Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 2023/ШЦТ/08

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

                                                                                       Хэргийн индекс: 180/2022/0264/Э

 

Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,

улсын яллагч Б.Н,

шүүгдэгч Б, түүний өмгөөлөгч Б.Төгсбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанаар,

 

Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б-д холбогдох эрүүгийн 2239004150422 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

                                      

                                       Холбогдсон хэргийн талаар:

                                       /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 06-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Т тоотод байрлах Ж.Энхжаргалын гэрт хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Э-тэй маргалдаж улмаар толгойн уруул орчимд өшиглөн зодож түүний эрүүл мэндэд доод уруулын баруун хажуу хэсгийн зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт

Шүүгдэгч Б:

...өшиглөснөө санахгүй байна. Гэхдээ өшиглөж гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна... гэсэн хүсэлтийг тус тус гаргасан.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 2239004150422 дугаартай хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

Шүүгдэгч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 06-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Т тоотод байрлах Ж.Энхжаргалын гэрт хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Э-тэй маргалдаж улмаар толгойн уруул орчимд өшиглөн зодож түүний эрүүл мэндэд доод уруулын баруун хажуу хэсгийн зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах

гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/,

шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 659 дугаартай  ...Э-гийн биед доод уруулын баруун хажуу хэсгийн зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... ...Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой... гэх дүгнэлт /хх-ийн 38-39 дүгээр хуудас/,

хохирогч Э-гийн ...Баки  гэх залуу гэрээс гарч яваад эргэж орж ирэхдээ намайг орон дээр сууж байхад гэнэт миний нүүр рүү нэг удаа гуталтай хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд миний амнаас цус гараад байхаар нь би үүдэнд байсан хувинд цусаа гойжуулж арчаад тэндээ амарсан. ...тэр Б буюу Баки гэж дуудаад байсан залуу нь миний нүүр рүү нэг удаа өшиглөсөн. Тэгээд миний амнаас цус гараад байсан. ...Үгүй ээ би урууландаа гурван оёдол тавиулсан. ...би болсон асуудлын талаар бол санаж байгаа сая үнэн зөв мэдүүлэг өгсөн. Согтолтын хувьд бол уусан бол уусан байсан. Тэр залуу гэнэт л үгийн зөрөөгүй миний нүүр рүү өшиглөсөн. Тэгээд амнаас нь цус гарч байсан... /хх-ийн 13-15 дугаар хуудас/,

гэрч Ж.Энхжаргалын ...2022 оны 10 дугаар сарын 06-ны үүрээр 05 цагийн орчимд гэртээ орж ирэхэд миний хоёр хүүхэд унтаж байсан. Харин манай угаадасны хувин болон шал маань цус болчихсон байхаар нь гэрээ цэвэрлэж, цусыг нь арилгаж дуусаад 07 цагийн үед хоёр хүүхдээсээ юу болсон талаар асуухад миний бага хүү юу ч мэдэхгүй байсан. Харин том хүү А.Хүслэн маань надад хэлэхдээ “Хэрлэнхүү ах, Хэрлэнтуул, Баки ах, Э ах нар намайг унтаж байгаад сэрсэн чинь нэг шил архи ууж байсан юм. Тэгээд тэд нар орж, гарч маргалдаж байгаад Баки ах Э ахыг хүнд зодуулж байхад өмөөрдөггүй юм уу гэж уурлаад Э ахыг сууж байхад нь эрүү хэсэгт нь өшиглөсөн” гэж надад ярьж байсан... /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

насанд хүрээгүй гэрч А.Хүслэнгийн ...Харин Баки Б нь буцаж орж ирээд Э ахыг чи намайг хүнд зодуулж байхад өмөөрсөнгүй гэж уурлаад байсан. Тэгж байгаад л Баки Б гарч явахынхаа өмнө Э ахыг орон дээр хойшоо хараад доошоо тонгойгоод сууж байхад нь нэг удаа эрүү хэсэгт нь өшиглөөд манайхаас гарч яваад эргэж ирээгүй. Харин Э ах үхлээ эмнэлэг дуудаарай гэж хэлээд эрүүнээс нь цус гараад байх шиг байсан. ...Э ах төмпөн тосоод цусаа гоожуулаад л утсаараа нэг хүн рүү яриад байсан... /хх-ийн 20-22 дугаар хуудас/,

гэрч Д.Хэрлэнтуулын ...Эрдэнэхүү ах бид хоёр шилтэй архи дуусаагүй байхад нь гараад явчихсан юм. Харин тэр Казах залуу дээлтэй хоёр Энхжаргал эгчийн гэрт үлдсэн. Өөрөөр бид нар тэнд маргалдаж, муудалцсан асуудал байхгүй. Түр хугацаанд нэг шил архи уугаад л гарсан... /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

яллагдагч Бын ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолтой танилцлаа. Би прокурорын яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...би уурандаа Э гээд залуугийн нүүр рүү өөрийнхөө гуталтай хөлөөр нэг удаа өшиглөсөн нь үнэн. Би сүүлд цуг архи уусан болон надад өшиглүүлсэн хүмүүсийн нэрийг мэдсэн. Тэгээд би тэр Э гээд залуугийн биед өшиглөж гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байгаа... /хх-ийн 80-81 дүгээр хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна. 

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ...прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд... шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт

Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч Б.Н:

...Шүүгдэгч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 06-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Т тоотод байрлах Ж.Энхжаргалын гэрт хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Э-тэй маргалдаж улмаар толгойн уруул орчимд өшиглөн зодож түүний эрүүл мэндэд доод уруулын баруун хажуу хэсгийн зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь ...хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна...  гэсэн дүгнэлтийг,

 

Хохирогч Э:

...Гэм буруутай гэж үзэж байна. ...1.000.000 төгрөг нэхэмжилж байна... гэсэн мэдүүлгийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Төгсбаяр:

...Гэм буруугийн асуудлаар маргахгүй. Хүлээн зөвшөөрч байна. ...Бусдад төлөх төлбөргүй гэж үзэж өгнө үү... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Б:

...хэлэх үг байхгүй... гэсэн мэдүүлгийг тус тус гаргасан.

 

Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн шүүгдэгч Быг гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй ба түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.

 

Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч Б дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлдэг.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...”,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг...”,

 

Тэгвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана.” гэж тус тус хуульчилсан байна.

 

Хуулийн ойлголтоос энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан нийгэмд аюултай гэм буруутай /гэмт/ үйлдэл, эс үйлдэхүйг, мөн /гэмт/ үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхээр байна.

 

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй хийснийг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг гэж,

мөн нийгэмд аюултай гэм буруутай гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг материаллаг шинжтэй гэмт хэрэг гэж тус тус ойлгоно.

 

Шүүгдэгч Бын холбогдсон тухайн гэмт хэрэг нь энэ хуулийн тусгай ангийн Арван нэгдүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд энэ бүлэгт заасан гэмт хэргүүд хүний эрүүл мэндийн халдашгүй байх эрхийг хуулиар хамгаалж өгсөн ба тухайн эрх нь зөрчигдсөн, хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилж өгсөн.

 

Мөн “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргүүд нь хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр, хөнгөн гэмтлийг буюу хохирол, хор уршгийг санаатай, болгоомжгүй, эсхүл санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж учруулж байгаагаараа зүйлчлэлийн хувьд өөр хоорондоо ялгаатай ба Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бусад гэмт хэргүүд болон Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан “Хүний биед халдах” зөрчлийн хэргээс тус тус ялгагддаг.

 

Түүнээс гадна “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн бусад гэмт хэргүүдээс ялгагдах нэг онцлог нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу хорин найман хоног, түүнээс доош хугацаагаар түр сарниулсан, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт бага хэмжээгээр буюу 5-10 хувийн тогтонги алдагдсан байхаар журамлагдсаныг дурдах нь зүйтэй.

 

Тус гэмт хэрэг нь хүний бие махбодид түлхэх, чирэх, мушгих, хазах, өшиглөх, цохих, алгадах, дарах, чимхэх, хазах, үсдэх, базах, шахах, боох зэрэг хүч хэрэглэн халдаж буй гэмт үйлдлээр илрэх ба тухайн дээрх гэмт үйлдлүүдийн улмаас хөнгөн хохирол буюу хүний эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу хорин найман хоног, түүнээс доош хугацаагаар түр сарниулсан, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт бага хэмжээгээр буюу 5-10 хувийн тогтонги алдагдсан хөнгөн гэмтэл учруулсан гадаад хэлбэрээрээ бие эрхтний үйлдэл, хөдөлгөөн, зан үйлийн тодорхой зорилго, үр дүнд чиглэсэн идэвхтэй үйл ажиллагаа юм.

 

Гэмт эс үйлдэхүй нь хүний бие махбодид хүч хэрэглэн халдаж байгаа гэмт үйлдлийн улмаас гэмтэл бэртэл тодруулбал хөнгөн хохирол, хор уршиг учрахыг мэдэж байгаа боловч уг гэмт үйлдлээ хүсэж хийсэн, гэмтэл бэртэл буюу хөнгөн хохирол, хор уршигт зориуд хүргэх гэсэн сэдэлт, зорилготой, санаатай хэлбэрээр илэрч байдаг.

 

“Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэсэн үндсэн, “онц харгис хэрцгийгээр”, “олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар”, “захиалгаар”, “өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор”, “өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор”, “хоёр, түүнээс олон хүнийг”, “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд, жирэмсэн болохыг мэдсээр байж”, “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж”, “эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотны хүнийг”, “зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн зохион байгуулалттай гэмт үйл ажиллагааныхаа явцад”, “бүлэглэж”, “эрүүдэн шүүж”, “цус, эд, эрхтнийг авах зорилгоор”, “үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэсэн хүндрүүлэх шинжүүдийг хангасан бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.

 

Үүнтэй холбоотойгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь нийгэмд аюултай гэм буруутай гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу хорин найман хоног, түүнээс бага хугацаагаар түр сарниулсан, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт бага хэмжээгээр буюу 5-10 хувийн тогтонги алдагдсан байхаар журамлагдсан хөнгөн хохирол, хор уршиг учирсан бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан бөгөөд материаллаг шинжтэй, хөнгөн гэмтэл учирсан бол төгссөн гэмт хэрэг юм.

 

Гэхдээ хохирол, хор уршиг учруулсан үйлдэл, эс үйлдэхүй болгон гэмт хэрэгт тооцогдохгүй.

Учир нь нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь учраагүй бол Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж, зодсон бол” гэсэн зөрчлийн хэрэг болно.

 

Шүүгдэгч Бын иргэн Э-гийн толгойн уруул орчимд өшиглөн зодож буй гэмт үйлдлээрээ ямар нэгэн гэмтэл бэртэл учрахыг мэдсээр байж шидсэн гэмт үйлдлийн улмаас хохирогч Э-гийн биед доод уруулын баруун хажуу хэсгийн зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.

 

Тэрээр хохирогч Э-гийн биед хүч хэрэглэн халдаж өшиглөн зодож буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, энэ гэмт үйлдлийн улмаас хохирогч Э-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан хохирол, хор уршигт зориуд сэдэлт, зорилготой хүргэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд тухайн гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хохирол, хор уршиг:

Шүүгдэгч Бын гэм буруутай санаатай үйлдлийн улмаас хохирогч Э-гийн биед доод уруулын баруун хажуу хэсгийн зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол учирсан байна.

 

Хохирогч Э нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Баас 1.000.000 төгрөгийг нэхэмжилсэн боловч мөрдөн байцаалтын шатанд болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирол, төлбөр нэхэмжилсэн баримтыг бүрдүүлж шүүхэд ирүүлээгүй байх тул хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Быг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна гэж шүүх үзлээ.

Харин хохирогч Эг эмчилгээний зардалтай холбоотой 1.000.000 төгрөгийн баримтаа, мөн цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа тус тус бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар Иргэний шүүхээр жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдааны Эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч Б.Н:

...Шүүгдэгч Бад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6., 6.7 дугаар зүйлд заасан хүндрүүлэх болох хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Иймд шүүгдэгч Быг үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна... гэсэн дүгнэлтийг,

 

Хохирогч Э:

...хэлэх зүйл байхгүй... гэсэн мэдүүлгийг,

  

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Төгсбаяр:

...Улсын яллагчийн долоон зуун хорин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг дөрвөн зуун цаг болгож багасгаж өгнө үү... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Б:

   ...хэлэх үг байхгүй... гэсэн мэдүүлгийг тус тус гаргасан болно.

 

Эрүүгийн хариуцлагын буюу ял шийтгэлийн дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн гаргаж байгаа шүүгдэгч Бад ...долоон зуун хорин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах тухай... дүгнэлтийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч...нийтэд тустай ажил хийлгэх ялыг дөрвөн зуун цаг болгож багасгах... тухай илэрхийлж талууд мэтгэлцдэг.

 

Шүүх улсын яллагчийн ял шийтгэлийн талаарх дүгнэлтийг хүлээн авахаас татгалзаж, шүүгдэгч Бын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, анхнаасаа мөрдөн байцаалтын шатнаас гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзан үзэх зүйтэй гэж үзлээ.

 

Учир нь шүүгдэгч Бын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан, мөн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэлийг оногдуулах нь Эрүүгийн хариуцлагын зорилго, хүрэх үр дүнд нийцнэ гэж үзсэн.

 

Иймд шүүгдэгч Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун наян цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, 

шүүхээс оногдуулсан дөрвөн зуун наян цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар Хэнтий аймгийн Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газарт эдлүүлэхээр тогтоож,

шүүгдэгч Бад дөрвөн зуун наян цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж тус тус шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

 

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн 2239004150422 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийн  36.1., 36.2., 36.4 дүгээр зүйлийн 2., 36.6.,

36.7., 36.8., 36.10, 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн

1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Б-ыг дөрвөн зуун наян цагийн нийтэд тустай ажил хийлгэх  ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б-д шүүхээс оногдуулсан дөрвөн зуун наян цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөр наймаас дээшгүй цагаар, Хэнтий аймгийн Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газарт эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан дөрвөн зуун наян цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.    

 

5. Эрүүгийн 2239004150422 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, шүүгдэгчээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.ГАНДАНСҮРЭН