| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 128/2023/0156/З |
| Дугаар | 221/МА2025/0079 |
| Огноо | 2025-01-29 |
| Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 221/МА2025/0079
|
|
|
|
“С*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Т.Энхмаа
Илтгэгч: шүүгч Э.Лхагвасүрэн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б*******
Нэхэмжлэгч: “С*******” ХХК
Хариуцагч: Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Ц.Э*******, Б.Б******* нар
Нэхэмжлэлийн шаардлага: Татварын улсын байцаагч Ц.Э*******, Б.Б******* нарын 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн HA-21220000024 дугаар “Нөхөн ногдуулалтын акт”-ыг хүчингүй болгуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2024/0837 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б*******, Г.И*******
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Ц*******
Хариуцагч Ц.Э*******
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Цогтбаяр
Хэргийн индекс: 128/2023/0156/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “С*******” ХХК-иас Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Ц.Э*******, Б.Б******* нарт холбогдуулан “Татварын улсын байцаагч нарын 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн HA-21220000024 дугаар “Нөхөн ногдуулалтын акт”-ыг хүчингүй болгуулах”-аар маргасан.
2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2024/0837 дугаар шийдвэрээр:
“Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 /2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хууль/, 47.2, 47.2.1, 47.3, 47.3.3, 47.5, 47.7, 47.14 дэх хэсэг, заалтууд, Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8, 3.1.12, 113 дугаар зүйлийн 113.1, 137 дугаар зүйлийн 137.4 дэх хэсэг, Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 73 дугаар зүйлийн 73.1.1, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус баримтлан, нэхэмжлэгч “С*******” ХХК-ийн гаргасан Татварын улсын байцаагч нарын 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн НА-21220000024 дугаар Нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б******* дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1.“... Шүүхээс "..."Эрээн хотын Ш*******" ХХК нь ... төмрийн хүдрийг худалдах, худалдан авахаар харилцан тохиролцсон байгаа ч уурхайн аман дээрээс ачиж тээвэрлэсэн нотлох баримт байхгүй учраас төмрийн хүдрийг экспортлоогүй... харин 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр гэрээ байгуулж, эрх, үүрэг хариуцлагыг шилжүүлэн авсан ...гаалийн мэдүүлэг зэргээр "С*******" ХХК-ийг экспортлогч гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй...” гэж үзэхдээ талуудын хооронд байгуулагдсан гэрээ, мөнгөн төлбөр шилжигдсэн нөхцөл зэрэг Иргэний хуульд заасан гэрээний эрх зүйн хүрээнд үндэслэл бүхий дүгнэлтийг хийгээгүй байна.
Хэрэгт авагдсан баримтуудаар ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч "Д*******" ТӨХК нь маргааны үйл баримтад дурдагдаж буй 50,000 тонн төмрийн хүдрийг олборлож, "Эрээн хотын Ш*******" ХХК-нд худалдсан, "Эрээн хотын Ш*******" ХХК нь хүдрийн үнийг Д*******т шилжүүлсэн байдаг. Уг худалдан авалтын хүрээнд нэхэмжлэгч нь төмрийн хүдрийг БНХАУ руу тээвэрлэх гэрээг "хийж төмрийн хүдрийг тээвэрлэн улсын хилээр гаргасан, "улсын хилээр гаргаж буй төмрийн хүдэрт гаалийн бүрдүүлэлт хийсэн болно.
Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.36-д "төлбөр гэж төрийн өмчийн газар, газрын хэвлий, байгалийн баялаг, ой, ургамал, рашаан, ашигт малтмал... ашигласны …төлөө аливаа этгээдээс авч төсөвт төвлөрүүлж байгаа мөнгөн хөрөнгийг ойлгох"-оор заасан, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх үүрэг үүсгэж буй "ашигт малтмал экспортолсон этгээд" гэх ойлголтын хууль зүйн агуулга нь ашигт малтмалыг газрын хэвлийгээс салган авч гадаад улс руу худалдсан, худалдахаар ачуулсан, эсхүл ашигт малтмалыг дотоодын зах зээлээс худалдан авч гадаад улс руу худалдсан, худалдахаар ачуулсан" этгээдийг хамааруулах агуулгатай, харин худалдах, худалдан авах харилцааны явцад тухайн ашигт малтмалыг зөөсөн, тээвэрлэсэн этгээдэд хамааралгүй.
Өөрөөр хэлбэл, энэ тохиолдолд маргаан бүхий актад дурдсан төмрийн хүдэрт ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч нь төмрийн хүдрийг тээвэрлэн улсын хилээр гаргасан "нэхэмжлэгч хуулийн этгээд" биш, харин түүнийг гадаад улсад бүртгэлтэй компанид худалдсан этгээд, эсхүл дотоодын зах зээлээс худалдан авч өөрөө экспортод гаргаж байгаа этгээд буюу тухайн ашигт малтмалыг захиран зарцуулах эрх бүхий этгээд байх тул" төмрийн хүдэр худалдаагүй, худалдах зорилгоор ачуулаагүй, БНХАУ-ын аж ахуй нэгжийн худалдан авсан төмрийн хүдрийг тээвэрлэх ажил гүйцэтгэсэн компанийг бүхэлд нь экспортлогч гэж үзсэн нь" хуульд нийцээгүй" байна.
Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д "бараа гэж гаалийн хилээр нэвтрүүлэх ачаа, тээш, эд юмс …зэрэг хөдлөх эд хөрөнгө ... -ийг", 3.1.7-д "гаалийн мэдүүлэг гэж мэдүүлэгчийн сонгосон гаалийн бүрдүүлэлтийн горимын дагуу шаардагдах мэдээлэл агуулсан бичиг баримтыг", 3.1.8-д "мэдүүлэгч гэж гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагад мэдүүлж байгаа аливаа этгээдийг" ойлгохоор тус тус заажээ.
Нэхэмжлэгч "нь 2019 оны 6, 7, 12 хүртэл сард маргааны үйл баримтад холбогдох 50,000 тонн төмрийн хүдрийг улсын хил нэвтрүүлэхдээ гаальд мэдүүлж, бүрдүүлэлт хийсэн, хариуцагч нар уг баримтыг үндэслэж татварын нөхөн ногдуулалтын акт тавихдаа ашигт малтмалын нөөц ашигласны татвар төлөх үүрэгтэй этгээдийг дээрх байдлаар буруу тодорхойлсон байгаад шүүхээс үндэслэл бүхий дүгнэлтийг хийгээгүй болно.
Улсын Их Хурлаас Ашигт малтмалын тухай хуулийг 2006 онд батлахдаа уг хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д "ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг... төсөвт төлөх"-өөр, 47.2-т "энэ хуулийн 47.1-д заасан борлуулалтын үнэлгээг дараахь журмаар тооцно: 47.2.1.экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлах"-аар тус тус заасан байна.
Уг зохицуулалтын дагуу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч нь "ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч" бөгөөд өөрийн эзэмшлийн тусгай зөвшөөрөлтэй талбай, уурхайн эдэлбэрээс ашигт малтмал олборлосон, уг олборлосон ашигт малтмалаа худалдсан, худалдахаар ачуулсан, эсхүл бусдад худалдахгүйгээр өөрөө ашигласан тохиолдолд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөхөөр, хэрэв тухайн этгээд ашигт малтмалын бүтээгдэхүүнийг экспортод гаргасан бол "... зах зээлийн үнийг баримтлан" борлуулалтын үнэлгээг тогтоохоор зохицуулсан байжээ.
Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх заалтыг 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар " Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд болон Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээд нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө" гэж өөрчлөн найруулсан, харин хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1-д заасан "экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлах" зохицуулалт хөндөгдөөгүй байна.
Дээрх хуулийн зохицуулалтын дагуу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч нь "ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч" эсэхээс үл хамааран ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бол төлбөр төлөхөөр болсон, уг заалтыг хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1 дэх зохицуулалттай логик агуулга, системчлэлийн хувьд уялдуулан авч үзвэл, ашигт малтмалыг худалдах эсхүл ашиглах үйл ажиллагааны хүрээнд экспортод гаргасан бол борлуулалтын үнэлгээг тогтоохдоо зах зээлийн үнийг баримтлах агуулгатай гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл, хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1 дэх заалт нь "ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч"-ийг тодорхойлсон агуулгагүй, борлуулалтын үнэлгээг хэрхэн тогтоохыг журамласан агуулгатай тул уг зохицуулалт нь мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д тодорхойлсон "ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч"-д хамааралтай буюу тухайн цаг хугацаанд ашигт малтмал худалдаагүй, худалдахаар ачуулаагүй, ашиглаагүй этгээдэд хамаатуулан хэрэглэхгүй.
Иймд хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1 дэх хэсгийн зохицуулалтыг үндэслэж, "ашигт малтмал экспортод гаргасан тул төлбөр төлөгч гэж үзнэ" гэх агуулгаар маргаан бүхий актыг гаргасан нь хуульд нийцээгүй, 2019 оны 6, 10 дугаар сард улсын хилээр тээвэрлэн гаргасанд өөрөөр хэлбэл, "ашигт малтмал экспортод гаргасан этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх" хуулийн зохицуулалт 2019 оны 6, 7 дугаар сард байгаагүй, хариуцагч нар Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1-д "экспортод бүтээгдэхүүн гаргасан бол..." гэснийг үндэслэж, маргаан бүхий нөхөн ногдуулалтын актаар 2019 оны 6, 7, 8, 9, 10 дугаар сард ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг дутуу төлсөн гэх агуулгаар акт тавьсан нь үндэслэлгүй байна.
Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдааны 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 03 дугаар дүгнэлтээр "Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн" гэх үндэслэлээр, үйлчлэлийг нь 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн, Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор хуулийн энэ хэсгийн "ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө" гэсэн заалтыг хүчингүй болгосон байна.
Үүний дараа, 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийг "Доор дурдсан этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байна: 47.1.1. ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч; 47.1.2. ашигт малтмал экспортолсон этгээд; 47.1.3. Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээд" гэж, 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсгийн "47.1" гэснийг "47.16" болгож тус тус өөрчилжээ.
Түүнчлэн мөн хуулинд "47.16-т “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч нь доор дурдсан үйл ажиллагаанд бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг энэ хуулийн 47.7-д заасны дагуу давхардуулалгүй ногдуулж улсын төсөвт төлнө”, 47.16.1-т “худалдсан, худалдахаар ачуулсан”, 47.16.2-т “экспортолсон”, 47.16.3-т “өөрийн хэрэгцээнд ашигласан" гэж нэмсэн, харин 47 дугаар зүйлийн 47.2.1-д заасан "экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрсөн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн мөрдөгдөж буй одоо хүчин төгөлдөр байгаа хуулиар "ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч", "ашигт малтмал экспортолсон этгээд", "Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээд" нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч бөгөөд төлбөр төлөгч этгээд нь худалдсан, худалдахаар ачуулсан, экспортолсон, өөрийн хэрэгцээнд ашигласан ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс төлбөр төлөхөөр болсон байна.
Үндсэн хууль зөрчсөн аливаа хууль, бусад эрх зүйн баримт бичиг агуулгын хувьд “анхнаасаа үйлчлэлгүй" буюу хүчин төгөлдөр бус байх тул түүнд үндэслэж гаргасан захиргааны аливаа шийдвэр, үйл ажиллагаа нь "хууль ёсны, үндэслэл бүхий бус" байх үр дагавартай. Иймд шүүхээс нэхэмжлэгч хуулийн этгээдийг бүхэлд нь Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч гэж үзсэн нь үндэслэлгүй болно.
3.2.Төмрийн хүдрийн дагалдах бүтээгдэхүүн дээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцсон нь үндэслэлтэй гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй тухайд:
Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд Татварын үйл ажиллагаанд баримтлах зарчмыг зааж өгсөн ба 5.1.2.-т “тодорхой байх”, 5.1.3 “шударга байх” гэж тухайлан заасан. Шүүхээс Ашигт малтмалын тухай хуулийн 47.5-т заасныг үндэслэн татварын улсын байцаагчийн актыг үндэслэл бүхий гэж үзэхдээ тухайн төмрийн хүдрийг олборлосон "Д*******" ТӨХК нь ямар ч нэмэлт бүтээгдэхүүнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөөгүй байгаад үндэслэл бүхий дүгнэлтийг хийгээгүй болно. Тухайн маргаан бүхий хугацаанд нэхэмжлэгч хуулийн этгээд нь төмрийн хүдэрт ямар ч баяжуулалт хийлгүйгээр гаалийн бүрдүүлэлтийг хийсэн байдаг.
Иймд "Д*******" ТӨХК нь олборлосон бүтээгдэхүүндээ нэг ч төгрөгийн дагалдах бүтээгдэхүүний ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөөгүй ба уг төлбөрийг төлөөгүй байгааг татварын улсын байцаагч нар хууль ёсны гэж үзсэн бөгөөд энэ талаар огт дүгнэлт хийгээгүй ба дүгнэлт хийхээс татгалзаж шийдвэрлэсэн.
Ашигт малтмалын тухай хуулийн 47.1.1-д "...ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь нөөц ашигласны төлбөр төлөгч байна... 47.3-т “олборлож өөрийн хэрэгцээнд ашигласан, дотоодод худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан нүүрсний нөөц ашигласны төлбөр борлуулалтын үнэлгээний 2.5 хувь; 47.3.3 энэ хуулийн 47.3.1, 47.3.2-т зааснаас бусад бүх төрлийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тухайн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 5.0 хувь байна” гэж заасан.
Уг хуулийн дагуу "Д*******" ТӨХК нь өөрийн олборлосон, дотоод борлуулсан, гадаад экспортлосон бүхий л төрлийн ашигт малтмалын бүтээгдэхүүнээсээ дээр дурдсан хувиар АМНАТ төлөх үүрэгтэй.
Гэтэл тус компани олборлосон бүтээгдэхүүний зөвхөн төмрийн хүдэртээ л АМНАТ төлсөн байгааг хүлээн зөвшөөрсөн нөхцөлд тухайн бүтээгдэхүүнийг худалдан авсан аливаа хуулийн этгээдэд бусад дагалдах бүтээгдэхүүнд нь төлбөр ногдуулж байгаа нь хуульд заасан тодорхой байх, болон шударга байх зарчимд нийцэхгүй болно.
Хэрвээ тус компани дагалдах бүтээгдэхүүндээ аливаа байдлаар АМНАТ төлсөн байгаа нөхцөлд нэхэмжлэгч хуулийн этгээд хуульд заасан хэмжээгээр нь буюу 5 хувиар төлбөр ногдуулах нь Ашигт малтмалын тухай хуулийн 47.7-д "Ашигт малтмалыг шууд, эсхүл ашигт агуулгыг нэмэгдүүлэн баяжмал, бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортлоход төлбөрийг давхардуулан ногдуулахгүй бөгөөд тухайн ашигт малтмалд төлбөр ногдуулах үнэлгээ, хувь хэмжээнээс хамаарч энэ хуулийн 47.18-д заасан төлбөрийн баримт, 47.19-д заасны дагуу суутган ногдуулсан тайланг үндэслэн өмнө нь ногдуулсан төлбөрийг хасаж тооцно..." гэж заасныг зөрчсөн үйлдэл болох ба нийт 7.5 хувийн төлбөрийг төлүүлэх нөхцөл үүсэж байгаа болно.
Гэтэл энэхүү байдлыг татварын улсын байцаагч нар бүрэн гүйцэт тодруулаагүй ба зөвхөн нэхэмжлэгч хуулийн этгээдэд шалгалт хийх удирдамжтай тул "Д*******" ТӨХК-ийг шалгаагүй талаараа мэдүүлсэн нь Татварын ерөнхий хуулийн 21.4-т “Татварын алба татвар төлөгчийн борлуулалт, худалдан авалт, хүний нөөц, техникийн үйлчилгээ, хоршсон үйлдвэрлэл, үйл ажиллагаанд ашигласан үнэ, төлбөр, хураамж, гэрээ хэлцэл зэрэг мэдээ, мэдээлэл баримтыг гаргуулахаар татвар төлөгч болон түүнтэй хамтран үйл ажиллагаа явуулсан гуравдагч этгээдээс шаардах эрхтэй..." гэж заасныг зөрчсөн болно.
3.3.Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим хамгаалагдаагүй тухайд:
Нэхэмжлэгч хуулийн этгээдийн зүгээс аливаа байдлаар АМНАТ тайланг нуусан санаатайгаар бууруулсан зэрэг ямар ч үйлдэл гаргаагүй ба харъялагдах татварын албанаас зөвлөгөө авч тайлангаа илгээсэн байдаг. Уг тайланг илгээхдээ олон улсын зах зээлийн үнэлгээг Ашигт малтмал газрын тосны газрын вэб сайтад тавьсан үнийг ашиглан тооцоолол хийсэн байдаг.
Гэтэл шүүхээс хариуцагчийн "Сангийн яамны вэб сайтад тавигдсан үнийг барьсан, борлуулалтын үнэлгээний олон улсын жишиг үнэ нь зөрүүтэй байгаад хариуцагчийг буруутгах үндэслэл байхгүй гэж бодит бус татвар төлөгчийн хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг зөрчсөн шийдвэрийг гаргасан байна.
Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журмын 2.1.2-т “…тухайн сард экспортолсон, экспортлохоор ачуулсан ашигт малтмалын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээг Ашигт малтмалын тухай хуулийн 47.2.1-д заасны дагуу Засгийн газраас тогтоосон үнийн эх сурвалжид үндэслэн нийтэд мэдээлсэн үнийг баримтлах ба 5.1-д “Тухайн сард экспортолсон ашигт малтмалын бүтээгдэхүүний мэдээг Гаалийн ерөнхий газар дараа сарын 5-ны өдрийн дотор Сангийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Татварын ерөнхий газар, Ашигт малтмал, газрын тосны газарт цаасан болон цахим хэлбэрээр хүргүүлнэ...", 5.2-т “…Сангийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Ашигт малтмал, газрын тосны газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар нь энэ журмын хэрэгжилтэд тухай бүр хяналт тавьж ажиллана...” гэж заасан тул аливаа байдлаар энэхүү үнийн мэдээлэлд зөрүү байх ёсгүй болно. Энэхүү үнийг баримталсан татвар төлөгчийн хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг хамгаалах зарчим хэрэгжих ёстой юм.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангасангүй.
1.“Д*******” ХК болон “Э” ХХК-ийн хооронд 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр байгуулагдсан 50.000 тн төмрийн хүдрийг 1.200.000 ам.доллараар Худалдах, худалдан авах гэрээний худалдан авагч талын буюу “Э” ХХК-ийн эрх, үүргийг мөн оны 6 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан хх2019/33 тоот гэрээгээр нэхэмжлэгч “С*******” ХХК шилжүүлэн авсан, тухайлбал уг гэрээний 2.1.9-т “Худалдагч нь үндсэн гэрээний дагуу нийлүүлэх бүтээгдэхүүнийг Төмөртолгойн уурхайн нөхцлөөр худалдсан тул бүтээгдэхүүнийг хүлээн авснаас хойш үүдэн гарах гаалийн болон бусад татвар, хураамж зардлыг эрх хүлээн авагч хариуцна”, 3.1-т “Эрх хүлээн авагч буюу “С*******” ХХК нь үндсэн гэрээний худалдан авагч талын эрх, үүрэг, хариуцлагыг бүрэн хүлээнэ” гэх зэргээр эрх, үүрэг шилжүүлэх гэрээний үндсэн нөхцөл, үр дагаврыг харилцан тохиролцсон, улмаар 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгчээс “Э” ХХК-тай Гадаад худалдааны гэрээ байгуулж дээрх 50.000 тн төмрийн хүдрийг 2.150.000 ам.доллараар худалдахаар, мөн Дархан 2 өртөөнөөс Эрээн хотын төмөр замын өртөө хүртэлх тээвэрлэлтийг бүрэн хариуцахаар харилцан тохиролцсон байгаагаас тус тус үзэхэд 50.000 тн төмрийн хүдрийг 1-р хх-ийн 40-42 дахь талд авагдсан “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу зөвхөн тээвэрлэсэн, өөрөөр хэлбэл экспортлоогүй тул ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч биш гэж дүгнэх үндэслэлгүй, энэ талаар талуудын хооронд байгуулагдсан гэрээ, Гаалийн төв лабораторийн шинжилгээний дүгнэлт, нэхэмжлэгчийн 2019 оны 4 дүгээр улирлын ашигт малтмалын нөөц ашигласны тайлан зэрэгт үндэслэн шийдвэрт нотлох баримтыг хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдолтой талаас нь зөв үнэлсэн байна.
Түүнчлэн 50.000 тн төмрийн хүдрийг 700.000 ам.доллараар тээвэрлэсний нотолгоо гэх дээрх Ажил гүйцэтгэх гэрээг татварын хяналт шалгалтын явцад гаргаж өгөөгүй атлаа шүүхэд нотлох баримтаар өгсөн үйл баримтын талаар шийдвэрийн 3.5, 3.6-д хийсэн дүгнэлтийг батлах нэмэлт нотолгоо нь нэхэмжлэгчийн Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд нөхөн ногдуулалтын актыг хүлээн зөвшөөрөхгүй талаар 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдөр гаргасан гомдол болно.
Тухайн үед уг гомдолд одоогийн маргаж буй “зөвхөн тээвэрлэлт хийсэн” гэх үндэслэлээр бус харин “…итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүгнэлтийн дагуу хүдэрт ногдох хувиар АМНАТ-ийг тооцож тайлагнасан, ямар ч боловсруулалт хийгдээгүй төмрийн хүдэрт агуулагдаж байгаа маш бага хэмжээний цайр, зэс, тугалга гэсэн байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлалыг бүтээгдэхүүн гэж үзэж нөхөн татвар ногдуулах нь Татварын ерөнхий хуульд заасан шударга ёсны зарчим зөрчигдөж байгаа…”, “…төмрийн хүдрийн агууламжийн зөрүүгээс үүссэн нөхөн татварыг хүлээн зөвшөөрч, харин торгууль, алдангиас чөлөөлүүлэх хүсэлтэй…”, “…266.368.514,34 төгрөгийн нөхөн татварыг 2022 ондоо багтаан төлж барагдуулахаар төлөвлөж байгаа…” болохоо илэрхийлсэн зэргээс үзэхэд нэхэмжлэгчийг 50.000 тн төмрийн хүдрийг зөвхөн тээвэрлэсэн бус харин “Д*******” ХК-иас худалдан авч, экспортолсноор Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч мөн гэж үзсэн шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Улсын дээд шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 47 дугаар тогтоолд “…ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх үүрэг үүсгэж буй ашигт малтмал экспортлосон этгээд гэх ойлголтын хууль зүйн агуулга нь ашигт малтмалыг газрын хэвлийгээс салган авч гадаад улс руу худалдсан, худалдахаар ачуулсан этгээдийг хамааруулах агуулгатай, харин худалдах, худалдан авах харилцааны явцад тухайн ашигт малтмалыг зөөсөн, тээвэрлэсэн этгээдэд хамааралгүй…” гэж дүгнэснээс үзэхэд ч нэхэмжлэгчийн тухайд 50.000 тн төмрийн хүдрийг худалдан авч, улмаар тээвэрлэж, экспортод гаргасан байх тул дээрх хуульд заасан үүргийг хүлээнэ.
Түүнчлэн нэхэмжлэгч нь 50.00 тн төмрийн хүдрийг зөвхөн тээвэрлэсний хөлс авсан байх тохиолдолд 2019 оны 4 дүгээр улирлын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцож тайлагнах шаардлагагүй.
2.Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц******* 40.000 тн төмрийн хүдрийг 2020 онд “Дарханы төмрийн үйлдвэр” ХК-тай байгуулсан Худалдах, худалдан авах гэрээний дагуу экспортод гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгчийн 2020 оны 4 дүгээр улирлын ашигт малтмалын нөөц ашигласны тайланд ч энэ нь тусгагдсан, харин түүнд агуулагдах бусад ашигт малтмалын дагалдах бүтээгдэхүүний ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах хуульд заасан 5 хувийг дотооддоо олборлож худалдсан “Д*******” ХК-тай 50/50 хувиар хувааж төлөх ёстой гэж маргахдаа энэхүү үндэслэлийг өмнөх экспортод гаргасан 50.000 тн төмрийн хүдэрт мөн адил хамааралтай гэх боловч Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.3.3-т “энэ хуулийн 47.3.1, 47.3.2-т зааснаас бусад бүх төрлийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тухайн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 5.0 хувь”-иар ногдуулахаар, харин 47.3.1-т “олборлож өөрийн хэрэгцээнд ашигласан, дотоодод худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан нүүрсний нөөц ашигласны төлбөр борлуулалтын үнэлгээний 2.5 хувь” гэж заасан нь нүүрсэнд хамааралтайгаас бус төмрийн хүдэрт хамааралгүй байна.
Иймд “Д*******” ХК-иас дээрх гэрээнүүдийн дагуу худалдан авч экспортлосон нийт 94.631,056,6 кг төмрийн хүдрийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцох борлуулалтын үнэлгээг зөвхөн төмрийн хүдрийн тооцооллоор хийж, дагалдах бүтээгдэхүүний агуулгад уг төлбөрийг тооцож ногдуулалгүйгээр 2029, 2020 оны Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлангаар тайлагнаж, татварын удирдлагын нэгдсэн системд баталгаажуулсныг татварын хяналт шалгалтаар илрүүлж, Ашигт малмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 47.3, 47.6, Засгийн газрын 2019 оны 342, 465 дугаар тогтоолоор батлагдсан “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах журам”-д тус тус заасны дагуу “Д*******” ХК-ийн анх худалдахдаа суутгасан 402.0 сая төгрөгийг хасч, нөхөн ногдуулалтын актаар тогтоосон төмрийн хүдрийн дагалдах бусад ашигт малтмалд ногдох төлбөрийг нэхэмжлэгч төлөх үүрэгтэй.
Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн анхны зохицуулалтаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч нь зөвхөн тусгай зөвшөөрөл эзэмшигч байсныг уг заалтад 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулж, 2019 оны 3 дугаар сарын 26, 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар тус тус өөрчлөн найруулснаар тусгай зөвшөөрөл эзэмшигчээс гадна “ашигт малтмал экспортолсон этгээд” байхаар болсон тул “С*******” ХХК нь Худалдах, худалдан авах гэрээний бүх эрх, үүргийг шилжүүлж авах байдлаар, мөн Худалдах, худалдан авах гэрээг шууд байгуулах байдлаар тус тус “Д” ХК-иас олборлосон нийт 94.631,056,6 кг төмрийн хүдрийг 2019, 2020 онд экспортолсон нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай тогтоогдсон энэ тохиолдолд төмрийн хүдрийн дагалдах бүтээгдэхүүнд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг нэхэмжлэгчээр нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь Ашигт малтмалын тухай хуульд нийцсэн байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 4 дүгээр тогтоол гарсантай холбогдуулан Улсын Их Хурлаас Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт одоогийн мөрдөгдөж байгаа өөрчлөлтийг оруулсан, мөн уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд ашигт малтмалыг өөрийн хэрэгцээнд ашигласан, худалдсан, экспортлосон, эсхүл худалдахаар ачуулсан ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч, ашигт малтмал экспортлосон этгээд …нь 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр баталсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн дагуу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцож, улсын төсөвт төлөхөөр заасан тул хугацааны хувьд хуулийн ямар нэгэн хийдэл үүсэхгүй, мөн газрын доорх баялаг болох ашигт малтмалын нөөц ашигласаны төлбөр төлөх үүргээс Цэцийн дүгнэлт гарснаар чөлөөлөгдөхгүй.
Түүнчлэн улсын байцаагчдаас нөхөн татвар ногдуулахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7 дахь хэсэгт заасны дагуу төлбөрийг давхардуулалгүйгээр “Д*******” ХК-ийн суутган авсан төлбөрийг хасч тооцсон тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхгүй.
Харин төмрийн хүдрийн дагалдах ашигт малтмалын бүтээгдэхүүнд борлуулалтын үнэлгээний 5 хувиар ногдуулсан төлбөрийн тал буюу 2.5 хувьд хамаарах хэсгийг төмрийн хүдрийг дотооддоо худалдсан “Д*******” ХК-иас шаардах эрхтэй гэж үзвэл иргэний журмаар маргах эрхийг энэхүү шийдвэр, магадлалаар хязгаарлахгүй болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2024/0837 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “С*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Болор-Эрдэнийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасан хугацааны дотор, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН