Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 2023/ШЦТ/13

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

                                                                                    Хэргийн индекс: 180/2023/0006/Э

 

Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,

улсын яллагч Н,

шүүгдэгч П.Г ,

хохирогч Э.А  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "Б" танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанаар,

 

Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г-д холбогдох эрүүгийн 2239003680408 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 

                                                Холбогдсон хэргийн талаар:

                                                /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч П.Г  нь 022 оны 09 дүгээр сарын 23-ний шөнө 21 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, А26 дугаар байрны гадна талд Э.А тай “эхнэрийг нь уруу татаж, архи уудаг” гэх шалтгаанаар маргалдаж, үсдэх, цохих, өшиглөх зэргээр зодож Э.А ы эрүүл мэндэд тархи доргилт, хамрын таславчийн мурийлт, зүүн бугалга, хэвлийн доод хэсэг, баруун гуяны хэсгүүдийн цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт

Шүүгдэгч П.Г :

...Өнгөрсөн оны 09 сарын 23-ны өдөр Тэмүүжин сургуулийн ой болсон. Бид нар цагдаагийн сургалтын төв дээр байсан. ...Эхнэрийгээ аваад харих гэхэд Э.А  эхнэртэй маань хамт явж байсан. Эхнэрийг уруу татдаг гээд маргалдаж байгаад миний хамрыг маажсан. Цусаа хараад уурандаа гаргах гэж байгаа санаагаа буруу гаргасан. Бүсэлхийнээс доогуур өшиглөөд, ...түлхсэн. Өөрөөр айхтар юм болоогүй... гэж,

 

Хохирогч Э.А :

...Сайнаа хоёулаа хамт яваад ирье гээд очиход Г  ангийнхаа нэг хүнтэй муудалцаад байж байсан. ...Арынхаа суудалд суулгаад аваад явж байсан чинь бид хоёрыг янхан, гичий гээд байсан. ...Хэрэлдээд явах замд гэрийнх нь гадаа ирж таарсан. Урд талын суудал дээрээс үсдэж дараад, нүүр рүү 2, 3 удаа цохисон. ...Тэгсэн чинь хажуугаар 2, 3-н хүүхэд явж байгаад салгаад холдуулсан. Тэгтэл ...тэр хүүхдүүдийг ч ална гээд, намайг ч ална гээд байсан. Тэгж байгаад өөрийнхөө нүүрийг урчхаад намайг маажсан гэж мэдүүлэг өгсөн байсан. Би хиймэл хумс хийлгэсэн байсан. Хиймэл хумсаар хэзээ ч хүн мааждаггүй. ...Би маш их гомдолтой, хохиролтой байна. Цохиулснаас хойш зүүн нүд маань татаад байгаа, хэвлийдээ өшиглүүлснээс хойш миний биеийн юм хааяа ирэхгүй байгаа. Эмэгтэйчүүд, толгойгоо мэргэжлийн эмнэлэгт үзүүлье гэж бодож байгаа. Эхнэртэй нь найз байсныхаа төлөө энэ хүнд зодуулж, доромжлуулсан. ...Миний нэр төрд халдсан. Зүв зүгээр байсан 10-н жилийн жаахан хүүхдүүдэд хүртэл та нарыг эцэг, эхийнх нь хажууд ...ална гэж хэлсэн. ...Энэ бол хүнийг гүтгэж байгаа гүтгэлэг. ...Нэг удаадаа больё гэж бодсон боловч өгсөн мэдүүлгийг нь хараад  дургүй хүрсэн. Намайг гүтгэсэн байна лээ. ...Би 3 хүүхэдтэй хүн яаж хүүхдүүдээ хаяад архи ууж явах вэ дээ. Гэхдээ би эдний эхнэрийг дагуулаад явдаггүй. Хамт олноороо явдаг. Бид нар шөнөжингөө явж байгаагүй. Нисээд 12 цаг гээд харьдаг байсан. Хуулийн дагуу авах арга хэмжээг нь авч өгөөсэй гэж хүсэж байна... гэж тус тус мэдүүлжээ.

 

Үйл баримт:

Эрүүгийн 2239003680408 дугаартай хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч П.Г ы 2022 оны 09 дүгээр сарын 23-ний шөнө 21 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, А26 дугаар байрны гадна талд Э.А тай “эхнэрийг нь уруу татаж, архи уудаг” гэх шалтгаанаар маргалдаж, үсдэх, цохих, өшиглөх зэргээр зодож Э.А ы эрүүл мэндэд тархи доргилт, хамрын таславчийн мурийлт, зүүн бугалга, хэвлийн доод хэсэг, баруун гуяны хэсгүүдийн цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/,

шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 632 дугаартай ...Э.А ы биед тархи доргилт, хамрын таславчийн мурийлт, зүүн бугалга, хэвлийн доод хэсэг, баруун гуяны хэсгүүдийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /хх-ийн 40-42 дугаар хуудас/,

хохирогч Э.А ы  ...Г  чи намайг нэрээр минь дууддаг хэн бэ, ах захгүй гээд ууж байсан усаараа намайг цацсан. Тэгээд гэрийнх нь гадаа маргалдсан, машинаас буухад Г  намайг үсдэж, урд суудал дээр нь дарсан. Тухайн үед машины хаалга нээлттэй байсан юм. Сайнбилэг бид хоёрыг салгах гээд тойрч ирэх хооронд Г  миний нүүрэнд гараараа 2-3 удаа цохисон. Тэгээд Сайнбилэг ирээд бид хоёрыг салгахад гудамжинд явж байсан 10 дугаар ангийн гэмээр 3 хүүхэд ирж хамт салгасан. Мөн нэг эмэгтэй ирж хамт салгасан. Сайнбилэг нөхрөө цааш нь татаад сандал дээр суулгасан. Энэ үед би Г д хандаж би “хажуудахаа зовоосон арчаагүй” гээд хэлсэн чинь гүйж ирээд миний хэвлий хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. ...Би маш их гомдолтой байна. Г  миний биед тархи доргилт, хамрын таславчийн мурийлт, зүүн бугалга, хэвлийн доод хэсэг, баруун гуяны хэсэгт цус хурсан гэмтэл шарх учруулсан... /хх-ийн 12-14 дүгээр хуудас/,

...Би Г д зодуулсны улмаас миний биед учирсан гэмтэл шарханд томографик зураг авхуулахад 36,000 төгрөг, мөн 44,000 төгрөгийн эм авч хэрэглэсэн. Томографик зураг авхуулсан мөнгөн дүнгийн баримтыг хэргийн материалд тусгахаар өгсөн. Авч хэрэглэсэн эмийн баримт байхгүй, хаягдсан юм шиг байна. Би Г аас одоогоор 80,000 төгрөг нэхэмжилнэ. Цаашид толгой болон  эмэгтэйчүүдийн эмнэлэгт үзүүлж,  нарийн шинжилгээ хийлгэж, тодосгогчтой  томографикийн зураг авхуулах шаардлагатай байх тул цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дүгээр хуудас/,

гэрч Б.Сайнбилэгийн ...Манай нөхрийг хөлөөрөө тийрсэн чинь манай нөхөр Г  үсдээд хоорондоо ноцолдохоор нь би голоор нь ороод салгасан. Тэгсэн байрны гадаа явж байсан гурван 10 жилийн хүүхдүүд ахаа болио гэж байсан. Тэгсэн манай найз Э.А  манай нөхөртэй маргалдаад эргэж очоод хоорондоо маргалдаад бие биеэ өшиглөөд байхаар нь би цагдаа өгсөн нь дээр юм байна гэсэн чинь цагдаад дуудлага өгөх шиг болсон. Тэгсэн манай нөхөр Г  гэртээ ороод явсан... /хх-ийн 21-22 дугаар хуудас/,

...Манай нөхөр машинаас бууж ирээд Э.А ы  сууж явсан талын машины хаалга нээлттэй байхад нь нөхөр Г , Э.А ыг түлхээд сууж байсан суудал дээр нь буцаж суулгаад үсдээд ноцолдсон. ...Тэгээд Э.А  манай нөхөртэй маргалдаж хэрэлдээд очиж ноцолдоод  Г , Э.А  нар бие биеэ өшиглөөд байхаар нь би дахин дундуур нь орж салгаад Э.А ыг цагдаа дууд гэж хэлсэн /хх-ийн 25-27 дугаар хуудас/,

яллагдагчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, албан бичиг, тогтоолын хуулбар /хх-ийн 75-80 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна. 

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ...прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд... шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруу

Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч Н:

...шүүгдэгч П.Г ы үйлдсэн гэмт хэрэг нь эрүүгийн хэрэгт авагдсан болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч П.Г ы Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна... гэсэн дүгнэлтийг,

 

Хохирогч Э.А :

...Гэм буруутай гэж үзэж байна. ...Хойшид үзүүлэх мөнгө нэхэмжлээд нийт 1.000.000 төгрөг нэхэмжилж байна. Эмэгтэйчүүд, толгойн томографикт харуулах, нааш цааш явах унааны зардлаа нэхэмжилж байна... гэсэн мэдүүлгийг,

 

Шүүгдэгч П.Г :

...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэсэн мэдүүлгийг тус тус гаргасан.

 

Улсын шүүгдэгч П.Г ыг гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч П.Г  нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй ба түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.

 

Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч П.Г  дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлдэг.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг...” гэж,

 

Тэгвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана.” гэж,

2 дахь хэсэгт “Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно.” гэж тус тус хуульчилсан байна.

 

Хуулийн ойлголтоос харахад энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан нийгэмд аюултай гэм буруутай /гэмт/ үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхээр байна.

 

Үүнээс үзэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан гэмт хэргүүд гэдэг нь хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй хийснийг буюу хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг гэж,

мөн тусгай ангид заасан тохиолдолд нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг буюу материаллаг шинжтэй гэмт хэрэг гэж тус тус ойлгохоор заасан.

 

Шүүгдэгч П.Г ы холбогдсон тухайн гэмт хэрэг нь энэ хуулийн тусгай ангийн Арван нэгдүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд энэ бүлэгт заасан гэмт хэргүүд хүний эрүүл мэндийн эрхийн халдашгүй байх эрхийг хуулиар хамгаалж өгсөн ба тухайн эрх нь зөрчигдсөн, хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилж өгсөн.

 

Мөн “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргүүд нь хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр, хөнгөн гэмтлийг буюу хохирол, хор уршгийг санаатай, болгоомжгүй, эсхүл санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж учруулж байгаагаараа зүйлчлэлийн хувьд өөр хоорондоо ялгаатай ба Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бусад гэмт хэргүүд болон Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан “Хүний биед халдах” зөрчлийн хэргээс тус тус ялгагддаг.

 

Тус гэмт хэрэг нь хүний бие махбодид түлхэх, чирэх, мушгих, хазах, өшиглөх, цохих, алгадах, дарах, чимхэх, хазах, үсдэх, базах, шахах, боох зэрэг хүч хэрэглэн халдаж буй гэмт үйлдлээр илрэх ба гадаад хэлбэрээрээ бие эрхтний үйлдэл, хөдөлгөөн, зан үйлийн тодорхой зорилго, үр дүнд чиглэсэн идэвхитэй үйл ажиллагаа юм.

Гэмт эс үйлдэхүй нь хүний бие махбодид хүч хэрэглэн халдаж байгаа гэмт үйлдлийн улмаас гэмтэл бэртэл тодруулбал хөнгөн хохирол, хор уршиг учрахыг мэдэж байгаа боловч уг гэмт үйлдлээ хүсэж хийсэн, гэмтэл бэртэл буюу хөнгөн хохирол, хор уршигт зориуд хүргэх гэсэн сэдэлт, зорилготой, санаатай хэлбэрээр илэрч байдаг.

 

Мөн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн бусад гэмт хэргүүдээс ялгагдах нэг онцлог нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу хорин найман хоног, түүнээс доош хугацаагаар түр сарниулсан, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт бага хэмжээгээр буюу 5-10 хувийн тогтонги алдагдсан байхаар журамлагдсаныг дурдах нь зүйтэй.

 

“Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэсэн үндсэн, “онц харгис хэрцгийгээр”, “олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар”, “захиалгаар”, “өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор”, “өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор”, “хоёр, түүнээс олон хүнийг”, “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд, жирэмсэн болохыг мэдсээр байж”, “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж”, “эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотны хүнийг”, “зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн зохион байгуулалттай гэмт үйл ажиллагааныхаа явцад”, “бүлэглэж”, “эрүүдэн шүүж”, “цус, эд, эрхтнийг авах зорилгоор”, “үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэсэн хүндрүүлэх шинжүүдийг хангасан байхаар хуульчилсан.

 

Үүнтэй холбоотойгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай гэм буруутай гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу хорин найман хоног, түүнээс бага хугацаагаар түр сарниулсан, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт бага хэмжээгээр буюу 5-10 хувийн тогтонги алдагдсан байхаар журамлагдсан хөнгөн хохирол, хор уршиг учирсан бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан бөгөөд материаллаг шинжтэй, хөнгөн гэмтэл учирсан бол төгссөн гэмт хэрэг юм.

 

Гэхдээ хохирол, хор уршиг учруулсан үйлдэл, эс үйлдэхүй болгон гэмт хэрэгт тооцогдохгүй.

Учир нь нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь учраагүй бол Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж, зодсон бол” гэсэн зөрчлийн хэрэг болно.

 

Шүүгдэгч П.Г  хохирогч иргэн Э.А ыг цохиж зодон, биед нь хүч хэрэглэн халдаж буй гэмт үйлдлээрээ ямар нэгэн гэмтэл бэртэл учрахыг мэдсээр байж цохиж зодсон, энэ цохиж зодсон гэмт үйлдлийн улмаас  хохирогч хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.

 

Тэрээр Шүүгдэгч П.Г  нь хохирогч Э.А ы биед хүч хэрэглэн халдаж үсдэж, цохиж, өшиглөн зодож буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, энэ гэмт үйлдлийн улмаас хохирогч Э.А ы эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан хохирол, хор уршигт зориуд сэдэлт, зорилготой хүргэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд тухайн гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч П.Г ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хохирол, хор уршиг:

Шүүгдэгч П.Г ы гэм буруутай санаатай үйлдлийн улмаас хохирогч Э.А ы биед тархи доргилт, хамрын таславчийн мурийлт, зүүн бугалга, хэвлийн доод хэсэг, баруун гуяны хэсгүүдийн цус хуралт  бүхий хөнгөн хохирол учирсан байна.

 

Хохирогч Э.А  гэмт хэргийн улмаас учирсан хөнгөн гэмтлийн улмаас эмчилгээний зардалд хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд нийт 36.000 /гучин зургаан мянга/ төгрөгийг, мөн цаашид гарах эмчилгээний зардал болох 1.000.000 /нэг сая/ төгрөгийг нэхэмжилжээ.

 

Шүүх хохирогчийн биеийн байдалтай холбоотойгоор цаашид гарах эмчилгээний зардал нэхэмжилнэ гэснийг хүлээн авч, энэ талаарх баримтаа бүрдүүлж, шүүгдэгч П.Г аас Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээснийг дурдаж, шүүгдэгч П.Г аас хавтаст хэрэгт авагдсан эмчилгээний зардал болох 36.000 /гучин зургаан мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Э.А д олгож шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлага:

Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч Н:

...шүүгдэгч П.Г ы үйлдсэн гэмт хэргийн шинж хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750 нэгж буюу 750.000 төгрөгөөр торгох саналтай байна... гэсэн дүгнэлтийг,

 

Хохирогч Э.А :

...хэлэх зүйл байхгүй... гэсэн мэдүүлгийг,

           

Шүүгдэгч П.Г :

...эхнэр бид хоёрын биеийн байдал эрүүл мэндийн шалтгаантай учраас хөнгөрүүлж өгнө үү... гэсэн мэдүүлгийг тус тус гаргасан болно.

 

улсын яллагчийн гаргаж байгаа шүүгдэгч П.Г д ...750.000 төгрөгийн торгох ял оногдуулах... гэсэн дүгнэлтийг, шүүгдэгч П.Г  ...хөнгөрүүлж өгнө үү... гэсэн маргаж байгаа дүгнэлтүүдийг тус тус шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Учир нь шүүгдэгч П.Г ы үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор  уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 6.5., 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэлийг оногдуулах нь Эрүүгийн хариуцлагын зорилго, хүрэх үр дүнд нийцнэ.

 

Иймд шүүгдэгч П.Г д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар долоон зуун хорин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж,

шүүхээс оногдуулсан долоон зуун хорин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй  цагаар тогтоож, эдлэх ялыг Хэнтий аймгийн Хэрлэн сумын Засаг даргын тамгын газарт эдлүүлэхээр тогтоож,

шүүгдэгч П.Г  нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж,

шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж тус тус шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

 

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн 2239003680408 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч П.Г  энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.4 дүгээр зүйлийн 2., 36.6.,

36.7., 36.8., 36.10, 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн

1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун хорин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан долоон зуун хорин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар, Хэнтий аймгийн Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газарт эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан долоон зуун хорин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.    

 

5. Шүүгдэгч Г-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6. Эрүүгийн 2239003680408 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Г  энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, шүүгдэгчээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5., Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Г аас 36.000 /гучин зургаан мянга/ төгрөгийг гаргуулан Э.А д олгосугай.

 

8. Хохирогч Э.А  нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлж, шүүгдэгч Г аас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

9. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

10. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

11. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

12. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ш.ГАНДАНСҮРЭН