| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбасүрэнгийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 185/2023/0153/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/174 |
| Огноо | 2023-02-13 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | С.Болорзул, |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 2023/ШЦТ/174
2023 02 13 2023/ШЦТ/174
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,
улсын яллагч С.Болорзул,
шүүгдэгч ............................., шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Билгүүтэй нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Болорзулаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн .............................т холбогдох эрүүгийн 2209 02955 0118 дугаартай 1 хавтас хэргийг 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ............................. нь 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр фейсбүүкийн зарын групп дээр "идэшний үхэр зарна" гэсэн хуурамч зарыг байршуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож хохирогч .............................ээс Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Амуплазагын В1 давхрын Хаан банкны АТМ-ээс шилжүүлсэн 400,000 төгрөгийг өөрийн ............................. дугаарын дансаар 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ............................. шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн” гэв.
Эрүүгийн 2209 02955 0118 дугаартай хэргээс:
Хохирогч ............................. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: "... 2022 оны 10 дугаар сарын 09-ны өдөр фейсбүүк зараас идэшний шүдлэн үхэр зарна гэсэн зар хараад .............................дугаарын утсаар холбогдоод " идэшний шүдлэн үхэр 800,000 төгрөгөөр зарна, би Улаанбаатар хотод байна, маргааш өглөө Партизаны сангийн аж ахуй явахдаа зургийг нь явуулна гэж” ярилцсан. Маргааш нь буюу 2022 оны 10-р сарын 10-ны өдөр над руу фейсбүүкээр зураг явуулаад урьдчилгаа 400000 төгрөгийг нь хийчих Гүнтийн пост дээр аваачаад өгье гэхээр нь Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Амуплазагын В1 давхрын Хаан банкны АТМ-ээс Хаан банкны .............................дугаарын данснаас 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 12 цагийн үед Хаан банкны .............................дугаарын данс руу 400.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд би 117 цагийн холбогдоход би хотоос гараагүй байна, өнөөдөртөө багтаад авчирч өгнө гэснээс хойш утас нь холбогдохгүй больсон" гэх мэдүүлэг /хх-18-19-р хуудас/,
Шүүгдэгч ............................. мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: "...Би 2022 оны 10 сарын 09-ний өдөр би зарын дагуу тэр хүний фейсбүүк хаяг руу чат бичсэн тэгээд тэр хүн харья гээд байхаар нь би хөдөө Гэрт байдаг өөрийнхөө үхрийн зургийг аваад явуулсан тэгээд тэр хүнтэй үнэ тохироод 800,000 төгрөгөөр авна гээд тэр хүн миний ............................. дугаарын хаан банкны данс руу 2022 оны 10 сарын 10-ны өдөр урьдчилгаа гээд 400,000 төгрөг шилжүүлсэн байсан. Тэгээд би тэр мөнгийг нь аваад тухайн хүний фейсбүүкийг нь блок хийсэн дахиж тэр хүнтэй холбогдоогүй. Өмнө нь би фейсбүүкээр 30,000 төгрөгөөр цаг захиалах гээд залилуулж байсан. Тэгээд энэ аргаар хүнээс мөнгө авч болох юм байна гээд тэр хүний мөнгийг нь залилан авсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 6-7-р хуудас/,
Шүүгдэгч ............................. мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: “...Би мөнгийг аваад хувьдаа ашигласан. Надад ямар нэгэн мал байхгүй. Мөнгө хэрэгтэй байсан тул хурдан, амар хялбар аргаар мөнгө олох гэж худлаа хэлж авсан. Өөрийн үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Бусдад учруулсан хохирлоо нөхөн төлнө ” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,
Шүүгдэгч .............................ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 27-р хуудас/,
Шүүгдэгч .............................ын эзэмшлийн Хаан банкны ............................. дугаарын дансны хуулга /хх-ийн 29-р хуудас/,
Юнител ХХК-ийн албан бичиг /хх-ийн 35-36-р хуудас/,
Хохирогч .............................ийн бичгээр гаргасан “............................. миний бие .............................аас хохирол болох 400.000 төгрөгийг бэлнээр авсан тул хохирол, гомдол, санал, хүсэлтгүй болно. .............................т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хх-ийн 56-р хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч ............................. нь 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр фейсбүүкийн зарын групп дээр "идэшний үхэр зарна" гэсэн хуурамч зарыг байршуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож хохирогч .............................ээс Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Амуплазагын В1 давхрын Хаан банкны АТМ-ээс шилжүүлсэн 400,000 төгрөгийг өөрийн ............................. дугаарын дансаар 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр шилжүүлэн авч залилсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч .............................т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Эрүүгийн 2209 02955 0118 дугаартай хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ............................. нь 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр фейсбүүкийн зарын групп дээр "идэшний үхэр зарна" гэсэн хуурамч зарыг байршуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож хохирогч .............................ээс Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Амуплазагын В1 давхрын Хаан банкны АТМ-ээс шилжүүлсэн 400,000 төгрөгийг өөрийн ............................. дугаарын дансаар 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч .............................ын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч .............................ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчид хохирол учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.
Залилах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг авч хохирол учруулдаг бөгөөд энэхүү эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэхэд эрүүгийн хариуцлагын зорилго оршдог.
Шүүгдэгч .............................ын энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, өмчлөх эрхийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эд хөрөнгө эзэмших өмчлөх эрхэд хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм.
Шүүгдэгч ............................. нь зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгч ............................. нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд хохирогч ............................. гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 400.000 төгрөгийг нэхэмжилснээс шүүгдэгч ............................. нь 400.000 төгрөгийг төлсөн байх тул шүүгдэгч .............................ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч .............................т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч .............................ыг бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч .............................т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч .............................т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч .............................ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэж оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч ............................. нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч .............................т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 7 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 38 дугаар зүйлийн 1 дэх заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч .............................ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч .............................ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч .............................т оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ............................. нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч ............................. нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч,түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч .............................т авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНЦЭЦЭГ