Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол

2023 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/18

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Хэргийн индекс: 180/2023/0012/Э

 

Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,

улсын яллагч Н , Б.Ө ,

шүүгдэгч Э.З , түүний өмгөөлөгч М.Билгүтэй, Ц.Батзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч З-д холбогдох эрүүгийн 2239000000373 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

 

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Э.З  нь 2022 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Хэнтий аймгийн Баянхутаг сумын 3 дугаар багийн нутаг “Улаан булаг” гэх газраас М.Д-ын  эзэмшлийн 4 тооны бяруу буюу олон тооны малыг уналга буюу морь ашиглан нууц далд аргаар хулгайлж, Б.Б-д зарж борлуулж, хохирогч Х.Д-д 2.600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

мөн 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Хэнтий аймгийн Баянхутаг сумын 3 дугаар багийн нутаг “Улаан булаг” гэх газраас хохирогч Ш.Б-ы эзэмшлийн 1 тооны гунжин үхрийг уналга буюу морь ашиглан нууц далд аргаар хулгайлж, Б.Б-д зарж борлуулж, хохирогч Ш.Б-д 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт  тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт

Шүүгдэгч Э.З :

...2022 оны 02 сарын эхээр манай им, тэмдэггүй 4 бяруу, урьд нь харж байгаагүй, эрээн зүсмийн гунж, манай мал ирээд нэлээд хэд хоног байгаад байсан. Тэгээд би Б-д зарж борлуулсан... гэж мэдүүлжээ.

 

Үйл баримт:

Эрүүгийн 2239000000373 дугаартай гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж, авсан нотлох баримтуудаас шүүгдэгч Э.З гийн 2022 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Хэнтий аймгийн Баянхутаг сумын 3 дугаар багийн нутаг “Улаан булаг” гэх газраас М.Д-ын  эзэмшлийн 4 тооны бяруу буюу олон тооны малыг уналга буюу морь ашиглан нууц далд аргаар хулгайлж, Б.Б-д зарж борлуулж, хохирогч Х.Д-д 2.600.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Хэнтий аймгийн Баянхутаг сумын 3 дугаар багийн нутаг “Улаан булаг” гэх газраас хохирогч Ш.Б-ы эзэмшлийн 1 тооны гунжин үхрийг уналга буюу морь ашиглан нууц далд аргаар хулгайлж, Б.Б-д зарж борлуулж, хохирогч Ш.Б-д 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

“Фэйр валуэшн” ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 2022/ШД-306 дугаартай “...4 тооны бярууны зах зээлийн үнэлгээ 2.600.000 төгрөг ...” гэх дүгнэлт /хх-ийн 53-55 дугаар хуудас/,

 “Фэйр валуэшн” ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 2022/ШД-307 дугаартай “...1 тооны улаан зүстэй хязаалан гунжны зах зээлийн үнэлгээ 1,200,000 төгрөг ...” гэх дүгнэлт /хх-ийн 108-109 дүгээр хуудас/,

хохирогч М.Д-ын  ...2022 оны 02 дугаар сарын эхэн үе, цагаан сарын дарай манай үхрээс 4 тооны үхэр дутсан юм. Тэр үед би өөрийн алдсан бяруунуудаа хайж явахад манай нутгийн З  гэдэг залуу нь Дорноговь Иххэт сумын харьяат Босок Баяраа гэх хүнд борлуулсан байсан. Тэгээд З  гэдэг залуу манайд алдсан бяруунуудыг маань зүсээр нь эргүүлээд ачиж ирээд өгсөн. ...2022 оны 04 дүгээр сарын сүүлээр манай эхнэр бид хоёр Босок Баяраагийн гэрт очиж бяруунуудаа тэнд байсныг мэдсэн.  ...З  надад Босок Баяраа үхэр авна гэж зар байршуулсан байхаар нь би дуудаад танай 4 бяруу Б  эгчийн нэг гунж нийт 5 үхэр ачиж явуулсан гэж байсан.... /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,

...Би бяруунуудаа нэлээд их газраар хайж явсан. З гоос ч сурагласан. Тэгтэл надад би хараагүй гэж хэлсэн... /хх-ийн 17 дугаар хуудас/,

гэрч Б.Урангэрэлийн ...2022 оны 02 дугаар сарын эхээр буюу цагаан сарын үеэр бидэртэй мухар эр бяруу, сартай бидэртэй эм бяруу, шар амтай хүрэн охин бяруу, ухаа охин бяруу гэх нийт 4 тооны бярууг Гал шар сумын 3 дугаар баг Баянбулаг гэх газрын дэрснээс алдсан. Тэгээд тухайн үедээ цагаан сар болж байсан болохоор цагаан сар хуучирсны дараа гэрээс хойшоо хайгаад олоогүй. Тэгээд энэ оны хавар буюу 04 дүгээр сарын сүүлээр гэрээсээ урагш малаа хайж явж байгаад Баяраа гэх айлынд очиход манай алдсан 4 тооны бяруунууд зүсээрээ байсан. Харин манай 4 тооны бяруунд им хийгээд хоёр талын чихэнд бирк хийчихсэн байхаар нь манайхаас алдагдсан бяруу байна гэхэд Баяраа гэх залуу хүнээс авсан гэхээр нь хэнээс гэхэд Лундаагийн хүргэн З гоос худалдаж авсан гэж хэлэхэд нь манайх алдсан бяруугаа авъя гэж хэлэхэд Баяраа би худалдаж авсан хүнтэйгээ холбоо бариадхая гээд удалгүй 98111655 гэх утасны дугаараас манай 98669774 дугаарын утас руу залгаад би имгүй болохоор нь хүнд зарчихсан юм аа танд орлуулаад өгчихье гэж хэлсэн. Тэгэхээр нь манайх өөрийнхөө бярууг  авна гэхэд маргааш нь З  манай 4 тооны бярууг цагаан өнгийн портер маркийн тээврийн хэрэгсэлд ачиж ирсэн. Тухайн үед яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна... /хх-ийн 42 дугаар хуудас/,

гэрч Н.Цогтбаатарын ... тэр үеэр Галшар сумаас баруун зүгт 30 км орчимд нутаглаж байсан Баяраагийнхаас очиж, үхэр сүргээс нь 4 бяруу өөрөөр нь бариулж авч явсан. ... тэгтэл нэг сар гаран хугацааны дараа уг 4 бярууны эзэн гэх хүн манай үхрээр орж манай бяруунууд байна, бяруунуудаа авъя гэж манай малчин  Намсрайжавт хэлсэн байсан.Тэгээд энэ тухай Намсрайжав надад утсаар мэдэгдэхээр нь би Баяраатай утсаар ярьж, “Юу болоод байгаа юм бэ чи надад хулгайн бяруу өгсөн юм уу Энэнийхээ учрыг олоорой гэж хэлэхэд Баяраа надад би чамд өгсөн 4 бярууг З  гэх хүнээс авсан юм. Би З той яриад энэ асуудлыг шийдье гэж хэлсэн. Тэгээд тэр З  гэх хүн манай үхэрт өөр 4 бяруу аваачиж тавиад өмнөх 4 бярууг ачиж явсан... /хх-ийн 29-31 дүгээр хуудас/,

гэрч Б.Баярбатын ...З  гэх залууд наад хавиараа бяруу зарах хүн сураглаж байгаарай худалдаж авна шүү гэж хэлж байсан юм. Тэгтэл З  над руу хэд хоногийн дараа залгаад би 4 бяруу нэг тооны гунжтай зарна гэж хэлэхээр нь би Хэнтий аймгийн төв рүү явах ажилтай байсан учраас буцахдаа танайхаар дайраад авна гэж хэлсэн юм. 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр би Хэнтий аймгийн төвд очоод ажлаа амжуулж дуусаад Баянхутаг сумын 3 дугаар багийн нутаг Цайдам гэх газар байдаг З гийн өвөлжөөнд 15 цагийн орчимд очиход З  надад ямар нэгэн им тамгагүй 4 тооны бяруу, улаан сарман гунж нийт 5 тооны үхрийг зарна гэж үзүүлэхээр нь бяруу тус бүрийг 300.000 төгрөгөөр, гунжийг нь 800.000 төгрөгөөр тооцож нийт 2.000.000 төгрөгийн өртөгтэйгөөр бэлэн төлж худалдан авсан юм... /хх-ийн 48-49 дүгээр хуудас/,

хохирогч Ш.Б-ы ...2022 оны 20 дугаар сарын 04-с 05-ны өдрийн шилжих шөнө манай үхрээс эрээн нүүртэй ухаа зүсний хязаалан гунж дутсан юм. Тухайн үедээ үхрээ ойр орчмын айлаар хайгаад олоогүй. Түүнээс нэлээн сүүлд үхрээ сураглаад явж байтал манай нутгийн Д манайхтай цуг алдсан 4 тооны бяруугаа Дорноговь аймгийн Их хэт сумын нутгаас авч ирсэн. Бяруу худалдаж авдаг айлаас нь авч ирлээ гэхээр нь би маргааш өдөр нь Д-ын  бяруунуудаа олсон гэж хэлсэн Дорноговь аймгийн Их хэт сумын Баяраа гэх айлд очиж үзэхэд манай алдсан үхэр байж байсан. Баяраа гэх хүнээс тодруулахад танай нутгийн З  гэх хүнээс 800.000 төгрөгөөр худалдаж авсан гэж хэлж байсан. ...манай алдсан хязаалан насны эрээн нүүртэй ухаа зүстэй гунж, буруу чих араасаа сүйх, зөв чих үзүүр нь мөлүү имтэй байсан...

...гунж алга болох үед манай үхэр Баянхутаг сумын нутаг “Улаан булаг” гэх газарт бэлчээрлэж байсан юм. ...2022 оны 02 дугаар сарын эхээр Э.З  нь манайхаас баруун хойд зүгт 3 км зайд Баянхутаг сумын 3 дугаар багийн нутаг “Сангийн далай” гэх газарт нутаглаж байсан. ...Би өөрийн гунжаа зүсээр нь З гоос сураглахад би хараагүй гэж байсан... /хх-ийн 92-96 дугаар хуудас/,

иргэний нэхэмжлэгч Б.Баярбатын ...Э.З гоос  2022 оны  02 дугаар сарын эхээр нэг тооны эрээн нүүртэй хязаалан гунжийг 800,000 төгрөгөөр худалдан авч байсан. Харин 2022 оны 04  дүгээр сарын сүүлээр Ш.Б  гэх эмэгтэй манай гэрт ирээд тухайн гунжийг миний энэ өвөл алдсан гунж байна гэхээр нь би З гоос худалдан авсан тухайгаа хэлсэн. Маргааш нь Э.З  манай гэрт ирээд би хүний гунжийг өөрт чинь зарсан юмаа, буцааж өгөх хэрэгтэй байна гээд зүсээр нь буцааж аваад явсан. Харин Э.З  нь надад тухайн гунжийг худалдан борлуулсан 800,000 төгрөгийг буцаан төлөөгүй тул би өөрт учирсан хохирлыг нэхэмжилж байна... /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

яллагдагчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 168 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон бусад бичгийн нотлох баримтууд тус тус авагдсан байна.

 

Гэм буруу

Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч Н :

...Хэргийн үйл баримтын хувьд шүүгдэгч Э.З  нь 2022 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Хэнтий аймгийн Баянхутаг сумын 3 дугаар багийн нутаг “Улаан булаг” гэх газраас М.Д-ын  эзэмшлийн 4 тооны бяруу буюу олон тооны малыг уналга буюу морь ашиглан нууц далд аргаар хулгайлж, Б.Б-д зарж борлуулж, хохирогч Х.Д-д 2.600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

мөн 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Хэнтий аймгийн Баянхутаг сумын 3 дугаар багийн нутаг “Улаан булаг” гэх газраас хохирогч Ш.Б-ы эзэмшлийн 1 тооны гунжин үхрийг уналга буюу морь ашиглан нууц далд аргаар хулгайлж, Б.Б-д зарж борлуулж, хохирогч Ш.Б-д 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч нь олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж заасан байдаг. Шүүгдэгч Э.З  нь 2 удаагийн үйлдлээр хохирогч М.Д-ын  эзэмшлийн 4 тооны бяруу, хохирогч Ш.Б-ы эзэмшлийн 1 тооны гунжин үхрийг бусдад 3.800.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлдээ санаатай хандсан байна.

...Шүүгдэгч Э.З  нь шунахайн сэдэлтээр дээрх гэмт хэргийг үйлдсэн, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг эрүүгийн хэрэгт авагдсан болон гэм буруугийн шүүх хуралдаанд хэлэлцэн шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Э.З г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна... гэсэн дүгнэлтийг,

 

Улсын яллагч Б.Ө :

            ...Шүүгдэгч Э.З гийн хувьд гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. ...Энэ гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ямар гэмт хэрэг вэ гэдгийг хэрхэн яаж, зөв үнэлж дүгнэж, хууль зүйн дүгнэлт хийх вэ гэдэг нь хамгийн ач холбогдолтой асуудал байна. ...Хууль зүйн шинжлэх ухаанд завших гэж гэм буруутай этгээд өөрт нь итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг хувийн эрх ашгийн үүднээс хууль бусаар үнэ төлбөргүй өөрийн болгон авахыг ойлгоно. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үзвэл шүүгдэгч З гийн зүгээс мэдүүлсэн мэдүүлэг зэргээс хохирогч Б   , Д нарын эзэмшлийн 4 тооны бяруу, 1 тооны гунжин үхрийг  З д итгэмжлэн хариуцуулаагүй байна. ...Хууль зүйн шинжлэх ухаанд Алдуул мал гэж “Өмчлөгч буюу эзэмшигчийн хүсэл зоригоос үл хамааран өөрийн ижил сүрэг байнга идээшиж дассан нутаг бэлчээр хашаа хороогоо орхин алслагдаж хэний ч эзэмшил хараа хяналтгүй болсон мал, Алдуул мал олсон этгээд нь энэ тухай орон нутгийн засаг захиргаа буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж малын эзнийг тогтоох хүртэл өөрийн эзэмшилд байлган маллах буюу орон нутгийн засаг захиргааны буюу цагдаагийн байгууллагад шилжүүлэх үүрэг хүлээнэ. Цагдаагийн байгууллага алдуул малыг хариулж маллах этгээдийг томилно. Алдуул малын талаар нийтэд мэдээлснээс хойш 1 жилийн дотор эзэн нь тогтоогдвол малыг үр төлийн хамт буцааж өгөх бөгөөд эзэн нь тогтоогдоогүй бол олсон эзний өмчлөлд шилжүүлнэ” гэж... ...Мал хулгайлах гэмт хэргийн шинжтэй харин алдуул мал завших, хөрөнгө завших гэмт хэргийн шинжгүй байна гэж үзэж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “олон тооны мал хулгайлах” гэмт хэргийг төгс гүйцэтгэсэн болох нь хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож, тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Билгүтэй:

...Мөрдөгч Шажинбат, О.Гантулга, Б.Дэлгэрсайхан, Г.Мөнх-Эрдэнэ гэх мөрдөгч нарын мөрдөн шалгах ажиллагаа явуулж, цуглуулж, шалгаж бэхжүүлж авсан бүх нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр 4 дэх хэсэгт заасан үндэслэл журмын дагуу нотлох баримтыг цуглуулж, шалгаж бэхжүүлнэ гэснийг зөрчсөн гэж үзэж байна.

Тодруулбал мөрдөгч гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугар зүйлийн 1 дэх хэсэгт ...заасныг зөрчсөн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэг нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг. Уг хэргээс үзэхэд М.Д    , Ш.Б  нарыг хохирогч гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна. Тухайн 4 тооны бярууг Д    ынх гэх баримт байхгүй, мөн адил 1 гунжин үхрийг Б   ых гэх баримт байхгүй. Мал хулгайлах гэмт хэргийн тухайд хохирогчийн өмчлөлд байсан малыг зөвхөн А данс, эсвэл гарал үүслийн бичиг, ойролцоо саахалт байдаг нутгийн бусад малчдын мэдүүлэг зэргээр тогтоох боломжтой гэж үздэг.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б  нь мэдүүлэхдээ Баянхутаг сумаас худалдаж авсан гэдэг бөгөөд мөрдөгч прокурор худалдаж авсан Б-ы өмчлөлд ямар гэрээ хэлэлцлээр, гарал үүслийн бичиг байгаа юм уу, ямар зориулалтаар худалдаж авсан гэх зэрэг ажиллагаа хийгээгүй. Б   ых гэдгийг нотолж тогтоогоогүй.

Хэрэв Б  худалдаж авсан бол Баянхутаг сумын яг ямар хүнээс, хаана суудаг хүнээс, ямар им тамгатай, ямар мал худалдаж авсан зэрэг цааш хөөх мөрдөн шалгах ажиллагаа явуулах буюу худалдсан гэх хүнээс мэдүүлэг авч тогтоогоогүй. Хохирогч Д    , Б  нарын мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой зааж өгөхгүй байна гэж үзэж байна. Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны даргын 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хэд хэдэн мөрдөгчид буюу Б.Дэлгэрсайхан, Г.Мөнх-Эрдэнэ нарт тус тус мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг даалгасан тогтоолын дагуу дээрх мөрдөгчийн мөрдөн шалгах ажиллагаа явуулж цуглуулж, шалгаж, бэхжүүлж авсан нотлох баримтууд нь  шүүгдэгч Э.З г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоход хангалттай бус эргэлзээтэй нөхцөл байдлыг үүсгэж байгаа тул шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ...үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгаж өгнө үү... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Батзаяа:

...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан мал хулгайлах гэмт хэргийн шинж байна уу үгүй юу яллах дүгнэлтээр үйлдэж оруулсан яллах дүгнэлтийн гэмт хэргийг үндэслэлтэй үгүй юу гэж маргаж, цагаатгах байр суурьтай орж байгаагаас биш алдуул мал завших, бусад байдлаар завших гэмт хэргүүдтэй холбож цагаатгах байр суурь илэрхийлэхгүй байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй. Тэгэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйл эрүүгийн хуулийн 17 дугаар бүлэгт хамаарч байна. Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг тул өмчийн асуудал яригдаж байна. Өмчлөл хэнийх вэ гэдгийг зайлшгүй тогтоох хуулийн шаардлага байна.

Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар бусдын малыг хулгайлсан бол гэж гэдэг хэргийг оруулж ирж байгаа тул бусдынх гэдгийг тогтоох ёстой. Яллах дүгнэлтийн үндэслэл болсон баримтуудыг нотлох баримтаас хасуулах хүсэлттэйгээр харах юм бол үндэслэл болгож байгаа бүх баримт нь нотлох баримтаас хасагдах хэмжээний үр дагавар үүсгэсэн гэж өмгөөлөгч нар үнэлж үндэслэлээ гаргаж байна. Хоёрдугаарт үлдэж байгаа баримтуудын хувьд тодруулбал хохирогч нарын Мөнх-Эрдэнэ мөрдөгчид өгөөд байгаа 2 удаагийн мэдүүлгийг яаж үнэлэх вэ, хэрэгт авагдсан бусад баримтаар энэ гэмт хэрэг мөн үү, биш үү гэдэг дээр дүгнэлт өгөх шаардлага үүсэж байна.

...Ингэхдээ миний мал юм аа гэдгээ мэдүүлгээрээ тайлбарлаж байгаа, хуулийн дагуу эрх, үүргийг нь тайлбарлаад, хууль сануулаад мэдүүлэг авсан тохиолдолд энэ хоёр хүний мэдүүлгийг үнэлж дүгнэх үү, үгүй юу гэдэг асуудал зайлшгүй тавигдаж байна. ...Хохирогчийн мэдүүлэг маань хуульд зааснаар өөр эх сурвалжаар давхар нотлогдож байж мэдүүлгийг үнэлэх боломжтой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлд заасан. Тэгэхээр хохирогч нарын 2 мэдүүлгийг үндэслээд Д гэдэг бол 4 бярууны эзэн юм байна, Б  1 гунжны эзэн юм байна гэж дүгнэе гэхээр эргэлзээ үүсэж байна гэж өмгөөлөгч үзэж байна. Бусад баримтаар зайлшгүй нотлогдох ёстой. Хэргийн нөхцөл байдлаас харахаар им, тамгагүй гэдэг нь харагдаж байна. Хэрэгт авагдсан баримтаар А данс байхгүй. Б   , Д хоёрын өмч мөн байсан бол бусдынх гэдэгт энэ хоёр хохирогч хамаарч л байгаа бол им тамга байх эсэх асуудал зайлшгүй үүснэ. Шүүгдэгч тэрийг нь Д    ынх эсвэл Б   ых гэдгийг мэдэж байсан эсэхэд дүгнэлт хийхэд ач холбогдолтой. ...Худалдаж авсан гэж аль аль нь мэдүүлж байна. Хэнээс, хэзээ, хэдэн төгрөгөөр, ямар гэрээ хэлцлийн үндсэн дээр худалдаж авсан бэ гэдгийг шалгаж тогтоох ёстой. ...Дансны хуулга байхгүй. Мэдүүлэг дээрээ хохирогч заагаад байгаа тэдний өдөр тэрнээс худалдаж авсан гэж тэр гэдэг үг хэлээд байгаа боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үүнийг тогтоогоогүй. Энэ тохиолдолд шүүхээр шилжүүлсэн хэргийн хэмжээнд дүгнэлт гаргаад, тэр заалтынхаа дагуу үнэлээд үзье гэвэл хохирогч нарын мэдүүлэг нь эх сурвалжаа зааж чадахгүй байгаа учраас дангаараа мэдүүлгийн нотлох баримтын хэрэгсэл болж нотлох баримтаар гэм бурууг нотлох боломжгүй нөхцөл байдлыг үүсгэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлд зааснаар... хохирогчоо буруу тогтоосон байна гэж үзэж байна. ...Эх сурвалжийг нь тогтоож чадаагүй байна. Энэ тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т заасан эргэлзээ үүсэж байна. ...Нэгдүгээрт процессын хувьд яллах дүгнэлтийн үндэслэл болсон баримтууд бүгд хуулийн шаардлага хангаагүй, хоёрдугаарт бусад хуулийн дагуу авсан баримтуудын хэмжээнд ч эргэлзээтэй байдлууд үүсэж учраас гэм буруутай гэж үзэхэд хангалттай эргэлзээ үүсэж байна ийм учраас шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү. ...Миний үйлчлүүлэгчийн адууг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож өгнө үү... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Э.З :

...Мал хулгайлсан гэдгээ бол хүлээн зөвшөөрөхгүй байна. Бусдад худалдан борлуулсан гэдэг гэм буруудаа гэмшиж байна. Хоёр өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу миний хэргийг намайг цагаатгаж өгнө үү... гэсэн мэдүүлгийг тус тус гаргасан.

  

   Шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд гаргасан улсын яллагчийн шүүгдэгч Э.З г 2022 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Хэнтий аймгийн Баянхутаг сумын 3 дугаар багийн нутаг “Улаан булаг” гэх газраас 4 тооны бярууг,

   мөн 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Хэнтий аймгийн Баянхутаг сумын 3 дугаар багийн нутаг “Улаан булаг” гэх газраас 1 тооны гунжин үхрийг тус тус хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох тухай дүгнэлтийг шүүгдэгч Э.З  болон түүний өмгөөлөгч М.Билгүтэй, Ц.Батзаяа нар мал хулгайлах гэмт хэрэг үйлдээгүй, зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй, хууль зөрчиж цуглуулсан нотлох баримтуудаар яллаж байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэж мэтгэлцдэг.

 

   Улсын яллагчийн шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн тул гэм буруутайд тооцох тухай дүгнэлтийн гол эх сурвалж болох нотлох баримтуудад

   хохирогч М.Д    , Ш.Б   , гэрч Б.Урангэрэл, Н.Цолмонбаатар, Баярбат, Э.З , иргэний нэхэмжлэгч Б.Баярбат нарын мэдүүлгүүдийг, мөн хөрөнгийн үнэлгээний шинжээчийн дүгнэлтүүд, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, эд хөрөнгө битүүмжлэх тэмдэглэл зэргийг тус тус шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлуулсан.

 

   Дээрх шинжлэн судлуулсан мэдүүлгийн болон мэдүүлгийн бус нотлох баримтуудаар шүүгдэгч Э.З г хохирогч М.Д    , Ш.Б   , нарын нийт 5 тооны буюу олон тооны бод малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байна гэж үздэг.  

 

Гэтэл шүүгдэгч Э.З гийн өмгөөлөгч М.Билгүтэй, Ц.Батзаяа нар:

Эрүүгийн 223900000373 дугаартай хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1-т зааснаар дараах нотлох баримтуудыг нотлох баримтаар тооцохгүй байх хүсэлтийг гаргаж байна.

Үүнд:

Хохирогч М.Д /13-14, 17/, гэрч Б.Урангэрэл /42/, гэрч Н.Цолмонбаатар /29-31/, гэрч Б.Баярбат /48-49/, хохирогч Ш.Б  /92, 93, 96/, иргэний нэхэмжлэгч Б.Баярбат /25, 26/, гэрч Э.З  /44-45/ нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 4-т “Хохирогч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан, эсхүл худал мэдүүлэг өгсөн бол түүнд Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хууль заасан хариуцлага хүлээлгэнэ”,

тус хуулийн 9.6 дугаар зүйлийн 4-т “Гэрч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан, эсхүл худал мэдүүлэг өгсөн бол түүнд Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хууль заасан хариуцлага хүлээлгэнэ”  гэсэн хуулийг тайлбарлаж гарын үсэг зуруулахдаа Зөрчлийн тухай хуулийн 15.7 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1,2 гэсэн заалтуудыг тайлбарлаагүй ямар хуулийн заалт тайлбарласан нь тодорхойгүй, гэрч хохирогч нар нь худал мэдүүлэг өгсөн бол ямар нэгэн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл Зөрчлийн тухай хуулийн 15.7 зүйлийн 1-т “Шүүх, прокурорын дуудсанаар хүрэлцэн ирэхээс зориуд зайлсхийсэн, эсхүл гэрч, хохирогч, шинжээч мэдүүлэг өгөхөөс зайлсхийсэн, татгалзсан, эсхүл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заасан байдаг.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1-т “Гэрч, хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд, эсхүл Монгол Улсын Их Хурлын хянан шалгах түр хороонд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.”

Тухайн хуулийн 2-т “Гэрч, хохирогч бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн заалтыг тайлбарлаагүй ямар хуулийн заалтыг тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй ба хуулийг бүрэн тайлбарлаагүй, хуулийн үг үсгийг гээж агуулгыг тус тус  өөрчилсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 6-т “Мөрдөгч мэдүүлэг өгөх гэж байгаа хүнд өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэйг нь тайлбарлах ба санаатай худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай сануулна” гэсэн заалтыг зөрчиж мэдүүлэг авсан.  

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдсэн нотлох баримтууд хууль заасны дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлж авсан гэх хууль зүйн үндэслэлгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт “Энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтад мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй.” гэж заасан үндэслэл бий болж байх тул эдгээр нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “энэ хуульд заасныг зөрчиж мэдүүлэг авсан” гэж заасантай нийцэж байна.

      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т “Тодорхой мөрдөн шалгах ажиллагаагаар цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын заримыг нь нотлох баримтаар тооцохгүй байх” гэж зааснаар нотлох баримтаар тооцохгүй байх хүсэлтийг шүүхэд гаргаж байна.

Тодруулбал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “Мөрдөн шалгах ажиллагаа явуулах үүргийг нэг, эсхүл хэ хэдэн мөрдөгчид даалгах” гэж зааснаас үзвэл мөрдөн шалгах ажиллагаа явуулах субъектийг Мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны дарга томилох нь заавал, биелүүлэх, хийгдэх ёстой үүрэг болгосон заалт юм.

Үүний дагуу мөрдөгч О.Гантулгыг тухайн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах үүргийг мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны даргын тогтоолоор томилоогүй байна.

      Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явагдана” гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг,

      Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.” гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчмыг тус тус зөрчсөн...  гэж маргадаг.

 

   Улсын яллагч шүүгдэгч нарын өмгөөлөгчийн маргаж буй дүгнэлтийг хуулийн үндэслэлтэй, хуульд заасан журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлж авсан нотлох баримтуудаар няцааж чадаагүй болно.

 

   Прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцоно.” гэж,

2 дахь хэсэгт “Прокурор нь шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүхийн өмнө нотлох үүрэг хүлээнэ.” гэж тус тус эрх, үүргийг нь хуулиар тодорхойлж өгсөн.

 

   Түүнээс гадна эрүүгийн 2239000000373 дугаартай хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх бүх нотлох баримтуудаас Мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны даргын 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хэд хэдэн мөрдөгчид буюу Б.Дэлгэрсайхан, Г.Мөнх-Эрдэнэ нарт мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг даалгасан тогтоолын дагуу 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд мөрдөгч Б.Дэлгэрсайхан, Г.Мөнх-Эрдэнэ нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, шалгаж, бэхжүүлж авсан нотлох баримтуудыг тус тус үнэлэх боломжтой гэж үзлээ.

 

   Харин дээрх Мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны даргын 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн мөрдөгч Б.Дэлгэрсайхан, Г.Мөнх-Эрдэнэ нарт тус тус мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг даалгасан тогтоолын дагуу дээрх мөрдөгчдийн мөрдөн шалгах ажиллагаа явуулж цуглуулж, шалгаж, бэхжүүлж авсан нотлох баримтуудаас бусад бүх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Мөрдөгч энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу нотлох баримт цуглуулж, шалгаж, бэхжүүлнэ.” гэснийг зөрчсөн байна.

 

Тодруулбал: Мөрдөгч гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан эрх, үүргийн дагуу, эсхүл прокурорын даалгавраар энэ хуулиар харьяалуулсан эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулна.” гэж заасан.

   Энэ хуулиар мөрдөгчид мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх, үүрэг үүсэх талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.3 дугаар зүйлд “Мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны даргын эрх, хэмжээ”-нд зааж өгсөн ба энэ эрх, хэмжээний хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “Мөрдөн шалгах ажиллагаа явуулах үүргийг нэг, эсхүл хэд хэдэн мөрдөгчид даалгах”, мөн 1.3-т “Шаардлагатай гэж үзвэл тухайн хэрэгт хяналт тавьж байгаа прокурорт мэдэгдэж хэргийг нэг мөрдөгчөөс нөгөө мөрдөгчид шилжүүлэх”, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.10-д “энэ хууль заасны дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулах зөвшөөрлийг мөрдөгчид олгох” гэж зааснаар даалгасан шинжтэй мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны даргын тогтоолоор, эсхүл прокурорын зөвшөөрлөөр мөрдөгчид хуульд заасан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлд заасан эрх, үүрэг үүснэ.   

 

   Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйл, 6.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3, 4.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.10-д заасан үндэслэлүүдээр эрх, үүрэг үүсээгүй мөрдөгчид тухайн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж нотлох баримтыг цуглуулж, шалгаж, бэхжүүлж авсан нөхцөл байдал тогтоогдож байна.

 

   Мөн түүнчлэн 2022 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Дэд бөгөөд Эрүүгийн Цагдаагийн тасгийн даргын гомдол, мэдээллийг шалгах хугацаа сунгасан тогтоолыг шүүх хууль ёсны гэж үзэвч мөрдөгч О.Гантулгыг хэрхэн, яаж, хэн томилсон тухай албаны даргын тогтоол баримт хэрэгт авагдаагүй байна.

   Шүүх мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны даргын 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хэд хэдэн мөрдөгчид буюу Б.Дэлгэрсайхан, Г.Мөнх-Эрдэнэ нарт тус тус мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг даалгасан тогтоолын дагуу мөрдөгч Г.Мөнх-Эрдэнийн хохирогч нараас мэдүүлэг авсан тэмдэглэлийг нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэвч “Хохирогчоор тогтоох тухай” мөрдөгчийн 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн, мөн оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн тогтоолууд, түүнчлэн “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах” тухай мөрдөгчийн 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн санал нь Мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны даргын  тогтоолоор мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг даалгаагүй буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхгүй мөрдөгч О.Гантулга ажиллагаа явуулсан байгаа нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу нотлох баримт цуглуулж, шалгаж, бэхжүүлэх журмыг зөрчсөн болох нь тогтоогдож байна.

 

   Нотлох баримт гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ.” гэж тодорхойлсон байна.

 

   Энэ хуульд тодорхойлж өгсөн нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Мөрдөгч энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу нотлох баримтыг цуглуулж, шалгаж, бэхжүүлнэ.” гэж,

   мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт “Энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй.” гэж тус тус заасан.

 

   Үүнтэй холбоотойгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлд заасан эрх, үүрэг үүсээгүй буюу мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй мөрдөгч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, шалгаж, бэхжүүлж авсан бүх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчин цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцэж байгаа эсэхийг харгалзан бүхэлд нь эсхүл зарим хэсгийг нь тодорхой мөрдөн шалгах ажиллагаагаар цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын заримыг нотлох баримтаар тооцохгүй байх тухай прокурорын санал, оролцогчийн хүсэлтийг шүүх хянан хэлэлцэж, дараах шийдвэрийг гаргана.” гэж заасны дагуу шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг нотлох баримтаар тооцохгүй байх” гэсэн үндэслэлээр шүүгдэгчийн өмгөөлөгч нарын хүсэлтэд дурдагдсан хууль зөрчиж цуглуулсан нотлох баримтуудыг тус тус бүхэлд нь Нотлох баримтаар тооцохгүй байх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

   Эцэст нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.” гэж заасны дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчмыг мөрдөж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах ёстой.

 

   Тухайлбал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан “Хэргийн бодит байдлыг тогтоох” зарчмын дагуу прокурор нотолж чадаагүй бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч нарын дүгнэлтийг няцааж чадаагүй болно.

 

   Мөн шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэж заасан ба энэ хуульд заасан үндэслэл, журмаас гадуур хэнийг ч гэм буруутайд тооцох, эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг хориглоно гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлд заасан “Хүний халдашгүй байх эрхийг хангах” зарчмыг баримтлан үзэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Түүнчлэн дээрх Мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны даргын 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн тогтоолоор мөрдөгч Б.Дэлгэрсайхан, Г.Мөнх-Эрдэнэ нарт тус тус мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг даалгасан тогтоолын дагуу дээрх мөрдөгчдийн мөрдөн шалгах ажиллагаа явуулж цуглуулж, шалгаж, бэхжүүлж авсан нотлох баримтууд нь шүүгдэгч Э.З г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоход хангалттай бус, эргэлзээтэй нөхцөл байдлыг үүсгэж байх тул шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгаж шийдвэрлэлээ.

 

Хохирол, хор уршиг:

   Шүүхээс шүүгдэгч Э.З д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан учраас хохирол, хор уршиг нэхэмжилсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн 2239000000373 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, шүүгдэгч Э.З  энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн

2.1.,36.9., 36.10, 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн

1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Хэнтий аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э-ийн З д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2239000000373 дугаартай хэргийг “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Цагаатгагдсан этгээд Э-ийн З г “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан тул эрүүгийн 2239000000373 дугаартай хэргийг Хэнтий аймгийн Прокурорын газарт буцаасугай.

 

3. Цагаатгагдсан этгээд Э-ийн З д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс тус тус хүчингүй болгосугай.

 

4. Цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт Прокурорын хээр зүсмийн 7 настай морийг битүүмжилсэн “эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, битүүмжлэгдсэн эд хөрөнгийг хууль ёсны өмчлөгчид буцаан олгосугай.

 

5. Цагаатгагдсан этгээд Э-ийн З  гэмт хэрэг үйлдэхэд оролцсон нь нотлогдоогүй тул гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан нийт 4.600.000 /дөрвөн сая зургаан зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

6. Эрүүгийн 2239000000373 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, шүүгдэгч Э-ийн З  энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Ш.ГАНДАНСҮРЭН