| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ш.Гандансүрэн |
| Хэргийн индекс | 180/2022/0267/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/227 |
| Огноо | 2022-12-20 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Н |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 2022/ШЦТ/227
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2022/0267/Э
Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,
улсын яллагч Б.Н,
хохирогч М.М,
шүүгдэгч Ч.Ч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х овгийн Ч-ын Ч-т холбогдох эрүүгийн 2239000000414 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Ч.Ч нь 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 3 дугаар баг Аваргын 16 айлын орон сууцны 4-13 тоотод байрлах гэртээ хохирогч М.М-ын гар утсыг гуйж аван түүний эзэмшлийн Хаан банкны интернэт банканд нэвтэрч нууц үгийг өөрчлөн, улмаар мөн өдөр 3.500.000 төгрөгийн цалингийн зээл авч, 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар Б.Алтантуяагийн эзэмшлийн 5956092295 дугаарын дансанд 3.465.000 төгрөгийг шилжүүлж хулгайлсан гэмт хэрэгт,
2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 3 дугаар баг Аваргын 16 айлын орон сууцны 4-13 тоотод байрлах гэртээ хохирогч М.М-ын гар утсыг гуйж аван түүний эзэмшлийн Хаан банкны интернэт банканд нэвтэрч нууц үгийг өөрчлөн 3.500.000 төгрөгийн цалингийн зээл авч хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж өөрийн эзэмшлийн 5700791679 дугаарын дансанд 3.465.000 төгрөгийг шилжүүлэн нийт 7.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт
Хохирогч М.М:
...Ч 2.500.000 төгрөгийг төлсөн одоогоор үлдэгдэл 4.500.000 төгрөгийг нэхэмжилж байна... гэж,
Шүүгдэгч Ч.Ч:
...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэж тус тус мэдүүлжээ.
Үйл баримтын талаар:
Эрүүгийн 2239000000414 дугаартай гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж, авсан нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Шүүгдэгч Ч.Ч нь 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 3 дугаар баг Аваргын 16 айлын орон сууцны 4-13 тоотод байрлах гэртээ хохирогч М.М-ын гар утсыг гуйж аван түүний эзэмшлийн Хаан банкны интернэт банканд нэвтэрч нууц үгийг өөрчлөн, улмаар мөн өдөр 3.500.000 төгрөгийн цалингийн зээл авч, 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар Б.Алтантуяагийн эзэмшлийн 5956092295 дугаарын дансанд 3.465.000 төгрөгийг шилжүүлж хулгайлсан,
2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 3 дугаар баг Аваргын 16 айлын орон сууцны 4-13 тоотод байрлах гэртээ хохирогч М.М-ын гар утсыг гуйж аван түүний эзэмшлийн Хаан банкны интернэт банканд нэвтэрч нууц үгийг өөрчлөн 3.500.000 төгрөгийн цалингийн зээл авч хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж өөрийн эзэмшлийн 5700791679 дугаарын дансанд 3.465.000 төгрөгийг шилжүүлэн нийт 7.000.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь
гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 8 дугаар хуудас/,
яллагдагч Ч.Ч-ийн 251100143314 дугаартай Төрийн банк, 5700791675 дугаартай Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11-15 дугаар хуудас/,
хохирогч М.М-ын 5098134490 дугаартай Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 27-29 дүгээр хуудас/,
гэрч Б.Алтантуяагийн 5956092295 дугаартай Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 17-25 дугаар хуудас/,
хохирогч М.М-ын ...ойролцоогоор 22 цагийн орчимд Ч миний гар утсыг гуйгаад би нөхөртэйгөө утсаар яриад өгье гээд байхаар нь би гар тусаа Ч-т өгсөн юм. Ч тухайн үед миний гар утсыг гуйж аваад жижиг өрөөндөө утсаар ярингаа гэрийнхээ юмыг янзалж байсан бөгөөд 30 орчим минутын дараа миний утсыг надад буцааж өгсөн. Ингээд би тухайн өдөр Ч-ийн гэрт нь хоносон. Ингээд маргааш нь буюу 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр ажил дээрээ ирээд байж байтал Ч өглөө 10 цагийн орчимд миний дахин миний гар утсыг нөхөртэйгөө яриад өгье гэж хэлээд авсан бөгөөд 20 орчим минутын дараа надад миний гар утсыг өөрөө авчирч өгсөн. Ингээд түүнээс хойш 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр ажил дээрээ юм будаад байж байтал дахин 16 цагийн орчим над дээр хүрч ирээд нөхөртэйгөө ярих гэсэн юм гар утсаа өгч бай гээд гуйж авсан. Ингээд тухайн үед миний гар утсыг гуйж аваад 20-30 минутын дараа надад авчирч өгсөн. Ингээд тухайн өдөр ажил тараад явсан юм. Үүнээс хойш 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр миний цалингийн зээлийг банк татаж авахгүй байсан учраас би интернэт банкаараа орж шалгаж үзтэл миний дансаар цалингийн зээл 3.500.000 төгрөгийн үнийн дүнтэйгээр 2 удаагийн үйлдлээр 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр, дараагийнхыг нь 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр гэсэн өдрүүдэд 2 удаа зээл авч нийт 7.000.000 төгрөгийн үнийн дүнтэй цалингийн зээл интернэт банкаар хандаж авсан байсныг би мэдсэн. Өмнө нь миний цалингийн зээл сар болгоны 25-ны өдөр банк татаж 351.000 төгрөг авдаг байсан учраас би банк зээлийн мөнгөө татахгүй байсан учраас дансаа шалгаж байж мэдсэн. Ер нь миний цалингийн зээл 200.000 төгрөг төлөөд бүр дуусаж байсан юм. Ингээд би өөрөө цалингийн зээл аваагүй учраас цагдаад хандаж өргөдөл гаргасан. ...Тухайн өдрүүдэд миний гар утсыг Ч-ээс өөр хэн нэгэн хүн надаас гуйж хэрэглэсэн зүйл байхгүй. ...Миний интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгээ хэлж байсан удаа байхгүй. Тийм учраас миний банкны нууц ү, нэвтрэх нэрийг мэдэхгүй... /хх-ийн 33-35 дугаар хуудас/,
...Ч нь надад 7.000.000 төгрөгийн хохирол учруулсан ба энэ хохирлоосоо Ч нь одоогийн байдлаар 2.500.000 төгрөгийг нь төлөөд байгаа, үлдэгдэл 4.500.000 төгрөгийг нь бол төлөөгүй. ...Нэхэмжлэх зүйл гэвэл би үлдэгдэл 4.500.000 төгрөгөө Ч-ээс нэхэмжилж байна... /хх-ийн 38 дугаар хуудас/,
гэрч Б.Алтантуяагийн ...миний эзэмшлийн 5956092295 дугаарын тоот дансанд 2022 оны 08 дугаар сарын 31-ний өглөө 10 цагийн орчим цагийн үед байх цагийн нь сайн санахгүй байна, миний арван жилийн ангийн найз Ч утсаар яриад Хаан банкны дансны дугаараа өгөөч мөнгө данс руу нь хийчихье буцаагаад миний данс руу явуулаад өгөөч гэж гуйгаад миний данс руу 3.465.000 төгрөгийг хийсэн байсан. Ингээд би удалгүй Ч-ийн хэлсэн Төрийн банкны 251100143314 дугаарын тоот дансанд буцаагаад 3.465.000 төгрөгийг шилжүүлэн өгсөн. ...Ч 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр миний дансанд мөнгө хийхдээ найзаа найздаа дансаа өгч байгаач мөнгө хийчихье, буцаагаад миний данс руу мөнгөн хийхдээ зээл гээд утгатай хийгээд өгөөрэй найз нь зээлээ төлөх гэсэн юм миний зээл төлөх мөнгө байгаа юм гэж надад хэлсэн. ...Миний 5956092295 тоот дугаарын дансанд 2022 оны 08 дугаар сарын 31-ний өглөө 10 цагийн орчимд 5103045698 гэсэн тоот данснаас гүйлгээний утга дээрээ “mmmm” гэсэн утгатай шилжүүлсэн байсан бөгөөд би буцаагаад 251100143314 тоот дансанд нь гүйлгээний утга дээрээ “zeel” гэж бичээд шилжүүлсэн... /хх-н 47-48 дугаар хуудас/,
гэрч Ч.Соёл-Эрдэнийн ...манай банкны харилцагч хаанаас ч хамаагүй буюу амралтын өдөр байсан ч интернэт банзаар зээл авах боломжтой. Хугацаа нь харин тухайн харилцагчаас шалтгаалах буюу бусад банканд зээл байхгүй бол тэр дороо харилцагчийн утсанд мэдээлэл ирээд цалингийн зээлээ авах боломжтой. Интернэт банкаар зээл авахад 1 хувийн зээл олголтын шимтгэл суутгаж авдаг. ...Манай банк 3.500.000 төгрөгийн зээл олголт хийхэд 1 хувь буюу 35.000 төгрөгийг зээлийн шимтгэл суутгаж авдаг /хх-ийн 51-52 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ...прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд... шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт
Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Б.Н:
...Шүүгдэгч Ч.Ч нь Ч.Ч нь 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 3 дугаар баг Аваргын 16 айлын орон сууцны 4-13 тоотод байрлах гэртээ хохирогч М.М-ын гар утсыг гуйж аван түүний эзэмшлийн Хаан банкны интернэт банканд нэвтэрч нууц үгийг өөрчлөн, улмаар мөн өдөр 3.500.000 төгрөгийн цалингийн зээл авч, 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар Б.Алтантуяагийн эзэмшлийн 5956092295 дугаарын дансанд 3.465.000 төгрөгийг шилжүүлж хулгайлсан,
2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 3 дугаар баг Аваргын 16 айлын орон сууцны 4-13 тоотод байрлах гэртээ хохирогч М.М-ын гар утсыг гуйж аван түүний эзэмшлийн Хаан банкны интернэт банканд нэвтэрч нууц үгийг өөрчлөн 3.500.000 төгрөгийн цалингийн зээл авч хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж өөрийн эзэмшлийн 5700791679 дугаарын дансанд 3.465.000 төгрөгийг шилжүүлэн нийт 7.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн байна...
...Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт үйлдсэн болох нь тогтоогдож байх тул гэм буруутайд тооцуулах саналтай байна... гэсэн дүгнэлтийг,
Хохирогч М.М:
...хэлэх зүйл байхгүй... гэсэн мэдүүлгийг,
Шүүгдэгч Ч.Ч:
...би хохирлоо барагдуулна. Намайг ганцхан удаа уучлаач. Би жирэмсэн хоёр нялх хүүхэдтэйгээ гурвуулхнаа амьдардаг... гэсэн мэдүүлгийг тус тус гаргасан.
Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд гаргасан улсын яллагчийн шүүгдэгч Ч.Ч-ийн гэм буруутайд тооцох тухай дүгнэлтийн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийг шүүгдэгч хүлээн зөвшөөрч байгаа талаараа мэдүүлдэг.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ч.Ч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, эд зүйл хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байна.
Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч Ч.Ч нь дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг...” гэж,
Тэгвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана.” гэж,
2 дахь хэсэгт “Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно.” гэж тус тус хуульчилсан байна.
Хуулийн ойлголтоос харахад энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан нийгэмд аюултай гэм буруутай /гэмт/ үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхээр байна.
Үүнээс үзэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан гэмт хэргүүд гэдэг нь хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг гэж,
мөн тусгай ангид заасан тохиолдолд нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг материаллаг шинжтэй гэмт хэрэг гэж тус тус ойлгохоор заасан.
Шүүгдэгч Ч.Ч-ийн холбогдсон тухайн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн Арван долоо дугаар бүлэгт заасан “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд энэ бүлэгт заасан гэмт хэргүүдэд хүний өмчлөх эрхийн халдашгүй байх эрхийг хуулиар хамгаалж өгсөн бөгөөд тухайн эрх нь зөрчигдсөн, хохирол, хор уршиг учирсан үйл баримт болгоныг гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилж өгсөн.
“Өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэргүүд нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг гэмт этгээд хэрхэн хохирогчоос шилжүүлэн өөрт олж авч байгаагаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах бусад гэмт хэргүүд болж ялгагддаг.
“Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар авч байгаа идэвхитэй гэмт үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх ба гэмт үйлдэл нь гадаад хэлбэрээрээ зан үйл, бие эрхтнүүдийн харилцан үйлдэл, хөдөлгөөн бөгөөд тодорхой зорилго, үр дүнд чиглэсэн идэвхитэй үйл ажиллагаа юм.
Гэмт эс үйлдэхүй нь бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар авч өөрийн үзэмжээр захиран зарцуулж, хууль бусаар ашиг орлого олох гэсэн шунахай сэдэлт, зорилготой байдаг.
Мөн “Хулгайлах” гэмт хэргийн “Өмчлөх эрхийн эсрэг” бусад гэмт хэргүүдээс ялгагдах нэг онцлог нь хулгайлагдсан эд зүйлс нь хулгайлагдах үед өмчлөгч, эзэмшигч болон төр, хувийн хэвшлийн байгууллага, тэдгээрийн эд хариуцагч хүмүүс, албан тушаалтны мэдэл, өмчлөл, эзэмшилд байх бөгөөд гэмт этгээд түүнтэй харьцах хууль ёсны эрх үүрэггүй учир нууц далд аргаар авч өөрийн эзэмшил болгодгийг дурдах нь зүйтэй.
“Хулгайлах” гэмт хэрэг нь “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” гэсэн үндсэн болон “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрсэн”, “түүх, соёл, шинжлэх ухаан, техник, технологийн хөгжилд чухал ач холбогдолтойд тооцож тусгайлан хамгаалсан эд зүйлс хулгайлсан”, “ноцтой хохирол учруулж, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлсан”, “учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн” гэсэн хүндрүүлэх, “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, зохион байгуулалттай гэм бүлэг үйлдсэн бол” гэсэн онц хүндрүүлэх шинжүүдийг хангасан байхаар хуульчилсан.
Үүнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” гэсэн гэмт хэрэг нь гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээнээс дээш буюу 300.001 /гурван зуун мянга нэг/ төгрөг, түүнээс дээш хохирол, хор уршиг учирсан гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан нийгэмд аюултай гэм буруутай гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсан материаллаг шинжтэй гэмт хэрэг бөгөөд дээрх хохирол, хор уршиг учирснаараа төгссөн гэмт хэрэг юм.
Эрүүгийн 2239000000414 дугаартай хэрэгт авагдсан энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчөөгүй, шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас дүгнэхэд
Шүүгдэгч Ч.Ч иргэн М.М-ын гар утсыг гуйж аван түүний эзэмшлийн Хаан банкны интернэт банканд нэвтэрч нууц үгийг өөрчлөн, улмаар мөн өдөр 3.500.000 төгрөгийн цалингийн зээл авч, 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Б.Алтантуяагийн эзэмшлийн 5956092295 дугаарын дансанд 3.465.000 төгрөгийг шилжүүлж хулгайлсан,
2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 3 дугаар баг Аваргын 16 айлын орон сууцны 4-13 тоотод байрлах гэртээ хохирогч М.М-ын гар утсыг гуйж аван түүний эзэмшлийн Хаан банкны интернэт банканд нэвтэрч нууц үгийг өөрчлөн 3.500.000 төгрөгийн цалингийн зээл авч хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж өөрийн эзэмшлийн 5700791679 дугаарын дансанд 3.465.000 төгрөгийг шилжүүлэн нийт 7.000.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч буй гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан “бага хэмжээний хохирол”-с дээш буюу хохирогч М.М-д 7.000.000 /долоон сая/ төгрөгийн хохирол, хор уршиг учруулсан нь хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байх тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ч.Ч нь 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр болон 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр тус тус хохирогч М.М-ын Хаан банкны интернэт банкны данс руу нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нийт 7.000.000 /долоон сая/ төгрөгийг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасны дагуу үргэлжилсэн нэг гэмт хэрэг болохыг дурдах нь зүйтэй.
Тэрээр шүүгдэгчийн бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигч болон бусад этгээдэд ямар нэгэн байдлаар хүч хэрэглэхгүйгээр, нууцаар болон бусдад мэдэгдэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, өөрийн эзэмшилд оруулж, өөрийн үзэмжээр захиран зарцуулж, ашиг олох зорилготой энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, 7.000.000 /долоон сая/ төгрөгийн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд тухайн шүүгдэгчийн гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогчид учирсан гэмт хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Ч.Ч-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Ч.Ч-ийн санаатай гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.М-ын эд хөрөнгөд 7.000.000 /долоон сая/ төгрөгийн хохирол, хор уршиг учирсан байна.
Хохирогч М.М-д шүүгдэгч Ч.Ч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоос 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг төлсөн болох нь хохирогч М.М-ын өгсөн мэдүүлэг, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлгээр тогтоогдож байх ба хохирогч М.М нь үлдэгдэл 4.500.000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгийг нэхэмжилдэг ба шүүгдэгч Ч.Ч нь ойрын хугацаанд бүрэн төлөхөө шүүх хуралдааны хэлэлцүүлэгт илэрхийлдэг.
Иймд шүүгдэгч Ч.Ч энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх 4.500.000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгийн төлбөртэй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэл:
Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Б.Н:
...Эрүүгийн хуулийн ерөнхий 6.5., 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгч Ч.Ч-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг нээлттэй байгууллагад эдлүүлэх саналтай байна... гэсэн дүгнэлтийг,
Хохирогч М.М:
...заавал хорихгүйгээр хохирол барагдуулж болох уу. Оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгөөч гэсэн саналтай байна... гэсэн тайлбарыг,
Шүүгдэгч Ч.Ч:
...Би жирэмсэн, хоёр нялх хүүхэдтэйгээ гурвуулхнаа амьдардаг. Нөхөр маань ажиллагаагаар гадагшаа явсан. Манай хоёр хүүхдийг харах хүн байхгүй. Би хохирлоо төлнө. Би хоригдмооргүй байна... гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд гаргасан улсын яллагчийн ...шүүгдэгч Ч.Ч-т 2 /хоёр/ жилийн хорих ял оногдуулах” дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн. Тодруулбал:
Шүүгдэгч Ч.Ч-т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэлийг оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1- заасан “...анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг...”, хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба, мөн хуулийн 7.6 дугаар 1 дэх хэсэгт зааснаар “Шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүн, жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно...” гэж тус тус зааснаар шүүгдэгч Ч.Ч-ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, үйлдсэн гэмт хэргийн гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүйг, түүний хувийн байдал болон 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 2020 оны 07 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хоёр бага насны хүүхэдтэй зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ял оногдуулж, тус хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Ингээд шүүгдэгч Ч.Ч-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж,
оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхийг,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэж заасныг баримтлан 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж,
мөн хуулийн 7.6 дугаар зүйлийн 2., 3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Ч.Ч-т хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэхийг,
мөн шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд шүүгдэгч Ч.Ч санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулахын тус тус мэдэгдэж, шийдвэрлэлээ.
Бусад асуудлын талаар
Эрүүгийн 2239000000414 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ч.Ч энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус дурдаж байгаа болно.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10, 36.13.,
37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус
заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овгийн Ч-ын Ч-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “үргэлжилсэн нэг удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х овгийн Ч-ын Ч-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3., 4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Х овгийн Ч-ын Ч-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Х овгийн Ч-ын Ч-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 2., 3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Х овгийн Ч-ын Ч-т хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэхийг,
мөн шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулахын тус тус мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Х овгийн Ч-ын Ч-ээс 4.500.000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулан, хохирогч Б овгийн М-ын М-д олгосугай.
7. Эрүүгийн 2239000000414 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Х овгийн Ч-ын Ч энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
8. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Х овгийн Ч-ын Ч-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
9. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
11. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Х овгийн Ч-ын Ч-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН