| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ш.Гандансүрэн |
| Хэргийн индекс | 180/2023/0010/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/15 |
| Огноо | 2023-01-11 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Д.Ч |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 2023/ШЦТ/15
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2023/0010/Э
Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Э.Түвшинзаяа,
улсын яллагч Ч
шүүгдэгч Д.О , шүүгдэгч Ц.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д-ын О , Ц-ийн О нарт холбогдох эрүүгийн 2239000000428 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Д.О нь Хэнтий аймгийн Баян-Адарга сумын 3 дугаар багийн нутаг “Мэхээрч” гэх газраас Ц.О-тэй бүлэглэж, үгсэн тохирч 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 8-9 цагийн үед Б-ээс итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө буюу үхэр сүргээс 1 тооны шүдлэн насны үхрийг өөрийн идшиндээ хэрэглэж, түүнд 1.040.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,
Яллагдагч Ц.О нь Хэнтий аймгийн Баян-Адарга сумын 3 дугаар багийн нутаг “Мэхээрч” гэх газраас Д.О тэй бүлэглэж, үгсэн тохирч 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 8-9 цагийн үед Б-ээс итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө буюу үхэр сүргээс 1 тооны шүдлэн насны үхрийг өөрийн идшиндээ хэрэглэж, түүнд 1.040.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт
Шүүгдэгч Д.О :
...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хэлэх зүйл байхгүй... гэсэн мэдүүлгийг,
Шүүгдэгч Ц.О:
...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хэлэх зүйл байхгүй... гэсэн мэдүүлгийг тус тус гаргажээ.
Үйл баримт:
Эрүүгийн 2239000000428 дугаартай гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж, авсан нотлох баримтуудаас шүүгдэгч Д.О , Ц.О нарын урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 8-9 цагийн үед Хэнтий аймгийн Баян-Адарга сумын 3 дугаар багийн нутаг “Мэхээрч” гэх газраас Б-ээс итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө буюу үхэр сүргээс 1 тооны шүдлэн насны үхрийг өөрийн идшиндээ хэрэглэж, түүнд 1.040.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/
“Фэйр валуэшн” ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 374 дугаартай: “...1 тооны үхрийг 1.040.000 төгрөгөөр үнэлсэн...” гэх үнэлгээний тайлан /хх-н 19-21 дүгээр хуудас/,
хохирогч Ж.Б-ийн ...Манай малыг Жугамтын гүүрний хажууд сумаас 20 км зайд О гэх хүн малладаг юм. Зуу гаран тооны үхэр малладаг. 2022 оны 10 дугаар сарын сүүлээр манай үхрээс нэг тооны цагаан толгойтой улаан охин шүдлэн үхэр алга болсон байна. Би энэ алга болсон үхрээ өөрийн малчин болох Оюун-Эрдэнийг сэжиглэж байна. ...Манай малаас О надад хэлэхгүйгээр захиран зарцуулах эрх байхгүй... /хх-ийн 7-8 дугаар хуудас/,
яллагдагч Д.О-ийн ...2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Ж.Б-ийн цагаан толгойтой ухаа халзан охин шүдлэнг өөрийн ахуйн хэрэгцээнд хэрэглэсэн, хохирогч ирж махыг нь хараад үнээний мах байна гээд мэдсэн. ...Би зөвшөөрөлгүй авах эрхгүй эхнэр Ц.О бид хоёр л байсан өөр хэн нэгэн хүн мэдээгүй... /хх-ийн 32-33 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ...прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд... шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гэм буруу
Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Ч :
...Шүүгдэгч Д.О нь Хэнтий аймгийн Баян-Адарга сумын 3 дугаар багийн Мэхийн эрч гэх газарт Ц.О-тэй бүлэглэн, үгсэн тохиролцож 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 08-09 цагийн үед Б-ээс итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө буюу үхэр сүргээс 1 тооны шүдлэн үхрийг өөрийн идшинд хэрэглэж түүнд 1,040,000 төгрөгийн хохирол учруулсан. Шүүгдэгч Ц.О нь Хэнтий аймгийн Баян-Адарга сумын 3 дугаар багийн Мэхийн эрч гэх газарт Д.О тэй бүлэглэн, үгсэн тохиролцож 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 08-09 цагийн үед Б-ээс итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө буюу үхэр сүргээс 1 тооны шүдлэн үхрийг өөрийн идшинд хэрэглэж, хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болох хохирогч Ж.Б-ийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл, хохирогч Ж.Б-ийн мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар тал/, Д.О-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар тал/, хөрөнгийн үнэлгээний “Фэйр вэлушин” ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 374 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 19-21 дүгээр тал/ тус тус авагдсан байна. Иймд шүүгдэгч Д.О , Ц.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Энэ гэмт хэргийн улмаас Б д 1 тооны үхэр буюу 1,040,000 төгрөгийн хохирол учирсан. Шүүхийн хэлэлцүүлэгт гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх талаар хохирогчийн бичиг ирсэн байх тул шүүгдэгч Д.О , Ц.О нарыг усдад төлөх төлбөргүй гэж тооцуулах саналтай байна... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Д.О :
...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэсэн мэдүүлгийг,
Шүүгдэгч Ц.О:
...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэсэн мэдүүлгийг тус тус гаргасан.
Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн шүүгдэгч Д.О , Ц.О нарыг гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч нар маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа мэдүүлдэг.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.О , Ц.О нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд тэдний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч , гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул тэднийг гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.
Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээдүүд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч Д.О , Ц.О нар нь дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг...” гэж,
Тэгвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана.” гэж,
2 дахь хэсэгт “Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно.” гэж тус тус хуульчилсан байна.
Хуулийн ойлголтоос харахад энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан нийгэмд аюултай гэм буруутай /гэмт/ үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхээр байна.
Үүнээс үзэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан гэмт хэргүүд гэдэг нь хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг гэж,
мөн тусгай ангид заасан тохиолдолд нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг материаллаг шинжтэй гэмт хэрэг гэж тус тус ойлгохоор заасан.
Шүүгдэгч Д.О , Ц.О нарын холбогдсон тухайн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн Арван долдугаар бүлэгт заасан “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд энэ бүлэгт заасан гэмт хэргүүд нь хүний өмчлөх эрхийн халдашгүй байх эрхийг хуулиар хамгаалж өгсөн бөгөөд тухайн эрх нь зөрчигдсөн, хохирол, хор уршиг учирсан үйл баримт болгоныг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангид тусгайлан зааж хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй, эсхүл нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилж өгсөн.
“Өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэргүүд нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг гэмт этгээд хэрхэн хохирогчоос шилжүүлэн өөрт олж авч байгаагаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах бусад гэмт хэргүүд болж ялгагддаг.
Үүнээс “Хөрөнгө завших” гэмт хэрэг нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан идэвхтэй гэмт үйлдлээр илрэх ба гэмт үйлдэл нь гадаад хэлбэрээрээ зан үйл, бие эрхтнүүдийн харилцан үйлдэл, хөдөлгөөн бөгөөд тодорхой зорилго, үр дүнд чиглэсэн идэвхтэй үйл ажиллагаа юм.
Гэмт эс үйлдэхүй нь итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшиж, өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр захиран зарцуулах эрхгүй гэдгийг мэдэх ёстой, мэдсээр байж өөрийн үзэмжээр захиран зарцуулж, хууль бусаар ашиг орлого олох гэсэн шунахай сэдэлт, зорилготой байдаг.
“Хөрөнгө завших” гэмт хэргийн “Өмчлөх эрхийн эсрэг” бусад гэмт хэргүүдээс ялгагдах нэг онцлог нь шүүгдэгч бусдын буюу өөр хэн нэгний эд хөрөнгө, түүний эрхийг итгэмжлэн хариуцсан этгээд байх боловч тухайн хариуцсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр захиран зарцуулах эрх, үүрэггүй байдгийг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан” гэсэн үндсэн, “албан тушаалын байдлаа ашиглаж”, “бусдад ноцтой, их хэмжээний хохирол учруулж үйлдсэн”, “...зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн” гэсэн гэсэн хүндрүүлэх шинжүүдийг хангасан байхаар хуульчилсан.
Үүнтэй холбоотойгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай гэм буруутай гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний өмчлөх эрхэд бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэгт тооцохгүй байхаар, харин ноцтой, их хэмжээний хохирол учруулж үйлдсэн байхыг хуульчилж өгсөн бөгөөд материаллаг шинжтэй, хохирол, хор уршиг учирснаар төгссөн гэмт хэрэг юм.
Шүүгдэгч Д.О , Ц.О нар иргэн Б-ийн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох үхэр сүргээс 1 тооны шүдлэн насны үхрийг захиран зарцуулах эрхгүй гэдгийг мэдсээр байж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно”, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар “Гэмт хэргийг хоёр ...хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж зааснаар Д.О , Ц.О нар санаатайгаар нэгдэж, бүлэглэж өөрийн идшиндээ хэрэглэж, Б-д 1.040.000 /нэг сая дөчин мянга/ төгрөгийг хохирол буюу 300.001 /гурван зуун мянга нэг/ төгрөгөөс дээш хохирол, хор уршиг учруулсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн гүйцэтгэсэн нь тус тус тогтоогдож байна.
Тэрээр Б-ийн шүүгдэгч нарт итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох 1 тооны шүдлэн үхрийг өөрсдийн үзэмжээр захиран зарцуулж, идшиндээ хэрэглэж байгаа энэхүү үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирогч Б-д 1.040.000 /нэг сая дөчин мянга/ төгрөгийн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд тухайн шүүгдэгч нарын гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогчид учирсан гэмт хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Д.О , Ц.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бүлэглэн, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Хохирол, хор уршгийн тал:
Шүүгдэгч Д.О , Ц.О нарын гэм буруутай санаатай үйлдлийн улмаас хохирогч хохирогч Б-д 1.040.000 /нэг сая дөчин мянга/ төгрөгийн хохирол учирсан байна.
Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлсөн болох нь эрүүгийн шүүх хуралдааны явцад шинээр гаргаж өгсөн хохирогч Ж.Б-ийн гомдол, саналгүй гэх нотариатаар гэрчлүүлсэн хүсэлт болон шүүх хуралдааны товыг хохирогчид мэдэгдэж утсаар ярьж тэмдэглэл үйлдсэн шүүхийн мэдэгдэх хуудсаар тус тус тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Д.О , Ц.О нар энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага:
Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэлийн дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Ч :
...Шүүгдэгч Д.О , Ц.О нарын үйлдсэн гэмт хэргийг гэмт буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг буюу хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Д.О д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, мөн Ц.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Энэ гэмт хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй байна... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Д.О :
...хэлэх зүйл байхгүй... гэсэн мэдүүлгийг,
Шүүгдэгч Ц.О:
...хэлэх зүйл байхгүй... гэсэн мэдүүлгийг тус тус гаргасан болно.
Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэлийн дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагч ...1 жил 05 сар зорчих эрхийг хязгаарлах... гэсэн дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй гэж дүгнэлээ.
Тухайлбал шүүх шүүгдэгч Д.О , Ц.О нарт хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг 1 /нэг/ жил 10 /арав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.О , Ц.О нарт эрх бүхий байгууллагын хяналтад Хэнтий аймгийн Баян-Адарга сумын 3 дугаар баг “Адарга” гэх газраас шилжин явахыг, Улаанбаатар хот болон бусад аймаг, сумдад очихыг хориглох, шүүхээс тогтоосон Хэнтий аймгийн нутаг дэвсгэр доторх чиглэлээр зорчихыг, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, шилжин явах, зорчих эрхийг хязгаарлахыг,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.О , Ц.О нарт зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдэж,
шүүгдэгч Д.О , Ц.О нарт шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэлээ.
Бусад асуудлын талаар:
Эрүүгийн 2239000000428 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Д.О , Ц.О нар энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, тэднээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж байгаа болно.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10., 36.13.,
37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт
тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д-ын О , Ц-ийн О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бүлэглэн, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Д-ын О , Ц-ийн О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг 1 /нэг/ жил 10 /арав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д-ын О , Ц-ийн О нарт эрх бүхий байгууллагын хяналтад Хэнтий аймгийн Баян-Адарга сумын 3 дугаар баг “Адарга” гэх газраас шилжин явахыг, Улаанбаатар хот болон бусад аймаг, сумдад очихыг хориглох, шүүхээс тогтоосон Хэнтий аймгийн нутаг дэвсгэр доторх чиглэлээр зорчихыг, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, шилжин явах, зорчих үүргийг 1 /нэг/ жил, 10 /арав/ сарын хугацаагаар хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д-ын О , Ц-ийн О нарт зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Д-ын О , Ц-ийн О нарт шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6. Эрүүгийн 2239000000428 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Д-ын О , Ц-ийн О нар энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, шүүгдэгч нараас тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
7. Шүүхийн шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д-ын О , Ц-ийн О нарт тус бүр урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.
8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д-ын О , Ц-ийн О нарт тус бүр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН