Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2021/0719

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ч.Э

Хариуцагч: МУСС

Нэхэмжлэлийн шаардлага: “Монгол Улсын Сангийн сайдын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн ***дугаартай шийдвэрийн холбогдох хэсгийг буюу “... зохих актыг дахин гаргаж захиргааны байгууллагыг хохиролгүй болгохыг даалгаж" шийдвэрлэсэн хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Батаа,  нэхэмжлэгч Ч.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, Т.Энар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “... Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн ***тоот, 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн ***тоот актуудыг хүчингүй болгуулахаар Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 07 дугаар сарын 22-ны 311 дүгээр тогтоолоор “...Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн "Төсвийн хөрөнгийг төлүүлэх тухай" ***тоот актыг хүчингүй болгож, Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн ***тоот актыг 3 сарын хугацаатай түдгэлзүүлж, дахин шинэ акт гаргахыг Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны улсын ахлах байцаагчид даалгаж шийдвэрлэсэн.

Шүүхээс даалгасны дагуу Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны улсын ахлах байцаагчид 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн төсвийн хөрөнгийг төлүүлэх тухай" *** дугаартай актыг гаргаж 104.840 ***8 төгрөгийн төлбөр ногдуулсныг эс зөвшөөрч Монгол Улсын Сангийн сайдад гомдол гаргасан.

Монгол Улсын Сангийн сайд гомдлын дагуу хяналт хийж актыг алдаатай ... "..шүүхийн шийдвэртэй зөрчилдөж байна..." захиргааны байгууллагын хохиролд тооцогдох тул буруутай албан тушаалтнаас гаргуулах нь зүйтэй..." гэх үндэслэлүүдээр Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны улсын ахлах байцаагчдын ***дугаартай актыг хүчингүй болгож, зохих актыг дахин гаргаж захиргааны байгууллагыг хохиролгүй болгохыг даалгаж шийдвэрлэсэн тухай Монгол Улсын Сангийн сайдын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн ***дугаартай шийдвэрийг ирүүлж, хувийг Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт аудитын албанд хүргүүлжээ.

Сангийн яам нь Захиргааны ерөнхий хуулийн 5.1 дүгээр зүйлийн 5.1.1-т заасан захиргааны байгууллага бөгөөд хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-т заасан захиргааны актаар хамаарах Сангийн сайдын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн ***дугаартай шийдвэрийн зарим заалт нь хууль зөрчсөн, миний эрх ашгийг хөндөж болзошгүй тул холбогдох заалтыг хүчингүй болгуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт аудитын албанаас аймгийн Засаг даргын Тамгын газрын  2018 оноос 2019 оны санхүүгийн үйл ажиллагаанд 2018 оны 9 дүгээр сараас эхлэн хэд хэдэн удаа хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчилд улсын байцаагчийн хэд хэдэн акт гаргасан байдаг.

Тухайлбал 2018 онд хяналт шалгалт хийж 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн ***тоот актаар надад 41.3 сая төгрөгийн төлбөр ногдуулсан ба энэхүү акт алдаатай байсныг тогтоож, актын алдааг залруулан шийдвэрлэснээр одоо би 39.553.308 төгрөгийн төлбөрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлж барагдуулж байна. Мөн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 21 тоот, 2010 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн *** тоот удирдамжаар Аймгийн Засаг даргын Тамгын газрын 2010 оны санхүүгийн үйл ажиллагаанд дахин хяналт шалгалт хийсэн байдаг.

 Зөвхөн надад хамааруулан 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн "Төсвийн хөрөнгийг төлүүлэх тухай” ***тоот, 2010 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн төсвийн хөрөнгийг төлүүлэх тухай" ***тоот, 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн “төсвийн хөрөнгийг төлүүлэх тухай" ***тоот актуудыг гаргасан бөгөөд шүүхээс 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн "Төсвийн хөрөнгийг төлүүлэх тухай" ***тоот актын төлбөрийг төлүүлэхээр тогтоож, 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн “төсвийн хөрөнгийг төлүүлэх тухай" ***тоот актыг хүчингүй болгон, 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн төсвийн хөрөнгийг төлүүлэх тухай" ***тоот акт алдаатай, зөрүүтэй тул дахин гаргахыг даалгаж шийдвэрлэсэн.

 Шүүхийн шийдвэрийг үндэслэн Санхүүгийн хяналт, аудитын албанаас дахин 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн *** тоот удирдамжаар хяналт шалгалт хийж 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн *** тоот акт гаргасан нь мөн л алдаатай, зөрүүтэй нь тогтоогдож, Сангийн сайдын шийдвэрээр хүчингүй болгосон.

Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч нар хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчлийг зөв тогтоох, тогтоосон актын тоо баримтын үндэслэл, төлбөрийг нотлох үүрэгтэй хэдий ч нэг л асуудлыг удаа дараа шалгаж илэрсэн зөрчилд төлбөрийн акт тавихдаа шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөрөөс зөрүүтэй, алдаатай акт гаргаад байгаа нь шат шатны шүүхийн шийдвэр болон Сангийн сайдын шийдвэрээр тогтоогдсоор байхад дахин акт гаргуулахаар даалгаж байгаа нь "зөвхөн Ч.Э төлбөрийг хариуцуулах гэсэн төрийн байгууллагуудын иргэний эсрэг дарангуйллын шинжтэй, тодорхой зорилготой үйл ажиллагаа гэж үзэж байна.

Санхүүгийн хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагчийн хяналт шалгалтын үйл ажиллагаандаа гол мөрдлөг болгодог Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Дотоод аудитын дүрэм зэрэг эрх зүйн актаар "улсын ахлах байцаагчийн акт зөрчилтэй бол хүчингүй болгох эрх олгосноос бус зөрчилтэй актыг дахин гаргахыг даалгах” эрх олгогдоогүй байна. Ийнхүү хуулиар олгогдоогүй эрх эдэлж "актыг дахин гаргахыг даалгаснаар хүчингүй болсон актын үйлчлэл хууль бусаар сэргээгдэж, миний эрх ашиг зөрчигдөж болзошгүй нөхцөл үүсээд байна.

Иймд Монгол Улсын Сангийн сайдын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн ***дугаартай шийдвэрийн ..."зохих актыг дахин гаргаж захиргааны байгууллагыг хохиролгүй болгохыг даалгаж" шийдвэрлэсэн хэсгийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

 Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

1. Улсын Дээд шүүх Ч.Э төлбөр ногдуулах ёсгүй гэж шийдвэрлээгүй бөгөөд улсын ахлах байцаагчийн хяналт шалгалтын ажиллагаа хуульд нийцсэн тухай:  Иргэн Ч.Э  нь Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар 2017 оны 2 дугаар сарын 6-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл ажиллах хугацаандаа 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн *** тоот тушаалаар нэр бүхий 8 албан хаагчдыг ажлаас халсан нь үндэслэлгүй болох нь хожим шүүхийн шийдвэрээр тогтоогдож, тэдгээр ажилтнуудад ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд Засаг даргын Тамгын газрын тэтгэмж, урамшууллын зардлаас олгосон байдаг.

Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт “Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.4-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ” гэж, 103.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 103.1-д заасан гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх үүргийг тухайн захиргааны байгууллагын дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж хариуцна” гэж, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт “Төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учирсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ" гэж заасныг үндэслэн тус аймгийн Санхүү хяналтын албанаас дээр дурдсан нэр бүхий албан хаагчид ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 2017 оны 2 дугаар сарын 06-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртлэх хугацаанд Засаг даргын Тамгын газрын тэтгэмж урамшууллын зардлаас 105.8 сая төгрөг зарцуулсныг нөхөн төлүүлэх тухай 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн ***дугаартай, 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн ***дугаартай актуудыг тус тус гаргасан байдаг.

Дээр дурдсан актуудыг Ч.Э  эс зөвшөөрч шүүхэд хандсан ба тус маргаан Монгол Улсын Дээд шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 311 дугаартай тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1, 103.2, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50, 1, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.11-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.Э  нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн “Төсвийн хөрөнгө төлүүлэх тухай" ***тоот актыг хүчингүй болгож, Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Төсвийн хөрөнгө төлүүлэх ***тоот  актыг 3 сарын хугацаатай түдгэлзүүлсүгэй.”

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 3 сарын хугацаанд захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргахгүй бол Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн “Төсвийн хөрөнгө төлүүлэх тухай” ***тоот акт хүчингүй болохыг мэдэгдэж” шийдвэрлэгдсэн байдаг.

Дээр дурдсан Улсын Дээд шүүхийн шийдвэр нь Ч.Э ногдуулсан актыг бүхэлд нь үндэслэлгүй гэж үзээгүй бөгөөд “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн” гэдэг үндэслэлээр захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 2019 оны ***дугаартай актыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн юм.

Иймд Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанаас хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд актыг дахин гаргасан нь заавал тодорхой нэг этгээдийг өр төлбөрт унагахын тулд захиргааны байгууллагаас дахин дахин хяналт шалгалт хийгээд байгаа үйлдэл биш бөгөөд Улсын Дээд шүүхээс Ч.Э  огт төлбөрийн үүрэг хүлээх ёсгүй гэж шийдвэрлэсэн зүйл байхгүй юм.

Хоёр. Сангийн яамны шийдвэр хуульд нийцсэн тухай

Дээр дурдсан Улсын Дээд шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд багтаан Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах/ байцаагч Д.О, Б.Ч нарын тогтоосон "Төсвийн хөрөнгийг нөхөн төлүүлэх тухай” 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн *** дугаартай актыг гаргасан ба тус акттай холбогдуулан нэхэмжлэгчээс 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн огноотой гомдлыг Сангийн сайд бөгөөд Санхүүгийн хяналт, шалгалтын улсын ерөнхий байцаагчид ирүүлсэн.

Сангийн сайд нэхэмжлэгийн гомдлын дагуу улсын байцаагчийн *** дугаартай актыг хянан үзэж, 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн ***дугаартай албан бичгээр шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэр нь харин ч нэхэмжлэгчийн ашиг сонирхолд нийцсэн, эрх зүйн байдлыг дээрдүүлсэн шийдвэр гэж үзэж байна.

Тухайлбал, улсын ахлах байцаагчийн *** дугаартай актыг тогтоохдоо нэр бүхий 8 иргэнд ажил олгогчоос төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг нийт олговол зохих цалингийн зардлаас өмнөх олгосон тэтгэмжийн зардлыг хассан дүнгээр тооцоход нийт 1,359.5 мянган төгрөг, А.Ч, Б.М нарт өргөдлөөр олгосон 1,745.9 төгрөг, Хууль зүйн хэлтсийн дарга О.О чөлөөлөгдсөнтэй холбогдуулан нэмж тооцсон 4,112.2 мянган төгрөг, нийт 8, 263.5 мянган төгрөгийг хасаж, Д.Уд 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 8,036.5 төгрөг төлөхөөс тус аймгийн Засаг даргын Тамгын газрын төсвөөс нөхөн олговорт олгосон 7,470.0 мянган төгрөг төлснийг Ч.Э гаргуулахаар нэмж тооцсон нь Улсын Дээд шүүхийн тогтоолын хянавал хэсэгт ажилтныг хууль бусаар халсан буруутай албан тушаалтны хариуцах төлбөрийн хэмжээ нь түүний албан үүргээ гүйцэтгэж байх хамаарах хохирол байх ёстой гэж дурдсантай зөрчилдөж байсан. Иймд Сангийн сайдын шийдвэрийн дагуу Ч.Э 2020 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс хойш хугацаанд хамаарах төлбөрийг хасуулах үр дагавартай шийдвэрийг гаргасан.

Хэрвээ дээрх байдлаар төлбөрийн дүнг хасах үйлдлийг тухайн хяналт шалгалтыг явуулсан улсын байцаагч гүйцэтгэх боломжтой ба Сангийн сайдын албан бичиг нь "зохих актыг дахиж гаргана” гэдэг үндэслэлээр *** дугаартай актыг хүчингүй болгож шийдвэрлэж байгаа ба нэгэнт хууль бусаар төрийн албан хаагчийг ажлаас халж, улмаар байгууллагад хохирол учруулсан албан тушаалтныг хариуцлагаас чөлөөлөхөөр хүчингүй болгож” шийдвэрлээгүй юм. Иймд нэхэмжлэгч нь албан бичгийн "даалгах” хэсэгтэй маргах бол түүнд ногдуулсан актыг "хүчингүй болгосон” хэсэгтэй ч мөн маргаж байна гэж үзэхээс аргагүй нөхцөл байдлыг үүсгэж байна.

Өөрөөр хэлбэл, Сангийн сайдын 2020 оны ***дугаартай албан бичгийн “Иймд Санхүүгийн хяналт, аудитын албаны санхүүгийн хяналтын улсын байцаагчдын *** тоот актыг хүчингүй болгож, зохих актыг дахин гаргаж захиргааны байгууллагыг хохиролгүй болгохыг даалгаж шийдвэрлэлээ” гэсэн хэсэг нь хамтдаа нэг шийдвэрийг бүрдүүлж байгаа ба хэсэгчлэн зөвхөн “даалгах” гэх хэсгийг авч үзэх боломжгүй юм.

Түүнчлэн энэхүү “даалгах" хэсгийн дагуу гарах актаар зөвхөн Ч.Э төлбөр ногдуулах асуудлыг шийдвэрлэхгүй ба түүнийг ажлаас чөлөөлөгдсөний дараа Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг гүйцэтгэсэн албан тушаалтнуудад ч мөн адил төлбөр ногдуулах эсэх асуудлыг шийдвэрлэх үр дагавартай тул дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

 

ҮНДЭСЛЭЛ:

Нэхэмжлэгч Ч.Э  нь “Монгол Улсын Сангийн сайдын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн ***дугаартай шийдвэрийн холбогдох хэсгийг буюу “... зохих актыг дахин гаргаж захиргааны байгууллагыг хохиролгүй болгохыг даалгаж" шийдвэрлэсэн хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба уг нэхэмжлэгчийн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Монгол Улсын Сангийн сайдын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн “Иргэний гомдлыг хянасан тухай” ***дугаартай  албан бичгээр  “Улсын дээд 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 311 дүгээр тогтоолын ХЯНАВАЛ хэсгийн 22-т “Нэхэмжлэгчийн хувьд 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын  газрын даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн байхад ... актаар төлбөр тогтоохдоо энэхүү нөхцөл байдлыг харгалзахгүйгээр түүнийг чөлөөлөгдсөнөөс хойш хугацааны ажилд томилоогүйтэй холбоотой нөхөн олговрын хохирлыг нэхэмжлэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй,” гэж шүүхээс үндэслэл болгожээ. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу шинээр тогтоосон 2020 оны ***  дугаартай актад Ч.Э  албан үүргээсээ чөлөөлөгдсөн хамаарах хохирлыг гаргуулахаар тогтоосон  байгаа нь шүүхийн шийдвэртэй зөрчилдөж байна.

Дээр дурдсан Улсын Дээд шүүхийн 311 дүгээр тогтоолын ХЯНАВАЛ хэсгийн ***-т У.Бгийн оронд томилогдсон Хууль зүйн хэлтсийн дарга О.О чөлөөлөгдсөний дараагаар тус албан тушаалд хүн томилогдоогүй хугацаанд  гарсан хэмнэлтийг буруутай албан тушаалтнаас гаргуулах хөрөнгөөс хасч тооцох эсэхийг судалж  үзэх тухай дурдсан боловч энэ нь шүүхээс заавал тухайн мөнгөн хөрөнгийг актын дүнгээс хасч тооцохоор шийдвэрлэсэн биш байна. Учир нь О.О ажлаас чөлөөлөгдөж, тухайн орон тоонд огт хүн ажиллаагүй байхад У.Бд тухайн орон тоонд ажилласан мэт цалин хөлсийг нөхөн олгосон нь захиргааны байгууллагын хохиролд тооцогдох тул буруутай албан тушаалтнаас гаргуулах нь зүйтэй байна”  гэж шийдвэрлэсэн байна.

Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д “Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ.” гэж заасан байна.

Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ.” гэж хуульчилсан байна.

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолоор батлагдсан Дотоод аудитын дүрмийн 4.5-д “Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь Санхүүгийн хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагч байх бөгөөд Санхүүгийн хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагчийн эрхийг Засгийн газрын шийдвэрээр олгоно.” 4.6-д “Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч, ахлах байцаагчийн эрхийг Санхүүгийн хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагчийн шийдвэрээр олгоно” гэж заасан байна.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12-т “Улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч энэ хуулийн 10.9-д заасан нийтлэг бүрэн эрхээс гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 10.12.2-т “аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хууль бусаар олсон орлого, эд хөрөнгийг акт үйлдэж улсын орлого болгох, түүнчлэн бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх;”, 10.12.6-д “улсын байцаагчийн үйл ажиллагаа болон хяналт шалгалттай холбогдуулан гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх.” гэж тус тус заасан байна.

Сангийн сайд буюу улсын ерөнхий байцаагч нь 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн ***тоот албан бичгийг Ч.Э  ирүүлсэн гомдлын дагуу, уг гомдлыг хянан шийдвэрлээд гаргасан байна.

Дээрх үйл баримт, хуулийн зохицуулалтуудаас үзэхэд хариуцагч Сангийн сайд буюу Санхүүгийн хяналт, шалгалтын улсын ерөнхий байцаагч нь Захиргааны байгууллага, албан тушаалтны бусдад учруулсан хохирлыг төлүүлэх асуудлыг шийдвэрлэх болон улсын байцаагчийн хяналт шалгалттай холбогдуулан гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх хуулиар олгогдсон  бүрэн эрхийн  хүрээнд  2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн ***тоот албан бичгийг гаргасан байна.

Сангийн сайдын 2020 оны ***тоот албан бичигт “... Улсын дээд 2020 оны ... 311 дүгээр тогтоолын ХЯНАВАЛ хэсгийн 22-т “Нэхэмжлэгчийн хувьд 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын  газрын даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн байхад ... актаар төлбөр тогтоохдоо энэхүү нөхцөл байдлыг харгалзахгүйгээр түүнийг чөлөөлөгдсөнөөс хойш хугацааны ажилд томилоогүйтэй холбоотой нөхөн олговрын хохирлыг нэхэмжлэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй” гэж шүүхээс үндэслэл болгожээ. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу шинээр тогтоосон *** дугаартай актад Ч.Э  албан үүргээс чөлөөлөгдсөн хугацаанд хамаарах хохирлыг гаргуулахаар тогтоосон байгаа нь шүүхийн шийдвэртэй зөрчилдөж байна” гэсэн байх ба үүнээс үзэхэд тус албан бичгийн энэ хэсэг нь нэхэмжлэгчид эерэг үр дагаврыг үүсгэхээр байна.

Иймд Сангийн сайдын 2020 оны ***тоот албан бичгийн дээрх хэсэг нь нэхэмжлэгчид эерэг үр дагаврыг үүсгэхээр байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн “... Сангийн сайдын 2020 оны ***тоот албан бичиг нь харин ч нэхэмжлэгчийн ашиг сонирхолд нийцсэн, эрх зүйн байдлыг дээрдүүлсэн шийдвэр гэж үзэж байна.” гэсэн агуулгаар  тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй байна.

Маргаан бүхий захиргааны акт болох Сангийн сайдын 2020 оны ***тоот албан бичигт “Улсын Дээд шүүхийн 311 дүгээр тогтоолын ХЯНАВАЛ хэсгийн ***-т  У.Бгийн оронд томилогдсон Хууль зүйн хэлтсийн дарга О.О чөлөөлөгдсөний дараагаар тус албан тушаалд хүн томилогдоогүй хугацаанд  гарсан хэмнэлтийг буруутай албан тушаалтнаас гаргуулах хөрөнгөөс хасч тооцох эсэхийг судалж  үзэх тухай дурдсан боловч энэ нь шүүхээс заавал тухайн мөнгөн хөрөнгийг актын дүнгээс хасч тооцохоор шийдвэрлэсэн биш байна. Учир нь О.О ажлаас чөлөөлөгдөж, тухайн орон тоонд огт хүн ажиллаагүй байхад У.Бд тухайн орон тоонд ажилласан мэт цалин хөлсийг нөхөн олгосон нь захиргааны байгууллагын хохиролд тооцогдох тул буруутай албан тушаалтнаас гаргуулах нь зүйтэй байна”  гэсэн байгаа нь  дараах байдлаар хууль зүйн үндэслэлтэй байна.Үүнд:

1. Монгол  Улсын Дээд шүүхийн хяналтын шатны  захиргааны хэргийн  шүүх хуралдааны 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 311 дүгээр тогтоолоор Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны улсын  байцаагчдын  2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн ***дугаар актыг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гартал 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн байх ба харин Хяналтын шатны шүүхийн энэхүү 311 дүгээр тогтоол нь У.Бгийн ажиллаж байсан орон тоонд тодорхой хугацаанд хүн томилоогүйгээс үүссэн төсвийн хэмнэлтийг актын дүнгээс заавал хасч тооцох агуулгатай биш байна.

2. Сангийн сайдын 2020 оны ***тоот албан бичиг нь Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Төсвийг төлөвлөх, батлах, хэрэгжүүлэх, тайлагнахад дараах зарчмыг баримтална:”, 5.1.3-д “санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх”, 6 дугаар зүйлийн 6.4.1-д “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах;” гэж заасны дагуу төсвийн  хэмнэлттэй байх зарчимд нийцсэн байна.

3. Төрийн албан тушаалтан хуульд нийцээгүй шийдвэр гаргасны улмаас төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан албан тушаалтнаар төлүүлэх асуудал нь төсөв хэмнэсэн асуудалтай хамааралгүй төдийгүй, тухайн орон тоо буюу албан тушаалд тодорхой хугацаанд хүн ажиллуулаагүй атлаа ажиллуулсан мэтээр цалин хөлс олгох нь төрд хохиролтой юм. Ийм учир энэ агуулгаар тайлбарлаж байгаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн тайлбар үндэслэлтэй байна.   

   Иймд Сангийн сайдын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн ***тоот албан бичиг нь хууль зүйн үндэслэлтэй төдийгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

Мөн дээр дурдсан хууль тогтоомжийн агуулгаас үзэхэд Санхүүгийн хяналт, шалгалтын улсын ерөнхий байцаагчид доод шатны хяналтын улсын байцаагчийн шийдвэрийг хянан үзэх, хүчингүй болгох, доод шатны улсын байцаагчийн шийдвэрт холбогдуулан гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх бүрэн эрх олгогдсон ба уг бүрэн эрхийн агуулгаас үзэхэд доод шатны улсын байцаагчийн шийдвэрт холбогдуулан гаргасан гомдлыг хэрхэн яаж шийдвэрлэх, ямар шийдвэр гаргах нь улсын ерөнхий байцаагчийн эрх хэмжээний асуудал байх тул зохих актыг дахин гаргахыг даалгах эрх Сангийн сайд олгогдоогүй гэж тайлбарлаж байгаа нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2,  10.12.6, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д заасныг тус тус баримтлан Сангийн сайдад холбогдуулан гаргасан “Монгол Улсын Сангийн сайдын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн “Иргэний гомдлыг хянасан тухай” ***дугаартай албан бичгийн холбогдох хэсгийг буюу “... зохих актыг дахин гаргаж захиргааны байгууллагыг хохиролгүй болгохыг даалгаж" шийдвэрлэсэн хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэгч Ч.Э  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.Э улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

  

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          М.БАТЗОРИГ