Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/232

 

 

 

 2023           03         06                                  2023/ШЦТ/232

                               

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Орхонтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Төгс-Оюун,

Улсын яллагч Б.Сарантуяа,

Өсвөр насны шүүгдэгч: Б.С, түүний өмгөөлөгч О.А, хууль ёсны төлөөлөгч П.Б нарыг оролцуулан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж Б.С-д холбогдох эрүүгийн 2309 00001 0117 дугаартай хэргийг тус шүүхийн хуралдааны “Г танхимд 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хаалттай хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 20... оны .. дугаар сарын ..-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Нийслэлийн сурагч, ам бүл 6 аав, ээж, 3 дүүгийн хамт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал байхгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б.С,

 

         Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

         Өсвөр насны яллагдагч Б.С, нь 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх үедээ цахим хэрэгсэл буюу фейсбүүк хаяг ашиглаж “хослол, тэлээ зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож Э.Ц-ээс 85,000 /наян таван мянга/ төгрөгийг Л.Б-ийн хаан банкны 5..... дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос өсвөр насны шүүгдэгч Б.С-ийг цахим хэрэгсэл буюу фейсбүүк хаяг ашиглаж “хослол, тэлээ зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож Э.Ц-ээс 85,000 /наян таван мянга/ төгрөгийг Л.-ийн хаан банкны 50..... дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Өсвөр насны шүүгдэгч Б.С шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Өсвөр насны хүүхэддээ хараа хяналт муу тавьснаас ийм асуудалд холбогдлоо. Одоо цаашид хүүхэддээ сайн анхаарал тавьж байна” гэв.

 

Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч О.А шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Миний үйлчлүүлэгч нь 16 цаг 20 хоногтой, өсвөр насны хүүхэд байгаа. 11-р ангид сурдаг. Гэм буруу дээр маргахгүй. Түүний анх удаа, тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулий ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-д заасныг хэрэглэн өгч, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэв.

 

Хавтаст хэргээс:

-Гэмт хэргийн талаарх гомдол хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 6 дугаар тал/,

-Хохирогч Э.Ц-ээс бичгээр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол /хавтаст хэргийн 7 дугаар тал/,

-Хохирогч Э.Ц-ийн “2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр фейсбүүкээр “хувцас солино, авна зарна” групт Хулан.Б нэртэй фейсбүүк хаягаар цүнхний захиалга авна гэсэн пост оруулсан байхаар нь чат бичиж цүнх захиална гэж бичихэд 45,000 төгрөг болно Бүгд Найрамдах Хятад Ард улсаас захиалж гэсэн тэгэхээр нь би сонирхож хослолын зургийг явуулаад хэдэн төгрөгөөр ирэх вэ гэж асуухад 60,000 төгрөг болно захиалах юм уу гэхээр нь дахиад би нэг эрэгтэй тэлээний зураг явуулахад нийлээд 85,000 төгрөг болно гээд Хаан банкны 50........... дугаартай Б нэртэй данс явуулахаар нь быи өөрт чинь яаж итгэх вэ гээд чат бичихэд би өөрөө Бүгд Найрамдах Хятад Ард улсад байдаг, ярих боломжгүй чатаар холбогдоорой гэж чат бичсэн тэгээд би дээрх данс руу 85,000 төгрөг шилжүүлсэн тэгээд надад бараа 2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр ирнэ Төмөр замын төгс хувьсал гээд газраас авраарай гэж хэлсэн тэгээд 1900-1950 лавлах утсаар залгаж Т Х нэртэй газрыг асуухад тийм газар байдаггүй гэж хэлсэн тэгээд би тухайн хүн рүү дээрх нэртэй газар байдаггүй юм байна линк хаягийг нь явуулчих гэж чат бичихэд явуулна гэж байгаад намайг блок хийгээд алга болсон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дүгээр тал/,

-Л.Б-ийн Хаан банкны 50.... дугаартай дансны хуулга /хавтаст хэргийн 15 дугаар тал/,

-Дансны гүйлгээний хуулганд үзлэг хийсэн: “Дээрх байдлаар Лаагансүрэн овгийн Б-ийн хаан банкны 503...0 дансны хуулганд үзлэг хийхэд 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 510.... тоот данснаас “хувцас захиалга” гэх гүйлгээний утгатай 85,000 төгрөгийн орлого орж мөн 50.... тоот данс руу “2” гэсэн гүйлгээний утгатай зарлага гарсан байна” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 16-17 дугаар тал/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

Үйл баримтын талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулж шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Хохирогч Э.Ц-д “хослол, тэлээ зарна” гэж 85,000 /наян таван мянга/ төгрөгийг хуурч аван, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, түүнд 85,000 төгрөгийн хохирол учирсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Өсвөр насны шүүгдэгч Б.С нь хохирогч Э.Ц-ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, залилан, 85,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол хүлээн авсан тэмдэглэл,

Хохирогч Э.Ц-ээс бичгээр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол,

Хохирогч Э.Ц-ийн “2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр фейсбүүкээр “хувцас солино, авна зарна” групт Х.Б нэртэй фейсбүүк хаягаар цүнхний захиалга авна гэсэн пост оруулсан байхаар нь чат бичиж цүнх захиална гэж бичихэд 45,000 төгрөг болно Бүгд Найрамдах Хятад Ард улсаас захиалж гэсэн тэгэхээр нь би сонирхож хослолын зургийг явуулаад хэдэн төгрөгөөр ирэх вэ гэж асуухад 60,000 төгрөг болно захиалах юм уу гэхээр нь дахиад би нэг эрэгтэй тэлээний зураг явуулахад нийлээд 85,000 төгрөг болно гээд Хаан банкны 503.......... дугаартай Б нэртэй данс явуулахаар нь би өөрт чинь яаж итгэх вэ гээд чат бичихэд би өөрөө Бүгд Найрамдах Хятад Ард улсад байдаг, ярих боломжгүй чатаар холбогдоорой гэж чат бичсэн тэгээд би дээрх данс руу 85,000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг,

Л.Б-ийн Хаан банкны 5........... дугаартай дансны хуулга,

Дансны гүйлгээний хуулганд үзлэг хийсэн: “Дээрх байдлаар Л овгийн Б-ийн хаан банкны 50........... дансны хуулганд үзлэг хийхэд 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 51......... тоот данснаас “хувцас захиалга” гэх гүйлгээний утгатай 85,000 төгрөгийн орлого орж мөн 5..... тоот данс руу “2” гэсэн гүйлгээний утгатай зарлага гарсан байна” гэх тэмдэглэл болон өөрийн гэм бурууг хүлээж мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн үндсэн шинж нь хохирогч буюу өмчлөгч, эзэмшигч хууртагдсан, төөрөгдөлд орсон, итгэсний улмаас залилагч этгээдэд өөрийн эд хөрөнгө, түүний өмчлөх эрхийг сайн дураараа шилжүүлэн өгсөн онцлогтой байдаг бөгөөд залилагч этгээд анхнаасаа бусдын эд хөрөнгийг буцааж өгөхгүй, үнийг нь төлөхгүй байх сэдлээр гэмт хэрэг үйлддэг.

 

Хэргийн үйл баримтаас дүгнэж үзэхэд өсвөр насны шүүгдэгч Б.С нь “хослол, тэлээ зарна” гэж хохирогч Э.Ц-ийг хуурч, 85,000 /наян таван мянга/ төгрөгийг хуурч аван, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж төөрөгдөлд оруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Өсвөр насны шүүгдэгч Б.С гэмт үйлдэлдээ шунахай сэдэлттэй, шууд санаатай хандсан байх ба өөрийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарлаж мэдсээр байж, хүсэж үйлдэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Прокуророос ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн, нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Иймд өсвөр насны шүүгдэгч Б.С -ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Улсын яллагч Б.Сарантуяа шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “.........Өсвөр насны шүүгдэгч Б.С нь цахим хэрэгсэл буюу фейсбүүк хаяг ашиглаж “хослол, тэлээ зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож Э.Ц-ээс 85,000 /наян таван мянга/ төгрөгийг Л.Б-ийн хаан банкны .......... дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд өсвөр насны шүүгдэгч Б.С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.С-т 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурьдуулах саналтай байна” гэв.

Өсвөр насны шүүгдэгч Б.С нь гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж,

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх зэрэг хуулиар олгогдсон эрхтэй” гэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж тодорхойлж тус тус хуульчилсан байдаг.

 

Өсвөр насны шүүгдэгч Б.С нь хохирогчид учирсан хохирол төлбөрийг барагдуулсан болох нь хохирогч Э.Ц-ийн Сүхбаатар дүүргийн прокурорын газарт гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 52 дугаар тал/-ээр тогтоогдож байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан байна гэж дүгнэв.

 

           Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

Өсвөр насны шүүгдэгч Б.С нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Өсвөр насны шүүгдэгч Б.С нь гэмт хэрэгт холбогдох үедээ буюу 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар 16 нас 0 сар 22 хоногтой байсан болох нь түүний нас тоолсон тэмдэглэл, иргэний үнэмлэхийн хуулбар зэргээр тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрчээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.

Улсын яллагчаас “өсвөр насны шүүгдэгч Б.С -ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.С-т 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэх саналыг, өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...оногдуулах ялаас чөлөөлж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан болно.

 

Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан өсвөр насны шүүгдэгчид дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

 

Тиймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 8.4 дүгээр зүйлийг тус тус журамлан өсвөр насны шүүгдэгч Б.С-т 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, уг ялыг 2 дахин багасгаж 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй байна.

 

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар ...ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж, мөн хэсгийн 1.1-д  “...гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх...,” гэж заасны дагуу өсвөр насны шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлж шийдвэрлэв.

 

Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:

Өсвөр насны шүүгдэгч Б.С нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийг зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлсөн тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Өсвөр насны шүүгдэгч Б.С -т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 8.4 дүгээр зүйлүүдийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.С-т 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, оногдуулсан ялыг 2 дахин багасгаж 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч Б.С-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаас чөлөөлсүгэй.

 

4. Өсвөр насны шүүгдэгч Б.С нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурьдаж, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн  төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор  эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай. 

 

6. Тогтоолд давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Б.С-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

          

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ОРХОНТАМИР