| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 128/2024/0648/З |
| Дугаар | 221/МА2025/0189 |
| Огноо | 2025-03-13 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, Төрийн хяналт шалгалт, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 221/МА2025/0189
| 2025 оны 03 сарын 13 өдөр | Дугаар 221/МА2025/0189 | Улаанбаатар хот |
“О***” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны
хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Т.Энхмаа,
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн,
Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б***,
Хариуцагч улсын ахлах байцааг Г.Э***, Ж.Ч***,
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч “О***” ХХК,
Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын улсын ахлах байцаагч Г.Э***, Ж.Ч***,
Нэхэмжлэлийн шаардлага: Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын улсын ахлах байцаагч Г.Э***, Ж.Ч*** нарын 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 23 дугаартай “Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллах талаар” албан шаардлага, мөн өдрийн 1497 дугаартай “Эрхийн улсын бүртгэл, эрхийг түдгэлзүүлэх тухай” дүгнэлтийн 2 дахь заалтыг тус тус хүчингүй болгуулах,
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 128/ШШ2025/00058 дугаар шийдвэр,
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б***,
Хариуцагч улсын ахлах байцаагч Ж.Ч***,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ц***,
Хэргийн индекс: 128/2024/0648/З.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “О***” ХХК-иас Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын улсын ахлах байцаагч Г.Э***, Ж.Ч*** нарт холбогдуулан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын улсын ахлах байцаагч Г.Э***, Ж.Ч*** нарын 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 23 дугаартай “Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллах талаар” албан шаардлагыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “мөн өдрийн 1497 дугаартай “Эрхийн улсын бүртгэл, эрхийг түдгэлзүүлэх тухай” дүгнэлтийн 2 дахь заалтыг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн маргасан.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 128/ШШ2025/00058 дугаар шийдвэрээр: Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2, 10.6.8-д заасныг тус тус баримтлан “О***” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын ахлах байцаагч Г.Э***, Ж.Ч*** нарын 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн “Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллах талаар” 23 дугаартай албан шаардлагын 1 дэх заалтын “хоёр талт болон гурван талт гэрээ байгуулж” гэснийг, мөн өдрийн “Эрхийн улсын бүртгэл, эрхийг түдгэлзүүлэх тухай” 1497 дугаартай дүгнэлтийн 2 дахь заалтыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:
3.1. Нэхэмжлэгчээс маргаан бүхий захиргааны акт болох албан шаардлагыг утга агуулгын хувьд ойлгомжгүй, ямар баримт бичгийг дутуу ирүүлсэн гэж үзэж байгаа талаар нэрлэн заагаагүй гэж маргаж байхад шүүх уг маргаан бүхий актын үндэслэл болоогүй нөхцөл байдлын талаар дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг зөрчсөн үндэслэлгүй шийдвэр болсон. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн шаардаж буй баримт нь юу болохыг шүүх өөрөө мэдэхгүй байж яаж акт үндэслэлтэй эсэхийг шүүж байгаа нь ойлгомжгүй, шүүх үүнийг хууль ёсны гэж дүгнэх үндэслэлгүй
3.2. Мөн нэхэмжлэгчээс маргаан бүхий албан шаардлагыг хариуцагч өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар буюу иргэн Б.С***тай 2 талт гэрээ байгуулахыг шаардсан нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын чиг үүрэгт хамаарахгүй, Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль тогтоомжийн хүрээнд зохицуулагдах асуудал юм. Гэтэл шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 13-т “...2 талт гэрээ байгуулах эсэх нь иргэний эрх зүйн харилцаа ... захиргааны чиг үүрэгт хамааралгүй гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлтэй” гэж дүгнэсэн атлаа мөн үндэслэх хэсгийн 7-д “нэхэмжлэгч талын захиргааны байгууллагын чиг үүрэгт хамааралгүй асуудлаар захиргааны акт гаргасан гэх агуулга бүхий тайлбар үндэслэлгүй” гэж эсрэг дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.
4. Хариуцагч улсын ахлах байцаагч нараас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:
4.1 Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг хөтлөхдөө Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6-д заасны дагуу шинээр баригдсан барилгыг дутуу болон бүрэн гүйцэтгэлтэйгээр, тодорхой хэмжээтэйгээр бүртгэсэн бүртгэлээс орон сууцны жагсаалтаар салгаж, давхар тоот тус бүрээр орон сууцны эрх бүртгэгдэж дууссан тохиолдолд эрхийн улсын бүртгэлд анх бүртгэсэн бүртгэлийг хаах бүртгэлийн ажиллагаа хийгддэг. Гэтэл шүүх нөхцөл байдлаас өөр буюу өмчлөгчийн хүсэлт зоригоос үл хамаарах шалтгаанаар нураагдсан тохиолдлыг хүсэл зоригийн дагуу хийгддэг бүртгэлд хамааруулан хуулийг буруу тайлбарлаж, дүгнэлт хийсэн
4.2 Шүүхээс хүчин төгөлдөр мөрдөгдөж, улсын бүртгэл хөтлөх үйл ажиллагаанд баримталж буй хуулийг буруу тайлбарлан хэрэглэж дүгнэлт өгснөөр хууль хэрэглээний алдаа гарч, улсын бүртгэл хүчингүй болох, улмаар иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх эрсдэлийг бий болгож, цаашлаад Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй барилгажилт, дахин төлөвлөлтийн ажиллагаатай холбогдуулан хууль хэрэглээний буруу жишиг тогтох нөхцөлийг бүрдүүлж болзошгүй
4.3 Шүүх маргаан бүхий 2024 оны 1497 дугаар дүгнэлтийн 2 дахь заалтыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасантай нийцэхгүй байх тул шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсгийн 14, 15, 16, ТОГТООХ хэсгийн “...мөн өдрийн 1497 дугаар дүгнэлтийн 2 дахь заалтыг хүчингүй болгож...” гэсэн хэсэгт тус тус өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагч нарын давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
3. Маргаан бүхий үйл баримтын тухайд хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд,
3.1. Иргэн Б.С***гаас 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналт шалгалтын газарт хандан “... хууль бусаар хийгдсэн дээрх бүртгэлүүдийг түдгэлзүүлж, цаашид бүртгэл хийгдэхийг зогсоож, сонсох ажиллагааг яаралтай эхлүүлж өгнө үү” гэх агуулга бүхий гомдлыг гаргасан.
Иргэнээс гаргасан гомдлын дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын улсын ахлах байцаагч Г.Э***, Ж.Ч*** нараас хяналт шалгалтын ажиллагааг явуулж, маргаан бүхий улсын байцаагчийн дүгнэлт, албан шаардлагыг гаргасан.
Хяналтын улсын байцаагчийн 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 1497 дугаартай дүгнэлтийн 1 дэх заалтаар “Эд хөрөнгийн улсын бүртгэлийн мэдээллийн санд эрхийн улсын Ү-22**1, Ү-22**9, Ү-22**11, Ү-22**41, Ү-2206116927, Ү-22**17, Ү-22**44, Ү-22**85, Ү-22**311, Ү-22***29 дугаар бүртгэлүүдийг хяналтын улсын ахлах байцаагчийн 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 23, 24 дүгээр албан шаардлагын биелэлт хэрэгжих хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж, 2 дах заалтаар “Энэхүү дүгнэлтийн 1 дэх заалттай холбогдуулан эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн санд Нийслэлийн Хан-Уул дүүргийн *** дүгээр хороо, Үйлдвэр /17042/, Чингисийн өргөн чөлөө 77/3, 77/4 байрны “О***” ХХК-ийн захиалгатай с*** хотхоны үл хөдлөх эд хөрөнгийн захиалагчдын нэрсийн жагсаалтаар бүртгэгдэх эрхийг түдгэлзүүлэх” гэж,
2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 23 дугаар Улсын байцаагчийн албан шаардлагаар “1. “Төсөл хэрэгжүүлэгч “О***” ХХК нь холбогдох хууль журамд заасны дагуу хоёр талт болон гурван талт гэрээг байгуулж, Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нийцсэн эрхийн нотлох баримтыг бүрэн гүйцэт, үнэн зөв гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлэх” гэж, 2. “Албан шаардлагын мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар тус газарт 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн дотор ирүүлэх” гэж тус тус шийдвэрлэсэн.
