| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбасүрэнгийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 185/2023/0153/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/173 |
| Огноо | 2023-02-13 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | М.Гансувд |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 2023/ШЦТ/173
2023 02 13 2023/ШЦТ/173
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуарлдааныг шүүгч Б.Отгонцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал
улсын яллагч М.Гансувд
шүүгдэгч ............................., түүний өмгөөлөгч О.Алтанчулуу нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Гансувдаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .............................ид холбогдох эрүүгийн 2209011451731 дугаартай 1 хавтас хэргийг 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ............................. нь Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ТОПАЗ зочид буудлын өрөөнөөс 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хохирогч .............................ын эзэмшлийн Айфоне 12 про маркийн гар утсыг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч, түүнд 2,350,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ............................. шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн” гэв.
Эрүүгийн 2209 01145 1731 дугаартай хэргээс:
Хохирогч .............................ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 22 цагийн үед найз Содномдоржийн хамт Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо ТОПАЗ зочид буудалд ороод маргааш өглөө нь буюу 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өглөө сэрэхэд миний Айфоне 12 про маркийн гар утсыг ............................. хулгайлаад явсан. Буудлын өрөөнд өөр ямар нэг хүн орж ирээгүй. ............................. бид хоёрын утас дүүрэн цэнэгтэй унтрах боломжгүй байсан боловч намайг сэрэхэд ............................. явсан хоёр утас холбогдох боломжгүй байсан. .............................тай 2022 оны 04 дүгээр сард найз Урангоогоор дамжуулж танилцсан. Утасны дугаар нь ............................. болно. ............................. нь Сэлэнгэ аймгийн төвд амьдардаг гэдгийг нь би мэднэ. Би .............................гаас гар утсаа авмаар байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 хуудас/,
Хохирогч .............................ын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “Өөр хүн хамт ороогүй. Дэрнийхээ хажууд тавиад унтсан. Архи уугаагүй. 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдөр найз залуу надад 2.300.000 төгрөгөөр Тедигээс авч өгсөн. Шаргал өнгөтэй, 128 гб багтаамжтай шинэ утас байгаа. Би нэрийг нь андуурч хэлсэн байна. Тухайн үедээ ............................. гэж сонссон” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20, 49 дүгээр хуудас/,
Шүүгдэгч .............................ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...би хохирол учруулсан. Гар утсыг нь би авч гарсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 56-57 дугаар хуудас/,
"Дамно" үнэлгээний компанийн 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн “ гар утас 2,350,000 төгрөг” гэх үнэлгээний тайлан /хх-ийн 26-28 дугаар хуудас /,
Шүүгдэгч .............................ийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн ............................. гэсэн 5463033590 дугаартай дансанд 2.350.000 төгрөг шилжүүлсэн баримт,
Шүүгдэгч .............................ийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33 дугаар хуудас/,
Шүүгдэгч .............................ийн мөрдөн шалгах ажиллагаанд бичгээр гаргасан “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол мөнгийг бүрэн барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна” гэх хүсэлт /хх-ийн 109/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
............................. нь Эрүүгийн тусгай ангийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, шүүгдэгч ............................. нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, хохирлоо нөхөн төлсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлууд нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийг зөрчөөгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч .............................ид холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ............................. нь Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ТОПАЗ зочид буудлын өрөөнөөс 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хохирогч .............................ын эзэмшлийн Айфоне 12 про маркийн гар утсыг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч, түүнд 2,350,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох ньй хохирогч .............................ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг шүүгдэгч .............................ийн мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд,болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч .............................ийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эд хөрөнгөд хохирол учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.
Иймд шүүгдэгч .............................ийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, өмчлөх эрхийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрхэд хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч .............................ийн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгч ............................. нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд хохирогч ............................. баримтаар 2.350.000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч ............................. төлсөн байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дах хэсэгт зааснаар “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж хуульчилжээ.
Улсын яллагчаас .............................ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч .............................ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгч .............................ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч .............................ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч .............................ийг 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч .............................ийг 6 /зургаа/ сарын хугацаанд оршин суух тодорхой ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэж шийдвэрлэв.
Шүүгдэгч ............................. нь энэ хэрэгт 7 хоног цагдан хоригдсон, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч .............................ид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 7 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1дүгээр зүйлийн 1 дэх заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч .............................ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч .............................ийг 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч .............................ийг 6 /зургаа/ сарын хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ............................. нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй тэнссэн хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдвэл прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.
5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгч .............................ид тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч .............................ид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Шүүгдэгч ............................. нь энэ хэрэгт 7 хоног цагдан хоригдсон, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шүүгдэгч түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч .............................ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНЦЭЦЭГ