| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2019/01480/И |
| Дугаар | 1987 |
| Огноо | 2019-07-08 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 1987
| 2019 оны 07 сарын 08 өдөр | Дугаар 102/ШШ2019/01987 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ц.Э
Хариуцагч: ТБ ХХК
ТБ ХХК, Ц.Э нарын 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн барьцаат зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох тухай нэхэмжлэлийг 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Батбаяр, хариуцагчийн төлөөлөгч Б.Гантөмөр, А.Зоригтбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаяр шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ц.Э 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр ТБ ХХК-ийн барьцаат зээлдүүлэх газраас 51.400.000 төгрөгийг 1 жилийн хугацаатай зээлдэж авсан. ТБ ХХК зээл олгохдоо Ц.Э өмч болох ниссан патрол маркийн 5093УНИ улсын дугаартай суудлын автомашиныг өөрийн өмчлөлд шилжүүлэн авч зээлийг олгосон. Барьцаалан зээлдүүлэх газар нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1-т заасан эрхийнхээ хүрээнд зээлдэгчээс хөдлөх эд хөрөнгийг барьцаанд бариулахыг шаардах эрхтэй. Гэтэл Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.4-т заасан бусад байдлаар барьцаа хөрөнгийг өмчлөлдөө авах эрхгүй гэж заасан хуулийн шаардлагыг зөрчсөн. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт мөнгө төлөх үндэслэл, үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор фидуцийн гэрээг хийнэ гэж заасан. Үндсэн үүрэг, дээрээс нь хүү, алданги гэсэн зээлийн гэрээтэй байгаа. Тэгэхээр энэ нь барьцаалан зээлдэх газрын эдэлдэг эрх биш. Барьцаалан зээлдэх газар зөвхөн хөдлөх эд хөрөнгийг барьцаанд бариулахыг шаардах эрхтэй. Өөр зүйл шаардах эрхгүй. Гэтэл гэрээ нь үндсэн зээл, хүү, алданги дээрээс нь фидуцийн гэрээгээр шилжүүлсэн машиныг бодитойгоор авна гэсэн гэрээтэй байна. Үндсэн зээл, хүү, алдангийг төлөөд дээрээс нь нэмж машинаа алдах эрсдэл өндөр байгаа учир нэхэмжлэл гаргасан. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хууль зөрчсөн хэлцэл тул ТБ ХХК, Ц.Э нарын 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн барьцаат зээлийн фидуцийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү гэв.
Хариуцагч ТБ ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гантөмөр, А.Зоригтбаатар нар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ТБ ХХК нь 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр иргэн Ц.Этай зээлийн гэрээ байгуулж 51.400.000 төгрөг зээлдүүлж, мөн өдрөө үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээг тус тус байгуулсан. Иргэний хуулийн 281.1, 282.4, 286.1-т заасны дагуу зээлийн гэрээ байгуулж, зээлийн хөрөнгийг бүрэн шилжүүлсэн. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-т заасны дугуу фидуцийн гэрээг байгуулж тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигчээр бүртгэгдэн, нэхэмжлэгч нь тээврийн хэрэгслийг бодитойгоор эзэмшиж, ашиглаж ирсэн. Нэхэмжлэгчийн зүгээс зээлийн төлбөрийг гэрээнд заасан хувиарийн дагуу огт төлөөгүй өнөөдрийг хүрсэн ба төлөхөөс зайлсхийх зорилгоор нэхэмжлэл шүүхэд гаргасан. Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.4-т зааснаар барьцаалан зээлдэх газар нь гэрээний хугацаанд барьцааны зүйлийн бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй, харин уг зүйлийг өмчлөх болон бусад хэлбэрээр захиран зарцуулах эрхгүй гэж заасан. Хариуцагч энэ заалтыг зөрчөөгүй. Өнөөдөр тухайн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах үүрэг нэхэмжлэгчид байгаа, өөрөө машинаа унаад явж байгаа. Тээврийн хэрэгслийн гэрчилгээний нэр шилжээд байгаа нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-т заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр буюу фидуцийн гэрээгээр шилжиж байгаа. 235 дугаар зүйлийн 235.2-т зааснаар шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг хүлээгч ашиглах эрхтэй байхаар гэрээнд зааж болно. Мөн 235 дугаар зүйлийн 235.5-д зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг бичгээр хийнэ гэсний дагуу гэрээ бичгээр хийгдсэн. Тэгэхээр Иргэний хуулийн 235 дугаар зүйлд заасан гэрээ хүчин төгөлдөр бус байх нөхцөл нь бичгээр хийгдээгүй байх ёстой. Гэрээ бичгээр хийгдэж нотариатчаар гэрчлэгдсэн хуулийн шаардлага хангаж байгаа. Ер нь зээл авчихаад зээлээ хугацаанд нь төлөхгүй хугацаа хожихийн тулд гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах байдлаар шаардлага гаргаад явах нь хууль зүйн үндэслэлгүй. Барьцаалан зээлдүүлэх газар Иргэний хуулийн 286 зүйлийн 6 зохицуулалтыг хэрэглээд бусад хуулийн зохицуулалтыг хэрэглэхгүй гэсэн хуулийн зохицуулалт, нөхцөл байдал байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Э нь хариуцагч ТБ ХХК-нд холбогдох ТБ ХХК, Ц.Э нарын 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох тухай нэхэмжлэл гаргажээ.
Ц.Э нь 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр ТБ ХХК-тай зээлийн гэрээ байгуулж 51.000.000 төгрөг зээлдэж, мөн өдрөө үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ байгуулж 5093УНИ улсын дугаартай ниссан патрол маркийн авто машинаа барьцаалж, өмчлөлийг ТБ ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн болох нь зээлийн гэрээ, фидуцийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, барьцаат зээлийн тооцооны хуудас гэсэн баримтуудаар тогтоогдож, энэ үйл явдалд зохигч маргаагүй.
Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээгээр талууд зээлийн гэрээний 51.000.000 төгрөгийн зээл, хүү, алдангийг эргүүлэн төлөх үүргээ баталгаажуулж, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангах үүднээс үүрэг гүйцэтгэгчийн өмчлөлд байгаа эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэн эрх, үүрэг хариуцлагыг тодорхойлон байгуулжээ.
Зохигч үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ байгуулсан нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан хүчин төгөлдөр гэрээ байна.
Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-т үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.
Үүрэг гүйцэтгэгч Ц.Э зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэвэл авто машин түүний өмчлөлд буцаж очихоор зохигч гэрээний 3 дугаар зүйлийн 3.6-д заасан, барьцаалан зээлдэх журмаар зээл олгоход үүргийн гүйцэтгэлийг хангуулах эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулахыг хуулиар хориглоогүй тул зохигчийн хооронд байгуулагдсан 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох үндэслэл тогтоогдсонгүй.
Иймд нэхэмжлэгч Ц.Э нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хариуцагч ТБ ХХК-нд холбогдох ТБ ХХК, Ц.Э нарын хооронд байгуулагдсан 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох тухай нэхэмжлэгч Ц.Э нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 418.000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 120 дугаар зүйлийн 120.2. дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА