Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 2022

 

 

 

2019 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2019/02022

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Н.Т

Хариуцагч: НШ

Дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.Т, өмгөөлөгч Я.Баярсайхан, хариуцагч Н.Ш-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 181 тоот шийдвэрээр 97.200.000 төгрөгийг П.Д гаргуулж Н.Тд олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэрийн дагуу гүйцэтгэх ажиллагаа явагдсан. Н.Ш-н тойргийн шийдвэр гүйцэтгэгч Б.Буянбадрах иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахдаа төлбөр төлөгч П.Д Н.Тд зээлийн барьцаанд тавьсан Баянгол дүүрэг 12 дугаар хороо 6 дугаар бичил хороолол 1 дүгээр байр 34 тоот 2 өрөө байрны үнийн саналыг зах зээлийн үнээс хэт өндөр үнээр үнэлэн төлбөр авагчид буруу ойлголт төрүүлэн үнийн саналыг зөвшөөрүүлж дуудлага худалдаанд оруулснаар барьцааны эд зүйлс зарагдахгүй байдалд хүрч улмаар төлбөр авагчийн хууль ёсны эрх зөрчигдсөн. Дуудлага худалдаагаар байр зарагдаагүй байдал олон жил үргэлжилсэн. Тухайн үед зах зээлийн бодит үнээр үнэлүүлэх гэсэн боловч шийдвэр гүйцэтгэгч чи заавал үүнийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй, тэгэхгүй бол дуудлага худалдаа явагдахгүй гэж тайлбарлаж тулган шаардаж хүлээн зөвшөөрүүлсэн юм. Хоёр дахь дуудлага худалдаагаар ч орон сууц борлогдоогүй. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад П.Дын гаргасан үнийн саналын дагуу шийдвэр гүйцэтгэгчийн 140.00.000 төгрөгөөр үнэлж дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Н.Ш-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Учир нь шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 181 тоот шийдвэрээр хариуцагч П.Д 97.000.000 төгрөг гаргуулж Н.Тд олгох шүүхийн шийдвэр гарсан. П.Д шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлтийг өгснөөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан. Ш.а хуулийн дагуу явагдсан. Төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгө буюу Баянгол дүүрэг 12 дугаар хороо 11 дүгээр байр 34 тоот 2 өрөө орон сууц нь Н.Тын үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх хөрөнгийг 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр битүүмжилж, 04 дүгээр сарын 30-ны өдөр хураан авсан. Ингээд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар төлбөр төлөгч болон төлбөр авагч нараас үнийн санал авчахад харилцан тохиролцож үнэлсэн 140.000.000 төгрөгийн 70 хувиар тооцон 98.000.000 төгрөгөөр анхны дуудлага худалдаанд оруулах доод үнийг тогтоох болохыг талуудад мэдэгдсэн. Анхны албадан дуудлага худалдаанд 2015 оны 06 дугаар сарын 16-ний өдрийн 10.00 цагт оруулахыг 06 дугаар сарын 05-ны өдрийн 3/21003 тоот мэдэгдэл, анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 6/149 тоот тогтоолыг 2015 оны 06 дугаар сарын 06-ны өдөр мэдэгдэж дуудлага худалдаагаар үнийн санал ирээгүй тул худалдан борлогдоогүй. Хоёр дахь албадан дуудлага худалдаанд харилцан тохиролцсон үнэ болох 140.000.000 төгрөгийн 50 хувиар тооцон 70.000.000 төгрөгөөр 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 10.00 цагт оруулахад үнийн санал ирээгүй худалдан борлогдоогүй. Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн санал болгох комиссын хурлаар төлбөр төлөгч П.Д 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэх, төлбөр авагч нь төлбөр төлөгчийн төлсөн 44.000.000 төгрөгийг албаны дансанд байршуулж байж барьцаа хөрөнгөө шилжүүлж авахаар шийдвэрлэсэн. Төлбөр авагч Н.Тд 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 4/13385, 2018 оны 09 дүгээр сарын 4/13385 тоот мэдэгдлийг мэдэгдэхэд гүйцэтгэх баримт бичгийг буцаахыг түр хойшлуулах хүсэлт гаргасан. Төлбөр төлөгчөөс шалтгаалж 2015 оноос хойш шийдвэр гүйцэтгэх ажиллагаа зогсонги байдалтай болсон. Нэхэмжлэгч 140.000.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгох нэхэмжлэл гаргасан боловч хуулийн хугацаа өнгөрсөн. Үнэлгээнд гомдол гаргах бол мэдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах гэсэн хугацаа хэтэрсэн. Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчтэй үгсэн тохиролцож хуурч мэхэлсэн талаар ямар нэг баримт байхгүй. Төлбөр авагч үнийн санал авч байхад өөрөө өмгөөлөгчөөсөө зөвлөгөө авч үнийн саналыг хүлээн зөвшөөрсөн. Одоо байр зарагдахгүй болохоор хуурч мэхэлсэн, үнэ хэт өндөр, эрх зүйн чадваргүй, хууль мэдэхгүй гэж яриад байгаа нь үндэслэлгүй. Үнийн санал, гүйцэтгэх баримт бичигтэй тухай бүр нь өөрөө танилцаад ойлгоод явж байсан учир зөвшөөрөхгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд гүйцэтгэх баримт бичгийг буцаасан тохиолдолд шийдвэр гүйцэтгэх баримт бичгийг эргэж хүлээн авахгүй гэсэн заалт нь Үндсэн хуулийн цэцийн тогтоолоор хүчингүй болсон. Тийм хэдийч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх хөрөнгийг авахгүй бол гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцаах үндэслэл хэвээр. Гэсэн ч гүйцэтгэх баримт бичгийг буцаагаагүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзсэн байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-т зааснаар төлбөр төлөгчөөс хурааж авсан эд хөрөнгийг төлбөр авагч авахаас татгалзсан тохиолдолд төлбөрийн шаардлага хангахуйц эд хөрөнгийг төлбөр төлөгчөөс гаргуулах хүртэл хугацаагаар түдгэлзүүлнэ гээд түдгэлзүүлсэн. Шийдвэр гүйцэтгэлийн баримтыг буцаасан ч гэсэн эргээд хүсэлтээ өгвөл дахиад шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэнэ гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Т хариуцагч Н.Шт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн дугаар 6/149 тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэл гаргажээ.

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 181 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Н.Тын нэхэмжлэлтэй хариуцагч П.Дд холбогдох 97.200.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдөр захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай гүйцэтгэх хуудас бичигдсэн байна.

Хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Дугаар 15250367 Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн явуулж, 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр эд хөрөнгийн тухай мэдүүлэг авч эд хөрөнгийг битүүмжилж хураахыг мэдэгдэж, 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр эд хөрөнгийг тогтоолоор битүүмжилж шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэл хүргүүлж орон сууцыг 04 дүгээр сарын 30-ны өдөр хураасан болох нь хэрэгт ирүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Төлбөр төлөгч П.Д 2015 оны 04 дүгээр сарын 30, төлбөр авагч Н.Т 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Н.Шт орон сууцыг 140.000.000 төгрөгөөр үнэлж албадан дуудлага худалдаанд оруулах хүсэлт гаргаж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нар тохиролцсон тул, хураагдсан орон сууцыг талуудын тохиролцсон үнэ 140.000.000 төгрөгийн 70 хувь буюу 98.000.000 төгрөгөөр тооцон анхны дуудлага худалдаанд оруулахыг мэдэгдсэн байна.

Төлбөрт хураагдсан орон сууцыг 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр албадан дуудлага худалдаанд оруулахад үнийн санал ирээгүй тул талуудын тохиролцсон үнэ 140.000.000 төгрөгийн 50 хувь буюу 70.000.000 төгрөгөөр 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахад үнийн санал ирээгүй, худалдан борлогдоогүй тул 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны санал болгох комиссын хурлын протоколоор хэлэлцэж төлбөр төлөгч П.Д 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан орон сууцыг төлбөр авагч Н.Тд шилжүүлхээр шийдвэрлэжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 2002 оны хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т төлбөр авагч, төлбөр төлөгч нь шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаа, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөхгүй бол ажиллагаа явагдсан өдрөөс хойш гомдлоо 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргаж, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн гомдлыг эс зөвшөөрвөл 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болохоор заажээ.

Нэхэмжлэгч тал 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс хойш шүүхэд хандаагүй, гомдол гаргах болон шүүхэд нэхэмжлэл гаргах хуульд заасан дээрх хугацааг хэтрүүлсэн тул үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн дугаар 6/149 тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэгч Н.Тын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хэрэг шийдвэрлэхтэй холбогдуулж улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т зааснаар хариуцагч Н.Шт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн дугаар 6/149 тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэгч Н.Тын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА