Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 2019/ДШМ/17

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч Д.Эрдэнэбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор                      Д.Ганцэцэг                               

 Нарийн бичгийн дарга Г.Мөнх-Ундрал нарыг оролцуулан

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалангийн даргалж, шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2019 оны 04  дүгээр сарын 03-ны өдрийн 2019/ШЗ/88 дугаар шүүгчийн захирамжид прокурор Н.Мөнгөнсүхийн гаргасан эсэргүүцлээр П.Э, П.Э, Ж.М,  А.А нарт холбогдох эрүүгийн хэргийн 1802003600267 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ял шийтгэлгүй, Хамрынхан овгийн П.Э

Монгол Улсын иргэн, 2005 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт зааснаар 255.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Тайжууд овгийн А.А

Монгол Улсын иргэн, ял шийтгэлгүй, Дорж овгийн П.Э

Монгол Улсын иргэн, ял шийтгэлгүй, Солоон овгийн Ж.М

Яллагдагч П.Э нь 2018 оны 05 дугаар сард Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 2 дугаар багийн нутаг “Баруун Сөдөтийн Нарийн хамар’’ гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул хийж, хууль бусаар газрын хэвлийд халдсан, мөн бусадтай хамтран 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутаг, Баруун Сөдтий гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсны улмаас байгаль экологид 9.823.560 төгрөгийн хохирол учруулсан,

яллагдагч А.А, Ж.М, П.Э нар нь П.Эыг 2018 оны 05 дугаар сард Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 1 дүгээр багийн нутаг, Баруун Сөдтий гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан гэдгийг мэдсэн, энэ талаар гэрчээр мэдүүлэг өгсөн атлаа, 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр дахин Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутаг, Баруун Сөдтий гэх газарт бүлэглэн хууль бусаар зохих зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал хайх, хайгуул, олборлолт, ашиглалтын үйл ажиллагаа явуулан хууль бусаар газрын хэвлийд халдсаны улмаас байгаль орчинд 9.823.560  төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн прокуророос П.Эын  үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, А.А, Ж.М, П.Э нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус  зүйлчилж, Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэхээр заан яллах дүгнэлт үйлдэн хэргийг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүхийн шүүгч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, мөн зүйлийн 6 дахь хэсэг, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хэсгийн 1.2-т заасныг удирдлага болгон, яллах дүгнэлт бичих хуулийн шаардлага хангаагүй, яллах дүгнэлтээр П.Э, П.Э, Ж.М, А.А нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүхийн харьяалал зөрчин  шилжүүлсэн нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байна гэж дүгнэн яллагдагч нарт холбогдох хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцаан, хэргийг прокурорт очтол П.Э, П.Э, Ж.М, А.А нарт авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжилж байхаар заан, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн CD 2 ширхэгийг хэргийн хамт  Нийслэлийн прокурорын газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах  Д.Бат-Отгонд даалган, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжинд эсэргүүцэл бичих эрхтэйг дурдан шийдвэрлэжээ.

Хяналтын прокурор Н.Мөнгөнсүх 2019 оны 04 дүгээр сарын 09-ний  өдрийн 23 дугаар эсэргүүцэлдээ: Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүх 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 2019/ШЗ/88 дугаартай шүүгчийн захирамж гарган П.Э, П.Э, Ж.М, А.А нарт холбогдох эрүүгийн  хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Үүнд:

“...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 1-д “...Прокурор хэргийг шүүхэд шилжүүлэх үндэслэлтэй гэж үзвэл яллах дүгнэлт үйлдэн харьяалах шүүхэд хүргүүлнэ...” Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 4-т “...яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт дараах зүйлийг тусгана...”, 4.2-т “...Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүхийн харьяалал...” гэж тус тус заасан байхад яллагдагч П.Э нарт холбогдох хэргийн яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт “...Өвөрхангай аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсүгэй...” гэж шүүхийн харьяалал зөрчиж яллах дүгнэлт үйлдсэн байх тул яллах дүгнэлт хуулийн шаардлага хангаагүй гэж үзэх үндэслэлтэй байна. Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцаах нь зүйтэй байна...” гэжээ.

Өвөрхангай аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хүлээн аваад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дахь хэсгийн 4-т “...Хэрэг тухайн шүүхэд харьяалагдахгүй байвал шүүгчийн шийдвэрээр харьяалах шүүхэд шилжүүлнэ...”, 33.1 дүгээр зүйлийн 1-д “...прокуророос хэргийг шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийг шүүгч хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор тухайн хэргийн талаар дараах шийдвэрийн аль нэгийг гаргана...”, 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “...хэргийг харьяалах шүүхэд шилжүүлэх...” гэж тус тус зааснаар хэргийг харьяаллах шүүх буюу Хархорин сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлсэн байдаг.

Энэ нь хэргийг шүүх хүлээн авч, хуулинд заасан хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаа явагдсан байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 4-д заасныг ноцтой зөрчсөн буюу Өвөрхангай аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс харъяаллаар шилжүүлсэн асуудалд маргасан гэж ойлгогдохоор байна.

 Хархорин сумын Сум дахь шүүхийн шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн яг аль заалтыг баримталж шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийж байгаа нь тодорхойгүй, энэ талаар шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсэгт огт дурьдаагүй ба захирамжлах хэсэгт 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийг удирдлага болгон захирамжлах нь гэж хэт ерөнхий хуулийн заалтыг барьсан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн, шүүхийн шийдвэр ойлгомжтой байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна.

Мөн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол...” гэх заалтыг удирдлага болгон хэргийг прокурорт буцаасан. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.9-д заасан “...мөрдөн шалгах ажиллагаа гэж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад прокурорын зөвшөөрлөөр эсхүл мөрдөгч бие даан явуулах энэ хуульд заасан ажиллагааг хэлнэ...” гэж мөрдөн шалгах ажиллагааг томъёолсон, давхар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1 дүгээр бүлэгт Мөрдөн шалгах ажиллагааны талаар дурьдсан байдаг ба прокурорын яллах дүгнэлт нь мөрдөн шалгах ажиллагаанд хамаарахгүй байна.

 Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол...” гэх заалтыг удирдлага болгон хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй.

Хэрвээ давж заалдах шатны шүүх “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 1-д “...Прокурор хэргийг шүүхэд шилжүүлэх үндэслэлтэй гэж үзвэл яллах дүгнэлт үйлдэн харьяалах шүүхэд хүргүүлнэ...” Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 4-т “...яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт дараах зүйлийг тусгана...”, 4.2-т “...Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүхийн харьяалал...” гэж тус тус заасан байхад яллагдагч П.Э нарт холбогдох хэргийн яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт “...Өвөрхангай аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсүгэй...” гэж шүүхийн харьяалал зөрчиж яллах дүгнэлт үйлдсэн...” гэж үзэхээр бол үүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.4 дүгээр зүйлд зааснаар урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар засаад шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явах боломжтой юм.

Иймд П.Э нарт холбогдох Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн шүүх 2019/ШЗ/88 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичив. Давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурор оролцоно гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд заасан эрх хэмжээний хүрээнд давж заалдах шатны шүүхээс П.Э нарт холбогдох хэргийг  хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шүүгчийн захирамжийг болон прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлүүдээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Яллагдагч П.Э нь 2018 оны 05 дугаар сард Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутаг “Баруун Сөдтийн Нарийн хамар” гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул хийж, хууль бусаар газрын хэвлийд халдсан, мөн бусадтай хамтран 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутаг, Баруун Сөдтий гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсны улмаас байгаль экологид 9.823.560 төгрөгийн хохирол учруулсан,

яллагдагч А.А, Ж.М, П.Э нар  нь 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутаг, Баруун Сөдтий гэх газарт бүлэглэн хууль бусаар зохих зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал хайх, хайгуул, олборлолт, ашиглалтын үйл ажиллагаа явуулан хууль бусаар газрын хэвлийд халдсаны улмаас байгаль орчинд 9.823.560 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогдсон байна.

2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Шүүх байгуулах тухай хуулиар Өвөрхангай аймагт эрүүгийн хэргийг анхан шатны журмаар шийдвэрлэх хоёр шүүх байгуулсан бөгөөд тус аймгийн Бат-Өлзий сумын нутаг давсгэрт үйлдэгдсэн эрүүгийн хэргийг Хархорин сум дахь Сум дундын шүүх шийдвэрлэж байхаар хуульчилжээ.

Яллагдагч П.Э, А.А, Ж.М, П.Э нарыг Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутаг, Нарийн хамар, Баруун Сөдтий гэх газруудад тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэхдээ Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэхээр зааж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасан шүүхийн  харьяаллыг  зөрчсөн,

 яллагдагч П.Эын 2018 оны 05 дугаар сард Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутаг “Баруун Сөдтийн Нарийн хамар’’ гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул хийж, хууль бусаар газрын хэвлийд халдсан гэх үйлдлийн хохирлын асуудлыг дурдаагүй, яллах дүгнэлт утга найруулга, үг үсгийн алдаатай гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2, мөн зүйлийн 4  дэх хэсгийн 4.2-т заасныг баримтлаагүй, яллах дүгнэлтийг хууль ёсны гарсан гэж үзэх боломжгүй, энэ талаар гаргасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны үндэслэл бүхий болсон байна.

Яллагдагч А.А, Ж.М, П.Э нарыг хамтран 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутаг, Баруун Сөдтий гэх газарт хууль бусаар зохих зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал хайх, хайгуул, олборлолт, ашиглалтын үйл ажиллагаа явуулан хууль бусаар газрын хэвлийд халдсаны улмаас байгаль орчинд 9.823.560  төгрөгийн хохирол тус тус учруулсан гэж Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан  мөн хуулийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  зүйлчилж яллагдагчаар татан яллах дүгнэлт бичсэн атлаа уг үйл ажиллагааг зохион байгуулсан яллагдагч П.Эын үйлдлийг гэмт хэргийн хамтран оролцогчийн зохих заалтыг журамлалгүй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  зүйлчлэн яллагдагчаар татсан нь ойлгомжгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээн прокурор Н.Мөнгөнсүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах тухай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн  дүгнэсэн болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн  1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 2019/ШЗ/88  дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хяналтын прокурор Н.Мөнгөнсүхийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хэргийг прокурорт хүргэгдэн очтол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.А, Ж.М, П.Э,  П.Э нарт тус тус авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх  арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс  хойш 30 хоногийн дотор Монгол улсын Дээд шүүхэд хяналтын шатны журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.