Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 2019/ДШМ/18

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Эрдэнэбилэг даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд     

                                                        Прокурор Д.Алимаа /онлайнаар/

                                                        Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Болд /онлайнаар/

                                                        Иргэний нэхэмжлэгч Г.О

                                                        Нарийн бичгийн дарга Г.Мөнх-Ундрал нарыг оролцуулан

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалангийн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 2019/ШЦТ/22 дугаар шийтгэх тогтоолд иргэний нэхэмжлэгч Г.Одончимэгийн гаргасан давж заалдах гомдлоор О.Б-д холбогдох эрүүгийн 1827000260004 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Энхмаагийн  илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадваргүй, Монгол овгийн О.Б

О.Б нь 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө бэлэн мөнгөний машин /ATM/-ыг гараараа болон чулуугаар цохиж хууль бусаар гэмтээсний улмаас ХААН банкинд                1.956.330 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлжээ. 

Анхан шатны шүүх, Монгол овгийн О.Б-г сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй үедээ бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээж 1.956.330 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн тусгай ангийн 497 дугаар зүйлийн 497.1, 503 дугаар зүйлийн 503.3 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч Г.О 5.421.200 төгрөг нэхэмжилснээс 3.364.870 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, иргэний хариуцагч А.А-с 1.956.330 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Г.О-т олгохоор,  шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 37 минутын бичлэг бүхий CD 1 ширхэгийг хэрэг хадгалагдах хүртэл хугацаанд хэрэгт хавсаргах, чулуу 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Б-д авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Иргэний нэхэмжлэгч Г.О гаргасан давж заалдах гомдолдоо:  ...О.Б  нь 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган-Орхон баг Эрдэнэзуугийн гудамжинд байрлах Хаан банкны Хархорин тооцооны төвийн гадна байсан бэлэн мөнгөний машин /ATM/-ыг гараараа болон чулуугаар цохиж хууль бусаар гэмтээсний улмаас Хаан банкинд 5.421.200 төгрөгийн хохирол учруулж уг хэрэгт байгууллагыг төлөөлж Г.О миний бие иргэний нэхэмжлэгчээр оролцсон. Хохирогч байгууллагын хувьд уг АТМ буюу бэлэн мөнгөний машины засварыг АТМ сервис Монголиа ХХК-иас бүх АТМ болон эд ангийг нь худалдан авч, засвар үйлчилгээгээ хийлгэдэг бөгөөд О.Б-н гэм буруутай үйлдлийн улмаас уг АТМ-ыг засварлуулахад дэлгэцийг 564.200 төгрөгөөр, гараар утга оруулдаг товчлуурыг 4.857.000 төгрөгөөр худалдан авч засвар үйлчилгээгээ хийлгэж нийт 5.421.200 төгрөгийн бодит хохирол учруулсан бөгөөд эдгээр төлбөртэй холбоотой баримтыг мөрдөн шалгах ажиллагааны шатанд мөрдөгчид гаргаж өгч хэрэгт хавсаргасан. Гэтэл анхан шатны шүүх хэрэгт авагдсан “Вендо” ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн №ӨХ18-62 дугаартай тайлангаар 1.956.330 төгрөгийн үнэлгээ гаргасан байх тул мэргэжлийн байгууллагын гаргасан үнэлгээгээр бодит гарсан хохирлыг тооцож, иргэний хариуцагч А.А-с 1.956.330 төгрөгийг гаргуулж олгохоор шийдвэрлэсэн нь хохирогч, иргэний нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн  тул энэхүү гомдлыг гаргаж болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “....шүүх иргэний нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж, түүний хэмжээний тухай асуудлыг иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлж болно” гэж заажээ. Анхан шатны шүүхээс хохирогч, иргэний нэхэмжлэгчээс гаргаж өгсөн төлбөрийн баримтад үнэлэлт дүгнэлт хийлгүйгээр зөвхөн үнэлгээний компанийн буруу үнэлсэн тайланг үндэслэж бодит учирсан хохирлыг буруу шийдвэрлэсэн байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж хохирогч, иргэний нэхэмжлэгчийн бусад зардлаа жич иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэжээ.

Прокурор Д.Алимаа давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан иргэний нэхэмжлэгч Г.Од-н гомдлыг хүлээн авч танилцлаа.  О.Б нь уг гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогддог боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй” нөхцөл тогтоогдсон. Хөрөнгийн үнэлгээ гаргах тухай тусгай зөвшөөрөл бүхий “Вендо” ХХК нь уг гэмт хэргийн улмаас Хархорин сум дахь Хаан банкны тооцооны төвд учирсан хохирлыг зах зээлийн ханшаар 1.956.330 төгрөгөөр үнэлж тогтоосоныг анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд заасан нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шүүхээс иргэний хариуцагч А.Анхцэцэгээс 1.956.330 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй юм. Хаан банк нь О.Б-ийн үйлдлийн улмаас гэмтсэн АТМ-ыг эвдэрсэн сэлбэгийг худалдан авч, засвар үйлчилгээ хийлгэхэд нийтдээ 5.421.200 төгрөгийг зарцуулж, уг АТМ буюу бэлэн мөнгөний машиныг хэвийн ажиллагаатай болгосон гэх боловч Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК нь нийтдээ 1.956.330 төгрөгөөр үнэлгээг гаргахдаа эвдэрсэн сэлбэгийг худалдан авч, засвар үйлчилгээ хийлгэхэд шаардагдах бүх хохирлыг тооцсон, одоо уг АТМ буюу бэлэн мөнгөний машин нь хэвийн ажиллагаатай байгаа тул иргэний нэхэмжлэгчийн гомдолд дурдсанаар “бусад зардал”-ыг гаргуулахаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд иргэний нэхэмжлэгч Г.О-с гаргасан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байх тул Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 2019/ШЦТ/22 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Прокурор Д.Алимаагийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний нэхэмжлэгчийн гомдолдоо дурдсан цаашид гарах зардал буюу бусад зардал гэсэн зардлыг нэхэмжлэхээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь буруу юм. Уг гэмт хэргийн улмаас гарсан нийт зардлыг “Вендо” ХХК нь үнэлэхдээ 1956330 төгрөгт нийт зардал багтана гэж дүгнэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгч О.Б-д холбогдох эрүүгийн хэрэгт гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд зааснаар хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал тогтоогдож байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэх үндэслэлтэй юм гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх хавтас хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлаж “Вендо” ХХК-ийн хохирлын үнэлгээнд үндэслэж хохирлын асуудлыг шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 2019/ШЦТ/22 дугаартай шийтгэх тогтоол үндэслэлтэй учраас хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

Иргэний нэхэмжлэгч Г.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Мөрдөн байцаагч мөрдөн шалгах ажиллагаанд шинжээчийн дүгнэлтийг танилцуулахдаа шүүхээс танай хохирлыг жич нэхэмжлэх эрхийг зааж шийдвэрлэнэ дахин шинжээч томилох шаардлагагүй гэж хэлсэн. Тэгэхээр нь үнэлгээнд гомдол гаргаагүй. Бидний хувьд бодит хохирол болох 5421200 төгрөг учирсан бөгөөд уг баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Гэтэл шүүх зөвхөн шинжээчийн дүгнэлтийг үндэслэж хохирлыг шийдвэрлэсэн боловч үлдэх хохирлыг нэхэмжлэх эрхийг хаасан тул уг эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, иргэний нэхэмжлэгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Осорын Батсүх нь 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган-Орхон баг Эрдэнэзуугийн гудамжинд байрлах Хаан банкны Хархорин тооцооны төвийн гадна байсан бэлэн мөнгөний машин /ATM/-ыг гараараа болон чулуугаар цохиж гэмтээсний улмаас ХААН банкинд                1.956.330 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан болох нь мөрдөн байцаалтад өгсөн иргэний нэхэмжлэгч Г.О /хх-ийн 42-49 хуу/, гэрч Т.Н /хх-ийн 52 хуу/ нарын мэдүүлгүүд болон шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 204 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 66-70 хуу/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх-ийн 1-2 хуу/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 18 хуу/, эд мөрийн баримтаар хураагдсан чулуу, 37 секунд бүхий камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /хх-ийн 33-34, 37, 39 хуу/, хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн тайлан /хх-ийн 75-81 хуу/ зэрэг хэрэгт авагдсан анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т заасан хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах, өмгөөлөх талыг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийн тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах хэрэг хянан шийдвэрлэх хэмжээ хязгаарын хүрээнд шүүгдэгч О.Б-г хэрэг хариуцах чадваргүй үедээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүхээс О.Б-г нь 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 22-нд шилжих шөнө гэмт хэрэг үйлдсэн боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий болжээ. Иргэний нэхэмжлэгч Г.О нь Хаан банкинд бодитоор учирсан хохирол болох 5421200 төгрөгийг гаргуулах, хохирлоо жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэсэн давж заалдах гомдлыг гаргажээ. Хавтас хэрэгт авагдсан баримт болон бусад нотлох баримтыг үндэслээд мэргэжлийн тусгай зөвшөөрөл бүхий “Вендо” ХХК нь уг гэмт хэргийн улмаас 1956330 төгрөгийн хохирол Хаан банкинд учирсан гэх үнэлгээг гаргасан, мэргэжлийн байгууллагын үнэлгээгээр хохирлыг олгохоор тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй байх тул гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Харин шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгчийг гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг утга найруулгын хувьд буруу тусгасан, Хаан банкинд хохирол учирсан байхад иргэний нэхэмжлэгч Г.О-т олгохоор шийдвэрлэсэн нь буруу байна. Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 2019/ШЦТ/22 дугаар шийтгэх тогтоолд зохих заалтад өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1.5-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 2019/ШЦТ/22 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

                 1 дэх заалтыг бүхэлд нь “Шүүгдэгч О.Б-г сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй үедээ бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж;

                  3 дахь заалтын “иргэний нэхэмжлэгч Г.О-т” гэснийг “Хаан банкинд” гэж тус тус өөрчлөн, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

  1. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон  гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс  хойш 30 хоногийн дотор Монгол улсын Дээд шүүхэд хяналтын шатны журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.