3.2. Хэрэгт нотлох баримтаар авагдсан хуулийн хүчин төгөлдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 128/ШШ2023/0758 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 221/МА2023/0743 дугаар магадлалаар:
Анх, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/737 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх ашиглалтын шаардлага хангахгүй болсон, нийтийн зориулалттай орон сууцны А*** дугаар байрны барилгажилтын төслийг боловсруулж, хэрэгжүүлэх эрхийг “О***” ХХК-д олгож шийдвэрлэсэн.
Улмаар ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн орон сууцыг 2017 онд буулгасан байх бөгөөд Нийслэлийн Засаг даргын төсөл хэрэгжүүлэх эрх олгосон шийдвэрийг үндэслэн Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын даргаас 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр МЗХ2018/10-56 дугаар Архитектур төлөвлөлтийн даалгаврыг Үйлчилгээтэй орон сууцны 16 давхар барилга барихад зориулан “О***” ХХК-д олгосон.
Дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжихээр шийдвэрлэсэн уг орон сууцны барилгын *** тоот, 30 м.кв талбайтай 2 өрөө болон *** тоот, 19 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг З.М*** болон Б.С*** нарын хооронд 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээний дагуу Нийслэлийн улсын бүртгэлийн газраас 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр улсын бүртгэлийн Ү-22***99 дугаарт бэлэглэлийн гэрээнд заасан *** тоот үл хөдлөх хөрөнгийг, 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр мөн байрны *** тоот үл хөдлөх хөрөнгийг иргэн Б.С***н өмчлөлд тус тус бүртгэж, гэрчилгээ олгосон.
Б.С***гаас 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ байгуулах шаардлага бүхий гомдлыг Нийслэлийн Засаг даргад гаргасныг нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Төсөл хэрэгжүүлэх хоёр болон гурван талт гэрээ байгуулах тухай гомдлыг барагдуулж ажиллахыг “О***” ХХК-д мэдэгдэж, хувийг Б.С***д хүргүүлсэн.
Дээрх хариуг эс зөвшөөрч Б.С***гаас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан, “гурван талт гэрээ байгуулах үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Б.С*** болон “О***” ХХК-тай гурван талт гэрээ байгуулахыг Нийслэлийн Засаг даргад даалгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гарган маргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллааны явцад нэхэмжлэгч талаас “... хоёр талт гэрээ байгуулах шаардлага одоо байхгүй, барилгыг нураасан учраас гурван талт гэрээ байгуулж, гол нөхцөлийг тохирно” гэх агуулгаар тайлбарлаж байх бөгөөд төсөл хэрэгжүүлэгчээр батламжилсан 2017 оноос хойш орон сууцны өмнөх өмчлөгч болон Б.С*** нарын зүгээс “О***” ХХК-тай хоёр талт гэрээ байгуулахаар хандаж байсан болон мөн асуудлаар Нийслэлийн Засаг даргад хүсэлт, гомдол гаргаж байсан талаарх үндэслэл дурдаж, баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул шүүх нэхэмжлэгч Б.С***гаас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Хан-Уул дүүрэг, 20 дугаар хороо /хуучнаар 3 дугаар хороо/, Чингисийн өргөн чөлөө гудамж, А*** дугаар байрны ***,1 *** тоот Ү22***99, Ү22***04 дугаартай үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгч Б.С***, “О***” ХХК болон Нийслэлийн Засаг дарга нарын хооронд байгуулах төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээг байгуулах хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Б.С*** болон “О***” ХХК-тай гурван талт гэрээ байгуулахыг Нийслэлийн Засаг даргад даалгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
3.3. Хяналтын улсын байцаагч нараас маргаан бүхий захиргааны актуудыг гаргах хүрээнд хийсэн хяналт шалгалтын явцад нэхэмжлэгч “О***” ХХК нь иргэн Б.С***тай “…тус төслөөс нийт 46 м.кв байрыг өгч тохиролцохоор… 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 10 цагт уулзалдаж санал өгөхөд татгалзсан хариуг өгч, тохиролцох боломжгүй талаар хэлсэн” тухай тайлбарыг хариуцагчид өгч байсан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан “О***” ХХК-ийн 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн О***/24/03-29 дүгээр албан бичгээр тус тус тогтоогдож байна.
4. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 42 дугаар зүйлийн 42.1-т “Захиргааны байгууллагаас тодорхой асуудлыг шийдвэрлэхдээ хууль, захиргааны хэм хэмжээний актаар зөвшөөрөгдсөн боломжит хувилбаруудаас аль нэгийг хэрэглэх, эсхүл хэрэглэхгүй байхыг сонгох боломж гэнэ”, 42.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол захиргааны байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд заасан шаардлагад үндэслэн зорилгодоо нийцүүлэн сонгох боломжийг хэрэглэнэ” гэж,
Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7-д “Улсын байцаагч нь улсын ерөнхий байцаагчид ажлаа хариуцан тайлагнах бөгөөд улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавих чиглэлээр дараах эрх, үүрэгтэй байна”, 18.7.1-д “хяналт шалгалтын явцад улсын бүртгэлийн хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, зөрчилтэй баримт бичиг, эд юмсыг акт үйлдэн хураан авч хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх, бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах, зөрчлийг арилгах талаар холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах”, 19 дүгээр зүйлийн 19.4-т “Улсын бүртгэгч нь дараах эрх, үүрэгтэй байна”, 19.4.10-д “улсын бүртгэлийг хараат бусаар үнэн зөв хөтлөх” гэж,
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т “Орон сууц болон хэсгээр өмчлөх дундын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг бүртгэхэд энэ хуулийн 4.4-т заасныг баримтлан бүртгэж, тус бүрд нь хувийн хэрэг нээнэ”, 10.6.8-д “тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хувьд тодорхой болзол хангаснаар ирээдүйд өмчлөх эрх үүсэх гэрээ, хэлцэл хийгдсэн эсэх, хийгдсэн бол гэрээ, хэлцлийн хуулбар, захиалагчийн нэрс, тэдгээрийн оруулсан хөрөнгийн хэмжээг тусгасан жагсаалтыг мэдүүлэгт дараах нотлох баримтыг хавсаргах”, 14 дүгээр зүйлийн 14.1-д “Дараах тохиолдолд улсын бүртгэгч мэдүүлэг гаргагчийн өргөдөл, холбогдох нотлох баримт, улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэсэн улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын шийдвэрээр эрхийн улсын бүртгэлийг хаана”, 14.1.5-д “захиалгаар барьсан орон сууцны жагсаалтаар тухайн орон сууцны эрх бүртгэгдэж дууссан гэж заасан зохицуулалтад хамаарна”, 14.1.6-д “өмчлөлийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө устсан” гэж,
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 397 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Эд хөрөнгийн эрхийн бүртгэл хөтлөх журам”-ыг 5 дугаар зүйлийн 5.7-д “Захиалгаар барьж дууссан барилгын дундаа хэсгээр өмчлөгч бүрт ногдох хэсгийн өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэхэд мэдүүлэг гаргагчийн ирүүлсэн нотлох баримтыг захиалагчийн нэрс, тэдгээрийн оруулсан хөрөнгийн болон ногдох талбайн хэмжээ, байршлын хаяг, хэлцлийн мэдээллийг тусгасан захиалагчдын нэрсийн жагсаалт, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлттэй тулгаж нягтлах” гэж тус тус заасан.
5. Шүүх бүрэлдэхүүн, хариуцагч улсын байцаагч нар нь улсын бүртгэлийн хууль тогтоомжоор өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашиглан маргаан бүхий захиргааны актуудыг гаргасан болохыг анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэсэн байх боловч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна гэж дүгнэв.
6. Тодруулбал, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжоор хариуцагч улсын байцаагч нь эрхийн зөрчилтэй улсын бүртгэлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох, хууль тогтоомжид нийцүүлэхийг холбогдох этгээдээс шаардан улсын байцаагчийн дүгнэлт, албан шаардлагыг гаргах бүрэн эрхтэй боловч энэхүү бүрэн эрхээ Захиргааны ерөнхий хууль болон Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан журмын дагуу бодит нөхцөл байдлыг судалж, зорилгодоо хүрэх арга замыг оновчтой /бусад этгээдэд боломжит хамгийн бага дарамт учруулахуйц/ байдлаар сонгон хэрэгжүүлэх учиртай.
Тухайн тохиолдолд, Эд хөрөнгийн улсын бүртгэлийн мэдээллийн санд дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжихээр шийдвэрлэсэн Хан-Уул дүүргийн *** дугаар хороонд байрлах *** дугаар байрны *** болон *** тоот /30 м.кв талбайтай 2 өрөө болон 19 м.кв талбайтай, 1 өрөө/ орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх улсын бүртгэлийн Ү-22**04, Ү-22***99 дугаарт иргэн Б.С***н өмчлөлд бүртгэгдсэн.
Улмаар, төсөл хэрэгжүүлэгч болон орон сууцны өмчлөгч иргэний хооронд үүссэн маргаантай холбогдуулан орон сууцны өмчлөгч иргэнээс гаргасан гомдлын дагуу хариуцагчаас хяналт шалгалтын ажиллагааг явуулж, маргаан бүхий улсын байцаагчийн дүгнэлт, албан шаардлагыг гаргахдаа дахин төлөвлөлтөөр шинээр баригдсан Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, Үйлдвэр/17042/, Чингисийн өргөн чөлөө гудамжинд байрлах тус бүр нь 16 давхар бүхий 95 айл, оффис үйлчилгээний зориулалт бүхий 77/3, 77/4 дугаар байрны улсын бүртгэлд бүртгэгдсэн байсан 10 бүртгэлийг болон “О***” ХХК-тай гэрээ байгуулсан эд хөрөнгийн захиалагчдын нэрсийн жагсаалтаар “ирээдүйд” бүртгэх эрхийг бүхэлд нь түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь хариуцагч хууль тогтоомжоор олгосон сонгох боломжоо зорилгодоо нийцээгүй байдлаар буюу нийтийн болон хувийн эрх ашиг хоорондын тэнцэврийг хангасан /principle of proportionality/ байдлаар хэрэгжүүлсэн гэж үзэх боломжгүй байна.
Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг ханган, анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 128/ШШ2025/0058 дүгээр шийдвэрийн “ТОГТООХ” хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2, 10.6.8 дахь заалтыг тус тус үндэслэн нэхэмжлэгч “О***” ХХК-иас Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын улсын ахлах байцаагч Г.Э***, Ж.Ч*** нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын улсын ахлах байцаагч Г.Э***, Ж.Ч*** нарын 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 23 дугаартай “Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллах талаар” албан шаардлага болон 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 1497 дугаартай “Эрхийн улсын бүртгэл, эрхийг түдгэлзүүлэх тухай” дүгнэлтийн 2 дахь заалтыг тус тус хүчингүй болгосугай” гэж, 2 дахь заалтын “...35.100 төгрөгийг” гэснийг “70,200 төгрөгийг” хэмээн тус тус өөрчилж бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА