Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 382

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн даргад Б.Цагаанцоож,

-улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Энхбат,

-шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Цэцэгмаа,

-шүүгдэгч Д.Мөнхбат, Ц.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Ганбат, Д.Мөнхбат нарт холбогдох эрүүгийн 201619000678 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1984 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “НД”ХХК-нд жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо 53-45 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл үгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Өндөр овогт Доржпүрэвийн Мөнхбат /РД:ЙР84031494/ гэв.

 

Монгол улсын иргэн, 1963 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн Сант суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “НД”ХХК-нд жолооч ажилтай, ам бүл 8, эхнэр хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багийн 57-10 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл үгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Буурал овогт Цэдэнгийн Ганбат /РД:ЙЮ63110373/ гэв.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Д.Мөнхбат, Ц.Ганбат нар нь бүлэглэн 2016 оны 09 дүгээр сарын 02-ноос 2016 оны 09 дүгээр сарын 03-нд шилжих шөнө Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг “Хөшигтийн хөндий” Шинэ нисэх онгоцны буудлын буух талбайн зурвасын  5 ширхэг гэрлийг хулгайлж бусдад 4100000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтээр яллах болон цагаатгах талын хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Мөнхбат шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэсэн.

Шүүгдэгч Ц.Ганбат шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэсэн.

 

 

МӨН МӨРДӨН БАЙЦААЛТАНД:

Иргэний нэхэмжлэгч Г.Булгантамир мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “2016 оны 09 дүгээр сарын 01-нээс 02-ны хооронд гэрэлтүүлэгүүдээ бүрэн суулгаж дуусчихаад, 2016 оны 09 дүгээр сарын 03-ны өглөө шалгалт хийж үзтэл нэг ширхэг улаан өнгийн цахилдаг гэрэл, 4 ширхэг шар өнгийн ойртолтын гэрэл алга болсон байсан. Тэгээд мэдмэгцээ толгой компани болон шалган, цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Дээрх гэрэлтүүлэгүүдийг онгоц буухад ашигладаг гэрлүүд байгаа юм. Өөр зориулалтаар ашиглах боломжгүй байдаг юм. Өндөр хүчин чадлын 6,6 А 150W-ийн нисэх онгоцны буудлын зурвас ашиглагддаг нэг чиглэлийн галоген гэрэл 1 бүрийн үнэ 797,084,42 төгрөг нийт 4 ширхэг нь 3,188,337,69 төгрөгөөр үнэлж байна. Мөн SFL-ийн нисэх онгоцны ойртолтын гол буюу тэнхлэг заасан цахилдаг ксенон гэрэл 1 ширхэг 1,321,254,07 төгрөгөөр үнэлж байна. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, алдагдсан гэрлүүдээ хүлээж аваад тестэлж үзээд, зарим гэрлүүдийн дотор утаснууд нь гэмтсэн жижиг гэмтэлтэй байсан. Тэр бүгдийг засаж янзлаад одоогоор хэвийн ажиллагаатай байгаа учраас манай копаний зүгээс хохирол учирсан зүйлгүй болохоор гомдол санал байхгүй байна” гэсэн мэдүүлэг /хх-55-56 тал/

 

Иргэний нэхэмжлэгч Л.Галбадрах мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Хово маркын 33-76 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2012 онд “АОДЭ” ХХК-аас манай компани худалдан авч өөрийн эзэмшилд авч улмаар 2013 онд Голомт банкинд барьцаалж зээл авсан ба 2015 онд зээлийн барьцаанаас чөлөөлж одоогоор манай компаний буюу “НЭЙШНЛ ДЕВЕЛОПЕР”ХХК-ийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Манай “НЭЙШНЛ ДЕВЕЛОПЕР”ХХК-ийн зүгээс Л.Галбадрах миний биеийг тус шалгагдаж буй тоот хэрэг дээр нэг жилийн хугацаатай иргэний нэхэмжлэгчээр итгэмжлэл гарган томилсон болно. Дээрхи хүмүүс нь манай компаний үндсэн ажилчид байгаа юм. Надад гомдол, санал байхгүй. Хэрэг мөрдөн шалгах хугацаанд битүүмжлэгдэхэд татгалзах зүйлгүй болно” гэсэн мэдүүлэг /хх-60 тал/

 

Гэрч Б.Батболд мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Би Төв аймгийн Сэргэлэн сумын Шинэ нисэх онгоцны буудлын Хос Харцага харуул хамгаалалтын албаны ээлжийн ахлахаар ажилладаг. Би 2016 оны 9 сарын 04-ний өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшгийн хөндийн Шинэ онгоцны буудлын ээлжийн ахлахын үүрэг гүйцэтгэж байх хугацаанд цагдаагийн дэд ахлагч Алтансүх НДХХК-ийн тээврийн хэрэгсэлүүдэд үзлэг шалгалт хийх гэсэн юм хамтран ажиллана уу гэсэн хүсэлт гаргасан юм. Тэгээд би хамгаалагч Ш.Баярмагнай хамтарч үзлэг шалгалт хийх талаар үүрэг чиглэл өгч ажиллуулсан. Тус НД ХХК-ийн шалаанз машин дотроос 5 ширхэг гэрэл хамгаалагч Ш.Баярмагнай илрүүлсэн гэснийг цагдаагийн дэд ахлагч Алтансүхэд хүлээлгэн өг гэсэн үүрэг өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-62 тал/

 

Гэрч Б.Алтансүх мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Би 2016 оны 9 сарын 04-ний өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшгийн хөндийн шинэ нисэх онгоцны буудлын постонд үүрэг гүйцэтгэж байгаад өглөө 07 цаг өнгөрөөгөөд хамгаалалтын дарга Батболдоос үзлэг шалгалт хийх гэсэн юм гээд 1 хамгаалагч аваад жолоочтойгоо гурвуулаа НД ХХК-ийн том тээврийн хэрэгсэлд очиж үзлэг шалгалт хийсэн. Шалгалтын үеэр H0W0 SINOMRUK маркийн 33-76 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн чиргүүлийн доод талын багажийг шалгахад 5 ширхэг нэг нь улаан, үлдсэн 4 нь шар өнгийн 5 ширхэг гэрэл байсныг илрүүлсэн. Тэгээд эзнийг нь асуухад Улаанбаатар хот явсан гэсэн ба Улаанбаатар хотоос  ирэхэд нь саатуулж, Төв аймгийн Цагдаагийн газрын жижүүрт хүлээлгэн өгсөн юм. Тухайн үед Мөнхбат гэдэг жолооч нь ирсэн юм”  гэсэн мэдүүлэг /хх-61 тал/

 

Гэрч Р.Төгс-Очир мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Би 2016 оны 9 сарын 04-ний өдөр Алтансүхтэй хамт шалган дээр очиж, нэг хамгаалагч аваад “НД” ХХК-ийн зогсоол дээр очиж том тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийсэн юм. Би алсаас хараад зогсож байтал хамгаалагч, цагдаа нар нь олчихлоо гэсэн. Тэгээд 5 ширхэг, 1 нэг нь улаан өнгийн, нөгөө 4 нь шар өнгийн гэрлүүд байсан. Тэгээд байж байтал нөгөө гэрэл байсан гэх машины жолооч нь гээд нэг Приус-11 машинтай бүдүүн бор залуу ирэхэд нь цагдаа дэд ахлагч Алтансүх бид 2 Төв аймгийн цагдаагийн газарт хүргэж өгсөн ... гэсэн мэдүүлэг /хх- 64 тал/

 

Гэрч Ш.Баярмагнай мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “Би 2016 оны 9 сарын 04-ний өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшгийн хөндийн шинэ нисэх онгоцны буудлын постонд үүрэг гүйцэтгээд бууж байсан. Тэгсэн манай ахлах Батболд ирээд цагдаатай хамт нийлж үзлэг шалгалт хийгээд ир гэж явуулсан. Тэгээд цагдаатай “НД” ХХК-ийн том тээврийн хэрэгслүүдэд үзлэг шалгалт хийж явтал ачааны том тэрэг байсан улсын дугаар болон маркийг сайн мэдэхгүй байна. Чиргүүлийн доор байрлах нэмэлт төмөр хайрцаг гагнаж хийсэн хайрцганд би өөрөө үзлэг шалгалт хийх үед 5 ширхэг нэг нь улаан, 4 нь шар өнгийн нисэх онгоцны буух зурвасны гэрэл байсныг илрүүлж олоод дэд ахлагч Алтансүхэд хүлээлгэн өгсөн” ... гэсэн мэдүүлэг /хх-63 тал/

 

Сэжигтэн, яллагдагч Д.Мөнхбат мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Би 2016 оны 9 сарын 02-ны өдөр Ганбат ах бид 2 машины кабиндаа хөзөр тоглож сууж байгаад орой 23 цагийн үед энэ гадаа гоё гэрэл тавьсан байна. Хоёулаа очиж аваад машиндаа нэмэлт паржуктор тавъя гэж ярилцаад гэрэл суурилуулсан газар нь очиж 4 ширхэг шар гэрэл, 1 ширхэг улаан гэрлүүдийг машинаасаа гүүвц аваад доор нь байсан боолтыг тайлаад авсан. Тэгээд би 2 ширхэг шар, 1 улаан гэрэлүүдийг аваад машиндаа хийсэн. Ганбат ах 2 ширхэг шар гэрлийг нь аваад машиндаа хийсэн. Тэгээд бүтэн сайнд арай эрт тардаг юм байна, тэр үед нь машиндаа суурилуулъя гэж ярилцаад тэр оройдоо миний машины чүргүүлийн багажны хайрцганд хийсэн. Тэгээд би хагас сайны орой Улаанбаатар хотод гэртээ очиж хоночихоод бүтэн сайны өглөө Нисэх онгоцны буудал дээр ажилдаа иртэл манай механик инженер чиний машин дотроос гэрэл гарч ирсэн, чамайг цагдаа дуудаж байна гэхээр нь очсон” ... гэсэн мэдүүлэг /хх-79-81 тал/,

 

   Сэжигтэн, яллагдагч Ц.Ганбат мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Би 2016 оны 9 сарын 02-ны өдөр Мөнхбат бид 2 миний машины кабиндаа хөзөр тоглож сууж байгаад Мөнхбат бид 2 энэ гадаа суурилуулсан байгаа паржукторын доторх лампыг нь сольчихвол ашиглаж болох болов уу гэж ярилцаж байгаад орой 23 цаг өнгөрч байхад гэрэл суурилуулсан газар нь очиж 4 ширхэг шар паржуктор, 1 ширхэг улаан паржукторыг машинаасаа гүүвц аваад доор нь байсан боолтыг нь тайлаад авсан. Тэгээд 4 ширхэг паржукторын утсыг нь дээш нь татаад сугалчихсан, 2 ширхэг паржукторын утсыг нь чулуугаар цохиж тасдаж авсан юм. Тэгээд би Мөнхбатыг Траллер доогуур чинь хийчих үү гэсэн чинь  тэгье гээд Мөнхбатын машин доогуур багажинд нь хийчихсэн. Тэрнээс өмнө бид 2 би 2 ширхэг шар паржуктор, Мөнхбат 1 ширхэг улаан, 2 ширхэг шар паржукторыг нь авах болоод тэгээд би машиндаа оруулалгүй шууд Мөнхбатын багажинд хийчихсэн юм. Тэгээд маргааш нь бүтэн өнгөрөөд нөгөөдөр өглөө нь буюу 2016 оны 9 сарын 04-ний өдөр бүтэн сайн өдөр намайг “НД” ХХК-ийн кемп дээр байж байтал хошууч Батмөнх гэдэг хүн дуудсан тэгээд байцаалт өгсөн ... гэсэн мэдүүлэг /хх-82-84 тал/

 

-гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-2 тал/,

-2016 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн илтгэх хуудас /хх-20 тал/,

-хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-21-25 тал/,

-эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-26-29 тал/,

-мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-30-33 тал/

-эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-34-35, 39-42, 46-49 тал/,

-эд зүйлийн үнэлгээ /хх-37, 44, 51, 66 тал/,

-“JUN ECS MONGOLIA” ХХК-ний2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн  албан бичиг /хх-53 тал/,

-“НЭЙШНЛ ДЕВЕЛОПЕР” ХХК-ний 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 16/213 дугаар албан бичиг /хх-58 тал/,

 

-шүүгдэгч Ц.Ганбатын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст  “ял шийтгэл үгүй”  гэх лавлагаа /хх-90 тал/,

-шүүгдэгч Д.Мөнхбатын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст  “ял шийтгэл үгүй”  гэх лавлагаа /хх-98 тал/,

 

-шүүгдэгч Д.Мөнхбатыг 2016 оны 10 сарын 06-ны өдөр сэжигтнээр /хх-79-80 тал/, 2016 оны 10 сарын 06-ны өдөр яллагдагчаар /хх- 81тал/ тус тус байцаасан тэмдэглэлүүд,

-шүүгдэгч Ц.Ганбатыг 2016 оны 10 сарын 06-ны өдрийн сэжигтнээр /хх-82-83 тал/, 2016 оны 10 сарын 06-ны өдөр яллагдагчаар /хх-84 тал/ тус тус байцаасан тэмдэглэлүүд зэрэг болно.

 

Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.  

Шүүгдэгч Д.Мөнхбат, Ц.Ганбат нар нь бүлэглэн 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 03-нд шилжих шөнө Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг “Хөшигтийн хөндий” Шинэ нисэх онгоцны буудлын буух талбайн зурвасын  5 ширхэг гэрлийг хулгайлж бусдад 4100000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч Г.Булгантамир, Л.Галбадрах, гэрч Б.Батболд, Б.Алтансүх, Р.Төгс-Очир, Ш.Баярмагнай нарын мэдүүлсэн мэдүүлэг, 2016 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн илтгэх хуудас /хх-20 тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-21-25 тал/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-26-29 тал/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-30-33 тал/ , эд зүйлийн үнэлгээ /хх-37, 44, 51, 66 тал/ шүүгдэгч Д.Мөнхбат, Ц.Ганбат нарын мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлгээр давхар нотлогдон тогтоогдож байна

Шүүгдэгч Д.Мөнхбат, Ц.Ганбат нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг нь хэрэгт цугларсан бусад нотлох баримтаар давхар нотлогдож байх тул шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлсэн болно.

 

Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Мөнхбат, Ц.Ганбат нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Д.Мөнхбат, Ц.Ганбат нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Д.Мөнхбат, Ц.Ганбат нарт ял шийтгэл оногдуулахдаа “анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн”, “үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн” зэргийг Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.9 дэх хэсэгт дахь хэсэгт тус тус зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт хорих ял шийтгүүлсэн, шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

Иргэний нэхэмжлэгч Г.Булгантамир нь мөрдөн байцаалтын шатанд “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх гэм хорын хохиролгүй байна.

 

            Энэ хэрэгт битүүмжилсэн “1200000 төгрөгийн үнэлгээ бүхий HIAILISHI маркийн цагаан өнгийн 150х60 хэмжээтэй хөргөгч 1 ширхэг”-ийг битүүмжилсэн 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн, “8 5000 000 төгрөгийн үнэлгээ бүхий 33-76 УНТ улсын дугаартай ХОВО zz4257s3241w маркийн тээврийн хэрэгсэл” битүүмжилсэн 2016 оны 09 сарын 20-ны өдрийн, “2000000 төгрөгийн үнэлгээ бүхий 87-00 УНЧ улсын дугаартай Приус-10 маркийн тээврийн хэрэгсэл” битүүмжилсэн 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн болон иргэний бичиг баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.Мөнхбат, Ц.Ганбат нар нь  цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 293, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4 дэх хэсэг, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Буурал овогт Цэдэнгийн Ганбат, Өндөр овогт Доржпүрэвийн Мөнхбат нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ганбатыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Д.Мөнхбатыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ 1 /нэг/ сарын хугацаагаар тус тус хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Ц.Ганбатад оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар, ялтан Д.Мөнхбатад оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар “1200000 төгрөгийн үнэлгээ бүхий HIAILISHI маркийн цагаан өнгийн 150х60 хэмжээтэй хөргөгч 1 ширхэг”-ийг битүүмжилсэн 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн, “8 5000 000 төгрөгийн үнэлгээ бүхий 33-76 УНТ улсын дугаартай ХОВО zz4257s3241w маркийн тээврийн хэрэгсэл” битүүмжилсэн 2016 оны 09 сарын 20-ны өдрийн, “2000000 төгрөгийн үнэлгээ бүхий 87-00 УНЧ улсын дугаартай Приус-10 маркийн тээврийн хэрэгсэл” битүүмжилсэн 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай.

 

5.Энэ хэрэгт иргэний бичиг баримт болон эд мөрий баримт хураагдаж ирээгүй ялтан Ц.Ганбат, Д.Мөнхбат нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

            6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар ялтан Ц.Ганбатад оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, ялтан Д.Мөнхбатад оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялыг тус тус тэнсэж, 1 жилийн хугацаагаар тус тус хянан харгалзсугай.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан Ц.Ганбатад тэнсэнгийн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Өвөрхангай аймгийн Цагдаагийн газарт, ялтан Д.Мөнхбатад тэнсэнгийн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст тус тус үүрэг болгосугай.

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт зааснаар тэнсэгдсэн ялтан Ц.Ганбат, Д.Мөнхбат нар нь хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг танилцуулсугай.

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Ц.Ганбат, Д.Мөнхбат нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ц.ОТГОНЖАРГАЛ