэн тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж тус тус заасан.
Шүүгдэгч Д.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас “Шүүгдэгч Д.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна...” гэсэн санал, шүүгдэгчээс “...тусгайлан гаргах санал байхгүй...” талаар дурьдсан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хохирогчоос нэхэмжлэх зүйлгүй, санал, гомдолгүй байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
Шүүгдэгчээс согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргээ ойлгож гэмшиж байгаа байдал, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Д.М-д 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, уг ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.М шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, ялтны эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж, шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-г 400 /дөрвөн зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Д.М нь энэ хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй боохыг тус тус дурьдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОРХОНТАМИР