Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 1746

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

      

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,  

Нэхэмжлэгч: ............ тоотод оршин суух, Ю.Ч-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: .............. тоотод оршин суух, А.М-т холбогдох,  

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 73,000,000 /далан гурван сая/ төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд ............... нар оролцов.

                                                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би М-тай 2015 оны 8 сарын 25-нд гэрээ байгуулан 53,0 сая төгрөг зээлүүлж, гэрээний үүргээ биелүүлээгүй тул  2017 оны 11 сарын 13-нд Зээлийн гэрээ дахин байгуулсан боловч 2017.12.13-нд зээл төлөх үүргээ биелүүлээгүй. М одоохон өгнө гэж хуурсаар өдийг хүрсэн, түүнтэй утсаар болон биечлэн уулзахад өнөө, маргаашгүй хүүтэй нь төлнө гэсэн ч өгөөгүй тул гэрээнд заасан 73,0 сая төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Ч-ээс 2015 оны 8 сарын 25-нд 50,0 сая төгрөг зээлж аваад барилгын ажилд хэрэглэсэн ба уг мөнгийг авахдаа 20,0 сая төгрөг нэмж өгнө гэж хэлсэн. Түүнчлэн нэмж 3,0 сая төгрөг аваад нийт 53,0 сая төгрөг авснаас 2015.08.27-нд 10,0 сая төгрөг, 2015.12.15-нд 16,0 сая төгрөг, 2016.04.25-нд 5,0 сая төгрөг /эхнэр Х-д/ бүгд 31,0 сая төгрөг төлсөн, одоо 22,0 сая төгрөг төлөх дутуу байгаа. Өнгөрсөн хугацаанд би өөрөө хорт хавдартай жил гаруй эмнэлгээр явсан ба дараа нь эхнэрээ 2 жил асарч энэ хугацаанд ямар ч орлогогүй, ажилгүй байсан ба өөрийн байгаа гэр хорооллын хашаагаа зарж төлөх гэсэн боловч хүн авахгүй байсаар өдий хүрсэн. Би энэ хашаагаа зарж Ч-д 22,0 сая төгрөг төлнө, харин амласан 20,0 сая төгрөгийг өгч чадахгүй болоод байгаа, санхүүгийн хувьд маш хүнд байгааг харгалзан үзнэ үү  гэжээ.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Ю.Ч нь А.М-т холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 73,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэж, хариуцагч нь үлдэгдэл 22,000,000 төгрөгийг төлнө, зээлээс 31,000,000 төгрөг төлсөн, 20,0 сая төгрөгийг өгч чадахгүй гэж гэж маргалаа.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 50,000,000 төгрөгийг 45 хоногийн хугацаатай, 8 хувийн хүүтэйгээр, 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 3,000,000 төгрөг тус тус зээлдүүлсэн, энэ талаар талууд маргахгүй байна.

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасан зарчимд нийцсэн, талууд хүсэл зоригоо илэрхийлэн, гэрээ хүчин төгөлдөр болжээ. 

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 282 дугаар зүйлийн 282.1-д Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэж заасан байна.

 

Зээлдэгч Ю.Ч нь зээлдэгч А.М-т зээлийг шилжүүлэх үүргээ бүрэн биелүүлсэн, хариуцагч нь мөнгийг аваагүй талаар маргаагүй, зээлийг тохирсон хугацаанд хүүгийн хамт буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буруутай байх тул нэхэмжлэгч нь зээлийг буцаан шаардах эрхтэй байна.

 

Дээрх хэлцлийн дагуу хариуцагч нь нэхэмжлэгчид 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Тодорхойлолт баримтыг өгсөн байх бөгөөд уг баримтад 8 хувийн хүүтэй төлөхөөр бичсэнийг талууд зээлийн хүүтэй төлөхөөр тохиролцож, зээлийн гэрээг бичгээр байгуулсан гэж үзэх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийнэ гэж заасанд нийцсэн байна.

 

Иймд хариуцагчийн зээлээс 16,000,000 төгрөгийг буцаан төлсөн талаархи тайлбар няцаагдаж байна. Учир нь 50,000,000 төгрөгийн 8 хувийн 1 сарын хүү нь 4,000,000 төгрөг болох бөгөөд 2015 оны 8 дугаар сараас хойш 4 сарын хугацааны хүү 16,000,000 төгрөг байх тул хариуцагчийн 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 16,000,000 төгрөг төлснийг хүүний төлбөрт төлсөн гэж үзэхээр байна.

 

Хариуцагчийн нэхэмжлэгчид 2017.11.01-ний өдөр гаргаж өгсөн Баталгаа баримт дээр тухайн өдрийн байдлаар зээлийг эргүүлэн төлж чадахгүй талаар тайлбарласан байх тул нэхэмжлэгчийн хариуцагчаас 2015.08.27-ны өдөр авсан 10,000,000 төгрөгийг өмнөх өөр хэлцлээр авсан гэж, 2016.04.25-ны өдөр нэхэмжлэгчийн эхнэрийн дансанд хариуцагчаас шилжүүлсэн 5,000,000 төгрөгийг тухайн хугацааны хүүнд авсан гэж тус тус тайлбарласныг шүүх хүлээн авах үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч нь 2015-2017 онд зээлийг нэхэж байсан, хариуцагч нь хүүтэй төлөхийг хүлээн зөвшөөрч хүүтэйгээр зээлийг төлөхөөр баталгаа баримт бичиж өгсөн байх тул өмнөх зээлийн гэрээг тухайн нөхцөл, хугацаагаар сунгагдсан гэж үзнэ.

Зохигч дээрх баталгаа баримтаар үндсэн зээл 53,000,000 төгрөгт 20,000,000 төгрөгийн хүүний төлбөрт тооцон төлөхөөр тохиролцож, 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр гэрээ байгуулсан байна.

 

Зохигчийн хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.7 дахь заалтаар “зээлдэгч нь зээлийг эргүүлэн төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,2 хувиар алданги тооцохоор тохиролцсон байгаа боловч алданги тооцохгүйгээр 73,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсон талаар нэхэмжлэгч тайлбарлалаа.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагчаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 73,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 522,950 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 522,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан А.М-аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 73,000,000 /далан гурван сая/ төгрөг гаргуулан Ю.Ч-д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс хураамжид төлсөн 522,950 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 522,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ж.ЭРДЭНЭЧИМЭГ