Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн

2023 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 2023/ШЦТ/14

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

                                                                                    Хэргийн индекс: 180/2023/0004/Э

 

Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Э.Түвшинзаяа,

улсын яллагч Д.Ч,

шүүгдэгч Б.Ч,

хохирогч П.Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанаар,

 

Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ч-д холбогдох эрүүгийн 2239004140427 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

                                                Холбогдсон хэргийн талаар:

/Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Б.Ч нь Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Эрүүл мэндийн төвийн урд талын авто зогсоолд зогсож байсан 0 улсын дугаартай “Марк-2” маркийн тээврийн хэрэгсэл дотор 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 17 цагийн орчим Ж-г  эхнэртэйгээ хардаж, улмаар баруун гараараа Ж-н  хамар хэсэгт 1 удаа цохиж, түүний эрүүл мэндэд хамар ясны далд хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний доод зовхины дотор хэсгүүдийн цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт

Шүүгдэгч Б.Ч:

...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэсэн мэдүүлгийг,

 

Хохирогч П.Ж:

...2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн орой Улаанбаатар хотоос би Жаргалтхаан суманд ирсэн. Жаргалтхаан суманд ирээд Эрүүл мэндийн төвийн жолооч Азжаргал гэх хүнээр машинаа янзлуулах гээд гражны үүдэнд зогсож байхад 0 улсын дугаартай марк-2 маркийн тээврийн хэрэгсэлд Сэлэнгэжаргал, Ууганчимэг хоёр байсан. Сэлэнгэжаргал намайг дуудахад нь би хажууд нь машинтайгаа очоод зогссон. Очиж зогсоод цонхоо онгойлгоод юм ярьж байхад машинд суучих ороод ир гэсэн. Машинд нь ороод сууж байхад Б.Ч ирсэн. Арын хаалгыг татаад онгойлгоход нь би юу байна ах гэж асуусан. Б.Ч тайвандаа гэж хариулсан. Машины урд талын суудал дээр эхнэр нь сууж байсан.  Эхнэрийнхээ сууж байсан талын хаалгыг онгойлгоод буу явъя гэж хэлсэн. Би тэр үед нь машинаас буух гээд тонгойход намайг цохисон... гэсэн мэдүүлгийг тус тус гаргасан.

 

Үйл баримт:

Эрүүгийн 2239004140427 дугаартай хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч Б.Чын Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Эрүүл мэндийн төвийн урд талын авто зогсоолд зогсож байсан 0 улсын дугаартай “Марк-2” маркийн тээврийн хэрэгсэл дотор 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 17 цагийн орчим Ж-г  эхнэртэйгээ хардаж, улмаар баруун гараараа Ж-н  хамар хэсэгт 1 удаа цохиж, түүний эрүүл мэндэд хамар ясны далд хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний доод зовхины дотор хэсгүүдийн цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 8 дугаар хуудас/,

шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 718 дугаартай  ...Ж-н  биед хамар ясны далд хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний доод зовхины дотор хэсгүүдийн цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. ...хөнгөн гэмтлийн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /хх-ийн 41-42 дугаар хуудас/,

хохирогч Ж-н  ...Тухайн өдөр би 16 цагийн үед Жаргалтхаан сумын эрүүл мэндийн төвийн граж дотор машинаа янзлуулах гээд гражны хашааны гадаа зогсож байхад эрүүл мэндийн төвийн урд машины зогсоол дээр машинтай Ууганчимэг, Сэлэнгэжаргал нар намайг дуудаад байхаар нь дотор нь ороод юм яриад сууж байхад удалгүй Ууганчимэгийн нөхөр Ч машин дээр ирээд сууж байсан талын хаалгыг онгойлгоод гараараа нэг удаа миний хамар луу цохиод эхнэрийгээ дагуулаад яваад өгсөн тэгээд миний хамраас цус гараад тогтохгүй байхаар нь би цагдаа дуудаад эмнэлэг рүү ороод хамрынхаа цусаа тогтоолгочхоод байж байхад цагдаа нар ирсэн. ...Тухайн үед машинд Ууганчимэг, Сэлэнгэжаргал, Ч бид 4 байсан... /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,

гэрч Э.Ууганчимэгийн ...Эмнэлгийн гражны урд талд манай сумын иргэн Ж сууж байхаар нь Сэлэнгэжаргал түүнийг дуудтал Ж ирээд машин дотор суусан юм. Тэгээд бид гурав юм яриад сууж байтал манай нөхөр болох Ч ирэхээр нь би өөрийнхөө машинд суутал Ч зөрж буугаад бид нарын сууж байсан машины хаалгыг онгойлгоод Жийг цохичихсон байсан... /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

гэрч Э.Сэлэнгэжаргалын ...Би тухайн өдөр өөрийн найз Ууганчимэгийн хамт Жаргалтхаан сумын эрүүл мэндийн төвийн урд зогсоол дээр машинд сууж байсан чинь таньдаг Ж эмнэлгийн гражны үүдэнд сууж байхаар нь би Жийг дуудаад Ж бид хоёрын сууж байсан машины арын суудалд суусан тэгээд бид 3 юм яриад сууж байхад Ууганчимэгийн нөхөр Ч ирээд машины арын хаалга онгойлгоод Жийн нүүр лүү нэг удаа гараараа цохиод яваад өгсөн тэгээд Ж эмнэлэг рүү орсон. ...Эхнэр Ууганчимэгтэй хардаад цохисон байх... /хх-ийн 27-28 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна. 

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ...прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд... шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруу:

Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч Д.Ч:

...Шүүгдэгч Б.Ч нь Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Эрүүл мэндийн төвийн урд талд байрлах авто зогсоолд 0190ХЭҮ улсын дугаартай марк-2 тээврийн хэрэгсэл дотор 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Ж-г  эхнэртэйгээ хардаж улмаар баруун гараараа Ж-н  хамар буюу нүүр хэсэгт нэг удаа цохиж, түүний эрүүл мэндэд хамар ясны далд хугарал, зөөлөн эдийн няцрал, нүдний доод хэсгийн цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Ж-н  мэдүүлэг, гэрч Ууганчимэгийн мэдүүлэг, гэрч Сэлэнгэжаргалын мэдүүлэг, Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 718 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ж-н  эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Шүүгдэгч П.Ж нь 2,000,000 төгрөг нэхэмжилнэ гэсэн боловч одоогийн байдлаар хохирол нэхэмжилж буй баримт авагдаагүй. Мөн хохирол төлсөн баримт авагдаагүй байх тул шүүгдэгч Б.Чыг бусдад төлөх төлбөртэй гэж тооцуулах саналтай байна...  гэсэн дүгнэлтийг,

 

Хохирогч П.Ж:

...Гэм буруутай гэж үзэж байна. Гомдолтой байна. 2.000.000 төгрөг нэхэмжилнэ гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Б.Ч:

...хэлэх зүйл байхгүй... гэсэн мэдүүлгийг тус тус гаргасан.

 

Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд гаргасан улсын яллагчийн шүүгдэгч Б.Чыг гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Ч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй ба түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.

 

Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч Б.Ч дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлдэг.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг”,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг.” гэж хуульчилсан.

 

Шүүгдэгч Б.Чын холбогдсон тухайн гэмт хэрэг нь энэ хуулийн тусгай ангийн Арван нэгдүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэгт хамаарна. Энэ бүлэгт заасан гэмт хэргүүдэд хүний эрүүл мэндийн халдашгүй байх эрхийг хуулиар хамгаалж өгсөн тухайн эрх нь зөрчигдсөн, хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилж өгсөн.

 

Мөн “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргүүд нь хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр, хөнгөн гэмтлийг буюу хохирол, хор уршгийг санаатай, болгоомжгүй, эсхүл санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж учруулж байгаагаараа зүйлчлэлийн хувьд өөр хоорондоо ялгаатай ба Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бусад гэмт хэргүүд болон Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан “Хүний биед халдах” зөрчлийн хэргээс тус тус ялгагддаг.

 

Тус гэмт хэрэг нь хүний бие махбодид түлхэх, чирэх, мушгих, хазах, өшиглөх, цохих, алгадах, дарах, чимхэх, хазах, үсдэх, базах, шахах, боох зэрэг хүч хэрэглэн халдаж буй гэмт үйлдлээр илрэх ба гадаад хэлбэрээрээ бие эрхтний үйлдэл, хөдөлгөөн, зан үйлийн тодорхой зорилго, үр дүнд чиглэсэн идэвхтэй үйл ажиллагаа юм.

 

Гэмт эс үйлдэхүй нь хүний бие махбодид хүч хэрэглэн халдаж байгаа гэмт үйлдлийн улмаас гэмтэл бэртэл тодруулбал хөнгөн хохирол, хор уршиг учрахыг мэдэж байгаа боловч уг гэмт үйлдлээ хүсэж хийсэн, гэмтэл бэртэл буюу хөнгөн хохирол, хор уршигт зориуд хүргэх гэсэн сэдэлт, зорилготой, санаатай хэлбэрээр илэрч байдаг.

 

Мөн “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргийн бусад гэмт хэргүүдээс ялгагдах нэг онцлог нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу хорин найман хоног, түүнээс доош хугацаагаар түр сарниулсан, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт бага хэмжээгээр буюу 5-10 хувийн тогтонги алдагдсан байхаар журамлагдсаныг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай гэм буруутай гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу хорин найман хоног, түүнээс бага хугацаагаар түр сарниулсан, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт бага хэмжээгээр буюу 5-10 хувийн тогтонги алдагдсан байхаар журамлагдсан хөнгөн хохирол, хор уршиг учирсан бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан бөгөөд материаллаг шинжтэй, хөнгөн гэмтэл учирсан бол төгссөн гэмт хэрэг юм.

 

Шүүгдэгч Б.Ч иргэн Ж-н  хамар хэсэгт гараараа цохиж, биед нь хүч хэрэглэн халдаж буй гэмт үйлдлээрээ ямар нэгэн гэмтэл бэртэл учрахыг мэдсээр байж цохих гэмт үйлдлийн улмаас хохирогч Ж-н  биед хамар ясны далд хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний доод зовхины дотор хэсгүүдийн цус хуралт бүхий хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.

 

Шүүгдэгч Б.Ч нь хохирогч Ж-н  биед хүч хэрэглэн халдаж цохиж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, энэ гэмт үйлдлийн улмаас хохирогч Ж-н  эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан хохирол, хор уршигт зориуд сэдэлт, зорилготой хүргэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд тухайн гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Б.Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хохирол, хор уршиг:

Шүүгдэгч Б.Чын гэм буруутай санаатай үйлдлийн улмаас хохирогч Ж-н  биед хамар ясны далд хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний доод зовхины дотор хэсгүүдийн цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан байна.

 

Хохирогч П.Ж нь мөрдөн байцаалтын шатанд гэмт хэргийн улмаас үүссэн хохирол болох эмчилгээний зардал нэхэмжлээгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй боловч шүүх хуралдааны явцад 2.00.000 төгрөг нэхэмжилнэ гэжээ.  

 

Шүүх хохирогчийн шүүх хуралдааны шатанд баримтгүй нэхэмжилсэн 2.000.000 /хоёр сая/ төгрөгтэй холбоотой асуудлыг энэ шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй орхиж, цаашид гарах эмчилгээний зардал нэхэмжилнэ гэснийг хүлээн авч, энэ талаарх нотлох баримтуудаа бүрдүүлж, шүүгдэгч Б.Чаас Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

.

Иймд шүүгдэгч Б.Чыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага:

Шүүх хуралдааны Эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч Д.Ч:

...Шүүгдэгч Б.Чын үйлдсэн гэмт хэргийг гэмт буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатайгаар учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Б.Чад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх саналтай байна. Уг гэмт хэргийн улмаас Ж-н  эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй байна... гэсэн дүгнэлтийг,

 

Хохирогч П.Ж:

...хэлэх зүйл байхгүй... гэсэн тайлбарыг,

 

Шүүгдэгч Б.Ч:

...Торгох ялаар шийтгэж өгнө үү. ...Би П.Жоос эмчилгээнд хэдэн төгрөг хэрэгтэй вэ? гэж асуусан. Баримтаа өгсөн бол төлөх боломжтой байсан. Тухайн үед эмнэлгээр цуг үзүүлж харуулаад явах байсан. Надад таньдаг эмч байгаа гэж хэлж байсан. Тэгсэн надаас ямар ч зүйл нэхэмжлээгүй. ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Ажил байдлыг минь харгалзан үзэж мөнгөн торгууль оногдуулж өгнө үү хэмээн хүсэж байна... гэсэн мэдүүлгийг тус тус гаргасан болно.

 

            Улсын яллагчийн гаргаж байгаа шүүгдэгч Б.Чад...долоон зуун цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах... гэсэн дүгнэлтийг, шүүгдэгч Б.Ч...торгох ялаар шийтгэж өгнө үү... гэж мэтгэлцдэг.

            Шүүх улсын яллагчийн ял шийтгэлийн талаарх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн бөгөөд шүүгдэгч Б.Чын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор  уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 6.5., 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэлийг оногдуулах нь Эрүүгийн хариуцлагын зорилго, хүрэх үр дүнд нийцнэ.

 

Иймд шүүгдэгч Б.Чад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар 1312 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.312.000 /нэг сая гурван зуун арван хоёр мянга/ төгрөгийн торгох ял оногдуулж,

шүүхээс шүүгдэгч Б.Чад оногдуулсан 1312 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.312.000 /нэг сая гурван зуун арван хоёр мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т заасан хугацаагаар биелүүлэхийг, биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж,

шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж тус тус шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

 

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн 2239004140427 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.Ч энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийн  36.1., 36.2., 36.4 дүгээр зүйлийн 2.,

 36.6., 36.7., 36.8., 36.10, 36.13.,37.1 дүгээр зүйлийн 2., 38.2

дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг

удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1312 /нэг мянга гурван зуун арван хоёр/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.312.000 /нэг сая гурван зуун арван хоёр мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1312 /нэг мянга гурван зуун арван хоёр/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.312.000 /нэг сая гурван зуун арван хоёр мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаагаар биелүүлэхийг, биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Ч-д шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Хохирогч Ж нь 2.000.000 /хоёр сая/ төгрөгийн болон цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлж, шүүгдэгч Баатарын хошуу овгийн Бавуудоржийн Чаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн 2239004140427 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ч энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, шүүгдэгчээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ч-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ч-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ш.ГАНДАНСҮРЭН