Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 06 өдөр

Дугаар  2023/ШЦТ/234

 

 

 

 

 

 

     2023         03          06                                    2023/ШЦТ/234

 

             

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Орхонтамир даргалж,

Улсын яллагч: О.Оргилболд,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Оюунбат,

Шүүгдэгч: Ш.А нарыг оролцуулан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.А-т холбогдох эрүүгийн 2309 00000 0238 дугаартай хэргийг тус шүүхийн хуралдааны “Ё танхимд 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19.. оны ..дүгээр сарын ..-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, “М Э” ХХК-д дэд захирал ажилтай, ам бүл 5, эхнэр гурван хүүхдийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ш.А,

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ш.А нь 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “ЭМЖЖ” эмнэлгийн гадаах автомашины зогсоол дээр хохирогч Л.О-тай тухайн үед үүссэн таарамжгүй харилцаанаас болж маргалдан цохиж, зодон түүний биед духанд няцарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн зулайн хуйханд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ш.А-ийг хохирогч Л.О-ын биед духанд няцарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн зулайн хуйханд цус хуралт бүхий хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ш.А шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Хавтаст хэргээс:

-Хохирогч Л.О-ын “...2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр эхнэр хоёр хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “ЭМЖЖ” эмнэлэгт бага хүүгээ үзүүлэхээр өглөө 08:30 цагийн үед тус эмнэлгийн автомашины зогсоол дээр өөрийн эзэмшлийн 24-55 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг байрлуулсан. Тухайн үед эхнэр бага хүүгийн хамт “ЭМЖЖ” эмнэлэг рүү орсон. Би дунд хүүгийн хамт машин дотроо сууж байтал тус эмнэлгийн урд талын зам дээр зогсоол байхгүй газарт хар өнгийн 95-75 УАУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл урсгал сөрж зогсоод ямарч тээврийн хэрэгсэл зөрөх боломжгүй болгосон. Тэр тээврийн хэрэгслийн жолоочийн нөхөр гэх залуу бууж ирээд надад хандаж “Наадах чинь эмнэлгийн зогсоол энд машин тавьдаггүй юм. Зайлуул” гэж хэлсэн. Тэгэхээр нь машиныхаа хаалгыг онгойлгож өөрийн автомашинаа зогсоол дээр байрлуулсан байна гэж хэлээд автомашины зогсоолын цагаан өнгийн зураасыг харуулсан. Тэгсэн тэр залуу намайг хэл амаар доромжилж “Пизда, гацаа” гэх мэтээр доромжилсон. Мөн намайг гичий гэж хэлэхээр нь би тэр залууд хандаж “ Зам хааж тавьсан өөрийнхөө гичийд хэл” гэж хэлэхэд шууд над руу ирээд ундаатай саваар миний толгой руу үсдж байгаад 7-8 удаа цохисон. Манай хүү бас машин дотор байсан. Айсан, уйлсан байдалтай миний аавыг болиоч гэж  хэлсэн. Тэр үед хоёр залуу ирээд бид хоёрыг салгасан. Тэгээд миний толгойноос цус гоожсон. Намайг зодсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 5-6 дугаар тал/,

-Гэрч А.Ү-ийн “...2023 оны 01 дүгээр сарын 09-ний өглөө 08:00-09:00 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “ЭМЖЖ” эмнэлгийн урд байрлах зогсоол дээр өөрийн 95-75 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг байрлуулах гэж байгаад зогсоод байж байтал эсрэг талын урсгалаас машин гарах гэж ирсэн. Тэр үед манай нөхөр нөгөө талд байрлах нэг машины жолоочтой уулзаад “Та түр холдоод өгөөч” гэхэд тэр залуу манай нөхөртэй маргалдаж, машинаасаа бууж ирээд түлхэлцсэн. Тэгэхээр нь би бууж очоод тэрийг салгах гэж оролдсон. Тухайн үед хажуугаар өнгөрсөн хүмүүсээс туслалцаа гуйгаад салгасан. Тэгээд нөхрөө “Чи ажилдаа оч” гэж хэлээд явуулчихаад ажил руугаа орох гээд явж байхад тэр залуу манай нөхрийн араас хандаж “Пизда минь наад гичийдээ хэл, машинаа буруу байрлуулчихаад” гэж орилсон. Тэгсэн манай нөхөр буцаж очоод тэр залууг цохиод авсан. Тэр залуу чгэсэн маанай нөхрийг цохисон. Тэгээд би нөхрөө салгаж аваад ажил руу нь явуулсан. Эргэж битгий хар. Би өөрөө учраа олно гэж хэлээд явуулсан. Тэгээд тэр залуугийн толгойноос цус гарсан. Мөн жоохон хадвсан байсан. Би өөрөө эмнэлэгт ажилладаг учраас тэр залуугийн цусыг цэвэрлэж өгөх боломжтой байсан. Тэгэхдээ би тэр залуугаас айсан. Тэр эрэгтэй намайг заамдаж аваад машин руу минь түлхээд бичиг баримтаа өг гэхээр нь би өөрийг нь цааш нь түлхчихээд машиндаа суугаад өөр газар байрлуулах гээд хөдөлсөн. Тэр залуу намайг хэл амаар доромжилсон болохоор манай нөхөр тэр залууг уурандаа цохисон асуудал гарсан..” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дугаар тал/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1284 дугаартай “...Л.О-ын биед духанд няцарсан гарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн зулайн хуйханд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2-оос доошгүй удаагийн үйлчлэлээр, 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 17-18 дугаар тал/,

-Яллагдагч Ш.А-ийн “...Би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өглөө эхнэр, хүүхдийн хамт гэрээсээ гарсан. Тэгээд охиноо цэцэрлэгт нь өгчихөөд - Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “ЭМЖЖ” эмнэлгийн гадаа ирсэн. -. Өглөө бүр бид хоёр ажил дээр нь очоод тэндээ машинаа байрлуулчаад би цаашаагаа багшийн дээдээс автобусанд суугаад ажилдаа явдаг. Тэр өдөр гэрээсээ жоохон оройтож гарсан тул эхнэрийн ажлын цаг нь тулсан байсан учир яг “ЭМЖЖ” эмнэлгийн урд сул зай байхаар нь эхнэр машинаа байрлуулсан. Тэр үед өөдөөс машин гарч ирээд зөрөх боломжгүй болсон. Тэгэхээр би машинаас буугаад эсрэг талд байсан тээдрийн хэрэгслийн жолооч дээр очоод “Та машинаа холдуулаад өгөөч” гэж гуйхад тэр залуу надад хандаж “Чи муу банди минь өөрөө машинаа холдуул” гэж хэлсэн. Тэгэхээр нь би дахин тэр залууд хандаж, та жоохон зай гаргаад холдуулж болохоор байна. Пизда минь гэж хэлсэн. Тэгсэн миний хэлсэн үгний дараа тэр залуу машинаасаа бууж ирээд надад хандаж чи намайг пизда гэдэг хэн бэ гэж хэлээд намайг заамдаж аваад түлхсэн. Тэр үед манай эхнэр голоор орж ирээд биднийг салгасан. Эхнэр намайг “Чи яв” гээд байхаар нь би тэр залуугаас холдоод явж байхдаа тэр залууд хандаж “Та зүгээр машинаа холдуулчихаж болох байсан биз дээ” гэж хэлэхэд тэр залуу “Чи энэ гичийдээ хэл” гэж хэлэхээр нь манай эхнэр машиныхаа урд байсан залуу руу очсон. Би ч хүртэл тэр залуу дээр очсон. Тэгээд тэр залууг шууд баруун гараараа 1 удаа цохисон. Тэр үед жоохон шалбарч, цус гарсан. Тэр үед залуу бид хоёрыг хажуугаар явж өнгөрсөн хоёр хүн салгасан. Тэгээд би шууд ажилдаа явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дугаар тал/  болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

Үйл баримтын талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулж шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “ЭМЖЖ” эмнэлгийн гадаах автомашины зогсоол дээр хохирогч Л.О нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгч Ш.А нь хохирогч Л.О-ын эрүүл мэндэд нь “духанд няцарсан гарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн зулайн хуйханд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Хохирогч Л.О-ын “...Тэгсэн тэр залуу намайг хэл амаар доромжилж “Пизда, гацаа” гэх мэтээр доромжилсон. Мөн намайг гичий гэж хэлэхээр нь би тэр залууд хандаж “ Зам хааж тавьсан өөрийнхөө гичийд хэл” гэж хэлэхэд шууд над руу ирээд ундаатай саваар миний толгой руу үсдэж байгаад 7-8 удаа цохисон. Манай хүү бас машин дотор байсан. Айсан, уйлсан байдалтай миний аавыг болиоч гэж  хэлсэн. Тэр үед хоёр залуу ирээд бид хоёрыг салгасан. Тэгээд миний толгойноос цус гоожсон. Намайг зодсон...” гэх мэдүүлэг,

Гэрч А.Ү-ийн “...Тэгсэн манай нөхөр буцаж очоод тэр залууг цохиод авсан. Тэр залуу ч  гэсэн манай нөхрийг цохисон. Тэгээд би нөхрөө салгаж аваад ажил руу нь явуулсан. Эргэж битгий хар. Би өөрөө учраа олно гэж хэлээд явуулсан. Тэгээд тэр залуугийн толгойноос цус гарсан. Мөн жоохон хавдсан байсан. Би өөрөө эмнэлэгт ажилладаг учраас тэр залуугийн цусыг цэвэрлэж өгөх боломжтой байсан. Тэгэхдээ би тэр залуугаас айсан. Тэр эрэгтэй намайг заамдаж аваад машин руу минь түлхээд бичиг баримтаа өг гэхээр нь би өөрийг нь цааш нь түлхчихээд машиндаа суугаад өөр газар байрлуулах гээд хөдөлсөн. Тэр залуу намайг хэл амаар доромжилсон болохоор манай нөхөр тэр залууг уурандаа цохисон асуудал гарсан..” гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1284 дугаартай “...Л.О-ын биед духанд няцарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн зулайн хуйханд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2-оос доошгүй удаагийн үйлчлэлээр, 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт,

Яллагдагч Ш.А-ийн “...Тэгээд тэр залууг шууд баруун гараараа 1 удаа цохисон. Тэр үед жоохон шалбарч, цус гарсан. Тэр үед залуу бид хоёрыг хажуугаар явж өнгөрсөн хоёр хүн салгасан. Тэгээд би шууд ажилдаа явсан...” гэх мэдүүлэг,

Хохирогч Л.О-ын Сүхбаатар дүүргийн прокурорын газарт гаргасан хүсэлт,

Яллагдагч Ш.А-ийн Сүхбаатар дүүргийн прокурорын газарт гаргасан хүсэлт болон өөрийн гэм бурууг хүлээж мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог ба хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан байна.

 

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...”, 2.4.2-т “ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10 хувь/ тогтонги алдагдсан” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан. Иймд хохирогч Л.О-ын биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээч эмчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Хохирогч Л.О-ын эрүүл мэндэд учирсан хөнгөн зэрэгт хамаарах дээрх гэмтэл нь шүүгдэгч Ш.А-ын хохирогчийг цохиж, зодсон гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байх тул  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан гэж үзнэ.

 

Шүүгдэгч Ш.Ал нь хохирогч Л.О-ыг цохих үед түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Иймд прокуророос ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн, нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Ш.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагч Б.Оргилболд шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “.........Шүүгдэгч Ш.А нь 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “ЭМЖЖ” эмнэлгийн гадаах автомашины зогсоол дээр хохирогч Л.О-тай тухайн үед үүссэн таарамжгүй харилцаанаас болж маргалдан цохиж, зодон түүний биед духанд няцарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн зулайн хуйханд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Ш.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна.” гэв.

Шүүгдэгч Ш.А нь гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж,

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх зэрэг хуулиар олгогдсон эрхтэй” гэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж тодорхойлж тус тус хуульчилсан байдаг.

 

Хохирогч Л.О “...Нийт 378.080 төгрөгийн хохирлыг барагдуулсан тохиолдолд миний гаргасан гомдлын дагуу үүссэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж шийдвэрлэхэд таглазах зүйлгүй” гэх хүсэлтийг Сүхбаатар дүүргийн прокурорын газарт /хавтаст хэргийн 48 дугаар тал/ гаргасан байхаас гадна шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.А-ийн гаргасан Худалдаа Хөгжлийн банкны шилжүүлгийн мэдээллийн баримтаар 378.080 төгрөгийг Л.О-д 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр шилжүүлсэн болох нь тогтоогдож байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан байна гэж дүгнэв.

 

           Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

 

Шүүгдэгч Ш.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргээ ойлгож гэмшиж байгаа байдал, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Ш.А-т 450 нэгжээр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж,  уг ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус заасан хугацаанд буюу 90 хоногт төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.   

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болно.

 

Шүүгдэгч Ш.А дээр дурдсан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, ялтны эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

 

            Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж, шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1,  36.1,  36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Ш.А -ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.А-ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160

дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ш.А-т оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт төлөхөөр тогтоож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            5. Шүүгдэгч Ш.А нь энэ хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ОРХОНТАМИР