Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 402

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл,

Улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батбямба,

Шүүгдэгч Б.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Болдын Батбаярт холбогдох эрүүгийн 201619000831 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр шүүн хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн, 1992 оны 08 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, яс үндэс халх, эрэгтэй, 24 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, ах, дүүгийн хамт Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 4 дүгээр хороо, Нисэхийн 4-21 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 44 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзаж байсан, бие эрүүл  гэх Боржигон овогт Болдын Батбаяр /РД:УД92083131/ гэв.

 

            Холбогдсон хэргийн талаар: /Сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдагдсанаар/

Шүүгдэгч Б.Батбаяр нь Төв аймгийн Эрдэнэ сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Чанар” амралтын газарт 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдөр иргэн Л.Оюунбилэгийг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож түүний бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ  НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Батбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй. Хэрэг бүртгэлтэнд мэдүүлэг өгсөн гэв.

 

 Хохирогч: Л.Оюунбилэг хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ: Би 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдөр “Чанар” амралтын газарт Болд овогтой Батбаяр гэж залууг ажлаас халсан байсан. Тухайн үед тэр залууг ажлын байрандаа архи уугаад байхаар нь ажлаас нь халсан байсан. Тэр үед нь би Батбаярын ээж Алтанцэцэг, Болд нарыг дуудаж Батбаярыг хүлээлгэж өгөөд ажилласан өдрийнх нь цалинг тооцож өгсөн. Ингээд тэр өдрөө Батбаяр нь эцэг эхээсээ зугтаад явсан гэсэн. Үүнээс хоёр хоногийн дараа манай “Чанар” баазад ирээд надтай уулзаад “Би танайд байгаа ажлыг багцлаад хийж болох уу” гэхээр нь би түүнд “нам даралтын зуухны дотор талыг шавардах, үүдийг нь цементлэх, хогийн бункерын өрлөг өргөх ажлуудыг хоёр зуун тавин мянган төгрөгөөр хий” гэсэн. Үүнээс хоёр хоногийн дараа ирэхэд Батбаяр найзтайгаа уурын зуухны дотор талыг дөнгөж шавардаж эхлэж байхаар нь энэ бүтэхгүй юм байна гэж ойлгоод дотор шаварыг нь хийлгэж дуусгаад бусад ажлыг хийгээгүй ингээд  2016 оны 10 дугаар сарын 29-ний өдөр амрагчид ирсэн байсан. Тэгээд би тэр өдөр Батбаяр руу яриад “чи хаана байна” гэж асуусан чинь Батбаяр надад “Би хашааны гадна найзтайгаа архи ууж байна” гэсэн тэгэхээр нь би түүнийг “дандаа архи ууж байдаг архичин” энэ тэр гэж загнасан. Тэгээд утсаа салгасны дараа 20-30 минутын дараа Батбаяр миний утас руу залгаад “гараад ир “гэхээр нь би тогооч Чука эгчийн хамт гараад очиход Батбаяр нь жорлонгийн тэнд зогсож байхад нь очиж уулзахад Батбаяр жорлонд орчихсон тэгээд би буцаад гал тогоонд ороод байж байхад Батбаяр нь араас гал тогоонд орж ирээд миний гараас мушигаад намайг авч гарах гээд ноцолдсон ингээд намайг хүчээр гал тогооноос авч гараад сүүдрэвч рүү авч ороод толгой руу хоёр удаа гараараа цохисон мөн толгойноос үсдэж байгаад сүүдрэвчний хашлага мөргүүлсэн тэгээд доошоо суусан чинь зүүн гуяа руу нэгээс хоёр удаа өшиглөсөн. Энэ үед энэ байдлыг Чука эгч караокед сууж байсан дөрвөн хүнийг дуудаад ирсэн чинь Батбаяр намайг зодохоо болиод цаашаа явсан. Тэгэхээр нь би тэр дөрвөн хүнтэй караокены цонхон дээр байхад цонх балбаад гараад ир гээд байхаар нь би гараагүй тэгтэл Батбаяр орж ирээд шууд гал тогоо руу орсон. Буцаад гарч  Батбаяр тулж зогсоод “эндээс гарахгүй бол хачин юм болно шүү” гээд байсан. Тэгэхээр нь би түүнд “караокены хүмүүсээс мөнгөө авъя, тэгээд гарна” гээд зогсоод байсан. Батбаяр хүлээж байгаад гараад явсан тухайн үед би бодохдоо Батбаяр гал тогооноос хутга авсан байх гэж бодсон. Тэгээд надад хутга тулгалаа гэж гэж бодсон. Тэгэхээр нь би Чука эгчийг дуудаад “миний машиныг цагдаагийн гадаа аваачаад өгчих” гээд хэлээд явуулсан чинь өөрөө аваачиж тавиад Батбаярын мэддэг газар машиныг тавьсан байсан. Тэгээд би гэртээ ороод байж байхад Батбаяр ардаас орж ирээд надаас уучлалт гуйгаад байж байхад охин Ануужин Батбаярт “ээж цагдаа дуудсан агаа” гэж хэлсэн чинь Батбаяр нь чимээгүй гарч яваад Батбаяр нь миний улсын дугааргүй Тоёото Харер машиныг унаад явсан байсан. Ингээд Батбаярын араас утасдахад утас нь холбогдохгүй миний машиныг аваад явсан байсан”/хх-10-11 тал/,  

Уг эд зүйлүүдийг Б.Батбаяр хулгайлаагүй. Б.Батбаяр нь машины хаалганы хармаанд байсныг мэдээгүй, Батбаяр аваагүй. Сүүлд 2016 оны 12 дугаар сарын 31-ны өдөр Батбаяр нь миний машиныг авчирч өгөхөд миний түрийвч машины  хаалганы  хармаанд  ямар байсан яг тэр янзаараа байж байсан. Батбаяр хулгай хийгээгүй. Яагаад гэвэл машин аваад явсан байхаар нь түрүүвчийг маань аваад ашиласан байж магадгүй гэж сэжиглэсэн учраас дээрх тайлбарыг гаргасан. Батбаяр нь 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдөр болсон асуудлын талаар би Хадборгил байцаагчид тайлбар гаргасан. Түүнээс 2016 оны 10 дугаар сарын 31-ны өдөр бол Батбаяр машин авчирч өгөхдөө намайг зодсон цохисон асуудал гараагүй. 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр намайг гэрт байхад Батбаяр машин авчирч өгөх үед нь би түүнийг гадуур гаргаж дэлгүүр рүү  бараа аваад ир гэж явуулаад, тэр араар нь би Налайхын цагдаа Ханбогдыг дуудаж Батбаярыг бариулсан юм. Түүнээс тэр үед Батбаяр нь намайг цохиж зодоогүй. Тухайн үед манай “Чанар” амралтын газрын хашаанд байдаг манай ажлын хэрэгцээнд явдаг Сонота-6 маркийн машины 50-86 УНЧ улсын дугаар байхгүй болохоор нь би бодохдоо Батбаярыг тэр машины дугаарыг аваад миний машинд хийгээд явлаа гэж сэжиглэсэн учраас тэгж хэлсэн. Түүнээс Батбаяр нь яваагүй юм байна юм билээ. Надад Батбаяр машин авчирч өгөхөд миний Тоёота Харер машин номергүй хэвээрээ байсан. Миний хувьд Батбаяр миний машины эд зйлийг санаатайгаар эвдээгүй байх, машины зүүн доод гишгүүрийн хэсэгт байдаг хар хуванцар нь Батбаяр миний машиныг унаж яваад гол гатлах үедээ гэмтээсэн нөгөөх нь хар өнгийн хуванцар түгжээтэй бэхэлгээ муутай байснаас мултарч унасан байсан. Тэгээд эвдэрч хэмхэрсэн байсан. Тийм учраас Батбаяр нь миний машиныг санаатайгаар эвдсэн гэж бодохгүй байна. Би энэ учирсан хохирлоо төлүүлж авсан” /хх-13 тал/ гэсэн мэдүүлэг,

Гэрч Б.Хадборгил хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ: 2016 оны 10 сарын сүүлээр Тэрэлжийн цаана байрлах “Чанар” амралтын газрын менежер Оюунбилэг гэх эмэгтэй над руу утсаар залгаад манайд ажиллаж байсан Батбаяр гэгч нь намайг зодлоо гэж дуудлага өгсөн уг дуудлагын дагуу очиход Батбаяр гэгч нь машин бариад хаашаа явсан нь тогтоогдохгүй байсан тэгээд Оюунбилэгээс тайлбар аваад шүүх эмнэлэгт үзүүлсэн тэгээд хэд хоногийн дараа Оюунбилэг над руу утсаар залгаад нөгөө Батбаяр чинь хотод байдаг гэрт согтуу ирээд намайг зодоод байна гэсэн дуудлагын дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст дуудлага өгч Батбаяр гэгчийг саатуулсан. Ямар арга хэмжээ авсаныг мэдэхгүй” гэсэн мэдүүлэг /хх-27 тал/,

-Гэрч С.Чулуунцэцэгийн хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ: 2016 оны 10 дугаар сарын 29-ний орой 21 цагийн үед Л.Оюунбилэгийг “Чанар” амралтын байрны хоёрдугаар давхараас дуудаад гаргаж ирээд, уулзаж байхад Б.Батбаяр гэгч жолооч залуу нь үүдэнд бид хоёртой таарсан. Энэ үед Батбаяр нь Оюунбилэгийг “Нааш ир” гэж хэлээд үүдний саравчнаас барьсан байхад Батбаяр нь Оюунбилэгийн үснээс нь зулгаагаад толгой руу нь алгадаад, гараараа цохиод байсан. Энэ үед би очоод “Чи одоо болиоч” гээд очсон чинь намайг Батбаяр нилээн хүчтэй түлхсэн. Тэгэнгүүт би дотогшоо орж амарч байсан хоёр үл таних залууг дуудаад гадаа энэ амралтын хүүхнийг цохиж зодоод байна салгаад өгөөч гээд, тэр хоёр залуу нилээн юм болж байж Батбаяраас Оюунбилэгийг салгаж авсан. Ингээд Оюунбилэгийг хоолны заал руу оруулаад байж байхад Батбаяр араас орж ирээд Оюунбилэгийн гарнаас мушгиад байх шиг харагдаж байсан. Энэ үед Оюунбилэг нь надад Тэрэлжийн цагдаагийн утсыг өгөөд би Тэрэлжийн цагдаа руу залгасан. Тэгээд дараа нь Оюунбилэг нь надад “Та тэр машин байгаа газраас нь аваад өөр газар тавьчихаарай” гэхээр нь би машиныг нь аваад УБ-2 цаад талд өөр газар тавьсан байсан чинь Батбаяр нь машиныг аваад явсан байсан. Тухайн үед Батбаяр нь цагдаа дуудсаныг мэдсэн юм шиг байгаа юм. Тэгээд Оюунбилэгийн машиныг аваад яваад өгсөн. Би сайн мэдэхгүй байна. Би тэр өдөр ирсэн байсан юм. Би Батбаярыг тэдний ажилтан гэдгийг л мэддэг. Тухайн үед Батбаяр нь согтуу байсан. Яагаад тэгсэнийг мэдэхгүй байна. Оюунбилэг эрүүл байсан. Тэр улсуудын нэр хаягийг нь мэдэхгүй түр амраад явсан учраас мэдэхгүй. Би тухайн үед мэдээгүй. Би хоёр удаа л “Чанар”  амралтын газар очсон юм. Сүүлд Оюунбилэг нь өөрөө ярихдаа Батбаяртай хувийн харилцаатай гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг /хх-28 тал/,

-Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-2 тал/,

-Налайх дүүрэг Цагдаагийн хэлтэст гаргасан хүсэлт /хх-06 тал/,

-Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-14 тал/

-Тоёота Харер маркийн 86-38 УНН улсын тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн фото зураг /хх-15-16/,

- 86-38 УНН улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн гэрчилгээ /хх-17 тал/

-Эд зүйлийн үнэлгээ /хх-23 тал/,

 

-Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 08/шэ/561 тоот актад:

1.Л.Оюунбилэгийн биед зүүн шуу, баруун, зүүн гуяанд цус хуралт, зүүн бугуйн үе, толгойн хуйханд зөөлөн эдийн няцралт, буйлны салстад язрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ /хх-19 тал/,

 

            -Шүүгдэгч Б.Батбаярын 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр сэжигтнээр /хх-33 тал/, 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр яллагдагчаар /хх-36 тал/ тус тус байцаагдсан тэмдэглэлүүд,

 

            -Шүүгдэгч Б.Батбаярын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд “Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 44 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзаж байсан” гэх лавлагаа  /хх-38 тал/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба энэ хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай бөгөөд дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Батбаяр нь Төв аймгийн Эрдэнэ сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Чанар” амралтын газарт 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдөр иргэн Л.Оюунбилэгийг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож түүний бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь хохирогч Л.Оюунбилэг, гэрч Б.Хадборгил, С.Чулуунцэцэг нарын мэдүүлэг, Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №08/шэ561 тоот акт, шүүгдэгч Б.Батбаярын хэрэг бүртгэлтийн шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

Иймд Б.Батбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1  дэхь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Б.Батбаярын холбогдсон Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэхээр заасан гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

 

Шүүгдэгч Б.Батбаяр нь Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 44 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзаж байсан байх боловч тэнсэн харгалзах 1 жилийн хугацаанд дахин гэмт хэрэг үйлдээгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх хэсэгт “тэнсэж хянан харгалзсан, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй бол ялгүйд тооцохоор” заасан байх бөгөөд шүүгдэгч Б.Батбаяр нь тэнсэн харгалзах 1 жилийн хугацаанд дахин гэмт хэрэг үйлдээгүй нь түүнийг ялгүйд тооцох үндэслэл болж байх тул түүнийг ялтайд тооцох хугацаа дууссан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нар сайн дураараа эвлэрсэн тухайгаа бичгээр илэрхийлж шүүхэд өгсөн байна.

 

Хохирогч, шүүгдэгч нар нь Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж зааснаар эвлэрч байх тул хэргийг “Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан”, “хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй эвлэрсэн” гэх үндэслэлээр шүүгдэгч Б.Батбаярт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Хохирлын талаар:

Шүүгдэгч Б.Батбаяр нь хохирогч Л.Оюунбилэгийн эмчилгээний зардалд нь 250000 төгрөгийг төлсөн, хохирогч нь шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын асуудал байхгүй байна.         

 

            Энэ хэрэгт иргэний бичиг баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч Б.Батбаяр нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4, 248 дугаар зүйлийн 248.1.2, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Боржигон овогт Болдын Батбаярыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт зааснаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Б.Батбаярт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

         

          3.Энэ хэрэгт бичиг баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Б.Батбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

          4.Б.Батбаярт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

          5.Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Батбаярт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ц.ОТГОНЖАРГАЛ