Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 2023/ШЦТ/29

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мөнхтулга даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн,

улсын яллагч Ц.Батзаяа,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болормаа,

шүүгдэгч Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батзаяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Г-д холбогдох 2216001710168 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, халх, **** оны **** дүгээр сарын ****-ны өдөр Баянхонгор аймгийн ******* сумд төрсөн, 22 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ***************** түр оршин суудаг гэх, Баянхонгор аймгийн **************** оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ВТ********* регистрийн дугаартай, С овогтой Д-н Г.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.Г-н 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Говь- Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил 10-р багийн нутаг дэвсгэрт иргэн Г.М-н эрхлэн ажиллуулдаг “*****” хүнсний дэлгүүрт цагдаагийн албан хаагчийн хувцас өмсөж орон “...Би Говь-Алтай аймгийн цагдаагийн газарт ажилладаг, цалин удахгүй буухаар мөнгийг нь өгье...” хэмээн хуурч, мэхлэн хохирогч Г.М-с 221,500 төгрөгийн үнэтэй архи, хүнсний бүтээгдэхүүн, мөн 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 49,100 төгрөгийн архи, ундаа авч, нийт 270,600 төгрөгийн хохирол учруулсан, фейсбүүк олон нийтийн цахим сүлжээнд байршуулсан “шүдлэн үхэр зарна” гэсэн зарын дагуу худалдан авалт хийхээр шүдлэн үхэр захиалсан хохирогч П.Д-д “...шүдлэн үхэр зарна, үхрийг удахгүй авч очиж өгнө...” гэж хуурч, 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 1,140,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 1,660,000 төгрөгийг тус тус өөрийн хаан банкны ************* тоот дансаар шилжүүлэн авч, нийт 2,800,000 төгрөгийн хохирол учруулсан, 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хохирогч Ш.Г-г “...3 охин шүдлэн зарна, 2-3 хоногийн дараа хүргээд өгье...” гэж хуурч, мэхлэн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 1,500,000 төгрөгийг иргэн Б.Н-н хаан банкны ********** тоот дансаар шилжүүлэн авч, 1,500,000 төгрөгийн хохирол учруулсан, фейсбүүк олон нийтийн цахим сүлжээний сарлаг үхрийн үржүүлгийн зарын группт “...үхэр зарна...” гэсэн хуурамч зар байршуулан хохирогч Ц.Д-тэй 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 99****** дугаараар холбогдож 3,000,000 төгрөгийг Хаан банк дахь *********** тоот дансанд шилжүүлэн авч, 3,000,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлүүдийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан “залилах” гэмт хэрэгт хамааруулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

            Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Г-н гэм бурууг хянан хэлэлцэж, шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн хэргийн нөхцөл байдлыг дараах байдлаар тогтоолоо. Үүнд:

1. Шүүгдэгч Д.Г нь 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Говь- Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил 10-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*****” хүнсний дэлгүүрт цагдаагийн албан хаагчийн дүрэмт хувцас өмсөн орж “...Би Говь-Алтай аймгийн цагдаагийн газарт ажилладаг, цалин удахгүй буухаар мөнгийг нь өгье...” гэж хохирогч Г.М-тай тохиролцон 221,500 төгрөгийн үнэ бүхий архи, хүнсний бүтээгдэхүүн, мөн дараа өдөр нь буюу 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 49,100 төгрөгийн архи, ундаа авсан болох нь:

1.1 Хохирогч Г.М-н  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Миний бие Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багт “****” нэртэй хүнсний дэлгүүрийг ажиллуулаад 3 жил болж байна. 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр өглөө 10 цагийн үед би боссон. Намайг босох үед манай эхнэр Г дэлгүүрээ ажиллуулж байсан. Тэгээд намайг дэлгүүртээ ороход манай эхнэр Г нь “сая нэг аймгийн цагдаад ажилладаг гээд нэг залуу цагдаа хувцастайгаа орж ирээд хүүхдээ угаах гэсэн юм жаахан юм зээлээч гэхээр нь өрөвдөөд 0.5 л-ын лаазтай “Сэнгүр” пиво 144.000 төгрөг, “Бигэр” виски 0.75л 1 ширхгийг 45.000 төгрөг, төмс 12.500 төгрөг, “мони” нэртэй чихэр 20.000 төгрөг нийт 270.600 төгрөгийн бараа зээлчихлээ гэж хэлсэн. Маргааш нь буюу 05 дугаар сарын 31-ний өдөр эхнэр бид 2 дэлгүүртээ сууж байхад Г гэх залуу хүүхэд тэврээд орж ирээд “одоо манай цалин буух гэж байна, 1 виски, 1 ундаа зээлчихье мөнгөө бэлнээр нь одоо аваад ирье гэхээр нь зээлчихсэн юм. Тэгээд гарч яваад одоо болтол ирээгүй... Би фейсбүүкээс Г гэж хайгаад тухайн залуугийн хаягийг олоод орж үзэхэд нэг эмэгтэй тухайн фейсбүүк хаяг руу хандан цагдаа хувцастай худлаа хэлж залилан хийгээд Говь-Алтай аймагт хүртэл яваад байна гэсэн байсан...” гэх мэдүүлэг. / 1-р хавтаст хэргийн 32-33 дугаар тал/

1.2. Гэрч Д.Г-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Миний бие Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багт нөхөр Г.М-н хамт “****” нэртэй хүнсний дэлгүүрийг 2019 оноос одоог хүртэл ажиллуулж байна. 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 10 цагийн үед намайг дэлгүүртээ сууж байхад цагдаа хувцастай залуу орж ирээд өөрийгөө “...Г гэдэг, би Говь-Алтай аймгийн цагдаад ажилладаг юм удахгүй манай цалин буух гэж байгаа хүүхдээ угаах гэсэн юм та жаахан хүнс зээлээч...” гээд гуйгаад байхаар нь би 0.5 литрийн лаазтай “Сэнгүр” пиво 144.000 төгрөгт, “Бигэр” виски 0.75 литр 1 ширхгийг 45.000 төгрөгт, төмс 12.500 төгрөгт, “Мони” нэртэй чихэр 20.000 төгрөгт, нийт 270.600 төгрөгийн бараа зээлсэн юм. Маргааш нь буюу 05 сарын 31-ний өдөр манай нөхөр Г.М бид хоёрыг байж байхад Г гэх залуу орж ирээд “...одоо яг цалин буух гэж байна...” гээд 1 шил 0.75 литрийн “Бигэр” виски, 2 литрийн “Кола” 1 ширхгийг зээлсэн тухайн мөнгө нь 49.100 төгрөг болсон. Тэгээд 99******** гэх утасны дугаар үлдээгээд тэрнээс хойш одоог хүртэл сураггүй алга болсон. Утас руу нь залгахаар холбогдох боломжгүй байдаг юм. Тэгээд Говь-Алтай аймгийн цагдаа, дотоодын цэрэгт ажилладаг хүмүүсээс асуухад тийм хүн байхгүй гэж хэлсэн. Тийм учраас би цагдаагийн байгууллагад хандах болсон юм ... Манай аймгийн цагдаад шинээр орсон залуу байх гэж бодсон...” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 36-37 дугаар тал/

1.3. Хохирогч Г.М-ээр таньж олуулах ажиллагаа явуулсан 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн “... Г.М-т 1-5 хүртэл дугаарласан 5 хүний гэрэл зургийг үзүүлэхэд 3 дугаараар дугаарласан эрэгтэй хүн мөн байна гэв. 3 дугаартай хүн нь Д овогтой Г байсан болно...” гэх агуулга бүхий мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /1-р хавтаст хэргийн 16-20 дугаар тал/

1.4. Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 33/03-4374 дугаартай “... Д-н Г /ВТ*********/ нь тус газарт ажиллаж байгаагүй бөгөөд одоо ажилладаггүй...” гэх албан бичиг. /1-р хавтаст хэргийн 24 дүгээр тал/

1.5. Ашид Билгүүн ХХК-ний 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн  ТХҮ-921/4097 дугаартай шинжээчийн “Г.М-н Д.Г-д өгсөн гэх бараа бүтээгдэхүүнийг 270,600 (хоёр зуун далан мянга зургаан зуу) төгрөгөөр үнэлсэн” дүгнэлт. /1-р хавтаст хэргийн 45-46 дугаар тал/

1.6. Шүүгдэгч Д.Г-н шүүх хуралдаанд өгсөн “...**** нэртэй хүнсний дэлгүүрээс хүнс зээлэх болсон шалтгаан нь  манай эхнэр 3 дугаар сарын 25-ны өдөр төрөөд хүүхдийн шарлалт гээд бид гурав хотоор эмнэлгээр явж байгаад 5 дугаар сард хүүхдийн угаалгыг хийхээр болсон. Тухайн үед эмнэлгээр яваад би өөрөө тодорхой эрхэлсэн ажилгүй, эхнэр оюутан болохоор мөнгөний хэрэгцээ их байсан. Манай хадмууд ****** сумаас ирж хүүхдийн угаалгад оролцохоор болсон. **** нэртэй хүнсний дэлгүүрээр үйлчлүүлдэг байсан. Тэгээд тийм хувцас өмсөж ороод та жоохон юм зээлээч гэсэн. Тухайн үед хүн цуглаад мөнгө өгөх байх тэгэхээр нь мөнгийг нь өгье гэсэн бодолтой байсан...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/ зэрэг нотлох баримтуудаар,

2. Шүүгдэгч Д.Г нь 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хохирогч  Ш.Г-тэй 3 ширхэг шүдлэн үхрийг 1 бүрийг 500,000 төгрөгөөр худалдахаар тохиролцон 1,500,000 төгрөгийг иргэн Б.Н-н хаан банкны ********** тоот дансаар шилжүүлэн авч, 1,500,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

2.1. Хохирогч Ш.Г-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр манай дүү Ш.А Өмнөговь аймгаас утсаар залгаад “Бууцагаан сумын цагдаа хийдэг хүн, охин шүдлэн 500,000 төгрөгөөр зарна, цагдаа хувцастай хүн байна, Э-н үхэрт байдаг, дүү А-тай ойр байдаг юм, итгэж болох байх, тань руу ярина” гэж хэлээд байж байтал 99******* дугаараас залгаад “...дүүтэй чинь утсаар ярьсан, шүдлэн үхэр зарна гэсэн хүн байна...” гэхээр нь “...шүдлэн үхэр хэдэн төгрөг вэ...” гэхэд “...нэг нь 500,000 төгрөг...” гэж хэлэхээр нь “...3 охин шүдлэн авъя...” гэж хэлэхэд “...танай дүү А-д 2-3 хоногийн дараа өөрийн биеэр авч очоод өгье...” гэж хэлээд над руу дансаа явуулахаар нь эхлээд 1,000,000 төгрөгийг мобайл банкаар, мөн дараагийн 500,000 төгрөгийг мобайл банкаар шилжүүлсэн юм. Тэгээд 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр дахин дүү Ш.А утсаар над руу залгаад нөгөө шүдлэн үхэр зарна гэсэн хүн дахиж 3 шүдлэн зарна гэнэ, та ярьж байгаад мөнгийг нь хийчих гэсэн. Тэгээд шүдлэн үхэр зарна гэсэн хүн над руу 99******* дугаараас та мөнгөө хийх болж байна уу, өнөөдөр хөдөө явах гээд байна гэсэн утгатай зурвас бичээд байхаар нь би тухайн дугаар луу залгаад миний дүү эхний гурван шүдлэнгээ авч очиж өгчихөөд дараагийн 3 шүдлэнгээ авч очиж өгөхөөр нь мөнгийг чинь өгнө. Манай дүүд мөнгө байгаа гэж хэлэхэд эгчээ та надад одоо шилжүүлчих, би одоо хөдөө явах гээд бензин, маслоны мөнгөний хэрэг байна гэж хэлэхээр нь чи бензиний мөнгөгүй байж шүдлэн үхэр зарна гэж худлаа хэлээд байгаа юм байна. Би чамд ерөөсөө мөнгө өгөхгүй, 3 шүдлэнгээ хурдан авч ирж өг, эсвэл мөнгөө авъя гэж хэлэхэд утсаа тасалсан. Түүнээс хойш дахин над руу залгаагүй, намайг залгахаар утсаа авахаа больсон, мөн мессеж бичихээр хариу бичихээ больсон тул цагдаагийн байгууллагад өргөдлөөр хандаж байгаа юм...Би 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 1,500,000 төгрөг шилжүүлсэн. Ямар данс байсныг санахгүй байна, дансны хуулгаа гаргаж өгнө ...Надад бол өөрийгөө танилцуулж, нэрээ хэлээгүй, манай дүү Ш.А-тай фейсбүүкийн мессенжерээр харьцаж танилцсан, Г Г***** гэсэн нэртэй фейсбүүктэй юм шиг байна билээ...Г гэх хүний ээж гэх хүн над руу утсаар залгаад “манай 2 дахь хүү байгаа юм. 2021 оноос хойш залилан хийгээд яваад байгаа, 2021 онд 30 гаран сая төгрөгийн өрийг нь   дарсан, одоо бол дарах юм байхгүй, одоо хаана байгааг мэдэхгүй байна, хамгийн сүүлд Говь-Алтай аймагт байгаа сураг дуулдсан гэж ярьсан юм ... Миний хувьд 1,500,000 төгрөгөө нэхэмжилж байна. Авчихвал гомдол санал нэхэмжлэх зүйл алга...” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 142-144 дүгээр тал/

2.2. Гэрч Ш.А-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... 2022 оны 05 дугаар сарын эхээр санагдаж байна, яг хэдний өдрийг нь мэдэхгүй байна. Манай төрсөн эгч Ш.Г миний дугаар луу залгаад “танай тэр хавьд байдаг хүний хүүхэд танайд 3 шүдлэн үхэр аваачиж өгнө, худалдаж авсан” гэж хэлэхээр нь эгчийг шүдлэн авна гэж байсан, тэрийгээ авсан юм байна гэж бодоод юм асуугаагүй. Тэгээд 5-6 хоногийн дараа санагдаж байна дахин эгч Ш.Г залгаад “өмнөх 3 шүдлэн дээр нэмээд 3-ийг нийт 6 шүдлэн тууж аваачиж өгөх байх, ******** сум дээр явна гэнэ, бензин хиймээр байна, үлдэгдэл 3 шүдлэн үхрийнхээ мөнгийг хиймээр байна” гэж хэлж байна гэхээр нь би “тухайн үхэр өгөх хүнээ надтай яриул, битгий мөнгө өг” гэж хэлсэн. Түүнээс хойш эгч чимээгүй болоод надтай яриагүй. Тэгтэл 05 сарын дунд үеэр эгч Ш.Г “нөгөө шүдлэн өгөх хүн үхрээ аваачиж өгсөн үү” гэж асуухад нь “авчирч ирээгүй” талаар хэлсэн юм...Эгч Ш.Г-т шүдлэн үхэр зарна гэсэн хүн нь манай нэг багийн хүн болох Д гэх хүний хүү байгаа юм. Д.Г гэдэг гэсэн. Хүмүүс Д-н банди л гэж дууддаг. Уулзаж ярилцаж байгаагүй юм, харин аав, ээжийг нь сайн танина ... эгч над руу ярьж асуухаар нь хүмүүсээс асуухад хүнд худлаа ярьж мөнгө авдаг болсон гэж ярьж байсан болохоор эгчид би дахин мөнгө өгч болохгүй гэж хэлсэн юм...” гэх мэдүүлэг./1-р хавтаст хэргийн 154-155 дугаар тал/

2.3. Гэрч Б.Н-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Би 2022 оны 02 сарын үед байр түрээсэлнэ гэсэн зар тавьсан байсны дагуу анх холбогдож байсан. Тэгээд манай 18 дугаар байрны 28 тоотод эхнэрийнхээ хамт анх нэг сарын төлбөр буюу 350,000 төгрөг өгөөд байрандаа орж байсан. Тэгээд манай байранд 4 сар амьдарч байгаад гарсан ... ************ дугаарын данс миний өөрийн данс мөн. 2017 оноос энэ дансыг ашиглаж байна...Тэр үед Г 4 сарын төлбөр нь дутуу, 5 сарын төлбөр огт хийгээгүй байсан юм. Тэгээд өөрөө надтай уулзаад “би картгүй байна, би нутгийнхаа ченжид 3 мал зарсан, тэгээд чиний данс руу хийлгэчихье” гээд миний данс руу нийт 1,500,000 мянган төгрөг орж ирээд би байрны түрээс болох 550,000 төгрөгөө аваад Гончигсумлаа 950,000 төгрөгийг бэлэн аваад явсан...  ” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн  159 дүгээр тал/

2.4. Гэрч Б.Н-н ХААН банкны ********** дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга, түүнд үзлэг хийсэн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн “...2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 19 цаг 21 минутад ************** тоот данснаас “ganaa shudlen” гэх утгатай 1,000,000 төгрөгийн, 19 цаг 23 минутад ********** тоот данснаас “shudlen” гэх утгатай 500,000 төгрөгийн орлого орсон...” гэх агуулга бүхий мөрдөгчийн тэмдэглэл.  /1-р хавтаст хэргийн 112-113 дугаар тал/

2.5. Хохирогч Ш.Г-н ХААН банкны ************ тоот, ************* тоот данснуудын дэлгэргүй хуулганууд /1-р хавтаст хэргийн 119, 121дүгээр тал/

2.6. 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хохирогч Ш.Г-н эзэмшлийн ХААН банкны *********** тоот дансанд үзлэг хийсэн “... 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 19 цаг 23 минутад ************ тоот данс руу shudlen” гэх утгатай 500,000 төгрөгийн зарлага гарсан байна...” гэх, *********** тоот дансанд үзлэг хийсэн “...2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 19 цаг 21 минутад ********** тоот данснаас “ganaa shudlen” гэх утгатай 1,000,000 төгрөгийн зарлага гарсан байна...” гэх агуулга бүхий мөрдөгчийн тэмдэглэлүүд /1-р хавтаст хэргийн 120, 124 дүгээр тал/

2.7. Шүүгдэгч Д.Г-н шүүх хуралдаанд өгсөн “...Говь-Алтай аймагт байхдаа Ш.Г гэдэг хүнээс 1,500,000 төгрөг шилжүүлж авсан. Тухайн үед байр түрээсэлж байсан эхнэр төрсөн байсан учраас 2 сарын төлбөр өгөөгүй байсан. Хүүхэд шарлалттай гээд эмнэлгээр явах шаардлага гараад мөнгө хэрэгтэй болсон. Өөрөө тодорхой эрхэлсэн ажил байхгүй хүүхдээ хардаг. Эхнэр Анагаах ухааны сургуульд оюутан тул хүүхдээ харах ажил хийдэг байсан. Эхнэрийнхээ зав чөлөөгөөр ажил хийдэг байсан. Ш.Г-с 1,500,000 төгрөг шилжүүлж аваад заасан хоногт нь шүдлэн үхрийг нь аваачиж өгнө гэсэн бодолтой байсан...” гэх мэдүүлэг / шүүх хуралдааны тэмдэглэлээс/ зэрэг нотлох баримтуудаар

3. Шүүгдэгч Д.Г нь фейсбүүк олон нийтийн сүлжээнд байршуулсан “шүдлэн үхэр зарна” гэсэн зарын дагуу хохирогч П.Д-тай холбогдон 5 ширхэг шүдлэн үхэр, 1 ширхэг тугалтай үнээ худалдахаар тохиролцон 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 1,140,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 1,660,000 төгрөгийг өөрийн хаан банкны ************ тоот дансаар шилжүүлэн авч, нийт 2,800,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь: 

3.1. Хохирогч П.Д-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Баянхонгор аймгийн *********** сумын нэгдсэн групп гэх фейсбүүк хаягт Г Г****** гэх хаягаас “3 шүдлэн үхэр зарна” гэсэн зар тавиад 88-р эхэлсэн юнителийн дугаар тавьсан байсан... Би тухайн үедээ ярихад “өөрийгөө Д гэж хүн байна, би өөрөө хөдөө байдаг, Э гэх айлд манай үхэр байдаг, мөнгөний хэрэг гараад байна, 1 тооны шүдлэн үхрийг 380,000 төгрөгөөр зарна” гэсэн. Тухайн үед шүдлэн үхэр 380,000-400,000 төгрөгийн хооронд байсан. Тэгээд тэр өдрөө над руу Д овогтой Г гэсэн хүний ********** тоот Хаан банкны дансыг явуулсан. Тэгээд би тухайн үед хотод байсан болохоор өөрийнхөө ************ гэсэн данснаасаа 3 шүдлэн үхрийн мөнгө болох 1.140.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд байж байтал 2021 оны 12 дугаар сарын 24-ний өөр дахин над руу залгаад “эмнэлгээр яваад хүүхдийн хагалгааны зардлын мөнгө хэрэгтэй байна, ахиад 2 шүдлэн, 1 тугалтай үнээ зарчихмаар байна” гэсэн. Тэгэхээр нь би итгээд 2 шүдлэн үхрийг нэг бүрийг нь 380,000 төгрөгөөр төгрөгөөр бодоод тугалтай үнээг нь 900,000 төгрөгөөр бодоод нийт 1,660,000 төгрөгийг мөн өөрийнхөө данснаас *********** данс руу хийсэн. Тэгтэл хотоос ирэхэд чинь үхрийг чинь бөөгнүүлж өгнө гэсэн. Тэгээд би 2022 оны 03 дугаар сарын сүүлчээр хотоос ирээд үхрээ бөөгнүүлж авъя гээд анх холбоо барьсан дугаар цахим хаяг руу нь холбогдох гэхэд болохгүй дугаар нь ашиглалтад байхгүй цахим хаяг руу нь чат бичихээр авахгүй, хариу өгөхгүй байсан ...2022 оны 06 дугаар сарын сүүлээр ирээд шууд Д гуйн гэр байх Ү**** явж очоод “та надтай ярьсан биз дээ үхрээ авъя” гэтэл “би яриагүй манай хүү Г миний нэрийг бариад чамаас мөнгө авсан байна, Говь-Алтай аймагт байгаа гэсэн сураг байсан, ямар дугаартай байгааг мэдэхгүй гэсэн тэгээд би өөрийнхөө дугаарыг үлдээгээд явсан. Тэрнээс хойш ерөөсөө надтай холбогдохгүй байхаар нь шалгуулахаар өргөдөл гаргаж байна...”  гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 151-152 дугаар тал/,

3.2. Шүүгдэгч Д.Г-н эзэмшлийн ХААН банкны ************ тоот дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хавтаст хэргийн 130-135 дугаар тал/

3.3.  Шүүгдэгч Д.Г-н эзэмшлийн ХААН банкны *********** тоот дансанд үзлэг хийсэн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн “... 2021 оны 12 дугаар сарын 19-ний  өдрийн 18 цаг 16 минутад *********** тоот данснаас “3.n shvdlen uher” гэх гүйлгээний утгатай 1,140,000 төгрөгийн, 2021 оны 12  дугаар сарын 24-ний өдрийн 13 цаг 28 минутад ************ тоот данснаас “2.shvdlen ng unee tugaltai” гэх гүйлгээний утгатай 1,660,000 төгрөг орсон байна ...” гэх агуулга бүхий мөрдөгчийн тэмдэглэл. /1-р хавтаст хэргийн 136 дугаар тал/

3.4.  Шүүгдэгч Г.Г-н шүүх хуралдаанд өгсөн “... Миний бие Д-н Г нь дээрх гаргасан 4 удаагийн үйлдэл бүхий 4 иргэнд нийт 7,370,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч уг үйлдэлдээ гэмшиж байна. Уг үйлдлийг гаргах болсон нөхцөл байдал нь иргэн П.Д-д шүдлэн үхэр зарна гэх үед Дотоодын цэрэгт цагдаагийн дэд ахлагч цолтойгоор ажиллаж байсан. 2020 оноос өөрийн эхнэр О-той Говь-Алтай аймагт түр оршин суух хаягтайгаар амьдарч эхэлсэн. Тухайн үед манай эхнэр жирэмсэн байсан. Манай эхнэр төрөлхийн зүрх муутай жижиг биетэй болохоор өөрөөр төрөх боломжгүй эмнэлгийн хяналтад байдаг байсан. Би хотод ажилладаг байж байгаад байнга ирж очдог ажлаас чөлөө авдаг, заримдаа тасалдаг байсан. Нэгэнт эхнэр хүүхэдтэй болж байгаа чинь гээд ажлаас гарах өргөдлөө өгсөн. Ажлаас гарах өргөдлөө өгсөн чинь хувцасны тооцоо гэж гардаг. 1,900,000 төгрөгийн тооцоо гарсан. Тэрийг заавал төлж барагдуулж байж халах зөвшөөрөл өгнө гээд П.Д-с мөнгө аваад үлдсэн мөнгө нь урсгал зардалд зарцуулсан...” гэх мэдүүлэг / шүүх хуралдааны тэмдэглэлээс/ зэрэг нотлох баримтуудаар, 

4. Шүүгдэгч Д.Г 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр нь фейсбүүк олон нийтийн цахим сүлжээний “...сарлаг үхрийн үржүүлэг...” зарын группт А  Б  гэх хаягнаас “...үхэр зарна...” гэсэн хуурамч зар байршуулан түүний дагуу утсаар холбогдсон хохирогч Ц.Д-тэй 10 бяруу, 10 шүдлэн үхэр худалдахаар тохиролцон 3,000,000 төгрөгийн урьдчилгааг Хаан банк дахь ************* тоот дансаар шилжүүлэн авсан болох нь: 

4.1. Хохирогч Ц.Д-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр шиг санагдаж байна. Би фейсбүүк үзэж байсан чинь сарлаг үржүүлэгчдийн групп дээр А  Б  гэсэн хаягаас утасны дугаарыг тавиад үхэр зарна гээд тавьсан байхаар нь би утасных нь дугаараар залгасан... Сарлагийн 10 бяруу, 10 шүдлэн үхэр, тугаллах үнээ 10-ыг зарна. Нийт 30 тооны үхэр зарна гэхээр нь би үхрээ салгаж зарах юм уу гэсэн чинь 10 бяруу 10 шүдлэн үхрийг тусад нь салгаж зарна гэсэн...Та аль аймгийн аль сумд байдаг юм бэ? гэсэн чинь Баянхонгор аймгийн ********* сумд байдаг гэхээр нь манай сумаас хол юм байна, би авахаа болилоо гэж хэлээд утсаа салгасан. Тэгсэн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр нөгөө А Б гэсэн хүн миний дугаар луу залгаад “...ахад нь мөнгөний хэрэг гарчихлаа чи хямдруулаад худалдаад ав...” гэхээр нь за эргээд ярья гээд утсаа салгасан. Тэгээд аав, ээжтэйгээ яриад 10 бяруу, 10 шүдлэн үхрийг нь авахаар болоод  эргэж нөгөө хүн рүүгээ яриад 10 бяруу, 10 шүдлэн үхрийг чинь авъя гэсэн чинь манай эхнэрийн О гэдэг юм, би дансыг нь явууллаа, энэ данс руу малын урьдчилгаа болох 3,000,000 төгрөгийг шилжүүлчих гэсэн. Тэгэхээр нь өөрийнх нь хэлсэн данс руу 3,000,000 төгрөг шилжүүлсэн. Тэрнээс хойш үхэр малаа өгч авалцана гээд утсаар яриад байсан. Тэгээд бараг 5 сараас хойш утас нь холбогдохоо больчихсон. Тэгээд цагдаагийн байгууллагад хандаж байна ... Би өөрийн ************* дугаартай данснаас 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 3,000,000 төгрөг шилжүүлсэн ... над руу утсаар яриад манай эхнэрийг О гэдэг юм. Энэ дансных нь дугаар байгаа юм. Энэ данс руу шилжүүлчих гээд ********** гэсэн дансны дугаар өгөхөөр нь би 3,000,000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг. /2-р хавтаст хэргийн 7-8 дугаар тал/

4.2. Гэрч Х.Ц-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Манай хүү Ц.Д 2022 оны 03 дугаар сард Өмнөговь аймагт уурхай дээр ажиллаж байгаад ирэхдээ би фэйсбүүкээр зар харж байгаад үхэр зарна гээд байна. Би үхэр худалдаж авахаар болсон гэж утсаар ярьсан. Удаа ч үгүй 2 хоногийн дараа манай хүүгийн ажил дуусаад гэртээ ирсэн. Ирээд байж байтал мал зарна гээд байсан хүн нь ярьсан гэсэн. Тэгээд 1 бяруугаа 350,000 төгрөгөөр өгнө гэж байснаа 300.000 төгрөгөөр өгнө гэж байна гэхээр нь миний хүү өөрөө мэдэхгүй юу гэсэн. Манайх угаасаа цөөхөн малтай айл байгаа юм. Тэгсэн нөгөө хүн нь мөнгөний хэрэг болоод байна гэж ярьсаар байгаад урьдчилгаа 3,000,000 төгрөг шилжүүлж авсан ... Манай хүү надад нөгөө Б гэдэг хүн манай эхнэрийг О гэдэг. Энэ данс нь гээд 1 дансны дугаар өгөөд тэр данс руу нь манай хүү 3,000,000 төгрөг шилжүүлсэн гэсэн...” гэх мэдүүлэг. /2-р хавтаст хэргийн 11-12 дугаар тал/

4.3. Хохирогч Ц.Д-н эзэмшлийн ХААН банк дахь ********** тоот дансны “... 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 17 цаг 40 минутад “vher avah hun” гэх утгаар 3,000,000 төгрөгийг *********** тоот дансанд шилжүүлсэн ...” дэлгэрэнгүй хуулга. /2-р хавтаст хэргийн 15 дугаар тал/

4.4. Гэрч Б.О-н эзэмшлийн ХААН банк дахь ********** тоот дансны “... 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 17 цаг 40 минутад ********* тоот  данснаас “vher avah hun” гэх утгаар 3,000,000 төгрөгийн орлого орсон...” дэлгэргүй хуулга. /2-р хавтаст хэргийн 16-18 дугаар тал/

4.5. Гэрч Б.О-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Би 2018 оноос хойш энэ дансыг ашиглаж байна. Энэ миний данс мөн надаас өөр хүн ашигладаггүй. Өнгөрсөн өвөл буюу 2022 оны 02 дугаар сараас хойш миний *********** дугаарын дансны манай нөхөр Д.Г хамт ашиглаж байгаа юм... Би 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр төрсөн юм. Тэгээд мөнгө орсон байна гэх хугацаанд эмнэлэгт хэвтэж байсан болохоор огт мэдэхгүй байна. Тухайн үед намайг эмнэлэгт хэвтэж байхад манай нөхөр Д.Г ашиглаж байсан ...” гэх мэдүүлэг. /2-р хавтаст хэргийн 25-26 дугаар тал/

4.6. Шүүгдэгч Д.Г-н шүүх хуралдаанд өгсөн “...Иргэн Ц.Д-с 3,000,000 төгрөг шилжүүлж авсан шалтгаан нь манай эхнэр 3 дугаар сарын 25-ны өдөр төрсөн. Ц.Д гэдэг хүнээс 3 дугаар сарын 23-ны өдөр мөнгө шилжүүлж авсан. Манай эхнэр өөрөөрөө төрөх боломжгүй хагалгаанд орсон. Тэгээд эмчилгээний зардал гээд хүүхдээ хүлээж авах бэлтгэлээ хангаад тийм маягаар мөнгө нь зарцуулагдсан...” гэх мэдүүлэг / шүүх хуралдааны тэмдэглэлээс/ зэрэг баримтуудаар тус тус хөдөлбөргүй тогтоогдлоо.

Шүүгдэгчийн  дээрх үйлдлүүд нь цагдаагийн байгууллага, албан хаагчийн дүрэмт хувцас ашиглан бусдыг төөрөгдөлд оруулан хуурч мэхлэн хохирогч М-с эд зүйл авсан, түүнчлэн бодит байдал дээр биелэх боломжгүй “...үхэр зарна...” гэх зохиомол нөхцөл байдлыг бий болгон, хариу төлбөр хийхгүйгээр хохирогч Ш.Г, П.Д, Ц.Д нарыг хуурч мэхлэн өөрийн болон бусдын дансаар үхрийн үнэ, урьдчилгаа төлбөрүүдийг авснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  залилах гэмт хэргийн “...хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авах...” шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч Д.Г-г уул гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Тодруулбал “Залилах” гэмт хэрэг нь хохирогчоос буюу эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчөөс тодорхой эд хөрөнгийг залилагч этгээд шилжүүлэн авах зорилгоор тодорхой идэвхтэй үйлдэл хийх буюу хуурамч баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж, сүсэг бишрэлийг далимдуулах, албаны үнэмлэх, хувцас зэргийг ашиглан хохирогч нарт итгэл төрүүлэх зэргээр өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг төрүүлж, улмаар тэдгээр үйлдлийн үр дүнд эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх, мөнгө, валют зэргийг шилжүүлэн авснаар төгсдөг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм. Өөрөөр хэлбэл залилах гэмт хэрэг нь эд хөрөнгийг нь сайн дурын үндсэн дээр шилжүүлэн авч, гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөрийг хийхгүй байх санаа зорилгыг агуулдаг. Шүүгдэгчийн 1 удаагийн үйлдэл нь цагдаагийн албан хаагчийн хувцас /цамц, малгай/ ашиглаж, цагдаагийн байгууллагад ажилладаг хэмээн, 3 удаагийн үйлдэл нь цахим хэрэгсэл ашиглан тодорхой зарын бүлгүүд дээр “үхэр зарна” гэх агуулгаар хуурамч зар байршуулж  хохирогч нарт хуурамч итгэл төрүүлж, эд хөрөнгө авснаараа залилах гэмт хэргийн үндсэн шинжийг хангана гэж шүүх үзсэн болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй болно.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хавтаст хэргийн 81 дүгээр тал/, шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн “.. ****дэлгүүрт Г 269,500(хоёр зуун жаран есөн мянга таван зуу) төгрөгийг дансаар шилжүүлэн хохирлыг барагдуулав. Иймд одоо гомдолгүй...” гэх бичиг, ХААН банкны 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Д-н Г-д 269,000(хоёр зуун жаран есөн мянга таван зуу) төгрөг шилжүүлсэн шилжүүлгийн мэдээллийн баримт,  хохирогч Ш.Г, Ц.Д, П.Д нарын шүүхэд гаргасан хүсэлтүүд /хавтаст хэргийн 121-122, 126 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Шүүгдэгч Д.Г-д  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дахь хэсгүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн хэд, хэдэн удаагийн үйлдлээр залилах гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгч Д.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Г-г тус шүүхийн шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ЦХШЗ/01 дугаартай захирамжаар яллагдагчаар цагдан хоригдсон бөгөөд анхан шатны шүүхийн шүүхийн шүүх хуралдаан болтол нийт 29 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд заасан зохицуулалтад нийцнэ.

Шүүгдэгч Д.Г-н гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.М-т 269,500 (хоёр зуун жаран есөн мянга таван зуу) төгрөгийн, хохирогч Ш.Г-т 1,500,000 (нэг сая таван зуун мянга) төгрөгийн, хохирогч П.Д-д 2,800,000  (хоёр сая найман зуун мянга) төгрөгийн, хохирогч Ц.Д-т 3,000,000 (гурван сая) төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд үүнээс шүүгдэгч нь хохирогч Г.М-т 269,500 (хоёр зуун жаран есөн мянга таван зуу) төгрөгийн хохирол төлсөн болох нь шүүх хуралдаанд гаргаж өгсөн “.. ***** дэлгүүрт Г 269,500(хоёр зуун жаран есөн мянга таван зуу) төгрөгийг дансаар шилжүүлэн хохирлыг барагдуулав. Иймд одоо гомдолгүй...” гэх бичиг, ХААН банкны 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Д-н Г-д 269,000(хоёр зуун жаран есөн мянга таван зуу) төгрөг шилжүүлсэн шилжүүлгийн мэдээллийн баримтаар тогтоогдож байна. Харин хохирогч Ш.Г-т 1,500,000(нэг сая таван зуун мянга) төгрөгийн, хохирогч П.Д-д 2,800,000  (хоёр сая найман зуун мянга) төгрөгийн, хохирогч Ц.Д-т 3,000,000 (гурван сая) төгрөгийн хохирол төлөгдөөгүй байх тул тус бүрийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогч нарт олгохоор шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус тэмдэглэж, шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн 2 (хоёр) хуудас, улсын яллагчийн гаргаж өгсөн 2 хуудас  баримтыг тус тус хэрэгт хавсаргаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Police” гэсэн бичигтэй хар өнгийн ноосон цамц 1(нэг) ширхэг, хар хөх өнгийн саравчтай малгай 1 (нэг) ширхгийг устгуулахаар “Эд мөрийн баримт устгах комисс”-т шилжүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  С  овогтой Д-н Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-г 1 (нэг)  жил 2 (хоёр) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-д оногдуулсан 1 (нэг)  жил 2 (хоёр) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2  дахь хэсгүүдэд зааснаар  шүүгдэгч Д.Г-н цагдан хоригдсон 29 (хорин ес)  хоногийг түүний эдлэх хорих  ялд оруулан тооцсугай

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хорих ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

6. Шүүгдэгч Д.Г-с 2,800,000 (хоёр сая найман зуун мянга) төгрөгийг хохирогч П.Д-д, 1,500,000 (нэг сая таван зуун мянга) төгрөгийг хохирогч Ш.Г-т, 3,000,000 (гурван сая)  төгрөгийг хохирогч Ц.Д-т тус тус гаргуулан олгож, хохирогч Г.М-т 269,500 (хоёр зуун жаран есөн мянга таван зуу) төгрөгийг төлсөн болохыг дурдсугай.

7. Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус тэмдэглэж, шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн 2 (хоёр) хуудас, улсын яллагчийн гаргаж өгсөн 2 хуудас  баримтыг тус тус хэрэгт хавсаргаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Police” гэсэн бичигтэй хар өнгийн ноосон цамц 1(нэг) ширхэг, хар хөх өнгийн саравчтай малгай 1 (нэг) ширхгийг устгуулахаар “Эд мөрийн баримт устгах комисс”-т шилжүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

              ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА