Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/11

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

                                                                                    Хэргийн индекс: 180/2022/0258/Э

 

Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,

улсын яллагч Б.Н,

шүүгдэгч Т, түүний өмгөөлөгч Б.Төгсбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанаар,

 

Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т-д  холбогдох эрүүгийн 2239003790410 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

                                               

 

Холбогдсон хэргийн талаар:

/Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Т нь 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 17 цагийн орчим Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг МСҮТ-н 0 тоотод байрлах хохирогч Ш-ын гэрт болон гэрийн гадаа “архи авч өгсөнгүй” гэх шалтгааны улмаас түүнтэй маргалдаж улмаар толгойн баруун хөмсөгт нь удаа, дараа өшиглөн зодож эрүүл мэндэд баруун хөмсөгний гадна дээд хэсгийн язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт

Шүүгдэгч Т:

...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэсэн мэдүүлгийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Төгсбаяр:

...гэм буруу дээр маргахгүй. 200.000 төгрөгийг бэлнээр хохирогчид эмчилгээний зардалд өгсөн... гэх тайлбарыг тус тус гаргасан.

 

Үйл баримт:

Эрүүгийн 2239003790410 дугаартай хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч Тийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 17 цагийн орчим Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг МСҮТ-н 0 тоотод байрлах хохирогч Ш-ын гэрт болон гэрийн гадаа “архи авч өгсөнгүй” гэх шалтгааны улмаас түүнтэй маргалдаж улмаар толгойн баруун хөмсөгт нь удаа, дараа өшиглөн зодож эрүүл мэндэд баруун хөмсөгний гадна дээд хэсгийн язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/,

согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/,

шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 657 дугаартай  ...Ш-ын биед баруун хөмсөгний гадна дээд хэсгийн язарсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. ...хөнгөн гэмтлийн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /хх-ийн 42-43 дугаар хуудас/,

хохирогч Ш-ын ...Т надад хандаж дахиад архи аваад өгчих гэхээр нь би дахиж архи авах мөнгө байхгүй, тэгээд ч чамд архи авч өгөх албатай биш гэхэд Т би шоронд атаман байсан, чи муу най болно шүү, муу бандиа гэж хэл амаараа доромжлоод байсан. Би хариуд нь чи зүгээр Г.Гантуяа эгчийг аваад манайхаас явчих гээд гэрийн зуухны зүүн талд сандал дээр сууж байхад Т миний нүүр хэсэгт нэг удаа өшиглөсөн. Би нүүрээ 2 гараараа дарахад миний баруун хөмсөгнөөс цус гарч байх шиг байсан. Би цус гарч байсан баруун хөмсгөө гараараа дараад Ттэй зууралдаад гэрээс гарахад гэрийн гадаа Т намайг хавсарч газар унагаад намайг ална шүү гээд цус гарч байсан “баруун хөмсгөө зүүн гараараа дарчихсан байхад” миний гаран дээр маань хөлөөрөө дахин өшиглөхөд Наранцэцэг гэрээс гарч ирээд Тийг надаас салгасан. Тэгээд Г.Гантуяа эгч Тийг аваад манай хашаанаас гараад явахаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тогоонсүхэд зодуулсны улмаас миний баруун хөмсөгний баруун дээд хэсэгт язарсан шарх үүсээд цус нь тогтохгүй байсан бөгөөд цагдаа нар ирээд намайг авч яваад нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт үзүүлэхэд миний баруун хөмсөгт 4 ширхэг оёдол тавьсан. Надад өөр гэмтэл, шарх учраагүй. Би Тийн биед халдаж, цохиж зодсон зүйл огт байхгүй. Би гомдолтой байна. Хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж өгнө үү... /хх-ийн 11-13 дугаар хуудас/,

гэрч Г.Гантуяагийн ...Би 2022 оны 10 дугаар 06-ны өдрийн 16 цагийн үед Тогоонсүхийн гэрт түүний хамт байж байтал Г.Наранцэцэг, Ш нар орж ирээд Т бид хоёрт архи авч өгье манайд хүрээд ир гээд байсан юм. Тэгэхээр нт би Г.Наранцэцэг, Ш хоёрыг гэр лүүгээ явж бай араас чинь очъё гэж хэлээд удалгүй Т бид 2 очсон юм. Ш-ын гэр ороход Г.Наранцэцэг, Ш нар нь нэг шил архи хувааж уугаад сууж байсан. Удалгүй Ш хүүхдээ цэцэрлэгээс аваад ирье гээд гараад явсан. Тэгээд Г.Наранцэцэг, Т бид гурав архинаас нь бараг нэг нэг аягыг уучихаад байж байтал Ш хүүхдээ аваад гаднаас орж ирээд байж байснаа гэнэт Ттэй маргалдаж, гадаа гарсан. Араас нь Г.Наранцэцэг гараад Ш-г  тэврээд тэг хоёрыг салгаад зогсож байхаар нь би Т-г  хашаанаас авч гараад гэр лүүгээ явсан. Г.Наранцэцэгтэй Т урьд нь хамт амьдарч байгаад салаад одоо Ш-тай хамтран амьдарч байгаа юм. Т, Ш хоёр хоорондоо ер нь таарамж муутай байдаг юм. Тухайн үед мөн л Г.Наранцэцэгээс бол хоорондоо маргалдсан байх гэж бодож байна. Миний сонсгол муу, сонсголоороо группт байдаг учир зарим зүйлийг сонсоогүй. Тэр үед Ш , Т хоёрыг зодолдож байхад араас нь гарч ирэхэд Ш-ын баруун хөмсөгнөөс цус гарчихсан байсан... /хх-ийн 24-25 дугаар хуудас/,

гэрч Г.Наранцэцэгийн ...Ш-г  гэртээ ирэхэд Т манай нөхөрт хандаж ахиад архи ууя, нэг шил архи  аваад өгчих гэхээр нь нөхөр бид хоёр ахиж архи авах мөнгө байхгүй тэгээд ч чамд архи авч өгөх албатай биш биз дээ гэж хэлсэн чинь Т манай нөхөр Ш т “чи муу ганц шил архи авчраад өгчихгүй, би шоронд атаман байсан” гэж агсан тавиад Ш-ийг гэрийнхээ зүүн талд сандал дээр сууж байхад нь хөлөөрөө нүүр хэсэгт нь өшиглөсөн. Манай нөхрийн нүүр хэсгээс цус гараад нүүрээ гараараа дарчхаад Ш, Т хоёр зууралдаад гарсан. Би араас нь залгаад гартал Т Ш-ийг хавсарч унагаагаад дахиж нүүр хэсэгт өшиглөхөөр нь би Ш, Т нарын дундуур орж, салгаж байхад Г.Гантуяа эгч гарч ирээд Тийг дагуулаад манай хашаанаас гарсан... /хх-ийн 30-32 дугаар хуудас/,

яллагдагч Тийн ...Өмгөөлөгч тогтоолыг уншиж танилцууллаа. Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...Ш-ийг сандал дээр сууж байхад нь нүүрэнд нь өшиглөж унагаад гэрээс Штай зууралдаад гарсан. Би гэрийн гадаа Ш-ийг газар унагаад нүүр хэсэгт нь дахиж нэг удаа өшиглөсөн... /хх-ийн 50-52 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна. 

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ...прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд... шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруу:

Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч Б.Н:

...Хэргийн үйл баримтаас дүгнэхэд Т нь 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 17 цагийн орчим Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг МСҮТ-н 0 тоотод байрлах хохирогч Ш-ын гэрт болон гэрийн гадаа “архи авч өгсөнгүй” гэх шалтгааны улмаас түүнтэй маргалдаж улмаар толгойн баруун хөмсөгт нь удаа, дараа өшиглөн зодож эрүүл мэндэд баруун хөмсөгний гадна дээд хэсгийн язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн байна. ...Иймд шүүгдэгч Тийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах дүгнэлтийг гаргаж байна...  гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Төгсбаяр:

...гэм буруу дээр ямар ч маргаангүй оролцож байна... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Т:

...хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна... гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд гаргасан улсын яллагчийн шүүгдэгч Тийг гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Т нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй ба түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.

 

Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч Т дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлдэг.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг”,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг.” гэж хуульчилсан.

 

Шүүгдэгч Тийн холбогдсон тухайн гэмт хэрэг нь энэ хуулийн тусгай ангийн Арван нэгдүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэгт хамаарна. Энэ бүлэгт заасан гэмт хэргүүдэд хүний эрүүл мэндийн халдашгүй байх эрхийг хуулиар хамгаалж өгсөн тухайн эрх нь зөрчигдсөн, хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилж өгсөн.

 

Мөн “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргүүд нь хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр, хөнгөн гэмтлийг буюу хохирол, хор уршгийг санаатай, болгоомжгүй, эсхүл санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж учруулж байгаагаараа зүйлчлэлийн хувьд өөр хоорондоо ялгаатай ба Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бусад гэмт хэргүүд болон Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан “Хүний биед халдах” зөрчлийн хэргээс тус тус ялгагддаг.

 

Тус гэмт хэрэг нь хүний бие махбодид түлхэх, чирэх, мушгих, хазах, өшиглөх, цохих, алгадах, дарах, чимхэх, хазах, үсдэх, базах, шахах, боох зэрэг хүч хэрэглэн халдаж буй гэмт үйлдлээр илрэх ба гадаад хэлбэрээрээ бие эрхтний үйлдэл, хөдөлгөөн, зан үйлийн тодорхой зорилго, үр дүнд чиглэсэн идэвхтэй үйл ажиллагаа юм.

 

Гэмт эс үйлдэхүй нь хүний бие махбодид хүч хэрэглэн халдаж байгаа гэмт үйлдлийн улмаас гэмтэл бэртэл тодруулбал хөнгөн хохирол, хор уршиг учрахыг мэдэж байгаа боловч уг гэмт үйлдлээ хүсэж хийсэн, гэмтэл бэртэл буюу хөнгөн хохирол, хор уршигт зориуд хүргэх гэсэн сэдэлт, зорилготой, санаатай хэлбэрээр илэрч байдаг.

Мөн “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргийн бусад гэмт хэргүүдээс ялгагдах нэг онцлог нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу хорин найман хоног, түүнээс доош хугацаагаар түр сарниулсан, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт бага хэмжээгээр буюу 5-10 хувийн тогтонги алдагдсан байхаар журамлагдсаныг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай гэм буруутай гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу хорин найман хоног, түүнээс бага хугацаагаар түр сарниулсан, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт бага хэмжээгээр буюу 5-10 хувийн тогтонги алдагдсан байхаар журамлагдсан хөнгөн хохирол, хор уршиг учирсан бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан бөгөөд материаллаг шинжтэй, хөнгөн гэмтэл учирсан бол төгссөн гэмт хэрэг юм.

 

Эрүүгийн 2239003790410 дугаартай хэрэгт авагдсан энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчөөгүй, шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтаас дүгнэхэд

шүүгдэгч Т иргэн Ш-ын нүүр хэсэгт нь өшиглөж, биед нь хүч хэрэглэн халдаж буй гэмт үйлдлээрээ ямар нэгэн гэмтэл бэртэл учрахыг мэдсээр байж хутгалсан гэмт үйлдлийн улмаас хохирогч Ш-ын биед баруун хөмсөгний гадна дээд хэсгийн язарсан шарх бүхий хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.

 

Шүүгдэгч Т нь хохирогч Ш-ын биед хүч хэрэглэн халдаж өшиглөж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, энэ гэмт үйлдлийн улмаас хохирогч Ш-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан хохирол, хор уршигт зориуд сэдэлт, зорилготой хүргэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд тухайн гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Тийн гэм буруутай санаатай үйлдлийн улмаас хохирогч Ш-ын биед баруун хөмсөгний гадна дээд хэсгийн язарсан шарх бүхий хөнгөн хохирол учирсан байна.

 

Хохирогч Ш нь гэмт хэргийн улмаас үүссэн хохирол болох эмчилгээний зардал нэхэмжлээгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй ба хохирогч шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болох нь шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн баримт болон шүүх хуралдааны товыг хохирогчид мэдэгдэж утсаар ярьсан тэмдэглэл зэргээр тус тус тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Тийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдааны Эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч Б.Н:

...Шүүгдэгч Т нь гэмт хэргийн шинж, хувийн байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан, ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Төгсбаяр:

...миний үйлчлүүлэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгийг 5 сарын хугацаанд төлүүлэхээр торгох ял оногдуулж өгнө үү... гэсэн дүгнэлтийг

 

Шүүгдэгч Т:

...торгох ял оногдуулж өгөөч. Би хөдөөгүүр явдаг ажилтай... гэсэн мэдүүлгийг тус тус гаргасан болно.

 

Эрүүгийн хариуцлагын буюу ял шийтгэлийн дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн гаргаж байгаа шүүгдэгч Тэд ...долоон зуун хорин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах тухай... дүгнэлтийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч...600.000 төгрөгийн торгох ял оногдуулж өгнө үү... гэж талууд мэтгэлцдэг.

 

Шүүх улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын ял шийтгэлийн талаарх дүгнэлтийг тус тус хүлээн авах боломжгүй гэж үзсэн бөгөөд шүүгдэгч Тийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэх зүйтэй гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун жаран цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, 

шүүхээс оногдуулсан таван зуун жаран цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар Хэнтий аймгийн Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газарт эдлүүлэхээр тогтоож,

шүүгдэгч Тэд таван зуун жаран цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

шүүгдэгч Тэд шүүхийн шатанд цагдан хоригдсон 1 хоногийг эдлэх таван зуун жаран цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж тооцохыг дурдаж,

шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж тус тус шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

 

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн 2239003790410 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Т энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийн  36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10, 36.13.,

37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус

заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т-г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол

санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Т-г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун жаран цагийн нийтэд тустай ажил хийлгэх  ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т-д  шүүхээс оногдуулсан таван зуун жаран цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөр наймаас дээшгүй цагаар, Хэнтий аймгийн Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газарт эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т-д  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан таван зуун жаран цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.    

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг шүүгдэгч Т-ийн цагдан хоригдсон 1 /нэг/ хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагаар тооцож, таван зуун жаран цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж, нийт таван зуун тавин хоёр цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

 

6. Эрүүгийн 2239003790410 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Т энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, шүүгдэгчээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т-д  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Т-д  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ш.ГАНДАНСҮРЭН